2.10.2020

Түрэгийн хожуу хаант улсын Капаган хаан


692 онд Кутлук Эльтерис хааныг  нас барсны дараа дүү Гудуло Капаган 27 насандаа түүний орыг залгажээ. Капаганыг хаан суухад баруун гарын есөн овог, зүүн гарын 12 овог түрэгүүд баяр хөөртэйгээр дагаж Гудуло Мочжо их хаан боллоо хэмээн зарлав. Капаганыг хятад сурвалжид Мочжо гэж, түвд сурвалжид Бэгчур хэмээн нэрлэдэг.

Улсын дотоод  хэрэгтээ анхаарлаа хандуулж байсан Капаган хаан 694 оны 2 сард Тан улсын Линчжоу тойргийг уулгалан довтлов. Тан улсын хатан У Цзетянь зарлиг буулгаж их цэрэг цуглуулан Капаган хааныг довтлуулсан боловч тэд Капаган хааныг эрж олоогүй бөгөөд харин цэргээ татаж байхад нь Капаган (Мочжо) өөрөө элч томилон Тан улсад илгээсэнд Хатан хаан ихэд баясаж түүнд элдэв хэргэм 5000 хуй торго шагнав.

Тухайн үед түрэгийн дорно этгээдэд байсан киданчууд Тан улстай сөргөлдөн тэмцэлдэж байсныг Мочжо Капаган овжноор ашиглаж, Тан улсад болзол тулган байж Киданыг довтолж ялаад, өөрийн түшмэг болгов. Харин Тан улс амлалтаасаа ухран Капаганд шинэ хэргэм хүртээгээд өнгөрчээ.

Амлалтаа зөрчсөн Тан улстай Мочжо 698 онд томоохон дайн хэлүүлэв. Хаан өөрөө Шантун балиг чиглэлээр, мэргэн сайд Тоньюкук Талуй гол чиглэлээр хоёр замаар довтоллоо.

Шантун балиг чиглэлийн түрэгүүд Цзиннан, Пинди, Циньи-д байрлаж байсан Тан улсын цэргийн 3 том бүлэглэл рүү довтолжээ. Анхаарал сарниулах зорилготой ов мэх байсан хэдий ч зарим чиглэлд хуурамч довтолгоо амжилт авчирсан нь Цзиннаны цэргийн захирагч Мужун Сюаньцзе 5000 цэргийн хамт түрэгт бууж өгчээ.

Энэ үед Мочжо Хэнюэ тойрогт нэвтэрч, түүнтэй залгаа хойд этгээдэд нь орших Юйчжоу тойрогт халдан, Фэйхусянийг эзлээд, дараа нь Хэнюэгээс зүүн хойд зүгт Динчжоу тойргийг уулгалж, тойргийн захирагчийг нь алав. Улмаар Тайханьшаний зүүн этгээдээр чанх урагшилж Чжаочжоу-г бүслэхэд түшмэл Тан Божо бууж өгч, захирагч Гао Жуй эсэргүүцэж алагдав. 698 оны 9 сард анх Тан улсыг довтолсон Мочжо Капаган 10 сарын сүүлээр Ичжоу тойргийн Ухуй-гаар буцахдаа Чжаочжоу, Динчжоу тойргийн олзлогсодыг хороосон байна. Мэргэн сайд Тоньюкукын бичээсээр бол Түрэгийн хоёр замын цэрэг энэ удаа Тан улсын 23 хот сууринг довтолж сүйтгэжээ.

Тан улс бум орчим хүнтэй хоёр замаар нутагт нь нэвтэрсэн Түрэгийн цэргийг сөрж Гаопиний ханхүүд цэргийн үйл ажиллагааг ерөнхийд нь хариуцуулж, 4 замын цэрэг, дээр нь гэнэт довтлох цэргийг бэлтгэж нийт 450000 цэрэг хөдөлгөжээ. Гэвч энэ их цэргийн хүч Мочжо, Тоньюкук нартай нүүр тулж байлдаагүй бололтой. Мочжо-г Ухуй тойргоор ухрахад Тангийн цэрэг мөшгөж гүйцсэн ч тулалдаанд оролгүй даган харж явж байжээ.

698 онд олсон байлдааны амжилт Капаганыг Тан улстай харилцах бодлогоо өөрчлөхөд хүргэв. Тан улсыг түшиж эвтэй харилцахыг чармайж, бараг 100-гаад жил суусан говийн өмнөх нутгаа авахыг оролдож байсан тэр, үүнээс хойш Тан улстай энэ тэнцүү, зарим үед ихэрхэж харьцах болов.

698 оны Шантун балиг, Талуй голын тулалдааны дараа жил Капаган улсдаа төр, цэрэг захиргааны шинэчлэлт хийжээ. Мочжо 699 оны 11 сард “Дусифу дүүгээ зүүн жигүүрийн шад, Кутлукын хүү Моцзюй-г баруун жигүүрийн шад болгов. Тэд тус бүр 2 түм гаруй цэрэг захирах болжээ. Улмаар өөрийн хүү Фуцзюй-г бага хаанд өргөмжлөв, тэр хоёр шадын дээр залрах аж” гэсэн Тан улсын хуучин судрын мэдээ байна.

Газар нутгаа тэлж байсан ч Капаган хаан өмнө зүгт согд нарын суудаг Ордос нутгийн өмнөд захаар орших "ху-гийн 6 тойрог”-т анхаарлаа хандуулсан хэвээр байлаа. Худалдаа, гар урлал, адуу өсгөж үржүүлэх зэрэг чухал аж ахуй эрхэлдэг согдууд хуучин цагт түрэгийн захиргаанд байв. Чадвал тэднийг буцааж авахыг оролдож байсныг Тоньюкукын бичээс дэх ““усин бунтату” нутагт нутагшин үлдэх байсан юм” гэсэн өгүүлбэр давхар нотолдог. Бодлогоо хэрэгжүүлэхийн тулд Капаган хаан Түвэдтэй холбоо тогтоожээ.

Луню мужид байрлаж байсан Тан улсын цэргийн гол хүч Лянчжоу-д түвэдтэй байлдаж байх зуур 701 оны 2 сард түрэгүүд Лун-ю (Тангут) муж руу довтлон улсын адуун сүрэгт халдаж түм гаруй агт тууж, Циньчжоугийн тангут нарыг дээрэмдэж буцжээ. Мөн Капаган 702 оны 2 сард Яньчжоу, Сячжоу тойрогт халдаж буман хонь, адуу булаав. Дараа нь Хатан голын зүүн этгээд Бин, Дай, Юнь, Шо тойргийн дунд орших зангилаа боомт Шилингуаныг довтолж эвдээд, 4 сард Бин тойрогт цөмрөв. Тангийн эрх баригчид 698 оны явдал давтагдах вий хэмээн сэргийлж “Сэ Цзичанд 9 тойргийн цэрэг, Чжан Жэньдань-д 2 тойргийн цэрэг өгч хамтарч Мочжо-г хоёр жигүүрээс нь довтол. Ханхүү Ли Дань Сян ван жанждын ажиллагааг хяна” гэжээ.
Гэвч тэд Мочжо-д ялагджээ. Хятад сурвалжид энэ тухай дурдаагүй ч Орхоны хөшөө дурсгалд холбогдох баримт үлджээ. Түүнд “Зургаан чуб, согдын эсрэг цэрэглэж сөнөөсний дараа Табгачийн Онг тутук 5 түмээр цэрглэж ирсэнд Ыдук баш-д тулалдаж сөнөөв” гэжээ. Мочжо, Могилян, Күлтегинд ялагдсан энэ Онг тутук бол хаан ширээнд 685-989, 710-712 онд сууж байгаад У Цзэтянь хатны үед (684-705 он) ширээнээсээ бууж Аньбэй мужийн их дуд, Тяньбиний цэргийн тойргийн захирагч болсон Сян ван да дуду буюу Ли Дан юм. Ыдук башийн тулалдааны дараа түрэгүүд 7 сард Дайчжоу, 10 сард Синьчжоу тойргийг довтлоод буцжээ. Үүнээс хойш Капаган хэдэн жил Тан улс руу довтлоогүй байна.
705 оны сүүл 706 оны эхээр Чжунцзуныг хаан ширээнд суусны дараахан Капаган Линчжоу тойргийн Минша хошууг довтолжээ. Капаганы цэрэгтэй Шача Чжуни-гийн 80000 цэрэг тулулдсан ч ширүүн тулааны эцэст Шача Чжуни ялагдаж 30000 орчим цэргээ алджээ. Энэ тулалдаанаас хагас сарын дараа түрэгүүд Юаньчжоу, Хуйчжоу тойргийг довтолж, Лун-югийн улсын адуу үржүүлгийн газраас  түмэн агт булаагаад ухарч оджээ. Үүгээр Капаган хааны Тан улсад халдсан хамгийн сүүлчийн довтолгоон дууссан юм.

Капаган хаан дорно зүгт киданыг дарж, умардад Киргизийг дагуулж, Баруун түрэгийг бутцохиж Долоон ус, Зүүнгар, Эрчисийн нутгийг өөрийн болгож авсан билээ. Түрэг улс нутаг дэвсгэрээ тэлж, хөрш овог аймаг, улсуудыг эзлэн дагуулж, түшмэг болгох явдал үндсэндээ 714 оноор зогссон бөгөөд сүүлд Бешбалыкт хэдэн удаа байлдаж гавьтай ялалт олоогүй явдал нь Түрэг улсын дотоодод газар сайгүй бослого үймэн дэгдэхэд хүргэжээ. Яг тэр жил 714 онд хаан суугаад 2 жил болж байсан Тангийн хаан Сюаньцзун Түрэгтэй харилцаагаа тасалсан байдаг. 715 оноос карлук, аз, изгил, кумоси, киданчууд болон тогуз огуз, байырку, токуз татар гэсэн олон овог аймаг ээлж дараалан Түрэгийг эсэргүүцэн босч тэмцэлдэж эхэлжээ.

Огуз аймагтай байлдахаас өмнө Могилян, Күлтегин, Кульчур нар карлук аймагтай 715 оны 2-оос 4 сарын хооронд Тамаг Ыдук баш гэдэг газар байлджээ. Тэр тулаанд Күлтегин даруй хоёр эрийг нэвт жадалж алсан гэдэг. Могилян, Күлтегин нар карлуктай байлдсны дараа Кэм кэмчүт-д нутагтай эльтебер толгойлогчтой аз аймагтай Хар нуурт (Каракөл) тулалджээ. Үүний дараа Түрэгийн илд жадны үзүүр Токуз огуз аймгууд руу чиглэсэн байна.

Бичгийн сурвалжаар тэд эхний удаа Изгил аймагтай байлджээ. Тан улсын шинэ сударт “сизце (изгил) нар тунло аймгийн хойно суудаг” гэсэн мэдээ байна. Тунло буюу тонра аймгийг сеяньто нарын хойгуур нутаглана гэж сурвалжид бичжээ. Харин сеяньто нар 7-р зууны хориод онд Дуюйцзянь уулнаас зүүн тийш Туул голын хойд эрэгт нутаглах болсон гэж тэмдэглэсэн байна. Чингэхлээр изгилчүүд одоогийн Монгол орны Сэлэнгэ аймгийн нутаг хавиар нутаглаж байжээ.

Түрэгийн гэрэлт хөшөөнүүдэд “огузтай нэг жилд таван удаа байлдав, хамгийн түрүүнд Тогу балыкт байлдсан” гэж бичсэн байдаг ба мөн бичээсүүдийн мэдээгээр Могиляны цэрэг Туул голыг сэлж гаталж байж сая Тогу балыкт хүрч огузуудтай байлдсан бололтой. Тэр тулаанд бор морь унасан Күлтегин дайрч ороод зургаан эрийг хатгаж, долоо дахийг илдээр цавчиж унагасан гэдэг.

Тогу балыкын тулулдааны дараа түрэгүүд эдиз аймагтай Куш-алгак хэмээх газар тулалджээ. Түрэг бичгийн дурсгалд Күлтегин биечлэн арван эр устгасан ба эдиз иргэн тэнд мөхөв гэж мэдээлдэг.

Түрэг токуз огузын дараагийн тулалдаан Чушбашы-д болсныг Күлтегиний бичээс, Билгэ хааны бичээс давхар нотолдог. Чухам ямар аймагтай тулалдсан нь тодорхойгүй ч Тонра аймгийн Йылпагут ургийн Тонга тегиний гашуудлын үеэр түрэгүүд тэднийг довтолсон гэх баримтаас үзвэл тонра аймагтай байлдсан байх. Күлтегиний бичээст “дөрөвдэх удаа Чушбаш-д цавчилдав, түрэг иргэн тамирдав, халшрах болов” гэсэн мэдээгээр тэр цагт түрэгүүдийн хүч нилээд суларч иржээ.

Күлтегиний бичээсээр түрэгүүд “тавдахь удаагаа Эзгенти Кадаз-д огузтай байлджээ”. Энэ тулаанаар огузын хүч үндсэндээ нугларсан гэж орхон бичгийн дурсгалууд мэдээлдэг. Түрэгт ялагдсан огуз аймгууд Тан улсруу нүүж эхэлжээ. 715 оны 6 сард Тан улс баруун түрэгийн тоглоомын хаан Ашины Сянь зэрэг хүчинтэй хамтарч Түрэгийг довтлохоор төлөвлөж байв гэсэн сурвалжийн мэдээ байдаг ч Баруун түрэгийн Ашина Сянь болон карлук, хулу-у, шуншин зэрэг аймгууд Тан улс руу нүүдэллэн оржээ.

Могилян, Күлтегин, Кульчур нар огуз нартай тулалдаж байсан ч мөн Капаган Мочжо хаан биечлэн цэргээ захиран Огузуудтай байлдаж байжээ. Тухайлбал 715 оны намар Мочжо элсэн цөлийн хойно зогсож есөн овгийн Абусы зэрэг ноёдтой тулалдаж ихэнхийг нь алж, олзлон авсан тул үлдэлдэл хүчээ дагуулсан Абусы Тан улс руу зугтжээ. Кульчурын бичээст “есөн огузад долоон удаа довтлон орсон” гэж өгүүлдэг.
716 оны Капаган хаан хаана өвөлжсөн нь тодорхойгүй ч Могилян Күлтегин хоёр Амга хороонд өвөлжжээ. Хатуухан өвөл болж түрэгүүдийн мал сүрэг ялангуяа агт морьд их хорогджээ. Могилян Күлтегин нар цэргээ хоёр хуваан Күлтегин орд өргөөгөө сахин, Могилян уч огуз (гурван огуз) руу довтолжээ. Огузууд мөн цэргээ хоёр хуваан нэг хэсэг нь Күлтегин рүү нөгөө хэсэг нь Могилян руу довтлов. Күлтегиний бичээст “ Амга хоороонд өвөлжив, хавар огуз руу цэрэг довтолгов. Өргөө гэрийг Күлтегин толгойлохоор томилов. Огуз дайсан ордыг довтлов. Күлтегин .. орд гэрээ өгсөнгүй... Күлтегин үгүйсэн бол олноороо үхэх байсан биз” гэж товч тодорхой өгүүлжээ.  Мөн Билгэ хааны бичээст “ хавар нь би огуз руу дайлаар мордов. Гурван огузын цэргийн нэг хэсэг биднийг тосч ирэв. Нөгөө хэсэг нь манай орд өргөө рүү морджээ. Биднийг явган тулалдаж үл чадна гэж итгэдэг бас биднийг зэвсэг муутай гэж бодсон тэд омогтой довтлон ирсэн. Тэнгэр ивээсэн тул тэднийг устгаж гэр өргөө, мал хуйг нь булаасан, хэрэвзээ би ингэж ялаагүй бол түрэг түмэн мөхөж болох байлаа” гэж бичсэн байдаг.

Энэ явдлын дараа огуз нар шинэ эвсэл үүсгэж есөн татар нартай холбоолж түрэг рүү довтолжээ. Могиляны удирдсан түрэгийн цэрэг Налайхын Уу булан гэдэг газар Огуз-Токуз татарын нэгдсэн цэрэгтэй 2 удаа их тулалдаан хийж байж сая нэг ялжээ.
716 онд Могилян Күлтегин нар л огузтай тулалдсан мэт сэдгэгдэл төрүүлэх мэдээ Орхоны бичээст үлдсэн ч бодит байдал үүнээс өөр ажгуу. Учир нь тэр үед нас өндөр болсон ч гэсэн Капаган хаан бас биечлэн цэрэг удирдан Туул голд байырку аймгийг бут цохисон гэж хятад сурвалжийн мэдээ үлджээ. Байырку аймгийг ялсны дараа Мочжо хаан буцах замдаа сэргийлэх арга хэмжээ авалгүй явж байтал замд нь байырку аймгийн толгойлогч Сечжилюэ тэргүүтэй тулалдааны талбарт ялагдаад тарж бутарч явсан бүлэг байырку цэрэгтэй (3000 орчим) гэнэт таарахад тэд ч боломж алдсангүй гэнэт дайрч Мочжо-г алж толгойг нь огтолж тэр үед Түрэгт ирээд байсан Тан улсын элч Хэ Линцюань-д өгч, элч Мочжогийн толгойг авч 716 оны 7 сарын 4-нд нийслэлд буцаж иржээ.

Түрэгийн хожуу хаант улсын оршин тогтносон 55-56 жилийн түүхийн тал нь шахуу буюу 25 жил нь Капаган хааны түүхтэй холбогдоно. Капаганыг төрийн жолоо атгаж байхад Түрэг нь улс шиг улс болжээ, иргэд нь иргэд шиг байжээ. Хөх түрэг тавиад жил тогтнохдоо 22 жилийг дайн байлдаан хийж өнгөрөөжээ. Энэ дайны ихэнх нь 696-721 оны хооронд буюу Капаган хааны үед явагджээ. Капаган хааныг дан ганц дайн байлдаанаар төсөөлж болохгүй. 

Тэрээр улс орныхоо аж ахуйг өөд татахын тулд шийдвэртэй арга хэмжээ авч байсан нь түрэгийн ард иргэдийн хүнсний ялангуяа тариа, гурил будааны хэрэгцээг хангахын тулд Тан улсыг аргалж, шахаж байж газар тариалангийн багаж хэрэгсэл, тариа будааны үр их хэмжээгээр авч хэрэглэж байсан мэдээ харуулна. Худалдааг хөхүүлэн дэмжихийн тулд баруун зүгт төрөл угсаа нэг Он ок буюу Баруун түрэгийг довтолж, бүр Самарканд, Бухар хүртэлх замыг хяналтдаа авахыг оролдож байв. Ашина түрэгийн араг ясыг зангидаж дуусгасан хаан Мухань байсны адилаар Хөх түрэг улсыг хөл дээр нь бат зогсоож, төвхнүүлж хүчирхэг болгосон нь чухам Капаган хаан боловч Түрэгийн гэрэлт хөшөөдөд бичиж үлдээсэн үүх түхэнд түүний үйл хэргийг маш товч, алаг цоог мэдээлсэн байдаг.
“Монголын эртний түүх”

No comments:

Post a Comment