1.24.2014

Бошигт хаан

Дөрвөн Ойрадын нэг аймаг Цоросын тэргүүн Эрдэнэбаатар хунтайжын зургадугаар хүү Галдан 1644 онд төржээ. Тэр  Зонховын шавь дүлжин Дагважалцангийн хувилгаан дүрээр тодорч  7 наснаас  Төвдөд суун 5 дугаар Далай лам, Ванчин богд  нарын шавь болон  20 жил шашны эрдэмд гүнзгий суралцжээ.
Энэ хооронд Эрдэнэбаатар хунтайж ын тавдахь хүү Галдантай эх нэгт Сэнгэ хан ор залгасан боловч эх ондоо ах дүү нарынхаа гарт алагдаж түүний эх Юм Ага Төвдөөс Галданг дуудаж авчран хан  сууринд залжээ. Хан болмогц  дөрвөн ойрадын  бас нэгэн голлох аймаг Хошуудын тэргүүн Очирт цэцэн ханы охин Ануг их хатан болгон авч тархай бутархай бусад баруун монголчуудыг нэгтгэн Ойрадын хаант улсыг байгуулан 1676 онд хаан сууж бүх монголчуудыг нэгтгэх  хэтийн зорилгоо гүйцэлдүүлэхээр хүчээ зузаатгаж эхэлжээ. 1679 онд Далай лам түүнд Бошигт цол хайрласан байна. 17 дугаар зууны эхээр Ойрадын  40 хошуу  хоёр гарт хуваагддаг байв.Цорос тэргүүтэй голлох аймгийн 20 хошуу зүүн гар Ойрад болдог ба баруун гарын Ойрадууд ихэнх нь гадагш нүүж зүүнгарынхан нутагтаа үлдсэн учир Галдан улсаа Зүүнгарын хаант улс хэмээн нэрлэлээ. Тэр засаг захиргааны шинэ нэгж байгуулж, ноёдын эрхийг хязгаарлаж, зарга маргаан таслах явдлыг чангатган, шилжилт хөдөлгөөнийг зогсоож, Орос Швед дархчуулаар гунан буу цутгуулж  ер нь дотоодынхоо асуудлаа  өөрийн хүслээр шийдэж байв.
Гадагшаа  олон удаа Төв болон Дундад ази руу дайлж  түүний  цэрэг бүр  Энэтхэгийн Кашмер хүрч байж.  1686 он гэхэд  Зүүнгарын мэдэлд  Хами, Турфан, Кашгар, Сайрам, Бухар, Самарканд зэрэг Азийн 1000 гаран хот орсон байлаа.
Галдангийн  хүсэл нэгдсэн монгол улс. Түүний мөнхийн дайсан манж, тэдний хаан Энх-Амгалан. Тэр манж нараас өрсөж халхыг өөрийн болгож авахыг эрмэлзэж байв. Засагт хан Норов нас барж  түүнийг Галдангийн хүн гэгдэх  Шар залгамжлав. Энэ үед Түшээт хан Чахундорж  болчимгүй үйлдэл хийж  түмэн цэрэгтэй хөдлөн Засагт хан Шар болон түүний дэргэд байсан Галдангийн дүү Доржжав  нарыг хөнөөсөн  нь халх ойрадын дунд дайны гал асаав.
Ингээд  1688 оны хавар  Галдан 2 түмэн цэрэгтэй халх руу орлоо. Чахундоржын хүү Галдандорж нэг түмэн цэрэгтэй тосч байлдсан боловч юм болсонгүй ойрадууд бүр Эрдэнэзууг эзлэв. Өндөр гэгээн Занабазар Түшээт ханы эхнэр хүүхдүүдийг авч нүүр буруулан өмнө зүг рүү одлоо. Чахундорж 2 түмэн цэрэг цуглуулан Олгой нуурын хөндийд ойрадын цэрэгтэй нүүрлэн тулалдсан боловч  дийлдэн  Өндөр гэгээний араас манж руу зугтжээ. Ийнхүү  халхууд манж нарт дагах эх тавигдав. Халх Ойрадууд хоорондоо байлдаж байсан нь нэг биш боловч хэн нь ч бүхэл улсаа аван харьд дагаж орж байсангүй. Харин 1691 онд ийм явдал болж Өндөр гэгээн Занабазар тэргүүтэй халхууд манжыг дагав.
Галдан халхаар хөндлөн гарч 1690 онд Соёлз ууланд  хүрч  Өвөрмонголын Үзэмчин, Авга хошуудын ноёдыг манжын эсрэг тэмцэхийг уриаллаа. Үүнийг манжийн хаан Энх-Амгалан зүгээр хараад суусангүй  Галдангийн эсрэг хоёр замын цэрэг хөдөлгөн тавдугаар сард хоёр тал Улахуй голд тулан  тулалдаж Ойрадууд  манж нарыг бут цохив. Ялагдсан Энх-Амгалан арга сүвэгчилж  Бээжингийн ойролцоо Улаан будан хэмээх газар найрамдъя, хаадын түвшинд уулзъя  гэж урижээ. Галдан хэдий сэжиглэсэн ч цэргээ дагуулан тэнд хүрч очлоо. Тэнд ямарч хэлэлцээр явагдсангүй манж нар илт давуу  цэргээр шууд уулгалан дайрлаа. Хүч тэнцвэргүй энэ тулалдаанд Галдан арга мухардаж манж хаанд бууж өгье, хүчээ өгье, өдрийн сайныг сонгож уулзая гэж хэлүүлжээ. Гал зогсоосон энэ сиймхийг ашиглан Галдан буурин дээрээ цөөн хүн, хэдэн тэмээ үлдээн олон түүдэг асаан орхиж Ононг чиглэн зугтлаа. Энэ явдал түүнд маш их гарц хохиролтой хүнд цохилт болсон.
1694 онд  Сэнгэ хунтайжын хүү Цэвээнравдан Зүүнгарт төр эргүүлж хаан суусан нь Галданд дахин хүнд цохилт болов. Манжын хаан Цэвээнравдантай нийлж Галданг дарах санал тавьсан боловч  тэр намайг оролдохгүй бол би хөдлөхгүй гэсэн нь манж нарыг айлгаж зүүнгар манж нарын дунд байсан Галдан хүчтэй бас монголын төлөө гэсэн түүний сэтгэлийг Цэвээнравдан ойлгож хүндэлж байсных биз.
Галдан манж нарын хоорондох сүүлийн тулаан  Тэрэлжийн Зуун мод хэмээх газар болсон ба нэг ойрад цэрэгт манжын 10 цэрэг ноогдож байв. Эхний 2 өдөр аль аль талаасаа ихээхэн хохирол  амссан боловч  гуравдахь өдрөөс манж нар давхар давхар бүслэн Галданг хэцүү байдалд оруулсан байна.Галдан,  Ану нар нөөц мянгатаа удирдан хөтөлж бүслэлтийг гурван газраар сэтлэн гарч Тамирын голд цугларан хэрхэхээ ярилцсан ч нэг шийдэлд хүрч чадсангүй зарим жанжид нь салж явцгаажээ. Зуун модны тулаанд хүнд шарх авсан Ану хатан замдаа өөд болжээ.
Галдан хаанаас ч тусламж авах боломжгүй болж итгэлт нөхөд нь салж явсан тул манж нартай тэмцэх хүчин аргагүй мөхөсджээ. Тэр 1697 онд одоогийн Говь-Алтай аймгийн Тонхил сумын Ац уул, Амтай нуур хэмээх газар өөд болсон өөрөө хор ууж үхсэн гэдэг.

Зүүнгарын Галдан Бошигт хаан монголдоо төдийгүй төв Азидаа нөлөө бүхий нэгэн байв. Тэр:
Хайран газар нутаг минь харийнхны хөлд дарагдах вий.
 Хамаг монгол түмэн минь хагаралдан бутарч зовох вий.

Миний нутгийн газар шорооноос  бурхан гуйсан ч бүү өг !!!   гэж бидэнд захиж хэлж.  

No comments:

Post a Comment