6.12.2014

Чингис хааны дөрвөн ордон

Чингис хаанд нийт дөрвөн ордон байв. Энх цагт эдгээрт тогтсон хатад татвар нь суудаг ба дайны үед хааны зарлиг захиа буулгах улс төрийн төв болдог байв.
Эхний ордон бол Хэрлэнгийн их ордон болно. Энэ ордон Хэрлэнгийн Хөдөө аралд байсан ба  эрхлэгч гол хатан бол Чингис хааны их хатан Бөртэ үжин. Үүнээс гадна зургаан хатан нэг татвар сууж байлаа гэдэг.
Бөртэ хатан бол журамт гэргий, энэрэлт эх төдий биш их хааны дайчин үйлсын хань, дархан төрийн түшээ билээ. Бөртэ үжин Зүчи, Цагаадай, Өгөөдэй, Толуй дөрвөн хүү Хожинбэхи, Чэчэйхэн, Алахабэхи, Тэмүлэн, Алтулухан нэрт таван охин төрүүлжээ. Бөртэ үжин хэдийд нас барсан нь тодорхойгүй ч 1265 онд Хубилай хаан “Богдын түшээ гэгээн ивээлт хатан” хэмээх цол өргөмжилжээ.
Хоёрдугаар ордон бол Саарь хээрийн Харилт дахь ордон. Энэ ордныг Хулан хатан эрхэлж байсан ба энд гурван хатан нэг татвар сууж байжээ. Хулан хатан бол мэргэдийн Дайр Усуны охин бөгөөд 1204 онд эцэг нь охиноо Чингис хаанд өргөж өөрөө дагажээ.
Хулан хатан төрөлхийн цэцэн сэргэлэн, гуа үзэсгэлэн тул хааны хүндлэлийг олж баруунш дайлсан аянд түүнийг дагалдан явжээ. Түүнээс Хүлгэн нэрт нэг хүү төрсөн ба Өгөөдэй хааны үед ахмад хөвгүүдийн дайнд оролцож яваад үрэгдсэн гэдэг.
Гуравдугаар ордон бол Туулын хар шугуй дахь ордон. Энэ ордныг Есүй хатан эрхэлж байсан ба мөн зургаан хатан гурван татвар сууж байжээ. Есүй бол татарын их Чэрингийн охин, Есүхэн хатны эгч билээ.
Есүй хатан сэцэн сэргэлэн алсын бодолтой тул их хааны төрийн үйл хэрэгт байнга оролцдог байв. 1225 онд Чингис хааны сүүлийн дайн Тангудыг дарах дайнд тэр дагалдан явсан. Түүнээс Чагур нэрт нэг хүү төрсөн ч бага насандаа эндсэн гэдэг.
Дөрөвдүгээр ордон бол Есүхэн хатны ордон. Энэ ордон бол найманы Таян хааны ордон байсан газар бөгөөд  Есүхэн хатан эрхэлж захирахаас гадна дөрвөн хатан долоон татвар сууж байжээ. Лу. “Алтан товч”-д  Есүхэн хатныг Харачир, Харагту, Чахур гурван хүүтэй гэжээ. Энэ ордон бол Чан Чунь бумбын баруунш Чингис хаан руу зорьж явахад таарсан түүний тэмдэглэлд гардаг ордон ба энд Чингис хаанд Алтан улс болон Тангудаас өгсөн гүнж нар амьдардаг байж.  

Энэ бүх тэмдэглэлийг  “Юань улсын түүх”-ын “Хатад татварын тэмдэглэл” болон Лу.”Алтан товч” зэрэг олон сурвалж бичгүүдэд  тодорхой бичиж үлдээжээ. 

No comments:

Post a Comment