6.14.2020

Баруун (Хар) Хятан улс


1125 онд Хятан гүрэн мөхөв. Елюй Даши хаанаасаа салж Иншань уулын баруун хойд этгээдийг зорин 3 хоног явж өнөөгийн Өвөр Монголын Улаанцав аймгийн нутагт орших Айбага голыг гатлан Цагаан татар буюу Онгуд нарын нутагт хүрч хүч сэлбээд, тэндээсээ Орхон голын баруун хойд этгээдийн Кэдун дахь Бэйтин духуфу-д (Умардыг хамгаалах яам) хүрчээ. Елюй Даши энд цэргийн агт морьд цуглуулж, Вэй-У, Чундэ, Хуйфань, Синь, Далинь, Зихэ, То гэх 7 хотыг өөрийн шууд удирдлага дооорх цэргийн тойрог болгон зохион байгуулав. Тэрээр энэхүү зохион байгуулалтын тусламжтайгаар цэрэг бүрдүүлэн Алтан улсын умард хилд довтолж байлаа. Мөн тэрээр Уйгур улсад элч илгээж өөрийн төрөлх нутагтаа эргэн ирж Хятан-Уйгурын эвсэл байгуулахыг санал болгож байжээ. Елюй Даши Кэдунд ийнхүү 5 жилийг өнгөрөөж, 1130 оны 3 сарын 13 нд бараан үхэр, цагаан мориор тахилга үйлдээд өөрийн улсыг байгуулах тохиромжтой газрыг эрж хайхаар цэргээ удирдан Төв Азийг чиглэн хөдөлжээ. Тэрээр замд гарахаас жилийн өмнө буюу 1129 онд Дахуан шивэй, Дила, Ванжила (Хонгирад), Чачила (Жажирад) Йэси, Бигудэ, Нила, Далагуай, Дамили, Миэржи (Мэргид), Хэжү, Угүли, Зүбү, Пусувань, Танггү, Хумуси, Сиди, Жиүэрби гэсэн 18 аймгийн төлөөлөгчдийг хуралдуулж тусламж хүсч байсан байна.

Елюй Дашийн хүч Орхоны хөндийгөөс хөдөлж Алтайн нурууг давсны дараа Енисэйн киргизүүдийг дайрч Эрчис, Эмиль мөрний сав нутаг дахь Или Тарвагатайд хүрчээ. Тэнд Елюй Даши бэхлэлт хот босгон хүчээ зузаатгасаар 40000 өрхөд хүрэв. Энэхүү бэхлэлт хотоос Гаочангийн Уйгурын Билгэ  хаантай холбогдон түүний дэмжлэгтэйгээр нутгаар нь аюулгүй зорчин исламын шашинт Зүүн Хархаант улсын дорнод хил хязгаарт нэвтэрч, 1131 оны зун шууд түүний төв хотуудын нэг болох Кашгарыг онилон довтлохоор шийджээ. Гэвч исламын ертөнц рүү халдсан эхний довтолгоо бүтэлгүйтэн, Кашгарын удирдагч Хархаантын Тамгач-хан Хасаны хөвгүүн Ахмадад дийлдэн ухарч ахин Уйгурын нутгаар дамжин Эмильд буцаж ирсэн байна.

Тэрээр Эмельд ирсэн хойноо даруй ул суурьтайгаар хүчээ дахин базааж эхлэв. Ингэхийн тулд юуны түрүүнд өөрийн Хар Хятан улсыг (хятад. Баруун Ляо) байгуулж, Гүр хаан хэмээн өргөмжлөгдөхийн сацуу Тянь-ю гэх оны цол авч хэрэглэв. Үүний дараа Хархаантын харъяаны харлагуудын Хайялыг, Алмалыг зэрэг хамгийн ойр хот суурингуудаас эхлэн улмаар Хархаантын өөр нэг чухал төв болох Баласагуныг 1134 онд эзэлжээ. Чү мөрний үржил шимт хөндийд орших энэхүү хот түүний улсын нийслэл болов. Жувэйний мэдээлснээр  Хар Хятаны цэргүүд нийслэл хотын ойролцоох Хам-Хэмчиг, Барсхан, Тараз, Яфинч зэрэг нуур, гол мөрнүүдийн ай саваар орших газруудыг довтолж, хангли, харлугийн зарим нүүдэлчдийг дагуулаад зогсохгүй мөн 1137 оны хавар гэхэд анх дийлдсэн киргиз, Кашгар, Хотан, Уйгурын Бешбалыкийг эзлэн хараат улс болгов.

Хар Хятан улс Зүүн Туркестаны гол төвүүдийг ийнхүү эзэлсний дараа Баруун Туркестаныг байлдан эзлэх аян дайныг 1137 оны 5 сараас эхлүүлэв.
Уйгарын Бешбалыкаас хөдөлсөн түүний хүч Ферганы үржил шимт хөгдийгөөр дамжин Трансокс дахь Баруун Хархаант улсын ширүүн эсэргүүцэлтэй тулгарчээ. Эхний тулгаралт Сырдаръяа мөрний эхэнд орших Хужандад болж хятаны ялалтаар төгсөв. Баруун Хархаан Махмуд нийслэл Самарканд руу ухарсан бол Елюй Даши түүнийг нэхэлгүйгээр Ферган, Шаш дахь Узганд, Андижан, Ташкент зэрэг олон хот тосгодыг эзлэн цэрэг, эдийн засгийн хувьд бэхжин 1141 оныг хүргэв.

1141 онд Елюй Даши болон Баруун Хархаант улсын хооронд шийдвэрлэх тулалдаан болов. Энэ тулалдааныг Елюй Даши өдөөсөн хэрэг бус харин тухайн үед Зүүн Туркестанд оршиж байсан улс төрийн хүчнүүдийн хоорондын зөрчил тэмцэлтэй холбогдох 2 шалтгаанаар үүсэн явагдсан байна. Эхний шалтгаан нь Хорезмын шагт улс, Селжүкийн эзэнт гүрний харилцаанаас үүдэн гарчээ. Хорезмын улс бол Селжүкийн султаны боол цэрэг кипчак гаралтай Ануш-Тигин Гарчагийн (1077-1097) 1077 онд үүсгэн байгуулсан улс байв. Хар Хятаны үед Хорезмын тэргүүн болсон Ануш-Тигиний ач хүү Атсиз шаг нь селжүкүүдээс тусгаар оршихын тулд 1138 оноос бослого тэмцэл гаргах болж, 1141 он гэхэд үнэнхүү хүч мөхөсдөж Селжүкийн эрхшээлд орсон байжээ. Тиймээс 1141 онд Атсиз шаг (1127-1157) өөрийг нь эрхшээх Селжүкийн султан 

Ахмад Санжарын (1085-1157) эсрэг эвсэхийг Елюй Дашид санал болгов.
Харин хоёр дахь шалтгаан нь Хархаант улс, Селжүкийн харилцаанаас үүдсэн байна. Хархаан Махмудын урилгаар Санжар селжүк цэргүүдээ дагуулан 1141 оны 7 сард Самаркандад ирэв. Түүний ирсэн зорилго хятанчуудтай тулах явдал биш харин Самарканд орчим хүчээ авч буй харлугийн нүүдэлчдийн бослогыг дарах явдал байв. Санжарын цэргийн хүчинд дийлдсэн харлугууд түүнд бууж өгч өргөл барьсан боловч түүнийг нь Санжар хүлээж авсангүй. Тиймээс харлугууд Елюй Дашид хандан Хархаант-Селжүкийн эсрэг эвсэхийг санал болгожээ.

Хятан-Хархаант улсын хоорондын тулалдаан 1141 оны 9 сарын 9-нд Самаркандын ойролцоох Хатваны талд болжээ. Хатваны тулалдаанд Хархаант-Селжүкийн эвсэлд Зүүн Туркестаны ихэнх нутгуудаас, тэр бүү хэл Иракаас хүртэл хүч бүрэлдэн оролцсон бол Хятаны талд монгол аймгууд, харлуг, хорезм, хятадууд багтаж байв. Тулалдаан удаашран сунжарсангүй, тулалдааны дараа Санжар, Махмуд хоёр хоёул амь мултран дутааж, Бухар, Самарканд тэргүүтэй Трансоксын нутаг хар хятанчуудын шууд мэдэлд оржээ. Елюй Дашийн хүч Самаркандад нэвтэрсний дараа дагаар орохыг хүссэн исламын шашинт ноёд язгууртнуудыг 3 сарын турш хүлээн авч, тухайн бүс нутгийг захирах түшмэдийг сонгон томилжээ. Ингэхдээ Самркандыг захирах эрхийг Махмудын хүү Ибрахимын мэдэлд шилжүүлэн үлдээж, түүнийг өөрийн охинтой гэрлүүлэв. Үүнээс  гадна тус тулалдааны дараа 1142 онд Хорезмын шагын Хорасаны Мевр, Нишапур зэрэг торгоны замын хотууд руу дайрч бие даах гэсэн оролдлогыг Елюй Даши таслахын тулд Эрбүз нэрт жанжиныг Хорезм руу илгээж, эцэст нь Атсиз шаг Хар Хятан улсад 3000 алтан динарын алба гувчуур өргөж байж дагаар орсон байна.

Хатваны тулалдаанаас 2 жилийн дараа буюу 1143 онд Елюй Дашийг тэнгэрт халих үед Хар Хятан улсын хил хязгаар Баруун Туркестаны Хорасан (1160-1180 оны хооронд) Трансоксоос Зүүн Туркестан дахь Алтайн нуруу (1175 он хүртэл), Уйгур хүртэл, өмнө талдаа Балх (1165-1198 оны хооронд), Хотан Хамигаас хойш Балхаш нуурын хойд хэсэг, Эрчис мөрөн хүртэл нутгийг хамарч, газар нутгийн хэмжээгээрээ Сүн, Алтан улстай энэ зэрэгцэхүйц томорсон байлаа. Түүний дагуул улсууд нь Хорезм, Зүүн, Баруун Хархаант, Гаочангийн Уйгур, Харлуг, Хангли, Найман аймаг, 12-р зууны дунд үе хүртэл Орхоны хөндийн монгол-түрэг аймгууд байв. Елюй Дашийг өөд болсны дараа төрийн эрхийг түүний хатан Сяо Табуян (1143-1150), хүү Елюй Илиэ (1151-1163), охин Елюй Пусувань (1164-1177) нар барьжээ. Энэ үе бол Хар Хятан улсын дундад үе болно. Хар Хятан улс улам хүчирхэгжиж, исламын шашинт хөрш улсуудын хямрал, зөрчлийг ашиглаж бүс нутагт эзлэх байр сууриа улам бэхжүүлсэн үе юм.

Сяо Табуян, Елюй Илиэ нарын үед гарсан нэг том өөрчлөлт бол Алтан улсын нөлөө Монголын өндөрлөгийн нүүдэлчин аймгууд болон Уйгур улсад нэмэгдсэн явдал юм. Уйгур улс Уйгур улс 1144 оны сүүлээр Алтан улсад алба гувчуур өргөх болжээ. Өөрөөр хэлбэл Уйгур улс Хар Хятан, Алтан улсын аль алины хараат улс болон хувирсан ажээ. Харин Алтан улс 1141 онд Сүн улстай найрамдлын гэрээ байгуулсны дараа 1146 онд Гурван голын монголчуудыг өөрийн хараат улс болгосон байна. Тус онд Алтан улс мөн Хар Хятан улсыг хараат улс болгохоор элч илгээсэн боловч Хар Хятан улс санаархлыг нь тас цохиж, элчийг хороосон ажээ. Түүнээс 10 жилийн дараа 1156 онд Алтан улс нүүдэлчдийг захирах хотыг Кедунд байгуулахыг оролдох үед тэнд нөлөөгөө тогтоож байсан хятаны хүч тодорхойгүй шалтгаанаар ухарсан байна. Хар Хятан, Алтан улсын хооронд байнга өрсөлдөөн тэмцэл явагдаж байсан нь 1161 оны зун Алтан улсын дотор гарсан хятанчуудын бослогоор тод илрэв. Тус онд Алтан улсад зүтгэж байсан Саба нэрт ноён бослого гарган улмаар Хар Хятан улсад хүчээ өгөхөөр Монголын тал нутаг руу оджээ. Тэр Хэрлэн мөрнийг гатлан Хар Хятантай нэгдэхээс өмнө Алтан улсаас илгээсэн өөр нэг хятан жанжин болох Елюй Уоуо-д баригдаж алагджээ. Гэвч Уоуо Сабагийн адил Алтан улсад зүтгэхийг хүссэнгүй өөрийгөө хаан ширээнд залж, өөр нэг хятан улс байгуулсан боловч зүрчидүүдэд дийлдэн 1163 онд цаазлуулсан байна.

Елюй Илиэ-ийн дүү охин Елюй Пусванийг төр барьж эхлэх үед Трансоксын нутаг дахь исламын улсуудын зөрчил тэмцэл улам ихэссэн байлаа. Хорезмын шаг Атсизын хөвгүүн 2-р Арслан хаан (1156-1172) Санжарыг нас барсны дараа харлугуудтай хамсан Самарканд руу 1158 онд дайрсны хариуд Самаркандын шинэ хаан Чэгри хан (1157-1161) Хар Хятан улсаас тусламж хүссэн ажээ. Гэтэл Хар Хятан исламчуудын хэрэгт  шууд хутгалдахыг хүсээгүй учир Самарканд Харлуг-Хорезмын гарт орсон байдалтай байв. Харин Елюй Пусувань төрийн эрхэнд гарсан хойноо ахын адил шийдвэргүй байр суринаас хандангүй. Хорезмын шаг 2-р Арслан жил бүр төлөх ёстой алба гувчуураа төлөхөө больсноор барахгүй 1160 оноос Хорасан руу дайрах болжээ. Пусувань тайху Хорасанд цэрэг илгээж 2-р Арслан хааны цэргийг ялсанд Арслан Хорезм руугаа буцахаас өөр арга үлдсэнгүй.

2-р Арслан хаан 1172 онд нас барсны дараа Султан шаг, Текиш хоёр хөвгүүн нь хаан ширээнд  суух бололцоотой болов. Арслан хааны хатан Теркен отгон хөвгүүн Султан шагийг дэмжиж хаан ширээнд залсан ажээ. Энэ явдал ууган хөвгүүн Текишд таалагдсангүй, зорьсондоо хүрэхийн тулд Хар хятан улсад асар их эд баялаг, алба гувчуур санал болгон хариуд нь тусламж хүсчээ. Елюй Пусувань тайху Сяо Долүбү нэрт эр нөхөртөө их цэрэг өгч Хорезм руу илгээв. Хар Хятаны цэрэг ирж явааг мэдээд Теркен хатан хүүгийн хамт зугтан дагуул улсынхаа нэгд толгой хоргоджээ. Зорилгоо гүйцэлдүүлсэн Текиш 1172 оны 12 сард өөрийгөө хаанд өргөмжлөн улмаар 1174 онд зугтаж явсан Теркен хатныг хөөж бариад цаазалжээ. Тэрээр эхэндээ Хар Хятанд алба гувчуур төлж байсан боловч яваандаа Хар Хятаны тусламжаас татгалзан бие даах гэж оролдож эхлэв. Тэр бүү хэл 1170-аад оны дунд үеэс Хар Хятаны элч нарыг удаа дараа хороон алах болжээ. Харин Султан шаг дүрвэн явсаар Газна, Афганстан дахь гуруудын нутагт хүрч дараа нь Текиш, Хар Хятаны харилцаа муудсныг ашиглан Пусувань хатнаас тусламж гуйхаар шийдсэн байна. Сяо Долүбүгийн удирдсан хятан цэргүүд энэ удаа Текишийг довтлон ширээнээс унагаж, оронд нь Султан шагийг Хорезмын тэргүүн болгохыг оролджээ.

Хэдийгээр Елюй Пусуваний үед баруун хязгаарт улсын хэрэг амжилттай явагдаж байсан боловч түүнийг төр барих сүүлийн жилүүдэд зүүн хязгаарт улс төрийн байдал тогтворгүй болж ирэв. 1175 онд Хар Хятан улсын нөлөөнд байж алба гувчуур өргөж байсан Хангли, Найман аймгууд 30000 өрхөө дагуулан Алтан улсад дагаар орохоо илэрхийлжээ. Ингэснээр Хар Хятан улсын зүүн хойд хил Алтайн уулсаас баруун тийш хумигдаж Балхаш нуураар хязгаарлагдах болов. Алтан улс Хар Хятаны  хариу үйлдлээс сэргийлэхийн тулд 1177 оноос Тангуд-Алтан улсын хилийн худалдааг хаах хүртэл арга хэмжээ авах болсон байна.

1177 онд Хар Хятаны ордонд гарсан зөрчлөөс шалтгаалан Елюй Пусувань хатан хороогдож орыг нь хоёр дахь хөвгүүн Елюй Жилүгү (1178-1211) залгамжилжээ. Тэр бол Хар Хятаны сүүлчийн гүр хаан байлаа. Түүнийг хаан ширээнд заларч байх үед эцэг Долүбү нь Султан шагт огузын түрэгүүдийг дарж, Мерв, Сарахс, Наса, Абивард зэрэг Хорасаны хотуудыг эзлэн авахад тусалж байв. Долүбүгийн ажиллагаа 1181 он хүртэл үргэлжилж үр дүнд нь Хорасан дахь Султан Шагийн эрх мэдэл нэмэгдсэн ажээ.
Харин Хар Хятаны цэргийн гол хүч ийнхүү исламын ертөнцөд байлдаж байх зуур Текиш Хар Хятан Султан шагийн эвслийг бүх талаар эсэргүүцэж байв. Тэрээр Хар Хятаны умард хөрш болох кипчакуудтай худ ураг болох замаар хүчээ хуримтлуулж, энэхүү шинэ холбоогоо ашиглан Хар Хятаны умард хил болох Талас голын нутагт халдаж эхэлжээ. Мөн 1190 онд Хар Хятаны хараат Хархаадын захирч байсан Бухар руу дайрч эзлэн хяналтаа тогтоосон байна.

1198 онд Афганстан дахь Бамиан хотын гур удмын захирагч Бах ал-Дин Сам гэгч Хар Хятанд алба гувчуур төлөгч дагуул хот Балхыг эзлэв. Энэ нь Хар Хятан улсын эдийн засгийн сонирхолыг хөндсөн бол Текишийн хувьд Хорезмын тусгаар тогтнолд заналхийлсэн аюул байв. Багдадын халифын Трансокс дахь нөлөөг хязгаарлахын тулд Текиш Хар Хятанаас тусламж гуйхаас өөр аргагүй болов. Хар Хятан улс 12000 цэрэг бүхий хүчийг Текишд илгээсэн боловч цэргийн хамтарсан хүчийг гурууд гэнэт довтолж ялжээ. Елюй Жилүгү амь үрэгдсэн 12000 хятан цэргийн амь бүрийг 10000 динар мөнгөөр үнэлж, нөхөн төлөхийг Текишээс шаардсан байна. Харин энэ шаардлага Текиш хятанчуудтай эв зүйгээ олохын тулд дайтах гэж байсан эсрэг тал болох гуруудад тусламж гуйж хандахаас аргагүй байдалд оруулав. Гурууд Текишд Багдадын халифын хүч нөлөөг тулган хүлээлгэсний дараа сая Хар Хятанд төлбөр төлөхөд нь тусалжээ. Ийнхүү Хорезм улсад Багдад дахь Аббасын халифт улс, нэн ялангуяа түүнийг захирч байсан селжүкүүдийн нөлөө бодитой мэдэгдэх болов. Хэдий тийм боловч Хорезм улс Хар Хятан улстай муудалцахыг огт хүсэхгүй байв.

Хорезмын шаг Текишийг 1200 онд нас барсны дараахь нөхцөл байдалд ч гэсэн Хар Хятан улс Баруун Туркестаны улс төрд гол тоглогч байж, бүс нутгийн шинжтэй аливаа зөрчил тэмцлийг шийдэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байлаа. Текишийг нас барсны дараа гурууд Хорезмийн мэдэлд орсон Хорасанд цэрэг оруулж Мерв, Сархс хотуудыг эзлэн авч тэргүүн захирагчаар нь Хорезмын эзгүй болсон хаан ширээнд өрсөлдөх боломжтой Хиндү ханыг тавьжээ. Энэ явдал Хиндү ханы төрлийн, ах Ала ал-Дин Мухаммадад (1200-1220) аюулын дохио болов. Учир Мухаммад бол Текишийн хүү, тиймээс Хорезмын хаан ширээг өвлөн авагч зүй ёсны хүнд тооцогдож байлаа. Мухаммад Хорезмын хаан ширээг албан ёсоор залгамжилсны дараа Хорасан руу цэрэг довтолгон дайрчээ. Ингэхдээ тэрээр гуруудад нэг бол хамтран илүү том хүч болох Хар Хятаны эсрэг тэмцье, үгүй бол хууль ёсоор эзэрхэгч Хар Хятан улстай хамтран Хоасаныг эргүүлж өгтөл тулалдана гэж шаардлага тавьж байв. Гурууд шаардлагыг хүлээж аваагүй тул Мухаммад 1201 оны 9 сард Хорасанд цэрэг оруулж газар нутгаа эргүүлж эзэлж эхлэв. Гэвч түүний энэ амжилт түр зуурынх байжээ. Гурууд шинэ удирдагч Шихаб ал-Дин ал-Гурийг томилж, дотоод асуудлаа шийдсэний дараа 1204 оны намраас эхлэн Хорасан руу бус харин шууд Хорезм руу довтолж эхэлжээ. Мухаммад кипчак гаралтай эх Теркен хатны хамт эсэргүүцэл үзүүлэхийг оролсон боловч чадсангүй, тиймээс Хар Хятан улсаас тусламж хүсчээ. 

Хар Хятан улс Хорезмыг нөлөөндөө байлгах сонирхолтой байв. Гурын удмынхан болон Хорезмын зөрчилд Таянгу тэргүүтэй Хар Хятаны цэргийн хүч оролцсоноор улс төрийн тогтворгүй байдал амархан шийдэгдэв. Нэг талаас Хорезмын хүч, нөгөө талаас Хар Хятаны хүчинд автсан гур удирдагч Шихаб ал-Дин Хорасаны Балх, Мерв зэрэг хотуудын дунд орших Андхуд хэмээх тосгонд шахагдан баригдаж, эцэст нь бууж өгөв. Бууж өгөх хэлэлцээрийн дараа Амударъяа мөрний хоёр талыг хил хязгаар болгон албан ёсоор тогтоогоод Таянгу жанжин цэргээ татжээ. Ингэснээр зөрчил түр зуур намжив.

Хар Хятан улс түүний эрхшээл доорх Хорезмын ноёрхол Их Монгол улсын цэргүүд тус бүс нутагт нэвтрэн орж ирэх хүртэл үргэлжилсэн билээ.1208 онд Хүчүлүг тэргүүтэй Найманы үлдэгдэл хүч Чингис хааны цэргээс зугтан Хар Хятан улсад орогножээ. Тэд Бешбалык, Кучагаар дайран Тэнгэр уулыг давж Баласагун дахь Гүр хааны ордонд ирэв. Насан өндөр болсон Елюй Жилүгү хаан Хүчүлүгийг найрсагаар хүлээн аваад зогсохгүй охинтойгоо гэрлүүлжээ. 1209 онд Хар Хятаны дагуул болох Уйгур улсын Идугут хаан хүчирхэгжиж буй Чингис хаанд дагаар орохоо илэрхийлжээ. Уйгурын дараа 1211 онд Хайялык дахь Хар Хятаны өөр нэг дагуул болох Харлугийн Арслан хан Чингис хаанд дагаар оров. 
Түүнийг дагаад Алмалык дахь Хар Хятаны харъяаны захирагч ч Монголчуудад дагаар орсон байна. Гүр хааны сүр хүч доройтон буурсныг ашиглан мөн онд Хүчүлүг ордны дотор бослого гарган төрийн эрхийг гартаа авчээ. Ийнхүү Хар Хятан улсын төрийн уламжлал тасарч үнэн хэрэгтээ мөхөв. Хар Хятан улс Хүчүлүгийн удирдлага дор цааш 5 жил оршин тогтносон ч 1216 онд Зэв жанжины удирдсан цэрэгт хөөгдөж зугтсан Хүчүлүг өнөөгийн Афганстаны зүүн хойд хэсгийн Бадахшан хэмээх уулархаг мужид нас нөгчсөн билээ. Ингэснээр  Хар Хятаны төр албан ёсоор монголчуудын мэдэлд оров. Хэдийгээр Хар хятан улс мөхсөн ч түүний төрийн олон түшмэд, ноёд язгууртнууд монголчуудад зүтгэж, тэднээр дамжин Хар Хятаны улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын өв уламжлал Их Монгол улсад өвлөгдсөн билээ.
“Монголын эртний түүх”    

6.12.2020

Хятан гүрний доройтол ба мөхөл


Ялу мөрнөөс хойших Манжуурын дорнод этгээдэд хятан нарын зүүн хөрш түнгүс угсааны зүрчидын тархай бутархай олон аймаг оршиж байв. Тэд хятан нарт тогтмол алба гувчуур өргөж байсан ба Хятан улс зүрчин нарыг дотор нь 3 хуваан захирч байлаа. Тэдгээрээс хамгийн тэрс үзэлтэй нь “бүдүүлэг зүрчин” нар байсан бөгөөд тэдний доторхи Ваньянь аймгаас хятан хаад нийт зүрчин нарыг захирах цэргийн захирагчийг үе залгамжлуулан томилдог байсан байна.

1112 онд Агуда (1068-1123) хэмээгч Ваньянь аймгийн толгойлогчоор ахыгаа залгамжлан сонгогдож, уламжлал ёсоор Хятаны хааны ордноос цэргийн захирагчийн цол хүртжээ. Гэвч Агуда хятаны төрд тэрсэлж эхлэв. 1114 оны намар тэрээр Хятан-Зүрчидийн хилд орших худалдаа, засаг захиргааны чухал цэг болох Нинжянжоу руу дайрч эзэлжээ.

Хятан гүрний хаан Елюй Яньси эхэндээ зүрчид нарын бослогыг тоогоогүй тул орон нутгийн удирдлагуудад асуудлыг шийдэхийг тушааж, нэмэгдэл хүч болгон Бохай дахь Зүүн нийслэлээс гаргасан багахан цэргийн хүч илгээжээ. Зүрчидүүд тэр хүчийг хялбархан ялав. Түүгээр ч зогсохгүй Хятан гүрний умардын сайд Сяо Фэнсяний дүү Сяо Сусяний удирдсан цэргийн хүчийг ч гэсэн Сунгари мөрний эрэг дээр бутцохиж улмаар 1114 оны сүүлээр Нинжяний ойр орчмын зарим аймгуудыг өөртөө нэгтгэж чадсан байна.

1115 оны эхээр Агуда шинэ улс байгуулж Алтан улс (1115-1234) хэмээн нэрлэв. Хятаны засгаас түүнийг хүлээн зөвшөөрсөнгүй. Алтан улсын хаан Хятантай хил залгах бүс нутгийн засаг захиргааны хамгийн том төв болох Хуанлунфу-г 1115 оны эцсээр эзлэн авсанд Елюй Яньси хаан өвөл болмогц их цэрэг удирдан Сунгари мөрнийг гаталж зүрчидийн нутагт довтолсон ч Агудаад ялагдлаа.

Елюй Яньси хааныг зүрчид нартай байлдаж явах хойгуур Хятаны хааны ордонд түүний эсрэг хуйвалдаан гарав. Алтан ургийн Елюй Жаннү гэгч хааны нагац, Дээд нийслэлийн тэргүүн сайд Елюй Чүнь-ий (1063-1122) эхнэр хүүхэдтэй хуйвалдан Дээд нийслэлд элч илгээн хаан ширээнд суухыг Елюй Чүньд санал болгожээ. Гэвч Чүнь энэ саналыг боломжгүй гэж үзэн хүлээж авсангүй. Яг энэ мөчид түүнд хааны элч ирж ордны бослого гарч болзошгүйг мэдэгдсэнд тэрээр Жаннүгийн элч нарын толгойг авч хаанд илгээснээр хуйвалдаан бүтэлгүйтэв. Хуйвалдаанд оролцсон гэх 200 гаруй ноёныг хатуу шийтгэн боол болгожээ. Зүрчид рүү зугтаж явсан Жаннүг баривчлан хэрцгийгээр тамлан хороов. Харин Елюй Чүнь-ийг хятаны цэргийн тэргүүн удирдагчаар томилж, Зүрчидийн эсрэг цэргийн хүчийг удирдахыг даалгажээ.

1116 оны эхээр шинээр дэгдсэн Бохайн бослогын хүчинд Дорнод нийслэл эзлэгдэж, бослогыг тэргүүлэгч Гао Юанчан гэгч Их Юань улсыг байгууллаа гээд биеэ хаанд өргөмжлөн Зүрчид нараас тусламж хүссэн байна. Харин Агуда өөрийг нь барьж хороожээ. Ийнхүү Дорнод нийслэлд хамаарч байсан Ляо мөрнөөс зүүн тийш Хятан гүрний нутаг Агудагийн мэдэлд шилжлээ.

Хятан улс Дорнод нийслэлээ Алтан улсад алдаж улмаар мөхөж болзошгүй буй тухай мэдээ авсан Сүн улсын хаан Хуйзун (1100-1126) бүдүүлгийг бүдүүлгээр дарах нангиадын уламжлалт бодлогыг баримтлан Агудаад элч илгээн урьд алдсан 16 мужийг эргүүлэн авах боломжийн тухай тандан асуув. Хариуд нь Алтан улс, Сүн улсад Хятан гүрнийг 2 талаас нь цохиж мөхөөх тухай ашигтай санал тавьжээ. Гэвч 1114 онд Тангудын цэрэг Сүн улсад халдан довтолж харилцан байлдсаар 1119 оныг хүргэсэн тул Алтан улстай эвсэж цэрэг хөдөлгөх боломж Сүн улсад гарсангүй. Агудаад мөн хөрш гүрнийг мөхөөхөд хүч дутах тул бэлтгэлээ базаах хэрэгтэй байлаа.
Дорнод нийслэлийг эзэлсэн Агуда 1117 онд Елюй Чүний хятан цэргийн хүчийг хялбархан няцааж улмаар цэрэг илгээн Ляо голын баруун этгээд дэхь хятаны зарим сууринг түйвээн өөрийн болгов. Улам хүчирхэг болж байсан шинэ улсад хятан ноёд урван дагах нь улам олширч байлаа.

1118 оны эх гэхэд Елюй Яньси хаан Алтан улстай хэлэлцээр хийхээс аргагүй байдалд хүрэв. Ялан дийлнэ гэдэгтээ итгэлтэй болсон Агуда бохай гаралт түшмэлийн зөвлөгөөгөөр 8 сард Хятаны хаанд туйлын хүнд 4 шаардлага тавьжээ:1.Хятан хаан Алтан улсын хаан энэ тэнцүү болох, 2.Алтан ургийн ноёдыг барьцаа болгон ирүүлэх, 3.Хятан улс Алтан улсад алба өргөх, 4.Хятан улс зөвхөн Өрнөд, Өмнөд нийслэлээ авч үлдээд үлдсэн Дээд, Дунд нийслэл, Шинжунфу тойргоо Алтан улсад өгөх.
Хятаны төр Агудагийн эдгээр шаардлагыг хүлээж авах боломжгүй байв. Гэвч 1118 онд Хятаны газар нутагт өлсгөлөн газар авахын зэрэгцээ улсын хаа сайгүй бослого тэмцэл өрнөж, Хятаны төрд итгэх итгэл багасаж, Алтан улсад дагаар орох ноёд, ардын тоо ихэссээр байлаа. Тиймээс Елюй Яньси хаан хэлэлцээр хийж цаг хожихын үүднээс Агудад “Дорнод далайн ван” цол, их хэмжээний хөрөнгө мөнгө өгөхийг санал болгосон боловч 1119 оны зун Агуда тэр бүгдийг доромжлол хэмээн хүлээж авсангүй. Сүн улстай хийх хэлэлцээр дуусч аль аль тал аман байдлаар харилцан тохиролцсон тул Хятан улсыг мөхөөх шинэ аян дайныг эхлүүлэв.

Зүрчидүүд 1119 оны дундуур хятаны өвөг дээдсийн нутаг, алтан ургийн хаадын оршуулга бунхан, сүм хийдүүд оршин байх өөрөөр хэлбэл Хятан гүрний оюун санаа, шашны төв болсон Дээд нийслэлийг эзлэн авав. Елюй Яньси хаан сэтгэлээ хуурч, ан ав найр наадмаас өөр зүйл хийсэнгүй. Ноёд хааныг сэнхрүүлэх гэсэн боловч түүний шадар сайд Сяо Фэнсянь саад болсоор байлаа. Ийм нөхцөлд 1121 оны хавар ордны дотор дахин хуйвалдаан гарав. Елюй Яньси хааны 2 дахь хатан Вэнь хүргэн дүү цэргийн жанжин Елюй Юйдутай хамсан өөрийн хүү Цинь ванг хаан ширээнд залахыг оролджээ. Хуйвалдааныг өрсөлдөгч хатны дүү Сяо Фэнсянь илрүүлж, хуйвалдагч хатан хороогдов. Зугтан одсон Елюй Юйду жанжин Алтан улсад дагаар орж, 1121-1122 оны өвөл эргэж ирэхдээ Зүрчидийн цэргийг удирдан Дундад нийслэл рүү дайрч эзэлжээ. Дундад нийслэл эзлэгдмэгц Елюй Яньси хаан Өмнөд нийслэл дэх ордноо Елюй Чүньд даатгаж орхиод Өрнөд нийслэлд хүрч ирэв. Тэрээр Сяо Фэнсяний ятгалгаар Цинь ванг хороолгуулсан боловч төд удалгүй эзэн хаан түүнд ч бас үл итгэн амиа хорлохоос аргагүй байдалд оруулав. Елюй Яньси хаан өөрөө баруун тийш Шар мөрний их тохойн умард этгээд рүү дутааж Тангудуудаас тусламж авахыг оролджээ.
1122 оны хавар зүрчид нар Сүн улсын алдсан 16 мужийг хамрах Өрнөд нийслэл рүү дайрав. Харин Сүн улс хэлэлцсэн ёсоороо Өмнөд нийслэл рүү дайрчээ. Зүрчид нар Өрнөд нийслэлийг эзлэн авсан ч түүний эргэн тойрныг түвшитгэхдээ бэрхшээлтэй тулгарав. Учир нь зугтсан Елюй Яньси хаан тангудын хүчтэй хамсан цэрэг босгож чадсан байлаа. Агуда Манжуураас өөрийн биеэр ирж цэрэг удирдан 2 тал байлдсан ч хятан хаан ялагдан Иншань уул руу дутаажээ. Харин Агуда Сүн улстай өрсөн Өмнөд нийслэлийг эзлэхээр одов.

Хааныг ийнхүү дутааж, алс бөглүү газар хорогдож байх хооронд Елюй Даши (1087-1143) тэргүүтэй хятан ноёд хаан ширээнд Елюй Чүнь ноёныг өргөн залав. Ийнхүү Хятан улсын суурьшмал иргэд Чүнь ноёны эрхшээл дор, харин нүүдэлчид Елюй Яньси хааны эрхшээлд үлдэн 2 хуваагдав.

Алтан улсын аян дайны амжилтыг Сүн улс анхааралтай ажиглаж байлаа. Алтан улстай хийсэн аман хэлэлцээр ёсоор Сүн улс цэрэг хөдөлгөн хүссэн газраа өөрөө байлдан эзлэх ёстой байв. Харин ийнхүү Хятан улс руу халдвал Хятан Сүн улсын хооронд 100 жилийн өмнө байгуулсан Шань-юаний гэрээг зөрчсөн хэрэг болох байлаа. Хятан шинэ хаан дээрх хэлэлцээрийн дагуу Тангуд улс Сүн улс руу дайрахдаа эвсье хэмээн санал гаргасныг Хятан улс хүлээж аваагүй болохыг Сүн улсад сануулж, тус гэрээг зөрчин Алтан улстай эвсэж буйг буруутгасаар байв. Харин Сүн улс Елюй Чүньд бууж өгөхийг санал богожээ. Елюй Чүнь Сүн улсын зүгээс ирж болзошгүй аюулаас сэргийлж, цэргийн жанжин Сяо Гань, Елюй Даши нарыг өмнөд хил рүү илгээж, 1122 оны зуны эхээр Сүнгийн эхний дайралтыг няцааж чаджээ.

Хятан улс Сүн улсын цохилтыг давж гарсан ч 3 сар хаан ширээнд суугаад байсан Елюй Чүнь тэнгэрт халив. Түүнийг орыг залгах үр байсангүй, тиймээс Сяо Гань, Елюй Даши тэргүүтэй ноёд төрийн эрхийг хатан Сяо Дэфэй-д шилжүүлэхийг дэмжив. Тэрээр өмнө нь хааны эсрэг хуйвалдаанд оролцсон хэргээр хоригдож байгаад Чүнийг хаан болох үед дэргэд нь ирээд байв. Харин Хятаны бусад ноёд язгууртнууд хатан болон түүнийг дэмжигсдийн үйлдлийг таашаасангүй, зарим нь сэм хуйвалдаж Сүн улсад бууж өгөхийг оролдож, зарим нь харяат иргэдээ дагуулан Сүн улсад шууд дагаар оржээ. Ийнхүү урвагсдын тусламжтайгаар намар нь Сүн улс дахин дайралт хийв. Хугоу мөрнөөс холгүй орших хоёр улсын хил дээр болсон хүч тэнцвэргүй тулаанд Сяо Гань, Елюй Даши нар уран арга хэрэглэн дийлжээ.

Сүн улс цэргээ татсан явдал Алтан улсад шинэ боломж олголоо. 1122 оны сүүлээр Цавчаал боомтыг эзлэн Өмнөд нийслэлд тулж ирэх хүртэл Агудаад Сяо Дэфэй хатан найрамдан хараат улс болох санал тавьсаар байв. Харин Агудаад энэ саналыг хүлээж авах шаардлага байсангүй. Тэрээр бараг ямар ч эсэргүүцэлгүй Өмнөд нийслэл рүү давшин орох зуур Сяо Гань, Елюй Даши нарын цэргийн нөмөр дор Сяо Дэфэй хатан хотоос зугтааж чаджээ. Төдөлгүй зугтагсад зам салж, хоёр хуваагдсны нэг  болох си, бохай цэргүүдээс бүрдсэн хүчийг Сяо Гань тэргүүлж төрсөн нутгийнхаа зүг Дээд нийслэлийн ойролцоох бүс нутаг руу дутаасан бол хоёр дахь цэргийн хүчийг Елюй Даши тэргүүлэн Елюй Яньси хаантай нэгдэхээр хүлгийн жолоог залсан байна. 1123 онд Сяо Гань нутагтаа хүрч Их Си улсыг байгуулсан боловч 5 сарын дараа Сяо Гань төрөл нэгтнүүддээ алуулснаар мөхөв. Харин Елюй Даши тайху хатныг ятган 7000 цэрэгтэй Иншань ууланд хүрч Елюй Яньси хаантай золгов. Елюй Яньси хаан, хааны орыг зөвшөөрөлгүй эзэлсэн тайху хатныг цаазлан харин Елюй Дашийг амьд үлдээжээ.
Улсынхаа бараг бүх нутаг дэвсгэрээ алдсан Елюй Яньси хаан Өмнөд нийслэлийг эргүүлэн авах оролдлого хийж 1123 оны хавар Елюй Дашид цэрэг өгч илгээв. Гэвч Елюй Даши Цавчаал боомтыг эзлэх үедээ зүрчид нарт баригдаж, хүчинд автан зүрчид цэргийг Елюй Яньси хааны байгаа газар газарчлан хүргэжээ. Алтан улсын цэргийг ирэх үед хаан Иньшань ууланд байсангүй, ханхүүгээс бусад хааны гэр бүл алтан ургийн ноёд язгууртнууд цөм зугтаж амжилгүй баригдсан байна. Амьд үлдсэн хаан, ханхүү хоёр уулзсан ч Тангуд улсад орогнох эцгийнхээ саналыг ханхүү хүлээж авалгүй говийг гатлан умард тийш одоод Угу, Дилиэ аймгуудыг эзэлж өөрийн улсыг байгуулах гэж оролдсон боловч бүтсэнгүй. Хэдэн сарын дараа буюу 1124 оны эхээр Сүн улсын шаардлагаар Тангуд улсын хаан санаагаа өөрчлөн Хятан гүрний нутгаас хэсэг газар шагнуулсны хариуд Алтан улсын хараат болсноо зарласан билээ. Тиймээс Елюй Яньси хаан Шар мөрнийг гатлан өнөөгийн Өвөр Монголын төв, Хөх хотын хойд нутагт оршиж байсан Тулюйбү аймагт орогнохоор одов.

Агуда Елюй Дашийн гавъяаг үнэлэн цол хэргэм хүртээгээд зогсохгүй гүнж хүртэл буулгаж өгсөн байна. Гэвч Елюй Даши 5 сарын турш "хоригдсоны” эцэст Агудаг 1123 оны намар нас барсан хойно Алтан улсын гараас мултарч дутаасаар 1124 оны зун Елюй Яньси хаантай уулзаж чадав. Елюй Яньси хаан түүнтэй нэгдсэндээ баярлан дахин Алтан улс руу довтлох төлөвлөгөө боловсруулж эхэлжээ. Хөрш Алтан улс, Сүн улс, Тангуд улс өөрийнх нь эсрэг эвсээд байсан нөхцөлд нутгаа алдсан хааны энэ төлөвлөгөө хэрэгжих ямар ч үндэсгүй байлаа. Тиймээс Елюй Даши хаантай зөрчилдөн хүчтэй эсэргүүцсээр, эцэст нь өөрийн замаа хөөхөөр шийджээ. Сарын дараа тэрээр Елюй Яньси хааныг шөнө дөлөөр орхин өөрийн дагалдагсдын хамт баруун умар зүг Монголын тал нутгийг зорилоо. Елюй Даши замдаа Хятаны сүүлчийн цэргийн тэргүүнээр өргөмжлөгдөв. Харин Елюй Яньси хаан Алтан улсад ялагдан 1125 оны эхээр Инжоуд баригдан улмаар Манжуурт хүргэгдэн, тэндээ насан эцэс болжээ. Ийнхүү Хятан гүрэн 1125 онд мөхөв.
“Монголын эртний түүх”      


6.08.2020

Хятан гүрний Монголын өндөрлөг дэх тэлэлт


Хятан гүрний хүчирхэг байх үеийн Монголын өндөрлөгийн тархай бутархай нүүдэлчдийг хятад сурвалжуудад ерөнхийд нь Зүбү хэмээн нэрлэдэг. Эдгээр тархай бутархай нүүдэлчдийг Абаожи анх 924 онд өөрийн харъяандаа нэгтгэснээс хойш тэд Хятаны хааны ордонд ирж алба татвар өргөдөг байсан ч хятан нарын баруун хойд зүгт тэлэх тусам ширүүн тэмцэн эсэргүүцдэг байсан ажээ. 11-р зууны үеэс тэдний бие даах, Хятаныг эсэргүүцэх нь улам ихэссэн байна. Ялангуяа хятанчууд Уйгурын нутаг руу 997-1000, 1007, 1012-1023, 1027 онд дайралт хийх болгонд зүбү аймгууд ямар нэг хэмжээгээр хятанчуудтай тулалдан тэмцэлдэж байв.

Зүбү нарыг хятаны харъяанд оруулахад хамгийн их хувь нэмэр оруулсан хүн бол Елюй Лунсюй хааныг бага балчир үед төр барьж байсан Сяо Яньянь тайху хатан байв. Хятан улс Сүн улстай байлдаж байх үед буюу 990-ээд оны эхэн үеэс Монголын төв хэсэгт зүбү нар бослого гаргах нь улам олширсон байна. Тиймээс тайху хатан тэднийг эрхшээлдээ оруулахаар 994, 997 онд цэрэг хөдөлгөж дайн хийж байлаа. Энэ дайнд цэргийн удирдагч Сяо Талин онцгой үүрэг гүйцэтгэсэн байна. Тэрээр 997 онд зүбү нартай их тулаан хийж дийлсний дараа цэргийн гол захирагчаар томилогдон ажиллаж, жил бүр зүбү нарын татвар гувчуурыг цуглуулан авах хэргийг шийтгэн мэдэх болов. 

Гэвч Монголын төв хэсэгт орших зүбүгийн олон нүүдэлчдийн байр суурь тогтворгүй хэвээр байсан тул Сяо Талин хятаны хааны ордонд айлтгал мэдүүлж Хэрлэн мөрний баруун хэсгийн Монголын төв нутгийг засаг захиргааны нэгжид хуваан, Жэньжоу, Фэнжоу, Вэйжоу гэсэн хотуудыг байгуулах зөвшөөрөл хүссэн байна.  

Эдгээр 3 хотоос хамгийн том нь Жэньжоу байв. Монголын өндөрлөгийн нүүдэлчдийг захирах төв болсон энэхүү Жэньжоу хотыг Сяо Яньянь тайху хатны зарлигаар 1004 оны зун хуучин Уйгур улсын үед оршиж байсан хотыг сэргээн байгуулжээ. Уг хотын оршиж байсан газрыг сурвалж бичгүүдэд Кэдун хэмээн нэрлэсэн байдаг. Эдүгээ археологийн судалгаагаар Жэньжоу хот нь одоогийн Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дахь Чинтолгойн балгас мөн болох нь нотлогдсон. Тус хотыг анх байгуулах үед байнгын 20000 морьт цэрэг байршуулан суурьшуулсан байна. Түүнээс хойш хот өргөжин тэлж хязгаар нутгийн засаг захиргаа, цэргийн төв болоод зогсохгүй мөн хятаны адууны бэлчээрийг хянах төв, Умард хятад Төв Азийг холбосон худалдааны замын чухал зангилаа, улс төрийн хэрэгтнүүдийг гэр бүлтэй нь цөлөх газар болжээ. Чин толгойн балгасаас гадна Монголын нутаг дэвсгэр дээр хятаны үед холбогдох Эмгэнтийн балгас, Талын улаан балгас, Хадаасангийн /Хар бухын/ балгас, Баруун хэрэм, Зүүн хэрэм, Барс хот /Хэрлэн барс-1/ зэрэг 20 орчим суурин бэхлэлтийг Орхон, Туул, Хэрлэн мөрний сав газруудад илрүүлэн судлаж байна.

Хэдийгээр хязгаар нутгийг тохинуулах олон хот бэхлэлтийг барьж байгуулж байсан боловч Зүбүгийн бослого тэмцэл үе үе гарсаар байв. 1012 онд зүбү нарын бослого Кэдуний төвд эхэлж, тэр даруй хятаны баруун хойд нүүдэлчдийн бүх хил хязгаар нутгийг хамарсан байна. Бослогыг Елюй Хуагэ жилийн дотор хүчлэн дарсны дараа Зүбүгийн олон аймаг баруун тийш нүүдэллэсэн ажээ. Хуагэ тэднийг нэхэн хөөж явсаар Хархаант улсын (950-1213) цэргүүдтэй хүртэл хатгалдаж байв.

1012-1013 оны бослогын дараа 1069 онд Зүбүгийн томоохон бослогыг Елюй Жэньсянь дарж байв. 1086 онд Зүбүгийн толгойлогч Хятаны хаан Елюй Хунжигийн ордонд ирэх үедээ холбоотон болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Мөн Зүбү аймгийн өөр нэг удирдагч Мэгүсү хэмээгч хүчирхэгжин 1089 оноос хятанчуудын эсрэг босчээ. 1092 онд хятанчууд Монголын өндөрлөг дэх энэхүү Мэгүсү тэргүүтэй зүбү нарын зарим хөрш нүүдэлчдийг довтолсны хариуд 1093 онд Мэгүсүгээр удирдуулсан хүч сөрөг довтолгоон хийж Хятаны баруун хойд хил дагуу хятанчуудын адууны бэлчээр нутгийг эзлэн авч тулалдаад ялагдсан байдаг. Энэхүү Мэгүсү тэргүүтэй зүбү нартай умардын цэргийн хэргийг эрхлэн захирагч Елюй Утэла 8 жилийн турш хөөцөлдөж эцэст нь 1100 онд Мэгүсүг барьж хааны ордонд авчран хэрцгийгээр тамлан алжээ. Чухам энэ үеэр Зүбү болон түүний эргэн тойрон дахь нүүдэлчдийн зарим нь дагаар орсон бол зарим нь эсэргүүцэн тэмцсээр 1102 онд бүрэн дарагджээ. Зүбүгийн төлөөлөгчид 1110, 1112 онд алба татвар өргөн барьсан байдаг.

Хятаны засаг, тусгаар улс орнуудаас (pin), хараат орнуудаас (gong) гэсэн 2 төрлийн татвар авдаг байсан ба сонирхолтой нэг зүйл гэвэл Хятаны засагт баруун хойд зүгийн нүүдэлчдийн хувьд pin татвар төлдөг байжээ. Нүүдэлчдийн Хятаны засагт төлөх ёстой хамгийн чухал татвар бол адуу байлаа. Хятан улс албан ёсоор байгуулагдахаас өмнө 901 онд зүбү нар Абаожид 20000 морь өгч байсан бол харин Хятан гүрэн ид цэцэглэн хөгжиж байх ид үед 1019 онд зүбү нар 1700 адуу, 440 тэмээ, 10000 цагаан үенгийн үс, 25000 саарал сохор номингийн үсээр татвар өгч байв.
“Монголын эртний түүх”

6.07.2020

Хятан гүрний Ганьсугийн хоолой дахь тэлэлт


Шань-юаний хэлэлцээр хийгдэх үед Ганьсугийн хоолойн нутаг дэвсгэр, Ганьжоу төвтэй уйгур, Лянжоу төвтэй төвөд, Шажоу төвтэй Цао овгийнхны хаант улс гэсэн 3 үндсэн хэсэгт хуваагдаж, бүс нутагтаа тэргүүлэхийн тулд өөр хоорондоо ширүүн тэмцэлдэж, энэхүү тэмцэлд Сүн, Хятан улсын хүчийг аль болох ашиглахыг оролдож байв. 1002 онд Цаогийн удмын хаан Цао Яньлугийн (976-1002) эсрэг үеэл Цао Зуншоу (1002-1014) хэмээгч бослого гарган амжилт олж хаан ор суув. Тэрээр Елюй Лунсюй хаанд алба гувчуур барин хөрш зэргэлдээх Ганьжоугийн Уйгур улс руу дайрахад цэргийн хүчээр туслахыг гуйж байжээ. Хятан-Цаогийн хамтарсан хүч Уйгур руу 1008-1010 онуудад довтолсон боловч төдий л амжилт олж байсангүй. Цао Зуншоу 1014 онд өөд болж түүний хүү Цао Сяньшунь нь залгамжилсны дараа Хятан-Цаогийн хүч 1027 онд Ганьжоу руу дайрч бүслэн хаасан ч эзэлж чадсангүй, ухрах үедээ хятанчууд тэдний баруун зүгт газар нутгаа тэлэх бодлогыг хүчтэй эсэргүүцэж байсан зүбү гарт цохигдон их гарз хохирол амсаж байв.

Энэ үед тангудууд өөрсдийн төр улсыг аажим аажим босгосоор байв. 1020 онд тангудууд шинэ нийслэлээ Синжоуд барьж босгов. 1028 онд тэд Хятан-Цаогийн цэргийн хүчний дийлж чадаагүй Ганьжоугийн уйгуруудыг ялж, Ганьжоу орчмын нутгийг хяналтдаа оруулав. 1031 онд Хятан улсын хаан ширээнд Елюй Зунжэнийг залрах үед тангудын удирдагч Ли Юаньхао хэмээгч хятан гүнжтэй гэрлэж хаадын хооронд худ ургийн харилцаа тогтоожээ. Гэвч төд удалгүй хятан хатан зуурдаар нас барж, Елюй Зунжэнь хаан хатны үхсэн шалтгааныг элч явуулж асуулгасан байна. 

Энэ үед Сүн улсын зүгээс ч гэсэн Ли Юаньхаогийн бүх цол хэргэмийг хурааж, тангудуудтай харилцаж байсан хилийн худалдааг хориглон хаажээ. Ли Юаньхао 1038 онд Тангуд буюу Си Ся (1038-1227) улсыг байгуулсны дараа Тангуд-Сүнгийн дайн 1040 онд эхэлсэн боловч аль аль нь ялж чадсангүй, нөхцөл байдал даамжран удаашрав.
Сүн улсын цэргийн хүч саарч, ялагдах нь тодорхой болох үед хятанчууд дайнд татагдан орж Тангудтай хамтран Сүн улсын цэрэгт шийдвэрлэх цохилтыг 1042 онд өгчээ. Үүний дараа хятанчууд Сүн улсад шахалт үзүүлснээр 1005 оны Шань-юаний хэлэлцээрээр тогтоосон торго, мөнгөний хэмжээг тус бүр 100000 нэгжээр нэмэхээр болгосон байна. Харин хариуд нь хятанчууд Тангуд-Сүнгийн хооронд энх тайвны зөвшилцөлд хүрэхэд нөлөөлөхөөр болжээ. Уг хэлэлцээний дараа хятанчууд Тангудтай хамтран Сүн улсын эсрэг дайтахаа зогсоов. Энэ нь 2 улсын хоорондын харилцаа муудахад хүргэж улмаар хятанчууд тангудын эсрэг дайн зарлахад нөлөөлөв. Т

ангуд-Хятаны хооронд үүссэн дайны шинэ нөхцөл байдлыг далимдуулан Сүн улс Тангудтай хийсэн дайнаа эцэслэхээр шийдэж, 1044 онд Тангуд Сүн улсын хараат улс болохоо хүлээн зөвшөөрчээ. 1044 оны Сүн-Тангудын хэлэлцээрээр Сүн улс, Тангуд улсад жил бүр 72000 лан мөнгө, 153000 толгой торго, үэлмж хэмжээний цайгаар тэтгэлэг өгөхөөр болжээ. Энэ хэлэлцээрийн дараа хятанчууд Тангуд руу дайрсан боловч Ли Юаньхао-г дийлж чадсангүй, арга буюу буулт хийснээр довтолгоон зогсжээ. Ли Юаньхаог 1048 онд нас барсны дараа хятанчууд дахин 1049, 1050 онд довтолгоон хийж, хүнд гарз хохирол амссан ч эцэст нь 1053 онд Тангуд улс албан ёсоор хятанчуудын хараат улс болсон байна.  
"Монголын эртний түүх"

6.06.2020

Хятан гүрний Солонгосын хойг дахь төрийн бодлого


10-р зууны эхэн хагас дуусахад Солонгосын хойгт оршиж байсан хэд хэдэн улсуудыг Корё улс нэгтгэсэн байв. Шинэ улсын хамгийн том дайсан хятанчууд байсан юм. 926 онд Абаожи Бохай улсыг нэгтгэсний дараа бохайн зарим дүрвэгсэд зүрчидийн олон аймгийн хамт Ялу мөрний дунд хэсэг дагуу Чөнань хэмээх бие даасан улсыг байгуулжээ. Чөнань нь Хятан болон Корё улсын дунд орших бие даасан “жийргэвч” улсын үүрэг гүйцэтгэх болсон байна. Сүн улсыг байгуулагдсаны дараа Чөнань, Корё улсын аль аль нь Сүн улстай холбоо тогтоон Хятан улсын эсрэг эвсэл байгуулахыг эрмэлзэж байв.

991 онд Хятан улс Сүн-Жөнганий холбоог таслахын тулд Ялу мөрний доод урсгал хавьд бэхлэлт цайз босгожээ. 2 жилийн дараа 993 онд Сүнгийн холбоотон Корё улс руу халдав. Хятаны зүүн нийслэлийн захирагч Сяо Хэндэ цэргийн томоохон хүч удирдан Ялу мөрнийг гаталжээ. Энэ үед Корё улс Сүн улсаас тусламж хүссэн боловч хүссэн хариу ирсэнгүй. Тиймээс Корё улсын ван Сөнжин (982-997) бүх хүч бололцоогоо дайчлан Чхөнчхөнъ голын хөвөөнд хамгаалан тулалдсан боловч ялагджээ. Үүнээс хойш 2 тал хэсэг хугацаанд тулалдсангүй. Дайны үеийн дипломат хэлэлцээрийн дүнд Корё улс Сүн улстай байгуулсан холбоогоо таслан Хятан улсын холбоотон улс болсны хариуд Хятан улс цэргээ  татаж,  Ялу мөрний өмнөд хэсэг дэх зүрчидийн нутгийг Кориё-д үлдээжээ.

994 оноос Хятан Корёгийн харилцаа идэвхжин тогтмол элч солилцох болов. Корё, Хятан улсын хуаyнлийг (1116 он хүртэл) авч хэрэглэх болж, мөн Сөнжин ван, Елюй Лунсюй хаанд дууч, хөгжимчин эмэгтэйчүүдийг илгээж, 10 хүүхдийг хятан хэл сургахаар явуулж байв. Тэр ч бүү хэл Сөнжин ван өөрөө худ ургийн харилцаа тогтоохыг хүсч 996 онд элч илгээжээ. Түүнийг Ляо улсын хааны зөвшөөрлөөр Сяо Хэндэгийн охинтой гэрлэхийг зөвшөөрсөн байна. 997 онд Сөнжинг нас барсны дараа хятанчууд түүнийг залгамжлагч Ван Чонгийг (997-1009) дэмжив.

Хятан Корёгийн найрамдалт харилцаа 1009 он хүртэл хэвийн үргэлжилж байгаад 1009 онд Корё улсын улс төрийн байдал хямарчээ. Ван Чон хааны хүргэдийн нэг Ким Чхин-ян өөрийн хүүг вангийн ширээнд суулгахын тулд төрийн эргэлт зохион байгуулав. Гэвч баруун хойдхийг хариуцан сахих Баруун нийслэлийн захирагч Кан Жо ордны хуйвалдаан зохион байгуулагчдыг дарсны дараа ванг хороож Хйөнъжон (1009-1031) хэмээгчийг вангийн ширээнд суулгажээ. Шинэ ван өмнөх вангуудын адил Хятан гүрний дагуул байхыг хүссэнгүй. 1010 онд Хятан гүрэн вангаа хороосон Кан Жогоос ял асуухаар Сяо Хэндэгийн ах Сяо Пайяа, Елюй Пэннү нарт их цэрэг өгч Корё руу довтлуулав. Хариуд нь Хйөнъжон ван Кан Жо-д цэрэг өгч Ялу мөрний эрэг дагуу хамгаалалт хийв. Гол тулалдааны дараа Кан Жо хятанчуудад баригдан алагдаж, хятаны цэрэг Баруун нийслэлийн умард бүс нутаг, Дундад нийслэл Кэсөнг эзлэв. Энэ хооронд Корё ван бууж өгөх санал тавьсан боловч Кэсөнгийн захирагч хятан элч нарыг хороож эсэргүүцсээр байжээ. Хятаны цэрэг Дундад нийслэл Кэсөнийг үнсэн товрог болгох зуур Кориё ван өмнө зүг дутаажээ.

1011-1017 онуудад бага хэмжээний хэд хэдэн дайралт хийсний дараа 1018 онд Елюй Лунсюй хаан шийдвэрлэх довтолгоон хийхээр шийджээ. Шинэ цэргийн хүчийг Сяо Пайяа удирдахаар болов. Түүний удирдсан цэрэг Ялу мөрнийг гаталж өмнөх довтолгооны адил Кэсөн хотыг эзлэхээр давшжээ. Гэвч Чхөнчхөнь голын сав нутагт хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч ихээхэн гарз хохирол амсав. Тус довтолгооны дараа 1019 онд Елюй Лунсюй хаан их цэрэг илгээх санаатай байсан боловч 2 талын хэлэлцээний явцад найрамдахаар болсон байна. 1020 онд Хйөнъжон хаан Хятан гүрэнд алба барихаа илэрхийлж, 2 жилийн дараа Хятан гүрэн түүнийг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Түүнээс хойш Хятан гүрнийг мөхтөл Корё улс хараат улс хэвээр байсан байна.
“Монголын эртний түүх”

6.02.2020

Хятан гүрний хүчирхэгжилт ба Умард хятад Төв Азид ноёрхолоо тогтоосон нь

979-1004 оны хооронд 25 жил Хятан улс Сүн улсын хооронд хэд хэдэн удаа дайн болж бие биенээ ялж, ялагдсаар байв. Дайныг үндсэндээ 3 үе шатанд хувааж болохоор байна. Эхний үе шат 979 оны 9 сард Хятаны довтолгооноор эхэлж, 980 онд (3 удаа), 981 онд (1удаа) үргэлжилж 982 онд Хятан улсын шинэ Елюй Лунсюй (982-1031) өргөмжлөгдснөөр дуусгавар болжээ. Үр дүнд нь Хятан улс Вацяогуань боомт, Ижоу хотыг эргүүлэн авав. Харин 986-990 онд үргэлжилсэн хоёрдохь шатыг Сүн улс Хятан улсын хаан бага балчир буй хийгээд төрийн хэргийг тайху хатан Сяо Яньянь (932-1009) эрхэлж буйг ашиглан эхлүүлэхээр шийдэж 986 оны 3 сард 3 жигүүрээр дайрч 2 сарын дотор 16 мужаас хэд хэдийг булаан авчээ. Гэвч 5 сард хятан хаан, тайху хатан, цэргийн жанжин Елюй Сюгэ нар дайны хувь заяаг өөрчилж чадлаа. Тэд Сүн улсын цэргүүдийг өөрсдийн нутгийн гүнд оруулан ар хангамжаас нь тасалж, улмаар бүх талаас дайрч хиартал цохижээ. Сүн улсын хэдэн мянган цэрэг Их Хятан улсын армид орж, төрийн түшмэд олноороо Их хятан улсын албанд шалгалт өгч зүтгэв. Энэ ялалтын дараа хятан цэргийн хүч 988, 989, 990 онуудад ээлж дараалан довтлов. Гуравдахь үе шатанд Хятан улс Сүн улсын хил хязгаар луу 992, 997, 999-1000, 1001, 1002, 1003 онд байнга довтолж стратегийн чухал ач холбогдолтой бүс болох Гуаньань буюу “Боомтуудын өмнөх нутаг”-ийг эзлэхийг оролдож байв.

Эцэст нь 1004 онд Лунсюй хаан, тайху Сяо Яньянь нар шийдвэрлэх дайн хийхээр шийдэв. Хятанчууд эмх замрараагүй байдал үүсгэх, тагна турших зорилгоор 2 сар гаруй бага хэмжээний дайралтууд хийсний дараа 10 сарын сүүлээр буюу хүйтэрч, ус мөрөн хөлдөх цагийг дөхүүлэн 200000 цэргийн хүчээр Сүн улсын нутагт нэвтрэв. Сүн улсыг мөхөөх зорилготой энэхүү цэргийн хүчийг хаан, хатан эх хоёр биечлэн удирдсан бөгөөд энэ нь 947 оноос хойшхи хамгийн том хэмжээний цэргийн хүчээр Сүн улс руу довтолсон хэрэг байв. Сүн улс Хятаны дайралтыг хүчтэй эсэргүүцэн хамгаалж байх зуур Сүн улсын хаан Жао Хэн (968-1022) нийслэл Кайфэн хотоос 100 гаруй км зайд орших Шар мөрний удард хилийн Шань-юань хэмээх газар цэргийн үндсэн хүчээ төвлөрүүлсээр байв. Хятаны хүч 1005 оны 1 сарын 7 нд Шань-юанийн дэргэдэх Шаньжоу хотод тулж ирэв. Хоёр хоногийн дараа Сүн улсын хаан ч Шар мөрнийг гатлан Шаньжоуд ирэв. Гэвч хоёр талын аль аль нь найрамдлын гэрээ хэлэлцээр хийх хүсэлтэй байсан тул шийдвэрлэх тулалдаан болсонгүй. Хятан улс санаачлагыг гартаа авч, 2 тал хэдэнтээ элч солилцсоны дараа Сүн улс Хятан улсад жил болгон 200000 толгой торго, 100000 лан мөнгөөр алба барих гэрээ байгуулахаар харилцан зөвшилцөв. Шань-юаний хэлэлцээр хийгдснээр хоёр талын олон жилийн дайсагнал төгсгөл болж эв найрамдалтайгаар ахин 100 гаруй жил оршин тогтнох үүд хаалга нээгджээ.

Шань-юаний хэлэлцээр дайсагнагч талуудын аль алинд нь үр ашигаа өгч, хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлсэн юм. Юуны түрүүнд Хятан улс хятаны эдийн засаг, үйлдвэрлэлийн амин чухал бүс болсон 16 мужийг өөртөө хадгалж чадсан агаад Сүн улс үүнийг өөрийн эзэмшил гэх эрхзүйн үндэслэл үгүй болов. Харин Сүн улс умардын нүүдэлчидтэй харилцах стратегийн чухал бүс нутаг болсон Гуаньанийг хамгийн бага хохиролтойгоор хяналтандаа үлдээж чадсан билээ. Хэлэлцээрийн дараа 2 улсын хил дагуух хаагдсан зах зээлийн газрууд ахин нээгдэж, худалдааны боомт хаалгуудын тоо олноор нэмэгдэв. Харин Хятан улс адуу, Сүн улс бичиг ном худалдахыг хатуу хориглож байв. Сүн улстай харилцах харилцаанаас олсон ашгийн нэг хэсгээр хятанчууд Дундад нийслэлээ барьж босгосны зэрэгцээ дотоод асуудлаа шийдэж, бусад нүүдэлчидтэй харилцахад гол анхаарлаа хандуулах боломжийг олж авч байлаа. 

Шань-юаний хэлэлцээр хийгдэх үед хятанчууд Азид орших нүүдэлчдээс хамгийн хүчирхэг нь болсон байв. Энэ үед түүний хил хязгаар дорно зүгт Япон тэнгис, өрнө зүгт Төв Ази, өмнө зүгт Шар тэнгис, умардад Сибирийн өмнөд хэсэгт тулж байлаа. Сяо Яньянь тайху, Елюу Лунсюй хааны үеийн ололт амжилт зөвхөн Шань-юаний хэлэлцээр байсангүй. Тэдний үед хятадын төрийн байгуулалын хамгийн чухал шинж болсон түшмэлийн шалгалтын системийг туршин хэрэгжүүлж, зөвхөн хятан бус угсааны түшмэдийг сонгоход хэрэглэдэг болов. Ялангуяа орогсдын шалгалт 988 оноос тогтмолжиж 1000 оноос тус шалгалтанд тэнцэгсдийн тоо эрс олширсон байна. 991 онд Хятан улсын хаадын анхны үнэн тэмдэглэлийг эрхлэн бичиж гаргажээ. Елюй Хунжи хааныг (1055-1101) төр барих үед улсын түүхийг эмхэтгэн бичих зарлиг гарч, 1085 онд Түүх бичих албанаас Елюй Зунжэнь (1031-1055) хааны үе хүртэлх хаадын үнэн тэмдэглэлийг бичиж хаанд уламжилж байсан ажээ. Ийнхүү бичсэн тэмдэглэлийг өргөтгөх ажлыг Елюй Хунжи хааныг залгамжлагч Елюй Яньси хаан (1101-1125) үргэлжлүүлэн эцэст нь 1103 онд 70 дэвтэр бүхий хаадын бүрэн хэмжээний үнэн тэмдэглэл бэлэн болсон байна.

Сяо Яньянь эх хатны санаачилгаар 983 оноос Тан улсын хууль цаазыг орчуулан хятаны хууль цаазын уламжлалтай хослуулан бүх орон даяар хэрэглэх болов. Лунсюй хааны үед буюу 1027 онд тус хуулийг ахин шинэчлэхийг оролдсон ч хятанчуудын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Харин түүний залгамжлагч Елюй Зунжэнь хааны үед буюу 1036 онд Абаожи хааны үеэс батлагдсан бүх хууль цаазуудыг нэгтгэн эмхгэтгэсэн 547 зүйл бүхий Синьдин тяо чжи хэмээх хууль цаазыг хэрэгжүүлж эхэлжээ. 1051 онд уг хуулийг ахин шинэчлэн боловсруулсан байна. Хэдийгээр нангиад хууль цаазыг хэрэгжүүлсэн ч хятан язгууртнууд, хятанчуудын ашиг сонирхолыг ямагт эн тэргүүнд тавихыг эрмэлзэж байв. 1043 онд эзэнт гүрний өмнөд хэсэгт амьдарч буй хятад иргэдэд нум сум хэрэглэхийг, 1046 онд хятад иргэдэд боол худалдахыг хориглож байжээ.

Сяо Яньянь тайху хатан 1009 онд Елюй Лунсюй хаан 1031 онд тэнгэр халив. Түүний дараа 1125 онд Хятан гүрнийг мөхөх хүртэл 100 орчим жилийн хугацаанд 3 хаан суусан: Елюй Зунжэнь, Елюй Хунжи, Елюй Яньси. Елюй Лунсюй хааныг төр барьж эхэлснээс Елюй Яньси хааныг төр барих хүртэл 150 орчим жилд хятанчууд Сүн улсыг эс тооцвол Солонгосын хойг, Ганьсугийн хоолой, Монголын өндөрлөг гэсэн 3 чиглэлд дайн байлдаан хийж байжээ.
"Монголын эртний түүх"