5.09.2017

Хүслийн овоо

Тэнгэр зорьсон аавыг минь тамгалсан
Тэнүүн талын эхэн дэх цагаан овоо
Тодоос тод харагдах
Торгоны хээтэй хийморийн овоо

Тойроод алхаж явахад
Та минь сэтгэлд бодогдоно
Тэртээд хөвөх сэмжин үүлэнд
Таны минь дүр тодорч харагдана

Алсад одсон аавыг минь орлох
Арвагарын тал дах цагаан овоо
Алаг дэлхийн бөөрөн дэх
Алганы хээтэй хийморийн овоо

Илбэн үлээх зөөлөн салхи нь
Ерөөлөө хэлэх мэт сонсогдоно
Өргөсөн идээ будаа нь
Өөрт минь үржин эргэж ирнэ

Хол явсан аавыг минь санагдуулах
Хязгааргүй талын эхэн дэх хөх овоо
Хүсэл бүхэн биелэх
Хүүхдүүдийнх нь шүтдэг хийморийн овоо

Чулуу нэмэн зогсож байхад
Чанадаас та минь ширтэх мэт санагдана
Хацар алгадах сэвшээ салхи нь
Хайраа хүүдээ илгээх мэт үлээнэ

Тэнгэр зорьсон аавыг минь тамгалсан
Тэнүүн талын эхэн дэх цагаан овоо
Хүсэл бүхэн биелэх
Хүүхдүүдийнх нь шүтдэг хүслийн овоо
                                                                         Н.Энхболд      2017 он

No comments:

Post a Comment