12.06.2021

"Монголын нууц товчоо" Чингисийн идэр нас /76-80/

 

76. Нэгэн өдөр Тэмүжин, Хасар, Бэгтэр, Бэлгүдэй дөрөв хамт сууж загас гөхидөхөд, нэг гэгээн согос загас гөхид торжээ. Тэмүжин, Хасар хоёроос Бэгтэр, Бэлгүдэй хоёр загасыг булааж авав. Тэмүжин, Хасар хоёр гэртээ ирж үжин эхэд өгүүлрүүн: "Нэгэн цайвар загас гөхид орсныг Бэгтэр, Бэлгүдэй ах дүү хоёулаа булааж авав" гэвэл үжин эх өгүүлрүүн: "Та нар нэг эцгийн хөвгүүд байтал юунд тэгж маргалдана. Одоо сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуур үгүй байгаагаа мэднэ биз. Ийм бол бид тайчууд нараас яахин өшөөгөө авч чадна. Урьдын Алунгуа эхийн таван хөвгүүд мэт яагаад эв эегүй болов? Та нар битгий тэг" гэв.

77. Тэндээс Тэмүжин, Хасар хоёр үл ойшоон өгүүлрүүн: "Өчигдөр нэг болжмор алсныг булааж авсан билээ. Энэ өдөр бас дахин булаав. Ийм бол эдэнтэй хамт яаж амьдарна" гээд гэрийн үүдийг ширүүн хаяж, гарч одов. Бэгтэр довцог дээр есөн шарга морио хариулж суутал, Тэмүжин хойноос нь, Хасар өмнөөс нь нууцаар онилоход Бэгтэр үзээд өгүүлрүүн: "Тайчууд ах дүү нарын хөнөөлийг хүлээгээд, өшөөгөө дуусган авч чадаагүй байтал, та нар намайг яаж нүдний сормуус, амны бөөлжис болгоно? Одоо сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуур үгүй байтал юунд ингэж байна? Голомтыг минь бүү бүрэлгэгтүн! Бэлгүдэйг бүү хөнөөхтүн" гээд  завилан сууж хүлцэв. Тэмүжин, Хасар хоёр хойно, урдаас нь харван алж одов.

78. Тэмүжин, Хасар хоёр гэртээ ирж ороход, үжин эх хоёр хөвгүүний царайг хармагц даруй учрыг мэдэж өгүүлрүүн: 
    "Ханиа барагсад
      Ижлээ идэгсэд
      Халуун хэвлийгээс минь гарахдаа
      Хар нөж атгаж төрсөн билээ.
      Хавиргаа хазах хар нохой мэт
      Хаданд довтлох харцага, шонхор мэт
      Уураа даран ядах омогт арслан мэт
      Амьдыг залгих аюулт мангас мэт
      Сүүдрээ довтлох сүрхий араатан мэт
      Цугыг залгих цурхай загас мэт
      Ботго, тормын борвийг хазах буур мэт
      Бороот өдөр довтлон халдах өлөн чоно мэт
      Нялх үрээ гилэн ядаж, нядлан идэх нүгэлт ангир мэт
      Хэвтэшийг нь хөдөлгөвөөс гэдрэг довтлох хэрцгий цөөвөр мэт
      Барьж идэх барс араатан мэт балмад амьтас буюу
      Сүүдрээс өөр нөхөргүй
      Сүүлнээс өөр ташуур үгүй байхад, тайчууд нарын хөнөөлийг хүлээж, өшөөгөө хэн яаж авах вэ? гэж байхад та нар юунд ийм хэрэг хийв" гэж эртний үгийг иш татаж, өвгөдийн үгийг үндэс болгож хөвгүүдээ ихэд буруушаан зэмлэв.

79. Тэгж байтал тайчуудын Таргудай Хирилтуг нөхдөө дагуулж " Хурганы үс гуужав, төлөгний бие төлжив" гээд довтлохоор ирэв. Тэднээс айж Өүлэн үжин хөвгүүдийн хамт ой шугуйд дутаав. Бэлгүдэй мод хугалж, шивээ барив. Хасар харван байлдаж, Хачиун, Тэмүгэ, Тэмүлэн гурвыг уулын завд нууж байхад тайчууд бархиран өгүүлрүүн: " Тэмүжин ахаа гаргаж өг. Бусад нь хэрэггүй" гэхийг сонсоод, Тэмүжинийг сэм оргуулан ойд дутаалгав. Үүнийг тайчууд мэдээд нэхэн хөөхөд, Тэмүжин Тэргүүн өндрийн шугуйд шурган орвол, тайчууд нэвтрэн орж чадсангүй, хүрээлэн сахив.

80. Тэмүжин шугуй дотор гурав хонож, одоо харья гэж морио хөтөлж явахад, мориноос эмээл нь мултран унав. Эргэж үзвэл эмээлийн олом, хөмөлдрөг хэвээр байтал мултарсан ажээ. Олом мултарч болох боловч хөмөлдрөг яахин мултарна. Тэнгэр ятгаж байгаа болов уу? гэж бас гурван хоног хүлээв. Дахин гарахаар явахад шугуйгаас гарах замыг гэрийн чинээ цагаан чулуу бөглөн хэвтэж байна. Тэнгэр ятгаж байгаа болов уу? гэж буцаж бас гурав хонов. Бүгд ес хоног хоолгүй байж "энэ мэт нэр үгүй үхэхээр гаръя" гээд зам бөглөн унасан гэрийн чинээ цагаан чулууг тойрон гарахад саад болох модыг сумч хутгаараа огтлоод, морио хөтөлж гармагц угтан барьж авав.









No comments:

Post a Comment