4.06.2020

Хожуу Уйгур улсын Чундэ (821-824), Чжаоли (824-832) хаад


Чундэ хааны бүрэн цол нь Тэнло Юйлү Момиши Цзюйцзу Бицзя. 821 оны 5 сард Тан улсаас шинэ хаан өргөмжилсөн бичиг гаргав. Дараа Пэй Тун тэргүүтэй элчээр хаанаар өргөмжилсөн бичгийг илгээж, өмнөх хааны халин одсонд гашуудал илэрхийлжээ.

821 оны 6 сард Уйгурын хаан олон хүнтэй элчийг Тан улсад илгээв. 20000 адуй, 1000 тэмээ, булганы арьс, хаш бүсээс гадна өөр олон зүйл авч очжээ. Элчээр очсон 2000 хүнээс 573-г, 20000 адуунаас 1000-ыг, 1000 тэмээнээс 500-г Чананьд орохыг зөвшөөрч, бусад нь Тайюань-д үлдсэн байна. Дундад улсад урьд өмнө ийм олон элч ирж байгаагүй гэдэг. 821 оны 7 сард Тайхэ гүнжийг ордноос гарган Уйгурын хатан хаан болгон өгөх зарлиг буужээ. Эзэн хаан, У Чжэун-гийн тэргүүлсэн, Тайхэ гүнжийг хамгаалан аваачих, хаан өргөмжилсөн бичиг хүргэх өргөн бүрэлдхүүнтэй элч илгээв. 8 сарын 22-нд гүнжийг хатан хаанд өргөмжилсөн бичиг гарсан байна. Элч нар 8 сарын 22-нд Чанань-аас хөдөлсөн ба зам дагуух хятадууд үдэж өгчээ. Уйгурын хаан гүнжийг угтах хүмүүсийг бас өмнөөс нь илгээв. Гүнжийг авч ирсэн цувааны тэргүүн хэсэг Хар балгасанд 822 оны 2 сарын эхээр ирэв.

Хаан асарт морилж дорно зүг хандан суув. Эсрэг талд нь элч нарт зориулсан эсгий гэрүүдийг барьсан байжээ. Гүнжид Уйгур хувцас өмсгөж өрнө зүг Чундэ хааныг хандуулан мөргүүлэв. Эцэст нь улаан дээл, түүний доогуур охор дээл, шовгор алтан малгай зэрэг хатны хувцас өмсгөн дахин мөргүүлэв. Чингээд 9 Уйгур сайд дамнуурган дээр суулгаад мөрлөн өргөж хааны өргөөг есөнтөө тойруулжээ. Дараа нь гүнж асарт орж хааны дэргэд дорно зүг харан суусан байна. Хятад элч нар хуримын ёслолд оролцож гүнжийг хатан болгоод, хаанд цол өргөмжилсөн бичгийг гардуулжээ. Хаан элч нарт хүнд их бэлэг шагнав. Элч нар Чананьд 822 оны 12 сарын 16-нд буцаж иржээ.
821 оны 7 сард  Чундэ хаан Тан улсад элч илгээж, Тан улстай ураг барилдсан тул Тан улсад төвөг учруулж байгаа Төвдүүдтэй байлдах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, цэрэг илгээсэн байна.

822 оны 3 сард Уйгурын хаан Хэбэйд гарсан бослогыг дарахад нь Тан улсад туслуулахаар 3000 цэрэг илгээсэн нь Фэнчжоуд ирээд байсан ч Тангийн хаан туслуулахаас татгалзжээ. Харин буцсан тохиолдолд 7 түмэн хэсэг торго өгнө гэж амалсан байна. 822 оны 4 сард Уйгур цэрэг нутаг буцжээ. 824 оны 12 сард Уйгураас Тан улс руу элч мордсон бөгөөд 825 оны 1 сард очихдоо хаан юугаа тэнгэр болсныг мэдэдсэн байж болох юм.

825 оны 4 сард талийгаач хааны хүү Хэса Дэла-д Ай Дэнли Лоимү Мишихи Бицзя Чжаоли хаан цол өргөмжилж ширээнд залав. 825 оны 4 сард Тан улсын Вэньцзун хаан Юй Жэньвэнь тэргүүтэй элч томилж, Чжаоли-д Уйгурын шинэ хаанд өргөмжилсөн бичиг илгээв. 825 оны 7 сард Тангийн хаан элч Тянь Уфэн-д төрийн тамга, торгон жууз тэрэг 12-ыг өгч илгээсэн байна. Уйгурын хаан 7, 11 сард хариу элч илгээжээ. Уйгурын хаан Чжаоли 826 оны 2 сард Тан улсад элч илгээсэн ба элчээр очсон заримыг нь бүр 828 оны 10 сард найранд урьж дайлсан мэдээ байдаг.

832 онд Чжаоли хаан харъяат нартаа алуулжээ. 833 оны 3 сард Ли Ицзе тэргүүтэй элч нар Тангийн ордонд очиж Чжаоли хаан таалал төгссөнийг мэдэгдэж, тэмээ хонь барив. Вэньцзун хаан гашуудал зарлаж, элч нарыг 4 сард нутаг буцахад дайлж цайлан, бэлэг өгч мордуулсан байдаг.
“Монголын эртний түүх”

No comments:

Post a Comment