9.24.2018

Гүнчин шаньюй


Лаошан шаньюй НТӨ 161 онд нас барахад хүү Гүнчин залгамжлан шаньюй болов. Гүнчинг шаньюй болмогц Вэньди хаан энх ургийн гэрээг дагахаа илэрхийлж, гүнжээ илгээхийг хүсэхэд хүннү нар зөвшөөрчээ. Гэвч НТӨ 158 онд хүннүгийн 30000 цэрэг Шан тойрог руу довтолж түйвээжээ. Хань улс их хэмжээний цэрэг илгээсэн боловч тэднийг очиход хүннү нар аль хэдийн нутаг буцсан байв. Вэньди хаан НТӨ 157 онд нас барж, НТӨ 156 онд Зинди хаан суумагц энх ургийн гэрээг баталгаажуулах хүсэлт тавьж хүннүд элч илгээжээ. 
Энэ тухай “Түүхэн тэмдэглэл”-ийн “Хүннүгийн шастир”-т “Сяо Зинди хаан Хүннүтэй энх ургийн гэрээг сэргээж, боомтын захыг нээв. Хүннүд өгөх бэлгийн хэмжээг нэмж, гүнжээ илгээв” гэжээ.

Гүнчин шаньюйн үед Хүннү, Хань улсын харилцаанд энх ургийн гэрээ тогтвортой үйлчилж, дайн дажингүй, харьцангуй энх амгалан байв. “Хань улсын судар”-ын Зинди хааны бүлэгт тэмдэглэснээр НТӨ 148 онд Хүннүчүүд Янь руу довтолжээ. Мөн НТӨ 144 онд Яньмэнь тойргийн Фэнзин рүү довтолж  байсан ч эдгээр нь орон нутгийн дээрэм тонуулын шинжтэй байж, энх ургийн гэрээнд нөлөөлсөнгүй.

Баруун бүс нутагт ч том хэмжээний дайн, байлдаан болсонгүй. Лаошан шаньюйг нас барсны дараа Усуний ван Күньмо харьцангуй бие даасан бодлого явуулах болжээ. Энэ талаар “Түүхэн тэмдэглэл”-ийн Даюаний тэмдэглэлд:  “Шаньюйг үхсэний дараа төдий л удалгүй Күньмо хүмүүсээ дагуулан хол нүүж, тусгаар удирдагч гэдгээ зарлан, Хүннүгийн засаг захиргааны цугларалт болон дайчилгаанд очихоо больсон. Хүннү нар цэрэг илгээж түүнийг довтолсон ч ялалт байгуулж чадаагүй ажээ. Тэд үүнийг тэнгэрийн санаа биз хэмээгээд түүнийг зүгээр орхисон байна. Түүнийг өөрийн харъяат хэмээн үздэг ч том хэмжээний довтолгоо хийсэнгүй” хэмээн тэмдэглэжээ.

Гэхдээ Күньмо ван Хүннүгийн хараат гэдгээ хүлээн зөвшөөрч, НТӨ 1 дүгээр зууны үед ч Хүннүд алба төлж байсныг сурвалжийн мэдээ нотолдог. “Хань улсын судар”-ын 96 дугаар бүлэг “Баруун орны тэмдэглэл”-д “Баруун орны улсуудын ихэнх нь суурьшмал амьдралтай. Хот суурин , тариалан, малтай. Хүннү болон Усунь нараас өөр заншилтай. Бүгдээрээ Хүннүгийн харъяат. Хүннүгийн баруун талын жижү ван, тунпү дүвэйг баруун оронд томилон илгээж Яньци, Вэйсюйн дунд байнга суулган, олон орноос татвар авч, хөрөнгө цуглуулдаг” гэжээ. Баруун бүсийн орнуудыг өөрийн мэдэлд захиран, хяналт тавих үүрэгтэй Тунпү дүвэй хэмээх байгууллага байгуулан, цэрэг суулган татвар хураадаг байжээ.

НТӨ 126/125 онд Хань улсын Уди хааны элч Жан Цянь дахин ирснээр Хань улс баруун зүгийн орнуудын талаар анхны ойлголттой болсон байна. Харин Хүннү нар энэ бүс нутагт аль хэдийн ноёрхлоо тогтоож, татвар авч, хамгаалалтдаа авсан байв.  Өрнөдийн түүх бичлэгт Уди хааны үед баруун бүсийн нутаг орнуудыг хятадууд нээж, торгоны замын эхлэл тавигдсан гэдэг ойлголт байдаг ч үнэндээ түүнээс өмнө Хүннү нар баруун бүс нутгийн орнууд болон худалдааны замд хяналтаа тогтоосон байжээ.

Хань улсын Уди хаан (НТӨ 141-87 он) сууринд суумагц энх ургийн гэрээг НТӨ 139 онд баталгаажуулжээ. Уди хаан энх ургийн гэрээг дагахаа илэрхийлж, боомтын худалдааг өргөн дэлгэр болгон, Хүннүд өгөх тансаг эд агуурсыг улам бүр нэмэн өгчээ. Хүннү нар цагаан хэрмээр чөлөөтэй орж гарч байв. Гэвч Хань улсын гадаад бодлогодоо огцом өөрчлөлт гаргаж, Хүннүгийн эсрэг дайтах бодлого явуулах болж,  НТӨ 133 онд Уди хааны зохион байгуулсан отолтын улмаас итгэлцэл үгүй болон энх ургийн гэрээ зогсжээ.

НТӨ 134 онд Уди хааны ордонд зөвлөгөөн болж, Хүннүгийн шаньюйг хууран отолтонд оруулах тактик боловсруулжээ. Хань улсын хилийн худалдаачин Ние Вэн-и хүннүтэй нууцаар худалдаа хийдэг нэгэн байж. Тэрээр “Ма И хотын захирагчийг алж, хотыг таньд дагаар оруулж чадна. Тэндэхийн эд агуурс таны эзэмшил болно” хэмээн шаньюйг ятгажээ. НТӨ 133 онд Гүнчин шаньюй 100000 цэргээ дагуулан Ужоу боомтоор нэвтрэн оров. Хань улс 300000 цэрэг Ма И-д нууцаар байршуулжээ. Ма И-гаас 100 ли буюу 40 орчим км газар дөхөж ирэхэд хөдөө хээр мал байвч эзэнгүй байгаад шаньюй гайхаж, нэгэн байшинг нэгжиж үзвэл Янь Мэний түшмэл Вэйши нуугдаж байгаад баригджээ. Тэрээр Хань цэрэг отож байгааг хэлсэнд, шаньюй ихэд цочин “ угаасаа сэжигтэй байсан билээ” гээд цэргээ татаж, даруй буцжээ.  Хилээс гараад “ Вэйши түшмэлийг олзолсон нь тэнгэрийн ивээлээр болов. Тэнгэр элчээ явуулж хэл хүргүүлэв” гээд Вэйши түшмэлд “тэнгэрийн ван” цол олгожээ.

НТӨ 129 онд Уди хаан 4 замаар Хүннүгийн эсрэг довтолсноор 38 жил үргэлжилсэн их дайн эхэлсэн бөгөөд 4 замын цэргээс Вэй Цин жанжны цэрэг Шангүгээс гарч Лүнчэн хүрч 700 гаруй хүн алж ялалт байгуулжээ. Нөгөө нэг замын цэрэг нь хүннүгийн цэрэгтэй тааралдалгүй буцсан бол үлдсэн 2 замын цэрэг нь ялагдаж, нилээд хохирол амсжээ. Дараа жилийн намар буюу НТӨ 128 онд Хүннүгийн 20000 цэрэг Хань улсад довтолж, 2000 хүн олзлоод буцав. Хариуд нь Хань улсын Вэй Цин жанжин 30000 цэрэгтэйгээр Яньмэниэс, Ли Ши жанжин Дай тойргоос хөдөлж , хүннүгийн нутагт хүрч хэдэн мянган хүн алжээ. Дараа нь Вэй Цин Юньжунаас дахин мордож Лоуфань, Байяны ванг Хэнаньд дайлав. Хэдэн мянган хүн алж, хэдэн зуун мянган үхэр, хонь олзолж, Хэнаний газрыг Хань улсад нийлүүлэв. Энэ үйл явдлын дараа жил буюу НТӨ 126 онд Гүнчин шаньюй нас барлаа.

“Монголын эртний түүх” Тэргүүн боть “Хүннү” номноос...


No comments:

Post a Comment