4.27.2017

Ханийн нутаг хосгүй сайхаан

Миний хань чинь хуучны Засагт Хан аймгийн Сэцэн засгийн хошуу, Богд Хаант Монгол Улсын үеийн Сартуул Сэцэн вангийн хошуу, ардын засгийн Хан Тайшир Уулын аймгийн Сэцэн Сарт Уулын хошуу одоогийн Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул эртний Алаг адуу овогт сартуул бүсгүй.
Эрхэт хангай, элчилгүй говийн сүлжээс
Эрдэнэхайрхан нутгийн бүсүй
Цэдиг түүх, цаг хугацааны хэлхээс
Цэцэн сартуулын унаган бүсгүй
Жаахан нуурандаа жаргаж явсан
Жижигхэн биетэй ажилсаг бүсгүй
Заяат Очирвааний гийгүүлсэн
Завхан нутгийн золбоолог бүсгүй
Улаан шаргал манхнаар эмжсэн
Улаагчны үзэсгэлэнт Хар нуур
Дахин дахин эргэж тойрмоор
Далайгаас тасарсан гоёмсог сувд
Танан цагаан гэрээр чимсэн
Тээлийн голын уужим хөндий
Санан санан саатан суумаар
Сарны хөндийн сайхан сондор
Хараад хараад ханашгүй
Холоос дуудах холбоо хоёр Авгуш
Хаанаас ч харсан сэтгэлд дотно
Хонгор багынх дурсамж
Уруудаж өгсөж хонио бэлчээсэн
Улаан шанааны уужим энгэр
Зүрхэндээ зүмбэрлүүлж сэтгэлдээ хадсан
Зүүднийх нь нутаг Товхош уул
Үүцээ хадгалах эрдэнийн хаалга
Үүлэн дээрхи Сэнжит цохио
Үлгэрийн юм шиг нүүдлийн нутаг
Үнэхээр гайхалтай Бургастайн ам
Элчилгүй их Монгол элсний үргэлжлэл
Ээвэр бүлээн Бор хярын элс
Эх дэлхийн минь гайхамшиг
Элснээс ундрах Мухарт, Нарийний голууд
Өнө эртний өвөлжөөний нутаг
Өнтэй дулаан Их хайрхан
Эгэлгүй ховор байгалийн урлан
Их, Бага, Эхийн агуй
Аавдаа эрхэлж ээждээ тунин
Аргал түүж, хонь хариулж өссөн
Холхи тэртээ ч сэтгэл татах
Хонгор ханийн минь нутаг хосгүй сайхан
                                                                               
2017 он Н.Энхболд

No comments:

Post a Comment