6.02.2020

Хятан гүрний хүчирхэгжилт ба Умард хятад Төв Азид ноёрхолоо тогтоосон нь

979-1004 оны хооронд 25 жил Хятан улс Сүн улсын хооронд хэд хэдэн удаа дайн болж бие биенээ ялж, ялагдсаар байв. Дайныг үндсэндээ 3 үе шатанд хувааж болохоор байна. Эхний үе шат 979 оны 9 сард Хятаны довтолгооноор эхэлж, 980 онд (3 удаа), 981 онд (1удаа) үргэлжилж 982 онд Хятан улсын шинэ Елюй Лунсюй (982-1031) өргөмжлөгдснөөр дуусгавар болжээ. Үр дүнд нь Хятан улс Вацяогуань боомт, Ижоу хотыг эргүүлэн авав. Харин 986-990 онд үргэлжилсэн хоёрдохь шатыг Сүн улс Хятан улсын хаан бага балчир буй хийгээд төрийн хэргийг тайху хатан Сяо Яньянь (932-1009) эрхэлж буйг ашиглан эхлүүлэхээр шийдэж 986 оны 3 сард 3 жигүүрээр дайрч 2 сарын дотор 16 мужаас хэд хэдийг булаан авчээ. Гэвч 5 сард хятан хаан, тайху хатан, цэргийн жанжин Елюй Сюгэ нар дайны хувь заяаг өөрчилж чадлаа. Тэд Сүн улсын цэргүүдийг өөрсдийн нутгийн гүнд оруулан ар хангамжаас нь тасалж, улмаар бүх талаас дайрч хиартал цохижээ. Сүн улсын хэдэн мянган цэрэг Их Хятан улсын армид орж, төрийн түшмэд олноороо Их хятан улсын албанд шалгалт өгч зүтгэв. Энэ ялалтын дараа хятан цэргийн хүч 988, 989, 990 онуудад ээлж дараалан довтлов. Гуравдахь үе шатанд Хятан улс Сүн улсын хил хязгаар луу 992, 997, 999-1000, 1001, 1002, 1003 онд байнга довтолж стратегийн чухал ач холбогдолтой бүс болох Гуаньань буюу “Боомтуудын өмнөх нутаг”-ийг эзлэхийг оролдож байв.

Эцэст нь 1004 онд Лунсюй хаан, тайху Сяо Яньянь нар шийдвэрлэх дайн хийхээр шийдэв. Хятанчууд эмх замрараагүй байдал үүсгэх, тагна турших зорилгоор 2 сар гаруй бага хэмжээний дайралтууд хийсний дараа 10 сарын сүүлээр буюу хүйтэрч, ус мөрөн хөлдөх цагийг дөхүүлэн 200000 цэргийн хүчээр Сүн улсын нутагт нэвтрэв. Сүн улсыг мөхөөх зорилготой энэхүү цэргийн хүчийг хаан, хатан эх хоёр биечлэн удирдсан бөгөөд энэ нь 947 оноос хойшхи хамгийн том хэмжээний цэргийн хүчээр Сүн улс руу довтолсон хэрэг байв. Сүн улс Хятаны дайралтыг хүчтэй эсэргүүцэн хамгаалж байх зуур Сүн улсын хаан Жао Хэн (968-1022) нийслэл Кайфэн хотоос 100 гаруй км зайд орших Шар мөрний удард хилийн Шань-юань хэмээх газар цэргийн үндсэн хүчээ төвлөрүүлсээр байв. Хятаны хүч 1005 оны 1 сарын 7 нд Шань-юанийн дэргэдэх Шаньжоу хотод тулж ирэв. Хоёр хоногийн дараа Сүн улсын хаан ч Шар мөрнийг гатлан Шаньжоуд ирэв. Гэвч хоёр талын аль аль нь найрамдлын гэрээ хэлэлцээр хийх хүсэлтэй байсан тул шийдвэрлэх тулалдаан болсонгүй. Хятан улс санаачлагыг гартаа авч, 2 тал хэдэнтээ элч солилцсоны дараа Сүн улс Хятан улсад жил болгон 200000 толгой торго, 100000 лан мөнгөөр алба барих гэрээ байгуулахаар харилцан зөвшилцөв. Шань-юаний хэлэлцээр хийгдснээр хоёр талын олон жилийн дайсагнал төгсгөл болж эв найрамдалтайгаар ахин 100 гаруй жил оршин тогтнох үүд хаалга нээгджээ.

Шань-юаний хэлэлцээр дайсагнагч талуудын аль алинд нь үр ашигаа өгч, хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлсэн юм. Юуны түрүүнд Хятан улс хятаны эдийн засаг, үйлдвэрлэлийн амин чухал бүс болсон 16 мужийг өөртөө хадгалж чадсан агаад Сүн улс үүнийг өөрийн эзэмшил гэх эрхзүйн үндэслэл үгүй болов. Харин Сүн улс умардын нүүдэлчидтэй харилцах стратегийн чухал бүс нутаг болсон Гуаньанийг хамгийн бага хохиролтойгоор хяналтандаа үлдээж чадсан билээ. Хэлэлцээрийн дараа 2 улсын хил дагуух хаагдсан зах зээлийн газрууд ахин нээгдэж, худалдааны боомт хаалгуудын тоо олноор нэмэгдэв. Харин Хятан улс адуу, Сүн улс бичиг ном худалдахыг хатуу хориглож байв. Сүн улстай харилцах харилцаанаас олсон ашгийн нэг хэсгээр хятанчууд Дундад нийслэлээ барьж босгосны зэрэгцээ дотоод асуудлаа шийдэж, бусад нүүдэлчидтэй харилцахад гол анхаарлаа хандуулах боломжийг олж авч байлаа. 

Шань-юаний хэлэлцээр хийгдэх үед хятанчууд Азид орших нүүдэлчдээс хамгийн хүчирхэг нь болсон байв. Энэ үед түүний хил хязгаар дорно зүгт Япон тэнгис, өрнө зүгт Төв Ази, өмнө зүгт Шар тэнгис, умардад Сибирийн өмнөд хэсэгт тулж байлаа. Сяо Яньянь тайху, Елюу Лунсюй хааны үеийн ололт амжилт зөвхөн Шань-юаний хэлэлцээр байсангүй. Тэдний үед хятадын төрийн байгуулалын хамгийн чухал шинж болсон түшмэлийн шалгалтын системийг туршин хэрэгжүүлж, зөвхөн хятан бус угсааны түшмэдийг сонгоход хэрэглэдэг болов. Ялангуяа орогсдын шалгалт 988 оноос тогтмолжиж 1000 оноос тус шалгалтанд тэнцэгсдийн тоо эрс олширсон байна. 991 онд Хятан улсын хаадын анхны үнэн тэмдэглэлийг эрхлэн бичиж гаргажээ. Елюй Хунжи хааныг (1055-1101) төр барих үед улсын түүхийг эмхэтгэн бичих зарлиг гарч, 1085 онд Түүх бичих албанаас Елюй Зунжэнь (1031-1055) хааны үе хүртэлх хаадын үнэн тэмдэглэлийг бичиж хаанд уламжилж байсан ажээ. Ийнхүү бичсэн тэмдэглэлийг өргөтгөх ажлыг Елюй Хунжи хааныг залгамжлагч Елюй Яньси хаан (1101-1125) үргэлжлүүлэн эцэст нь 1103 онд 70 дэвтэр бүхий хаадын бүрэн хэмжээний үнэн тэмдэглэл бэлэн болсон байна.

Сяо Яньянь эх хатны санаачилгаар 983 оноос Тан улсын хууль цаазыг орчуулан хятаны хууль цаазын уламжлалтай хослуулан бүх орон даяар хэрэглэх болов. Лунсюй хааны үед буюу 1027 онд тус хуулийг ахин шинэчлэхийг оролдсон ч хятанчуудын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Харин түүний залгамжлагч Елюй Зунжэнь хааны үед буюу 1036 онд Абаожи хааны үеэс батлагдсан бүх хууль цаазуудыг нэгтгэн эмхгэтгэсэн 547 зүйл бүхий Синьдин тяо чжи хэмээх хууль цаазыг хэрэгжүүлж эхэлжээ. 1051 онд уг хуулийг ахин шинэчлэн боловсруулсан байна. Хэдийгээр нангиад хууль цаазыг хэрэгжүүлсэн ч хятан язгууртнууд, хятанчуудын ашиг сонирхолыг ямагт эн тэргүүнд тавихыг эрмэлзэж байв. 1043 онд эзэнт гүрний өмнөд хэсэгт амьдарч буй хятад иргэдэд нум сум хэрэглэхийг, 1046 онд хятад иргэдэд боол худалдахыг хориглож байжээ.

Сяо Яньянь тайху хатан 1009 онд Елюй Лунсюй хаан 1031 онд тэнгэр халив. Түүний дараа 1125 онд Хятан гүрнийг мөхөх хүртэл 100 орчим жилийн хугацаанд 3 хаан суусан: Елюй Зунжэнь, Елюй Хунжи, Елюй Яньси. Елюй Лунсюй хааныг төр барьж эхэлснээс Елюй Яньси хааныг төр барих хүртэл 150 орчим жилд хятанчууд Сүн улсыг эс тооцвол Солонгосын хойг, Ганьсугийн хоолой, Монголын өндөрлөг гэсэн 3 чиглэлд дайн байлдаан хийж байжээ.
"Монголын эртний түүх"

No comments:

Post a Comment