2.12.2015

Эртний нийслэлийг зорив


Зуны адаг сарын сүүлээр Дархан хот орох ажлын далимаар цааш нэг ухасхийж Их хүрээ нүүдэллэж явсан Усан сээрийн хөндийг сонирхохоор зорьсон юм.
Гэхдээ шууд зорьсонгүй, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын дэргэдэх Дуут хад хэмээх сайхан газраар дайран цааш явахаар шийдэн Дарханаас Сэлэнгийн замаар гарч хэсэг яваад Орхон гол дээр тавьсан шинэ гүүрээр гарахаар төв замаа орхилоо. Гүүрэн дээрээс Хушаат сум 5 км, цаашаа Дуут хад бас 5 орчим км.

Энэ газар үнэхээр сонин содон газар. Янз бүрийн хэмжээтэй хөмөрсөн тогоо цохиж байгаа аятай янз бүрийн дуу авиа гарахаас гадна орчин тойрондоо эртний сүг зураг элбэг. Уран зургийн галирей л гэсэн үг. Хэсэг хөгжимдөж аваад аялалынхаа дараагийн хэсэг рүү хөдөллөө. Энэ нь Орхон голынхоо баруун биед байх Ишгэнт нуур.

Зэгсэнд баригдан жилээс жилд жижгэрч байгаа энэ нууранд шувууд элбэг чуулдаг юм байна. Энд өдрийнхөө цайг ууж хэсэг зураглаж аваад цаашлав. Баруун гар талд Орхон түшээ мөрөн зүүн гар талд үргэжлэн цэлийх тариан талбай. Ийм сайхан зурган дундуур 20 гаран км яваад Усан сээрийн голын гарман дээр ирэв.

Их хүрээний буурь гол гаралгүй хойд энгэр дээр байдаг ч бид Мянган дарийн хийдийн тууринд хүрчихээд буцахдаа түүнд зориулж босгосон дурсгалыг ирж сонирхохоор голоо гарч даган өгслөө. 10 хүрэхгүй км яваад Мянгадарийн голыг гаран цааш өгссөөр Мянгадарийн амныхаа эхэнд байх манай түүхийн хар үйлийн гэрч болон үлдсэн
нэгэн тууринд ирлээ. Голынхоо хоржигнох дуутай хоршин  бурхан номын дуу цуурайтаж байсан байгалийн үзэсгэлэн дундах энэ газар вааран дээврийн хагархай, хөх тоосгоны хугархай энд тэнд шидэгдсэн, зүлэг ногоонд дарагдсан хэдэн овгор шороо л болон үлджээ.  Эндээс хойшоо Сээрийн даваагаар даваад Амарбаясгалант хийд, доошоо уруудаад Их хүрээ ороход ойрхон цагтаа цэцэглэж байсан сүм болтой.

Бид буцаад Усан сээрийн голоо гарч нийслэлээс Их хүрээний нүүдэллэж байсан газруудад зориулан босгосон сайхан дурсгалын хөшөөний дэргэд ирлээ. Сайхан хөшөөнд тааруухан, бүр тун тааруухан хашаа барьжээ.
Сэлэнгэ аймгийн Сант, Хушаат сумдын Сондуулт, Хушаат, Хонгилт, Хожуул голууд нийлж Усан Сээр гол болон Орхонд цутгах ба Орхон Усан сээрийн голын бэлчирээс дээш холгүй 4 км орчим голынхоо зүүн гарт Галсангийн гозгор хар уулын бэлд энэхүү түүхт газар орших бөгөөд Их хүрээ 1720-1722 онуудад энд суурьшиж байжээ. Манай нийслэл анх 1639 онд Өргөө нэртэйгээр бууриа зассанаас хойш 28 удаа сэлгэж нүүсэн байдаг ба хамгийн хойшоо буудалласан газар нь энэхүү уужим сайхан Усан сээрийн хөндий.

Эндээс нутгийн зүг хүлгийн жолоог эргүүлсэн. Гэхдээ ирсэн замаараа буцахыг хүссэнгүй, Орхон голоо бирваазаар гарахаар шийдэв. Бороо устай үед зам муутай ч бид Орхоны бирваазад тулж очлоо. Үерлэн урсаж буй Орхон түшээ мөрнөө бирваазаар гарч аялалдаа нэг шигтгээ нэмчихээд Дархан хот чиглэн давхилаа. Эндээс Дархан шулуун 18 км, найрамдалын энэ хот биднийг шөнийн гэрлээ цацруулан сүртэй угтсан.  

1 comment:

  1. Сайн байна уу . Сайхан мэдээлэл байна .тантай холбогдож лавлах юм байна . Утас 99187628

    ReplyDelete