1.27.2017

Их Юань улсын мандсан төрийн Хөх судрын учир шалтгаан хийгээд товчит тольтын долдугаар анги

Хятад бичгийн ихэд үнэнч, туйлын богд Күнз өгүүлсэн нь “Хэрэгт үүсгэл төгсгөл буй, бодист эх эцэс амуй” хэмээжүхүй. Тийнхүү ертөнцийн хүн язгуур удам үндсээ мэдэх нь зүй болой. Хэдийгээр хааны сууринд хүрсэн тэнгэрийн хөвгүүн боловч, үлгэрлэвээс эцэг эхээ, эцэг эх хэмээн онцгойлон ачлах, элбэрэх, тахимдахыг эс мэдвээс энгийн хүмүүнд ч хүрэхгүй бус уу? Түүнчлэн хүн төрөлхтөн өөрийн уг үндэс, язгуур удмаа үл мэдэн, өөрийн урьдас дээдсийн үйл явдал ба нэр овгийг эс мэдээд, үүнээс гадна хэдий тэнгэрийн утга, газрын зүйг цөм ухаж, дэлхийн ёс, орчлонгийн учрыг цөм нэвтрэвч түүнийг төө ямхын модыг өндөр асрын нурууны дээр тавиад, тэр модыг асраас өндөр хэмээх мэт уг үндэсгүй лүгэй нэгэн адил болмуй.

Тийнхүү тайж Инжаннаши би Монгол тоотноо нийтээрийг мэдтүгэй ухтугай хэмээн эцэг ноёныхоо хураасан Хөх Монголын Их Юань улсын олон зүйлийн судар бичиг, шастир түүх бүрийг цөм уудлан гаргаж, эцэг ноёныхоо санааг залгамжлан, энэ их Юань улсын судрыг бүртгэн гаргаж, хойчих үед мэргэн мунхаггүйеэ мэдтүгэй, ухтугай хэмээн судар бүрийг зах дараалан үзвээс аль судар нь боловч тэр мэт нарийн нягт илэрхий тодорхой ч зарлигаар орчуулсан Юань улсын төвийн судар, улсын тэмдэглэл боловч, гээгдэж орхигдсон ба дутуу торгон маш олон.

Дундад улсын хятад, ар газрын Монголыг эгнэгт хүний тоонд оруулахгүй, ерийн адгуус болбоос дөрвөн хөлтэй тул хэвтээгээр явмуй, ар газрын хүн гагц хоёр хөлтэй болоод босоогоор явах нь адгуус малаас баахан өөр буй за, бус зүйлийн үйлс явдал, зан авьяас нь шууд мал адгуус болой хэмээн нэгэнтээ басамжлан санаад, хэдий арван хувийн арвихан эрдэмтэн нь боловч тийн баримтлан санаж атал, санамсаргүй алтан гадас од умар этгээдийн манх элснээ бууж, Шэн-Ү хуанди богд баатар Чингис хаан мэндлээд, аянга цахилгаан мэт нэгэнтээ аянгалмагц, даруй нэг зуун жаран хоёр жилийн дэлхий дахиныг байгуулж, эдгээр Чжун Юаний хятадыг боол болгосонд эдгээр өчүүхэн атхаг эхнэр, өвөрчлөлт хятад нар тэнгэрийн цаг, газрын хэмжээний их зүйг огт бодохгүй, онц өөрийн тэр нэг зүйлийн өмхий атхаг сэтгэлээ эрхлэж, бас тэнгэрийн тооноос зөрчиж чадахгүй тул, тэсэл алдран шүд загатнан, гар нухалхийлэн, толгойгоо маажилхийлэн Их Юань улсын арван дөрвөн хааны нэг зуун жаран хоёр жил боол болж, арай Мин улсад хүрмэгц, даруй хорслоо , хариу авах газаргүйдээ хуял эхнэрийн уулийн хоншоороо билүүдэж, Чжу Фуцзы-гийн төв ариун их Ган-мү сударт Монгол ийм муу, тийм харгис, энэ мэт өршөөлгүй, тэр мэт мэдэлгүй хэмээн амны тав, хэлний зоргоор учир томоогүй чалчиж бялчсан болой. Энэ атхаг санааг ном, бичиг хоёул өвөрлөсөн бус, цөм ном бичгийг үзсэн өчүүхэн оюутан, нимгэн ухаантнаас үүсгэн өдсөн буюу.

Хөх Монголын их Юань улсын эзэд үнэхээр тэр мэт харгис хартай бөгөөс дээд тэнгэр бас юунай Юань улсад нэг зуун жаран хоёр жилийн дэлхий дахиныг соёрхох аж! Бас ч юунай эдүгээ хүртэл долоон зуун арван жил болтол Монгол хэмээн нэг зуун далан хошуу тайж нарыг үржүүлж, хойд этгээд түмэн газар шахмыг эзлүүлэх буй!

Монголын болхи бүдүүлэг тэнэг шүүдэг ба оморхог бардам цөлс чилдэс нь маш үнэн боловч эгнэгт Монголд далд нууц зальхай харгис ба гүн хүнд хор хар үгүй болой.

Жич мунхаг би онц Монголоо өмгөөлсөн ба үгүйг хойч өдрийн мэргэд бээр хянан үзэж, мунхаг миний санаанд энэ нэгэн ангийн шударга шүүмж хэмээн санамуй. Эдгээр хятад бичээч нар адагтаа биеийг зөв, сэтгэлийг хэлбэрэлгүй арилган чадаагүйгээр улс төрийн их хэргийг зоргоор өө гарган, сэв эрэн муушаах нь маш ичингүйрэлтэй болой. Тийнхүү бөлөг бүрийн сүүлд хэлбийгүй шүүмжлэлд мунхаг Инжаннаши миний хариу цоолсныг мэргэд бээр инээдэм болгон тольдтугай.

В.Инжаннаши “Хөх судар” номын хэсгээс...


0 comments:

Post a Comment