11.24.2017

Цонжийн чулуу зорихуй

Харандаан хад хэмээн олонд  танил болсон баганалаг хүрмэн чулуун тогтоцууд нь сүүлийн үеийн судалгаагаар Монгол нутагт 20 гаруй газарт байдаг, тийм ч ховор тогтоц биш болтой.  Шинжлэх ухааны тайлбар нь хүрмэн чулуу буюу магма  нь хайлмаг үедээ асар өндөр даралтанд орж, царцахдаа талст хэлбэртэй болж тогтдог байна. Байршлын  жагсаалт нь Дорноговийн Дэлгэрэх сумын Цонжийн чулуу, Говь-Алтайн Тайширын Хомбого толгой, Архангайн Жаргалант сумын Салхитын хясаа, Баянхонгорын Шинэжинстийн хүж
хад,  Архангайн Түвшрүүлэх сумын Бүрдний харандаан хад гээд л үргэлжилдэг байх нь. Эдгээрээс хамгийн зөв хэлбрийн,тэгш талст үүсгэн тогтсон нь Цонжийн чулуу.
Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг дахь Цонжийн чулууг үзэх хүсэл бол эрт төрсөн. Бас элчилгүй уудам говийн эл нутаг миний сэтгэлийг татдаг байсан нь аавтай минь холбоотой. Миний аав Монголын анхны геохимич Я.Нархүү 1968 онд Москва хотын Их сургууль төгсөж ирээд, ажлын гараагаа Монгол-Болгарын хамтарсан экспедицийн бүрэлдхүүнд,   Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутгаар хөндлөн гулд явж байсан байх юм. Залуу халуун насандаа, аавын минь геологчийн алхаа барин, алхаж явсан энэ л нутагт очиж нэг үзэхсэн гэсэн бодол тээсээр явлаа.

Санаж явбал бүтнэ ээ гэж... Сайхан тохироо бүрдэж, эхнэр охинтойгоо  дорнын говийг зорих боломж гарлаа. Дэлгэрэх рүү хаагуур л бол хаагуур очиж болох ба зам бүхэн Дайду хүрнэ гэх эртний үг яг дүйцэнэ. Бид гурав шууд давхиад хүрэхийг төвдсөнгүй, олон замаас Хөдөө арлаар дайран, Хэрлэн мөрнөө гарч урагшлахаар төлөвлөв.

Эртлэн дорно зүг зорин, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас урагш салж Дэлгэрхаан  руу 40 гаран км шороон замаар давхисаар, эртнээс олон түмнийг илааршуулж, эдгээж ирсэн Тосон нууранд ирлээ. Сумын төвөөс 5 км зайтай Аварга, Тосон гээд хоёр нуур байхаас, Тосон нуураа тойроод  амралт, сувилал, хувийн гэр , байшин битүү. Гэвч тус тусдаа хашаа, хаалт хийчихсэн, ер нь замбараагүй, учир нь үл олдох газар аж.


Тосон нуураас урагш 10 км яваад, бидний зорьж ирсэн, “Монголын нууц товчоо” хэмээх гайхамшигт өв соёлыг өлгийдэн авсан Хөдөө аралд хүрнэ. Хэрлэн мөрөн Хэнтий ханаас эх аван урагш урссаар зүүн эргэж , их тохой үүсгэх ба  Хэрлэнбаян улаан уулаас урагш, Хэрлэн тооно уулын  зүүн бие дэх Цэнхэрийн гол, Аваргын голоор хашигдан  үүссэн арлыг “Монголын нууц товчоо”-ны төгсгөлийн 282-р бүлэгт  гардаг “Их хуралдай болж, хулгана жилийн хуран сард Хэрлэний Хөдөө арлын Долоон болдог, Шилхэнцэг хоёрын завсар хааны орд бууж байхад бичиж төгсгөв”хэмээн өгүүлсэн Хөдөө арал мөн хэмээн эрдэмтэд баталжээ. Хэрлэнбаян улаан уулын өвөр дэх долоон жижиг толгойг одоо нутгийнхан Долоод гэдэг ч түүнийг эртний Долоон болдог мөн хэмээн бас нотолсон байх юм.

1990 онд “Монголын нууц товчоо” зохиогдсны 750 жилийн ойд зориулсан дурсгалын хөшөөний дэргэд зогсож байхад Монголын гурван ч хаан, Өгөөдэй, Мөнх, Есөнтөмөр нар их ор сууж, түм түжигнэж, бум бужигнаж байсан түүхт газар шүү дээ хэмээн омогших сэтгэл төрнө. Хөшөөний урдхан талд  Чингис хааны Аураг ордны туурь байх ба малтлагаас гарч ирсэн эд өлгийн зүйлсээр нь музей байгуулж, зорьж ирсэн аялагчдад дэлгэн үзүүлж буй нь их сайхан санагдлаа. Аураг гэдэг нь эртний агуулах, хадгалах сав гэсэн утга бүхий үг бөгөөд одоо үед сунжирсаар Аварга болжээ.
Аураг орд нь уртаашаа 1200 метр, өргөөшөө 500 метр талбай эзлэн дөрвөн хэсгээс бүрдэх том газар ч, гадуураа хэрэм хашаагүй байсан аж. Чингис хааны дөрвөн хатан нэг, нэг ордтойгоос Хөдөө арал дахь Аураг ордны хэргийг Бөртэ үжин эрхлэн явуулдаг байжээ. Ордноос холгүй, Аваргын голын өмнө этгээдэд  их хаадын хүртэж асан Аваргын рашаан бий. Зун цагт энд олон машин тэрэг эгнэн зогсож, хүмүүс рашаанд дугаарлан зогсох нь нилээн хөлтэй харагдана.

Бид Хөдөө арлаас Хэрлэнгээ өгсөж , Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт голоо гүүрээр гарч, Иххэтээр Дэлгэрэх орох төлөвлөгөөтэй байсан ч Хэнтийн Баянмөнх сум шинэ бетонон гүүртэй болсон гэж сонсоод Хэрлэн тооно уулын зүүн сугаар ороон өмнийг зорилоо. Чингис хааныг нас барснаас хойш 9 жилийн дараа өмнөд Сүн улсын аялагч “Чингис хааны шарилыг Хэрлэн мөрөн эмжин урсаж байна” гэж тэмдэглэн үлдээсэн байдаг ба эрдэмтэд Хэрлэн тооно уулыг хэлжээ хэмээдэг нь үнэхээр Хэрлэн мөрөн,Хэрлэн тооно уулыг эмжин урсдаг билээ.
Баянмөнх сумаас Галшарын замаар гарч,  давхисаар Оч багаар дамжин, Хужиртын хийд хүрлээ. Хуучны Сэцэн хан аймгийн Бишрэлт вангийн нутаг дахь энэ хийдэд 500 гаруй лам хурал хурдаг номын газар байсан нь хэлмэгдэн сүйрч , одоо туурин дээр нь шинэ хийд сэргээн босгожээ. Тогтмол ном хурдаггүй болтой, эзгүй байна лээ.

Хийдээс зүүн урагш хэсэг яваад, Дэлгэрэх рүү салж болох байсан ч Цонжийн чулуу маань Сүхбаатар аймгийн Түвшинширээ талдаа, бас айл амьтан ховор, эзгүй энэ их бэсрэг уулсын дунд цагаан зээр ёстой л мянга мянгаараа бэлчих нь, тэр нь их, энэ нь цөөхөн сүрэг гэж өөрсдийгөө баясгаж явсаар Түвшинширээ сум хүрэлгүй нэгэн намхан уулын өвөрт майхан юугаа босгож хоноглолоо.

Өглөө бослоо. Цайллаа. Түвшинширээ сумын төвөөр дайрч, замаа сайн заалгаж авав. Олоход бол их л төвөгтэй санагдлаа. Залаа уулынхаа араар явсан ч, өмнүүр явсан ч очих нь бол очино. Алсаас харагдахгүй, тулж очиж байж л үзэгдэнэ. Дэлгэрэх сумын нутагт ортол 60, 70 км огт айл байхгүй. Зам бол олон сална, гэхдээ л бараг зам болгон Дэлгэрэх орно. Болохгүй бол Дэлгэрэх талаасаа айл амьтан зусландаа гарчихсан, олоход амар 20 орчим л км. За нэг иймэрхүү яриаг 2 ч хүнтэй хийсэн дээ.

Залаат уулын өврөөр явлаа. Өгөөмөрийн говийнхоо захыг бариад сайхан явж байтал хөөж явсан зам маань нэг булаг дээрээс огцом урагшаа чиглээд явчихлаа. Арай л биш санагдаад, холдолгүй буцаж булаг дээрээ ирэв. Харлаа, хойшоо нэг бүдэг зам байна аа, дагаад явж байтал, бодож байсан зүгээс минь ашгүй нэг зам ороод ирэхээр зүг нь юм даа гээд дагалаа. Намхан уулсын дундуур, зээрийн сүрэгнээс өөр эзэнгүй газраар 60 орчим км давхисны эцэст эхлээд тэмээ, дараа нь энд тэнд хэсэг бусаг адуу тааралдаж эхэлсэн нь айл ойртож буй шинж буй заа. Удалгүй алсад бөндийсэн цагаан гэрүүд харагдаж эхлэх нь сайхан.  Ашгүй хонь хариулж яваа хүү ч гараад ирлээ. Зорьсон газраа асуутал, тусч хүү маань “ холгүй ээ, би заагаад өгье” гээд л мотоциклынхоо ард суулгаж аваад нэг ухаа даваад жижиг бор толгойн дэргэд хүргэж ирсэн нь бидний зорьж ирсэн Цонжийн чулуу маань байлаа. Бид бараг дэргэд нь ирчихсэн байж.

Говийн намхан уулсын дунд буй дотроо бяцхан тогоо хэлбрийн хонхортой  энэ жижигхэн толгой Монгол нутгийн минь гайхамшигтай нэгэн шигтгээ юм аа. Харандаан чулуунууд нь үнэхээр гайхалтай, хүн урлаа юу гэмээр зөв, тэгш талст үүсгэсэн харагдана.  Дотроо аялагчдад зориулан байгалийн чулуугаар нь сандал ширээ бүтээж тавьжээ. Тэр бүр хүмүүс зорьж ирдэггүй, алс хол болохоор хаа очиж ил задгай хог, шил лааз харагдсангүй нь сайшаалтай. Зочдод зориулсан ширээнээ сууж бид гурав өдрийнхөө цайг уучхаад, зорьж ирсэнийх худалч хүнд бол чулуу болгонтой нь л зургаа авахуулсан даа.

Хэсэг саатсаны дараа Дэлгэрэх сум руу хөдөллөө. Зам саадгүй 20 гаруй л км юм.  Дэрст ухаан намхан уулсаас сугарч, Чандмань толгойн нилээд өмнүүр саадгүй давхисаар сумынхаа араас оров.

Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуунаас таслан авч байгуулсан Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын, хээр тал, говь хосолсон энэ л уудам нутагт, аав минь эрдэс баялгийг нээж илрүүлэхээр анхны алхамаа хийж байсан байх нь. Хараа цуцам их талыг ширтэн зогсоход, алхаа барьсан аав минь энэ л алсыг бас итгэл дүүрнээр харж зогсох мэт харагдан, сэтгэл булаана. Сайхан нутаг юм аа. Сумын төвд дэлгүүр хэсэх зуур ширүүн бороо дайран өнгөрч, ган гачигт ангаж цангасан газрыг бага ч гэсэн чийглэхэд, энэ нутагт бороо дагуулан ирэх ерөөлтэйдээ ихэд олзуурхан билэгшээж байлаа.

Дэлгэрэх сумаас  баруун урагш чиглэн гарахад, 10 орчим км яваад нэгэн намхан хар уул таарах нь өвөртөө, тэртээ МЭӨ 2000 жил буюу хүрлийн дунд үед хамрагдах шоргоолжин булшны дурсгал, наашлаад хүннү, бүр Их Монголын үед хамаарах олдворуудыг агуулсан Чандмань хар  уул билээ. Энэ уул төмрийн хүдрийн агууламж ихтэйгээс хар өнгөтэй харагдах ба уулынхаа ар шил дээр аль хэдийн уурхай ажиллаад эхэлжээ.

Зам Чандмань хар уул харагдаад урдуур, хойгуур нь хоёр сална. Урдуур нь гарвал аймгийн төв Сайншанд хот хүрнэ. Арын зам нь Алтанширээ сум руу шулуун хөтлөх бөгөөд энэ бол бидний замнасан зам бөгөөд Дорноговь аймгийн Алтанширээ сумын Ширийн чулуун дахь Сэнжит хадыг зорьсон юм.

Зам бол яах вэ, говийн дэржигнүүртэй замаар 70 орчим км гүйгээд л Алтанширээ сумын төв орно. Ширийн чулуу маань сумын төвөөсөө хойшоо 45 км зайтай. Монголын их боржингийн бүсэд хамаарах эл газар, байгалийн тогтоцоороо Бага газрын чулуутай ихэд төстэй, ялгаатай нь ус ховор тул аргаль, янгир үгүй гэнэ. Хойноосоо урагш 15 км үргэлжлэх, 2 км орчим өргөн, үелэн өрсөн мэт боржин чулуун бүлэг, бүлэг хаднуудын дундуур сүлжин явахад янз бүрийн хэлбэр дүрстэй тогтоцууд их байхаас, нутгийн зохиолчийн онож хэлсэн “Байгаль ээжийн цонх” гэх нарийн хэсэгтээ 1 метр орчим, зарим газраараа 2 метр ч хүрэх өвөрмөц нэгэн сэнжит хад бий. 

Энэ хавийн уулс хад нь өвөлдөө нөмөр нөөлөг болтой олон бууц өвөлжөө байх юм. Зундаа амарч зугаалахад тохиромжтой, үзэж харах зүйл ч их, дэргэдээ бүр амралтын газартай юм.
Ширийн чулуунаас Тойг багаар дамжин Айраг сум хүрэхэд  100 км, зам төөрөх будилах юмгүй, шулуухан. Бороотой уралдан шуугиулсаар Айраг сум хүрч, төв замтайгаа нийлсэн бид, Чойр хүрэлгүй, үргэлж сэтгэлийг минь татдаг, үзэсгэлэнт Чойрын богд уулнаа хүрч, нөмөр газар бараадан, майхан саваа барьж тухлав. Сайхан хоолны дараа салхины сэвшээнд бүүвэйлэгдэн нам унтлаа.

Өглөө нартай уралдан чоно хүртэл амиа даатгадаг гэх Чойрын богд уулаа тойрон хэдэн аргаль хонь харчих санаатай хөдлөв. Тэнгэр ивээж, нарны эсрэг таарсан ч хэд хэдэн сүрэгтэй таарлаа. Азтай л байна, харагдахгүйгээ тулбал бас харагдахгүй шүү.

Улаанбаатар хотоос холгүй 200 гаруй км зайтай, байгалийн өвөрмөц тогтоцтой, 200, 300-гаар тоологдох аргаль  хонь бэлчих энэ ууланд аялаж явахад сайхан мэдрэмж төрж, сэтгэл хоргодоод байдаг юм. Нэрний тухайд Чойр гэдэг нь буддын шашны, гүн ухаан судалдаг салбарыг хэлдэг бөгөөд  энд зүүн жанжин Чойрын хийд  гэж 1500 лам хурал хурдаг,  том суурин газар байсан нь 1938 оноос хойш туурь болон үлджээ. Хаднаа гайхамшигтайгаар сийлж урласан эрчүүдийн шүтээн Дагвасүндэл бурхан, урт наслахын ерөөлтэй Цагаан дарь эх байхаас гадна хүүхдэд ээлтэй Хүүхдийн овоо, хүсэл бүхнийг биелүүлэгч Хүслийн хад гээд л сонирхолтой, харууштай газрууд элбэг.


Удтал хэсүүчилж, өдрийн хугасыг өнгөрөөсөн Чойрын богд уул ард үлдэж, Улаанбаатар руугаа зүглэснээр, чихээр сонсож байснаа нүдээрээ харж, сэтгэлийг таашаал эдэлсэн гайхалтай нэг аялал ийн өндөрлөлөө.    





No comments:

Post a Comment