10.17.2019

Түрэгийн хаант улс байгуулагдсан нь


Төв Ази, Монголд нутаглаж байсан нүүдэлчдийн ертөнцийг хоёр ч удаа нийтдээ 125 жил тэргүүлж байсан түрэгүүдийн угсаа гарвал, түрэг хаадын язгуурын домгууд “Чжоу улсын судар” “Суй улсын судар” “Умард төрийн түүх” зэрэг сурвалжуудад бичигдэн үлджээ. Тэдгээрт сурвалжуудад “түрэг бол хүннүчүүдийн ондоо төрөл. Тусдаа овог болсон ч хөрш улсдаа устгагдав. Тэр овог сөнөв. Арваад настай нэг хүүг цэрггүд өрөвдөж, алалгүй хөлийг нь огтлоод хээр хаясанд, өлөгчин чоно олж махаар тэжээв. Тэр өсч том болон өлөгчинтэй учирч чоно хээлтэнэ. Тэгээд өлөгчин 10 хөвгүүн төрүүлэв. Хөвгүүд томорч, гадны эмэгтэйчүүдтэй гэрлэцгээн хүүхэдтэй болцгоон олширч, бүгд өөрийн гэсэн овогтой болов. Ашина бол тэдний нэг юм” гэх зэргээр бичиж үлдээсэн байдаг. “Суй улсын судар”-т “ Түрэгийн дээдэс Пинляний олон ху. Ашина овогтой. Умард Вэй улсын Тай-у Цзюйцюй-г сөнөөхөд Ашина нар 500 өрхтэй Жужан руу зугтаж, үеийн үед Алтан ууланд сууж, төмрийн ажил хийх болов. Алтан уул яг дуулга шиг харагддаг ба олон түмэн дуулгыг түрэг гэдэг, тиймээс тэд өөрсдийгөө түрэг хэмээн нэрлэв” гэжээ.

Түрэгийн уг гарвалын домогт ч тэр, эртний бичгийн сурвалжын мэдээгээр ч тэр Пинляний олон ху нараас гаралтай “төмөрчдийн хүрээ” Турфанд ирээд үр сад нь нутгийн иргэдтэй нийлж, эхийн талаар өөрсдийн яс ургаа нэрлэж эхэлсний нэг нь Ашина нар гэж тодорхой өгүүлсэн байна. Ашина гэдэг нь тохар хэлний хөх бараан, хотан хэлний хөх гэсэн үг гэж эрдэмтэд тогтоожээ.

Жужан улсын Тогочин хааны үе 460 онд Турфаныг Жужанчууд довтолж, Цзюйцюй Аньчжоу ванг бутцохиж, Каньбочжоуг ван болгов. Нируны цэрэг буцахдаа 442 онд Турфанд нүүж ирсэн “төмөрчдийн хүрээ”-г авч явжээ. Турфаны төмөрчид арын Богд уулаас төмрийн хүдэр малтаж, хайлуулан баруун хязгаарын 36 улсын хэрэгцээг хангаж байсан ба тэдний дунд ашина нар ч байлаа. Төмөрчдийн ашина хүрээг олзолсон Жужанчууд тэднийг Алтайд суулгаж, төмрөөр алба авах болжээ.

Ашина түрэгийг Алтайд нутаглаад гучаад жил болж байхад 492 онд Афучжило, Цюнци нар 100000 хүнтэй 12 хүрээ өндөр тэрэгтэн аймгаа дагуулан нүүж ирэв. Тэдний нүүж ирсэн шалтгаан нь Тоба Вэй улсын хаан 492 онд 7 түмэн морин цэргээр Жужаны Түлүн хааныг довтолсноос үүджээ. Түлүний аймгууд дайны хөлөөр бутарч сарнисныг далимдуулан фуфуло аймгийн Афучжило, үеэл Цюнцигийн хамт буман хүнтэй аймгаа авч нүүсэн нь энэ. Зүүнгарт ирээд Афучжило умард этгээдэд, Цюнци өмнөд этгээдэд суурьшжээ. Эдгээр өндөр тэрэгтнүүд  жинхэнэ түрэг хэлтнүүд байсан гэж эрдэмтэд үздэг. Өндөр тэрэгтнүүд Алтайд нүүж ирснээр Пинляний ху нараас гаралтай 500 өрх ашинагийн үр удамд түрэг хэл, нүүдэлчдийн соёл угсаатны хувьд гол шинж нь болов.
Өндөр тэрэгтний баруун бүлэгт тэргүүлэх байр суурьтай явсан Тэнгэр уулын тэлэ аймгийн зарим эзэд 541 онд Жужанд алагдаж, үлдсэн нь Зүүн Вэй улсад зугтан очив. Ийнхүү өндөр тэрэгтнүүд доройтож эхэлсэн үеэс түрэгүүд Баруун Вэй улсын хилд халдаж эхэлжээ.

Энэ нөхцөл 545 онд огцом өөрчлөгдөв. Хаан эзнээсээ ч илүү эрх мэдэлтэй Баруун Вэй улсын төрийн сайд Юйвэнь Тай 545 оны 3 сард Цзюцюаний ху (согд) хүн Аньнопаньто-г анх Түрэгт илгээв. Вэй улсын зараал ирсэнд түрэгүүд хотлоороо баярлан “их улс элч илгээв, манай улс мандах нь” хэмээн хөөрцгөөж байсан гэдэг. Энэ үед баруун Вэй улсад Жужаны Амгай хаан болон зүүн Вэй улсын хамтарсан эвслийн эсрэг тэмцэхэд холбоотон зайлшгүй хэрэгтэй болж байсан нь түрэгүүдэд завшаан болж, тэр цагийн томоохон улсад хүлээн зөвшөөрөгдөж, олон улсын тавцанд гарч ирж чаджээ.

540-550 оны үед өндөр тэрэгтнүүд байнга Жужаны эсрэг бослого гаргаж байлаа. 551 оны нэг удаагийн бослогын үеэр түрэгийг захирч Түмэн ягбу 5 түмэн цэрэг гаргаж чадах зүүн баруун бүлгийн 3 хэсэг өндөр тэрэгтнийг өөртөө нэгтгэж амжжээ. Баруун Вэй улсын Вэньди хаан 551 онд төрийн сайд Юйвэнь Тай-гийн зөвшөөрснөөр Чжанлэ гүнжийг Түмэнд хатан болгон өгөв. Гадаад харилцаагаа бэхжүүлж, 5 түмэн цэргээр хүчээ нэмэгдүүлсэн Түмэн Жужаны хаан Амгайд ураг барилдах тухай элч илгээжээ. Энэ нь зүгээр л дайн эхлүүлэх шалтаг төдий байв. Түмэний энэ үйлдэлд хилэгнэсэн Амгай хаан “чи миний төмөрчин боол мөн байж, яахан зүрхлэн ийм үг хэлнэ” хэмээн хариу элч илгээсэнд Түмэн шууд элчийг нь алаад 552 оны цагаан сараар Амгай руу гэнэт довтолжээ. Амгай хаан дийлдэн амиа хорлов. Жуажн улс гурав, дөрөв хуваагдав.

Амгайг ялсны дараа Түмэн ягбу өөртөө Или хаан, эхнэртээ хатан цол олгов. Гэвч Түмэн удалгүй нас барж, хаан ширээнд ахмад хүү Кэло сууж, Исицзи цол авчээ. Кэло хаан 552  оны өвөл Умард Ци улсыг довтолж шахахад тэд бэхлэлт хэрэм босгон хамгаалж байв. 553 онд Кэло Жужаны Дэншуцзы хааныг довтолж олон мал сүрэг олзлон хавар нь Баруун Вэй улсад 5 түмэн агт бэлэг болгон өргөжээ. Тэр жилдээ Кэло өвчнөөр нас барсанд түрэгүүд Кэлогийн хүү Шэту-г алгасч дүү Сыцзинь-ийг хаан болгож Мухань цол өргөв.

554 онд түрэгүүд дахиад Жужаныг довтлоход Годой тэргүүтэй хааны угсааныхан өмнө зүгт Умард Ци улс руу зугтаажээ. Мөн онд Умард Ци улсын хаан Вэнь Сюань түрэгүүдийг довтлохоор Тайюанаас мордож зам зуур Жужанчуудыг дагуулан Годой хааныг халж, Амгай хааны хүү Амаржинг хаан өргөмжилсөн байна. Вэнь Сюань зугтсан Жужанчуудыг хөөж явсан түрэгүүдийг Шаньси-д гүйцэж, байлдан хөөж явуулсан байна. Үүнээс хойш түрэгүүд Умард Ци улстай найрсаг харилцахыг хичээх болжээ.

555 онд Умард Ци улсын хаан Жужаныг дайлахаар Тайюанаас мордоод зам зуураа түрэгийн элчтэй таарсан байдаг. Ингэж Умард Ци улс, Түрэгтэй хавсарч, 555 онд Жужан улсыг мөхөөжээ.

Жужан улс мөхөж, Түрэг улс улам хүчирхэгжиж эхэлсэнд  урьдын холбоотнууд нь ч гэсэн сэргийлэх арга хэмжээ авч эхэллээ. Умард Ци улс Жужаныг мөхөөсөн жил 1,8 сая хүн дайчилж одоогийн Бээжингээс баруун тийш Датун хүртэл 413 км үргэлжилсэн хэрэм байгуулав. Хойтон жил нь Хатан голын Циншуйгаас далайн Бохайн булан хүртэл 1377 км бэхлэлт байгуулахдаа 27 км тутам 1 хамгаалах цонж, нийт хэрэм дагуулаад 25 цэргийн хүрээ байгуулжээ.557 онд 183 км үргэлжилсэн бэхлэлт хэрмийн хоёрдохь шугамыг Кулобагаас Ухэшу хүртэл босгосон байна.

Түрэгийн Мухань хаан Жужаныг мөхөөдөг 555 онд Баруун Вэй улстай хамтарч монгол угсааны өөр нэг улс болох Тогон (Тугухунь) улсыг довтолсон байдаг. Түрэгийн Мухань хаан Тогон улсыг гэнэт довтлохын тулд Лянчжоугаар дайрчээ. Баруун Вэй улс өөрийн жанжин Ши Нин-гээр хөнгөн морьт цэрэг захируулан хавсарган нийлүүлжээ. Нэгдсэн цэрэг Фаньхэ хүрэхэд Тугухуньчууд аюулаас зугтаж Наньшань уул руу ухарчээ. Ши Нинтэй Хөх нуурт уулзахаар болзоод Мухань хаан Тугухуний хаан Куалюйн суудаг Хэчэнь хот, Ши Нин Тугухуний Чжэннань вангийн сахисан Шудунь хот руу хуваагдан довтолжээ. Тугухунь улс хүнд хохирол амсан 10000 хүнээ алдав. Эвсэгчид хэдэн арван мянган мал, эд агуурс олзлон буцжээ.

  

No comments:

Post a Comment