6.03.2015

13.Бага хаад - Эзэн Чингисийн удмын сүүлчийн хаан Лигдэн хутагт

Буян цэцэн хааны хүү Мангус тайжийн ахмад хүү Лигдэн 1588 онд төрж 1604 онд хаан суухдаа оны цолоо Хутагт хэмээн нэрлэж 32 жил төр бариад 1634 онд нас баржээ. Чингисийн удмын хамгийн сүүлчийн хаан Лигдэн эмгэнэлтэй хувь тавилантай нэгэн байв.Түүний үхлээр Чингис хааны байгуулсан монгол төр задран унаж их хаанаас уламжлагдан ирсэн төрийн их хасбуу тамга алдагдан сураггүй болжээ.

Лигдэн хутагт хаан Монголын төрийг барьж байх үед Монголын зүүн талд Зүрчидийн томоохон ноён Нурхач баатар (1575-1626) өөрийн гурван том аймгийг нэгтгэн улсаа “Чин” өөрийгөө их эзэн хаан гэж нэрлэн улмаар хүчирхэгжиж буй нь түүний сэтгэлийг зовоож эхэлжээ. Ийм үед Лигдэн хаан Монголын бүх хаад, ноёд язгууртан нарт хандан хүчээ нэгтгэн хамтрах зарлиг гаргаж байв. Лигдэн баруун гурван түмэн, зүүн гурван түмнийг нэгтгэн захирч, Монголчуудын дундах хагарал хямралыг зогсоон шинээр гарч ирсэн гадаадын том дайсан Манжийн эсрэг нэгдмэл хүчээр тэмцэж, эх орныхоо тусгаар тогтнолыг алдах аюулаас сэргийлэн хамгаалах чиг бодлогыг баримталж, энэ зорилгоо биелүүлэхийн төлөө бүх амьдрал, үйл ажиллагаагаа зориулсан юм. Лигдэн хаан Монгол улсын нэгдлийг задраах гэсэн зарим нэгэн ноёдыг цэргийн хүчээр цохих, эрдэм ном эрхлэх, нүүрлэн буй Манжийн аюулын эсрэг тэмцэх гэсэн амаргүй ажилд бие сэтгэлээ чилээж байснаас цагаас эрт хөгширч дөч гаруйхан насандаа цал буурал болсон хэмээн түүхэнд бичигджээ.

Лигдэн хаан Энэтхэг, Төвд хэл бичигт сайтар суралцан оюуны өндөр боловсрол эзэмшжээ. Мөн Бурханы шашныг дэлгэрүүлэхэд маш анхаарч олон сүм хийд бариулсан билээ. Түүний Монголын түүхэнд гүйцэтгэсэн нэгэн лут их үйл бол Бурханы шашны хөлгөн их судар 108 боть “Ганжуур”-ыг орчуулуулан, алтан үсгээр барлуулах ажлыг гардан зохион байгуулжээ. Алтан үсгээр барлаж, 9 эрдэнээр чимсэн тийм том хэмжээний номыг бүтээсэн нь хүн төрөлхтний соёлын нэгэн үнэт өв юм. Мөн Хубилай хааны зарлигаар мянган лан алтаар бүтээсэн Махагала бурхныг Монголын нийслэл Цагаан хотод залж, алтан дээвэрт сүмд байрлуулсан байна.

1619 онд Манжийн эзэн хаан Нурхач Лигдэнг эхлээд аргаар өөртөө татахыг оролдсон захидал ирүүлсэн ажээ. Түүнийх нь хариуд Лигдэн хутагт хаан өөрийгээ зургаан түмнийг захирсан их Монгол улсын эзэн Лигдэн Хутагт хаан гээд Нурхачийг нэгэн усны дэргэдэх гурван аймгийг захирсан өчүүхэн хан хэмээн үзсэн хариу явуулсан сонирхолтой баримт байна.

Тэгтэл 1619 онд Манж нар Мин улсын ихээхэн цэргийг Өвөр Монголын Сог зайсангийн 10,000 цэрэгтэй хамтад нь бут цохиж Тээлийн давааг даван Цахарын нутагт шууд тулж ирсэн нь цэргийн их хүчтэйг илтгэсэн явдал болсон тул, Лигдэн хаан шууд тулгарахаас зайлсхийж Хөх нуурын зүг хөдлөн Халхын Цогт хун тайжид элч явуулж нэгдэх саналыг тавьжээ. Цогт тайж тэр мэдээг аваад даруй хөдөлсөн байна. Энэ үеэр 1624 онд Хорчин, Дөрвөд, Жалайр, Горлос тэргүүтэй олон аймаг, 1625 онд Найман, Баарин, Онигуд, Хишигтэн аймгууд удаа дараа Манжид урваснаар Лигдэн хааны хүч бүр суларчээ. Урвагч нарт хорссон Лигдэн хаан 1631 онд Хянганы нурууг давж урвасан Хорчин тэргүүтэй аймгуудад цохилт өгчээ. Удалгүй Лигдэн хаан манж нараас холдон хүчээ зузаатгахаар 1634 онд Хөх нуур луу явж байгаад цэцэг өвчнөөр нас баржээ.


Цаг үеийн байдал хүнд байсан ч Лигдэн хаан сул дорой байсангүй. Хятад руу удаа дараа уулгалан довтолж, Бээжинг чичрүүлэн, их хэмжээний татварыг жил бүр авч байсан нь түүний сүр хүч их байсных. Тэрээр 30 гаруй жил хаан ширээнд суухдаа нэгэнт эрч хүчээ авчихсан байсан монголын дотоодын бутралыг намжаах, монголчуудыг нэгтгэхийн төлөө өөрийн чадлын хирээр тэмцэж байв.

No comments:

Post a Comment