11.24.2020

Дөрвөлжин булшны соёл


Хүрлийн үеийн томоохон дурсгалын нэг бол дөрвөлжин булш юм. Дөрвөлжин булш гэдэг нэр томъёог Оросын судлаач Г.И.Боровка анх гаргаж, ерөнхий тодорхойлолт, урьдчилсан ангилал хийсэн байдаг.

Дөрвөлжин булшны он цагийг тогтооход сүүлийн жилүүдэд байгалийн шинжлэх ухааны он цаг тогтоох арга өргөн хэрэглэх болсноор ямартаа ч Монгол нутагт малтан шинжилсэн дөрвөлжин булшны он цаг илүү тодорхой болж байна. Судалгааны үр дүнд дөрвөлжин булшны он цаг НТӨ 2-р мянганы төгсгөлөөс НТӨ 1 дэх мянганы эхний хагаст буюу хиргисүүр, буган хөшөөний соёлынхонтой 200-300 жилийн туршид зэрэгцэн оршиж байжээ.

Дөрвөлжин булшны тархалтын төв нь Дорнод Монгол бөгөөд түүнтэй хил залгаа Өвөрбайгаль, Хөлөнбуйр, Өвөр Монголын хойд хэсэг багтана. Тархалтын зүүн хязгаар нь Далай нуураас Шилка голын дунд урсгал, Халхын гол, Хянганы нурууны баруун бэлээр, өмнөд хязгаар нь мэдээлэл хомс байдлаас болж төдий л тодорхой бус боловч Нань-Шань уулын хойд биеэс Инь-Шань уулын хойд бэл хүртэл цаашдаа Монгол улсын хилийн дагуу үргэлжлэнэ. Баруун хязгаар нь Хөвсгөл нуурын хойд зах, Зэд голын хөндий, Хамар давааны урд бэл, Улаан-Үд хотын хойгуур Сэлэнгэ мөрний хөндийг оруулан Шилка гол хүрнэ. Дөрвөлжин булшны соёлын тархалт нь зүүнээс баруун тийш 1800 км, хойноос урагш 1400 км болох бөгөөд Евроазийн тал нутгийн зүүн зах юм.

Дөрвөлжин булшны оршуулгын газрууд дунджаар 3-5 эсвэл 10-15 булштай байдаг ч заримдаа 50 хүртэлх булшнаас бүрдэх нь ч бий. Дөрвөлжин булш нь үндсэн хоёр хэлбэр, энэ хоёрын холимог гэсэн 3 хэлбэртэй.

Нэгдүгээрт, дөрвөлжин булшнууд уртраг өргөрөгийн дагуу чиглэлтэй 1-7 эгнээгээр байрлана. Хоёрдугаарт, булшнууд тодорхой системгүй байрлахдаа зарим тохиолдолд хэд хэдэн бүлэг болж хуваагдана.

Мөн хиргисүүртэй янз бүрийн хэлбэрээр зэрэгцэн оршдог тохиолдол олон байдаг. Ингэхдээ хирэгсүүрийг тойрон, хиргисүүрийн төв овгор тойрог хоёрын завсар тохиолдоно. Энэ нь хиргисүүртэй нэг он цагт хамаарагдаж байгаа хэрэг бус бөгөөд зөвхөн түүний чулууг ашиглан хожим өөрсдийн оршуулгыг хийсэн байх өндөр магадлалтай юм. Учир нь хиргисүүрийн эмх цэгцтэй бүтэц зохион байгуулалттай үл авалцан хүрээний дотор талд ямар нэгэн зохион байгуулалттгүй оршиж байдаг.

Дөрвөлжин булшит соёлынхон гэж хэн бэ? Дөрвөлжин булшит соёл нь Өмнөд Сибирийн Карасукийн соёлтой зарим талаараа нийтлэг шинжтэй нэг ба хэд хэдэн соёлын үндсэн дээр бүрэлдсэн гэж зарим судлаачид үздэг бол зарим нь Манжуурын Дунбэйн соёлын оршуулгын байгууламжийн ижил төстэй зүйлд дулдуйдан дөрвөлжин булшийг Дунбэйн соёлоос эх үндэстэй бөгөөд тэдний шилжилт хөдөлгөөнтэй холбоотой гэж үздэг.

Түүнчлэн Өвөрбайгалийн Дворцов, Сяцзядяны болон дөрвөлжин булшит соёлд халбага маягийн зүүлт, олон товруут хүрэл товруу, шувууны дүрс, гурван хөлт хүлс, гараа алдлан зогсох хүмүүсийн дүрс зэрэг хоорондоо ижил төстэй эд өлгийн зүйлс олон байдгийг тэмдэглэсэн байна.

Сүүлийн энэ саналыг манай судлаачид дэмжин “...энэ нь он цаг болон түүхэн үйл явцтай зөрчилдөхгүй төдийгүй дөрвөлжин булшит соёлын зарим зангилаа асуудлууд, умардын овог аймгууд хаанаас гарч, хаана хүрснийг тандах сэжим болох юм” хэмээн өгүүлсэн нь бий.

Мөн цаашлаад НТӨ 3-р мянган жилийн эцсээс эхлэн Монголын баруун хэсэгт европжуу төрхтөн, төв ба зүүн хэсэгт монголжуу төрхт оршин суугчид сууж асан бөгөөд дөрвөлжин булшны соёлыг үлдээгчид Монгол дахь угсаатны үйл явцад идэвхтэй оролцогчид байсан гэж үзсэн байна.

Үнэндээ дөрвөлжин булшит соёлынхон түүхэн он цагийн хэлхээсээр эхэн үедээ хиргисүүр, буган хөшөөний соёлынхонтой баруун талаараа хиллэж, хугацааны дунд үед улам бүр баруун зүгт хил хязгаараа тэлэн хиргисүүр, буган хөшөөний соёлынхныг түрсэн нь тодорхой байна.

Зарим судлаачдын үзэж байгаагаар үнэхээр тэд Дунбэйн соёлоос эх үндэстэй бол тэднийг зүүн талаас орж ирэхэд хүчин суларч доройтсон шоргоолжин булшныхан хамгийн эхлээд нүүр тулсан нь дамжиггүй. Өөрийн гэсэн орон зай, хөрш зэргэлдээ оршин амьдрагчидтай харилцах асар их туршлага хуримтлуулсан шоргоолжин булшны соёлынхон тэднийг баруун зүгт түрэн урагшлахад чухал түлхэц үзүүлсэн биз ээ.

Мөн дөрвөлжин булшит соёлынхон Монголын анхны төрт улс Хүннү гүрнийг байгуулахад оролцсон бөгөөд цаашид Монгол угсаатныг бүрэлдэх үйл явцын гол дэвсгэр суурь болсон хэмээн судлаачид өөрсдийн саналыг олонтаа илэрхийлсэн байдаг. Хүннүгийн жирийн иргэдийн булш оршуулгын зан үйлийн явцад булшны гадаад байгууламж, хүнээ тавьсан байдал ба чиглэлийн хувьд дөрвөлжин булшны уламжлал хүннүгийн булшинд өвлөгдсөн байна. Энэ нь өөрөөр хэлбэл хүрэл ба төмрийн түрүү үеийн говийн өмнөх нүүдэлчдийн соёл, дөрвөлжин булшит соёлынхон харилцан холилдож нийлэгжсэний үндсэн дээр Хүннүгийн археологийн соёл бий болсон хэрэг юм. Энэ үйл явц НТӨ 4-3-р зууны үед болсон бололтой хэмээн таамагладаг.

Үүнийг хүрэл ба хүннүгийн үеийн шавар савны зонхилох хээ ижил бөгөөд нэг янзын техникээр хийгдсэн байгаа, мөн зарим төрлийн хутга сумны зэвний хэлбэр адил байгаа зэрэг археологийн баримтаар батлах боломжтой хэмээн үзжээ. Энэхүү таамаглал нь батлагдах боломжтой хэдий ч дөрвөлжин булшит соёлынхон хүннүгийн соёлд уусан нийлэгжсэн шилжилтийн үеийн баримт сэлт одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ Булган аймгийн Эгийн голын хөндий, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд хийсэн археологийн өргөн цар хүрээтэй малтлагын явцад хүннүгийн он цагийн өмнөхөн буюу түүний он цагийн эхлэлтэй давхцах дөрвөлжин булшийг илрүүлэн олсон нь ямартай ч энэхүү хоёр соёлын баримтууд шил даран байгааг харуулах баримт мөн билээ.

Он цаг, газар нутаг, угсаа гарлын хувьд дөрвөлжин булшит соёлынхон төрт улс байгуулагдах дэвсгэр суурь, үндсэн хөдөлгөх хүч болж байгаагаараа тэд нийгмийн бүтэц зохион байгуулалтын хувьд нилээд дэвшингүй байсан нь маргаангүй юм. Үүнийг батлах эсвэл сэргээн харах цонх бол яах аргагүй тэдний үлдээсэн булш оршуулгын дурсгал, бууц суурингийн үлдэгдэл буюу археологийн хэрэглэгдхүүн билээ.

Хэмжээний хувьд дөрвөлжин булшнуудаас нийгмийн дээд хэсгийнхний байр суурийг орон нутгийн төвшинд илэрхийлэхийн сацуу хол бүс нутагтай таваарын солилцоо хийж байсан болохыг харуулах баримтууд байдаг. Мөн үе удам дамжин залгамжилдаг нийгмийн дээд хэсгийнхний байр суурьтай холбоотой булшны  байгууламжийн ялгааг хүүхдийг хэрхэн оршуулсан байдлаас харж болно. Нас барах үед нийгмийн ямар нэгэн байр суурь эзлээгүй байсан өсвөр насны хүүхдийг үе залгамжлалын дагуу тодорхой төвшинд хүрсэн хүүхдийг оршуулсан байдалтай харьцуулахад илүү нарийн зан үйлийн дагуу оршуулсан баримт бий. Гэхдээ энэ нь мэдээж тэрхүү урт түүхэн цаг үеийг шууд төлөөлнө гэсэн үг биш юм. Ямартаа ч хүүхдийг оршуулсан байдал, тэдгээр булшны байгууламжийн нүсэр шинж, тодорхой харагдах овор хэмжээний ялгаа, харь гаралтай тансаг хэрэглээний зүйл олдсон зэрэг баримт нотолгоонууд нийлбэр дүнгээрээ хүрэл ба төмрийн түрүү үед их талд оршин сууж байсан бүлгүүд дотор давхараажилт явагдсан болохыг ямар нэг хэмжээгээр гэрчилж байгаа билээ.

Дорнод болон Төв Монголын нутагт суурьшин байсан дөрвөлжин булшит соёлынхон Хүннүгийн төр үүсэн тогтворжих, өмнөд зүгийн суурин соёлуудтай холбоо тогтоохоос өмнө өөрийн гэсэн өвөрмөц шинж чанар бүхий зохион байгуулалтыг бий болгож чадсан байсныг сүүлийн үеийн археологийн баримтууд тодорхой харуулж байна.  

“Монголчууд нэн эртнээс 12-р зууны эхэн” номноос  

No comments:

Post a Comment