5.13.2014

Умарш элчилсэн Үгүсэн Жүанда

Алтан улсын ёслолын яамны дэд сайд Бүхи буюу Үгүсэн Жүанда хааныхаа найрамдахыг гуйсан бичгийг аван 1220 оны 7 сард баруун газар байлдаж явсан Чингис хааныг зорьжээ.

"Умарш элчилсэн тэмдэглэл" гэсний учир тэд эхлээд хойш хөдөлж Гоо ван Мухулайтай уулзан цааш дагалдагч нараа орхин Үгүсэн Жүанда ганцаар Тангудаар дайран, Хар киданыг өнгөрөн 1221 оны 7 сард Талаханы уулархаг газар зусаж байсан Чингис хаантай уулзан өөрийн хааны бичгийг барьжээ.
Чингис хааны өгсөн хариу нь:

"Хэрвээ надад Хатан голын умард дахь газрыг өгч Алтан хаан хаан цолоо орхиж Хэнаний ван болбол харилцан цэрэг ухарсугай хэмээн би урьд нь чиний эзэнд мэдэгдсэн бөлгөө, гэтэл чиний эзэн эс хүлээв. Өдгөө Мухулай нэгэнт эзлэн дуусах үед дахин гуйчилсан нь юун" гэж.
Үгүсүн Жүанда өрөвдөлтэй байдлаар дахин гуйсанд Чингис хаан:

"Чамайг хол газраас ирсэн учир дахин нэг удаа өгүүлсүгэй. Голын умард орон нэгэнт минийх болов. Тунгуань боомтоос баруунш эс эзлэгдсэн хотуудыг надад харъяалуулан өгөх хэрэгтэй бөгөөд чиний эзэн Хэнань ван болж дахиж зөрчиж үл болмой" гэжээ.
Ингээд Үгүсүн Жүанда буцаж 1221 оны 12 сард албандаа орсон ба Алтан улсын хаан түүнийг зүдрэв хэмээн хоёр зэрэг нэмж шагнасан ба түүний "Умарш элчилсэн тэмдэглэл" хэмээх товч тэмдэглэл үлджээ.

0 comments:

Post a Comment