4.08.2019

Жарун (Шэлүнь) хааны үеийн Жужан улс


Битүбатыг даран Жужаныг дангаараа захирах болсон Жарун дотоодын самууны хөлд нэрвэгдсэн аж ахуйгаа сэргээх, хүн ардаа тамиржуулах бодлого барих болов. Тэрээр юун түрүүн Табгачийн улстай зах нийлсэн өмнөд хил орчмын нутгаар зөрчил гаргахгүй цаг хожих үүднээс хэсэг зуур ч нам тайван байх бодлого барьсан нь туйлын зөв байлаа. Энэ талаар түүхэнд тэмдэглэхдээ “397 онд эзэн хаан Зю Фу-г Хуй хуанжен хотын жанжнаар нөхөн томилон хойд зүгийн бусад аймгаас хамгаалуулав. Жужан нар түүнийг хараад цөм айн эмээж дотогшоо довтлон үймүүлээгүй” гэжээ.

Жарун мөн Тоба Вэй улсаас гадуур, магадгүй түүний эсрэг ч байж болох харилцаа тогтоох эрмэлзэлтэй байсны илрэл нь хожуу Цинь улсын хаан Яо Синтай ураг барилдаж, энх ургийн гэрээ байгуулсан явдал болно. Гэтэл Тоба Гуй (Тай-цзу) хаан үүнд нь хорсож, Яо Сины харъяаны хүрээнүүдэд халджээ. Учир нь Тай-цзу хаан   Яо Си-ээс охиныг нь гуйж байсан ч тэр татгалзаж байжээ. 402 онд тоба нар Чуфу, Сугуянь хүрээг довтолсон бөгөөд адуу 3000 гаран, үхэр хонь 700000 олзолжээ. Жарун морьт цэрэг илгээн Сугуянь хүрээг аврахаар оролдсон ч тоба нар ялан хөө хуяг бүхий морьд 2000 олзолсон байна. Энэ ялагдлын дараа Жарун говийн ард бүр лавтай нүүн оджээ.

Жаруны говийн ард саадгүй нүүх болсон нь нэгд, Тоба Гуй хаан умард хятад даяар ноёрхолоо тогтоох бодлого явуулж, муюн нарын хожуу Янь улсыг унагаахаар 396 оны 9 сард 400 мянган морьт цэрэг хөдөлгөн Чжүншань (одоогийн Бээжин) нийслэлийг буулган авч, 397 онд өөрийн нийслэлээ урагшлуулан Датун орчимд шилжүүлэн улсын нэрээ Юань Вэй болгон өөрчилж, умард зүг тавих бодлого нь суларчээ. Хоёрт говийн араар нутаглаж байсан өндөр тэрэгтнүүдийн хүчийг 388 онд Тоба Гуй хаан Жолошуй гол (Тамирын гол) хүртэл довтолж ихэд туйлдуулсан нь Жарун хаанд ашигтай нөлөөлжээ. Иймээс Жаруныг говийн ар чиглэсэн их нүүдэл хийхэд Вэй улсын зүгээс бодитой саад хийх боломж хомс байсан ба замд нь хүчтэй эсэргүүцэл үзүүлж болох байсан өндөр тэрэгтнүүдийн хүч нэгэнт суларсан байлаа.

Өндөр тэрэгтний нутагт гүн цөмрөн орсон Жарун зам зуурын хүрээнүүдийг онцын эсэргүүцэлгүй нэгтгэн авч хүчээ зузаалсаар Жолошуй голын (Тамирын голын) умард этгээдэд хүрч хүлгийн жолоог татжээ.

402 онд Жолошуй гол хүрсэн Жарун цэргийн цааз тогтоож, 1000 хүнийг нэг анги болгон жанжин томилон харин 100 хүнийг нэг туг болгон даамал тавьжээ. Дайсанд түрүүлэн орогсод олзны хүн ба эд зүйлсийг түрүүлэн хүртэж, харин айн зугтаагч хэн бүхнийг чулуугаар толгойг хага зохиж хорооно хэмээжээ. Үүний дараа Жаруныг хүннүгийн үлдэгдэл баян, нөлөө бүхий хүрээ болох Жибаецы нар довтоллоо. Эгэньхе буюу Орхон голын хөвөөн дээр Жарун зууралдсан тулаан хийж Жибаецы нарыг хиартал цохиж, газар нутгийг нь өөртөө нэгтгэн улам хүчирхэг болов. Энэхүү жибаецы хүрээ бол руни дурсгалын Байырку, “Судрын чуулган”-ны Баргут буюу монгол хэлт Баргажин аймаг болох аж.

Жибаецы хүрээг эзэлснээр Жаруны үеийн Жужан улсын нутаг өргөжин тэлж баруун зүг Карашар, зүүн зүгт Солонгоын хойг, умар зүг Байгаль нуур хүрч, өмнөдөд элсэн говьд тулж байлаа. Энэ нь Хүннү, Сяньби улсуудын хуучин нутаг билээ.

Бага буурай хүрээнүүд Жаруны довтолгоо, сүр хүчнээс эмээн түүнд дагаж орсоор байв. Үүнтэй уялдан Жаран өөртөө “Цюдоуфа хаан” хэмээн цол олгожээ. Энэ нь табгачийн хэлээр “тэлж, томсгон засаглагч хаан” гэж В.С.Таскин орчуулсан бол Н.Бичурин “давхиан дунд харвагч, Ц.Хандсүрэн “хазаарлан захирах, тэргүүлэн удирдах” гэх мэтээр хөрвүүлэн буулгажээ.

402 оны хэрэг явдлын дараа Жарун ургийн холбоотой Цинь улсын хаан Яо Синд 8000 адуу хүргүүлэхэд Жужантай эргэн найрамдсанд Хожуу Цинь улсын Хэ Лянь урваж, Жаруны морьдыг гол гаргуулахгүй гацаажээ. Энэ үед Яо Син хаан Бо Бо-д сяньбийн 5 аймаг болон олзлогдогсдыг нийлүүлэн 2 түмэн өрх болгон умардыг тохинуулахаар явуулжээ. Өнөөх 8000 адууг Яо Синд өгөхөөр гол гаталгаад Да Чень хүрэх үед Хэ Лянь, Бо Бо нар эдгээрийг авч хоцроод өөрсдийн 3 түмэн иргэдийн хамт урван оджээ.

Жаруны дотоодод хэрэгжүүлж буй бодлого амжилттай хэрэгжиж түүний нэр хүнд ихэд түгсэнд ойр төрлийнх нь зарим хүмүүст таалагдаагүй бололтой. Тухайлбал 404-408 онд түүний суудлыг авах оролдлогыг авга ах Пухуний хүү Юэдай, Дана нар хийжээ. Вэй улсын бичигт “Жаруны үеэл дүү Юэдай, Дана нар түүнийг хороож, орыг нь Дана эзлэхээр үгсэн хуйвалджээ. Гэвч илэрсэн байна. Чингэмэгц Дана нөхдийн хамт Вэй улсын зүг зугтан очиход Дана-д сипин хоу, Юэдай-д иян-цзы цол олгожээ” гэжээ. Иймэрхүү урвалт нэг бус удаа давтагдсан бөгөөд Тоба Вэй улсын зүгээс тэднийг урамшуулан шагнах нь түгээмэл байлаа.

Жарун Вэй улсын хилд халдан дээрэм тонуул хийхээр үе үе уулгалан орж байсан мэдээ бий. Тухайлбал 406,409 онд цагаан хэрэм даван ийм халдлага хийж байсан бол 410 онд Тоба Вэй улсын Тай-цзу хаан Жаруны эсрэг гэнэдүүлэн довтлоход тэрээр зугтан зайлах замдаа нас баржээ. Энэ үед түүний хүү Дуба нь нас бага байсан тул нүүдэлчид Жаруны дүү Хөхлүдийг Айкугай кэхань буюу “Сайхан шинжит хаан” цолтойгоор Жаруны орыг залгуулжээ.



No comments:

Post a Comment