9.18.2015

Цогтын цагаан байшин

Халхын цоохор хунтайж хэмээн олноо алдаршсан Цогт тайж алтан ургийн нэгэн бөгөөд Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз жалайр хунтайжын гутгаар хөвгүүн Онохуй Үйзэн ноёны тавдугаар хүү Баарай хошуучийн хүү болон 1581 онд мэндэлж байжээ.

Багын ном эрдэмд боловсорсон яруу найрагч цэргийн зүтгэлтэн тэрбээр буддын шашны улааны урсгалыг баримтлагч Цахарын Лигдэн хааны бодлогыг тууштай дэмжигч нэгэн байв.

Халхын Цогт хунтайж 1601 оноос эх Чин Тайху хатны хамт Туул голын хөвөөнөө амьдарч байсан ба 17 жилийн туршид зургаан сүм хийд бариулсан гэдэг билээ.
Түүний нэг нь Туул голын Тансаг тал хэмээх хөндийд Халдун Зүрх уулын өвөрт Сэтгэшгүй Чандмань гэдэг сүм бариулсан гэх бөгөөд энэ нь Цогт тайжийн өөрийн сууж байсан ордон байжээ. Үүнийг одоо Туулын Цагаан байшин гэх буюу Цогтын байшин ч гэх болжээ.
Хэрмийн өндөр нь 4 метр , цамхагийн өндөр нь 6 метр шахам, ханын урт нь 40 гаруй метр байна. 1930-аад оны үед Оросын эрдэмтэн Д.Букинич бага сага малталт хийж байсан бөгөөд малталтаар гарсан зүйлсийг үзэхэд Цагаан байшин нь уран чимэглэгдсэн сууц ба бурхан шүтээн залах олон байшинтай байжээ. Эндээс луу, цэцгэн хээ, угалз зэрэг барилгын чимэглэл, бурханы толгой, хөл, хүзүүний чимэг зэрэг олон зүйлийн сонин содон олдвор олджээ. Мөн тариалан нилээд хөгжиж байсны гэрч болох тариа цайруулах бул чулуу зэрэг байгаагаас гадна услах шуудууны ор ч мөр байна.
Ордны урд талд чулуун мэлхий дээр зоосон түвд, монгол бичигтэй хөшөө байсныг эрдэмтэд олж шинжилсэн байдаг ба уг бичээст бурханы шашны товч түүх, Цогт тайжын угсаа гарал, Цагаан байшингийн бүтэц зохион байгуулалт, бурхан шүтээний байршил зэргийг товч өгүүлсэн байдаг байна. Мөн эрдэмтэд тус балгаснаас нилээд зайтай орших Төв аймгийн Дэлгэрхаан сумын Төхмийн Дуут нуур гэдэг газар хадан дээр Цогт тайжийн мөн хоёр ч хэсэг бичээсийг уншиж судалжээ.

No comments:

Post a Comment