Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэж үг байдаг. Намнансүрэн бүр бага наснаасаа ялдам зөөлөн ааш авиртай, орчин тойрныхондоо туйлын дотно нэгэн байжээ. Наад зах нь л өөрт нь ойртож хавьтсан хүүхэд багачуудтай хэнийг ч ялгарвалан үзэхгүйгээр ярилцан, хамт наадаж, шагай зэндмэн зэргээр тоглох дуртай, морь унаж өргөн тал нутаг, нуур цөөрөм, гол усаар явах нэн таалалтай байсан нь бусад тайж нарын хүүхдүүдээс эрс ялгаатай. Тэр нь нутаг усныхаа олонд гойд таашаагдаж байсан гэдэг. Энэ хүү ойр хавийн бусад хүүхдүүдтэй нийлэн Их мод гэдэг газрын ам, уулын бэлээр ярайж харагддаг Өгөдэй хааны харуулын байр гэх хэдэн арван дөрвөлжин хонхоруудыг дамжин гүйж, нуугдан тоглох нь тэдний хиа нарт сонин содон харагддаг байлаа.
Намнансүрэн бага наснаасаа аливааг сонор сэргэлэнээр харж,
хүлээн авах гоц гойд ухаантай, номонд дуртай, оюуны тэнхээ сайтай хүүхэд байсан.
Аль ч хүүхэд багадаа сэргэлэн байдаг боловч Намнансүрэн балчир шахам байхаасаа
дуулж мэдсэнээ лавшруулан, гүнзгийрүүлж мэдэх гэж юм асууж шалгаагаад салдаггүй
байжээ.
Хошой чин ван Төгс-Очир энэ аги хүүгээ 6-7 настай байхад
нь тухайн үедээ өндөр боловсрол бүхий тэргүүний үзэл санаатай хошуу түшмэд Чимэддорждоной,
Шийлэг нартай багш шавийн барилдлага бариулан эрдэм номд сургахыг даатган
өгчээ. Тэр багш нар нь Намнансүрэнд монгол, манж хэл бичиг, хууль зүй, түүх
шаштир, төрийн бодлого заан, ном судар уншуулдаг байв. Бас Да лам Буянцог агид
төвд хэл, бурхны ном заадаг байсан гэх мэдээ бий. Ялангуяа хожим бэйсийн зэрэг
хүртсэн, шинэ Монгол улсын Цэргийн яаманд дэд сайдын алба хашиж байсан Чимэддорждоной
нь ном заахын зэрэгцээ Намнансүрэнг дагуулан урт богино аялал хийж, хангай говь
хосолсон төрөлх нутгаараа явуулан хонь мал хяргах, эсгий хийх, худаг ус татах
зэрэг аж төрөхийн явдал, манжийн эрүү шүүлт явуулж байгаа байдал, хятад
худалдаачдын мөлжлөг, монголын мал сүргийг хэдэн түмээр нь хямд аваад өмнө зүг
тууж байгаа зэргийг биеэр үзүүлж, харуулдаг байсан аж. Тэд Ширээт Улааны нуруу,
Төвхөн хийд, Найман нуур, Хоргой хүрэм, Хангайн цагаан чулуу, Ар Хятруун
урагшлаад Гардийн хад, Адуун чулууны нуруу, Арц Богдын хяр зэрэг үзэсгэлэн
төгөлдөр газруудаар аялаж байсан байна.
Намнансүрэн өөрийнхөө дэргэд байгаа хүмүүсийн овог нэр,
нутагладаг газар, орон нутаг нь байдаг хүмүүс, мал хөрөнгө бусад байдлыг нь
хаанаас олж мэдсэн юм гэмээр анддаггүй байж. Тэрээр ямар ч хүнтэй нэг уулзаад л
түүнийг хожим шууд таньдаг, малын зүсийг ч бас гярхай сайн мэддэг нэгэн байв.
Намнансүрэнгийн эцэг нь “Догшин цоохор ноён” гэж нэрд гарсан ширүүн зантай,
яльгүй жаахан эндэгдэл гаргасан хүнийг заавал чанга ширүүнээр баалж байдаг ноён
байжээ. Түүнийг нас барахад хүү Намнансүрэн 1897 онд зэрэг залган ор суусан
бөгөөд нэн зөөлөн зан авиртай, маш энгийн байдалтай, бусдыг дээр доор гэж ялган
үздэггүй энэ хүнийг хошуу засаг, аймгийн тэргүүн болоход бүх нийтээр таалалтай
сайнаар угтан авч, гүнээ хүндлэн “Ягаан ноён” гэж авгайлдаг болжээ. Намнансүрэн
үнэхээр гэрэлтэй ягаан царайтай, үзэсгэлэн төгөлдөр ноён байжээ.
Намнансүрэн эрдэм ном сурах гэж өөрөө үнэхээр их
улайрдаг, ноёны зэрэг залгасан хойноо ч багш нараа бараалхуулан ном заалгаад,
орой бүр урдаа судар бичиг дэлгэн үзэж, шөнө орой болтол заримдаа үүр гэгээртэл
цай халаалгаж зооглоод суудаг, харин өглөө нар хананы толгой руу буутал хэвтэж
нойрсдог байв. Тэрээр өрөм, цагаан идээнд гойд таалалтай, зөөлхөн бүрсэн тараг,
зун намарт сэнгинэтэл эссэн айраг зооглох дуртай, өдөрт чанасан мах сүүтэй
цайнд хийлгэн өмнөө тавиулж, яаралгүй зооглох таалалтай. Энэ засаг ноёных “бор”
өргөө (хонины
хар ноосоор хийсэн),
шүтээний өргөө, ноёны өргөө, зоогой өргөө, хиа нарын гэр гээд 5 гэрт байдаг.
Гадна дотны зочидоо гал голомт болох бор өргөөнд бараалхуулан уулздаг, тэндээ
золгож шинэлдэг байжээ.
Намнансүрэн зэрэг залгаж 20 гаруй нас хүрсэн үедээ Түшээт
хан аймгийн Түдэв гүний хошуунаас нэгэн угсаатны охин, өөрөөсөө 7 нас дүү
Магсаржавыг (1885 онд
төрсөн) хатан
болгон авчээ. Ялдам зөөлөн ааштай энгийн дорд зантай энэ хатныг шадар түшмэл,
бараа бологчид нь есөн жороо цагаан морьтой гэрт нь очиж ёс, төртэй нутагтаа
авчирсан байна.
Нэгэн хавар Намнансүрэн Магсар хатныхаа хамт хүрээ тойрон
гороо хийж явжээ. Тэгтэл хиа нь гүйн ирж хойт борчуул дотор нэг хүүхэн хүүхдээ
төхөөрч алах гэж оролдсон байна гэж айлтгажээ. Ноён түүнийг сонсоод тэр
манцуйтай хүүхдийг эхтэй нь хамт өргөөндөө аваад ир гэж хүн явуулсан аж. Тэгээд
тэр хүүхдийг өөрийнхөө үр болгон, эхийг нь насан өөд болтол нь асарч тэжээсэн
байна. Тэр хүү Авьдынгэрэл, Намнансүрэнгийн хамт 1914 онд хаант Орос улсад очиж
байсан, хожим 1920-оод оны сүүлээр Лхас хотод бурхны ном үзэхээр яваад эргэж
ирээгүй билээ. Энэ хүүхдийг анх авч байх үед Магсаржав хатнаас төрсөн хоёр
нярай хүүхдийг нь Төгс-Очирын хоёрдугаар хатан Цогтдарь өөрийн хүү Ринчинсашийг
засаг болгох санаа өвөрлөн, өөртэйгөө нөхцсөн Балбарын хамт На ноёныг зэрэг залгах хүүгүй болгохоор жигшүүрт аргаар
хөнөөсөн, эцэг эх нь сэтгэл санааны хүнд байдалд орсон үе байлаа.
Магсар хатан бол амьдралын аймшигт хатуу ширүүнийг биеэр
эдлэн хорвоогийн түмэн бэрхийг туулсан хатан юм. Энэ хатны хоёр нялх үр нь
хорон санаатны гарт үрэгдсэн, ханилсан хань нь дайсанд хорлогдсон, төрүүлсэн
хүү Батсүх нь 1930-аад онд нас барсан, өргөж авч бойжуулсан Авьдынгэрэл нь
харьд орхин явсан, орон гэр эд хөрөнгийг нь гурван удаа хураасан байна. Гэвч
Намнансүрэнгийн нутаг хошууны ард иргэд энэ хатныг хог дээр орхиогүй, насан
эцэслэтэл нь ил далд байдлаар тусалж , дэмжиж байжээ.
Цагаан нохой жилийн (1910 он) намрын тэргүүн
сард Намнансүрэн Хятрууны рашаанд очиж биеийн чилээ тайлна гээд тун яаруу явах
болжээ. Тэгээд хэдэн тэмээнд гэр бараа ачин, ноён өөрөө хатан, багшийнхаа хамт
морь унаж Онгийн хүрээн дээрээс гарч, хойшоо Хангайн нурууг Өвтөөр даван явжээ.
Бороо тоймгүй их орж байсан гэдэг. Тэд явсаар Хятруун голын адаг Орхоны хөвөөн
дээр гурван гэр, хоёр майхан бариулан буудаллажээ. Нэг гэр нь ноёны, нөгөө гэр
нь гийчний, бас нэг гэр нь багш Донойн гэр. Орхон их үертэй улаан хоормогооро
урсаж байв. Чимэддорждоной багш хэдэн усчин дагуулан Таван салаа руу гийчнээ
угтахаар яваад оройхон хүрэн цэмбэн урт цув өмссөн нэг ноён дагуулан ирсэн чин
ван Ханддорж ноён байжээ. Маргааш нь тэнгэр цэлмэж нар гийсэн сайхан өдөр
болов. Бас Доной багш усчингууд дагуулан гол руу яван, инээсэн сайхан ааштай,
их яриа хөөрөөтэй байрын нэг хатан дагуулан ирсэн нь чин вангийн хатан
Сэвжидмаа аж. Хоногийн дараа ноёд, хатад морьд хөлөглөн бараа бологчдоо
дагуулсаар Хятрууны рашаан дээр ирж буулаа. Хоёр ноён уул хадаар аялан удтал
ярилцсны дараа, дөрөв хоноод нутаг нутгийн зүг буцжээ.
Энэ уулзалтаас хойш Намнансүрэн ноён хүнд бодолд автсан
байдлаар өргөөндөө байж, их бага янз бүрийн хүмүүстэй уулзан ярилцах болж. Тэр
жилийнхээ намар оройхон Ягаан ноён хатан, хүүхдээ аваад Их хүрээ орж, тэнд
удаан суухаар бэлтгэж эхэлжээ.
“Богд хаант Монгол улсын анхны ерөнхий сайд Сайн ноён хан
Төгс-Очирын Намнансүрэн” эрдэм шинжилгээний бүтээлээс
No comments:
Post a Comment