Showing posts with label сайхан найраг. Show all posts
Showing posts with label сайхан найраг. Show all posts

1.28.2021

Би Монгол хүн


 Ч.Чимэд

Би Монгол хүн
Аргалын утаа боргилсон
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог
Цэнхэр манан суунагласан
Алсын барааг ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл бахдан харахад
Үлээж байгаа салхи нь
Үнэсээд ч байгаа юм шиг
Өршөөлт ээжийн минь гар
Илээд ч байгаа юм шиг
Энэрэнгүй сайхан санагдахад
Элэг зүрх минь догдолж
Хосгүй баярын нулимс
Хоёр нүдийг минь бүрхдэг

1.11.2021


Бямбын Ринчин.

Монгол хэл
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ Сонсох бvр яруу баялгийг гайхан баясч Сод их билигт тvмэн юүгээн бишрэн магтаму би
Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн Өрнөн мандахын шинж бvрдсэн өвгөдийн минь хэл

Мөрөн гол цутгалант ширгэшгvй их далай мэт Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч Хөндий цээжинд орогч бvгдийг нэвтрүүлэх чадалт Хєгжим мэт яруу баясгалант монгол хэл

Өсөх наснаас өтлөхх насан хvртэл чам юугаан судлан Өдөр бүр үгсийн эрдэнийг чинь баярлан түүнэм
Түмэн түмэн үеийн оюун билгийн үүдийг чинь
Түлхэх бүр сэтгэл сэргэн, магнайн үрчлээ тэнийнэм

Tүгшүүрт бэрхийг даван туулсан баатар тvмний минь Төвшин соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдсэнд Сэлбэл үгүй сэцэн оюутан хэл юүгээн энхрийлэн хөгжүүлюү хэмээн Сэтгэл урмас бадран бахдаму, үс нь буурал өтгөс би

Хутаг өлзий бvрдсэн хувь их заяат тvмний Хурц авьяаст хөвгүүд дүү нар, халуун элэгтэн хотлоороо Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж Энхрийлэн бадруулахын бат зориг юутай сайхан
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтаму би

4.28.2020

"Хүүгийн ээжид бөхийж хэлэх үгс" Р.Чойном

Амьдрал хэмээх далайн атираас ихтэй мандлаар
Арван таван жилийг алдлан тэврэн дэвсээр
Гангар гунгар донгодох дуучин шувуу шиг захидал
Гашуун боловч үнэнийг минь дурсан дурсан ирлээ
Цалгиж галгиж явсаар хөл алдсан насныхаа
Цагаас эрт бууралтсан хилэнцэт тэргүүнээ бөхийж
Үнэнээс үнэн үгсийг чинь есөн ес уншлаа
Үдшийн цаг чимээгүй зүрхэн шимширч суунаа
Баяр,гуниг хоёр ингэж зэрэгцэн ирдэгийг
Бараан үсээ цайтал санасангүй явлаа даа
Атар залуу цагийн гэнэгүй тарьсан нүгэл
Араас гүйцэж ирдэгийг зүүдэлсэнгүй явлаа даа
Ардаг дураар морины салхит хондлой дээгүүр
Архаг суран ташуур гувруу татуулж буух шиг
Ажиг ч үгүй зүрхний алаг тольтон дундуур
Анхны янагийн үгс шижигнэтэл зүсээд орлоо
Алд биений минь хэлтэрхий үрийн минь ээж та
Анхны янаг гэдэг эмзэг энэхэн үгийг
Аймшиг жишэмгүй хэлснийг минь...уучлаарай
Арван хэдэн жилийн өмнө....байх нь байсан л даа
Хотойх нь үгүй залуухан хорвоог чинь хотойлгож
Хонхор нь үгүй хорин насыг чинь хонхойлгож
Үүрийн гэгээ шиг үнэн цагаан сэтгэл дээр чинь
Үл итгэхийн хар дуслыг анхан дусааж
Хав халуун өвөрт чинь хагацлын салхи оруулж
Хар сайхан мэлмийд чинь гомдлын нулимс хуруулж
Ааваа гэж дуудах ангир үрийн чинь дуугаар
Атга хонгор зүрхийг чинь ахин дахин зүссэн
Янаг сэтгэлийн гэмтэн би өдий болсон хойноо
Ямар замаар явснаа эргэж бүтэн харлаа
Нүд нээхэд хоосон,урт зүүднээс сэрсэн шиг
Нүгэл буян хоёроо дэнсэлж нэгэн бодлоо
Хүслийн ууган хорвоод алтан жолоо зэрэгцүүлж
Хүү төрүүлсний баяраар аагтай сархад цэлэлзүүлж
Хүний жишээ цогцлуулсан анхны гал голомтоо
Хүйтэн усаар унтраах шиг ажиггүй орхин гарахдаа
Дууяа чиний хайрын энг буруу хэмжиж
Дуугүй хатуу гунигаар энэ болтол эмтэлж
Дурлал жаргал бялхах эхийн залуу сэтгэлийг
Дутуу бариад унагаасан гангар шаазан шиг хагалахдаа
Аавын тэнэгхэн хүүг арз шиг согтоож ирдэг
Атар залуу насны анхны өнгөнд төөрчээ би
Араас уйлаад үлдсэн ангаахай бяцхан үр маань
Арван наймтай болоод амдаад ирэхийг бодсонгүй
Эр хүн чадалтай гээд бүсгүй хүнээр тоглож
Энэрэх сэтгэлгүй явдаг нь ухаан муугийн хар гай байна
Эм хүн тэнхээгүй гэвч бүхэл хүнийг төрүүлж
Эх орондоо өгдөг нь уян сэтгэлийн гавъяа байна
Өнөөдөр миний хүү арван найм хүрч
Өөртөө минь адилхан ханхар эр болсоныг
Өрнүүн ажлын талбарт нэгэн бүтээлч нэмснийг
Өр зүрхээ оволзуулж баяр бялхан уншлаа би
Аавын зай гэрийн хойморт ханхайн эзгүйрч
Амрагийн зай цээжний гүнд хонхойн эвгүйрч
Арван таван жилийг яажшуу өнгөрөөж ирснийг чинь
Алаг зүрхээ балталзуулж гэмшил бялхан сонслоо би
Сэрүүн,дулаан хорших гэрэлтэй,сүүдэртэй хорвоод
Сэтгэл гэдэг үнэнч,нүд гэдэг худалч юм аа
Сээтэн хаях амархан сэхэлтэй,мөхөлтэй орчлонд
Сэрэмж муухан явбал сээрэн дунгуй хийлгэдэг байна
Өгч чаддаг,авч чаддаг орчлонгийн
Өнгө нас хоёрыг мөнх юм шиг явахад минь
Дуулуулж ч чаддаг,уйлуулж ч чаддаг замбуулингийн
Дутууг дүүргэж,дүүрнийг дундалж жаргахад минь
Хорьдын цагаан сар тоонон дээгүүр өнгийтөл
Хонгор бяцхан хүүгээ үнэгчлэн зүүдэлж унттал
Хоёр дэрний нэгэн дээр нулимс юугаа дуслуулсаар
Хорвоод ганцаардсан чи минь намайг хүлээж байжээ
Айлын хүүхдэд шоглуулж ааваа дуудан уйлсан
Ангаахай бяцхан үрээ онгон шувуу шиг хайрлаж
Алаг нүднийхээ нулимсыг бяцхан гараар нь арчуулж
Агуу орчлонд хоёулханаа аж төрждээ чи минь
Царцаат намрын өдрүүдэд цантсан дээвэр өргөхдөө
Цагаалга битүүлгэ болж хөндөх хүн эрэхдээ
Цайныхаа дээжийг аягалаад уух хүн хайхдаа
Цайлган хонгор сэтгэлээр намайг харсаар байжээ
Үнэн мөний нүдээр ялган тунгааж харвал
Үр,амраг хоёрынхоо зовлонгоор жаргаж явсан
Хүн мөсөөр дульхан намайг чи хайрлахдаа
Хүү чинь саналаа гэж хэлж зүрхлэхгүй явжээ
Өдий олон жил уруул давж гаргалгүй
Өнөөдрийг хүртэл зүрхэндээ өвдтөл нуусан гомдол
Гуйх газар гуйхгүй гэж гутрах өдөр гутрахгүй гэж
Гучин хоёр шүдэндээ зууж явсан үгс чинь
Чин үнэнийг мэдэх энэхэн биеээрээ бодвоoc
Чиний үг биш миний үг байна
Өнөөдрөөс урьд нь би өнгөрснөө эргэн харж
Өөрөө өөртөө тэгж үнэнийг хэлэх ёстой байж
Хоёр гурав дахь авгайнхаа хуримын шуугиан дундуур
Хойноос уйлах үрсийнхээ дууг сонсох ёстой байж
Аварга бөхийн барилдааныг алмайран гайхаж явахдаа
Айлыг үүрч яваа бүсгүйг анзаарах ёстой байжээ
Гэлээ гэхтэй хүн гашуун үнэнээ ухаарвал
Гэмших,зөвтөх хоёр оройтдоггүй юм гэнэлээ
Үс минь буурал болсон ч сэтгэл минь буурал болоо ч уу
Үгүй ч билүү би...өмнө чинь одоо бөхийе
Сэрүүн хангайн буга шиг сайхан эр болсон
Сэргэлэн хонгор хүүгээ эргэж нэг харъя
Сэтгэл гэдгийг мэдэлгүй дэндүү дургиж явсан
Сэхүүн тэр жилүүдийг эргэж нэг саная
Эдэлж өмсөх хоёроор хүүгий минь дутаасангүй
Эцгээ гэсэн сэтгэлийг нь....элгээрээ дэвтээж иржээ
Эрийн цээнд хүргэж алсын моринд дөрөөлүүлжээ
Энхийн төлөө үйлсэд нэгэн цэрэг нэмжээ
Арван таван намрын мөсөн хярууг хуримтлуулж
Алаг зүрхээ одоо хайраад хайраад нэмэргүй
Алдсан алдаа надтай алаг шатар нүүсээр
Ацан шалааны хөлд алсын мад өржээ
Уушгины үзүүр чимхиймээр өвлийн хүйтэнд
Улс орныхоо төлөө чичирч явсан зүтгэл
Санасан шувуу ирмээр хаврын сайханд
Сая түмнийхээ төлөө ургуулж явсан цэцэрлэг
Нийт монгол орондоо арван таван жил
Нийгэм журам байгуулах ажил үйлсэд зүтгэсэн
Нижгэр явдлын дор бас хувийн бараан сүүдэр
Нинжин сэтгэл доголсон хазгай мөр шиг үлджээ
Ганц хоёрхон биенийхээ гунигийг тоочоод яахав
Гарцаагүй тохиож болох хүн бүхний амьдралаас
Ажил бүтээл бялхсан эх орныхоо өвөр дээр
Амсаж туулсан мөрөө ардах залуустаа яръя
Элэг бүтэн гэрийнхээ аз жаргалыг хугасалж
Эрх танхилхан үрийнхээ ариун хайрыг хагасалж
Эрээн бараан амьдралд гэнэдэж яваа
Эцэг эх байдаг бол эргэцүүлж үзэг гэхээр
Хоёр биендээ амссан алдаа оноо бүхнийг
Хойчийн залуу үед дохио болгон бичье
Үйл явдал нь гашуун ч үзэж ирсэн туужийнхаа
Үнэнээс үнэн мөрүүдийг хоёр талаасаа бичье
Бичгээр үүсэх зохиолыг нэгэн хүн бүтээдэг бол
Биеэр үүрсэн амьдралыг хоёр хүн шүлэглэе
Хоёр өнгийн замаар хорвоог үзсэний хувьд
Хоёр чавхдас нь болж үнэний хуурыг дуугаргая
Надад болоод нийтэд хэлэх бүхнээ хэл
Нартад болоод чамд гэмших бүхнээ гэмшие
Чиний болоод миний гунигт алдааны замаар
Чийрэг сайхан залуусыг бүү алхаг гэж бичье
Хожим нь гэмшээд баршгүй гашуун энэ алдаа
Хорин насны босгонд яаж ирснийг яръя
Хотын нэгэн дүүрэгт ядуухан оюутны амьдралд
Хоёр залуу танилцсан тэртээ хавраас эхэлье......

1.04.2019

Өвөг Монгол Сяньбийн үеийн Муланий шүлэг


Муланий шүлэг хэмээн алдаршсан энэ шүлэг умард хятадад Сяньбийн нүүдэлчид ноёрхож байсан Умард Вэй улсын үед зохиогдсон аж. Мулань гэдэг нь хятад хүн биш өвөг Монгол Сяньби гаралтай эмэгтэй байжээ. Муланий шүлэг нь Табгач Сяньбийн Умард Вэй улс олон жил дараалан угсаа гарал нэгт Жужантай байлдаж байх үед зохиогдсон түүхэн шүлэг бөгөөд яруу тод хэллэгтэй аж.

Утас ээрэх машин сүрчигнэж байна
Ухаант Мулан утас ээрч байна
Машины сүрчигнэх дуу сонсогдохгүй ээ
Мулан хүүхэн санаа алдан сууна
Юу санаж юу бодов оо гээд асуухад
Юу санаж юу бодохов гэнэ ээ
Өчигдөр шөнө цэргийн зарыг харлаа
Эзэн хаан цэрэг татаж байна гэнэ
Эр цэргийн эвхмэл арван хоёр буй
Эвхмэл болгонд аавын нэр бий
Мундаг эр болох хөвгүүн заяагаагүй
Мулан надад төрсөн ах гэж үгүй
Эцгийнхээ төлөө
Эр цэргийн албанд явнам гэнэ
Зүүн захаас унаа хүлгээ олсон
Баруун захаас гөлөм тохом авлаа
Урд захаас ногт хазаараа бэлдлээ
Хойд захаас малиа ташуураа авлаа
Хайртай аав ээжээсээ аяарлаад
Харанхуй бүрийгээр Шар мөрний хөвөөнөө хонолоо
Охин минь гэсэн аав ээжийн дуу дуулдахгүй
Орхирсон Шар мөрний ус л урсана
Шар мөрнөөс ахиад мордлоо
Хар ууланд шөнөөр хүрлээ
Мулан охин минь гэсэн аав ээжийн дуу дуулдахгүй
Монь уулын морьд л үүрсэнэ
Алс холоос аян дайнд мордлоо
Аюул бартааг ардаа орхисон юм
Халуун хүйтэнд нойр хоолгүй явсан юм
Хуяг дуулгатайгаа хонож байсан юм
Аюултай дайнд эрэмгий жанжин хатаж байлаа
Арван жил гээд эр цэрэг буцах болсон юм
Тэнгэрийн хөвүүнтэй ирж уулзваа
Тэнгэрийн хөвүүн харшдаа заларч байлаа
Хэлэхийн аргагүй алдар гавъяатай гээд
Хэмжээлшгүй ихээр шагнаж соёрхов
Хэлж барих юу байна гээд хаан асуув аа
Мулан надад хэргэм цол хэрэггүй ээ
Мянган газрыг товчилдог тэмээгээ өгөөч
Ар гэртээ очиж
Аав ээжтэйгээ уулзъя гэнэм...
Охин минь ирж байна гэж сонсоод
Өргөөнөөсөө гарч угтав аа
Эгч ирж байна гээд
Охид биеэ засаж гоёцгооно
Мах шөл бэлдэнэ гээд
Манай дүү нар гүйлдэнэ
Өрөө гэртээ орж
Ор ширээн дээрээ суув аа
Хуяг дуулгаа тайлаад
Хувцас хунараа өмсөв
Цонх харуулдаж үс гэзгээ янзаллаа
Толь харж чимэглэсэн цэцгээр гоёлоо
Хаалгаар гарч галын нөхөдтэйгээ уулзваа
Харж гайхсаар галын нөхөд ухаан алдав
Арван хоёр жил хамт явлаа гэнэ
Андыгаа харин мэдсэнгүй гэнэ ээ
Эр туулай хөлөө хойш тийрнэ
Эм туулай нүдээ аньдаг хэмээмүй
Хамт гүйсэн хоёр туулайг
Харж байгаад яаж ч мэдэх билээ.  
“Монголын эртний түүх” “Сяньби “ дэд дэвтрээс



5.09.2017

Хүслийн овоо

Тэнгэр зорьсон аавыг минь тамгалсан
Тэнүүн талын эхэн дэх цагаан овоо
Тодоос тод харагдах
Торгоны хээтэй хийморийн овоо

Тойроод алхаж явахад
Та минь сэтгэлд бодогдоно
Тэртээд хөвөх сэмжин үүлэнд
Таны минь дүр тодорч харагдана

Алсад одсон аавыг минь орлох
Арвагарын тал дах цагаан овоо
Алаг дэлхийн бөөрөн дэх
Алганы хээтэй хийморийн овоо

Илбэн үлээх зөөлөн салхи нь
Ерөөлөө хэлэх мэт сонсогдоно
Өргөсөн идээ будаа нь
Өөрт минь үржин эргэж ирнэ

Хол явсан аавыг минь санагдуулах
Хязгааргүй талын эхэн дэх хөх овоо
Хүсэл бүхэн биелэх
Хүүхдүүдийнх нь шүтдэг хийморийн овоо

Чулуу нэмэн зогсож байхад
Чанадаас та минь ширтэх мэт санагдана
Хацар алгадах сэвшээ салхи нь
Хайраа хүүдээ илгээх мэт үлээнэ

Тэнгэр зорьсон аавыг минь тамгалсан
Тэнүүн талын эхэн дэх цагаан овоо
Хүсэл бүхэн биелэх
Хүүхдүүдийнх нь шүтдэг хүслийн овоо
                                                                         Н.Энхболд      2017 он

4.27.2017

Ханийн нутаг хосгүй сайхаан

Миний хань чинь хуучны Засагт Хан аймгийн Сэцэн засгийн хошуу, Богд Хаант Монгол Улсын үеийн Сартуул Сэцэн вангийн хошуу, ардын засгийн Хан Тайшир Уулын аймгийн Сэцэн Сарт Уулын хошуу одоогийн Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул эртний Алаг адуу овогт сартуул бүсгүй.
Эрхэт хангай, элчилгүй говийн сүлжээс
Эрдэнэхайрхан нутгийн бүсүй
Цэдиг түүх, цаг хугацааны хэлхээс
Цэцэн сартуулын унаган бүсгүй
Жаахан нуурандаа жаргаж явсан
Жижигхэн биетэй ажилсаг бүсгүй
Заяат Очирвааний гийгүүлсэн
Завхан нутгийн золбоолог бүсгүй
Улаан шаргал манхнаар эмжсэн
Улаагчны үзэсгэлэнт Хар нуур
Дахин дахин эргэж тойрмоор
Далайгаас тасарсан гоёмсог сувд
Танан цагаан гэрээр чимсэн
Тээлийн голын уужим хөндий
Санан санан саатан суумаар
Сарны хөндийн сайхан сондор
Хараад хараад ханашгүй
Холоос дуудах холбоо хоёр Авгуш
Хаанаас ч харсан сэтгэлд дотно
Хонгор багынх дурсамж
Уруудаж өгсөж хонио бэлчээсэн
Улаан шанааны уужим энгэр
Зүрхэндээ зүмбэрлүүлж сэтгэлдээ хадсан
Зүүднийх нь нутаг Товхош уул
Үүцээ хадгалах эрдэнийн хаалга
Үүлэн дээрхи Сэнжит цохио
Үлгэрийн юм шиг нүүдлийн нутаг
Үнэхээр гайхалтай Бургастайн ам
Элчилгүй их Монгол элсний үргэлжлэл
Ээвэр бүлээн Бор хярын элс
Эх дэлхийн минь гайхамшиг
Элснээс ундрах Мухарт, Нарийний голууд
Өнө эртний өвөлжөөний нутаг
Өнтэй дулаан Их хайрхан
Эгэлгүй ховор байгалийн урлан
Их, Бага, Эхийн агуй
Аавдаа эрхэлж ээждээ тунин
Аргал түүж, хонь хариулж өссөн
Холхи тэртээ ч сэтгэл татах
Хонгор ханийн минь нутаг хосгүй сайхан
                                                                               
2017 он Н.Энхболд

4.21.2017

Буурай ээж минь


Өрөөлийн төлөө өөрийгөө зориулсан
Өрөвчхөн сэтгэлтэй миний муу, буурай ээж
Өр зүрхэндээ ч, зай үлдээлгүй
Өөрийн хэдэн зээгээ өлгийдөж өсгөсөн миний муу, буурай ээж

Хөгшин ээж гэж хэн анх дуудсан юм бол гэж
Хааяа би гайхдаг юм
Хөнгөн шингэн залуу хүн шүү дээ гэж
Хүү нь дандаа боддог юм

Нараар наадан наасан наамал чинь,
Сараар сүүдэрлүүлэн урласан үйл чинь
Хаанаас ч харсан хааны гоёл
Хачин тансаг хатны өмсгөл

Наадам наадмын гоёлыг хараад
Нутгийн хөгшчүүд чамлаж суусан
Үйлэнд уран таны хийцийг
Үй зайгүй магтаж байсан

Хичээл тараад гүйгээд очиход
Хийцтэй, будаатай цай порхийлгэчихээд
Хэдэн хүүхдээ хүлээж
Хий дэмий холхиж суудагсан, та

Гялалзсан гуталтай эр хүн
Гоёмсог харагддаг юм гээд
Гайхтал өнгөлсөн гутлыг минь заагаад
Гэмгүйхэн инээмсэглэж зогсдогсон, та

Номонд та мөнгө харамладаггүй сэн
Намайг дандаа шахаж шавдуулдагсан
Уншаад эхлэхээр та минь
Урдахь ажлаа умартан, шимтэн суудагсан

Ховорхон тэр боломжыг
Хүү нь дандаа ашиглаж чадаагүй ээ
Хааяа би тандаа, хичээл ном хэцүү гэж
Худал үнэн ярьж, нааш цааш гүйж явсан даа

Хорвоо дэлхий бүтэн эргэжээ
Хүү нь өтөлж өвөө болжээ
Ачын ач чинь алхаж явна энэ хөрстөд

Аяа та минь харж л байгаа даа, миний муу буурай ээж
                                                                Н.Энхболд    2017 он

3.21.2017

Аавын минь дуу


Халамцахдаа аав минь дуу дуулна
Хазгайдуу ч гэсэн сэтгэлээсээ дуулна
Хоёр нүдэнд нь нулимс тунарч
Холын тэртээх нутгаа дуулна

Хааяа аав минь дуу аялна
Хажуунаас нь ээж минь эвлэгхэн дэмжинэ
Хослон дуулах тэр дуу нь
Хорвоогийн хамгийн хосгүй эгшиг

Ховорхон ч гэсэн аав минь дуулна
Ховд нутгаа санан дуулна
Өр зүрхэндээ бодлоо хураан
Үнэн сэтгэлээсээ аав минь дуулна

Сархад хүртэхээрээ аав, хааяа дуулна
Солгойдуу ч, зүрхнээсээ дуулна
Санан дуулах нутгийнх нь дуу

Санаанд минь гүн, шингэж үлджээ

1.10.2017

Ээжийн нутаг

Миний ээж хуучнаар Сайн ноён хан аймгийн Жонон бэйсийн хошуу, шинэ засгийн хувиараар Цэцэрлэг мандал уулын аймгийн Хүрээ марал уулын хошуу, одоогийнхоор Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул билээ. Миний ээжийг С.Сэлэнгэ гэдэг.
Хангайн нурууны үргэлжлэл
Хангалын давааны өвөр
Хайртай ээжийг минь
Халуун энгэртээ тосож авсан нутаг
Буурал ээжийн минь энгэрт эрхэлж өссөн та
Бугатын голынхоо довон дунд тоглож өссөн та
Үүл ороон тэнгэрт тэмүүлэх
Өндөр сүрлэг Бугатын уулс
Өршөөлт ээжийг минь
Өлгийдөж авсан нутаг
Таван хүүхэд төрүүлж өсгөсөн та
Түмэн хүүхэд сургаж хүмүүжүүлсэн та
Баатар эр эзэн савдагтай
Баянбулаг шүтээнт хайрхан
Буянтай ээжийг минь
Баринтаглаж тоссон өлгий нутаг
Нүүж суухдаа нүдэн нуурандаа тольдож явсан та
Нутгийн тахилгат Чандмань толгойдоо мөргөж явсан та
Сарлагын бух урамдах
Саруул сайхан уулсын таг
Сайхан ээжийг минь
Сүү ивэлгэн угтаж авсан нутаг
Нарны илчнээс илүү халуун дулаан сэтгэлтэй та
Номны мөрнөөс дутуугүй нарийн торгон мэдрэмжтэй та
Очирваань хайрхантай хаяа дэрлэх
Олон сайхан уулс толгод
Онгон байгалийн үзэсгэлэн бүрдсэн
Оргилон ундрах Элстий булаг
Далангийн нуруугаа дөтлөн давах
Дунд Цахир Зүүн Муруй Хэц таван даваа
Хожмын түүхийн мананд төөрсөн
Хадат Бугатын хүрээний туурь
Холын тэртээгээс хөхрөн харагдах
Хөмөрсөн аяга шиг Хөдөө нуур
Өвөг монголчуудын өв их соёл
Өндөр хирэгсүүр, өвгөн чулуу
Өнө эртнээс улбаа нь тасраагүй
Өвгөдийн минь нутаг, ижийн минь нутаг
Зурсан юм шиг сайвар морьтой
Зуслангийн айлуудаар бууж мордоход
Зочлон угтах цайлган түмэнтэй
Заяа тэнүүн ижийн минь нутаг
Үүлгүй шөнө сарны гэрэлд
Үлий сүлжин алсыг зориход
Үлгэрийн юм шиг бараан сүүдэр
Угтан урсах ижийн минь нутаг
Балчир багын дурсамжаа хөглөн
Бодлын үзүүр дэх мөрөөдөлдөө хөтлөгдөн
Хөдөө нуурандаа хүслээ шивнээд
Хонгор нутгийн хоймроос холын тэртээ зорьсон
Араг савар нийлүүлэх
Ачит эхийнхээ хормой дор
Ааруул хурууд эргүүлж явсан
Амгалан ижийн минь нутаг
                                                Н.Энхболд 2017 он


12.01.2016

Аавын нутаг

Миний аав хуучнаар Засагт хан аймгийн Эрдэнэ бэйсийн хошуу, шинэ засгийн үеийн Хантайшир уулын аймгийн Сутай уулын хошуу, одоогийнхоор Ховд аймгийн Дарви сумын уугуул билээ. Миний аавыг Ядамын Нархүү гэдэг.


Наран урсах  өрнө зүгт
Наадаж би тоглож өсөөгүй ч
Нулимс ивэлгэн, сэтгэл огшоон
Намайг даллах нутаг  тэнд бий...

Номин цэнхэр баруун хязгаарт
Надад  овгоо  хайрлах гэж
Нарны хүү  болж сарны дор  
Аав минь тэнд мэндэлжээ
Өнөд  гэрэлтэх  Ховд  нутагт
Өөрийн удмаа үргэлжлүүлнэ гэж
Өвгөдөө залган ургаа тэлж
Аав минь  тэнд төржээ
Холоос хөхрөх Ховд нутаг
Хонгор аавын минь нутаг болохооор
Хайртай хүүгийнхээ зүрхийг догдлуулж
Хоргоож дандаа дуудах юм
Аугаа тэр Ховд нутаг
Амин аавын минь нутаг болохоор
Аягахан зүрхийг минь булиглуулж
Алсаас намайг урих юм
Үжингийн үргэлжлэл нутаг
Өвгөдийн гэрийн буурь
Өөр хэнийх ч биш миний аавын нутаг аа

Бөгтийн гүйх бөхөнгийн сүрэгтэй уралдан туулах
Дөргөний их хүрэн тал
Бөртийх ч үүлгүй тэнгэрийн дор мяралзан урсах
Тунгалагийн  цэнгэг ариун булаг
Жаран жарандаа өвгөд минь суусан
Жаргалант хайрхан бас Жанжин их овоо
Бууж мордоход сэтгэлд  элгэмсүү
Буурлын минь нутаг Бумбат хайрхан
Цайны минь дээжний  үргэлжлэл
Цэмбийн цайрах Сутайн их уулс
Омогт хааны нагац Олхонуд түмний нутаг
Очирт Алтайн үргэлжлэл онгон дагшин нутаг
Домог түүх арвин  Дарвийн  сүглэгэр уулс
Дэндүү их тансаг,дуулим энэ л хязгаарт
Бодлоо  гүйцээлгүй бурханг зорьсон
Бууралтаж амжаагүй аавын минь
Багын дурсамж, буурлын сургаал нь
Бууцных нь салхитай исгэрч яваа...
Дөрөөндөө хүрээд цалгиж явахад тань
Дөргөн нуур тань түшээ дээ
Дэлхийг эмжин  алхаж явахад тань
Дээлтэй Богд тань ивээгээ  дээ...
Тоглож гүйсэн газар бүрт тань
Давхар солонго татдаг юм билээ
Таны хишиг таван хүүхэд тань
Түүнийг хараад баярлаж явсаан
Тэнгэрт сүслэдэг буурал ээж минь
Таны төлөө залбирч суусан...
Аяа миний аавын минь нутаг
Алтан дэлхийн гоёмсог диваажин
                                                               2016 он
 Н.Энхболд

2.29.2016

Жаргалд умбасан өдөр

                                              Жаргалд умбасан өдөр
С.Сэлэнгэ
Аав ээжийгээ догдлуулан байж
Алган дээр нь ирэхдээ жаргасаан би
Алаг дэлхийд ирснээ дуулган
Амьдрал хурайлж орилохдоо баярласаан би
                   Ай миний жаахан биеэрээ
                  Жаргалд умбасан өдөр минь ээ
Өмгөр жаахан хошуугаараа
Өөрөө мөөмөө эрэхдээ жаргасаан би
Амин хэлхээгээр ивлэн асгарсан
Ангир уургаа амтлахдаа баярласаан би
                   Ай миний жаахан биеэрээ
                   Жаргалд умбасан өдөр минь ээ
Хүчлэн байж нүдээ нээгээд
Бурхан ээжийгээ харахдаа жаргасаан би
Хүйн холбоогоор учирсандаа талархан
Хөөрхөн хуруугий нь атгахдаа баярласаан би
                 Ай миний жаахан биеэрээ
                Жаргалд умбасан өдөр минь ээ
Тэвэрт нь ирж зүрхий нь сонсоод
Тэнгэр аавыгаа таниад жаргасаан би
Ханхар цээжинд нь наалдан байж
Хайр нөмрий нь ойлгохдоо баярласаан би
              Ай миний жаахан биеэрээ
             Жаргалд умбасан өдөр минь ээ
Өөдөсхөн намайг өр зүрхнээсээ хайрлах
Өвөө эмээтэйгээ золгохдоо жаргасаан би
Үнэн голоосоо яаран хүлээсэн
Өчнөөн ах эгчтэйгээ уулзахдаа баярласаан би
              Ай миний жаахан биеэрээ
             Жаргалд умбасан өдөр минь ээ

                                                                                                2016 он

2.28.2014

Тэхийн зогсоол

Тэхийн зогсоол  /Б.Явуухулан  1969 он|


Тээр жилийн тэр нэгэн өвлийн
Өнтэйг яана!
”Тэхийн зогсоол” гэдэг тэр оргилын
Өндрийг яана!
Хүрэн уулсын буйд мухар
”Хүүш” нэртэй
Хүрэхэд хол ч өвөлжихөд нөмөр
Хөх бууцтай.
Хүрэн уулсыг халуун намраар
Аав минь зорив
”Хүүшийн” өвөлжөөнд гурван гэрээр
Айл өвөлжив.

Өвөлжөөг хүрээлсэн уулсын оргил
Бүгд өндөр
Өндрийн дундаас
”Тэхийн зогсоол”
Бүүр ч өндөр!
Өвөлжөөнд буугаад аав, хэсэг зуур
Ан хийв
Өвөлд бэлдээд айлууд, хэсэг зуур
Ажил хийв.
Өнтэй жилийн тэр нэгэн өвлийн
Дулаахныг хэлэх үү
Өвс цас тэгшхэн ууланд өвөлжихийн
Тухтайг хэлэх үү
Говийн ууланд жам ёсоороо
Хавар ирэв
Гол бараадаж гурван гэрээрээ
Нүүх болов.
Нэгэн өглөө аав минь намайгаа
Гаднаас дуудав
Нэг нүдний сунадаг дурангаа
Гарт бариулав.
-”Тэхийн зогсоол” дээр юу байна вэ?
-Сайн хар! гэв
Тэгж хэлснийхээ жаахан хойно
Санаа алдав.
”Yзүүр нь гурвалжин, үүлэнд шүргэх
Оргил харагдав
Yүрээ манан өндөрт эргэх
Бүргэд харагдав.
Дэргэдэх оргил нь илээд авахаар
Ойрхон байв
Дээрх тэнгэр нь нүдэнд торохоор
Yүлгүй байв”
-”Тэхийн зогсоол”  дээр хараагаа тогтоо! гэж
Аав минь хэлэв
Тэрүүн дээр нэг амьтан бий, ол доо гэж
Ахин хэлэв.
Өвөлжин харагдаж нүдэнд дассан
Оргил үзэгдэв
Орой дээр нь эвэр нь сэрийсэн
Янгир харагдав.
Хангайн сайхан амьтныг үзээд
Би баясав
-Харлаг тэх зогсож байна! гээд
Бараг хашгирав.
Аав минь дуугүй, тамхиа сорсоор
Гэртээ оров
Айлын хүмүүс янгирын сургаар
Манайд цуглав.
Цайгаа ч уухгүй аав минь тэгээд
Хэсэг суув
Цаанаа л гунигтай хоолой засаад
Ингэж ярив:
-Мөнгөн оройт уулсын хишгийг
Их хүртлээ
Мөнхийн зогсоолдоо зогссон янгирыг
Анх үзлээ.
”Ямаан усанд” ноднин байсан
Тэх мөн байна
Яах аргагүй зогсоолдоо зогссон
Тэх мөн байна.
Төрсний эцэст үхнээ гэдэг
Амьтны ёс оо!
Төрсөн нутгаа орхиноо гэдэг
Амаргүй даваа!
Янгир өтлөхөөрөө эврээ даахаа
Больдог юм гэнэлээ
Янгирын сүргээ гүйцэж чадахаа
Байдаг юм гэнэлээ.
Эхээс төрсөн ууландаа эргэж
Ирдэг юм гэнэлээ
Эхээс унасан газраа олж
Хэвтдэг юм гэнэлээ.
Насныхаа эцэст оргил өөд мацаж
Гардаг юм гэнэлээ
Нартад түүнийг нь
”Тэхийн зогсоол” гэж
Нэрлэдэг юм гэнэлээ.
Өндөр оргил дээр олон хоног
Зогсдог юм гэнэлээ
Өнгөрүүлсэн амьдралаа эргэж нэг
Хардаг юм гэнэлээ.
Умдалдаг ариухан усаа үзэж нэг
Баярладаг юм гэнэлээ
Идээлдэг сайхан бэлчээрээ харж нэг
Баясдаг юм гэнэлээ.
Ижил олон сүргээ эцсийн удаа
Yздэг юм гэнэлээ
Эх болсон нутгаа сүүлчийн удаа
Хардаг юм гэнэлээ.
Өндөр оргилоос эвэр нь дийлээд
Хальдаг юм гэнэлээ
Өнгөт орчлонгоос нэг нь тэгээд
Дутдаг юм гэнэлээ.
Аавын яриаг хүн бүхэн
Дуугүй чагнав
Айлын эмээ янгирыг өрөвдөн
Нулимс унагав.
Тэрнээс хойш аав минь нэг л
Зовиуртай болов
Тэр өвөлжөөнөөс хэсэгтээ нэг л
Нүүхээ байв.
Гурван гэрийн хонины ээлж
Дороо эргэнэ
Гуравхан хоногт манай ээлж
Эргээд ирнэ.
-Өндөр өөд хонио бүү билчээ! гэж
Аав минь захина
Өглөө болгон л гаднаа сууж
Оргил дурандана.
”Хүүшийн” өвөлжөөнд чандмалж буусан
Гурван айл!
Хүмүүсийн харааг өөртөө татсан
Гурвалжин оргил!
Цэнхэр тэнгэрт эвэр нь сэрийсэн
Харлаг тэх!
Чанх дээр нь өдөржин эргэсэн
Хүрэн бүргэд!
Ийм л зураг олон хоногоор
Аавд минь харагдав
Энэ л зураг олон хоногоор
Өвөлжөөнд суулгав.
Нэгэн өглөө оргилыг дурандаад
Аав орж ирэв
Нэг харахнаа баяртай мишээгээд
Цайгаа ууж суув.
-Яг л ёсоороо хальж дээ хөөрхий! гэж
Аав минь ярив
-Яамай даа яамай, хөөрхий минь! гэж
Ижий өрөвдөв.
Маргааш өглөө нь гурван гэр маань
Эрт ачаалав
Манарсан бууцнаас хүн, мал маань
Зэрэг хөдлөв.
”Тэхийн зогсоол” оргилыг аав минь нэг
Эргэж харав
-Төрсөн нутаг минь! гэж эцэг минь нэг
Өөртөө хэлэв.
Тээр жилийн тэр нэгэн өвлийн
Уртыг яана!
”Тэхийн зогсоол”  гэдэг тэр оргилын
Өндрийг яана!