Showing posts with label домог. Show all posts
Showing posts with label домог. Show all posts

5.14.2020

Зоргол хайрхан

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Зорголхайрхан уулын өндөр 1668 метр бөгөөд их хайрхантай холбоотой сонирхолтой мэдээллийг дуулгавал:

-Зорголхайрхан уул том, жижиг гурван агуйтай. Хамгийн томыг нь Шижирбаатарын буюу Дансрангийн агуй, баруун талын үргэлжилсэн уулыг Баянгийн хэц, хойд талын уулыг Агуйт гэнэ.
- Халх Монголын нутагт байдаг үзэсгэлэнт сайхан боржин чулуун уулсын нэг нь энэ хангай юм.
-Зорголхайрханы чанх урд тусгайдуу байдаг хадтай толгойг Морин цохио гэнэ. Энэ цохиог нутгийнхан жил бүрийн зуны эхэн сарын шинийн 8-нд тахин бэсрэг наадам хийдэг уламжлалтай. Ялангуяа хурдан морьтой хүмүүс морио авчирч “хийморийг нь сэргээдэг” юм байна.
-Зоргол хайрхан уул нь Улаанбаатар хотоос шууд явбал 150 км Элсэн уулнаас 40 км зайд орших хосгүй чамин тогтоцтой ,монгол хүний шүтэн биширдэг дэндүү сүрлэг,онгон дагшин догшин уул билээ.
-Зорголд хайрханд Рашаантын ам гэж уул,ус мод,ургамал жигдэрсэн үзэсгэлэн төгөлдөр газар байдаг.
-Нутгийнхан нь Зоргол хайрхан уулыг хүзүүгээ нугалаад хэвтэж байгаа согооны хэлбэртэй гэж ярилцдаг. Эрт үед илээ дагуулсан нэг согоо тэр нутагт амьдардаг байжээ. Гэтэл чоно эхийг нь хоол унданд явсан хойгуур нь хулгайлж барьчих гээд байв. Иймд эх согоо нь арга хайж, илээ чулуу болгон үлдээгээд, явж хоол унд олчихоод ирэхдээ дээрээс нь сүүгээ дусаан хуучин хэвд нь оруулж авдаг байжээ. Ингээд айх зүйлгүй амар тайван явах болов. Нэг удаа хон хэрээ дээгүүр нь нисэхдээ илийнх нь дээр сүүдрээ тусгачихжээ. Эх согоо нь ирээд сүүгээ дусаан илээ босгох гэтэл хэрээний сүүдэрт бузартсан тул боссонгүй чулуу хэвээр үлдэв хэмээх домогтой аж.
-Бас нэг домог, эрт урьд цагт хангай говийг дамнасан цасан шуурга болж, хандгай буга, зээр, гөрөөс цөм өмнө зүг туугдан урууджээ. Хамгийн эхэнд явсан бугын сүрэг нэгэн тал дээр зогссон нь Их газрын чулуу болж гэнэ. Дараагийн хэсэг буга зогссон нь Бага газрын чулуу гэнэ.
Хамгийн сүүлд улдаж ядарсан ганц зоргол оцойсхийгээд зогсож хоцорсон нь Зорголхайрхан хайрхан хэмээн нэрийдсэн юм байна.
-Эрт цагт энэ нутагт амьдарч байсан Шижирбаатар гэгч сайн эр хоёр алтан гадасаар зэл татаад гүү барин зусаж байжээ.
Гэтэл нэгэн өдөр гүү сааж байсан хүн хувинтай сүүгээ унаган асгахдаа хайран юм гэж дуу алдсан нь Харийн нуур болон хувирсан гэх домогтой. Зэлний хоёр алтан гадас нь баруун, зүүн хоёр Алтан овоо гэгдэн нуурынхаа зүүхэнтээ болон нуурын баруун талд харгалдаа харагддаг. Энэ нуурыг Ариун нуур, Хайран нуур, Харийн нуур, Хайрын нуур гэх мэтээр янз бүр нэрлэдэг
- 1202 оны намар Чингис хаан, хуурай эцэг Тоорил ханы хамт нэгэн намрыг өнгөрөөж, эцэг хүүгийн ёс барилдаж, андгай тангараг өргөсөн гэж “Монголын нууц товчоо”-нд энэ уулын тухай гардаг.

1.04.2019

Өвөг Монгол Сяньбийн үеийн Муланий шүлэг


Муланий шүлэг хэмээн алдаршсан энэ шүлэг умард хятадад Сяньбийн нүүдэлчид ноёрхож байсан Умард Вэй улсын үед зохиогдсон аж. Мулань гэдэг нь хятад хүн биш өвөг Монгол Сяньби гаралтай эмэгтэй байжээ. Муланий шүлэг нь Табгач Сяньбийн Умард Вэй улс олон жил дараалан угсаа гарал нэгт Жужантай байлдаж байх үед зохиогдсон түүхэн шүлэг бөгөөд яруу тод хэллэгтэй аж.

Утас ээрэх машин сүрчигнэж байна
Ухаант Мулан утас ээрч байна
Машины сүрчигнэх дуу сонсогдохгүй ээ
Мулан хүүхэн санаа алдан сууна
Юу санаж юу бодов оо гээд асуухад
Юу санаж юу бодохов гэнэ ээ
Өчигдөр шөнө цэргийн зарыг харлаа
Эзэн хаан цэрэг татаж байна гэнэ
Эр цэргийн эвхмэл арван хоёр буй
Эвхмэл болгонд аавын нэр бий
Мундаг эр болох хөвгүүн заяагаагүй
Мулан надад төрсөн ах гэж үгүй
Эцгийнхээ төлөө
Эр цэргийн албанд явнам гэнэ
Зүүн захаас унаа хүлгээ олсон
Баруун захаас гөлөм тохом авлаа
Урд захаас ногт хазаараа бэлдлээ
Хойд захаас малиа ташуураа авлаа
Хайртай аав ээжээсээ аяарлаад
Харанхуй бүрийгээр Шар мөрний хөвөөнөө хонолоо
Охин минь гэсэн аав ээжийн дуу дуулдахгүй
Орхирсон Шар мөрний ус л урсана
Шар мөрнөөс ахиад мордлоо
Хар ууланд шөнөөр хүрлээ
Мулан охин минь гэсэн аав ээжийн дуу дуулдахгүй
Монь уулын морьд л үүрсэнэ
Алс холоос аян дайнд мордлоо
Аюул бартааг ардаа орхисон юм
Халуун хүйтэнд нойр хоолгүй явсан юм
Хуяг дуулгатайгаа хонож байсан юм
Аюултай дайнд эрэмгий жанжин хатаж байлаа
Арван жил гээд эр цэрэг буцах болсон юм
Тэнгэрийн хөвүүнтэй ирж уулзваа
Тэнгэрийн хөвүүн харшдаа заларч байлаа
Хэлэхийн аргагүй алдар гавъяатай гээд
Хэмжээлшгүй ихээр шагнаж соёрхов
Хэлж барих юу байна гээд хаан асуув аа
Мулан надад хэргэм цол хэрэггүй ээ
Мянган газрыг товчилдог тэмээгээ өгөөч
Ар гэртээ очиж
Аав ээжтэйгээ уулзъя гэнэм...
Охин минь ирж байна гэж сонсоод
Өргөөнөөсөө гарч угтав аа
Эгч ирж байна гээд
Охид биеэ засаж гоёцгооно
Мах шөл бэлдэнэ гээд
Манай дүү нар гүйлдэнэ
Өрөө гэртээ орж
Ор ширээн дээрээ суув аа
Хуяг дуулгаа тайлаад
Хувцас хунараа өмсөв
Цонх харуулдаж үс гэзгээ янзаллаа
Толь харж чимэглэсэн цэцгээр гоёлоо
Хаалгаар гарч галын нөхөдтэйгээ уулзваа
Харж гайхсаар галын нөхөд ухаан алдав
Арван хоёр жил хамт явлаа гэнэ
Андыгаа харин мэдсэнгүй гэнэ ээ
Эр туулай хөлөө хойш тийрнэ
Эм туулай нүдээ аньдаг хэмээмүй
Хамт гүйсэн хоёр туулайг
Харж байгаад яаж ч мэдэх билээ.  
“Монголын эртний түүх” “Сяньби “ дэд дэвтрээс



12.10.2018

Сяньбийн Муюн аймгийн ах дүү хоёрын түүхэн домог


Муюн Шэгүй хаан хоёр хүүтэй байжээ. Ахмад хөвгүүн Түгүхүнь нь татвар эмээс төрсөн ба Шэгүйн авааль хатнаас Муюн Гүй төржээ. Тиймээс Муюн Гүй эцгийгээ залгамжлан хаан болсон байна. Эцэг нь амьд ахуй цагтаа 1700 муюн сяньби өрх айлыг, газар нутгийнх нь хамт эзэмшил болгон Түгүхүньд олгожээ.

Нэгэн удаа ах дүү хоёрын адуу уралцан ноцолдож, бие биенээ сүрхий гэмтээжээ. Муюн Гүй ихэд уурсаж, ахыгаа чи эртхэн холдож өөр газар очоогүйгээс болж, адуунууд нэг нэгнийгээ бэртээхэд хүрлээ хэмээн зэмлэн хөөжээ. Ах нь ихэд гомдож, өөрийн харъяат аймгаа дагуулан алс баруун зүг зайлан нүүлээ. 

Дүү нь ахыгаа хөөн явуулсандаа харамсан буцаан авчруулахаар араас нь хүн явуулан буцаж ирэхийг урихад, Түгүхүнь:
“Би болбоос дорд гаралтай хөвгүүн болно, ёсоор ахлахгүй. Эдүгээ адуугаар бэлгэ тэмдэг үзүүлсэн нь дээд тэнгэрийн эш болно. Олон эзэд та нар адуугаа зүүнш туугаад үзээрэй, адуу хэрэв зүүнш буцваас би дагаад буцъя” гэжээ.
Тэгээд дагаж явсан хүнээр адууг буцаан туулгахад хэдэн зуун алхам яваад, янцгааж гэнэт баруунш буцаж давхив. Арваад удаа зүүнш туусан ч Түгүхүний адуу баруунш эргэн буцсаар байсан тул Түгүхүнь:
“Ах дүү бид хоёрын үр ач нар бадран мандах хэрэгтэй. Чиний үр удам хөвгүүнээсээ дөч, тач хүртэл уламжлагдана. Хэдэн зуун жил болох байлгүй” хэмээн дүүдээ хэлүүлээд цааш өрнийг зорин оджээ.

Муюн Гүй ахыгаа баруунш нүүн одсонд өөрийгөө буруушаан, ахыгаа дурсан санаж “Агань жи гэ” буюу “Ахын дуу”-г зохион амьдралынхаа сүүлчийн жилүүдэд ихэд гуниглан байнга дуулж суух болжээ.

Ах баруунш одов оо гэнэм
Аюулхай зүрх минь эмтэрнэм
Ах минь буцаад ирэх гэлээ
Адуу нь буцаад эргэсэнгүй ээ
Намайгаа гээд, адуугаа гээд их зовсон гэлүү
Миний ах юу гээд баруунш одов оо
Хатуу хүйтэнд хайрт ах минь зовж явна уу
Тула нутгаа орхиод Байлан руу одов
Нар жаргахаар намайг гээд ирдэг
Ах минь харагдахгүй байна
Чааваас чааваас
Нарт ертөнц дээр намайгаа гэсэн
Ах минь хэд билээ

5.10.2018

Согоот хэмээхийн учир


Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Согоог багийн нутгийг урьд цагт Согоот хэмээн нэрлэдэг байжээ. Их эрт цагт энд битүү ой модтой байгалийн үзэсгэлэнтэй газар байсан гэнэ. Үүнээ дагаад ч буга согоо, баавгай хүдэр гээд л ан амьтад элбэг байж. Энэ нам гүм газар хүн анх суурьшиж эхэлснээс л ой модыг гамгүй тайрч, ан амьтдыг хайргүй агнаж эхэлжээ. Явуулын анчид ч их ирэх болж ан амьтад дайжиж, ой мод устаж үгүй болов гэнэ.

Олон жил ан хийсэн өвгөн анчин, залуу анчны хамт эзгүй тал болсон энэ газрын эцсийн согоог үзээд  ихэд өрөвдөж, агнахаа болиод буцах гэтэл анд ид хорхойсож явсан залуу анчин түүнийг агнажээ. Гэтэл хожим нь залуу анчинд гай дайрч хүнд өвчнөөр нас эцэслэсэн гэдэг.

Энэ нутгийн сүүлчийн согоог энэ газар намнасан учир эл газрыг Согоот гэж нэрлэж, харин энэ нэр нь сунжирсаар одоо үед Согоог гэх болжээ.

5.09.2018

Цамбагарав уулын домог


Эрт цагт Цамба гэдэг нэгэн анчин эр амьдардаг байжээ. Тэр цагт Цамбагарав уул ямар ч усгүй, ан амьтанаар элбэг, үзэсгэлэнт байгальтай, сүрлэг сайхан уул байж. Цамба нэг удаа ан гөрөө хийж явсаар Цамбагарав уулын оройд гарчээ. Харин тэндээсээ бууж чадалгүй ард хоцорсон эхнэр хүүхдээ бодон, уйлж суусаар нулимс нь мөнх цас болон тогтсон гэнэ. Цамба ийнхүү үхсэн учир ууланд хүн гарахаа больсон гэдэг. Харин анх энэ ууланд Цамба гарсан учир нутгийн ард түмэн түүнийг Цамбагарав хэмээн нэрлэж үеийн үед тахиж шүтэж иржээ.

Бас нэг хувилбар домог. Өөлдүүд Цамбагарав уулыг Цаст уул гэдэг байжээ. Нэгэн уран дархан уулын өнгө байдалд нийцүүлэн бурхан бүтээж, Цаст уулын оргил хавьд байдаг Жинст хэмээх уулын оройд залснаар Цамбагарав хэмээн нэрлэх болжээ. Цамбагаравын ой мод, араатан жигүүртэн, үр жимсэнд  тэр болгон гар хүрдэггүй, хүрсэн ч тусгай ном засал хийлгэн, ёс жаяг гүйцэтгэх учиртай гэнэ.

Бас нэг хувилбар. Цамба гэдэг нэгэн өөлд зоримог анчин намрын эхний цаснаар ан гөрөөстэй хөөцөлдөж явсаар Цаст уулын оройд морьтойгоо гарснаар Цамбагарав нэрийг нутгийнхан хайрлажээ.

4.27.2018

Хүйсийн говийн домог


Энэ манай үед биш эрт урьдын цагт гэнэ. Одоогийн Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутагт орших Хүйсийн говьд нэгэн айл байжээ. Тэднийх ам бүл олуул, үр хүүхэд өнөр бөгөөд хятад газраас ирсэн их зам тосон сууж, харь орны өнгөлзлөгөөс нутгийнхаа хилийг хамгаалах гэр харуулын үүрэг гүйцэтгэн байжээ.

Гэтэл нэг удаа  Хятад  газраас  хар  санаа өвөрлөн ирэх хятад түшмэлийг нутгийнхаа шороон дээр бүү гишгүүл. Мэсийн үзүүрээр хөнөөх, найруулсан хорын хүчээр устгах алин болохоо өарсдөө шийд” гэсэн даалгавар бүхий нэгэн дугтуйтай захиа өртөөгөөр дамжин тэр айлыг зорьжээ. Гэвч элчийн өвөр дамжин явсан тэр захиа зорьсон газраа хүрсэнгүй, харин манж хятадын тагнуул туршуулуудын гарт оржээ. Иймд өөрийн элч, хятад түшмэлийн амийг аврахаар хятад газраас нэг баг цэрэг нааш хөдөлж өнөө айлд хүрэн өвгөд хөгшид, үр хүүхэд, эцэг эх, гэр хотлоор нь баривчлан алах ял тулгаж гэнэ. 

Энэ үед эзгүй байсан том хүү нь ч ирж “Эцэг эх, дуү нарын амийг өршөөгөөч, оронд нь намайг зоосны нүхээр түмэн хэсэг огтчин алсан ч гомдолгүй” гэж харийн цэргүүдээс өвдөг сөгдөн гуйж гэнэ. Мөн эцэг эх нь “Бидний үр үндсийг битгий таслаач, том хүүгийн минь л амийг өршөө” гэж хятад цэргийн даргаас гуйгаад хүүхдээ сэмхнээр: “Чи л амьд үлдэж үр үндсээ залгамжил, бас биднийхээ өшөө хонзонг харь манж хятадын цэргээс авч чадах хүн нь ганц чи л байна” гэж учирлан хэлж гэнэ. 

Ингэтэл хятад цэргийн ноён дотроо аймшигт төлөвлөгөө зохион залуу баатар эрд хэлсэн нь: “Танайхны үр үндсийг таслахгүйн тул ганц чиний л амийг өршөөе, Харин чи өөрийн гараар эцэг, эх, дүү нарынхаа толгойг ав” гэжээ. Чингээд цөмөөрөө нэг доор хядуулснаас нэг нь ч болсон амьд үлдэж,харь манж хятадын цэргээс үрэгдсэнийхээ өшөө хонзонг авахын тул залуу баатар эр арга буюу өөрийн гараар төрсөн эцэг эх, дүү нарынхаа толгойд мэсний үзүүр хүргэх болж. 

Манай хүн зүрх шимшрүүлэн, элэг эмтлээн, нулимс унагаан халаглан байж эцэг, эх, дүү нарынхаа толгойг авсаар бага дүүгийн нь ээлж болоход томоогүй тэр балчир жаал “Ахаа миний хүзүүнд хатиг гарчихсан юм. Битгий хөндөөрэй” гэж хүүхдийн шингэн дуугаар хэлж байсан гэдэг. Гэвч тэр залуу баатар эр ч өршөөгдсөнгүй. Хятад цэргийн ноён хэлснээсээ няцаж, цэргүүддээ тушаал өгөн түүнийг баривчлуулаад өөрийнх нь сэлмээр толгойг нь цавчин алжээ.

Ийнхүү нэгэн өрх гэрийн хүмүүсээс нэгийг нь ч үлдээлгүй үзэшгүй муухайгаар доромжлон тэднийг толгой дараалан устган, гэр хотлоор нь хүйс тэмтэрсэн нүгэлт хэрэг болсон эл газрыг түүнээс хойш “Хүйсийн говь” гэж нэрлэх болжээ.





4.23.2018

Хөх морьт хэмээхийн учир


Хүйсийн говь, Монгол элс эрт дээр үеэс ан гөрөөс араатан жигүүртэнээр арвин баялаг нутаг. Энэ нутагт Дансрангийн Гомбо гэдэг гөрөөчин амьдран суудаг байжээ. Хошуу ноёны адуун сүрэг мөн л эл нутгаар оторлож өвөлжөөд, хавар буцдаг санж. Нэгэн хавар эцэж цуцсан хээгч гүү хоцорч, адуучин нь Гомбод уг гүүг үнээгээ өгөөд ав гэжээ. Унаатай болохыг хүссэн Гомбо хүү зөвшөөрч, гүүгээ авахаар Шовхын уулыг тойрон очвол жалганд өнчин ганц эр сарваа, сэг бараадан зогсож байна гэнэ. Хүү ч сарвааг тэжээн өсгөв. Гомбын морь багаасаа л дэл нь шашир, нүд нь хурц, чих соргог, таван овоо тэгш, хөл гэдэс шулуун, цээж аарцаг уужим, бие галбир сайтай ажээ. Хүмүүс түүний гишгих туруу, харайлт, хөлийн хий, босоо сагагийг шинжин хурдан морь гэлцэнэ. Гомбо хүү ч 18 хүрч бяр хүч ихтэй, самбаа зальтай, үе чацуутныхаа дотор дал шороодохгүй эр боллоо. 

Эрээн ус хэмээх элсний бяцхан нуурын хөвөөнд хошуу ноёных зусахаар нэгэ зун нүүн иржээ. Ноёных ухаан сэргэлэн, ааш ялдам,  үзэсгэлэн төгс, 17 хүрч буй Шаариймаа нэртэй эрх танхил охинтой. Охин жороо морь унаж, уурга барин адуу уургалахаас өөр ажил үл сонирхоно. Аягачин хүүхнүүдээр дуу хуур заалгаж, уртын дуу гарамгай сурчээ. Охин энэ нүүдлээр жороо морь бариулж, хөнгөн уурга төхөөрүүлэн, эр хүний хувцас өмсөж нүүдэл дагаж явсанаа хад асга нь сүндэрлэсэн Бэрхийн ууланд гарч үзнэ гээд давхин одов. Гомбо ч энэ үед сониуч зангаараа “Ноёных Сангийн далайд буух гэнэ, их айлын бараа харъя” гээд уулын цэнхэрээ унаад, Бэрхийн орой өөд морджээ. Хүүг уулын бэлд хүрэхэд бүсгүй хүний уяхан дууны эвлэгхэн аялгуу тодоос тод цуурайтан байв. Энэ өдрөөс Гомбыг ууланд явах бүр түрүүчийн сайхан дуу сонсогдох боловч эзэн нь үл мэдэгдэнэ. Гомбо сүүлдээ хариу дуулдаг болов. Нэгэн өглөө Гомбо эртлэн босч, Бэрхийн ууланд гарч асга гуу, ганга жалга бүрийг нэгжин хайлаа. Нуугдаж явсаар, асгын оройд гарвал нэг халиун морь харагдав. Дөхөөд очтол өмнө нь уулзаж явсан залуу хархүүтэй халз туллаа. Харин өмссөн хувцас нь хүүхэн хүнийх шиг харагдсан байна. Гомбо өнөөх үл үзэгдэх сайхан дуучинг энэ залуу эргүүлдэг юм байна гэж бодонгуутаа “Үүнийг нэг сайн чадъя, бариад авбал тэнхээ муутай байх” гэж бодоод:
Хоёул барилдъя гэвэл залуу:
‘Чиний царай яагаад хөрзийгөө вэ? гэж дооглонгуй асууж байна гэнэ. Гомбо энэ бас надаар тоглоом хийх нь гэж уур нь хүрч алгадаад авбал
залуу, дальжисхийж хальт цохиулан, алчуур нь асга уруу хийсэв. Гомбо уурлаж хорссон харцаар хартал өтгөн хар үс нь нүүрийг нь бүрхэн хийссэн, гуалигхан нуруутай бүсгүй сандран тэвдсэндээ ч тэр үү айсандаа ч тэр үү хормой нь чичрэн зогсож байна гэнэ. Гомбо учиргүй сандарч хэний ч өмнө хулчийж үзээгүй омголон зориг, хөшүүн зан нь агшин зуур арилав. Үүнээс хойш тэр хоёр байнга уулзах болжээ. 

Гадуур явах нь байтугай гадаа ч гардаггүй охиноо уулаар явах болсонд ноёныхон гайхан цөхөрнө. Хашир ноён охинд минь лав нэг жил ургалаа гэж бодоод зарц нараа хүрээ орох морьд бэлд гэж тушаав. Ноён нууцаар охиноо тандах гэж байгаа болохоор дагуулах хүн хэрэггүй гээд эртлэн Шовх уулын чиглэлд буй Ловонгийн хүрээний чиг хатируулав. Энэ өдөр Шаариймаа ч зугаалахаар мөн л Шовхын нуруу руу чиглэн давхижээ. Ноён Шовх уул хүрч хүнээс далдуур жалга даган өгстөл гэнэт: 
Нарийн цоохор морь нь наадмын түрүүнд тогловой жаа
Нандин хайртай чамтайгаа найртай болзоондоо уулзаваа жаа
гэсэн шингэн дуу цуурайтах нь охиных нь дуу мөн байв. Өвгөн ноён морио жалганд тушиж орхиод
, явгалан явсаар, дөрвөн нугалаатай сунадаг дурангаараа дурандахад, толгойгоороо наадсан сайхан цэнхэр морь зогсоно. Хөх дээлтэй залуу охинтой нь уулзаад тэврэлдэн байгаа нь бас харагдана. Ноён:
Энэ хэний хүүсэн билээ гэснээ өнөө харц Дансрангийн хүү мөн байна.
Миний ганц охинд санаархаж
, бүүр нөхцсөн байна шүү гээд  уур хорсол хоёртоо шатаж, мориныхоо гүйхээгээр ирж, өргөөндөө ороод гэр доторх хүмүүсийг хөөж гаргаад, хатандаа үзсэнээ тоочив. 

Хатан нь хэсэг бодсоноо эх хүний өрөвчхөн сэтгэлээр ийн учирлажээ.
-Өвгөн минь ээ?
 Ухаантай хүний үр байна, ухаж сайн бод.  Чи бид хоёр төрсөн ганц охиныхоо үйлсэд хар буруу санаад хэрэггүй. Аав ээжийн арван цагаан буяныг хэдүүлээ идсэн ч барахгүй. Хоёр хүүхэд байтугай, хорь гучуулаа идсэн ч хотойхгүй гэж ятгажээ. Ноён тайтгарсангүй тахар мордуулаад:
-Дансрангийн Гомбыг барьж ир. Шаариймааг салгаж авчир гэж тушаажээ. Үүнийг мэдсэн хоёр залуу зугтаж
, жилийн турш хайвч эс олдов. Тэгтэл ноёнд тал засч шан горилсон харийн хошууны нэгэн этгээд:
-Танай охиныг авч оргосон босуул Гомбо Монгол их элсний боролжинд байдаг гэнэ гэж хошуу хүргэсэнд ноён тэр шөнөдөө
хүрээ орж, харгис хэрцгийгээрээ нэрд гарсан До түшмэлийг дагуулуулан арван тахар мордуулжээ

Босуул хоёр хавь ойрынхондоо итгэн, санаа амар ан гөрөө хийн амьдарч байж. Гомбо Ганжуурын сээрт аргаль гөрөөлөхөөр явж байхад нь Догийнхон иржээ. Тэд гэмгүй царайлан майханд цайлж сууснаа, бие биедээ сэм дохио өгч гэнэт майханд нь боож баривчлан, тамгын газар хүргэжээ. Харгис ноён Гомбыг Шовхын дөрөлж дээр морьтой нь есөн алд нүхэнд амьдаар нь булжээ. Эцгийнхээ хүйтэн сэтгэлд хилэгнэсэн, хөл хүнд байсан  охин Шаариймаа хавь ойрынхоо хүмүүсийг дагуулан ирж, хайрт нөхрөө ухан авч, шарилыг нь оршуулжээ.  Хайрт ханиасаа хагацсан Шаариймаа бүсгүй ч нөхрийнхөө морины зүстэй морь унаад, төрсөн гэрээ орхин хаашаа ч юм явжээ. Тэр үеэс хойш Шовх уул, Гомбын морины зүсээр Хөхморьт гэж алдаршсан гэдэг.

3.13.2015

Ээж хайрханы домог

Эрт цагт одоогийн Говь-Алтай аймгийн Өлийн давааны бэлд нэгэн гоо бүсгүй амьдран суудаг байжээ. Түүний нүд гялбам үзэсгэлэнг нь хүмүүс шагшин магтаж алдар цуу нь нутаг орноор тархан харц ардууд төдийгүй хаад ноёд сонирхон урилга заллага явуулж гэнэ. Энэ орчмын хамгийн том ноён Бурхан буудай болон Аж богд хоёр ч тус тусдаа бүсгүйг залжээ.
Ингээд сайхан хувцсаа өмсөөд очсон бүсгүйг Бурхан буудай ч хөл алдан хүлээж авчээ. Тэр үед Бурхан буудай оройдоо жаахан цастай байсанд гоо бүсгүй:
Уг нь сайхан ноён санж даанч хөгширч буурал суусан байна гээд голжээ.
Тэгээд Бурхан буудайг орхин Аж богдод очсон байна.
Харин Аж богд:
Тэр Бурхан буудайг голсон юм чинь надтай сууж л таараа гээд Хатан хайрханд очоод хүлээж бай гэж хэлээд Аж богд унтаад өгч гэнэ.
Бүсгүй алинтай нь ч суухаа больё зөвхөн төрсөн нутагтаа өөрийн дураар амьдаръя хэмээн нутаг зүглэж.
Харин Аж богд сэрээд бүсгүйг буцсаныг мэдмэгц:
Хаа яваа газраас нь олоод ир гэж албат нартаа тушаажээ.
Гоо бүсгүй жаахан амрахаар гэдэргээ харж хоёр хөлөө нугалан хэвтээд зүүрмэглэтэл хоёр хормойг нь хүнд юм дарах шиг болжээ. Гайхан харвал Аж богдын илгээсэн албат нар ноёныхоо хүслийг биелүүлэх гэж тулманд хийсэн элс хормой дээр нь шидэж байна гэнэ.
Ингээд явах нь битгий хэл босч чадахгүй болсноо ойлгон:
Уул уултайгаа уулздаггүй харин хүн хүнтэйгээ учирдаг юм шүү. Би одоо хэнтэй ч уулзахгүйгээр ингээд л ганцаараа үүрдийн үүрд хоёр уулын хооронд сүндэрлэж байхаас өөр замгүй гэж хэлээд үзэсгэлэнт сайхан уул болон хувирсан юм санжээ.

9.20.2014

Баянцагааны гурвалсан домог

Ховд аймгийн Дарви суманд Баянцагааны нуруу гэж нэгэн сайхан уул байх.

Амбан толгой
Баянцагааны нурууны баруун талын Авдрантын нурууны зүүн тал дахь өвс ургамал тэгш сайхан хоолойд  ундарга ус сайтай гар худагтай Амбан толгой гэж бий. Энд худаг  ус гаргаж нутгийн ардуудаас мал сүрэг цуглуулан хошуундаа төдийгүй Ховд, Улиастайд  зартай баян эр амбан болсон учир уг бяцхан толгойг нутгийнхан “Амбан толгой” гэдэг домогтой болсон төдийгүй худгийг нь “Амбаны худаг” гэх болсон ч  одоо Баян толгойн худаг гэх болжээ.  

Хойд,Урд Бааст толгой
Амбан толгойн зүүн хойд талд баруунаасаа зүүн тийшээ хоорндоо  4-5км зайтай хоёр толгойг нутгийнхан  Хойд Бааст, Урд Бааст толгой гэж нэрлэдэг. Амбаны адуун сүргээс гүйсэн ороо цавьдар морь харайж явахдаа эхлээд урд толгойд дараа нь хойд толгойд  нь ихээхэн хомоол үлдээснээс  Бааст толгой гэж нэрлэжээ.

Харайдагийн үзүүр

Баянцагааны нурууны баруун талд зүүн тийш сунаж тогтсон нэгэн хадан үзүүр бий. Үүнийг Харайдагийн үзүүр гэнэ. Амбан толгойн баян амбаны адуунд нутгийн ардаас өр төлөөсөнд авсан салхинаас хурдан ороо цавьдар морь байжээ. Уг морийг барьсан хүнд амбан их хэмжээний шан өгнө гэж зар тараажээ. Хошуу нутагтаа нэртэй хэсэг адуучид ороо цавьдар морийг Харайдагийн хадан үзүүр хүрээд харайлгаад барааг нь алдсан гэдэг.

9.03.2014

Дарвийн нуруу

Ховд аймгийн Дарви сумаас Говь-Алтай аймгийн Дарви сумын нутгаар баруун хойноосоо зүүн урагш сунаж тогтсон Дарвийн нуруу хэмээх нэгэн сайхан нуруу бий.
Манжын дарангуйлалын үед Өөлдийн Шар баатар гэж атаатныг дарахад ялалттай ирдэг, авд явахад ганзагатай явдаг, жолоо юугий нь татахад жороолонхон бөмбөлздөг, цулбуур юугий нь татахад цулгуйхан хатирдаг давирсхийгээд хөдлөхөд давхийгээд цойлдог Дарви хээр нэртэй даамай сайхан ажнай хүлэгтэй юмсанж.
Гэтэл манжийн хааны Хар баатар гэгч харагдаж үзэгдсэн бүхнээ хурмын төдийд хиаруулж устгадаг далдын ид шидтэй, тун ч олон цэрэгтэйгээ довтлон ирэхэд нь Дарви хээр нэртэй даамай хурдан хүлэг морио эмээллэн унасан Өөлдийн шар баатар одтой шөнө ч тулалдана, нартай өдөрч дайтна хэмээн домогт Хүйсийн говийн захад дайчин нөхдийнхөө хамт амдан тосож байлджээ.
Тэрсэлдэгч хоёр баатар эр чадал, эрхий мэргэнээ сорилцон, эрэгчин эмэгчнээ үзэн эрслэн тулалдахад холын хоёр уул нийлэн, хонхор газар овойж, тэнгэр огторгуй нэг харанхуйлж нэг онгойж, ус нэг үерлэн нэг татарч, үй олон түмэн үймэн шуугиж байсан гэдэг.
Өөлдийн Шар баатар дарвидаг хээр морьтойгоо сайн өртөө газар сайварлуулан хулжиж очоод мэхийдэггүй мэргэн нумаа мэхийлгэн татаж, мэнчийдэггүй эрхий хуруугаа мэнчийтэл хантайрч манжийн Хар баатрын өр зүрхэнд нь онилон харваж, ор сураггүй болтол нь намнахад нар нэг мандаж, навч цэцэг нэг дэлгэрч, сар нэг гарч, сайхан бүхэн цогцолжээ.
Ингээд Өөлдийн Шар баатар үлдсэн дайсныг дарахаар урд зүгийг чиглэх болсонд унасан морь нь сульдсан учир хайрт хүлэгтээ зориулан овоо босгож үлдээгээд тэр газраа Дэл цахир гэж нэрлэсэн гэнэ. Учир нь Дарви хээр нь цахир дэлтэй морь байж.
Уул овоог босгоход баатрын тушаалаар цэрэг бүр нэг чулуу тавьж босгосон гэх тул тэр баатрын хичнээн цэрэгтэй явсныг мэдье гэвэл Дарвийн нурууны "Алаг нянгар" гэдэг уулан дээрх овооны чулууг тоолбол мэдэх юм гэлцдэг.
Сульдаж хоцорсон Дарви хээр тэнхэрч хожим нь овоо тахилгын наадамд олон удаа түрүүлж ихэд алдаршжээ. Уг морины нэрээр түүний идээшиж тэнхэрсэн их нурууг Дарвийн нуруу гэж нэрлэх болсон байна.
эх сурвалж. Баруун монголын домог хууч яриа


9.01.2014

Жанжин овоо

Дөргөн гэж нэгэн сайхан нуур Говь-Алтай, Завхан, Ховд аймгийн заагт 300 гаруй квадрат километр талбай эзлэн оршино. Энэ нуур гадагш урсгалгүй учир нилээн давсжсан шорвог ба Хомын хоолойгоор Хар нууртай холбогддог.

Түүний урд эрэгт Жанжин овоо хэмээн алдаршсан нэгэн сүрлэг сайхан том овоо бий.

Эрт цагт нуур хавийн газар нутаг догшрон өвс ургамал гандаж хүн малгүй л хэдэн жил зовжээ. Тэгээд нутаг усаа аргадан тахиж наадам хийсэн гэнэ.

Тэгтэл нэг мэргэн хүн хэлж байна. Энэ наадамд жаахан охин унасан шарга морь тасархай хол түрүүлж ирнэ. Тэр бол хүн биш,чөтгөр. Түүнийг барьж үгүй хийвээс өвс ургамал дэлгэрч ард олон амрана гэж. Хүмүүс түүний хэлснээр түрүүлж ирсэн морь хүүхдийг барьж чулуугаар дарж овоо босгосон энэ Жанжин овоо.

Үнэхээр ч тэр хүүхдийн эцэг эх, морины эзэн гэж гарч ирээгүй гэдэг бөгөөд ган гачиг тайлагдан дэлнэр сайхан цаг ирсэн гэдэг.

2.02.2014

Нутгийн тухай гурвалсан домог

Нэг. Амбан толгой
Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн нутагт орших Баянцагааны нурууны баруун талын Авдрантын нурууны зүүн тал дахь өвс ургамал тэгш сайхан хоолойд  ундарга ус сайтай гар худагтай Амбан толгой гэж бий. Энд худаг  ус гаргаж нутгийн ардуудаас мал сүрэг цуглуулан хошуундаа төдийгүй Ховд, Улиастайд  зартай баян эр амбан болсон учир уг бяцхан толгойг нутгийнхан “Амбан толгой” гэдэг домогтой болсон төдийгүй худгийг нь “Амбаны худаг” гэх болсон ч  одоо Баян толгойн худаг гэх болжээ.  

Хоёр. Хойд,Урд Бааст толгой
Амбан толгойн зүүн хойд талд баруунаасаа зүүн тийшээ хоорндоо  4-5км зайтай хоёр толгойг нутгийнхан  Хойд Бааст, Урд Бааст толгой гэж нэрлэдэг. Амбаны адуун сүргээс гүйсэн ороо цавьдар морь харайж явахдаа эхлээд урд толгойд дараа нь хойд толгойд  нь ихээхэн хомоол үлдээснээс  Бааст толгой гэж нэрлэжээ.

Гурав. Харайдагийн үзүүр

Баянцагааны нурууны баруун талд зүүн тийш сунаж тогтсон нэгэн хадан үзүүр бий. Үүнийг Харайдагийн үзүүр гэнэ. Амбан толгойн баян амбаны адуунд нутгийн ардаас өр төлөөсөнд авсан салхинаас хурдан ороо цавьдар морь байжээ. Уг морийг барьсан хүнд амбан их хэмжээний шан өгнө гэж зар тараажээ. Хошуу нутагтаа нэртэй хэсэг адуучид ороо цавьдар морийг Харайдагийн хадан үзүүр хүрээд харайлгаад барааг нь алдсан гэдэг.  

12.12.2013

Нутгийн тухай хэдэн домог


Сутай хайрхан
Ноён оргил Цаст богд нь далайн түвшнээс дээш 4250м өндөрт байх 60 км сунаж тогтсон Сутай хайрхан уул нь Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви Ховд аймгийн Цэцэг, Дарви сумдын дунд оршдог  араараа хар модон ойтой Алтайн нурууны 13 мөнх цаст уулсын нэг. Газрын зурагт 4090м өндөр гэж тэмдэглэсэн байдаг ч 2000 оны намар авирсан уулчид Сутай уулыг 4234м өндөр гэж тодорхойлжээ. Сүү сааль арвин сарлаг ихтэй энэ хайрханыг Сүүтэй уул гэж нэрлэдэг байсан гэдэг. Хайрханы өврөөс Усан зүйлийн гол эх авч Тонхил нуурт цутгана. Аргал, янгир, ирвэс, үнэг, чоно гээд ан амьтан элбэг. Сутай хайрханы өврийн нэг бага шиг өндөрлөг дээр Их овоо гэж дээр үеэс тахиж ирсэн овоо бий. 2008 оноос Ерөнхийлөгчийн зарлигаар Их овоог тахиж Сутай хайрханыг төрийн тахилгатай болгосон.
Олон зуун жил үржил шимт уулаа түшин арвин баян таван хошуу малаа адгуулан маллаж ирсэн нутгийн олон энэ уулынхаа нэрээр нэршсэн өгөөж арвинтай "Сутай" омгийн хундан цагаан хонь гарган авчээ. Сутай нутагт унааны ганц морьтой ирсэн харь хошууны ард нутгийн ардаас цөөн тооны хонь худалдан авч хөлжөөд хот дүүрэн хоньтой болсон цагаа энэ буянт уул халзан цагаан хонин сүргийн өлзий хишиг дүүрэн Сүмбэр цагаан алтай юм даа гэж ерөөж байсан домогтой гэдэг.Сутай уулын мөнх цагаан оргилыг нутгийнхан бум буман хонин сүргийн хишиг даллагатай уул гэдэг.
Сутай уулын мөнх цаст оргилоос олон гол эх авч урсдагийн дотроос хамгийн үзэсгэлэнтэй нь улиас, бургас, хар модон төгөл ойтой Цагаан голын уулзвараас эх авсан Мөрөнгийн голын хөндий юм. Уг хөндий 50 гаруй км үргэлжилж Хөвхөрийн хойт үржил шимт хөрсийг усжуулан хадлан, тариалангийн арвин ургац бүхий нугат хөрсийг ундаална.  Сутай хошууны бөх Жамбал 1920 оны үед Хойд голд тарьсан тариагаа усалчихаад Мөрөнгийн хөндийг өгсөж явахдаа Даачингийн аманд цагаан цэргийн дээрэмчидтэй дайралдаж арваад цэргийг морин дээрээс нь гуд татаж байгаад хүчинд дийлдэн баригдаж Цагаан арын суурин хүртэл 10 гаруй км моринд чирэгдэн ирж цагаан цэргийн гарт амь үрэгдсэн байна. Энэ бөхийн гуталтай асар том хөл Тайжийн хар гэдэг газарт байсантай дайралдсан төвд шинжээч Сутай уулын модтой зоо Мөрөн голын усыг дагаж тэнхээтэй бөх төрөх нутаг байна даа гэсэн домогтой.
1940-1950 иад оны заагт Монголын баруун хязгаарын олон түмний амгалан байдлыг алдагдуулж эд хөрөнгийг тонон дээрэмдэж байсан Оспаны дээрэмчид Дэтэгийн даваагаар давж Мөрөнгийн голыг гатлан уругшаа эргэж нутгийн олныг тонон дээрэмдэх гэсэн боловч голын ус гэнэт үерлэн улаан хоормогоор эргэлдэн гаргаагүй учир хойшоо эргэж Алтан тээлийн хөндийд захчин Тогсойн мэргэн суманд ахлагч нь алагдан буцсан домогтой. 
Дарвийн нуруу
Манай нутагт олон зуун жилийн тэртээ төрөлх нутгаа харийн дайсан Манжуудаас хамгаалалах шударга түмний тэмцэл өрнөж байсан үед гэнэ. Өөлдийн Шар  баатар гэж атаатныг дарахад ялалттай ирдэг, авд унахад ганзагатай явдаг, жолоо юугий нь татахад жороолонхон бөмбөлздөг, цулбуур юугий нь татахад цулгуйхан хатирдаг давирсхийгээд хөдлөхөд давхийгээд цойлдог Дарви хээр нэртэй даамай сайхан ажнай хүлэгтэй юмсанжээ.
Гэтэл манжийн хааны Хар баатар гэгч харагдаж үзэгдсэн бүхнээ хурмын төдийд хиаруулж устгадаг далдын ид шидтэй, тун ч олон цэрэгтэйгээ довтлон ирэхэд нь Дарви хээр нэртэй даамай хурдан хүлэг морио эмээллэн унасан Өөлдийн шар баатар одтой шөнө ч тулалдана, нартай өдөрч дайтна хэмээн домогт Хүйсийн говийн захад дайчин нөхдийнхөө хамт амдан тосож байлджээ. Тэрсэлдэгч хоёр баатар эр чадал, эрхий мэргэнээ сорилцон, эрэгчин эмэгчнээ үзэн эрслэн тулалдахад холын хоёр уул нийлэн, хонхор газар овойж, тэнгэр огторгуй нэг харанхуйлж нэг онгойж, ус нэг үерлэн нэг татарч, үй олон түмэн үймэн шуугиж байсан гэнэ.

Өөлдийн Шар баатар дарвидаг хээр морьтойгоо сайн өртөө газар сайварлуулан хулжиж очоод мэхийдэггүй мэргэн нумаа мэхийлгэн татаж, мэнчийдэггүй эрхий хуруугаа мэнчийтэл хантайрч манжийн Хар баатрын өр зүрхэнд нь онилон харваж, ор сураггүй болтол нь намнахад нар нэг мандаж, навч цэцэг нэг дэлгэрч, сар нэг гарч, сайхан бүхэн цогцолж гэнээ.
Ингээд Өөлдийн Шар баатар үлдсэн дайсныг дарахаар урд зүгийг чиглэх болсонд унасан морь нь сульдсан учир  хайрт хүлэгтээ зориулан овоо босгож үлдээгээд тэр газраа Дэл Цахир гэж нэрлэсэн гэнэ. Учир нь Дарви хээр нь цахир дэлтэй морь байжээ. Уул овоог босгоход баатрын тушаалаар цэрэг бүр нэг чулуу тавьж босгосон гэх тул тэр баатрын хичнээн цэрэгтэй явсныг мэдье гэвэл Дарвийн нурууны "Алаг нянгар" гэдэг уулан дээрх овооны чулууг тоолбол мэдэх юм гэлцдэг. Сульдаж хоцорсон Дарви хээр тэнхэрч хожим нь овоо тахилгын наадамд олон удаа түрүүлж ихэд алдаршжээ. Уг морины нэрээр түүний идээшиж тэнхэрсэн их нурууг Дарвийн нуруу гэж нэрлэх болсон байна.

Бандийн  худаг                                                
Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн нутаг  Бумбат хайрхан уулын баруун салаан дунд Цагаан  сайрт Бандийн худаг гэж ус ундарга сайтай дундардаггүй  чулуун хашлага бүхий гар худаг байдаг.Эзэрхэг засаг манжийн ноёрхлын үед Ванжирбанди хэмээх нэгэн эгэл ард Дарвийн нуруунаас гурван өртөө  илүү энэхүү газарт ирж суурьшин  ус ундгүй боловч буян заяа дэлгэрсэн Бумбат хайрханыхаа энэ л суганд ус худаг гарган үр хүүхдээ өсгөн өндийлгөж мал сүргээ арвин баян болгоё гэж шийдэн хатуу чулуун дэвсэг бүхий  энэ газрыг сонгон авч олон хоногоор малтсан юм гэнэ билээ.Эхнэр Үвдэл нь эр нөхрөө өрөвдөн энэ чулуун дундаас ус худаг гарах болов уу, лус савдаг  хилэгнүүлж орхих вий гэхэд бид гурван сайхан хүү нэг сайхан охиныхоо тоогоор дөрвөн алд   ухахад ус гарна гээд олон хоногоор ухаж ус гаргаад   нутаг олноороо цуглаж  газар усаа аргадан тахиулсан гэдэг. Тэр цагаас хойш олон арван жил өнгөрч Ванжирбандийн үр удам өнөр өтгөн болж хонгор голдуу адуун сүрэг нь хошуу нутагтаа алдаршиж  олон  алд  тэр худгийг Бандийн худаг гэж нэрлэн нутаг нугын олон ус ундаргыг нь хүртэж ирсэн түүхтэй юм гэнэ.
Жанжин овоо
Дөргөн гэж сайхан нуур Говь-Алтай, Завхан, Ховд аймгийн заагт байх. Энэ нуур Хомын хоолойгоор Хар нууртай холбогдоно.Түүний урд эрэгт Жанжин овоо гэж нэгэн сүрлэг овоо бий. Эрт цагт  нуур хавийн газар нутаг догшрон өвс  ургамал гандаж хүн малгүй  хэдэн жил зовжээ. Тэгээд нутаг усаа аргадан тахиж наадам хийсэн гэнэ. Тэгтэл нэг мэргэн хүн хэлж байна. Энэ наадамд жаахан охин унасан  шарга морь тасархай хол түрүүлж ирнэ. Тэр бол хүн биш,чөтгөр.Түүнийг барьж үгүй хийвээс өвс ургамал дэлгэрч ард олон амрана гэж. Хүмүүс түүний хэлснээр түрүүлж ирсэн морь хүүхдийг барьж  чулуугаар дарж овоо босгосон энэ Жанжин овоо. Үнэхээр ч тэр хүүхдийн эцэг эх,морины эзэн  гэж гарч ирээгүй гэдэг.