56. Түүнийг гурвуулаа хойноосоо нь нэхэж, долоон даваа давтал үлдэн хөөж, буцаж ирж, Өүлэн үжинийг Есүхэй баатар жолоодон хөтөлж, ах Нэгүн тайж тэргүүлж, дүү Даридай отчигин хажууд нь дагаж явахад Өүлэн үжин өгүүлрүүн:
"Миний эр Чилэдү
Сэрүүн салхинд
Сэвлэг үсээ хийсгэж
Хээр хөдөө
Гэдсээ өлсгөж яахин зовох болов. Одоо би хоёр сэвлэг үсээ хойш урагш унжуулж яахин одно" хэмээн Онон мөрнийг долгилтол, ой шугуйг ганхтал их дуугаар уйлахад Даридай отчигин өгүүлрүүн: "
Тэврэх хайрт эр чинь
Тэртээ давааг давав.
Уйлан санах эр чинь
Улс олныг гэтлэв.
Хайлж уйлавч
Харж чамайг үзэхгүй
Хайж эрэвч
Хаалга зам нь олдохгүй. Дуугүй бол." гэж ятгав. Өүлэн үжинийг Есүхэй баатар тэгээд гэртээ авчирч гэргий болгов. Өүлэн үжинийг Есүхэй баатар гэргий болгосон ёс ийм бүлгээ.
57. Амбагай хаан баригдаад Хадаан, Хотула хоёрыг нэр заасан тул хамаг Монгол, тайчууд нар Онон мөрний Хорханагийн хөндийд цуглаж, Хотулаг хаан болгов. Монголын жаргалан нь бүжиг, хурим бүлгээ. Хотулаг хаан өргөмжилөөд, Хорханагийг саглагар модны доор хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлтөртөл дэвхцэн бүжиглэж хуримлав.58. Хотула хаан болоод Хадаан тайжтай хоёулаа татар иргэнээс өшөө авахаар мордов. Татарын Хотон бараг, Жали буха хоёртой арван гурван удаа байлдавч, Амбагай хааны өшөөг сайтар авч эс чадав.
59. Тэр цагт Есүхэй баатар татарын Тэмүжин Үгэ, Хори буха зэргийн татар хүнийг барьж ирэхэд жирэмсэн байсан Өүлэн үжин Ононы Дэлүүн болдог гэдэг газар Чингис хааныг төрүүлжээ. Чингис хаан төрөхдөө баруун гартаа шагайн чинээ нөж атган төрсөн ажээ. Татарын Тэмүжин Үгэг барьж ирэх цагт тохиолдож төрөв гэж Тэмүжин нэрийг өгөв.60. Есүхэй баатрын Өүлэн үжинээс Тэмүжин, Хасар, Хачиун, Тэмүгэ дөрвөн хөвүүн төрөв. Бас Тэмүлэн нэртэй нэг охин төрөв. Есүхэй баатрын нөгөө гэргий Сочигэл эхээс Бэгтэр, Бэлгүтэй хоёр төржээ. Тэмүжин есөн настай байхад Зочи Хасар долоон настай, Хачиун Алчи таван настай, Тэмүгэ отчигин гурван настай, Тэмүлэн өлгийтэй байсан бүлгээ.
No comments:
Post a Comment