5.13.2014

Чан Чунь бумба баруунш зорчсон нь




Чан Чунь бумба бол түүний бясалгалын цол нь бөгөөд жинхэнэ нэр нь Цю Чу Цзи. 1148 онд төрсөн тэр бумбын шашинд гүнзгий нэвтэрсэн улс орон даяараа алдаршсан нэгэн байв. Түүнийг 1216 онд Алтан улсын хаанаас, 1219 онд Сүн улсын хаанаас урьсан боловч алинд нь ч очсонгүй.

Харин 1219 оны 5 сард Чингис хаан Хорезм улсыг дайлахаар Найманы нутгаар явж байхдаа Лю Чжун Лу, Жабар нарт барсын толгойт алтан пайз өгч өөрийн зарлигийг бариулан Чан Чунь бумба руу явуулжээ.

Урилгыг авсан Чан Чунь бумба шавь нараа дагуулан 1219 оны 12 сард Чингис хааныг зорин хөдөлсөн байна. Энэ үед тэрээр 72 нас хүрсэн байсан ч алсын аянд гарчээ.

1220 оны 2 сард Алтан улсын нийслэл байсан Жунду хотод ирж хааныг хүлээе гэсэн ч Чингис хаан дахин зарлиг бариулж шахамдуулсан тул зуныг өнгөрөөн 1221 оны хавар Монголыг захирч үлдсэн Отчигон ноёны урилгаар түүний өргөөнд ирэв. Энд арав гаруй хонож Хөлөн нуурыг дайрч Хэрлэн голыг даган баруун хойш яван Туул, Орхон, Тамир, Сэлэнгэ голуудыг өнгөрч Идэр голын хөвөөнд байсан Чингис хааны татвар хатдын ордонд хүрчээ.

Цаашлан Хангай нуруугаар дайран одоогийн Дөргөн нуурын орчим Чинхайн балгасанд 7 сард хүрч энд өвөлжихийг хүссэн ч хаан хүлээж буйг хэлээд Чинхай сайд өөрийн биеэр дагалдан хүргэж өгнө хэмээн цааш хөдөлжээ.

Тэд Алтайн нурууг Улаан даваагаар давж Булган гол Жунгараар Тэнгэр ууланд хүрэн Ил мөрнийг гатлан Алимар хот Хар Киданыг өнгөрч Хорезмын нутагт орж Ташкентаар дайран Сыхун мөрнийг гаталж 1221 оны 11 сард Хорезмын шинэ нийслэл Самарканд хотод ирж өвөлжжээ.

Чингис хаан Боорчид мянган цэрэг өгөн бумбыг Төмөр хаалганы боомтоор гаргатугай хэмээн уламжилсан байна. Ингээд Чан Чунь бумба Самарканд хотоос хорь хоног аялж 1222 оны 4 сарын 5 Гиндикуш уулын Бараан хээрт байсан Чингис хааны ордонд сая л нэг ирэв. Энэ өдөртөө анхныхаа уулзалтыг хийжээ.

Тэд хоорондоо хэд хэдэн удаа дотночлон уулзаж сонирхолтой яриа өрнүүлсэн байдаг бөгөөд Чингис хаан түүний хэлсэн бүгдийг уйгаржин монголоор тэмдэглэж авахыг зарлигласан гэдэг.

Чан Чунь бумба 1223 оны 3 сарын 10-ны өдөр Чингис хаанаас салан мөн оны сүүлээр өөрийн сүмдээ буцаж иржээ. Тэр 1227 онд нас баржээ.

Чан Чунь бумбын баруунш зорчсон аялалын тэмдэглэлийг түүний шавь Ли Чжи Чан бичиж үлдээсэн байна.










No comments:

Post a Comment