Ачит нуур Увс, Баян-Өлгий аймгийн заагт орших бөгөөд цэнгэг уст нуур юм. Нуурын эрэг нь талархаг бөгөөд баруун хойд, зүүн хойд талаараа намгархаг.
2.01.2021
Ачит нуур
Ачит нуур Увс, Баян-Өлгий аймгийн заагт орших бөгөөд цэнгэг уст нуур юм. Нуурын эрэг нь талархаг бөгөөд баруун хойд, зүүн хойд талаараа намгархаг.
12.19.2020
Орхоны хүрхрээ
Улаан голын буюу Улаан цутгалангийн хүрхрээнээс дээш 1.4 километр зайтай, Орхон голд байдаг хүрхрээ. Хүрхрээний өндөр нь 2 метр өндөр боловч, өргөн нь Орхон голын усны их багаас хамаарч 25-50 метрийн хооронд хэлбэлзэж байдаг болохоор Монгол улсын хамгийн өргөн хүрхрээ болно. Орхон голын эхээр уулс нь голууддаа ойр учраас аадар бороо, эсвэл хоногоор үргэлжлэх зүсэр борооны дараа уулын ус хурдан бууж, Орхон голын ус хэдхэн цагийн дотор мэдэгдэхүйц нэмэгдэж үер буудаг. Энэ үед Орхон голын хүрхрээний ус ихсэж хүрхрээний өндөр 30-50 см нэмэгдэн, хүрхрээний өргөний хэмжээ тэлж заримдаа 60 м хүрэх нь бий.
12.09.2020
1905 оны газар хөдлөлтийн тухай хэдэн үг
Өнгөрсөн зуунд Монгол нутагт маш хүчтэй газар хөдлөлт болсон нь 1905 оны зун цагт, 7-р сарын 9, 23 нд байлаа. Энэ газар хөдлөлтийн ул мөр нь өнөө цагт Хяргас нуурын зүүн этгээдийн Хан Хөхийн нурууны урд бэлээс Зүүн хангай сумын урдуур үргэлжлэн, Ойгон нуурын хөндийгөөр дайран, Булнайн нурууны араар дамнан Сангийн далай нуурын зүүн урд эрэг хүртэл үргэлжлэх их хагарал болон тогтжээ. Нутгийнхан газрын гав гэх, гүний хагарлаас гадаргад үлдсэн ангал, ан цавыг гав хэмээн нэрлэдэг байх нь. Энэ газар хөдлөлт одоогийн Цэцэрлэг сумын нутагт хоёр ч удаа давтагдан Хул Азаргын нурууны өмнөд хэсгээр их бага хагарлууд нэмэгдсэн байна.
Эрдэмтэд 1905 оны сүйрэлт
хоёр газар хөдлөлт болсноос хойш, 100 гаруй жил өнгөрч байхад Булнайн хагарлын
хоёр хэсэг газарт сулавтар хөдлөлтийн бөөгнөрлүүд байгааг тогтоосон байдаг.
1964 онд “Цэцэрлэг” “Тосонцэнгэл” гэх газар хөдлөлт бүртгэх станцуудыг
ашиглалтанд оруулж, Монгол орны хэмжээнд 3,5 магнутаас дээш гарсан газар
хөдлөлтийг бүрэн бүртгэж, мэдээллийг боловсруулах болжээ. Судалгаанаас үзэхэд дээр
дурьдсан хоёр хэсгийн нэг нь Булнайн сүйрэлт газар хөдлөлт болохоос өмнө 1905
оны 4 сарын 10-нд болсон 6 магнутын газар хөдлөлтийн төвтэй ойрхон байдаг гэнэ.
1905 оны 4 сарын 10-ны энэ газар хөдлөлтөөр зүүн урагш чиглэсэн Тэрэгтэйн
хагарал үүссэн байх магадлал маш их. Гурван сарын дараа болсон Булнайн сүйрэлт
газар хөдлөлтийн улмаас зүүн хойшоо чиглэлтэй Цэцэрлэгийн гэж нэрлэгдсэн 130 км
хагарал үүсэж одоо болтол уг хагарлын дагуу сулавтар хөдлөлтүүд болсоор байдаг байна.
Хагарлуудын хэмжээг Булнайн гол газар хөдлөлтийн гол хагарал 347 км, Тэрэгтэйн
хагарал, 52 км, чанх хойш чиглэлтэй Баянгийн хагарал 32 км, Цэцэрлэгийн хагарал
135 км хэмээн эрдэмтэд нарийвчлан тооцоолж гаргажээ.
1905 оны Булнай,
Цэцэрлэгийн газар хөдлөлтүүд 8.0, 8,2 баллын дэлхийн данстай томоохон газар
хөдлөлтүүдийн тоонд ордог бөгөөд тухайн газар нутагт хүн ам сийрэг, байшин
барилга цөөн байсан тул хохирол сүйрэл бараг амсаагүй гэж үздэг.
Газар хөдөлснөөс хойш 2
сарын дараа Оросын эрдэмтэн А.В.Вознесенский ердийн хөсгөөр явж судалгаа хийн,
эл хагарал нь 2,3-5,8 метр өргөн, 1,5 метр гүн, энэ зарим хэсэгтээ 10-100 метр
өргөн, 20-60 метр хүрнэ гээд олон том жижиг ангал үүсэн хүн мал сүйдсэн ба
Тэсийн хүрээнд 2 шавар байшин нурж, 30 орчим модон дуганд гэмтэл учирч, Алтан
Хан Хөхийн нуруунд байсан 3 нуурын 2 нь алга болжээ хэмээн тэмдэглэсэн байна. Тэсийн хүрээ нь их хагарлаас хойшоо 40 орчим
км зайд Тэсийн голын эрэгт Хул Азарганы нурууны өмнөд биед одоогийн Цэцэрлэг
сумын төвөөс баруун тийш 20 орчим км зайд Амарын дэнж хэмээх газар байрлаж
байжээ. Тэр үед Тэсийн хүрээ 17 дацантай, том жижиг 30 гаруй сүм джгантай 1500
орчим лам шавилан суусан томоохон суурин газар байсан аж.
1905 оны газар
хөдлөлтөөс үлдсэн газрын гав нь хонь хариулж байсан хүүхэд хоньтойгоо орчихсон гэнэ,
хэд хоногийн турш хонь малын дуу газрын гүнээс сонсогдож байсан гэх ам дамжсан
хөгшчүүлийн ярианы гэрч болон одоо хүртэл эдгээгүй үргэлжилж харлана.
Газар хөдлөлт нь хэзээ
хаана болох нь тодорхойгүй гэнэт болдог үзэгдэл юм. Энэ талаар мэргэшсэн
эрдэмтэд одоо хүртэл хзээ, хаана вж? гэдэг хариултыг олоогүй байна. Техник тоног
төхөөрөмж нь хөгжиж байгаа ч газар хөдлөтийн явцыг таамаглах хэмжээнд л ажлаа
явуулдаг ажээ.
10.07.2020
Хорго уул
9.29.2020
Ононы шугуй
8.31.2020
Хар зүрхний хөх нуур
8.02.2020
Монгол орны агуй
Монгол орны агуйг гарал үүслийн хувьд авч үзвэл дэлхий нийтэд тэмдэглэгдсэн бүлэг хэв шинжүүдээс тус оронд байгалийн гаралтай, хүний үйл ажиллагааны гаралтай бүлэг агуй юуны өмнө ажиглагддаг бол байгалийн гаралтай бүлэг доторхи хэв шинжүүдээс:
1.Карстын
2.Элэгдэл эвдрэлийн
3.Галт уулын гэсэн 3 хэв шинж байгаа нь нотлогдсон.
Эдгээр 3 хэв шинжийг дотор нь халуун, дулаан, хүйтэн гэж хувааж болох бөгөөд
эдгээрээс хамгийн түгээмэл нь карстын агуйнууд юм.
1.Карстын агуй. Гарал
үүслийн хувьд усны уусгах үйл ажиллагаатай холбоотой карстын агуйнууд манай
оронд нэлээд ажиглагддаг. Тэдгээрийн урт хэдэн зуун метрээр, эзэлхүүн хэдэн
мянган куб метрээр хэмжигдэж байна. Хойд Сэнхэрийн агуй (Ховд Манхан), Цагаан агуй (Баянхонгор
Баянлиг), Даян
Дээрхийн агуй (Хөвсгөл
Эрдэнэбулган), Газар
агуйн буудал (Говь-Алтай
Жаргалан), Гурван
зээрдийн агуй (Өмнөговь
Ханбогд), Цагаан
Дэлийн агуй (Дорноговь
Айраг),
Сөөгтийн агуй (Хэнтий
Дадал), Шар
Ханангийн агуй (Дундговь Өндөршил), Их агуй, Бага агуй, Эхийн агуй (Завхан
Эрдэнэхайрхан)
бүгдээрээ усны үйл ажиллагаагаар бий болсон карстын агуйнууд юм.
Монгол орны агуйнуудад химийн найрлага, механик бүтцээрээ
өөр хоорондоо ялгаатай олон төрлийн хурдас бий. Тэдгээрийг гарал үүслээр нь
халиан хурдас, мөстлөгийн гаралтай хурдас, ус механик гаралтай хурдас, нургийн
хурдас, тунамал хурдас, хүний үйл ажиллагаагаар үүссэн хурдас гэж хувааж үздэг.
-Агуйн доторх чулуулаг бүрдлийн дотроос сонирхолтой нь
чулуулаг байгалийн усанд уусаж улмаар талсжих, хуримтлагдах явцад үүсдэг халиан
хурдас юм. Халиан хурдасыг агуйд хэлбэр болон үүсэх байдлаар нь агуйн дээврээс
унжиж үүссэн дуслуур хурдас буюу унжуу бана, агуйн ханан дээр дусах замаар
үүссэн дусаал хурдас буюу ургуу бану гэж хувааж үзэж болно. Манай орны
агуйнуудад халиан хэлбэрт хамрагдах бана, бану нилээд бий. Өөрийн хэлбэрээс
хамаараад баныг дотор нь конус, хөндий гуурсан, нягтарсан, ангид төвт бана гэж
ялгах бол бану нь цуллаг, дугана, дал мод хэлбрийн, савхан бану гэж ялгагддаг.
Манай оронд том кальцитын багана үүссэн агуй бол Даян
дээрхийн агуй юм. Бана, банугийн урт, хэлбэр дүрсийн хэмжээ янз бүр байна.
Хамгийн урт бана Даян Дээрхийн агуйд байх бөгөөд 1,1 м урт, суурь нь 2,4 метр
байна. Мөн Гурван зээрдийн агуйд 70-90 см урт бана байх ба хамгийн бага нь 1-3
см урт юм.
Монгол орны агуйнууд талс бүрдлээр маш арвин. Цагаан
агуйн хана дээвэр шаравтар өнгийн том талсттай исланд жоншоор хучигдсан байна. Цагаан
дэлийн агуйн зарим агуйн нилээд хэсэг 1-2 см урттай кальцитын цагаан, саарал,
улбар ягаан өнгөтэй талстаар хучигдсан байдаг бол Шар ханангийн агуйд болор
болон исланд жонш ургасан байдаг. Хэнтийн Цагаан чулуутын жижиг агуйн босгонд 5
см радиустай кальцитын дугуй цэцгэн талст бий.
-Агуйн тунамал хурдас нь усны үйл ажиллагаагаар хурдас
чулуулаг элэгдэж эвдэрсний үр дүнд агуйн ёроолд хуримтлагдан бий болдог. Манай
орны агуйнуудад сэндэр хэмээн нэрлэгдэх улаан, улаан хүрэн өнгөтэй маш нарийн
ширхэгтэй шавар хуримтлал түгээмэл тархсан байна. Энэ шаврын зузаан, чийгшил нь
агуй бүрд харилцан адилгүй. Агуйт уулын Ловончомбын агуйны сэндэр 30 см зузаан
ч чийгшил багатай бол Сэндэртийн агуйны сэндэр 50 см зузаан. Гэхдээ нэг үе
шавар, нэг үе хөх саарал хайрган үе хосолсон байна. Их хайрханы Их агуй, Бага
агуйн сэндэр агуйн мухрын чийглэг, ус чийг нэвчих газар 5 см зузаантай тогтжээ.
-Ус механикын гаралтай хурдас нь хагарал ан цав, цооног
сувгаар зөөгдөн ирж байгаа хэмхдэс хурдас, газрын доорх нуур, газрын хагшаас
хурдаснаас бүрдэнэ. Их агуйд 1 метр гаруй өргөн, 1,6 метр өндөртэй, 40 орчим
метр урттай эрт цагт ус урсаж байсан энэ гольдролд элс шавраас бүрдсэн нимгэн
хурдас хуримтлагдсан байдаг. Цагаан дэлийн агуйн шалан дээр нарийн ширхэгтэй
цагаан өнгийн элсэн дэвсгэр бий.
-Агуйн нургийн хурдас. Энэ нь газрын доорхи хөндийн хана, дээврийн хэсгээс эвдрэн нурж дээр
дээрээсээ унасан ерөнхийдөө эмх замбараагүй овоорсон бул чулуунуудаас тогтоно.
Зарим чулууны хэмжээ 2-5 метр куб хүрнэ. Гурван зээрд, Их агуй, Бага агуй,
Эхийн агуйд зарим чулуулгууд агуйн хонгилыг бараг хаах шахсан байдаг.
-Мөстлөгийн гаралтай хурдас. Монгол орны ихэнх агуйнуудад
бүх жилийн турш хасах температур зонхилдог учраас мөсөн бүрдэл бий болдог
байна. Сөөгтийн агй, Цагаан дэлийн агуй, Алаг Цахирын Далан тэмээтийн агуй (Баянхонгор Жаргалант), Талын агуйд ийм
мөсөн бүрдэл элбэг. Талын агуй нь амнаасаа эхлэн шал нь 0,8 метр зузаан мөсөөр
хучигдсан байх ба шороотой мөс, цэвэр мөс үелэн тогтсон байдаг.
-Хүний үйл ажиллагаагаар үүссэн хурдас. Энэ хурдас
ихэнхдээ эртний эд өлгийн зүйлс, соёлын давхаргыг төлөөлж байгаа юм. Монгол
орны агуй нь хүн төрөлхтний соёл иргэншлийн нэг өлгий, гал голомт төдийгүй
Монгол гарлын эртний хүмүүсийн анхны сууц байсан гэдэг нь шинжлэх ухааны
судалгаа, баримт материалаар батлагдаж байна. Эртний түүх соёлын гайхамшигт өв
болох палеолитын (МЭӨ 40-12
мянган жил) үед
хамаарах улаан зосон зураг Ховд аймгийн Манхан сумын Хойд Сэнхэрийн агуйд
хадгалагдан үлджээ. Мөн Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуйн
хурдаснаас 700000 жилийн өмнө амьдарч байсан эртний хүмүүсийн бүтээсэн чулуун
зэвсэг, отог бууц олсон. Гурван зээрдийн агуй, Даян дээрхийн агуй, Чихэн агуй,
Саальтын агуй, Амарсанаагийн агуй нь хүний үйл ажиллагаагаар үүсэн бий болсон
хурдас хуримтлалын зузаан үетэй юм.
2.Элэгдэл эвдрэлийн агуй.
Агуй үүсэхэд физик өгөршил шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Температур
огцом өөрчлөгдөхөд хурдас чулуулгийн эзэлхүүн даган өөрчлөгдөж, хурдас чулуулаг
хагарч бутрах бөгөөд үүнийг температурын өгөршил гэнэ. Чулуулагын ан цаваар
орсон ус хөлдөхөд эзэлхүүн нь тэлж чулуулаг хагарахыг хүйтний өгөршил гэнэ.
Элэгдлийн агуй чийглэг уур амьсгалтай, гадарга нь хэрчигдсэн, элсэн чулуу
тархсан нутагт их үүсчээ. Ус, салхи, халалт хөрөлтийн хам үйлчилгээний дүнд бий
болсон агуйнууд манай орны боржин чулуу тархсан газар нутагт маш их тархсан
байна. Их газрын чулуу, Бага газрын чулуу, Дулаан хаан, Баянхонгор орчмын
агуйнууд бүгд боржин чулуунд үүсэн бий болжээ. Өгөршил эвдрэлийн гаралтай агуйн
урт харьцангуй бага, хэдэн арван метрээс үл хэтрэнэ. Манай орны өгөршил
эвдрэлийн гаралтай агуйн хамгийн урт нь Агуйтын энгэрийн агуй 32,2 метр урт юм.
Элэгдлийн агуйн нэг хэлбэр болох усны нөлөөллөөр үүссэн агуйнууд ихэвчлэн шавар
наанги шавранцар бүхий хурдсанд үүсэн бий болдог. Ийм төрлийн агуйнаас хамгийн
том урт нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт байх Хэвтээ босоогийн агуй /102
метр/ юм.
3.Галт уулын гаралтай агуй. Манай оны нутаг дэвсгэрт 500
гаруй унтарсан галт уул бий. Эртний буюу орчин үеийн галт уулын үйл
ажиллагаагаар үүссэн агуйнууд манай оронд дайралдаж байна. Галт уулын гаралтай
томоохон агуй нь Талын агуй /200 метр/, Нарт, Баяндулааны агуй 54,5 метр (Сүхбаатар
Дарьганга), Босгын
тогооны агуй 72 метр (Архангай
Тариат) юм.
Эдгээрийн зарим нь халуун хайлмал лав урсаж байсан хонгил хөндийнөөс, зарим нь
лаван дотор хуримтлагдсан агаар, лаван доторхи ихээхэн хэмжээтэй эрдэс чулуулаг
хайлан шингэрч алга болсон зэргээс үүссэн байдаг. Түүнчлэн хүрмэн чулуу элэгдэж
эвдрэхэд агуй үүсдэг бөгөөд тийм агуй нь Босгын тогооны агуй юм. Галт уулын
гаралтай хөндий нилээд урт байх ба хэлбэр өвөрмөц юм. Лав урсаж байсан газар
чулуун гэр хэлбэрийн хөндий хонгил доошоо цөмөрч үүссэн ангалууд ч байдаг.
Жишээлбэл: Хүрмэн чулуун тавцан цөмрөн нурж үүссэн хонгил бол Шар нохойн там (Архангай Тариат) 7-8 метр гүн,
6-8 метр өргөн юм.
Монгол орны агуйг гарал үүслээр нь дээрхийн байдлаар
ангилахын зэрэгцээ хэв шинжээр нь босоо, хэвтээ, хосолмол гэж ангилж болно.
Босоо агуйг босоо хөндийн гүний хэмжээгээр нь 50 метр
гүнтэй бол худаг хэлбэрийн, 50-200 метр бол босоо хөндийтэй байгалийн уурхай
буюу босоо хөндийн систем, 200 метрээс илүү гүнтэй бол ангал гэж хуваана. Манай
оронд цэвэр босоо хэлбэрийн агуй нэн ховор. Одоогоор худаг хэлбэрийн (Хэцүү тээгийн
агуй 19,7 метр), босоо
хөндийн систем бүхий (Сөөгтийн
агуй 72,5 метр) агуй тус
тус нэг олдоод байна. Сөөгтийн агуй цилиндр, Хэцүү тээгийн агуй конус хэлбэртэй
юм.
Монгол орны ихэнх томоохон агуй нь хэвтээ агуйнууд юм. Хэвтээ
агуй нь үргэлж тэгш байдаггүй, агуйг үүсгэж байгаа усны урсгалын чиглэлээр их
биш налууг үүсгэсэн нь бий. Эхийн агуй, Их агуй, Бага агуй (Завхан
Эрдэнэхайрхан), Агуйт
уулын Ловончомбын агуй (Өмнөговь
Ханбогд), Газар
агуйн буудал (Говь-Алтай
Жаргалан) эдгээр
нь цөм карстын хэвтээ агуйнууд юм. Карстын хэвтээ агуйг хонгил салаа нь эргэж
нийлсэн, хонгил салаа нь эргэж нийлээгүй үргэлжилсэн гэж хоёр төрөлд хуваадаг.
Манайд салаанууд нь эргэж гол хонгилтойгоо нийлдэг агуй ганцхан олдоод байна. /Эхийн
агуй 137 метр урттай/
Налуу агуйд 15-60 градус хүртэл налуутай агуйнууд
хамрагдана. Налуу агуйг дотор нь өгсүүр налуу, уруу налуу гэж 2 ангилна. Цагаан
агуй (Баянхонгор
Баянлиг 39,1 метр),
Сэндэртийн агуй (Баянхонгор
Заг 53 метр), Далан
тэмээтийн агуй (Баянхонгор
Байдраг 36 метр) зэрэг
агуйнууд нь өгсүүр налуу агуйнууд юм.
Хэвтээ босоо хосолсон агуйнууд манай оронд элбэг тархсан
байдаг. Монгол орны хосолмол агуй нь ихэнхдээ босоо худгаар дамжин хэвтээ агуйд
орж байна. Шар ханан, Цагаан дэл, Гурван зээрд, Хэцүү уул, Даян дээрх, Хойд
Сэнхэрийн агуй, Цагаан бухын агуй нь ийм хосолмол агуй юм. Жишээ нь Шар
ханангийн агуй нь 26,2 метр эгц босоо конус хэлбэрийн худгаар дамжин том
танхимд бууна. Эндээс 2 салаалсан хэвтээ агуй залгах бөгөөд нийт урт нь 172,8
метр юм. Агуйн хэвтээ, босоо хэсгүүд насны болон гарал үүслийн хувьд өөр өөр
байна.
Агуйн гол хонгил хэсэг - гэдэг нь 1метрээс илүү өргөн,
өндөртэй урт нь хэдэн арваас хэдэн зуун метр урттай, агуйн хэвтээ буюу налуу
хэсэг юм. Манай оронд шулуун том, урт хонгилтой агуй олон бий. Тухайлбал,
Цагаан дэлийн агуй 4 салаа гол хонгилтой, эхний хонгил нь 13,5 метр өргөн, 7
метр өндөртэй, 130 метр урт, хоёрдох хонгил нь 62,5 метр урттай, 3,2 метр
өндөртэй, 2,6 метр өргөн юм. Гуравдахь нь 30 метр урт, 7 метр өндөртэй бол
дөрөвдэх нь 22,5 метр урт, 17 метр өргөнтэй, 10 метр өндөр. Сэндэртийн агуй 5
метр дундаж өндөртэй, 2 метр өргөнтэй, 48 метр шулуун гол хонгилтой билээ. Бага
агуй, Их агуй, Эхийн агуй, Ногоон хуцын агуй, Даяндээрхийн агуй, Ловончомбын
агуйн гол хонгил нилээд том юм.
Агуйн хоолой - гэдэг нь агуйн танхим болон доторхи
хэсгүүдийг холбож байдаг агуйн хэсэг юм. Манай орны агуйн хоолой нь харьцангуй
богино, 20 метрээс бага, өндөр нь 10 метр хүртэл хэмжээтэй байна.
Агуйн танхим – энэ нь агуйн хамгийн их өргөн, өндөртэй
хэсэг юм. Энэ хэсэг нь агуйн аль ч хэсгээс аварга том юм. Зарим агуй хэд хэдэн
том танхимтай байдаг. Цагаан дэлийн агуй 2 танхимтай байхад Цагаан агуй
хоорондоо хүн мөлхөж орж болохуйц хоолойгоор холбогдсон цуварсан 4 танхимтай.
Агуйн худаг – энэ нь агуйн хэсгүүдийг холбож байдаг
цилиндр хэлбэрийн босоо буюу налуу хөндий юм. Манай оронд мэдэгдээд байгаа
хамгийн том гүн худаг бүхий агуй бол Сөөгтийн агуй юм. Сөөгтийн агуйд 3 метр дундаж
диаметртэй, босоо цилиндр худаг 30,5 метр эгц доошоо үргэлжилдэг. Мөн
Даяндээрхийн агуйд дээд, доод давхруудыг холбосон 14,5 метр урттай босоо худаг
бий.
Агуйн гуурсан хөндий – агуйн дээвэрт үүсдэг энэ босоо
хөндий дээшлэх тусам хэмжээ нь нарийсч газрын гадрага руу чиглэсэн байдаг.
Манай орны томоохон агуйнуудад ийм гуурсан хөндий нилээд бий. Хамгийн их
гуурсан хөндийтэй агуй нь Цагаан дэл, Цагаан агуй юм.
Э.Авирмэд “Монгол орны агуй” номноос
5.21.2020
Монгол орны төв хүйс цэг
| Өвөр Хөшөөт Өвөрхангай аймаг Бүрд сум |
1. Газар зүйн солбилцлын арга
2. Тэгш өнцгийн арга
3. Квадратын арга
4. Тойргийн арга.
“Хүйс цэг” нь Өвөр хөшөөтийн булгийн эхэнд ДТД 1730 м өндөрт Өвөрхангай аймгийн төвөөс зүүн хойш 115 км, эртний нийслэл Хархорумаас зүүн урагш 85 км, Монгол Улсын нутгийн зүүн захын цэг Модот хамар уул, баруун захын цэг Мааньт уул хүртэл тус тус 1222 км орчим, хойд захын цэг Монгол шарын даваанаас 670 орчим км, өмнөд захын цэг Орвог гашууны бор толгойгоос 600 гаруй км зайтай. Мөн дэлхийн экватораас хойш 5194 км, хойд туйлаас ургаш 4808 км орчим зайтай оршиж, дэлхийн цагийн 7-р бүсэд хамаардаг.







