4.12.2018

Өндөр их хааны өлгий нутаг бас өргөн их дорнын талаар


2016 оны зун цаг. Зүүн зүгийн нутгаар гэж байгаад зарладаг цаг агаар үнэн байж, монгол орны маань дорно зүг гандуу тачирхан байлаа. Бид Улаанбаатараас  Хар зүрх уулын дэргэдэх Хөх нуурыг зорин аялалаа эхлүүлсэн  юм. Төв замаасаа салаад 30 гаруй км шорон замаар явдаг ч  зам бартаагүй тул давхисаар Хөх нууранд эрт ирлээ. Дөнгөж наадмын дараа болохоор хүн машин ёстой хөлхөж байна. Урьд нь бараг таван жилийн өмнө ирж байсан газар шүү дээ. Их өөрчлөгджээ. Хүмүүс их ирдэг болж, урьд нь ганц амралт байсан бол одоо олон болж , хаалт хашилт их болж, түүнээ дагаад машин явж чадах болгоноор зам гаргаж, их хөлийн газар болжээ.
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Хар зүрхний Хөх нуур бол манай түүхийн дурсгалт газруудын нэг билээ. 1189 онд Тэмүжин Хамаг Монголын хаанд Чингис цолтой өргөмжлөгдсөн газар бөгөөд “Монголын нууц товчоо”-нд хэдэнтээ дурьдагдана. Их хаан бага балчир насандаа Тайчуудад баригдан хоригдож байхдаа Сорхон шарынхны тусламжтай оргоод гэрийнхнээ олж,  Өвөр Хүрэлхи доторх Хар зүрхний Хөх нуурт ирэн тарвага зурам агнаж, идэн хэсэг амьдарсан байгаа юм. Бас эцгийн сүйлж өгсөн Бөртэг аваад нутаг буцахад нь хадам аав, ээж хоёр нь хүргэж өгөхөөр хамт явсан ч Дай сэцэн замаасаа буцан, эх Цотан нь Хөх нуур хүртэл хамт явсан хэмээн "Нууц товчоо"-ноо өгүүлдэг. Хөх нуур түүхэн дурсгалт газраас гадна байгалийн үзэсгэлэнт газар билээ. Өврөөрөө модгүй араараа модтой Хар зүрх уулын хормой дор их бага хоёр нуур бий. Хүний хөлд дарагдаагүй сайхан цагт хандгай орж ирэн ус уучихаад явдаг байсан газар гэх.Бид нэг муурын байшин олж төвхнөөд, хотоос ихэд замбараагүй ачсан ачаагаа янзалчихаад,  эргэн тойрноороо хэсэг зугааллаа, зураглалаа.Маргааш өглөө нь шиврээ борооноор олны хөлөөс дайжин,  Хангал нуураар Балдан бэрээвэн хийд орохоор эртхэн хөдлөв. Цэнхэрийн голоо гараад зүүн тийш хорь гаран км явахад Өмнөдэлгэр сумын нутаг Таван толгой хэмээх газар Түрэгийн үеийн тахилын онгон таарах ба нутгийнхан энэ газрыг Чингисийн тулга гэж нэрлэдэг аж. Тус тахилын онгоны хашлага хавтгай чулууных нь хээ нь уран гоёмсог агаад ихэд тод хадгалагдан үлджээ. Цаашаа Өвөр элгэний голоо гараад бас хорь орчим км яваад Хангал нууранд хүрнэ. Чингис хааны адуун сүргийн нутаг, эмнэг хангалынх өлгий болсон энэ нуурын урт 2 км, өргөн хэсгээрээ 1 км хүрэх хэмжээний үзэсгэлэнт нуур аж. Хангал нуураас Бэрээвэн хийд бас л хорь орчим км. Өмнө талд нь луу мэт Арвангурван Сансар уул, өрнө талд барс мэт Баянхараат уул, умар нь жигүүртний хаан гарьд мэт Мөнх-Өлзийт, дорно талд нь арслан мэт Баянхангай уул сүндэрлэнэ.  Ийм дөрвөн хүчтэний дунд үзэсгэлэнт байгалийн дундаа халхын Утай Гүмбэн гэх Балдан Бэрээвэн хийд оршино. Горооны замаар тойроод ирэхэд үзэж харах зүйл арвин, хийх зан үйл ч элбэг тул нэлээн цаг хугацаа орох бөгөөд бид ч зан үйлээ гүйцээчихээд эргэж, Жаргалант голоо гарч хонолоо. Өглөө эрт нутгийн эгчийн зөвлөснөөр Бэрээвэн овоонд эрчүүд нь мөргөж, Номт ууланл очиж хадаар урласан байгалийн бүтээл, монгол орны газрын зургийг үзэж сонирхлоо. Эндээсээ Жаргалант голынхоо хойд биеийг барьж явсаар Дунд жаргалантын буган чулуун цогцолборт хүрэв. Энд таван буган чулуу, хэд хэдэн дөрвөлжин булш байна. Дунд Жаргалантын голын энэ хөндийг Мэргэдийг дарсныхаа дараа Тэмүжин, Жамуха хоёр хамт нутаглаж яваад салж, Тэмүжины хөсөг шөнөжин явсаар буусан Айл харган хэмээх газар гэж үздэг. Эндээсээ Жаргалантынхаа голоо даган хөвөрсөөр Ар нуур хэмээх жижиг нуурыг өнгөрөн голоо орхин алдарт  “Нууц товчоо”-ны Хорхунаг Жубурын хөндий буюу Хурхын голын хөндийн хойд биеэр давхисаар Биндэр нуурын ард орших Биндэр овоон дээр ирлээ. Овооныхоо зүүн доод биед байх Рашаан хадны дэргэд нэгэн үхэртэй сүүдэр “булаалдан” байж  тухлан цайлж суух зуураа монгол овог аймгуудын тамганы иж бүрэн цуглуулга, түүний эргэн тойрны сүг зураг, бичиг үсэгийн дурсгалыг үзэж өнө эртний түүхийн жимээр хэсэг саатав. Монгол нутаг минь түүхийн өлгий нутаг юм аа.

“Монголын нууц товчоо”- нд Бидэр хошуу хэмээн гардаг энэ Биндэр овооноос зүүн хойшоо 10 орчим км-т Дайчин хэмээх уулын оройг ороон босгосон 3 км урт өндөр нь зарим газраа 3 метр ч хүрэх өргөн нь 2.5 метр зузаан нэг хэрэм байх нь Өглөгчийн хэрэм  гэнэ. Үүнийг эрдэмтэд Хятан улсын үед хамааруулан үздэг байсан ч сүүлийн үеийн судалгаагаар 13-14 дүгээр зууны үед хамаарагдах дурсгал болохыг баримтаар нотолж байгаа бололтой. Хэрэмийн голд байх өндөр хадан цохиог нутгийнхан Чингисийн морины уяа нэрлэх аж. Өглөгчийн хэрэмнээс Батширээт сумын төв 40 орчим км. Бархын гол, Эгийн голдоо шинэ модон гүүр барьж,  зам ч саадгүй сайхан болжээ. Манай орны хамгийн их ой модтой сумдын  нэг Батширээт нь Эгийн голын хөвөөнд орших,  буриад түмний нутаг билээ. Энэ өдөр олон сайхан түүхийн дурсгалтай танилцсан манайхан алжаал юугаа нь тайлж, сумын төвийн дэн буудал сайхан амарцгааж өнжлөө. Аялал дөнгөж эхэлж байна даа.

Өглөө эртлэн сумын  “Зайсан толгой”-д гарч, орчноо тольдлоо,  ёроолд нь буй хүүхдийн тоглоомын талбайд хүүхдүүдээ ч жаал баясгалаа. Ингээд Эг, Барх голоо гарч,  Биндэр сумаар дамжин, Баян-Адрага сум хүрэхээр хөдлөв. Өдөр нь Биндэр сумын наадамтай таарч, билэгшээн наадмын хуушуур зооглонгоо Онон голын үзэмжийг бишрэн даган давхисаар Баян-Адрага суманд  ирлээ. Монголын сүүлчийн хаан Богд гэгээний хатдын  эл нутаг хатаддаа зориулж  Монгол  хатдын өргөө цогцолбор байгуулж, бүр  музей ажиллуулан,  аялагчдад зориулан үүдээ нээжээ.Баян-Адрага сум бол монголчуудын өвөг,  хүннү нарын өлгий нутаг. Сумын төвийн дэргэдэх Дуурилаг нарсан ой хөрсөн дороо хүннү нарын дурсгалыг 2,3 мянган жил хадгалсаар өдий хүрчээ. Дуурилаг нарсанд малтсан  хүннүгийн язгууртны булш монгол нутгаас олдсон хүннүгийн язгууртнуудын арав хүрэхгүй булшны нэг бөгөөд хүннү нарын зүүн жигүүрийг захирч байсан язгууртны булш гэж үздэг.
Дуурилаг нарс хэмээх их нарсан ой бол үнэхээр сайхан, сэтгэл татам. Манайхан хэдэд ч их л таалагдаж байгаа болтой, ойн гүн уруу шуугин  орж майхан саваа барьж хээрээр гэр хийж, хэцээр дээр хийн хоноглохоор төхөөрцгөөлөө.Шинэ өдрийг аажуухан цайлж эхлүүлчихээд, Онон голыг сумын төвөөс холгүй бирваазаар гарч Дадал сум уруу хөдлөв. Голоо гараад л гандуу шар нутаг угтсан даа. Бороо хур бага болохоор зам цагаан, гол ус нь элдэв шавар намаггүй  тул тоостойгоо уралдаад л Дадал сум хүрч Гурван нуурын дэргэд нэгэн жуулчны баазад буулаа. Буриад зон, мод хоёр нийлсэн газар болохоор эндхийн жуулчны баазууд ихэвчлэн сайхан дүнзэн байшингууд байх.Эрт буусан бид эргэн тойрноор алхалж, орой зарим нь галын наадамлаж, галаа тойрон бүжих буриад түмний ёохор бүжиг сонирхож өдрийг их л зугаатай өнгөрөөв.
Бид  өглөө нь ургахын улаан нарнаар, соц нийгмийн хэцүү үед босгосон Чингис хааныхаа ганц  гэрэлт хөшөөнд мөргөж ёслов. Тэмүүжин хүүгийн төрсөн газар Дэлүүн болдогт сөгдөж мөргөв. Их хааны ундаалж явсан Хажуу булгаас сүслэж амсав. Энэ их хүний хойчис болон  энэ монгол орондоо төрсөндөө бахархан, сэтгэл сэргэн хөгжөн баясав. Амьдрал сайхан, Монгол хүн болж төрсөн нь минь бүр сайхан. Монгол нутгийг минь мөнх хөх тэнгэр үүрд  ивээж яваг!Өдөр дунд гэхэд бид Балжийн голоо гармаар гараад Агац баг хүрч цаашлан Дэгэн жигэн хэмээх Дэгэн хавцал ууланд Онон гол хашигдаж тохойрсон байгалийн нэгэн үзэсгэлэнт газар хүрч, ёстой л шагшин биширч суулаа. Үнэхээр үзэсгэлэнтэй, энэ сайхан оронд төрсөндөө дахин бахархан баясав. Цаг гандуу ч голын энэ хөндий, Ононгийн их шугуй бидний урмыг хугалсангүй. Үнэхээр гайхалтай.Эндээс бид аажуухан эргэж, Дадал сум хүрч хоночихоод, өглөө нь Онон голоо гүүрээр гарч Норовлин суманд бороотой уралдан буун, машинуудаа баясган банкнуудаа дүүргэж аваад, өндөр их хааны нутгийг орхиж, өргөн их дорнын талыг зорилоо.Бид дорнод нутаг руу  Баян-Уул сумын нутгаар орсон юм. Тэгээд хойгуураа явсаар Эрээнцав хүрээд урагшлан Чойбалсангаар Буйр нуур Халх гол хүрэх төлөвлөгөөтэй. Бид гэдэг маань эгч дүүс тавуулаа гэр бүлтэйгээ долоон том, хүн долоон хүүхэд, гурван машинтай яваа билээ.Энэ зун Дорнод аймаг их гантай, шав шар хөндий тал биднийг угтан өнгөрч байлаа. Баян-Уул сум бол  Ульханаар ОХУ уруу гардаг Чойбалсан хоттой сайжруулсан замаар холбогдсон том суурин газар юм билээ. Буриадууд их болохоор дүнзэн байшин элбэг харагдана.Эндээс Улз голоо дагаж явсааар зочид буудал халуун устай, зочломтгой буриад түмний нутаг Баяндун суманд ирж хонолоо.Дараа өдөр нь  Дашбалбар сумаар дайран Хайчийн цагаан нуур хүрч өдрийн цайгаа уугаад, нэг ихсэх, эргээд багасах Улзаа бараадан Бүст, Галуутайн нуураар дамжин Чулуунхороот сумын төв Эрээнцав хүрч тухлав. Уг нь эндээс Орос уруу гарах санаатай байсан ч хилийн гаднах оросын хот Борзя зайтай тэгээд ч сонирхол татах зүйлгүй гэж нутгийнхан хэлсэн тул тэр бодлоосоо татгалзаж амжаагүй байтал дэлгүүрийн ханан дээрх нэг зураг сонирхол татсан нь Чулуунхороот сумын 9 билүү 7 гайхамшиг. Түүн дээр монгол оронд хоёрхон байдаг гурван улсын хил нийлдэг хилийн баганы зураг байлаа. Тарваган дахын овоо Чулуунхороот сумаас 80 гаруй км зайтай аж. Сумынхан шууд яваад очвол хилийнхэн нэг хүн дагуулж өгөөд үзүүлчихдэг гэх!Найрагч Д.Нямсүрэнгийн Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан                                                 Эрээнцавд бороо орох нь сайхан  хэмээн шүлэглэсэн Эрээнцав. Зүүн баруун хэмээн хоёр хуваагдах бөгөөд хилийн боомт гэхэд ихэд ил хуль газар юм. Долоо хоногт нэг удаа Чойбалсан хот уруу галт тэрэг явдаг юм байна. Харамсалтай нэг зүйл гэвэл Улз гол маань энд тасарсан байх юм. Дашбалбар сумын араас л багассаар яваад ийшээгээ тасарчээ. Харамсалтай, дэндүү харамсалтай, эртний их гол ийнхүү татарч байна!

Маршрутаа өөрчлөн эрт гарсан бид хилийн застав дээр үдээс өмнө очсон боловч аз дутаж заставын даргыг түр орлож буй нэг нөхөр биднийг хилийн багана үзүүлэх нь битгий хэл шуурхай групп дуудаж бараг хорих болтой юм болоод явчихлаа. Яаж ч учирлаад бидний хэлсэн,  есөн гайхамшигийнхаа нэгээр сонгосон сумынхны зааж өгсөн үгийг тоосонгүй.  Урам хугарсан бид Шаварт нуураар Баян хан уулынхаа араар шууд Монгол нутгынхаа хамгийн нам дор цэг Хөх нуур чиглэн явлаа. Хөх нуур ч харагдлаа, нэг машины маань нумны улны өнгө хугарчлаа гэж... Гурван улсын хилийн багана үз л гээд байна даа.Хөх нуурандаа хонолоо. Үнэхээр сайхан нутаг ажээ. Маргааш нь буусан газраа өнжиж машин тэргээ янзалж , Эрээнцав уруу хоёр ч  удаа давхиж хот хүрээ,  аймаг сум руу ярьж гүйсээр байгаад хил уруу явах зөвшөөрөлтэй болж авлаа. Хоёр хоног Хөх нууранд хоносон бид өглөө эртлэн Эрээнцаваар Тарваган дахын овоо хэмээх  Монгол улс, ОХУ, БНХАУ-ын хилийн уулзвар ...дугаар тоот багана хүрч хэсэг саатав. Хамгийн хачирхалтай нь хятадын тал багана уруугаа сайжруулсан зам тавьчихсан, тайз маягийн тавцантай хүмүүс давхиж ирээд зураг хөргөө авахуулчихаад буцаад давхичих юм билээ. Манайхан хууль дүрмэндээ ч баригддаг биз, аялал жуулчлал гэсэн ямар ч ухагдхуун тэнд алга. Зүгээр л сумынхан л манай гайхамшиг гэх. Ингээд бид буцаад Эрээнцавын уугуул иргэн мэт Эрээнцавынхаа буудалд гэртээ байгаа мэт  дахиад л хонолоо. Энэ хавиараа л дөрөв тав хоног дасал болтлоо эргэлджээ.Эрээнцаваас  Яхь нуураар Чойбалсан орохоор Гурванзагал сумыг чиглэн эртлэн хөдөлсөн бид, Хөх нуурын эрэгт өглөөний цай ууж хэсэг зураглачихаад , Гурванзагалын наадмын талбайг эзгүйчилж өдрийн ундаа уулаа. Гурванзагал сумын төвд Манлай баатар Дандинсүрэнд зориулсан музей, түүний дурсгалын хөшөө байх аж. Музей нь даанч засвартай байлаа. Төвийн хажууд ширгэж багасаж байгаа ч Сүмийн нуур хэмээх азарга, азаргаар адуу бэлчсэн, сайхан нуур байх юм.Гурванзагалаас  Яхь нуурыг GPS-дээ хийгээд хөдөлсөн юм. Энд нэг алдаа гарсан нь GPS мааньЯхь нуурын зүүн эрэгт аваачсан нь нуур маань тэр талаасаа ширгээд намаг шавар , дов сондуул ихтэй эрэг уруу дөхөхийн аргагүй газар болжээ. Их нуур маань алсад харагдаад байдаг. Уг нь хойноос нь юм уу баруун эргээр нь очсон бол. Ийм л юм боллоо.Чойбалсан хотод  үдээс хойш аажуухан ирлээ. Анхны сэтгэгдэл бол бусад аймгийн төвүүдийг бодвол том суурьшлын бүс юм аа. Хоноглох буудлаа сонгоод маргааш эндээ амарчихаад нөгөөдөр нь эрт алдарт Мэнэнгийн тал Буйр нуур орохоор шийдэцгээгээд, болбол цаашаа Нөмрөгийн дархан газар орохоор тохиров. Чойбалсан хот үзэж харах хөшөө дурсгал их, бас Хэрлэн голынхоо хөвөөгөөр “Найрамдал” нэртэй сайхан цэцэрлэгт хүрээлэнтэй ер нь тун дажгүй шүү. Чойбалсан гуайн морь унасан шинэ хөшөө дөнгөж нээлтээ хийж байх үетэй ч таарлаа.Товлосон өдрөө эртлэн замд гарав. Хилийн гадна гарсан гэх түйрийн утаа биднийг бараг Мэнэнгийн тал хүртэл дагав. Алсын бараа харагдахгүй, осолдохгүй урдах зам маань л харагдаж байлаа. Мэнэнгийн тал маань гандуу, хатсан шар тал угтав. Уг нь ч тэгшхэн  сайхан нутаг юмаа. Мэнэнгийн талд бас нэг асуудал байгаа нь нефтийн цооногууд. Хөрсний бохирдол, гадаргуун эвдрэл гээд л байгальд сөргөөр нөлөөлж байгаа нь илт байна. “Петрочайна дачин тамсаг”-аас цааш зам бол там болжээ.Эрт гарсан бид Буйр нууранд эрт ирлээ. Буудаллах газар хайж хэсэг давхиж байгаад нэг жуулчны бааз сонгон бууж хоёр өдөр сайхан амрахаар тухлав. Буйр нуур үнэхээр сайхан газар юм. Ус нь гүнзгий биш гүехэн, гараад сайхан элстэй. Нуурын ёроол нь бас элсэрхэг тул ороход тухтай хөл гар нухаад байхгүй. Хүүхдүүд ч ёстой нэг шавайгаа ханатал гэдэг шиг усанд орсон доо. Бас завиар аялаж болно. Нар шингэх, нар мандахад талын энэ нуур ямар үзэсгэлэнтэй вэ? Гайхалтай биширмээр тансаг газар.

Хоёр өдөр сайхан амарчихаад Буйрт ирсэнийх Халхын гол түүний дагуух дурсгалууд, боломж гарвал Нөмрөгийн дархан газар үзэж сонирхохоор монгол орныхоо дорно зүг уруу улам цаашиллаа. Халхын гол бол бидний монголчуудын эх нутагтаа хийсэн сүүлчийн дайны гэрч бөгөөд япончуудыг ялан дийлсэн баатарлаг түүхийн өлгий нутаг. Ялалт багаас  Халхгол сумын төв хүртэлх хоёр өртөө газарт олон хөшөө дурсгал бий. Халхгол сум бол үзэж харах зүйл арвин, түүх соёлын дурсгал элбэг нутаг юм.Хөх өндрийн овоогоор дайраад Халх голын хөндий рүү ороход хамгийн түрүүнд То вангийн бүтээсэн хэвтээ Жанрайсаг бурхны Их бурхант цогцолбор таарна. Тэгээд М.Екэйн хөшөө, Ханан хөшөө, С.Сэрээтэрийн дурсгал, онгоцноос унасан бөмбөгний эдгэрээгүй дайны ул мөр гээд л явж өгнө.1939 оны 6 дугаар сард Баянцагааны нуруунд баатарлаг гавъяа байгуулсан зөвлөлтийн танкын бригад командлагчийн дурсгалыг хүндэтгэсэн Яковлевын хөшөө, Монгол дайчдад зориулсан 80 баатрын хөшөө, Зөвлөлтийндайчдад зориулсан 90 баатрын хөшөө, Хамар даваан дээрх Халх голын ялалтын 45 жилийн ойд зориулан 1984 онд босгосон Ялалтын хөшөө гээд л хөшөө дурсгал бол тасрахгүй үргэлжлэнэ дээ. Найрагчийн маань хэлснээр хөшөө тийш очих ардын зам баларсангүй, Халхын голын хөшөө дурсгалууд нь хээр хөдөө, эзгүй талд гэхэд сайхан тохижуулж мод зүлэг их тарьсан байх аж. Монгол орны хамгийн зүүн захын сум Халхгол сум. Хамар давааны бэлд Халхын голын хөвөөнд сайхан байрлалтай сум юм аа. Гэхдээ хүмүүс нь зусландаа гарцгаасан уу ихэд ил хуль байлаа. Харин сайхан хуушууртай байсан шүү.Нөмрөгийн дархан газар уруу явахад асуудал ихтэй юм билээ. Зөвшөөрөл бичиг цаас бүрдүүлэх гээд л... Тиймээс бид Ялалт багын өмнө холгүй байх 13-р зуунд холбогдох Шонх таван толгойн хүн чулуу сонирхчихоод Буйр нууранд хүрч хонохоор буцав. Шонх таван толгойд ирлээ.Түрэгийн үеийн хүн чулууг бодвол хүнийг суугаа байдлаар, бодитоор дээл хувцастай нь дүрсэлсэн нь 13-14р зуунд холбогдох  бөгөөд энд хоорондоо 200 орчим метр зайтай хоёр хүн чулуу байх нь, нэг нь толгой нь тасарч эвлүүлэн тавьсан , нөгөө нь цагаан гантиг чулуугаар урлан хийсэн нь бүтнээр барахгүй шинэ шахуу харагдсан нь эртний хоёр хүн чулууны нэгийг төв музей уруу зөөсний дараа нутгийнхан сэтгэл гарган дуурайлган урлаж яг хуучин байранд нь хожим залсан хөшөө аж.Ингээд бид өглөө эрт гараад шөнө оройтож буудалдаа ирсэн ч үзсэн харсан зүйлдээ сэтгэл хангалуун байлаа. Сарны гэрэл, чийдэнгийн туяанд бужигналдан үзэсгэлэнт Буйрын хөвөөнд үдшийн хоолоо идчихээд маргааш нь цэлгэр тэнүүн дорнодын их талаар давхисаар Чойбалсан хотод ирж хоноглочихоод өглөө эрт нутгийн зүг хүлгийн жолоо залж билээ. Шинэ зам Хэрлэн голын өмнүүр тавигдсан тул Хэрлэн барс хотын туурийг Туг уулнаас, их л холоос дурандсаныг эс тооцвол зам дагаж хөгжил гэж өдөртөө л нийслэл хотоо бараадав. Энэ аялал олон аялалуудын мааь нэг адил сайхан аялал байлаа.


















No comments:

Post a Comment