6.27.2014

Бэсүд аймгийн Зэв жанжин

Чингис хааны гарамгай их жанждын нэг Зэв бол бэсүд аймгын хүн. Рашид Ад-дины “Судрын чуулган”-нд бэсүд аймаг болон Зэв жанжны тухай нэгэн бүлэг болгон бичсэн байдаг.

Бэсүд аймаг бол Тумбинай сэцэн ханы бага хүүгээс улбаатай ба тэд эхлээд Чингис хаантай тэрсэлдэж байсан ч хожим түүнд захирагдан тус дэм болдог болсон байна. Энэ аймгийн бөөнүүд л дэг журам сахиулах, ёс заншлыг мөрдүүлэх ажлыг хэрэгжүүлдэг байв.

Чингис хааны үед энэ аймгийн алдартан гэвэл Зэв ноён байлаа. Бэсүд нар их хаантай тэрсэлдэж байх үед Чингис хаан нэг удаа тэднээс давамгайлж гараад бүх хөрөнгийг нь булааж авчээ. Харин энэ аймгийн хагас нь нуугдсан бөгөөд тэдэн дунд Зэв байлаа. Чингис хаан нэгэн удаа ан тавьж явтал  ан үргээсэн хүмүүсийн дунд Зэв байж.  Хаан түүнийг таньж түүнтэй тулалдах гэтэл Бүржи ноён өгүүлрүүн “... түүн рүү би довтлоё” гээд харин ам цагаан хул морио унуулахыг гуйв. Хаан хэлснээр нь болж тэр довтлон орж Зэв ноёныг харваад оносонгүй, харин Зэвийн харвасан сум түүний морийг оносонд үхлээ. Зэв зугтаалаа. Нилээд хугацаа өнгөрөсний дараа Зэв хүч тэнхээгүй болж аргаа баран Чингис хаанд очиж захирагджээ.

Тэр зүрх зоригтой хүү байсан болохоор Чингис хаан түүнийг аравны ноён болгосон бөгөөд тэрээр сайн зүтгэсэн болохоор түүнийг зуутын ноён улмаар их хичээнгүй зүтгэл чармайлт гаргасан учир удалгүй мянганы ноён болгожээ. Зэв бол удаан хугацаанд их хааны дэргэд байж боол мэт дуулгавартай зүтгэж олон аян дайнд оролцож алба сайн залгуулдаг байв.

Таян хааны хүү Хүчүлүг Чингис хаанаас зугтааж Хар киданы нутагт очин тэндээ хүчирхэгжиж эхэлсэн тул хаан Зэвийг цэргийн хамт түүнийг даруулахаар явуулжээ. Түүнд ялагдсан Хүчүлэг дутааж Бадахшаны хязгаарт очсон боловч тэндээ алагджээ. Энэ тухай Чингис хаан сонсоод Хүчүлэгийг дарсан нь том ялалт боловч түүндээ бардамнан сагсуурч болохгүй хэмээн сургамжлан хэлүүлжээ.

Зэв Чингис хаанд дагаж ирэхдээ “Ам цагаан хул морийг алсан гэдгийг би мэдэж байна. Хэрэв Чингис хаан намайг өршөөж хайрлавал би үнэнчээр зүтгэж байгаагийн тэмдэг болгож тийм морь олныг авчирч өгнө” гэжээ. Хожим ньи Хүчүлэг хаантай хийсэн дайны дараа эргэж ирэхдээ тэр хязгаараас цагаан амтай мянган морийг хаанд бараалхахдаа бэлэг болгон барьжээ.

“Монголын нууц товчоо”-нд Зэв ноёнг Чингис хаантай нөхөрлөсөн тухай арай өөрөөр бичиж үлдээсэн байдаг.
147 дугаар зүйл. Чингис хаан өгүүлрүүн: Хүйтэн гэдэг газар урагшлах, ухрах зэргээр байлдаж байхад уулан дээрээс харваж миний байлдааны ам цагаан хул морины аман хүзүүг хэн шархтуулсан бэ? гэвэл тэр үгийг сонсож байсан Зэв өгүүлрүүн: Уулан дээрээс харвасан хүн би билээ. Одоо хаан намайг албал ал, аварбал Чингис чамд хүчээ өгье  гэвэл Чингис хаан:  Дайсны хүн дайсагнаж явснаа нууж худал хэлэх бөлгөө. Чи шударга хэлж байна. Ийм хүнтэй нөхөрлөж болно. Чиний Зургаадай нэрийг халж байлдааны ам цагаан хул морийг зэвээр харвасан тул Зэв гэж нэрлэе. Миний дэргэд зэв мэт хамгаалж яв! гэж зарлиг болов.

1211 онд Чингис хаан Алтан улсыг дайлахад Зэв жанжин зүүн жигүүрийг удирдан байлдаж Цавчаал боомтонд хүрч цэргээ хуурмагаар ухруулан дайсныг өдөөж гарган бут цохиж явжээ. Мөн Алтан улсын зүн нийслэл Дүн Чанг эзлэхдээ зургаан өдрийн газар цэргээ ухруулаад, гэнэт  хөтөлгөө морьтойгоор шөнөжин эргэж давхин очиж  эзэлжээ.

1219 оны Хорезмын дайнд Зэв, Сүбээдэй баатрын хамт Мухамед шахыг завсаргүй хөөсөөр устгаж цааш үргэлжлүүлэн Каспийн тэнгисийг тойрсон аян дайныг амжилттай дуусгасан. Уг аяны үеэр Азербайжан, Гүрж, Булгар, Куман улсуудыг дарсан бөгөөд Калка голын хөвөөнд Орос Кипчакуудын хамтарсан цэргийг бут ниргэжээ.


Зэв жанжин Кипчакийн нутгаас Монгол руу буцаж явахдаа Ханлины нутагт 1224 онд нас барсан гэдэг. 

3 comments:

  1. Ийм сайхан блог байдгийг мэдсэндээ их баяртай байна. Маш сонирхолтой мэдээллээр дүүрэн блог байна даа. Амжилт хүсье.

    ReplyDelete
    Replies
    1. Таньд ч бас амжилт хүсье! Баярлалаа

      Delete
  2. Би Бэсүд аймгийн хүн. Зэв жанжинаар их бахархаж явдаг.

    ReplyDelete