6.08.2020

Хятан гүрний Монголын өндөрлөг дэх тэлэлт


Хятан гүрний хүчирхэг байх үеийн Монголын өндөрлөгийн тархай бутархай нүүдэлчдийг хятад сурвалжуудад ерөнхийд нь Зүбү хэмээн нэрлэдэг. Эдгээр тархай бутархай нүүдэлчдийг Абаожи анх 924 онд өөрийн харъяандаа нэгтгэснээс хойш тэд Хятаны хааны ордонд ирж алба татвар өргөдөг байсан ч хятан нарын баруун хойд зүгт тэлэх тусам ширүүн тэмцэн эсэргүүцдэг байсан ажээ. 11-р зууны үеэс тэдний бие даах, Хятаныг эсэргүүцэх нь улам ихэссэн байна. Ялангуяа хятанчууд Уйгурын нутаг руу 997-1000, 1007, 1012-1023, 1027 онд дайралт хийх болгонд зүбү аймгууд ямар нэг хэмжээгээр хятанчуудтай тулалдан тэмцэлдэж байв.

Зүбү нарыг хятаны харъяанд оруулахад хамгийн их хувь нэмэр оруулсан хүн бол Елюй Лунсюй хааныг бага балчир үед төр барьж байсан Сяо Яньянь тайху хатан байв. Хятан улс Сүн улстай байлдаж байх үед буюу 990-ээд оны эхэн үеэс Монголын төв хэсэгт зүбү нар бослого гаргах нь улам олширсон байна. Тиймээс тайху хатан тэднийг эрхшээлдээ оруулахаар 994, 997 онд цэрэг хөдөлгөж дайн хийж байлаа. Энэ дайнд цэргийн удирдагч Сяо Талин онцгой үүрэг гүйцэтгэсэн байна. Тэрээр 997 онд зүбү нартай их тулаан хийж дийлсний дараа цэргийн гол захирагчаар томилогдон ажиллаж, жил бүр зүбү нарын татвар гувчуурыг цуглуулан авах хэргийг шийтгэн мэдэх болов. 

Гэвч Монголын төв хэсэгт орших зүбүгийн олон нүүдэлчдийн байр суурь тогтворгүй хэвээр байсан тул Сяо Талин хятаны хааны ордонд айлтгал мэдүүлж Хэрлэн мөрний баруун хэсгийн Монголын төв нутгийг засаг захиргааны нэгжид хуваан, Жэньжоу, Фэнжоу, Вэйжоу гэсэн хотуудыг байгуулах зөвшөөрөл хүссэн байна.  

Эдгээр 3 хотоос хамгийн том нь Жэньжоу байв. Монголын өндөрлөгийн нүүдэлчдийг захирах төв болсон энэхүү Жэньжоу хотыг Сяо Яньянь тайху хатны зарлигаар 1004 оны зун хуучин Уйгур улсын үед оршиж байсан хотыг сэргээн байгуулжээ. Уг хотын оршиж байсан газрыг сурвалж бичгүүдэд Кэдун хэмээн нэрлэсэн байдаг. Эдүгээ археологийн судалгаагаар Жэньжоу хот нь одоогийн Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дахь Чинтолгойн балгас мөн болох нь нотлогдсон. Тус хотыг анх байгуулах үед байнгын 20000 морьт цэрэг байршуулан суурьшуулсан байна. Түүнээс хойш хот өргөжин тэлж хязгаар нутгийн засаг захиргаа, цэргийн төв болоод зогсохгүй мөн хятаны адууны бэлчээрийг хянах төв, Умард хятад Төв Азийг холбосон худалдааны замын чухал зангилаа, улс төрийн хэрэгтнүүдийг гэр бүлтэй нь цөлөх газар болжээ. Чин толгойн балгасаас гадна Монголын нутаг дэвсгэр дээр хятаны үед холбогдох Эмгэнтийн балгас, Талын улаан балгас, Хадаасангийн /Хар бухын/ балгас, Баруун хэрэм, Зүүн хэрэм, Барс хот /Хэрлэн барс-1/ зэрэг 20 орчим суурин бэхлэлтийг Орхон, Туул, Хэрлэн мөрний сав газруудад илрүүлэн судлаж байна.

Хэдийгээр хязгаар нутгийг тохинуулах олон хот бэхлэлтийг барьж байгуулж байсан боловч Зүбүгийн бослого тэмцэл үе үе гарсаар байв. 1012 онд зүбү нарын бослого Кэдуний төвд эхэлж, тэр даруй хятаны баруун хойд нүүдэлчдийн бүх хил хязгаар нутгийг хамарсан байна. Бослогыг Елюй Хуагэ жилийн дотор хүчлэн дарсны дараа Зүбүгийн олон аймаг баруун тийш нүүдэллэсэн ажээ. Хуагэ тэднийг нэхэн хөөж явсаар Хархаант улсын (950-1213) цэргүүдтэй хүртэл хатгалдаж байв.

1012-1013 оны бослогын дараа 1069 онд Зүбүгийн томоохон бослогыг Елюй Жэньсянь дарж байв. 1086 онд Зүбүгийн толгойлогч Хятаны хаан Елюй Хунжигийн ордонд ирэх үедээ холбоотон болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Мөн Зүбү аймгийн өөр нэг удирдагч Мэгүсү хэмээгч хүчирхэгжин 1089 оноос хятанчуудын эсрэг босчээ. 1092 онд хятанчууд Монголын өндөрлөг дэх энэхүү Мэгүсү тэргүүтэй зүбү нарын зарим хөрш нүүдэлчдийг довтолсны хариуд 1093 онд Мэгүсүгээр удирдуулсан хүч сөрөг довтолгоон хийж Хятаны баруун хойд хил дагуу хятанчуудын адууны бэлчээр нутгийг эзлэн авч тулалдаад ялагдсан байдаг. Энэхүү Мэгүсү тэргүүтэй зүбү нартай умардын цэргийн хэргийг эрхлэн захирагч Елюй Утэла 8 жилийн турш хөөцөлдөж эцэст нь 1100 онд Мэгүсүг барьж хааны ордонд авчран хэрцгийгээр тамлан алжээ. Чухам энэ үеэр Зүбү болон түүний эргэн тойрон дахь нүүдэлчдийн зарим нь дагаар орсон бол зарим нь эсэргүүцэн тэмцсээр 1102 онд бүрэн дарагджээ. Зүбүгийн төлөөлөгчид 1110, 1112 онд алба татвар өргөн барьсан байдаг.

Хятаны засаг, тусгаар улс орнуудаас (pin), хараат орнуудаас (gong) гэсэн 2 төрлийн татвар авдаг байсан ба сонирхолтой нэг зүйл гэвэл Хятаны засагт баруун хойд зүгийн нүүдэлчдийн хувьд pin татвар төлдөг байжээ. Нүүдэлчдийн Хятаны засагт төлөх ёстой хамгийн чухал татвар бол адуу байлаа. Хятан улс албан ёсоор байгуулагдахаас өмнө 901 онд зүбү нар Абаожид 20000 морь өгч байсан бол харин Хятан гүрэн ид цэцэглэн хөгжиж байх ид үед 1019 онд зүбү нар 1700 адуу, 440 тэмээ, 10000 цагаан үенгийн үс, 25000 саарал сохор номингийн үсээр татвар өгч байв.
“Монголын эртний түүх”

No comments:

Post a Comment