2.23.2014

Арван гурван хүрээний байлдаан

Чингис хаан Хамаг монголын хаан болоод дөнгөж бэхжиж байсан 1190 онд Жамуха өөрийн харъяаны арван гурван хүрээний цэргээр Далан балжудад Тэмүжиний харъяаны арван гурван хүрээтэй байлджээ.  Хамаг монголын хаан болох далд мөрөөдөлтэй Жамухын ичнээ санаанд гал нэмсэн нэгэн үйл явдал болсон нь түүний дүү Тайчир Чингисийн адуунаас хулгайлж яваад алагдсан нь энэ байлдааны шууд шалтаг болжээ.   Дүүгээ нас барсныг сонсоод Жамуха гурван түмэн цэрэг цуглуулж Алгугуд, Торхагуд уулыг давж Чингис хаанд халдахаар ирэв. Энэ чимээг Чингис хааны охин дүү Тэмүүлэний хүргэн Бутугийн эцэг ихэрэс овогт Нэхүн өөрийн хүүгээр дамжуулан Чингист дуулгажээ. Тэгээд Чингис өөрийн хүрээнүүдээс цэрэг цуглуулан зүүнш хөдөлж Далан балжудад Жамухын цэрэгтэй ширүүн тулалджээ. Энэ удаагийн байлдаанд Чингис хааны цэрэг дийлдэж хойш Ононы зүг Жаран Хавчигай гэдэг газар хүртэл ухарчээ.
Чингисийн арван гурван хүрээ бол
       1.   Өүлэн эх түүний төрхөм олхонуудууд
       2.Чингис хаан, хаан хөвгүүд хишигтэн нар
       3.Хабул ханы ах Сэм Сацул, түүний хүү Бүлтэчи баатар
       4.Сүйхэтү Чарбийн хөвгүүн Дэрэн, хонхотан нар
       5.Архай Хасар болон жалайр овогтон
       6.Жүрхэний Сац Бэхи болон түүний дүү Тайчу нар
       7.Бартан баатарын дүү Хутагт Мэнгүрийн хөвгүүн Бүри,Хутагт Мэнгүрийн дүү Хулан  Баатарын хөвгүүн их Чэрэн
       8.Бартан баатарын ахмад хөвгүүн Мэнгэтү Хиян, түүний хөвгүүн Өнгүр болон баягууд  овогтон
       9.Бартан баатарын отгон хүү Даридай отчигон түүний ах Нэхүн тайжийн хүү Хучир нар  10.Хотула ханы ахмад хүү Зүчи түүний харъяат нар
       11. Хотула ханы отгон хүү Алтан түүний харъяат нар
       12.Дахай баатар болон сүлдэс нар
       13.Хаду чоно, Өлөгчин чонын үр хойч Цагаан гуа болон нэхүс овогтон эл арван гурав болно.  
 Жамуха сэцэний арван гурван хүрээ бол
1.       Жамуха тэргүүтэй жадаран нар
2.       Таргудайн тайчууд нар
3.       Ихэрэс нар
4.       Начин баатарын хойчис Орогуд овогнууд
5.       МэнэнТодуны 2 дахь хүү Хачины хойчис  Ноёгин нар
6.       Тэмүжиний 8 үеийн өвөг Мэнэн Тодуны хойчис Барулас нар
7.       Бодончир мунхагийн хөвгүүн Бааридайн хойчис Баарин овогтнууд
8.       Хонгирадууд
9.       Татаар
10.   Бугу Хатагийн хойчис Хатигин нар
11.   Бухту Салжигийн хойчис Салжиуд нар
12.   Добу мэргэнийн ах Дува сохрын хойчис Дөрвөн нар
13.   Хонгирад аймгийн салбар  Горлосууд эл арван гурав билээ.


2.19.2014

Тэмүжин ба хонгирад

1170 он. Есүхэй баатар хүүгээ дагуулан Өүлэн эхийн төрхөм Тэмүжиний нагац олхонуд аймгаас бэр гуйхаар явжээ. Тэд замдаа Хонгирад аймгийн Дай сэцэнтэй тааралдан тэднийд хоноод маргааш нь охин Бөртэг гуйж сүй тогтоожээ.
Хонгирад бол эртний “Төрлигин монгол” аймгуудын нэг. Хонгирадын дээд өвөг ах дүү Зөрлөг  мэргэн, Хувайшар, Түсүбуд гурав. Ах зөрлөг мэргэн хоёр дүүтэйгээ таарамж муутай, нэг удаа уурлан дүү Хувайшараа харван ална гэсэнд дүү нь айгаад мориныхоо элгэн дор орж хэвтэж гэнэ. Ах нь өрөвдөөд эгэмнийх нь нүхээр харваж чихэнд нь ч шарх сорви гаргасангүй. Ингээд Зөрлөгийн мэргэн цол нь улам алдаршжээ. Хувайшараас хоёр хөвгүүн төрж түүний хойчис нь ихирэс, олхонууд овогтон болжээ. Түсүбудаас олон хөвгүүн төрж тэдгээрийн хойчис харнууд, горлос, элжигдэй зэрэг овогтон болжээ. Эдгээр бүгд хонгирадын салбар нахиа билээ. Хонгирад аймаг нь татаар аймгаас  өмнүүр байж хойд тал нь Эргүнэ гол, өмнөөш Халх голын хооронд нутаглаж байв. Алтан улсын үед хонгирад аймаг   хүчирхэг аймаг байсан ба 1196  онд Алтан улсын цэргийг бут цохиж байж.
Дай сэцэн гурван хүү нэг охинтой. Ахмад хөвгүүн нь төрийн нагац Алчи ноён. Хожим мянганы ноён болж гурван мянган хонгирад өрхөө захиран Чингист хүчээ өргөж явсан. Дунд хүү нь Ахудай, бага нь Це гэдэг. Бөртэ бол Дай сэцэний бага охин. Есүхэйг бэр гуйж байхад Тэмүжинээс нэг эгч арван настай байжээ.
Өвөр монголын эрдэмтэн Сайшаал нь түүхэн тэмдэглэлийг задалж үзээд монголчуудын бэр гуйх ёсыг ийнхүү өгүүлж байх юм. Нэгд охины гэрт хүрч нэг хоноод сая бэр гуйдаг юм байна. Шөнө хонож маргааш нь гуйваас гэж “Нууц товчоо” Лу “Алтан товч”-д тэмдэглэж буй. Хоёрт, нэг удаа биш дахин дахин гуйдаг юм байна. Дай сэцэн олонтоо гуйлгаж өгвөөс дээжлэгдэх, цөөнтэй гуйлгаж өгвөөс доромжлогдох гэжээ. Гуравт, сүй тогтоосон хойно хөвгүүнээ охины гэрт үлдээдэг эхийн эрхт ёсны үлдэгдэл бас байжээ. Дөрөвт сүй тогтоосны хойно хөвгүүний талаас охины талд ургийн бэлэг хүргэдэг юм байна. Есүхэй баатраас “за, худ бололцов” хэмээн хөвгүүн Тэмүжинээ үлдээж хөтөлгөө морио сүй тогтоосны бэлэг болгон өгч буцаж харьжээ.
Хонгирад болон “Нирун монголчууд” эртнээс аваад ураглаж ирсэн бөгөөд бас нэгэн сонирхолтой баримт бол “Юань улсын түүх”-ийн “Хатад татварын намтар”-т ... Хонгирадад охин төрвөөс хатан болгомой. Хүү төрвөөс гүнжийг  богтолмой. Энэ ёсыг үеийн үед тасалж үл болмой гэж зарлиг буулгаж байсныг тэмдэглэжээ.


2.18.2014

Хар зүрхний Хөх нуур

“Монголын нууц товчоо”-ноо гурвантаа дурсагддаг эзэн Чингисийн унаж босож явсан амьдралтай салшгүй холбоотой алдартай түүхэн газар.
Тэмүжин Сорхон шарын нэгэн гэрийн харамгүй дотно дэмжлэгээр дайсан тайчуудын гараас мултарч Онон мөрний эхээд явж Химурга горхины Бэдэр хошууны Хорцохой болдог гэдэг газар хүрч Өүлэн эх дүү нартайгаа уулзжээ. Дараа нь Тэмүжиний гэр Бурхан халдуны Өвөр Хүрэлх    дотор орших Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуур гэдэг газар очиж нутаглаад тарвага зурам алж идэн амьдрав. Энэ бол эртнээс боржгон овогтны нутаг билээ...
Тэмүжин Есүхэй баатрын үед сүй тогтоосон Бөртэ үжинг авч  нутаг буцахад монгол заншлаар хадам эцэг эх ойр садныхан хамт явжээ. Гэтэл Хэрлэнгийн Ораг цөл гэдэг газраас Дай сэцэн гэдрэг буцсан байна. Нууц товчоонд ямар учраас буцсаныг тэмдэглэсэнгүй. Лу “Алтан товч”-д мариан халуун болж Хэрлэн өөд харив гэжээ. Гэхдээ сүүлийн үед эрдэмтэд Амбагай хааны өөрийн биеэр охиноо урагт хүргэж өгөхийг цээрлэсэн гэрээслэлийг биелүүлсэн гэх болж. Ингээд охиныг хүргэхийг Дай сэцний гэргий Цотан дааж аван Тэмүжиний нутаглаж байсан Сэнгүр горхины Хөх нуурт  хүргэж өгчээ. Энэ үед Тэмүжин хэдэн настай байсныг олонх баримт бичигт тэмдэглсэнгүй харин Саган сэцэний “Эрдэнийн товч”-д арван долоон насандаа буюу шар нохой жил\1178он\ Бөртэ үжинг авлаа гэж  тодорхой бичжээ...
Шаргачин тахиа жил буюу 1189 онд Тэмүжин хорин найман настай байсан бөгөөд түүний гэр нь Хэнтий ханы өвөрт Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт нутаглаж байлаа. Түүнийг хүрээлэн дагаж байсан хамаг монголчууд зөвлөлдөөд Хотула хааны гутгаар хөвгүүн Алтан отчигон, Есүхэй баатрын ах Нэхүн тайжийн хүү Хучир бэхи, Бартан баатрын ах Охин Бархагийн ач хөвгүүн Сацэ бэхи нар төлөөлөн Тэмүжинд “Чингис хаан” цол өргөмжлөн эзэнгүй байсан Хамаг монголын хаан болгожээ.
Ийм сайхан түүхтэй энэ газар маань Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын баруун хойно Буурал уулын зүүн өмнө Юдэгийн голын эх Бяруутын бүрдний эхэнд  Улаанбаатар хотоос 220 км, Багануураас 70 км, засмал замаас салаад 35 км зайтай оршино. Нуурын эрэг дээр Чингис хааны 840 жилийн ойд зориулсан гэрэлт хөшөөтэй.

Хөх нуур нь далайн түвшнээс дээш 1600 м өндөрт өврөөрөө модгүй араараа модтой шовх Хар зүрх уулын өвөрт байдаг үзэсгэлэнтэй сайхан газар. Улсын хамгаалалтанд авч хайрлаж хамгаалах ёстой газар. Хааных болтой эртний гэрийн том буйр алга болж оронд нь хэдэн модон сийлбэртэй болж. Нуур жилээс жилд жижгэрч байна. Намаг нь ихсэж байна. Хандгай буга уулнаас бууж нуурын зэгс идэж ойр орчмыг нь цэвэрлэдэг байсан нь харагдахаа больсон гэнэ. Баячууд ойр ойрхон онгоцтой буудаг болсноос, дуу чимээнээс дайжсан  хун нугас нуурандаа ирэхээ больсон гэнэ. Харамсалтай, нэгэнт оройтож байгаа ч гэсэн улс хамгаалалтандаа аваасай!!!

2.16.2014

Хүйтэний гол

Дархан  уул аймгийн нутагт байх Хүйтэний гол бол манай түүхийн дурсгалт  газар нутаг.
“Монголын  нууц  товчоо” нд  1201 онд болсон Түнхлэг горхины байлдаантай хамтруулан Хүйтэний байлдаан хэмээн нэг болгон тэмдэглэсэн байдаг. Яг Хүйтэний голын тулаан бол 1202 оны хар нохой жилийн намар өвлийн үеэр болжээ.
Энэ байлдааныг 1201 онд Түнхлэг горхины байлдаанд ялагдсан аймгууд тухайлбал Найманы Буйраг хан, Мэргидийн Тогтуга бэхийн хөвгүүн Худу, Тайчуудын Ууц баатар, Ойрадын Хутуга Бэхи болон татарын үлдэгдэл, Хатагин, Салжиуд   аймгууд Жамухын   өдөөлтөөр эхлүүлжээ. Чингис хаан дайсны мэдээ авмагц Ван ханд  мэдэгдэж  хамтран цэргээ журамлажээ.  Чингис хааны магнайд Алтан, Хучир, Даридай гурвыг, Ван хааны тэргүүнд  Нялха Сэнгүм, Жаха Гомбо, Билгэ бэхи гурвыг томилж мөн гурван газар давхар харуул гаргажээ.  Эхлээд Гүйлт гэж газар түүний чанад Цэгцэр гэдэг газар  тэгээд  хамгийн алсад Чихурга гэдэг газарт  суурин харуул тавьж.
Тэгтэл Чихурга дахь харуулаас хэл ирж Алтан нар түрүүлэн хөдөлж  дайсантай учирсанд  Ууц баатар, Буйраг хан, Худу, Хутуга бэхи  нар Жамухын манлайд явж байв. Тэд нэр ус, учир зүйгээ ярилцан нэгэнт өдөр өнгөрсөн тул маргааш байлдахаар буцжээ. Маргааш нь ширүүн салхитай цасан шуургатай өдөр байв. Дайсны цэрэг шуурганы өөдөөс явж чадахгүй байсны  дээр Чингисийн жанжин урианханы Сүвээдэйн ах Хорохон тэдний эсрэг шуурга мэт сум тавьж байлаа. Ингээд дайсны цэрэг тэнгэрт эс таалагдав хэмээн бутарчээ. Жамуха цэргээ аван туслахаар ирсэн боловч байдал нэгэнт өөр талд шийдэгдэж байх тул байлдааны талбайд оролгүй  өөрийг нь Гүр хаанд өргөмжилсөн иргэдийг тоноод Эргүнэ рүү хөдөлжээ.
Ийм нэгэн тулаан Хүйтэний голд болж.  Энэ голд орой дээрээ хуучны тээрмийн бололтой хоёр босоо чулуутай  жижиг толгой бий. Амь үрэгдсэн эрсээ энэ толгойд хөдөөлүүлсэн нь Бунхан толгой гэх болж, одоо ч энэ нэрээрээ буй. Эрт үеэс энэ толгойг дахиж шүтэж ирсэн ба ойр хавьд нь нүүж буух, мал бэлчээрлүүлэх, эмийн ургамал түүж газар хөндөхийг цээрлэсээр иржээ.
Бас  Хүйтэний голын эх Бичигт хошуунд нэгэн бичгийн дурсгал бий. Энэ монгол дөрвөлжин бичээсүүд хятад хар бэхээр бичигдсэн байдаг ба зарим үгсийг бүрэн тайлж унших боломжгүй болсон ч эрдэмтэд тоймлон ерөнхий утгийг гаргажээ. Уг хаднаа “ Мөнх тэнгэрийн хүчинд хааны  суу дор ... хүр \дурсгал\ болгон бэлгэдэж  тахиа жилийн есөн сарын шинийн наймнаа” гэжээ. Үүнээс гадна зосоор зурсан даль жигүүрээ дэлгэн нисч буй шувуу, хүмүүс, дөрвөлжин хүрээн дотор хүн малын тооллого байж болох олон цэгүүдийг дүрсэлсэн хадны зургууд байдаг.   

2.15.2014

Түрэгийн Билгэ хааны гэрэлт хөшөөний бичээс

Орхоны хөндий.  Архангай аймгийн Хөшөө Цайдамд  Түрэгийн Билгэ хаан түүний дүү Культегин нарын гэрэлт хөшөө оршино. Одоо энэ газарт монгол-түркын  судлаачид ажиллаж хааны онгон , тахилгыг судлан малталгын явцад гарсан хааны титэм, алт мөнгөн эдлэл зэрэг зүйлсийг олны хүртээл болгох зорилгоор музей байгуулж. Хархориноос ердөө 45км засмал замаар давхиад очно. Ёстой үзүүштэй газар болсон байна лээ. Эндээс  Өгий нуур  их ойрхон зам цагаан,  аятайхан маршрут. Билгэ хааны гэрэлт хөшөөний бичээс бол эртний руни бичиг. Билгэ хаан уг бичээснээ өөрийн улсын түүхийг хэлж бичүүлсэн байх юм.  

Тэнгэрээс ивээлт  тэнгэрлэг түрэг Билгэ хаан. Үг ману: Дээр хөх тэнгэр, доор бараан дэлхий үүдсний завсарт хүний хөвгүүд буй болсон ажгуу. Эстими хаан хэмээн алдаршсан миний дээд өвөг Буман хаан хүний хөвгүүдийг эзлэн сууж  эл улсаа тэтгэн, засаг төрийг бататгавай. Дөрвөн зовхисын  олон аймгийг  хүчээр дагуулан номхтгоод , толгойтныг бөхийлгөн тойгтныг сөгтгөвэй. Зүүнш Хадарганы хөвч, баруунш Төмөр хапаг хүртэл улсаа нутаглуулах, энэ хоёрын завсар сурвалжтан улс үгүй  Хөх Түрэг удтал нутаглан суужээ.  
Өвөг Буман мэргэн хаан бөлгөө. Баатар хаан бөлгөө. Түүний сайд нь мэргэн  баатар, бэхи нар болоод  албат олон цөм шударга тул эл улсыг удтал тэтгэн төрийг бататг ажээ. Насан эцэслэсэнд наран мандах зүүн зүгийн бүхэл талын аймгийн хүмүүн Нанхиад, Төвд, Парфурум, Хиргис, Уч, Хуриган, Отус, Татар, Хятан,Татаби зэрэг өчнөөн  олон улсын хүн ирж хүйлэн хайлан гашуудан уйлав.  Тийм алдарт хаан агсан ажгуу. Түүний сүүлд дүү нь хаан болов. Хөвгүүн нь хаан суув. Дүү нар нь ахас лугаа адилгүй. Хөвгүүд эцэг лүгээ адилгүй болсон учир будангуй хаад ширээг залгамжлан, уйлхай хаад төрийг  барьж сайд нь будангуй, уйлхай бэхи болоод албат олон шударга батгүй, нанхиадууд хутган эвдрүүлж хөнөөсөнд дүү нар нь ах нар лугаа эвдрэлцэн муудалцаж , бэхи нар албатолон лугаа харшлан  хөнөөлцсөн тул Түрэг улс эрхэм болсон эл улс юугаа эвдэж, эзэн болсон хаад юугаа тэвчлүгээ. Хүчирхэг хөвгүүд нь  нанхиадын боол боллоо. Ариун охид нь нанхиадын  шивэгчин боллоо. Түрэг бэхи нар түрэг цолоо гээж нанхиад бэхи нарын адил нанхиад цол хүлээн зүүж  нахиад хааныг дагаж тавин жилийн турш сэтгэл хүчээ өгч, зүүнш наран мандах зүг Бүгли хаан хүртэл баруунш Төмөр хапаг хүртэл тэдэн лүгээ яван нанхиад хаанд  эл улс  эрх  мэдлээ өгөв.
Хамаг Түрэгийн харц иргэн өгүүлрүүн: Эл улс бөлгөө би. Эл улс мину хаана байнам? Хэнд улсуудыг дагуулнам билээ би. Хаантай улс билээ би. Хаан мину хаана буй? Ямар хаанд сэтгэл хүчээ өгнөм билээ би?  Тийн хэмээгээд нанхиад хаанд  дайсан болж  хуучин нутагтаа хүчийг тэжээсүгэй хэмээн нүүн ачаалав. Эд нар сэтгэл хүчээ өгөхийг бодохгүй болбоос  Түрэг улсыг хядан алж үрийг тэжээсүгэй хэмээн нанхиадууд  хэдэн удаа цэрэг явууллаа. Дээрээс Түрэгийн тэнгэр доороос ариун дэлхий , ус   Түрэг улс  үл сөнөх болтугай. Өнөд орштугай хэмээн миний эцэг Элтэрэс хаан, эх Элбилгэ хатан зулайгаас өргөн дэвшүүлэв. Миний эцэг хаан агсан хорин долоон эрийн хамт мордлоо. Түүний захад явсныг хот дахь хүмүүс сонсоод хотоос гарч уулан дахь хүмүүс уулнаас угтан бууж бүгд нийлж далан эр боловой.
Тэнгэрээс ивээн тэтгэснээр хаан эцгийн цэрэг чоно мэт харш дайсан нь хонь мэт болж зүүнш баруунш явсаар хүчийг бүртгэн, хүнийг ятган бүгд долоон зуун эр боллоо. Цэргийн тоо долоон зуу хүрсэнд биеэ хаанд үзэн,тус тусын улс мэт бологсод, бусдын боол бологсод, Түрэгийн ёс төрийг тэвчигсэд бүхнийг миний өвгийн ёсоор засаж эрэлхэг баатар болгоод , таилаш,тардус аймгийг улсын олон аймгийн дотор байваас зохих байрыг заан тогтоож  ягбу, шадтай болговой.
Өмнө зүгээс нанхиад улс, умраас тогус огусын хаан дайсагнан харшлалдаж  хиргис, хуриган отус татар, хятан, татаби нар цөм довтлолдов. Миний  эцэг хаан энэ олон улс лугаа байлдахаар дөчин долоон удаа цэрэглэж хорин удаа хутгалдан байлдав. Тэнгэр ивээн тэтгэсэн тул эл улсыг бататган хаан төрийг засаж дайсныг номхотгон тойгтныг сөгтгөв, толгойтныг бөхийлгөв. Эцэг хаан минь төрийг төвшитгөн засаж халилаа. Хаан эцгийн хүүрт хааны балбалыг тэргүүн болгон тавив.
Хаан наснаас нөгчсөн цагт би найман наст бөлгөө. Миний авга хаан суугаад Түрэг улсыг засан тэнхрүүлж  үгээгүйг баялаг, өнчнийг өнөр болгов. Авга хаан ширээнээ суухад би тегин бөлгөө. Тэнгэрийн ивээлээр би хорин дөрвөн насандаа Тардуш улсын шад боллоо. Хаан авгын хамт зүүнш Шандун газрын Ногоон голын тал хүртэл, баруунш Төмөр хапаг хүртэл аялан явж Хөгмэнийг даван Хиргисийн нутаг хүрлээ. Бүгд гучин таван удаа цэрэглэн  аялж, хорин гурван удаа байлдаад эл улсыг бататган, хаан төрийг тэтгэн, тойгтныг сөгтгөлөө, толгойтныг бөхийлгөлөө. Түргэшийн хаан угаас миний албат түрэг хүн бөлгөө. Ухваргүй тул хэрэг алдаж ял олоод үхэв. Түүний хойно сайн бэхи нар цөм үхэв. Түүнийг дагасан улс иргэн цөм зовлонг олов. Манай өвгөдийн энэ газар ус эзэнгүй аху нь зохихгүй тул Ас улсыг зохиов. Барс бэхид  хаан цол өгч дүү гүнжийг эм болгон өглөө. Түүний бие ял олоод үхэж улс иргэн нь боол шивэгчин боллоо. Хөгмэний газар ус эзэнгүй аху нь зохихгүй тул би Ас, Хиргис улсыг зохион засав. Зүүнш Хадарган хөвч хүртэл дагасан улсыг суулган засаж баруунш Гэнгү тарман хүртэл Түрэгийн нэгэн хэсэг улсыг суулган заслаа. Тэр цагт манай боол өөрснөө боолтой, манай шивэгчин өөрсдөөн шивэгчинтэй бөлгөө. Дүү нар нь ахсыг чирэгдүүлэхгүй, хөвгүүд нь эцэгсийг чирэгдүүлэхгүй бөлгөө. Эл улс засаг төрөө энэ мэт батагавай.
Огус түрэгийн бэхи болоод албат олон та бүхэн сонсогтун. Дээр аху тэнгэрээс дарах, доор аху газраас цөмрөх аюулгүй агсан Түрэг улс. Эл улс төр засгийг хэн дэлгэрүүллээ. Чи язгуураас шударга түрэг улс бөлгөө. Гэмшин гэмшигтүн. Чиний шударга журамтайд мандсан Билгэ хааны хөгжүүлсэн сайхан эл улсын өмнө гэм алдал үйлдэж  уйльхайлан умдгайдав, чи. Чамайг сарниулсан байлдааны аюул хаанаас гарлаа? Чамайг дагуулсан хатгалдах санаа хаанаас гарлаа? Өтгөн хөвчийн улс чинь нүүн явж нэгэн хэсэг чинь зүүнд одлоо. Нэгэн хэсэг чинь баруунд одлоо. Одсон газар бүхэнд сайныг олсон  чинь ганц цусаа ус мэт урсгаж, ясаа уул мэт овоолон хүчтэн хөвгүүнээ боол болгож, ариун охидоо шивэгчин болголоо. Чиний ухваргүй уйлхайн учраас хаан авга халив. Хөшөөний тэргүүнд би Хиргис хааны балбалыг босгов. Түрэг улсын нэр алдар үл сөнөх болтугай хэмээн  хаан эцэг, хатан эхийн өргөмжилсөн улсыг  заяагч тэнгэрээс Түрэг улсын алдар нэр үл сөнөх болтугай хэмээж миний биеийг хаан  болгов. Би эд малаар баян улсын хаан болсонгүй, аманд хоолгүй,  мөрөнд хувцасгүй буурай ядуу улсын хаан боллоо.
Дүү Культегин бид хоёр хоёул шад бөлгөө. Өвөг дээдсийн мандуулсан улсын алдар нэр мөхөн сөнөвөөс зохихгүй хэмээн хэлэлцэж Түрэг улсын учир шөнө үл унтан, өдөр сул үл суун дүү Культегин бид  хоёр шад  үхэн цуцтал зүтгэн оролдож  улсыг их болголоо. Ийнхүү зүтгэн байлдахад улсыг гал, ус үл болгон, сарнин тархаж цуцан ядуурагсад хуран чуулсныг тэнхрүүлэхийн учир умраад Огус улс, зүүнш Хятан, Татаби өмнөдөд нанхиадыг байлдахаар  аялж хорин хоёр удаа байлдвай.
Тэнгэрээс ивээж өлзий хутаг соёрхсонд би мөхөхөд  хүрсэн улсыг өргөн тэнхрүүлж нүцгэн улсыг хувцастай, ядуу улсыг баян, өнчин улсыг өнөр болгож , эл улсын элдэв зүйлсийг засан, хаан алдрыг бататгавай. Дөрвөн зүгийн улсыг хүчээр номхотговой. Миний олон хаад намайг харшлах сэтгэлгүй дагажээ.  


2.13.2014

Хөгнө-Тарна

Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Өвөрхангай аймгийн Бүрд зэрэг гурван сумын нутаг дамнасан нийтдээ 84390 га талбай бүхий Хөгнө-Тарна байгалийн цогцолбор газар. Хөгнөхаан уулыг эрт дээр үеэс "Хан" хэмээн шүтэн хамгаалж ирсэн бөгөөд энд Тахилгын овоо, Сантын овоо, Бага ханы овоо зэрэг тахилгатай газрууд бий. Хөгнөхаан уул нь Богд хаант монгол улсын үед төр шашины холбогдолтойгоор тахин шүтэж ирсэн дөрвөн хан уулын нэг нь байжээ.

Энэ нутгийн гадарга нь Орхон-Туулын савын 1500-2000 м өндөртэй бэсрэг, нам уулс, цав толгод, тэдгээрийн хооронд орших талархаг гадарга бүхий тогтоцтой. Хөгнөхааны уулын системд хамрагдах уулс нь харьцангуй нам, хамгийн өндөр оргил Цэцэрлэг 1968.8 м өндөртэй. Түүний захын хамгийн нам уулс, цав толгод 1300-1500 м өндөртэйЦогцолбрын хамгийн том гол нь  Хангайн нурууны зүүн хэсгийн бэсрэг уулсын нэг болох Зүүн Хайрхан уулын умарт биеэс эх аван урсах Тарнын гол ба Туул гол руу цутгах энэ гол нь Орхон-Туулын ай савд багтана. Тарнын голын баруун гараас Ар Жаргалант, Чулуут зэрэг голууд цутгадаг. Ууландаа гол горхи бараг байхгүй, харин гүний усны нөөц сайтай олон булагтай.

Тарнын голын баруун  биеэр зүүн урагш 80 орчим км урт үргэлжилсэн "Их Монголын элс" хэмээх элсэн тарамцаг оршино. Энэхүү томоохон элсэн хуримтлал нь Тарнын голын эх болох Шарлин, Жаргалант голуудын бэлчир, Их Монгол уул (1675.0 м) орчимд хамгийн өргөн (9-10 км) Тарна, Элстийн голын гольдрол даган Чулуутын овоо (1525.9 м)-ноос доош бараг Булган аймгийн Гурванбулаг сумын төв хүртэл нарийн зурвас (3.5 км) байдлаар үргэлжилнэ.

Цогцолборт газрын бэсрэг уулсаар буга, гөрөөс, гахай, мануул, үнэг, хөрс, чоно, дорго, өмхий хүрэн, туулай зэрэг амьтадтай. Мөн дагуурын зараа, сахалт багваахай, жижиг соотон багваахай, урт сүүлт зурам, хадны барагшин, орог зусаг, үлийн цагаан оготно, монгол чичүүл сибирийн алаг даага зэрэг жижиг хөхтөн амьтад элбэг юм. Суурин жигүүртнээс цармын бүргэд, харцага, идлэг шонхор, шилийн сар, начин шонхор, хайргууна шонхор, хотны бүгээхэй, адууч чогчоохой, хон хэрээ, шаазгай, шар шувуу, ууль, ятуу хийгээд нүүдлийн жигүүртнээс хөхөө, өвөөлж, элээ, гол горхиор ангир, галуу, нугас, тоодог,хавтаалж, зуун хурга зэрэг шувууд ирдэг.

Хөгнөхаан ууланд Өвгөн, Залуу хийд, Мойлтын амны хойд талд Сэнжит цохионд
хүрэл зэвсгийн үеийн хадны сүг зураг, янгирын зураг, Ямаатын цагаан хөтлийн ар талын амны хаданд янгир, чоно, бугын зураг, Элсэн тасархайн элсний зүүн дэргэд боржин чулууны хөшөө, Аман хадны буюу мааний хадны мааний үсэг, Хөгнөхаан уулын баруун урд үзүүр Устын амны дэлээс 12 орчим км-т Ташуугийн өвөлжөө гэдэг газар Хийдийн давааны ар талд олон тооны булш байдаг. Мөн хамгаалалттай газар нутагт Монголын анхдугаар богд өндөр гэгээн Занабазарын мэндэлсэн нутаг болох Ширээт цагаан нуур, Бурхадын хөдөө нуур, Тахилт нуур, Адуун нуур, Тарнын гол, шүлүүтийн гол, Шарлин, жаргалантын гол байхаас гадна Тольт баян түрүү гэх мэт хүний биеийн эрүүл мэндэд онцгой ач тустай рашаан ус байдаг.

2.10.2014

Монголчуудын уг гарал үүсэл ба анх түүхэнд тэмдэглэгдэх болсон үе

Манай монголын ерөнхий сайд асан түүхч Анандын Амарын “Монголын товч түүх” номноос хэсэгхэн хүүрнэх гэсэн юм.
Монгол үндэстэн нь гагцхүү Чингис хааны үед шинээр үүсэн буй болсон бус хүн төрөлхтөн анх ярих хэлтэй болсон цагаас эхлэн монгол хэлээр хэлэгч нэгэн тусгай үндэстэн аймаг байсаар ирсэн нь хэзээд мадаггүй үнэн. Монголын түүх гэдэг нь эрхбиш  монгол үндэстний анх сонсогдож мэдэгдэх ба түүхэнд тэмдэглэгдэх болсон цагаас эхлэн өгүүлэх аваас сая бодитой бүрэн бүтэн түүх болно.
МЭӨ 400-гаад оны үеийн Хятадын байлдаант долоон улсын Цинь улс, Жао улс, Янь улс гурав нь Монгол лугаа зах нийлэн суужээ. Цинь улс  Ицюйг дуусгаж одоогийн Ганьсу,Шэнси мужийн хойгуур орд хот цогцлоож  Монголыг хаав. Жао улс  Ордос хавийг эзлэн сууж, Янь улс Дунху-г дарж мянганы газар хөөн монголыг халхалжээ. Ицюй гэж эртний монгол аймгийн нэр, Дун ху гэж зүүн монгол мөн.
Цинь  Шихуан нь бусад зургаан улсаа мөхөөн их Цинь улс \МЭӨ403-221он\байгуулан  Цинь  төрийг хүннү нар мөхөөнө гэсэн зөнчийн үгэнд итгэн жанжин Мэн Тяньд гучин түмэн цэрэг өгч Хүннүг алс умар зүг хөөн урд байгуулсан урт цагаан хэрмийг засч баруун Линьтао газраас зүүн Ляодун хүртэл түм илүү газар цогцлоов. Линьтао гэдэг нанхиадаар Ордос нутгийг хэлдэг.
Нанхиад улсын умард хязгаар дагуу маш олон өөр нэртэй улс аймаг ээлжлэн халалцсаар ирсэн нь үнэн боловч эдгээр нь чухамдаа монгол, түрэг, зүрчид гурван үндэстэн болох ба аль нэг нь удирдан дагуулж  нөгөө хоёр нь түүн дотроо багталцан явж нанхиадтай байлдан дийлж дийлэгдэн явжээ. Нанхиадууд монголыг тэднээс ялган  эрт үеэс Ху хэмээн нэрлэж  байж. Дунху буюу зүүн Монгол, Линь ху буюу баруун монгол хэмээн хэдэн мянган жилийн өмнөөс Дорнод Азийн судар, түүхэнд тэмдэглэгдсээр иржээ.
Монгол үндэстэн эрхбиш баруун зүгээс ирсэн байж болзошгүй бөгөөд төвд энэтхэгүүд монголчуудыг  Хор буюу Согбу хэмээн нэрийднэ. Тэрхүү Хор хэмээх  үндэстэн нь Энэтхэгийн баруун хойно бүхий Моугал хэмээх нэгэн аймгаас тасарч зүүн зүгт очиж суусан хэмээдэг.
Чингисийн өмнөх 1367-1136 оны  Хань улсын 14-р Мин Ди хааны үеийн эрдэмтэн Фа Сяны Энэтхэгт очсон тэмдэглэл, түүнээс 300 жилийн дараа Тан улсын эрдэмтэн лам Тансаны мөн энэтхэг явсан замын бичигт Монголын их Ху ханыд очив гэдэг.
Бас Төвдүүд монголыг эрт цагаас дээд, дунд, доод Монгол гэж гурав хуваадаг бөгөөд дээд Монголыг Ил Тарвагатай хавиас эхлэн Төвдийн араар Энэтхэгийн хойд зах шахам хүртэл боддог.
Монгол хэмээх нэр нилээд эрт цагт байсан бололтой. Тан улс Монголыг  Мэнгу хэмээн нэрлэж байсан ба  МЭ 25 оны үед  Мэнгу нэртэй аймаг байж хэмээн сударт тэмдэглэжээ. Энэтхэг орны Моугал хэмээх үндэс нь Монголын овог мөн байж болзошгүй, судлууштай.
Мөн монголын эрт язгуур цагаас нааших түүх сударт байдаг Шарай голын гурван хааны Цагаан гэрт хаан монгол үндэстэн мөн байсан ба түүний хотын туурь нь Төвдийн Ханба хэмээх газрын Буруцу хэмээх гол буй. Тэдний үлдэгдэл цагаан Монголчууд одоо ч тэнд сууж буй.
Ер нь монгол үндэстний зарим хэсэг маш эрт баруун зүгээс тасран гарч Хянганы нуруу хүртэл хэсэг хэсгээр цацран тархаж суусан мэт бөгөөд  язгуурын газар үлдэгсэд зам зуур хоцрогсод  уван цуван нийлж.

Монгол хэлний аялгуу нь энэтхэгтэй их ойр гэдэг ба монгол хэлэнд энэтхэг, согд, уйгар үгс маш олон байдаг. Монголын үсэг бичиг, соёл боловсрол, шашин шүтлэг анх цагт Нанхиад ба Төвдөөс уламжилсан бус  энэтхэг, согд , уйгар нараас уламжилсан байна.   

2.02.2014

Нутгийн түрэг бичээс

                              

Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн нутаг Байшин үзүүрийн Жүргэрийн цагаан толгой хэмээх газар нэгэн түрэг бичээс  оршино. Бичээсийг 1959 онд түүхч Х.Пэрлээ нутгийн хүмүүсээр заалгаж анх шинжлэх ухааны эргэлтэнд оруулжээ. Гэвч 1970-аад он хүртэл уг бичээсийг хэн ч сонирхон үзэж, уншиж тайлахыг оролдсонгүй. 1969-1970 онд Монгол Зөвлөлтийн хамтарсан шинжилгээний ангийн “Гэрэлт хөшөө хад чулууны бичээс судлах анги” уг бичээсийг газар дээр нь дахин нягтлан үзэж, улмаар түрэгч М.Шинэхүү тайлан уншжээ.
Бичээс буй газар нь том том бор саарал өнгийн боржин чулуу бүхий ихээхэн хадархаг, хоорондоо тасархайтсан хөтөлтэй гурван жижиг цуваа шовх толгод бөгөөд түүний хамгийн урд талын толгойн гурван хадан дээр энэ бичээсийг ухаж бичжээ. Бичээсийн хажуугаар басхүү олон янзын тамга хийгээд амьтны дүрс сийлсэн байдаг байна.

Нутгийн тухай гурвалсан домог

Нэг. Амбан толгой
Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн нутагт орших Баянцагааны нурууны баруун талын Авдрантын нурууны зүүн тал дахь өвс ургамал тэгш сайхан хоолойд  ундарга ус сайтай гар худагтай Амбан толгой гэж бий. Энд худаг  ус гаргаж нутгийн ардуудаас мал сүрэг цуглуулан хошуундаа төдийгүй Ховд, Улиастайд  зартай баян эр амбан болсон учир уг бяцхан толгойг нутгийнхан “Амбан толгой” гэдэг домогтой болсон төдийгүй худгийг нь “Амбаны худаг” гэх болсон ч  одоо Баян толгойн худаг гэх болжээ.  

Хоёр. Хойд,Урд Бааст толгой
Амбан толгойн зүүн хойд талд баруунаасаа зүүн тийшээ хоорндоо  4-5км зайтай хоёр толгойг нутгийнхан  Хойд Бааст, Урд Бааст толгой гэж нэрлэдэг. Амбаны адуун сүргээс гүйсэн ороо цавьдар морь харайж явахдаа эхлээд урд толгойд дараа нь хойд толгойд  нь ихээхэн хомоол үлдээснээс  Бааст толгой гэж нэрлэжээ.

Гурав. Харайдагийн үзүүр

Баянцагааны нурууны баруун талд зүүн тийш сунаж тогтсон нэгэн хадан үзүүр бий. Үүнийг Харайдагийн үзүүр гэнэ. Амбан толгойн баян амбаны адуунд нутгийн ардаас өр төлөөсөнд авсан салхинаас хурдан ороо цавьдар морь байжээ. Уг морийг барьсан хүнд амбан их хэмжээний шан өгнө гэж зар тараажээ. Хошуу нутагтаа нэртэй хэсэг адуучид ороо цавьдар морийг Харайдагийн хадан үзүүр хүрээд харайлгаад барааг нь алдсан гэдэг.  

Марко Поло монголчуудын тухай


Чингисийн удам угсааны их хаадыг цөм Алтайн их ууланд онголон оршуулна. Татарын их эзэн хаад хаана халин одсон ч, ер Алтайн уулсаас зуун өдөрчийн хол газар байвч ялгаагүй, тэр ууланд аваачиж нутаглуулдагийг мэдвэл зохилтой. Өөр бас нэг гайхалтай зүйл буй. Үүнд: Их хаадын шарилыг онголохоор дөчин хоногийн турш залж явах замын гудаст тохиолдсон аливаа бүх хүнийг барагцаалбал, өдөрт дөч буюу заримдаа түүнээс олон, заримдаа түүнээс цөөн хүнийг мэслэн хороогоод “манай эзэн хааныг дагалдан нөгөө ертөнцөд одож хүчээ өгөгтүн” хэмээн шарилыг дагуулан хойллого үйлдэнэ. Хүлэг морьдоор ч мөн тийнхүү хойллого үйлдэнэ. Мөнх хаан таалал төгсөхөд түүний шарилыг онголохоор Алтайн уулс руу залж явах замын зуурт тохиолдсон хоёр түм илүү хүнийг хороосныг мэдэлтэй.

Татарчууд өвөлдөө малын өвс бэлчээрт тохиромжтой, ээвэр дулаахан тал хээрээр нутаглавч, зуны цагт ус бэлчээр хөөж, газрын сэрүүнийг даган, уулсын зоо нуруу, ой шугуйтай газраар зусна. Тэд нарын гэр дугараг хэлбэртэй бөгөөд савх мэт моддыг хооронд нь сайтар бэхлээд, гадуур нь эсгийгээр бүрсэн байна. Гэр нь нүүж суухад тохиромжтой, хөнгөн бөгөөд түүнийгээ үргэлж тээж нүүдэллэнэ. Тэд гэрийнхээ үүдийг ямагт өмнө зүг рүү хандуулж барина. Бас хөсөг тэргээ хар эсгийгээр бүрдэг. Тэр эсгий нь сайн, бүтэн өдөр бороо оровч эс нэвтрэх тул тэргэн дотор дусаал эс үзнэ. Тэргэнд шар үхэр болон тэмээ хөллөж, эхнэр хүүхэд сууж явна. Эхнэрүүд нь арилжаа хийж, эрдээ хэрэгтэй бүхнийг худалдан авч, гэр орны аж ахуйгаа хөтөлнө. Эрчүүд нь аливаад санаа зовнихгүй, аян дайн хийж, шонхор талбин араатан жигүүртэн авлана. Тэд мах сүүгээр хооллож, алив ангийн мах, түүний дотор тал хээрт хаа сайгүй элбэг бүхий тарвага агнаж иднэ. Тэд бас адууны болон нохойн мах идэж, гүүний сүү айраг ууна. Тэд янз янзын мах иднэ. Бусдын эмстэй ер хавьтахгүй бөгөөд чингэхийг тусгүй,  шившигт явдал хэмээн үзнэ. Тэдний бүсгүйчүүд нь эр нөхөртэй үнэнчээрээ зартай бөгөөд гэр орныхоо ажлыг сайхан эрхэлнэ. Тэд гэрлэхдээ хэдэн ч эхнэр авч болно. Хэрэв хүсвэл зуун эхнэр ч авч болох бөгөөд гагцхүү тэдний чадал чинээ л мэднэ. Эхнэрийн эхэд сүй бэлэг өгдөг атал харин эхнэр нь нөхөртөө юу ч эс авчирна. Олон эхнэртээ эрийн авааль гэргийг их эхнэр хэмээн, хамгийн эрхэмд үзнэ. Тэд бүл болоод үеэл эгч  дүүстэйгээ гэрлэдэг төдийгүй эцэг нь нас барахад ууган хүү нь өөрийн эх л биш бол эцгийнхээ эхнэртэй ч гэрлэнэ. Бас ах дүүс нь нас барахад тэдний эхнэртэй ч гэрлэнэ. Хуримлах ёслолын найр нь маш хөлтэй, дорвитой болно.

Татарчуудын сүсэг бишрэл нь дараах мэт болой. Юу гэвэл, тэдэнд нэгэн бурхан буй бөгөөд түүнийгээ Начигай хэмээн нэрлэнэ. Начигай бол газар дэлхийн эзэн сахиус бөгөөд тэдний үр хүүхэд, мал сүрэг болоод тариа будааг ч цөм ивээлдээ багтаадаг гэлцэнэ. Түүнийг айл бүхэн гэртээ эрхэмлэн тайж мөргөл залбирал үйлдэнэ. Тэрхүү онгоноо эсгий хийгээд цэмбээр үйлдэж гэр гэртээ тайж тахидаг бөгөөд басхүү түүний эхнэр хүүхдийг нь хийж тавьсан байна. Эхнэрийг онгоны зүүн биед, хүүхдийг нь өмнө биед нь залаад цөмд нь мөргөл залбирал үйлдэцгээнэ. Хоол идэх үедээ өөх тос зэрэг дээжээр нь онгон, түүний эхнэр хүүхдийн амыг мялаагаад дараа нь шөл шүүсээр гэрийн үүдэн тус газраас цацал өргөнө.

Тэд гүүний сүү ууна., тэгэхдээ цагаан дарстай адилаар амтархан ууна. Тэр нь маш сайхан амттай. Түүнийг айраг хэмээн нэрлэнэ. Тэдний хувцас гэвэл: Баячууд нь алтан саатай магнаг торгоор хийж, өд ноолуур хийгээд булга, суусар, галт хар үнэг, үнэгний арьсаар доторлосон буюу эмжин хажсан дээл өмсөнө. Гоёл чимэглэл нь маш сайхан бөгөөд үнэ ихтэй.

Татарчуудын зэр зэвсэг нь нум сум, илд, мунчирга, шийдэм ажээ. Тэд нум сумыг голлон хэрэглэдэг бөгөөд харвахдаа мэргэн хавтай. Махь болон бусад амьтны ширийг болгож хийсэн маш бөх сайн дэглий хуягаар зоо нуруугаа хуяглана.

Тэд байлдах тулалдахдаа онц гарамгай, баатар зоригтой. Заримдаа бачим чухал үед бол татарчууд гүүний айргаар ундаалан, өөрсдөө ан хийх зэргээр аргацаан элдэв дээдийн хоолгүйгээр бүтэн сар ч явж чаддагийн дээр тэдний морьд нь хээр бэлчээрлэн аль тохиолдсон өвсийг иддэг тул тэжээлийн арвай, буурцаг алийг нь ч тээж явахын хэрэггүй байдаг. Тийм учраас тэд аялан явахдаа бусдаас давуу бөлгөө.

Тэд эзэд ноёддоо үнэнч, дуулгавартай бөгөөд хясаантай давчуу цагт зэр зэвсгээ агссан чигээрээ бүтэн шөнөжин морины нуруунаас буулгүйгээр морио идээшлүүлэн хононо. Аливаа хүчир бэрхшээл, хүнд зүдүүрийг дааж гарахдаа өөр бусдаас илүү учир бага зардал сүйтгэлээр олон улс орон хийгээд дэлхийг байлдан дагуулах чадвартай ард түмэн юм.

Татарчууд зарлиг тушаалыг ертөнцөд хосгүй сайн дагаж гүйцэтгэнэ. Аливаа хэргийн учир цэргийн анги уул тал ер хаагуур явавч хоёр зуугаад хүнтэй манлайн хайгуул ангийг хоёр өдрийн өмнө урдаа илгээж, бас тийм тооны цэргийг хойд тал хийгээд хоёр хажуудаа тус тус гаргаж өөрөөр хэлбэл дөрвөн талдаа цэрэг гаргаж дайсны гэнэтийн довтолгооноос сэрж сэргийлнэ. Тэд удаан хугацаагаар аян дайнд мордохдоо ундааны сүү агуулах хоёр арьсан тулам, мах чанах шавар савнаас өөр илүү сав хэрэглэлийн зүйл эс авч явна. Тэрчлэн хур бороотойд толгой хоргодох жижиг майхантай явна.

Тулгам бэрх үед гал түлж хоол унд хийж идэхгүйгээр өөрсдийн морьдынхоо судсыг ханаж, цусаар нь ундаалан өл залгасаар арван хоног ч мориноосоо буулгүйгээр шавдан довтолгодгийг та нарт өчье. Тэд бас өтгөрүүлэн зуурмаг мэт болгож хатаасан хуурай сүү авч явдаг бөгөөд түүнийгээ усанд хийж хутгаад задран уусахаар нь уудаг.

Тэд дайсантай байлдахдаа дараах аргаар дийлнэ. Юу гэвэл: дайсан этгээдээс дутаан ухрахыг ичгүүртэйд үл үзнэ. Ухарч нэхүүлж байгаад гэнэт эргэн сөрж харвацгаана. Тэдний агт морьд сургуультай, аль жолоо залсан зүгт нохой мэт алавхийн давхина. Тэд буруулан дутааж явахдаа ч дайсантай халз байлдаж байгаа мэт нэн эрэлхэг чадамгай эсэргүүцэн, дайсны хүн морийг гэдрэг мэргэн харван унагасаар явдаг бөгөөд тэгснээ гэнэт эргэн сөрөөд, тэдний дутаасанд нь хууртан, няцаан дийлж хүчийг нь сарниулав хэмээн эрэмшин нэхэж явсан дайсны морьдыг нь харван унагаж, хүмүүсийгнь үлэмж цохино. Татарчууд ингэж дутааж явахдаа дайсны хүн мал олноор хиарсныг хараад, гэдрэг гэнэт эргэн сөрж хавтай эрэлхэг байлдан дайснаа бүрмөсөн сүйрүүлэн ялж дийлнэ. Тэд аливаа тулаанд тийнхүү ялсаар олон ард түмнийг байлдан дагуулсан ажгуу.

Тэдний ахлагч тэргүүлэгч хийгээд бусад мал сүрэг олонтой хүмүүс цөмөөрөө азарга, гүү, тэмээ, бух, үнээ ер нь аливаа бод малдаа өөрийн тамга тэмдэг арна. Тэдгээр тамга тэмдэгтэй малаа уул талаар хариулгагүй бэлчээдэг бөгөөд сүрэгтэй нь өөр хүний мал нийлбэл тамга тэмдгээр нь ялган таньж, эзэнд нь буцааж өгнө. Харин хонь ямааг бол хүн хариулна. Тэдний мал сүрэг цөм бие бадриун, тарган нь зартай.

Марко Поло “Орчлонгийн элдэв сонин” номноос