12.06.2021

"Монголын нууц товчоо" Чингисийн идэр нас /76-80/

 

76. Нэгэн өдөр Тэмүжин, Хасар, Бэгтэр, Бэлгүдэй дөрөв хамт сууж загас гөхидөхөд, нэг гэгээн согос загас гөхид торжээ. Тэмүжин, Хасар хоёроос Бэгтэр, Бэлгүдэй хоёр загасыг булааж авав. Тэмүжин, Хасар хоёр гэртээ ирж үжин эхэд өгүүлрүүн: "Нэгэн цайвар загас гөхид орсныг Бэгтэр, Бэлгүдэй ах дүү хоёулаа булааж авав" гэвэл үжин эх өгүүлрүүн: "Та нар нэг эцгийн хөвгүүд байтал юунд тэгж маргалдана. Одоо сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуур үгүй байгаагаа мэднэ биз. Ийм бол бид тайчууд нараас яахин өшөөгөө авч чадна. Урьдын Алунгуа эхийн таван хөвгүүд мэт яагаад эв эегүй болов? Та нар битгий тэг" гэв.

77. Тэндээс Тэмүжин, Хасар хоёр үл ойшоон өгүүлрүүн: "Өчигдөр нэг болжмор алсныг булааж авсан билээ. Энэ өдөр бас дахин булаав. Ийм бол эдэнтэй хамт яаж амьдарна" гээд гэрийн үүдийг ширүүн хаяж, гарч одов. Бэгтэр довцог дээр есөн шарга морио хариулж суутал, Тэмүжин хойноос нь, Хасар өмнөөс нь нууцаар онилоход Бэгтэр үзээд өгүүлрүүн: "Тайчууд ах дүү нарын хөнөөлийг хүлээгээд, өшөөгөө дуусган авч чадаагүй байтал, та нар намайг яаж нүдний сормуус, амны бөөлжис болгоно? Одоо сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуур үгүй байтал юунд ингэж байна? Голомтыг минь бүү бүрэлгэгтүн! Бэлгүдэйг бүү хөнөөхтүн" гээд  завилан сууж хүлцэв. Тэмүжин, Хасар хоёр хойно, урдаас нь харван алж одов.

78. Тэмүжин, Хасар хоёр гэртээ ирж ороход, үжин эх хоёр хөвгүүний царайг хармагц даруй учрыг мэдэж өгүүлрүүн: 
    "Ханиа барагсад
      Ижлээ идэгсэд
      Халуун хэвлийгээс минь гарахдаа
      Хар нөж атгаж төрсөн билээ.
      Хавиргаа хазах хар нохой мэт
      Хаданд довтлох харцага, шонхор мэт
      Уураа даран ядах омогт арслан мэт
      Амьдыг залгих аюулт мангас мэт
      Сүүдрээ довтлох сүрхий араатан мэт
      Цугыг залгих цурхай загас мэт
      Ботго, тормын борвийг хазах буур мэт
      Бороот өдөр довтлон халдах өлөн чоно мэт
      Нялх үрээ гилэн ядаж, нядлан идэх нүгэлт ангир мэт
      Хэвтэшийг нь хөдөлгөвөөс гэдрэг довтлох хэрцгий цөөвөр мэт
      Барьж идэх барс араатан мэт балмад амьтас буюу
      Сүүдрээс өөр нөхөргүй
      Сүүлнээс өөр ташуур үгүй байхад, тайчууд нарын хөнөөлийг хүлээж, өшөөгөө хэн яаж авах вэ? гэж байхад та нар юунд ийм хэрэг хийв" гэж эртний үгийг иш татаж, өвгөдийн үгийг үндэс болгож хөвгүүдээ ихэд буруушаан зэмлэв.

79. Тэгж байтал тайчуудын Таргудай Хирилтуг нөхдөө дагуулж " Хурганы үс гуужав, төлөгний бие төлжив" гээд довтлохоор ирэв. Тэднээс айж Өүлэн үжин хөвгүүдийн хамт ой шугуйд дутаав. Бэлгүдэй мод хугалж, шивээ барив. Хасар харван байлдаж, Хачиун, Тэмүгэ, Тэмүлэн гурвыг уулын завд нууж байхад тайчууд бархиран өгүүлрүүн: " Тэмүжин ахаа гаргаж өг. Бусад нь хэрэггүй" гэхийг сонсоод, Тэмүжинийг сэм оргуулан ойд дутаалгав. Үүнийг тайчууд мэдээд нэхэн хөөхөд, Тэмүжин Тэргүүн өндрийн шугуйд шурган орвол, тайчууд нэвтрэн орж чадсангүй, хүрээлэн сахив.

80. Тэмүжин шугуй дотор гурав хонож, одоо харья гэж морио хөтөлж явахад, мориноос эмээл нь мултран унав. Эргэж үзвэл эмээлийн олом, хөмөлдрөг хэвээр байтал мултарсан ажээ. Олом мултарч болох боловч хөмөлдрөг яахин мултарна. Тэнгэр ятгаж байгаа болов уу? гэж бас гурван хоног хүлээв. Дахин гарахаар явахад шугуйгаас гарах замыг гэрийн чинээ цагаан чулуу бөглөн хэвтэж байна. Тэнгэр ятгаж байгаа болов уу? гэж буцаж бас гурав хонов. Бүгд ес хоног хоолгүй байж "энэ мэт нэр үгүй үхэхээр гаръя" гээд зам бөглөн унасан гэрийн чинээ цагаан чулууг тойрон гарахад саад болох модыг сумч хутгаараа огтлоод, морио хөтөлж гармагц угтан барьж авав.









12.01.2021

"Монголын нууц товчоо" Чингисийн идэр нас /69-75/

69. Мэнлиг, Есүхэй баатрын үгийг дагаж, Дэй Сэцэнд очиж өгүүлрүүн:"Есүхэй ах, Тэмүжинийг маш их мөрөөдөж өрөвдөх тул Тэмүжинийг авахаар ирэв" гэвэл Дэй Сэцэн өгүүлрүүн: "Худ хөвүүнээ мөрөөдөх бөгөөс явуулъя.  Харин удалгүй гэдрэг ирүүлэх хэрэгтэй " гэв. Энэ үгийг сонсож Мэнлиг эцэг, Тэмүжинийг авч ирэв. Есүхэй баатар тэнгэр болсонд Тэмүжин газарт унан хэвтэж, маш ихээр гаслахад хонхотаны Чирха өвгөн түүнийг сэргээн ятгаж өгүүлсэн нь: 

     "Тул загас мэт юунд

     Тулбиран гаслана, чи

     Туурга (торгон) цэргээ бэхлэе гэж

     Туйлбартай үгээ хэлэлцсэн биш үү?

     Усны загас мэт юунд

     Уяран гаслана, чи

     Улс төрөө байгуулъя гэж

     Учиртай үгээ хэлэлцсэн биш үү?" гэвэл уйлахаа зогссон ажгуу.

70. Тэр хавар Амбагай хааны хатан Орбай, Сохатай хоёр ихсийн газар тайлгын идээ өргөх үед Өүлэн үжин хоцорч очсон тул тайлгын идээний хуваариас хоцрогдов. Орбай, Сохатай хоёрт Өүлэн үжин өгүүлрүүн: "Есүхэй баатрыг үхэв гэж, хөвүүнийг минь балчир гэж ихсийн тайлгийн хишгийн архи сархаднаас яахин хождуулав, та? Нүд үзсээр үл өгөх, нүүхдээ үл хэлэх болов, та" гэв.





71. Тэр үгэнд Орбай Сохатай хоёр хатан хариу өгүүлрүүн: 
    "Урьж чамд өгөх ёсгүй
     Учирвал чи идэх ёстой.
     Хүргэж чамд өгөх ёсгүй 
     Хүртвэл чи идэх ёстой. Амбагай хаан үхээд Өүлэнд ийнхүү хэлэгдэх болов. 
72. Аргацаан эдний эх, хөвгүүдийг нутагт нь орхиж нүүе. Бүү авч явахтун" хэмээгээд маргааш нь тайчуудын Таргудай Хирилтуг, Тодойн Гирта нар Онон мөрөн рүү хөдлөв. Өүлэн үжинийг хөвгүүдийн хамт орхиж нүүсэнд хонхотаны Чирха өвгөн очиж ятгахуйд Тодойн Гирта:
    "Цээлийн ус ширгэв
     Цэгээн чулуу хагарав" гээд Чирха өвгөний үгийг хайхрахгүй цааш нүүж "Чи ингэж ятгах буюу" гэж тэр өвгөний зоо нурууг жадлан хөөв.
73. Чирха өвгөнийг шархтай болж, гэртээ ирээд зовиурлан хэвтэхэд Тэмүжин үзэхээр одов. Хонхотаны Чирха өвгөн Тэмүжинд өгүүлрүүн: "Сайн эцгийн чинь хураасан улс тарж нүүсэнд ятгахаар яваад ийнхүү жадлагдав" гэвэл Тэмүжин уйлж гарав. Өүлэн үжин өөрийн биеэр туг барьж мордон, орхиж нүүсэн иргэдийн заримыг буцааж авчирав. Гэвч буцаж ирсэн иргэд бас тогтсонгүй, тайчуудын хойноос нүүжээ. 




74. Ийнхүү тайчууд ах дүү нар бэлэвсэн Өүлэн үжинийг бяцхан хөвгүүдийн хамт нутагт нь гээж нүүсэн ажээ. 
     Оюунтай төрсөн Өүлэн эх
     Оёдолт дээлийг огшуулан өмсөж
     Оготор хормойг шуун бүсэлж
     Онон мөрнийг өгсөж уруудаж
     Олирс мойл түүж явж
     Өчүүхэн хөвгүүдээ хайрлан тэжээж
     Өдөр шөнийг аргацаан өнгөрүүлэв.
     Чадалтай төрсөн Өүлэн эх 
     Царсан шорийг барин явж
     Цавчим газрыг өгсөж уруудаж
     Сөдөн гичгэний үндсийг малтан
     Шөнө өдрийг хатамжин өнгөрүүлж
     Суут хөвгүүдээ тэжээн өсгөв.
     (Хатан төрсөн Өүлэн эх 
      Хайлаасан шор барин явж
      Халдун уулыг өгсөж уруудаж
      Хавийн мангирыг малтан түүж
      Хаад хөвгүүдээ хайрлан тэжээж
      Ханатал, цадтал идүүлэн өсгөв."Алтан товч" ) 
75. Гуа төрсөн Өүлэн эх
      Гох дэгээ барин явж
      Гол завыг өгсөж уруудаж
      Гогод мангирыг түүн явж
      Хутагтан хөвгүүдээ тэжээж өсгөв.
      Зарчимтай төрсөн Өүлэн эхийн
      Затгас төмсөөр тэжээсэн хөвгүүд
      Засагтан сайд болж өсөв.
      Эх үжиний тэжээсэн хөвгүүд
      Эрс сайд болон өсч
      Эрх омог төгөлдөр болж
      Эх Ононы эрэгт сууж
      Өлгүүр гох усанд хаяж
      Эрэмдэг загасыг шүүн барьж
      Эх үжинийг тэжээх болов.
      Зарчимт Өүлэний тэжээсэн хөвгүүд
      Засагт эрс болон өсч
      Замагтай усыг шүүрдэн байж
      Загас жараахайг гөхидөн барьж
      Заяат эхээ тэжээх болов.

 



  

     
 

11.22.2021

"Монголын нууц товчоо" Тэмүжиний уг гарал ба бага насны үе. /66-68/

66. Есүхэй худ охиныг үзвээс нүүрэндээ гэрэлтэй, нүдэндээ галтай охин тул санаанд нийлэв. Түүний нэр Бөртэ, Тэмүжингээс нэг насаар эгч, аравтай ажгуу. 

Дэй Сэцэний гэрт хоноод маргааш охиныг гуйвал Дэй Сэцэн өгүүлрүүн: "Олон удаа гуйлгаж өгвөл эрхэмлэгдэх, цөөхөн удаа гуйлгаж өгвөл доромжлогдох гэдэг боловч охин хүний заяа төрсөн үүдэндээ өтлөхгүй тул охиноо өгье. Чи хөвүүнээ хүргэн болгож манай гэрт үлдээ. " гэвэл Есүхэй баатар өгүүлрүүн: "Би хөвүүнээ орхиё. Хөвүүн минь нохойноос цочимтгой билээ. Эрхэм худ чи миний хөвүүнийг нохойноос бүү цочуул." гээд хөтөлж явсан мориор бэлэг өгч, Тэмүжинийг орхиод Есүхэй баатар буцав. 

67. Есүхэй баатар Цэгцгэрийн шар талаар явж байтал татар иргэн хуримлаж байхтай тохиолдоод ам цангах тул хуриманд буув. Татар нар Есүхэй баатрыг таньж "Эрхэм Есүхэй ирэв" гэж хуримандаа суулгаад, урьдын булаагдсан өшөөгөө санаж, нууцаар хэлэлцэн, хоолонд нь хор холин өгчээ. Есүхэй тэндээс явах зам зуураа бие нь муудаж, гурав хоног арай гэж яваад гэртээ хүрч,

68. Есүхэй өгүүлрүүн: "Миний дортор муу байна. Дэргэд минь хэн байна? " гэж асуувал "Хонхотаны Чирха өвгөний хөвүүн Мэнлиг (Мунлиг) ойр байна" гэвэл түүнийг дуудаж өгүүлрүүн: " Хүү минь, Мэнлиг минь сонс. Хөвүүн минь балчир билээ. Тэмүжин хөвүүнийг урагт орхиод ирэх замдаа татар иргэнд хорлогдов. Дотор минь муу байна. Өнчин хоцорсон дүү нараа, бэлэвсэн бэргэнээ асрахыг чи мэд. Тэмүжин хөвүүнийг даруй явж авчир! Хайрт Мэнлиг минь " гээд наснаас нөгцөв. 



 

11.21.2021

"Монголын нууц товчоо" Тэмүжиний уг гарал ба бага насны үе. /61-65/

61. Есүхэй баатар Тэмүжинийг есөн настай байхад Өүлэн эхийн төрхөм, олхонуд иргэнд хүрч, хүүгийн нагац нараас охин гуйя хэмээн Тэмүжинийг авч одов. Явах замд Цэгцгэр Чихургу гэдэг газрын хооронд Хонгирадын Дэй Сэцэнтэй уулзав.

62. Дэй Сэцэн өгүүлрүүн: "Есүхэй худ аль хүрэхээр явна" хэмээхэд Есүхэй баатар өгүүлрүүн:" Миний хөвүүний нагац олхонуд иргэнээс охин гуйхаар явж байна" гэвэл Дай сэцэн өгүүлрүүн: " Энэ хөвүүн чинь нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй хөвүүн байна. 

63. Есүхэй худ, би энэ шөнө нэгэн зүүд зүүдлэв. Цагаан шонхор шувуу, наран саран хоёрыг атган ирээд миний гар дээр буув гэж зүүдлэв. Наран саран хоёрыг бид нүдээр үздэг билээ. Гэтэл нар сарыг шонхор шувуу атгаж миний гар дээр буух нь гайхалтай. Ямар сонин тохиол учрах болов гэж би бусаддаа хэлсэн бүлгээ. Есүхэй худ чи хөвүүнээ дагуулж ирсэн нь энэ зүүдний тайлбар болов. Танай хиад аймгийн сүлд ирж, зүүдээр заасан ажгуу.

64. Манай Хонгирад аймаг хэдийнээс бусдын нутаг ба хүнийг булаан тэмцдэггүй. 
     Харь улсыг үл довтлон
     Хацар сайт охидоо
     Хасаг тэргэнд суулгаж
     Хар буур хөллөж
     Хатируулж одож
     Хаан болсон та нарын
     Хатан сууринд дэвшүүлж
     Хамт суулгана.
     Өөр иргэнийг үл тэмцэн
     Өнгө сайт охидоо
     Өлжигтэй тэргэнд суулгаж
     Өл буур хөллөж
     Өндөр суурь эзлэгчдийн
     Өрөөл хань болгоно. Манай Хонгирад аймаг хэдийнээс хацар гуа хатадтай, өнгө сайн охидтой тул зээгийн зүсээр, охидын өнгөөр явна. 
65. Нуган хүүхэд нутгаа эзэмшинэ. Охин хүүхэд өнгө шилэгдэнэ. Есүхэй худ миний гэрт оч. Надад өчүүхэн охин бий. Та үз" гэж Дэй Сэцэн хэлээд Есүхэйг гэртээ дагуулж авчрав. 



 

11.19.2021

"Монголын нууц товчоо" Тэмүжиний уг гарал ба бага насны үе /56 -60/

 

56. Түүнийг гурвуулаа хойноосоо нь нэхэж, долоон даваа давтал үлдэн хөөж, буцаж ирж, Өүлэн үжинийг Есүхэй баатар жолоодон хөтөлж, ах Нэгүн тайж тэргүүлж, дүү Даридай отчигин хажууд нь дагаж явахад Өүлэн үжин өгүүлрүүн: 

     "Миний эр Чилэдү

     Сэрүүн салхинд

     Сэвлэг үсээ хийсгэж

     Хээр хөдөө

     Гэдсээ өлсгөж яахин зовох болов. Одоо би хоёр сэвлэг үсээ хойш урагш унжуулж яахин одно" хэмээн Онон мөрнийг долгилтол, ой шугуйг ганхтал их дуугаар уйлахад Даридай отчигин өгүүлрүүн: " 

     Тэврэх хайрт эр чинь 

     Тэртээ давааг давав.

     Уйлан санах эр чинь

      Улс олныг гэтлэв.

      Хайлж уйлавч

      Харж чамайг үзэхгүй

      Хайж эрэвч

      Хаалга зам нь олдохгүй. Дуугүй бол." гэж ятгав. Өүлэн үжинийг Есүхэй баатар тэгээд гэртээ авчирч гэргий болгов. Өүлэн үжинийг Есүхэй баатар гэргий болгосон ёс ийм бүлгээ.

57. Амбагай хаан баригдаад Хадаан, Хотула хоёрыг нэр заасан тул хамаг Монгол, тайчууд нар Онон мөрний Хорханагийн хөндийд цуглаж, Хотулаг хаан болгов. Монголын жаргалан нь бүжиг, хурим бүлгээ. Хотулаг хаан өргөмжилөөд, Хорханагийг саглагар модны доор хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлтөртөл дэвхцэн бүжиглэж хуримлав. 
58. Хотула хаан болоод Хадаан тайжтай хоёулаа татар иргэнээс өшөө авахаар мордов. Татарын Хотон бараг, Жали буха хоёртой арван гурван удаа байлдавч, Амбагай хааны өшөөг сайтар авч эс чадав.  
59. Тэр цагт Есүхэй баатар татарын Тэмүжин Үгэ, Хори буха зэргийн татар хүнийг барьж ирэхэд жирэмсэн байсан Өүлэн үжин Ононы Дэлүүн болдог гэдэг газар Чингис хааныг төрүүлжээ. Чингис хаан төрөхдөө баруун гартаа шагайн чинээ нөж атган төрсөн ажээ. Татарын Тэмүжин Үгэг барьж ирэх цагт тохиолдож төрөв гэж Тэмүжин нэрийг өгөв.
60. Есүхэй баатрын Өүлэн үжинээс Тэмүжин, Хасар, Хачиун, Тэмүгэ дөрвөн хөвүүн төрөв. Бас Тэмүлэн нэртэй нэг охин төрөв. Есүхэй баатрын нөгөө гэргий Сочигэл эхээс Бэгтэр, Бэлгүтэй хоёр төржээ. Тэмүжин есөн настай байхад Зочи Хасар долоон настай, Хачиун Алчи таван настай, Тэмүгэ отчигин гурван настай, Тэмүлэн өлгийтэй байсан бүлгээ. 



11.17.2021

"Монголын нууц товчоо" Тэмүжиний уг гараг бага насны үе /52-55/

 

52. Хамаг Монголыг Хабул хаан захирч байв. Хабул хаан долоон хөгүүнтэй атал Сэнгүн Билгэгийн хөвүүн Амбагайг хаан болгохоор хэлсэн ажээ.

53. Буйр, Хөлөн нуурыг холбон урсах Оршуун мөрөнд айрагууд, буйругууд овгийн татар аймаг нутаглана. Татар иргэнээ Амбагай хаан охиноо өгч, өөрийн биеэр охиныг хүргэж очоод баригдав. Татарчууд Амбагай хааныг барьж, хятадын Алтан хаанд хүргүүлэв. Бэсүд овгийн Балхач гэдэг хүнийг элч болгож Амбагай хааны хэлсэн нь " Хабул хааны долоон хөвүүний дундах Хотулад, миний арван хөвүүний дундах Хадаан тайжид чи очиж хэл. Хамгийн хаан, улсын эзэн байтал охиноо өөрөө үдэж хүргэхийг надаар цээрлэл болгогтун! Би татар аймагт баригдав. Таван хурууны хумсыг тамтартал, арван хуруунуудаа барагдтал миний өсийг авахыг оролдогтун! гэж илгээжээ.

  

54. Тэр цагт Есүхэй баатар шувуу агнан явах зуур олхонуд аймгаас эм аваад буцаж буй мэргэдийд их Чилэдү гэдэг хүнтэй уулзаж, түүний эмийг өнгийж үзвэл, гуа үзэсгэлэнтэй хатан байна. Есүхэй баатар гэртээ давхиж ирээд ах Нэгүн тайж, дүү Даридай отчигин хоёрыг дагуулан мордож, их Чилэдүг гүйцэж очвол,




55. Тэр айж, хурдан ухаа морины гуяыг ташуурдаж, уулын бэлээр дутаав. Түүнийг гурвуул цувалдан хөөвөл тэр улам дутаасаар нэгэн хошууг тойрон тэргэндээ хүрч ирсэнд эм Өүлэн үжин өгүүлрүүн: " Энэ гурван эрийн учрыг мэдэв үү, чи. Тэдний царай сэжиглэмээр байна. Чиний аминд хор хүргэж болно. Амьд мэнд үлдвэл эхнэрийг олоход бэрхгүй. 
     Мухлаг тутамд охид бий.
     Тэрэг тутамд хатад бий. Хэрвээ намайг санавал дахин авсан гэргийгээ миний нэрээр нэрлэгтүн. Одоо амиа арчил. Миний үнэрийг үнэртэж яв."  хэмээн өмссөн цамцаа тайлж өгөв. Их Чилэдү тэр цамцыг морин дээрээс тонгойж авмагц нөгөө гурав мөн хошууг тойрон нэхэж айсуу. Чилэдү хурдан ухаа морины гуяыг ташуурдаж, Онон мөрөн өөд дутаав. 


11.01.2021

"Монголын нууц товчоо" Тэмүжиний уг гарал ба бага насны үе. /40-51/

40. Тэр жирэмсэн эм Бодончарт ирж хүү төрүүлэв. Түүнийг харь овгийн хүү гэж Жажирадай хэмээн нэрийдэв. Жадараны өвөг тэр болов. Тэр Жажирадайн хөвүүн Тугудай нэрт бүлгээ. Тугудайн хөвүүн Бүри Булчиру. Бүри Булчиругийн хөвүүн Хар Хадаан бүлгээ. Хар Хадааны хөвүүн Жамуха бүлгээ. Тэд Жадаран овогтон болов.

41. Тэр эм Бодончарт ирээд нэгэн хөвүүн төрүүлэв. Түүнийг барьж авсан эмийн хөвүүн хэмээн Баарьдай хэмээн нэрийдэв. Баарины өвөг тэр болов. Баарьдайн хөвүүн Зүтгэл бөх. Зүтгэл бөх олон эм авсан тул хөвүүд нь манан мэт олон төрөв. Манан Баарин овогтон тэд болов.

42. Бэлгүнүтэй бэлгүнүд овогтон болов. Бүгүнүтнэй бүгүнүд овогтон болов. Буха Хатаги хатагин овогтон болов. Бухату Салжи салжиуд овогтон болов. Бодончар боржигин овогтон болов.

43. Бодончарын авааль эмээс төрсөн хүү нь Барим Ширату Хабич нэрт бүлгээ. Тэр Хабич баатрын эхийн инжинд ирсэн эмийг Бодончар татвар эм болгож, нэгэн хүү төрсөнд Жаурдай нэр өгөв. Бодончар амьд ахуй цагт Жаурдайг зүхэл тайлганд оролцох эрхтэй болгов. 

44. Бодончарыг үгүй болсны хойно тэр Жаурдайг гэрт нь ямагт аданхан урианхайдай хүн байсан тул түүний хүү гэж тайлганаас хөөж гаргав. Тэр Жэүрэд овогтон болов. Жэүрэдийн өвөг тэр болов. 
45. Хабич баатрын хөвүүн Мэнэн Тудун бүлгээ. Мэнэн Тудуны хөвүүн Хачи хүлэг, Хачин, Хачиу, Хачила, Харалдай, Хачиун, Начин баатар долоо бүлгээ. 
46. Хачи хүлэгийн хөвүүн Хайду Номулун эхээс төрсөн бүлгээ. Хачины хөвүүн Ноёгдой нэртэй бүлгээ. Ноён шиг авиртай тул ноёхон овогтон болов. Хачиугийн хөвүүн Баруладай нэртэй бүлгээ. Их биетэй ба идээ барих нь ховдог тул Барулас овогтон болов. Хачулагийн хөвүүн бас идээ барих нь ховдог тул их барула, өчүүхэн барула гэдэг нэр хочтой болж, улмаар эрдэмт барула, тодойн барула тэргүүтэн барулас овогтон болов. Харалдайн хөвүүд нь будаа мэт эх түрүүгүй хутгалдах учир будаад овогтон болов. Хачиуны хөвүүн Адархидай нэрт бүлгээ. Ах дүүгийн дунд адармаатай (яхир хэрүүлч) тул адархин овогтон болов. Начин баатрын хөвүүн Уруудай, Мангудай хоёр бүлгээ. Урууд, мангууд овогтон болов. Начин баатрын авааль эмээс төрсөн хөвүүн нь Шижуудай, Доголдой хоёр бүлгээ.

47. Хайдугийн хөвгүүд Байшонхор догшин, Чирхай лянхуа, Чаужин өртэгэй гурав бүлгээ. Байшонхор догшины хөвүүн Тумбинай сэцэн бүлгээ. Чирхай лянхуагийн хөвүүн Сэнгүм билгэ, амбагайтан тайчууд овогтон болов. Чирхай лянхуа бэргэнээ эм болгон авч, нэгэн хөвүүн төрүүлэв. Нэр нь Бэсүдэй гэнэ. Бэсүд овогтон болов. Чаужин өртэгэй зургаан хөвүүнтэй. Нэр Оронар, Хонхотан, Арулад, Сөнид, Хабтурхас, Хэнигис гэдэг бөгөөд ийм овогтон болов.
48 Тумбинай сэцэнийн хөвүүн Хабул хаан, Сэмсэчүлэ хоёр бүлгээ. Сэмсэчүлийн хөвүүн Бүлтэчү баатар бүлгээ. Хабул хаан долоон хөвүүнтэй. Тэдний нэр нь Охинбархаг, Бартан баатар, Хутугту монхор, Хутула хаан, Хулан, Хадаан, Тодойн отчигин гэнэ.
49. Охинбархагийн хөвүүн Хутугту Жүрхи бүлгээ. Хутугту Жүрхийн хөвүүд Сачи бэхи, Тайчу хоёр бүлгээ. Тэд жүрхи овогтон болов.

50. Бартан баатрын хөвүүд Мэнгитү хиан, Нэгүн (уучлаарай!!!монголоор э үсэг гээж, буруу бичжээ.) тайж, Есүхэй баатар, Даридай отчигин дөрөв бүлгээ. Хутугту монхорын хөвүүн Бүри бөх. Онон мөрний шугуйд хуримлахад  Чингисийн дүү Бэлгүтэйн мөрийг тэр тас цавчсан бүлгээ.

51. Хутула хааны хөвүүн Зүчи, Хирмау, Алтан гурав бүлгээ. Хулан баатрын хөвүүн Их Чэрэн. Их Чэрэнгийн боол Бадай, Хишиглиг хоёр Чингисийн үед дархадын ноёд болов. Хадаан, Тодойн хоёр үргүй бүлгээ.


 

10.22.2021

"Монголын нууц товчоо" Тэмүжиний уг гарал ба бага насны үе. /32-39/

32. Удалгүй Тэнхлэг горхин өөд нэгэн хүн айсуй. Хүрч ирвэл Бодончар мөн. Буха Хатаги ах нь таниж аваад, Онон мөрөн өөд дагуулан давхив.

33. Бодончар, Буха Хатаги ахынхаа  хойноос даган хатирч явангаа өгүүлрүүн: "Ахаа хүн тэргүүнтэй, дээл захтай сайн" гэвэл ах нь тэр үгийг хайрхарсангүй.

34. Бодончар мөн үгийг хоёр дахь удаа өгүүлбэл ах нь хариу эс хэлэв. Мөн үгийг гурав дахиа хэлэхэд ах нь өгүүлрүүн: "Чи юунд энэ үгийг дахин! дахин өгүүлнэ." 

35. Бодончар өгүүлрүүн: "Тугаарын (саяын) Түнхэлэг горхиноо бүхий иргэд эзэнгүй, их бага, сайн муу, толгой шийр цөм нэгэн адил чацуу байна. Ийм хялбар иргэн тул тэднийг бид эзэлж авъя." гэв.
36. Ах нь өгүүлрүүн: "За тийм бол гэртээ хүрч, ах дүү нартайгаа зөвлөлдөж, тэд иргэнийг эзэлье" гэж,
37.Гэртээ хүрээд ах дүү нартайгаа хэлэлцэж мордов. Тэргүүлэн Бодончарыг илгээв. 
38. Бодончар тэргүүлэн явж нэгэн жирэмсэн эмийг барьж "Чи юун хүн үү" гэж асуувал тэр эм өгүүлрүүн:" Би Жарчиуд андахан урианхай хүн" гэв. 
39. Тэндээс ах дүү тавуулаа тэд иргэнийг довтолж, адуу малыг авч, хүн ардыг зарц болгов.


 

10.14.2021

"Монголын нууц товчоо" Тэмүжиний уг гарал ба бага насны үе. /24-31/

 

24. Бодончар урагт үл тоологдох атал, энд юу хийж сууна гээд гол дайрт, годил сүүлт орог шинхул морио унаж, үхвэл үхье, амьдарвал амьдаръя хэмээн Онон мөрөн рүү зорьж одов.  Тэндээ Балжийн арал гэдэг газарт хүрч, өвсөн эмбүүл гэр барьж суув.

25. Тэгж байтал хар хур шувууг бор харцага барьж идэхийг үзэж, гол дайрт, годил сүүлт орог морины хялгасаар урхи хийж, тэр бор харцагыг барьж авчрав. 

26. Бодончар идэх юмгүй тул чонын гууд хорисон гөрөөсийг мярааж харван алж идэх буюу чонын идсэн сэгийг түүж, гэдсээ хооллон, харцагаа тэжээсээр тэр он гарав.

27. Хавар болж нугас ирэх цагт харцагаа сойж тавиад, галуу нугас олныг алж, идэж үл барах тул
     Мөчир бүрээс
     Мөч гуя өлгөж
     Хожуул бүрээс
     Хоёр гурван шувуу өлгөсөн нь ялзрах болов.
28. Битүү модот уулын хяраас нэгэн бүлэг иргэн Түхэлэг горхин руу нүүж ирэв. Бодончар харцагаа тавин өдөр бүр тэр иргэнд очиж, цэгээ гуйж уугаад, шөнө өвсөн эмбүүл гэртээ ирж хонох бүлгээ. 
29. Тэд иргэн Бодончарын харцагыг гуйвал эс өгөв. Тэд иргэн Бодончарыг хэн юун хүн гэж асуухгүй, Бодончар бас тэр иргэдийг юун иргэд гэж асуухгүй явна.

30. Гэтэл Буха Хатаги ах нь Бодончар мунхаг дүүгээ энэ Онон мөрөн рүү одлоо гэж нэхэн ирж, Түнхэлэг горхинд нутаглах тэд иргэнд хүрээд, тийм морьтой, тийм хүн үзэгдэв үү хэмээн сурвал,
31. Тэд иргэн өгүүлрүүн: "Өдөр бүр нэгэн хүн манд ирж эсэг (цэгээ) ууж одно. Тэр хүн ба түүний морь чиний сурдагтай адил байна. Түүнд нэгэн харцага бий. Тэр шөнө хаана хонодогийг мэдэхгүй. Баруун хойноос салхи салхилбал түүний харцагаар бариулсан нугас галууны өд сөд нь цас мэт бутарч хийсч ирнэ. Бодвол түүний гэр холгүй биз. Одоо түүний ирэх цаг болов. Хоромхон хүлц."гэв. 



10.04.2021

"Монголын нууц товчоо" Тэмүжиний уг гарал ба бага насны үе /19-23/

19. Хаврын нэгэн өдөр хонины хатсан мах чанаж Бэлгүнүтэй, Бүгүнүтэй, Буха Хатаги, Бухату Салжи, Бодончар мунхаг таван хөвүүндээ идүүлээд, тэднийг зэрэгцүүлэн суулгаж, хүн бүрд нэжгээд мөс (сум) -ийг "хугалахтун" хэмээж өгвөл амархан хугачиж орхив. Бас таван мөсийг нийлүүлж баглаад хугал гэж өгвөл тавуулаа дараалан оролдож хугалж чадсангүй.



20. Үүнд Алунгуа эх өгүүлрүүн: "Бэлгүнүтэй, Бүгүнүтэй та хоёр намайг энэ гурван хөвүүнийг яахин төрүүлэв, хэний хөвүүд бол хэмээн сэжиглэн хэлэлцэнэ. Сэжиглэх чинь зөв.
21. Гэвч та нар учрыг мэдэхгүй байна. Шөнө бүр цагаан шар хүн, гэрийн өрх тотгоор гийгүүлэн орж ирээд, миний хэвлийг илбэж, түүний гэгээ гэрэл нь миний хэвлийд шингэх бүлгээ. Тэр хүн гарахдаа наран сарны хилээр (заагаар) шар нохой мэт шарвалзсаар гарч одно. Та нар дэмий яахан өгүүлнэ. Түүнээс үзвэл тэнгэрийн хөвүүд биз. Хар тэргүүт хүнтэй адилтгаж яахин болно. Хамгийн хаад болох цагт харц хүн сая учрыг мэднэ" гээд,
22. Бас Алунгуа, таван хөвүүнээ сургаж өгүүлрүүн: " Та таван хөвүүн миний нэгэн хэвлийгээс төрсөн бус уу. Та нар ганц ганцаар салбал нэжгээд сум мэт хүнд хялбархан дийлэгдэнэ. Та нар эв эеээ нэгтгэвэл тэр багласан таван сум мэт бат бэх болж, хэнд ч хялбар дийлэгдэхгүй болно" гэв. Тийн байтал Алунгуа эх үгүй болов. 
23. Эх Алунгуаг үгүй болсны хойно ах дүү тавуулаа, адуу малаа хуваах болж, Бэлгүнүтэй, Бүгүнүтэй, Буха Хатаги, Бухату Салжи дөрвүүлээ эд юмаа хувааж аваад, дүү Бодончар мунхагийг ядуу хэмээн урагт үл тооцож, хувь эс өгөв.





 
 

10.03.2021

"Монголын нууц товчоо" Тэмүжиний уг гарал ба бага насны үе./12-18/

12. Түүний хойно нэгэн өдөр Добун мэргэн Тогоцог өндөр дээр гөрөөлөхөөр гарвал, ой дотор нэгэн урианхай хүн гунжин буга алаад хавирга, цоройг шарж байхад уулзаж,

13. "Нөхөр шоролгодоо" (анчны олзноос хүртэх хувь. Я.Цэвэл )  гэж Добун мэргэн хэлбэл, тэр хүн уушги, зүлд ба арьсыг өөрөө авч бусдыг цөм Добун мэргэнд өгөв. 



14. Добун мэргэн тэр бугын махыг ачиж явтал, замд хүүхдээ хөтөлсөн нэгэн ядуу хүн учрав.

15. "Чи юун хүн бэ?" гэж Добун мэргэн асуувал, тэр хүн өгүүлрүүн: "Би Малиг баяудын хүн. Одоо би ядарч явна. Тэр гөрөөсний махнаас надад өг. Би энэ хөвүүнээ чамд өгье" хэмээвэл, 

16. Добун мэргэн зөвшөөрч, бугын өрөөсөн гуяыг тэр хүнд өгч, хөвүүнийг авч ирж, гэртээ зарцлах болов.


17. Тийн байтал Добун мэргэн үгүй болов. Добун мэргэнийг үгүй болсны хойно түүний гэргий Алунгуа бэлбэсэн бөгөөтөл Буха Хатаги, Бухату Салжи, Бодончар мунхаг нэртэй гурван хөвүүн төрүүлэв. 
18. Урьд Добун мэргэнийг амьд бүхий цагт төрсөн Бэлгүнүтэй, Бүгүнүтэй хоёр хөвүүн, эх Алунгуагаас эчнээ өгүүлрүүн: "Бидний эх ойр төрлийн эрэгтэй хүн үгүй ба эргүй бөгөөтөл энэ гурван хөвүүнийг төрүүлэв. Гэр дотор ганц Малиг баяуд овгийн зарц хүн байна. Энэ гурван хөвүүн түүний хүүхэд биз" хэмээн эхээс далд хэлэлцэхийг нь Алунгуа мэдээд 


10.02.2021

"Монголын нууц товчоо" Тэмүжиний уг гарал ба бага насны үе. /6-11/

 

6. Дува сохор өгүүлрүүн: тэр нүүдэл иргэний дотор, тэрэгний мухлагийн өмнө нэгэн сайхан охин сууж явна. Хүний гэргий болоогүй бол Добун мэргэн дүү чамд гуйж гэргий болгоё гээд, түүнийг үзүүлэхээр Добун мэргэн дүүгээ илгээв.





7. Добун мэргэн тэр нүүдэлд хүрч, охиныг үзвэл үнэхээр алдартай, гуа сайхан охин бөгөөд хүний гэргий болоогүй ажээ. Нэр Алунгуа гэнэ.

8. Энэ охин Хори түмэдийн ноён Хорилардай мэргэний гэргий Баргужин гуагаас Хори түмэдийн нутаг Ариг ус гэдэг газар төржээ. Түүний эх Баргужин гуа бол хол газрын Баргужин төхөмийн эзэн Баргудай мэргэний охин бүлгээ. Тэр бүлэг иргэн бол Холирадай мэргэний иргэд ажгуу.


9. Хорилардай мэргэн, Хори түмэдийн газарт булга хэрэм зэрэг ан гөрөөс агнахаа хориглон булаалдаж, харилцан муудалцаад салж, Хорилар овогтон болоод, Бурхан Халдун ууланд ан гөрөөс элбэг гэж сонсож, Бурхан Халдуны эзэн бурхан босгосон Шинж баян урианхайтай уулзахаар нүүж ирсэн ажгуу. Энэхүү Хори түмэдийн ноён Хорилардай мэргэний охин, Ариг уснаа төрсөн Алунгуаг гуйж, Добун мэргэний гэргий болгосон ёс тийм ажээ.  

10. Алунгуа Добун мэргэнд ирээд Бүгүнүтэй, Бэлгүнүтэй гэдэг нэртэй хоёр хөвүүнийг төрүүлэв.
11. Дува сохор ах нь дөрвөн хөвүүнтэй бүлгээ. Дува сохорыг үхсэний хойно түүний дөрвөн хөвүүн Добун мэргэнийг авга гэж үзэхгүй дормжилж, салж нүүгээд дүрвэд овогтон болов.


 




10.01.2021

"Монголын нууц товчоо" Тэмүжиний уг гарал ба бага насны үе /1-5/

1. Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чино, гэргий Гуа маралын хамт тэнгис далайг гаталж ирээд, Онон мөрний эх Бурхан Халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүн төрүүлжээ. 
 




2. Батцагааны хөвүүн Тамача, Тамачийн хөвүүн Хоричар мэргэн, Хоричар мэргэний хөвүүн Уужим буурал, Уужим бууралын хөвүүн Саль Хачау, Саль хачаугийн хөвүүн Ихнүдэн, Ихнүдэний хөвүүн Шимсочи, Шимсочийн хөвүүн Харчу.






3. Харчугийн хөвүүн Боржигидай мэргэн бүлгээ. Боржигидай мэргэний гэргий Монголжин гуа, түүнээс төрсөн хөвүүн Торголжин баян. Торголжин баян Борогчин гуа гэргийтэй. Боролдой Суяалби гэдэг залуу зарцтай, дайр, бор хоёр хүлэг морьтой бүлгээ. Торголжин баяны хөвүүн Дува сохор, Добун мэргэн хоёр бүлгээ.




4. Дува сохор магнай дундаа ганц нүдтэй, гурван нүүдлийн газрыг харах бүлгээ.
5. Нэгэн өдөр Дува сохор Добун мэргэн дүүтэйгээ Бурхан Халдун уулан дээр гарав. Дува сохор Бурхан Халдун дээрээс харвал Түнхэлэг горхин руу нэгэн бүлэг иргэн нүүж айсуй.

 








2.02.2021

Жанжин Д.Сүхбаатарын Хиагтын хятададуудад өгсөн тулган шаардах бичиг.

 


Монгол Ардын журамт цэргийг бүгд ерөнхийлөн захирах жанжин Сүхбаатарын бичиг
Монголын Хиагт хотноо бүхий хятад цэргийн захиралд мэдтүгэй хэмээн цаг болзуулан явуулах учир, манай Монгол ардын журамт цэрэг Хиагт хотыг шууд дайран орж эзлэхээр завдан буй учир, зүй нь олон амьтны амийг энэрэн хайрлаж, хүнийг өршөөх ёс, бас боомт газар байлдвал эрхбиш будлиан гарах болзошгүй тул энэ бичгийг авсан даруй танай харъяат цэргийн зэвсэгийг цөм хурааж, Монголын Хиагт хотын хамт бидэнд тушаавал зохино. Хэрвээ ийнхүү сайнаар зөвшөөрөн хүлээвэл танай хятадын харъяат нарын амийг батлан хамгаалж, уул орон нутагт буцааж болно. Хариуг бичиг уламжлан хүргэсэн хүнээр даруй ирүүлнэ үү. Хэрвээ манай энэ бичигт хариу өгөхгүй буюу эс хүлээх болбол манай Монгол цэрэг шууд байлдахаас өөргүй. Үүнд хамаг сүйтгэсэн зэрэг аливаа буруу явдлыг танай газар цөм хүлээвэл зохино. Үүний тул мэдтүгэй хэмээн Монгол ардын журамт цэргийг бүгд ерөнхийлэн захирах жанжин Сүхбаатар ёслов.
Олноо өргөгдсөний арван нэгдүгээр он
Хоёр сарын шинийн есөн.

2.01.2021

Ачит нуур


Ачит нуур Увс, Баян-Өлгий аймгийн заагт орших бөгөөд цэнгэг уст нуур юм. Нуурын эрэг нь талархаг бөгөөд баруун хойд, зүүн хойд талаараа намгархаг.
Монгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэм, Түргэний нуруунаас эх аван урсах Цагаан нуурын гол, Хатуугийн гол, Бөхмөрөн гол, Улиастайн гол зэрэг олон голуудаас усаа цуглуулах ба харин Усан хоолойн гол гэх ганц голоор илүүдэл усаа Ховд голд нийлүүлдэг.
Нуурын эргэн тойрон голдуу дөрвөд, хасаг угсаатнууд амьдран сууна.
Зүүнгарын Галдан Бошигт хаан манж нараас зугатан Ховдод ирсэний дараа их зуд болсон гэдэг. Хамаг мал сүрэг нь үхэж үрэгдэн, хүнс тэжээл нь дууссан тул цэргүүд нь хэд гурваараа хэрэн тэнэж хоол хүнс эрж явдаг болжээ. Хавар цагт нэг хэсэг цэрэг Цагаан гол өгсөн явсаар нэгэн нуурын дэргэд ирж амсхийж, нэгнийгээ нуурын харзалсан уснаас ус авхуулахаар явуулсан байна. Өнөө цэрэг модон хувингаараа ус хутгатал устай цуг олон загас хувинд орсонд бөөн баяр болж, цэргүүд өлсөж үхэх аюулаас аврагдан тэндээ саатан тухалж тэнхэрч аваад уг нуурыг үхэх аюулаас аварсан ачит нуур минь гэснээс болж “Ачит” нуур нэртэй болсон гэх нэгэн домог буй.

1.29.2021

Монгол цаг тоолол



Луу цаг - нар мандах 7.40-9.40
Могой цаг - нар хөөрөх 9.40-11.40
Морь цаг - үд дунд 11.40-13.40
Хонь цаг - үд хэвийх 13.40-15.40
Бич цаг - нар гудайх 15.40-17.40
Тахиа цаг - нар жаргах 17.40-19.40
Нохой цаг - үдшийн бүрий 19.40-21.40
Гахай цаг - одод түгэх 21.40-23.40
Хулгана цаг - шөнө дунд 23.40-01.40
Үхэр цаг - шөнө дунд хэлбийх 01.40-03.40
Бар цаг - үүр тэмдэгрэх 03.40-05.40
Туулай цаг - үүр цайх 05.40-07.40

1.28.2021

Би Монгол хүн


 Ч.Чимэд

Би Монгол хүн
Аргалын утаа боргилсон
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог
Цэнхэр манан суунагласан
Алсын барааг ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл бахдан харахад
Үлээж байгаа салхи нь
Үнэсээд ч байгаа юм шиг
Өршөөлт ээжийн минь гар
Илээд ч байгаа юм шиг
Энэрэнгүй сайхан санагдахад
Элэг зүрх минь догдолж
Хосгүй баярын нулимс
Хоёр нүдийг минь бүрхдэг

1.11.2021


Бямбын Ринчин.

Монгол хэл
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ Сонсох бvр яруу баялгийг гайхан баясч Сод их билигт тvмэн юүгээн бишрэн магтаму би
Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн Өрнөн мандахын шинж бvрдсэн өвгөдийн минь хэл

Мөрөн гол цутгалант ширгэшгvй их далай мэт Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч Хөндий цээжинд орогч бvгдийг нэвтрүүлэх чадалт Хєгжим мэт яруу баясгалант монгол хэл

Өсөх наснаас өтлөхх насан хvртэл чам юугаан судлан Өдөр бүр үгсийн эрдэнийг чинь баярлан түүнэм
Түмэн түмэн үеийн оюун билгийн үүдийг чинь
Түлхэх бүр сэтгэл сэргэн, магнайн үрчлээ тэнийнэм

Tүгшүүрт бэрхийг даван туулсан баатар тvмний минь Төвшин соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдсэнд Сэлбэл үгүй сэцэн оюутан хэл юүгээн энхрийлэн хөгжүүлюү хэмээн Сэтгэл урмас бадран бахдаму, үс нь буурал өтгөс би

Хутаг өлзий бvрдсэн хувь их заяат тvмний Хурц авьяаст хөвгүүд дүү нар, халуун элэгтэн хотлоороо Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж Энхрийлэн бадруулахын бат зориг юутай сайхан
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтаму би