5.20.2015

3.Бага хаад – Элбэг нигүүлсэгч хаан



1388 онд Төгстөмөр хаан хорлогдсноор хаан суудлыг түүний хүү Энх хаан Зоригт цолтойгоор залгаж суусан бөгөөд дөрвөн жил хаан суулаа гэдэг.

Энэ үед монгол нутагт эрх мэдлийн төлөөх зөрчил мөргөлдөөн ид даамжирч байв. Төгстөмөр Усхал хааныг хороосон Аригбөхийн упмын Есүдэр их эрх мэдэлтэй байж, мөн Цагаадайн угсааны Гунаашир ноён Хамид Хар дэл хэмээх жижиг улс байгуулж, Төгстөмөр хааны сайд асан Нэцэлай Мин улсад дагаж орсон ч чинсан Ширмэн түүнийг устгажээ. Урьд Мин улсад дагасан Ляодунгийн захирагч ван Ажашир удалгүй Мин улсаас эргэж Есүдэртэй нийлэх болсонд 1392 онд нангиадууд монголд их цэрэг оруулсан ба тэд Онон гол хүртэл явж буцахдаа Улз голоор их олз омогтой буцсан байна.

Энх Зоригт хаан Элбэг, Хархуцаг хэмээх хоёр хөвгүүнтэй бөгөөд 1393 онд Элбэг хаан эцгийн орыг Нигүүлсэгч цолтойгоор залгасан.

Монголчууд төв буюу зүүн монгол, Ойрад буюу баруун монгол гэж зааглагддаг байсан ч анх их Монгол улсын үед дөрвөн мянга байж хожим дөрвөн түм болтлоо өссөн ойрадын ноён монголын их хаанд захирагддаг байлаа. Тэр цагт Ойрадыг хойдын ноён Үгэчи хашахи захирч байсан бөгөөд Элбэг хааны дэргэд Ойрадын төлөөний хүн Хуухай тайюу сууж байв.

Элбэг хаан Хуухай тайюугийн үгэнд орж өөрийн төрсөн дүү Хархуцагийг хороож түүний гэргий Өлзийт гуа хатныг өөрийн болгож авсан ёс бус үйлдлийн хариуд Өлзийт гуа хатан арга сэтгэж Элбэг хаанаар Хуухай тайюуг хороолгосон байдаг. Хуухай тайюуг хилсээр хороосноо мэдсэн Элбэг хаан түүний хүү Батулад өөрийн охин Самар гүнжийг өгч, чинсан цол шагнан Үгэчи хашахитай хамтран Ойрадыг мэдтүгэй хэмээн зарлиг болжээ.

Үүнд ихэд дургүйцсэн Үгэчи хашахи, эцгийн өшөөг авахыг хүлээж суусан  Батула чинсан нар хамтарч 1399 онд Элбэг нигүүлсэгч хааныг хороов.1400 онд Элбэг хааны хүү Гүнтөмөр хаан суусан боловч удалгүй 1402 онд Үгэчи хашахид алагджээ.


No comments:

Post a Comment