10.27.2015

Хүн толгойтой буган чулуу

Хөвсгөл аймгий Бүрэнтогтох сумын нутаг дахь Уушгийн өврийн буган чулуун цогцолборт байх энэ нэгэн оройдоо ээмэг зүүсэн хүний  толгойг урнаар сийлсэн буган чулуу нэн содон.  



260 орчим см өндөр энэ хөшөөг 5 бугаар ороон гоёж ханан хээтэй бүс  татжээ. Мөн буган чулуунд  элбэг байдаг сүх хутга байх. Хөшөөний ард бүснээс дээгүүр бамбай, 3 жижиг буга дүрсэлсэн, харин баруун талд нь нэг буга, аргамжаатай морь, зүүн талд нь 3 жижиг буга сийлжээ.

10.05.2015

Чин толгойн балгас

Булган аймгийн Дашинчилэн сумын төвөөс зүүн тийш 10 гаруй км-т Чин хайрхан хэмээх жижиг толгойн дэргэд эртний хятан улсын сударт тэмдэглэгдэн үлдсэн Чжэнь чжоу хотын туурь бий. Үүнийг арван гуравдугаар зууны үед монгол нутгаар дайран өнгөрсөн алдарт Чанчун бумба  Туул голыг өнгөрөөд баруун тийш аялахад замд хятаны эвдэрхий гурван хоттой таарч байснаа тэмдэглэн үлдээж  Чжэнь чжоу хотын туурь хэмээн батлан бичжээ.. Түүний зүүн талд Талын улаан балгас баруун талд Хадаасангийн буюу Хар бухын балгас бий. Бүгд хятан үеийн дурсгалууд.

Чин толгойн балгас буюу Чжэнь чжоу хотын туурийг хөдөөгийн Пэрлээ гуай судлан шинжилж  гэрэлт хөшөөний суурь хос чулуун яст мэлхий болон хятан бичигтэй дээврийн ваарууд олж илрүүлжээ.


Сударт тэмдэглэснээр Чжэнь чжоу хотод хятан зүрчид 20000 гаруй дарангуй цэрэг, 700 орчим цөлөгдсөн өрх сууж байсан гэх ба хожим энд Цогт хунтайжын цэргийн хүрээ байрлаж байжээ. Чин толгойн балгасын харуулын  овоо нь уулнаас чулуу зөөж босгосон болтой сууриараа 40 метрийн голдочтой өдөр нь 20-30 метр байсан болтой их овоо бий. Эндээс эргэн тойрны 20-30 км зай чөлөөтэй харагдах аж. 

9.18.2015

Цогтын цагаан байшин

Халхын цоохор хунтайж хэмээн олноо алдаршсан Цогт тайж алтан ургийн нэгэн бөгөөд Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз жалайр хунтайжын гутгаар хөвгүүн Онохуй Үйзэн ноёны тавдугаар хүү Баарай хошуучийн хүү болон 1581 онд мэндэлж байжээ.

Багын ном эрдэмд боловсорсон яруу найрагч цэргийн зүтгэлтэн тэрбээр буддын шашны улааны урсгалыг баримтлагч Цахарын Лигдэн хааны бодлогыг тууштай дэмжигч нэгэн байв.

Халхын Цогт хунтайж 1601 оноос эх Чин Тайху хатны хамт Туул голын хөвөөнөө амьдарч байсан ба 17 жилийн туршид зургаан сүм хийд бариулсан гэдэг билээ.
Түүний нэг нь Туул голын Тансаг тал хэмээх хөндийд Халдун Зүрх уулын өвөрт Сэтгэшгүй Чандмань гэдэг сүм бариулсан гэх бөгөөд энэ нь Цогт тайжийн өөрийн сууж байсан ордон байжээ. Үүнийг одоо Туулын Цагаан байшин гэх буюу Цогтын байшин ч гэх болжээ.
Хэрмийн өндөр нь 4 метр , цамхагийн өндөр нь 6 метр шахам, ханын урт нь 40 гаруй метр байна. 1930-аад оны үед Оросын эрдэмтэн Д.Букинич бага сага малталт хийж байсан бөгөөд малталтаар гарсан зүйлсийг үзэхэд Цагаан байшин нь уран чимэглэгдсэн сууц ба бурхан шүтээн залах олон байшинтай байжээ. Эндээс луу, цэцгэн хээ, угалз зэрэг барилгын чимэглэл, бурханы толгой, хөл, хүзүүний чимэг зэрэг олон зүйлийн сонин содон олдвор олджээ. Мөн тариалан нилээд хөгжиж байсны гэрч болох тариа цайруулах бул чулуу зэрэг байгаагаас гадна услах шуудууны ор ч мөр байна.
Ордны урд талд чулуун мэлхий дээр зоосон түвд, монгол бичигтэй хөшөө байсныг эрдэмтэд олж шинжилсэн байдаг ба уг бичээст бурханы шашны товч түүх, Цогт тайжын угсаа гарал, Цагаан байшингийн бүтэц зохион байгуулалт, бурхан шүтээний байршил зэргийг товч өгүүлсэн байдаг байна. Мөн эрдэмтэд тус балгаснаас нилээд зайтай орших Төв аймгийн Дэлгэрхаан сумын Төхмийн Дуут нуур гэдэг газар хадан дээр Цогт тайжийн мөн хоёр ч хэсэг бичээсийг уншиж судалжээ.

9.03.2015

Хар бухын балгас

Булган аймгийн Дашинчилэн сумын төвөөс баруун тийш 12 км-т орших нэгэн хотын туурь байх нь Хятан улсын хотын үлдэгдэл юм. Харуухын буюу Хар бухын голын зүүнтээ орших уг хотын туурийг Хадаасан буюу Хар бухын балгас гэдэг билээ.

Энд занар чулуугаар барьсан их, бага 7-8 барилга, суварганы ор бий.
Хадаасангийн балгас дөрвөн хаалгатай, баруунаас зүүнш чиглэсэн тууш гол гудамжаас салбарласан явцуу гудамжтай, мөн голдоо сул талбайтай, бас орон сууцны барилгын хороолол бүхий 0,5x0,5 км талбай бүхий дөрвөлжин хот байжээ.
Сул талбайд нь эрт үед цэцэрлэг байсан бололтой. Хотын хэрмийн балгасыг тойроод усжуулах шуудуу байсан ул мөр бий.

Хожим туурийг халхын Цогт хунтайж тайж сэргээж сүм дуган байгуулж байсан гэдэг.
1970 оны малтлага судалгаагаар тус хотоос монголчуудын бичиг соёлын гайхамшигт дурсгал үйсэн номыг илрүүлэн олсон ба эдгээр ном нь олон төрөл бүхий 7х4 см-ээс 14х5 см хэмжээтэй 60 гаруй хуудас бүхий, хуудас бүрийг хүрээлэн шугамдаж, алаглуулан гоёсон,
хуудасны ар, өврийн тоог жигдэлж, хэвшиж тогтсон нарийн дүрэм журмаар үйлдсэн, ихээхэн дадлага, туршлага бүхий олон бичээчийн уран гараар бүтсэн ном байжээ.

Мөн Хар бухын балгаснаа 1945 онд монголын кино урлагийн манлай болсон нэгэн бүтээл “Цогт тайж” киноны зураг авалт явагдаж байсан байх юм.

8.25.2015

Эльтэрес хааны дурсгал

Өвөрхангай аймгийн Уянга сумын төвөөс  17 км зайтай  Онгийн голын цутгал Таримал голд нийлдэг Мааньт хэмээх жижиг голын баруун биед орших Мааньт  уулын өвөр хормойд эртний түрэгийн нэгэн томоохон цогцолбор дурсгал байдаг. Үүнийг анх 1891 онд оросын эрдэмтэн  Н.М.Ядринцев  нээн олж  судалжээ.  

Уг дурсгал нь уртаараа 68 м, өргөнөөрөө 48 м хэмжээтэй гонзгой дөрвөлжин шороон хэрэмтэй, зүүн талын ханандаа 3 м өргөн үүдэвстэй, тойрон хүрээлсэн шуудууны оромтой бөгөөд үүнээс зүүн зүгт 980 м зайд 160 гаруй балбал чулуу байх ба энэ дурсгалыг эрдэмтэд Түрэгийн Эльтерес хаан, Ильбилгэ хатан хоёрт зориулан босгосон гэж үздэг.

Гол  хөшөөний дээд нүүрэн талд эртний Түрэгийн овгийн гол билэгдэл янгирын тамгыг сийлж, түрэг бичээсийг дөрвөн талд нь мөр мөрөөр дээрээс доош чиглэлээр сийлжээ.


Онгийн голын түрэг бичээс ч гэж нэрлэгдэх энэхүү дурсгалын ерөнхийй агуулга нь Түрэгийн дээд өвөг Буман хаан дөрвөн зүг, найман зовхисын түмнийг хяхан унагаж  даран сөнөөсөн, мөн захирсан хаанаа хөөн тонилгосон, түрэгийн ард түмэн наран ургах зүүн зүгээс наран шингэх баруун зүг хүртэл тархан суусан, баатар эрс балбал чулууг талбиж Түрэгийн ард түмний алдар мөхөх дөхсөн гэх мэт өгүүлсээр  хонин жилийн долоон сард дээд тэнгэр хүчит баатар хаан халин одож сэцэн тамачыг хөдөөлүүлсэн тухай өгүүлдэг байна.


8.21.2015

Тулга уул


Тулга уул нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Тогоо, Жалавч уулын дэргэд харин Уран уулаас урагш 12 км зайтай оршдог бөгөөд дөрөвдөгч галвын үед оргилж байсан галт уул юм.

Тулга уулын тогоо нь зүүн хойшоо, баруун хойшоо сэтрэн элэгдэж эвдрээд гурван хэсэг дугуй ханан толгой болон үлджээ.Эдгээр сэтэрхий нь тулгын гурван чулуу шиг харагддаг учир Тулга гэж нэрлэсэн байна. Тулга уул нь далайн төвшнөөс дээш 1540 метрийн өндөрт буй.

Тулга уулын тогоон дотор хүн чулуу, хиргисүүр, дөрвөлжин булш зэрэг түүх соёлын дурсгал ихээр хадгалагдан үлджээ.



Тулга Тогоо Жалавч уулс нь үржил шимт хар хүрэн ба хар шороон тэжээллэг хөрстэй ба хээрийн ба ойт хээрийн бүсийн ургамал ургадаг. Шинэсэн ой голлохоос гадна улиас, улиангар, хустай.






Цагаан төмс, мангир, хонгорзул, алтанзул, алтангагнуур, тайжийн жинс, далан түрүү, үхэр гоньд, хунчир, хөвөн оройт зэрэг эмийн болон хүнсний ургамал, хавтуул, хурган засаа, үнэгэн сүүл, хонхон цэцэг, бэр цэцэг, хазаар өвс зэрэг ургамал ургана.











Энэ бүс нутагт хэвлээр явагч могой элбэг тохионо. Хүйтны улиралд эдгээр нь галт уулын гүний дулаан бүлээн илчинд хоргодон ичиж амьдардаг байна.

8.19.2015

Тураг гогой ( Phalacrocorax carbo)

Энэхүү шувуу нь хар бараан зүстэй бөгөөд амьдрах бүсээс шалтгаалан өдний өнгө зүс олон янз байна. 
Биеийн жин 1.5-5.3 кг байх ба биеийн урт 70-102 см, далавчаа дэлгэхэд 121-160 см. Тураг гогой уртавтар сүүлтэй, хоолой хэсэгт шар толботой.
Тэд их өргөн тархжээ. Тэнгис далай болон цэнгэг уст нуур, голоос идэш тэжээл олж иднэ. Хойд зүгийн шувууд нь нүүдэллэн өмнөд зүгт аль загас жараахай элбэгтэй эрэг даган

өвөлждөг.
Төрөл бүрийн загасаар хооллох ба тэр дундаа могой загас их барьж иддэг. Ан хийхдээ дундажаар 20-30 см шумбана. Заримдаа 1 минут гаруй хугацаагаар 10 м гүнд шумбах нь бий. Өдөрт 500 гр орчим загас иддэг байна.
Тураг гогой нь нүдээ хөдөлгөж чаддаг цөөн шувуудын нэг юм.
Хятад болон Япон улсад энэ шувуугаар загас бариулаад гулгиулан гаргаж авдаг аргыг эрт дээр үеэс хэрэглэж байв.
Норвеги улсад үндэсний буудлагын спорт тоглоом болон идэх зорилгоор жил бүр 10,000 орчим тураг гогойг хуулинд заасны дагуу үржлийн бус улиралд агнадаг байна. Мөн Норвегийн хойд зүгийнхэн тосгон болон гэрийнхээ ойр энэ шувуутай таарах нь азтай сайн явдал гэж үздэг ажээ.

8.17.2015

Бийбулагын балгас

Уйгурууд монгол нутагт өөрийн төр улсыг байгуулж явахдаа хэд хэдэн хот суурин байгуулсаны нэг нь Булган аймгийн Хутаг Өндөр сумын төвөөс баруун тийш 10 гаран км зайтай Сэлэнгэ мөрний хөндийд буй эртний Байбалык хотын үлдэгдэл балгас юм.

Түүнийг нутгийн ардууд "Бийбулаг" хэмээн нэрлэж иржээ.

Байбалык хотыг байгуулсан цагаас энд согд, хятад худалдаачид суурьшин сууж байсан ба зөвхөн худалдаачид төдийгүй бас согд номын багш нар ирж, бурхны шашин, мани шашныг номлож, шашны ном уйгур хэлээр орчуулж байжээ. Сурвалж бичгийн мэдээнээс үзэхэд Байбалык хот тухайн үедээ Төв Азийн соёлын хөгжил цэцэглэлтийн голомт болж байв.

Энэ хотыг 840 оны үед Енисейгээс ирсэн Киргиз аймгийн нүүдэлчид довтлон нурааж уйгурын байгуулсан сүм барилгыг эвдэж, ном судрыг түймэрдэн оджээ.

Эл хотыг үүсгэн байгуулсан тухай Сэлэнгийн чулуу хэмээн алдаршсан Могойн шинэ усны хөшөө буюу Моюнчур хааны гэрэлт хөшөөнд “Сэлэнгэ мөрний эрэгт Байбалык хот байгуулахыг согд табгач нарт даалгалаа, би” хэмээн дурдсан байдаг тул уг хотыг Моюнчур хаан үндэслэсэн гэж үздэг.

Байбалик хотын тухай бичгийн мэдээ энэхэн төдий ба хотын туурийг судлаачид өдий болтол гавьтай судлаагүй байна. Ажиглахад л тус тусдаа барьсан үндсэн гурван шавар хэрэм байх ба хэрмийн хийц нь Архангайн Хар балгасны хэрэмтэй адил шороо дагтаршуулан босгосон байдаг байна.

Хойд талын гол хэрмэнд чулуугаар хийсэн арслангууд байсан нь энэ хавийн газрыг Арслангийн үүд гэж нэрлэх болж. Эндээс олон арслан ийш тийш зөөсний нэг хос нь Үндэсний түүхийн музейд бий гэж үздэг. Энэ бол Байбалык хотод арслан мэт хүндэтгэлийн чимэглэлийг үүдэнд нь тавьдаг орд харш байсны баримт гэж археологич Х.Пэрлээ тэмдэглэжээ.
 монгол нутагт өөрийн төр улсыг байгуулж явахдаа хэд хэдэн хот суурин байгуулсны нэг нь Булган аймгийн Хутаг Өндөр сумынтөвөөс баруун тийш 10 гаран км зайтай Сэлэнгэ мөрний хөндийд буй эртний Байбалык  хотын үлдэгдэл балгас юм. Түүнийг нутгийн ардууд "Бийбулаг" хэмээн нэрлэж иржээ.

Байбалык хотыг байгуулсан  цагаас энд согд, хятад худалдаачид суурьшин сууж байсан ба зөвхөн худалдаачид төдийгүй бас согд номын багш нар ирж, бурхны шашин, мани шашныг номлож, шашны ном уйгур хэлээр орчуулж байжээ. Сурвалж бичгийн мэдээнээс үзэхэд Байбалык хот тухайн үедээ Төв Азийн соёлын  хөгжилцэцэглэлтийн  голомт болж байв. Энэ хотыг 840 оны үед Енисейгээс ирсэн Киргиз аймгийн нүүдэлчид довтлон нурааж уйгурын байгуулсан сүм барилгыг эвдэж, ном судрыг түймэрдэн оджээ.

Эл хотыг үүсгэн байгуулсан тухай Сэлэнгийн чулуу хэмээн алдаршсан Могойн шинэ усны хөшөө буюу Моюнчур хааны гэрэлт хөшөөнд “Сэлэнгэ мөрний эрэгт Байбалык хот байгуулахыг согд табгач нарт даалгалаа, би”  хэмээн дурдсан байдаг тул уг хотыг Моюнчур хаан үндэслэсэн гэж үздэг.

Байбалик хотын тухай бичгийн мэдээ энэхэн төдий ба хотын туурийг судлаачид өдий болтол гавьтай судлаагүй байна. Ажиглахад л тус тусдаа барьсан үндсэн гурван шавар хэрэм байх ба хэрмийн хийц нь Архангайн Хар балгасны хэрэмтэй адил шороо дагтаршуулан босгосон байдаг байна. Хойд талын гол хэрмэнд чулуугаар хийсэн арслангууд байсан нь энэ хавийн газрыг Арслангийн үүд гэж нэрлэх болж. Эндээс олон арслан ийш тийш зөөсний нэг хос нь Үндэсний түүхийн музейд бий гэж үздэг. Энэ бол Байбалык хотод арслан мэт хүндэтгэлийн чимэглэлийг үүдэнд нь тавьдаг орд харш байсны баримт гэж археологич Х.Пэрлээ тэмдэглэжээ.   


8.05.2015

Уушигийн өвөрийн буган чулуун дурсгал

Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос баруун тийш 20 хүрэхгүй км-т Уушигийн өвөр хэмээх сайхан тавиу хөндий,  Дэлгэр мөрний хойд биед дэлхийд ховор буган чулуун дурсгал бий.  

Чулууны энэ урлаг Монголын умард хэсэг, Өмнөд сибирийн тал хээрт МЭӨ 1000-аад жилийн үед амьдарч байсан скифчүүдийн бүтээл бөгөөд  оршуулгын зан үйл, өргөл мөргөлийн зориулалттай бүтээгджээ.  

Буган чулуун хөшөө нь дөрвөн талт гонзгой чулууны оройд  эсрэг харсан хоёр талд нь нэг юмуу хоёр том дугуй,  эсвэл том, жижиг хоёр дугуй дүрс сийлж, түүний доогуур олон жижиг хонхор гарган зааглаад  доош нь бүс хүртэлх голын зайд сүрэг бугыг уран гоёор дүрслэхээс  гадна цөөн тохиолдолд  адуу, гахай, ирвэс, янгир, хүн, загас зэрэг амьтдыг бугатай хамт болон дангаар нь дүрсэлж, бүснээс олон төрлийн зэр зэвсэг зүүж, ойр орчимд нь нум сум, хээ хуар ч сийлсэн  байдаг.

Уушигийн өвөрийн буган чулуун цогцолбор нь төв Азийн өргөн уудам талд тархсан буган чулууд дотроос томоохонд тооцогдох ба энд нийт 15 буган чулуу, тэднийг тойрсон олон хирэгсүүр бий.
Эдгээр буган чулуунуудын гадаргуу дээр баруун, зүүн тийш чиглүүлэн дүүлж яваа бугыг хөшөөний биеийг ороолгож , эсвэл нэг талд нь багтаан дүрсэлснээс гадна зарим хөшөөн дээр ирвэс, гөрөөс зэрэг амьтдыг сийлсэн нь ч бий. Буган чулуун хөшөөнд нийтлэг байдаг хүзүүний зүүлт, нум сум, толь, тагнай хээтэй бамбай, зээтүү, хутга, бүс зэргийг эдгээр хөшөөдөөс харж болно.


Мөн Уушигийн өвөрт өөр хаана  ч байхгүй оройн хэсэгтээ хүний толгойг урнаар дүрсэлсэн буган чулуу байхаас гадна 3000-4000 жилийн настай ч бүдгэрч балраагүй тод хээтэй  буган хөшөө ч бий.

7.31.2015

Дархадын хотгор

Дархадын хотгор бол Хөвсгөл аймгийн нутаг Хорьдол сарьдагын нуруу, Баяны нуруу, Улаан тайгын уулсаар хүрээлэгдсэн Шишгэдийн голын ай сав, түүнд цутгах олон жижиг голын хөндийгөөс бүрдсэн уртаашаа 150 орчим км, өргөөшөө 40 гаруй км үргэлжлэх үзэсгэлэнтэй сайхан нутаг билээ.

Дархадын хотгорын хойд хэсгээр Тагна, Соёны өндөр уулс, зүүн өмнөд хэсгээр Жиглэг, Жарын даваа, Дэлгэрхаан, Уран дөш зэрэг дуу алдам өндөр сүрлэг шовх  уулсын оргилууд , баруун талд нь Ивэд, Хармай, Мунгараг голуудын сав бүхий  Хан тайга, Хөх Тайга, Лам тайгын салбар уулс, харин өмнөд талдаа Өлийн халзан даваа, Тоомын өндөр сайхан даваанууд сүндэрлэнэ.  

Дархадын цэнхэр хотгор бол монголчууд бидэнд төдийгүй хөх гаригынханд тэнгэрээс хайрласан хишиг гэлтэй. Үнэхээр үзэсгэлэнтэй нутаг. Гэхдээ энд цөлжилт хэдийн  газар авчээ. Хоймор сайхан нутагтаа  элсэн манхантай тааралдана чинээ бодсонгүй явлаа.
Мэдээж  энэ нь дэлхийн дулааралтай холбоотой л байх.  Үүнээс гадна хүний буруутай үйл ажиллагаа ихэд нөлөөлж байна.  Ой модыг хайр гамгүй огтолж ахуй хэрэглээндээ хэрэглэж байна.  Ялангуяа голын эхэнд мод ихээр огтолсноор олон гол горхи ширгэж алга болж байна.


Энэ нутгийн 300 гаруй нуурын 20 орчим нь ширгэж алга  болсноос нилээн томдоо орох Цойцон нуур үгүй болжээ. Харамсалтай, үнэхээр хармсалтай ... Бидний бахархаж омогшдог онгон дагшин байгаль маань  биднээс улам бүр алсран холдож байна уу даа!