12.26.2018

Хүннү болон Сяньби


Сяньби нарыг хятад сурвалжид тоба (табгач) тефу, түфа гэх мэтээр олон янзаар тамдэглэдэг. Сяньбийн гол цөм аймаг тоба-гийн уг гарлын талаар “Вэй улсын судар”-ын 95-р бүлэгт “Туфугийн Люху бол өмнөд хүннүгийн шаньюйн удам... Умард зүгийн хүмүүс хүннү эцэгтэй, сяньби эхтэйг туфу гэдэг тул ийнхүү нэрлэжээ” гэжээ. Мөн “Нань ци шү”-гийн 57-р бүлэгт “Вэйлу (тоба нар) бол хүннү аймаг... Тоба овогтой Илу нь Дайзюнь мужид ирж нутагласан. Мөн Сяньби гэдэг юм” гэсэн сурвалжийн мэдээ байна.

“Зинь улсын судар”-ын 126-р бүлэгт “Туфа Угү бол Хэси-гийн сяньби хүн юм. Дээдэс нь Хожуу Вэй-тэй нэг гаралтай. 8-р үеийн өвөг Пигү нь аймгаа дагуулж, бэхлэлт хэрэмний араас Хэси-д нүүдэллэн ирсэн ажгуу. Пигү-г үхэхэд Шоутянь нь ор суужээ. Анхан Шоутянь гэдсэнд байхад нь эх Хуе (хүннүгийн овог) овогт нь нойрондоо хөнжилд төрүүлжээ. Сяньбигаар хөнжлийг түфа хэмээх тул ийнхүү овогложээ” хэмээн өгүүлсэн байдаг.

Эдгээр сурвалжийн мэдээнүүдийг харьцуулан үзээд доктор Г.Сүхбаатар “хүннү сяньби хоёр бол хоёр талын байнгийн худ ургийн холбоотой байсан ба өөрөөр хэлбэл овгийн байгууллын үеийн давхар байгууламжаар холбоотой байсны ул мөр тод үзэгдэж байна. Нэгэнт давхар байгууламжаар холбоотой байсан болохоор хүннү, сяньби хоёрын гол үндсэн хэсэг нь угсаа гарлын хувьд нэгэн угсаатан мөн хэмээн дүгнэж болно” хэмээжээ. Ма Чаншоу туфагийн Пигу-гийн эхнэрийн Хуе овгийг хүннүгийн хуянь овог мөн гээд хүннү сяньби нар нэн эртнээс ураг барилдаж байснаас ху (хүннү) эцэгтэй, сяньби эхтэйг тефу буюу тефа хүннү, сяньби эцэгтэй ху эхтэйг тоба буюу туфа сяньби гэдэг. Иймд тоба-гийн Вэй улсын тоба хэмээх нэр нь хожим нь үүссэн бөгөөд хүннү сяньби холилдсны үр дүн мөн гэж үзжээ.
"Монголын эртний түүх"

12.24.2018

Бүстийн цэнхэр нуураа санаад байна аа /аяны тэмдэглэл/


Бид Цэнхэрийн халуун рашаанаас энэ жилийнхээ аялалыг эхлүүлэв. Янз бүрийн шалтгаанаас уван цуван халуун рашаан дээр цуглацгаахаар шийдсэн юм.
Цэнхэрийн халуун рашаан Улаанбаатар хотоос 510 орчим км зайтай. Монголдоо халууныхаа үзүүлэлтээр Шаргалжуутын рашааны дараа хоёрт эрэмблэгдэх тус рашаан нь ундарга дээрээ +86С градус халуун гардаг байна. ДТД 1860 метрийн өндөрт шүү дээ.  Монголчууд маань эртнээс л Цэнхэрийн халуун ус хэмээн нэрлэж рашаанд орж, өвчин зовлонгоосоо ангижирч байсан нөмөр нөөлөг ихтэй буян хурсан газар аж. Үнэхээр л рашаан гэдэг утгаараа олон төрлийн эрдэс бодистой биед эерэгээр нөлөөлөх ч халуун рашаанд сууна, тааваараа хэвтэж өнжинө  гэдэг өөрөө таатай, сэтгэл ханамжтай эерэг зүйл аж.  
Халуун рашаандаа Цэнхэр сум талаасаа ирж, бөөгнөрсөн манайхан Цэцэрлэг хотод , Могойтын голоор гарч, Булган уулынхаа чанх өмнөөс  нь шууд очлоо. 30 хүрэхгүй л км юм. Тэндээ сааталгүй Тайхар чулуугаар хальт шүргээд ,Тэрхийн цагаан нуур хүрч хонохоор цаашлан довтолгов. Одоо үед үзэсгэлэнт Цагаан нуур хүрэхэд зам, даваа асуудалгүй сайхан болж  дээ. Би явж Бээжин зогсож байгаа гэсэн эртний үг ул болж, хаана байна, хаана байна тэр нуур гээд л үтэр түргэн амжуулдаг болж.
Нуурынхаа хойд хөвөөнд хоног төөрүүлчихээд  Тарвагатайн нурууны томоохон даваануудын нэг Ороохын даваагаар давж Тойн голын эрэгт өдрийнхөө цайг ууж суухад минь  Хутаг уулаас эх аван боргиотох эл голын эрэгт байсан Арын хүрээний цогчин дуган руу өгсөх 108 шат тодхон харагдана. Далай Чойнхор вангийн хошууны шашин номын төв байсан Тариатын хүрээнээс салбарлан Тарвагатайн нурууныхаа ард байгуулагдсан болохоор,  Арын хүрээ хэмээн ард олон нэрлэдэг байсан энэ хүрээний номын нэр нь Үүрд хөгжүүлэгч сүм гэх ба энэ хүрээнээс одоо сэргээн босгосон жижиг дуган, энэ шат л үлджээ.
Жаргалант сумын төвөөр орж нэг дугуй янзлуулчихаад яарамгүй хөдөлж Идэрийн голын өмнөд эргийг  даган өгсөж, Цэцүүхийн голуудаа гарч Завхан нутгийн Их-Уул сумаар Тосонцэнгэл хүрч өдрийнхөө аялалыг өндөрлүүллээ.  Уг нь Цагаан нуураасаа Солонготоор давж явсан бол зам нь дардан шулуун ч бид амарч, газар үзэж яваа болохоор энэ замыг сонгосон юм.
Олон жилийн өмнө нэг автобустай Увс аймаг руу ялангуяа Өндөрхангай сум руу их явдаг байлаа. Нэг удаа Завханы 4 замын уулзвараас нилээн хойшоо хүн хүргэж өгсөн юм. Газар усных нь нэрийг одоо санахгүй байна. Тэгээд 1905 оны газар хөдлөлтийн ул мөр болсон газрын гав дагаад баруунш замаа хөөж билээ. Хавар жаахан орой цаг дор. Бүст нуурын араар гарч явахдаа “яасан сайхан нуур вэ? Зорьж нэг ирнэ дээ” гээд л бодож явснаас хойш 20 жил өнгөрчээ. Санаж явбал бүтнэ гэж... Сэтгэлдээ гээчихэлгүй эл бодлоо тээж явсаар энэ жил зориуд  Бүст нуурыг  зорин, замдаа яваа минь энэ билээ.

Гэхдээ бас шууд давхиад хүрэхийг бодсонгүй. Нөмрөг сумын Холбоо нуур, Хунт нуур, Улаан нуур, Цэнэгт нуур гээд холбоо олон нууруудын дэргэдүүр аялан  Бүст нууранд хүрэхээр хөдлөв. Нөмрөг суман дээр нэг танкалж аваад, хур бороо дагуулсаар олон нууруудын дэргэдүүр өнгөрч Галуутайн голд тулж ирлээ. Бүст нуурынхаа бараг дэргэд ирлээ л  гэсэн үг. Энд жаахан будлив. Газрын гаваа харангуут л багын дурсамжандаа хөтлөгдөн, голоо хойш гараад, газрын ангархай ил харагдах Буга өндөрийн нуруу руугаа зүтгэлээ, зам муу юмаа. Газрын гавынхаа дэргэдэх зам руугаа нийлж аваад айлаас сайн сураглалаа. “Очих нь очино, гэхдээ нэг их хазгай, эвгүй газар нэг бий. Жаахан тойрох ч нуурынхаа баруун өмнөд хэсгийн уулсыг ороож давхиад, нэг даваад л орно. Зам нь цагаан” гэв. Бид энэ замыг сонгож, буцаж голоо гараад, нуураа ороож хэсэг  давхиад, нээрээ л нэг даваан дээр гараад л нуур маань мэлтэс гээд гараад ирэв. Юутай сайхан... Баруун өмнөд үзүүрээс нь очсон бид, нуураа тойрч, ой дундуур хоёр ч даваа давж, модныхоо зүүн үзүүрт газар сонгон буудаллан, хоёр  өдөр амарч тухлахаар төхөөрлөө. Одоо ингээд эргээд  дурсахад үзэсгэлэнт нуурын хөвөөнд тааваараа амарч, сэлж шумбан, дуулж хуурдаж өнгөрөөсөн энэ хоёр өдөр сэтгэлд таатай, сайхан мэдрэмж төрүүлнэ.
Бүст нуур нь 22 ам км талбай эзлэн орших ба өмнүүрээ модтой уулсаар хүрээлэгдсэн дундаа том арлан уултай, усны шувууд чуулсан, байгалийн үзэмж бүрдсэн газар юм. Төв замаасаа алс зайдуу болохоор онгон дагшин байдлаа хадгалан үлджээ. Нуурын хойгуур 1905 оны аймшигт газар хөдлөлт болсны илрэл газрын хагарал дайран өнгөрнө. Тэр цагт газар хөдлөлтөнд өртсөн хүн, малын дуу, газрын дор хэдэн өдөр тасралтгүй шуугилдаж байсан гэдэг. Бүст нуурын дундах уулыг Алтан тэвш гэх нь шадар ван Чингүнжавтай холбоотой. Шадар ван Цагаан түнгээс гараад Орос орныг зорин, манж нараас зугтан явахдаа эл нууранд хоног тааруулсан гэдэг. Өглөө нь айсан үргэсэн амьтад нуурын мөсөн дээгүүр дундах уулыг чиглэн сүрэглэн давхиж байхыг харсан шадар ван “айсан үргэсэн амьтдыг орогнуулдаг, ачтай буянтай уул юм” гээд дунд ууланд нь өөдөө харсан сав гээд алтан тэвшээ булуулж, харин нуурын мөсийг цоолж, товчлуур мөнгөн бүсээ өргөжээ. Энэ үеэс Бүгсэнхэн газар нь Бүстийн дунд уулаа гээд дуу ч хүртэл гарч. Ийм л сайхан үүх түүхтэй үзэсгэлэнтэй сайхан нуурын хөвөөнд  дурсамжаа сэдрээн, саатан амрав.
Жаргалтай хоёр өдөр маань дуусч, ачаалж аваад, нуураа зүүн талаар нь ороож, газрын гаваа дагаж, Жарантайн голынхоо хойд биеэр зүүнш чиглэн хэсэг яваад, газрын хагарлаа хөндлөн гарч, чанх хойшоо давхисаар Могойн голоо гарах үед цаг агаарт зааж байсан бороо ч орж эхэллээ. Гэхдээ энэ түр зуурынх байх ёстой. Бороон дундуур шуугиулсаар Тэсийн голын гүүр хүрэхэд бороо ч ард хоцорч, тэнгэр гийж, нар наашлав. Цэцэрлэг сумын дэргэд шахуу Тэсийн голын хөвөөнд хальт  цай ууж аваад цаашлан яаравчлан хөдлөв.
Өмнөөс умрыг чиглэн ингэж хурдлан яваа нь  Дэдэн Түмбэн уулын өмнөд биед буй Ус хийсдэгийн хүрхрээ гэж сонин содон нэртэй Монголынхоо нэгэн өвөрмөц газрыг зорьж яваа минь энэ. Сумын төвөөр орон, газраа сайн заалгаж аваад, Зуун модны гол хүртэл асуудалгүй сайхан давхиад хүрчихлээ. Голоо гараад, дагаад дээшээ өгсөв. Сайн заалгасан ч, салах газраа өнгөрч, өгссөөр Хул азаргын нурууны Хаснэгтийн даваан дээр гараад ирлээ. Даваан дээр үнэхээр сайхан, хэлэх үггүй гайхалтай сайхан.  Алсад  өвгөдийн минь эзэн сууж байсан Тува нутаг харагдана. Хэсэг байгалийг биширч,  идээ цагаагаа өргөлөө. Буцах ёстой тул буцлаа. Тэрнээс бус энэ даваан дээр алсыг дурандаад л суугаад баймаар үзэсгэлэнтэй юм.
Даваанаасаа бууж, салах байсан байх гэж таамаглаж байсан голын цаана, тэртээд  харагдах өвөлжөөнийхөө доохноос дахин сум руу утсаар ярьж, лавшруулан сайн заалгаж аваад, Зуун модныхоо голыг гарч, өвөлжөөний өмнүүр шахан өнгөрч, Дэдэн Түмбэн уул руугаа лавшран оров. Энэ хэсгийн зам бол тун бэрх, намаг устай, том том чулуутай. Явж байгаад зам арай гайгүй болох ч ховил, ирмэг ихтэй. Явахад төвөгтэй ч  машинаа аажим мөлхүүлсээр тултал явуулаад, алхалтаа эхлүүллээ. 3 орчим км голцуу өгсөж явсаар хүрхрээндээ хүрч байна. Хүрхрээ хүртэл чардайн алхах ч, холоос түүнийг хараад ядарснаа умартан, нэг л мэдэхэд дэргэд нь хүрчихсэн зогсож байж билээ.  6-р сарын эхээр бороо ус  багатай үе тул хүрхрээний ус нь бага байсан ч мөс цас нь хайлаагүй үзэсгэлэнтэй, бахдам сайхан харагдах аж. Бэрхийг туулж зорьж очсон доо харамсахааргүй, хожим хойно дурсгалтай сайхан аялал бол энэ оройн аялал байсан. Цаг оройтсон ч энэ өдрийнхөө ажлыг амжуулсан бид Цэцэрлэг сумын төвд буудлын эгчийн “нутгийн бид ч очиж амжихгүй юм даа” гэсэн үгийг сонссон шигээ бахдалтайгаар өнгөрүүлсэн өдрийнхөө сайхныг хуучилж, урамтайгаар амарч тухлахаар бужигналдлаа.
Маргааш эртлэн Цэцэрлэг сумаас Мөрөн хотыг чиглэн гарч, төв замаасаа бага зэрэг өмнүүр даялан давхиж, үд гэхэд  Тунамал нуурын хөвөөнөө цай уун сууж байв. Эндээсээ Цагаан-Уул сумын өмнүүр, түүний барааг харан өнгөрч, Хөх Хөтөлийн даваанаас Дэлгэр мөрөнтэй нийлэн, түүнийг даган шуугиулсаар, Улаан богочийн даваа уруудан Бүрэнтогтох сумаас  их мөрний уужим хөндий рүү орж, уралдан давхиулсаар Мөрөн хотод ирж алжаал юугаа тайлав.
Мөрөн хотоос Эрчимийн нурууг Цагаан Бургастайн даваагаар давж, Төмөрбулаг сум хүрч Бүгсэйн голын эрэгт отоглосон нь Олон голын бэлчир гэх Сэлэнгэ мөрний эхийг зорьж яваа минь билээ. Төмөрбулаг сумаас Олон голын бэлчир холгүй ч өглөө эрт очино гээд “Таван гол” жуулчны баазад захиалга өгчихсөн, мөн Мөрөн хотоос  яарамгүй гарсан тул замдаа хоног төөрүүлэхээр шийдсэн юм.
Олон голын бэлчир бас Таван голын бэлчир ч гэх ус ундарганы эх болсон энэ газарт Бүгсэйн гол Дэлгэр мөрөнд цутгана. Чулуутын гол Идэрийн голд  нийлнэ. Дэлгэр мөрөн, Идэрийн гол хоёр Бүгсэйн нурууны зүүн бие дор усаа тунаруулан бөөгнөрүүлж, Сэлэнгэ мөрний эх болж Байгаль далай тийш хөврөнө. Монгол орны усан сүлжээний гол цөм нь болсон Сэлэнгэ мөрөн ДТД 1145 метрээс эх аван урсдаг байх нь. Энэ хавьдаа ганц буй жуулчны бааз нь хоол унд, үйлчилгээ сайтай, тун дажгүй газар биднийг угтаж авлаа. Дэлгэр мөрний хамгийн гүнзгий цэг (15 м) Буур хаднаас Сэлэнгэ мөрний эх Дэлгэр мөрөн, Идэрийн голын өнгө ялгаран нийлж байгаа хэсэг хүртэл 10 гаруй км завиар аялуулна. Мөн бяцхан тохойд сургалт явуулж байгаад каяк завиар зугаацуулна. Хэд хоногоор бол өөр олон сайхан аялалын боломжууд байна. Бид ч боломж бүрийг л ашиглаж байлаа.
Хоёр ч өдрийг уул хад, ус мөрнөөр аялаж, зугаацаж  өнгөрөөсөн бид ээжийн минь нэртэй ижил нэртэй Сэлэнгэ мөрний эхээс нутгийн зүг хөлгийн жолоог эргүүллээ. Энэ удаа буцахдаа олон удаагийн аялалаас дандаа сугарч үлддэг,  Эг тарвагатайн бэлчрийг  заавал үзнэ гэсэн төлөвлөгөөтэй замаа хөөсөн юм. 
Намнангийн нурууны арын Хужиртын даваа уруудаад л төв замаасаа салж, умрыг зорин Тээлийн голоо гармаар гаран, Уст нуурынхаа зүүн биеэр Айрхан нуураа чиглэн давхисаар, нуурынхаа араар тойрон, Хонгор багаа зүүн гар талдаа үлдээн давхисаар Эгийн голын гүүрэнд  тулав. Гүүрээ дөнгөж гараад, Тэшиг сум руу хүрэх төв замаа орхин,  баруун гараа барин салж, цаашлан үзэсгэлэнтэй нуга хөндий, даваа гүвээг туулсаар Харлангийн гол хүрнэ. Харлангийн голоо гарчТөмөрөнгийн гол хүрнэ. Эндээс  голоо даган уруудан Тарвагатайн гол хүрч болох ч зам муутай гэж сонсоод, Хужирт багийн замаар хөдлөн, эхний дөрөлж дөнгөж даваад л баруун талаа барин уулаа ороох маягтай урагшлав. Энэ хавь бол суурин иргэншилтэй нутаг аятай тариалангийн жижиг талбайнуудыг гамгүй хашаалж хороолжээ. Тэдгээрийг сүлжиж давхина гэдэг асуудалтай юм билээ. Эсвэл мухардана эсвэл поле-н дундуур сэгсчүүлнэ. Гэхдээ л явсаар байгаад Төмөрөнгийн голоо дахин гарч Тарвагатайн гол Эгийн голд нийлэх бэлчирт тулж очив. Үнэхээр сайхан газар.
Майхан саваа буулгаж төвхнөж авав. Хүүхдүүд саяхан үерлээд ус нь татарч буй Тарвагатайн голд тоглож, шуугих нь нэн таатай байгаа бололтой. Тарвагатайн гол хүүхдүүд тоглоход яг таарна, Эгийн гол харин ус ихтэй, хүүхдүүд тоглоход тохиромжгүй ч хараа булаан хажууд  дөлгөөхөн урсана.  Энд ялаа шумуул ихтэй юм. Аргагүй байх, энэ их өвс ногоонд гэртээ байгаа амьтдыг бид ад үзээд яахав дээ. Аргал түүж отогоо тойруулан зуллаа. Аргалын утаа үнэртсэн, аглаг зэлүүд энэ газар амар амгаланг л мэдэрнэ. Үүнээс илүү жаргал гэж юу байх вэ дээ?  
Энэ тансаг газар бас л хоёр өдрийг өнгөрөөгөөд байгалийн сайхныг бишрэн шагшсаар, Булган аймгийн хамгийн том нуур болох Харгалын хөвөөгөөр Тэшиг сумын төв орж аялалынхаа сүүлчийн цэгийг хатгаж, ачаа бараагаа хуваан цэгцэллээ. Тэшиг сумаас Айрхан нуураар төв зам хүрэхэд ердөө 100 хүрэхгүй км, тэгээд шинэ замтай нийлж аваад, Булган-Эрдэнэт-Улаанбаатар гээд л хот руугаа ширүүхэн гишгээд л орчихно. Зам харгуй сайхан болж, хол нь ойр болж, улс орон аажим боловч урагшилж л байна.

Сяньбийн табгач буюу тоба аймгийн Дай болон Вэй улсууд


Сяньбийн олон аймгуудын хамгийн томоохон нь Тоба юм. Табгачийн Шийзянь 338 онд табгачийн Дай улсыг үндэслэн байгуулж, өөрийгөө ван хэмээн зарлаж, одоогийн ӨМӨЗО-ны Хорин гэр хошууны нутагт Шэнлэ хотыг нийслэлээ болгож, түүний хойчис  Табгач Гүй 386 онд ван болж, улсаа Вэй хэмээн нэрлэсэн нь түүхнээ Умард Вэй (386-534 он) гэж алдаршжээ. Хожим нь дотоодын зөрчил, бослогын улмаас задарч, Баруун Вэй (535-556 он) болон Зүүн Вэй (534-550 он) хэмээх хоёр улс болон хуваагдсан байна.

Табгач Сяньбийн Дай улс. Табгачийн хаан ургийг үндэслэгч нь Ливэй юм. Тэрээр 248 онд хаан өргөмжлөгдөөд 30 жил хаан ор сууж, 278 онд нас баржээ. 261 онд өөрийн залгамжлагч Шамоханийг Цао Вэй-гийн ордонд Лоян хот руу явуулжээ. Шамохань Цао Вэй улсын хааны ордонд хүндэт зочноор байж, хоёр улсын худалдааны ажлыг зохицуулж байв. Зинь улс хятадыг нэгтгэсний дараа 267 онд Шамохань буцаж ирэхэд Зинь улс хүндэтгэлтэйгээр хүргэж өгчээ. 

275 онд Шамохань дахин Зинь улсад очсон боловч түүний эсрэг хуйвалдаан гарч, тэр 2 жил саатуулагдсан ч буцаж иржээ. Гэвч дахин түүний эсрэг дахин хуйвалдаан гарч, алах ялаар шийтгэгдэн үхсэн бөгөөд Ливэй хаан үхэхээсээ өмнө түүнийг хилс хэргээр шийтгэснээ мэдсэн гэдэг. 278 онд Ливэй нас барахад түүний хүү Силю залган хаан болов. Түүний үед олон аймгууд бослого тэмцэл гаргасан хүнд үе байлаа. Силю 287 онд нас баржээ. Силю хааныг түүний дүү Чуо залгамжилж, 7 жил хаан суусан. Тэр зоригтой дайчин, ухаалаг нэгэн байв. Түүнийг Шамоханий хүү Фү залгамжилсан ч ганц жил хаан ор суужээ. Фү хааныг Ливэй хааны бас нэг хүү Лугуань залгамжлав.  

Лугуанийг нас барахад Шамоханий хүү И залгамжилж, 8 жил ор суув. Түүнийг Фү хааны хүү Юлю залгамжилж, 5 жил хаан суусан. Түүнийг нас барахад Шамоханий хүү Илю-гийн хүү Хэрү залгамжилж, 5 жил ор суув. Хэрү-г нас барахад түүний хүү Хэна залгамжлан 5 жил хаан суусан. Хэна-г Юлю хааны хүү Ихуай залгамжлан 5 жил ор суусан ба Хэна түүнийг огцруулж  дахин хаан суугаад 3 жилийн дараа Ихуай эргэн хаан болж 1 жилийн дараа нас баржээ.

Үймээн самуун намжиж, Юлю хааны бага хүү Шийзянь хаан болж, 38 жил их ор сууж, 57 насандаа нас баржээ. Түүнийг табгач Дай улсыг үндэслэгч хэмээн үздэг. Тэрээр оны цолоо Улсыг үндэслэгч (338-376 он) хэмээн нэрлэж байв.

Гэвч хожуу Цинь улс умард хятадыг нэгтгэн, 370 онд Сяньбийн мюун овгийн Янь улсыг, 376 онд Сяньбийн табгач овгийн Дай улсыг тус тус эзлэн авч, өөртөө нэгтгэсэн.  Табгач сяньби нарыг хоёр хуваан нутаглуулснаас,  Шар мөрний зүүн хэсгийг Шийзяний эгчийн хүү Дүгү захирч байв. 372 онд Цаньхупо-д төрсөн Ихуай хааны хүү Табгач Гүй энэ үед 6 настай, ээжийн хамт Дүгү-гийн өмгөөлөлд оржээ. Улмаар Табгач Гүй ээжийн ах Хэлянь-ний хамгаалалд очин түүний дэмжлэгээр өсөн өндийв. 383 онд Хожуу Цинь улс Зүүн Зинь улсад Фэй голд ялагдснаар бууран доройтож задарч эхэллээ. 386 оны 3 сард табгачууд Нючюань голын хөвөөнд цугларч Табгач Гүй-г Дай улсын хаанаар өргөмжилсөн. Тэрээр Дэнго хэмээх оны цол хэрэглэж, тэнгэр тахих ёслол үйлджээ. Удалгүй 386 оны 4 сард улсын нэрээ өөрчилж, Вэй улс хэмээн тунхаглажээ.

Табгач Сяньбийн Умард Вэй улс. Сяньбичүүд Дай улсын уламжлал дээр үндэслэн Умард Вэй улсыг байгуулсан. Табгач Гүй хааны сэргээн байгуулсан табгач сяньбийн Вэй улс нь түүхэнд Умард Вэй улс хэмээн алдаршжээ. Табгач Гүй-н хаанчлалын эхний жилүүдэд түүний ээжийн ураг Хэлань болон Дүгү ургийн гэр бүлийнхний нөлөө үлэмж их байв. 391 онд Табгач Гүй хаан Шар мөрний тохой дахь Ордос хавьд байсан тьефү хүннү нарыг өөртөө нэгтгэн авч 300 мянган адуу, 4 сая толгой хонь, үхэр олзолсон байна. Мөн тэрээр сяньбийн муюн овгийн Хожуу Янь улстай ураг барилдан, гадаад байдлаа бэхжүүлж авав. Гэвч Янь улс 395 онд Вэй улс руу довтолсон ба хариу болгон Табгач Гүй 396-398 онуудад Янь улс руу довтолж, үлэмж газрыг нь эзлэн авч, муюн болон когурьёгийн 360000 иргэдийг нүүлгэн шилжүүлж, 100 орчим гар урчуудыг шинэ нийслэл Пинчэн хотод авчирсан байна. Мөн Табгач Гүй хан хөвгүүдийн сургууль байгуулж, улмаар 399 онд номын сан үүсгэн, хятадын сонгодог бүтээлүүдийг заах багш томилж, төрд ажиллах хүмүүсийг бэлдэх болов. Табгач Гүй бурханы шашныг дэлгэрүүлэх зарлиг гаргаж, сүм хийд олноор барьж байгуулав.
Табгач Гүй хаан 409 онд 39 настайдаа нас баржээ.

Табгач Гүй хааныг Табгач Си (409-423 он) түүнийг Табгач Дао (423-452 он) хаан залгамжилсан байна. Дао хааны өргөмжилсөн нэр нь Тай У-ди. Табгач Дао хаан умард хятадыг нэгтгэн захирах бодлого явуулж, 424-425 онд нэрт жанжин Гуй Хао-гийн гайхамшигт стратегийг ашиглан Жужан улсыг довтолж, тэднийг говийн хойно шахан гаргаж, 431 онд Баруун Цинь улсыг, мөн ондоо Ся улсыг, 439 онд Умард Лян улсыг нэгтгэжээ . Умард Вэй улс 431 он гэхэд цагаан хэрмийн доторх умард хятадыг нэгтгэж дуусгасан байна.

Гэвч умард Вэй улсын ордонд Гуй Хао-гийн нөлөө улам ихсэж, түүний зөвлөснөөр бурхны шашныг хориглож, Даогийн сургаалийг төрийн зүгээс дэмжих болжээ. Табгач Дао хаан төр захиргааны зохион байгуулалтыг өөрчлөн, хүнд суртлыг бий болгож эхлэв. Хятадын уламжлалт засаг захиргааны муж, тойрог, сум гэсэн нэгжийг авч хэрэгжүүлэв. Тэрээр күнзыг боловсрол олгодог их сургууль байгуулж, төрийн албаны хүмүүсээ бэлдэх болсон байна. Хууль цаазыг журамлаж, стандарт тогтоон мөрдүүлж эхлүүллээ.

Дао хааныг Табгач Зүн (452-465 он)залгамжилж,  Вэньчэн хаан хэмээн өргөмжлөгдөв. Тэр төвлөрсөн засаглалыг улам хүчирхэгжүүлж, Дао болон бурхны шашин аль алиныг дэмжих бодлого явуулжээ.

Табгач Зүн хааныг Табгач Хун залгамжлан, Сяньвэнь (465-470 он) хэмээн өргөмжлөгдөв. Сяньвэнь хааны үед хатан хаан Вэньмин үлэмж нөлөөтэй байсан байна. Сяньвэнь хааныг түүний балчир хүү залгамжилж, Сяовэнь (471-799 он) хаан хэмээн ор суув. Сяовэнь хааныг Вэньмин хатан болон түүний талын түшмэдүүд, күнзын суртлынхаа нөлөө хяналтан доор байлгаж байлаа. Энэ хааны үед олон шинэтгэл хийж, хятадчлах бодлого явуулсан гэж судлаачид үздэг. Гэтэл үнэн хэрэгтээ Вэньмин (441-490 он) хатан нас барах хүртлээ засгийн эрхийг барьж байв. Вэньмин нь муюн сяньбийн Умард Янь улсын сүүлчийн хааны ач охин бөгөөд ээж нь солонгос угсааны хүн байсан ба түүний амьдралд сяньби, солонгос, хятад соёлын нөлөө ихэд шингэж түүгээр хүмүүжсэн нэгэн аж.

484 онд Умард Вэй улсын хааны ордноос албан ёсны цалингийн систем бий болгож, 485 онд газрын шинэтгэл хийсэн нь эдийн засгийг сайжруулжээ. Түүнчлэн сяньбийн олон уламжлалыг халж, хятадчлах бодлогыг явуулж эхэллээ. 494 онд Умард Вэй улс нийслэлээ Пинчэн хотоос хятадын уламжлалт нийслэл Лоян хот руу шилжүүлж, мөн оноос хятад бус хувцас өмсөхийг, 495 оноос хааны ордонд сяньби хэлээр ярихыг, 496 оноос табгачийн язгууртнуудад хятад маягийн овгийн нэр авахыг хүчээр тулган, сяньбийн овгуудыг ганц үет нэрээр солисон байна. Тухайлбал тоба-гийн язгууртны 10 овгийн нэрийг Тоба-г Юань, Хэгу-г Ху, Пу-г Жоу, Баба-г Чансунь, Даси-г Си, Илоу-г И, Цюдунь-г Цю, Хоу-г Хай, Ижань-г Шусинь, Чэгунь-г Чэ болгон өөрчилжээ.

Хятадчилах бодлого улам эрчимжсэн ч табгач хүмүүс хятад хэл сайн мэдэхгүй тул Сяовэнь хаан хятадын сонгодог уран зохиолыг сяньби хэлээр орчуулан гаргахад хүрч байв.
Сяовэнь хааныг нас барахад Юань Кэ залгамжилж, Сюань-У (499-515 он ) хаан хэмээн өргөмжлөгдөв. Түүнийг 515 онд Гао Жао болон Юань Ю хэмээх хоёр сайд нь хаан ширээнээс нь буулгаж, түүний хүү балчир Юаньсюг хаан ширээнд залж, Сяомин (515-528 он) хаан хэмээн өргөмжлөв.

520 оноос  Умард Вэй улсад бослого тэмцэл ихээр гарах болсон нь улс орны байдлыг ихэд доройтуулж байв. 523 онд цэргийн томоохон бослого гарсныг 6 хуарангийн бослого гэдэг. Умард Вэй улс даяар 93 хуаран тархан байрладаг ч 433 онд Шар мөрний тохой Иншань уулын араар байрлах 6 хуаран онцгой ач холбогдолтой байв.

Язгууртан жанжид бослого гарган тусгаарлах болсонд табгачийн Эржүжун (493-530) хааны ордныг хяналтандаа авч, хатан хааныг ширээнээс нь буулгаж, Юань Зи-ю-г Сяожуан (528-529 он) хаан хэмээн өргөмжлөв. Гэвч удалгүй Сяожуан хаан Эржүжуныг алсан бөгөөд Эржүжуны хүү Эршүжао өшөөгөө авч, хааныг хороож, Юань Гүн-ийг Земинь хаан хэмээн өргөмжилсөн байна. Эржүжуны жанжин Гао Хуань (496-547 он) өөрийн цэргийн хүчинд тулгуурлан Земинь хааныг алж, Юань Сю-г Сяо У хаан (532-534 он) хэмээн өргөмжлөв. Гао Хуань цэргийн удирдлагын төвийг Тайюаний ойролцоо байгуулан, 6 хуарангийн хүчийг нэгтгэн, цэргийн хүчийг дангаар барьж байв. Түүнчлэн Гао Хуань жанжинаас Сяо У хааныг өөрийн хяналтандаа  байлгахыг оролдсны улмаас зөрчилдөж, улмаар Сяо У хаан 534 онд Чанань-д байсан Юйвэнь Тай (506-556 он) жанжин руу зугтан очжээ. Гао Хуань жанжин Юаньшаньзянь-ийг Сяозин хаан хэмээн өргөмжилж, Е хотоор нийслэллэх болсноор Зүүн Вэй (534-550 он) улс байгуулагдав.

Юйвэнь Тай жанжин 535 оны эхээр Сяо У хааныг алж, Юань Баозү-г Вэньди хаан хэмээн өргөмжилж, Баруун Вэй (535-556 он) улсыг байгуулсан байна.
Ийнхүү 534 оноос Умард Вэй улс хоёр хуваагдан  Зүүн Вэй, Баруун Вэй улсууд бий болов. 550 онд Зүүн Вэй улсын хаан ширээг Гао Хуаний хоёрдохь хүү Ян хүчээр булаан авч, шинэ улс үүсгэн Умард Ци (550-577 он) хэмээн нэрлэжээ. Харин Баруун Вэй улсыг 557 оноос Юйвэнь Тай-гийн удмынхан Умард Жоу (557-581 он) хэмээн нэрлэн хаан ширээ залгамжлах болжээ. Зүүн Вэй улс болон залгамжлагч Умард Ци улсад сяньбийн уламжлалыг сэргээж, голлох хэл нь сяньби хэл болж байв. Баруун Вэй болон Умард Жоу улсад мөн адил сяньбийн уламжлалыг сэргээн, хятадчлах үйл явцыг зогсоосон бөгөөд 549 онд Сяньбийн хуучин овгийг сэргээсэн төдийгүй хятад угсааны язгууртнуудад  ч гэсэн сяньби овог өгч байв.

Хэдийгээр Умард Вэй улс нь Зүүн Вэй, Баруун Вэй улс хэмээн бутарсан ч гэсэн сяньбийн соёлын уламжлалыг сэргээн, хятадчлах үйл явцыг зогсоосон байна. Түүнчлэн Баруун Вэй улсыг залгасан Умард Жоу, Зүүн Вэй улсын үргэлжлэл  Умард Ци улсууд  нь Умард Вэй улсын төрт ёс болон соёлын уламжлалыг шууд  залгамжилсан улсууд байв.
“Монголын эртний түүх”



12.20.2018

Өвөг монгол Сяньби нарын түфа аймгийн өмнөд Лян улс


Түфа сяньбичүүд өмнөд Лян улсыг (397-414 он) Хэси-д байгуулан хүчирхэгжиж явав. Түфа Угү-гийн 8 дахь үеийн дээд өвөг Пигү ард олноо дагуулан говийн араас Хатан голын баруун бие Хэси-д ирж сууснаар мөн Хэси-гийн Сяньби ч гэдэг. “Зинь улсын судар”-ын “Түфа Угү-гийн намтар”-т: “Түфа Угү бол Хэсигийн сяньби хүн юм. Дээдэс нь хожуу Вэй-тэй нэг гаралтай. Наймдугаар үеийн өвөг Пигү нь аймаг олноо дагуулж, бэхлэлт хэрэмний араас Хэси-д нүүдэллэн ирсэн ажгуу. Түүний нутаг нь зүүн зүгт Майтянь ба Цянтунь хүрнэ. Баруун тийш Шило, өмнө зүгт Зяохэ хүрч, умард зүгт их говьд тулна. Пигү-г үхэхэд хүү Шоутянь нь ор суужээ. Анхан Шоутянь гэдсэнд байхад нь эх Хуе овогт нь нойрондоо хөнжилдөө төрүүлжээ. Сяньбигаар хөнжлийг түфа хэмээх тул ийнхүү овогложээ” гэжээ. Ийнхүү сурвалжаар түфа сяньби нар табгач сяньбитай угсаа гарвал нэг, түүнээс салбарлан гарсан нь харагдана. 

Мөн “Вэй улсын судар”-ын “Юанхэгийн намтар”-т өгүүлснээр Юанхэгийн уул нэр нь Түфа Поциан. Хэси-гийн ван Түфа Нутанийн хөвгүүн аж. Юанхэ Хөхнуураас Умард Вэй улсад дагаар орсонд, Табгач Дао хаан Юанхэ-д өгүүлсэн нь: “Түшмэл та надтай язгуур нэг бөлгөө. Учир шалтгааны улмаас овог салбарласан билээ. Эдүгээ та Юань овгийг авч болно” хэмээжээ.

Пигү НТ 2-р зууны дунд үе орчим Хэси-д суусан бөгөөд түүнийг хүү Шоутянь нь залгамжилжээ. Шоутянийг түүний ач Шизүнэн залгамжилж, түүнийг түүний дүү Увань залгажээ. Уванийг түүний ач Түйзинь залгамжилж, түүнийг нас барахад хүү Сыфузянь залгамжилсан байна. Сыфузяны үеэс л түфачууд хүчирхэгжиж эхэлсэн байна.

Түфа Сыфузянь нас барж, хүү Угү залгамжлав. Угү нь “эрэлхэг баатар, алсын бодлоготой” ухаалаг удирдагч байжээ. Тухайн үед хожуу Лян улсын Люй Гуан өөрийгөө Саньхэ ван хэмээн өргөмжилж, ид хүчирхэг байсан бөгөөд түфа сяньбичүүдийг өөртөө татахын тулд Угү-д элч илгээн цэргийн их манлай жанжин, Хэси-гийн сяньбийн их захирагч өргөмжилснийг Угү хүлээн авчээ.

Угү 395 онд баруун талынхаа Ифү, Жэзюй хоёр аймгийг довтлон өөртөө нэгтгэн авч, Ляньчюньд нийслэллэх болов. Үүний дараа  Гуан У орчим сууж байсан Июнь сяньби аймгийг нэгтгэснээр улам хүчирхэгжлээ.

397 онд Угү өөрийгөө их захирагч, их жанжин, их шаньюй, сипин ван хэмээн өргөмжилж, Өмнөд Лян улсыг байгуулж, оны цолоо Тай Чу гэв. Дараа нь Зиньчэн тойрог руу довтлон эзэлж, Люй Гуаны цэргийг Зетинд ялсан байна. Энэхүү ялалтын үр дүнд Лэдү, Хуанхэ болон Зяохэ орчмын газрыг эзлэн авснаар хэдэн арван мянган цян болон ху өрх айл Угү-г дагаж, түүний хүчийг их өсгөжээ. Угү өөрийн дүү Лилүгү-г сипин гүн өргөмжилж Аньи-д, Нутань-д Гуан У гүн цол олгож Сипинд суулгажээ.

Тухайн үед Хожуу Лян улс дотооддоо хагаралдан, Дуань Е тусгаарлан өөрийгөө Умард Лян улсын вангаар өргөмжиллөө. Хэси-гийн газар нутагт Хожуу Лян улсын Люй Гуан нь Гүзан хотод нийслэллэж байснаас гадна, Умард Лян улсын Дуань Е нь Жан Е хотод төвлөрөн хоорондоо тэмцэлдэж байв. Түүнчлэн Люй Гуаны тайчин түшмэл Гонунь болон фүшэ түшмэл Ван Сян нар хуйвалдан бослого гаргах гэж байгаад Ван Сян алагдаж, Гонунь ганцаар Люй Гуаныг эсэргүүцэн тэмцжээ. Мөн Ян гуй жанжин өөрийгөө сипин ванд өргөмжлөн Люй Гуаныг эсэргүүцэх болов.

Ийнхүү Хожуу Лян улс хэдэн хэсэг болон тэмцэлдэх болсныг Угү ашиглан, Гонунь болон Ян Гуй нарын босогчдыг дэмжин, Люй Гуаны хүчийг сулруулж байв. Угү эхлээд дүү Лилүгү-д 5000 цэрэг захируулан дараа нь мөн Нутань-ний 10000 цэргийг илгээн Ян Гуй-д туслав. Ян Гуй удалгүй Угү-д дагаар орсноор нилээн хэмжээний газар нутгийг өөрийн болгож чадлаа.

Угү Хэси-гийн газар нутгийг өөрийн болгохыг эрмэлзэж байсан ч Хожуу Лян улсын Люй Гуан, Умард Лян улсын Дуан-Е болон Баруун Цинь улсын цифү Ганьгүй нар бүгд хүчирхэг байсан тул нэгэн удаа Угү түшмэдүүдээсээ “Луншань-аас баруун тийшх нутаг том биш, чухамдаа хэдэн тойргийн л нутаг билээ. Самууран бутарч, тэмцэлдсээр арав гаруй эзэмшилд хуваагджээ. Люй овогт, Дуань овогт , Цифү овогт нь хамгийн хүчирхэг билээ. Эдүгээ дээрх газрыг эзэлье хэмээмээс гурван хүчний алийг нь урьдаар довтлох вэ?” гэж асуухад, 

Ян Тун түшмэл өгүүлсэн нь “ Цифү Ганьгүй бидэнтэй гарал нэгтэй болох тул эрт оройгүй дагуулж болно. Дуань бичгийн эр, манайд халдах чадал үгүй, бидэнтэй анд бололцсон учир дайлах журам үгүй буюу. Люй Гуан өтөлж, залгамжлах хүү нь сул дорой Люй Зуань, Люй Хун хэдийгээр эрдэм чадалтай боловч хоорондоо зөрчил тэмцэлтэй тул Хаомэнь, Ляньчюнь-ийг завшаан ашиглан довтолбоос тэд лавтайяа амиа бодон зугтан одох болохоор хоёр жил хүрэхгүй цэрэг ард нь ядран туйлдахаар Гүзан-ийг эзэлж болно. Гүзаныг эзлэн авсан байхад хоёр хулгай Ганьгүй, Дуань нар өөрсдөө даган орох болно” гэхэд Угү дэмжин сайшааж, төлөвлөгөөгөө гаргасан ч биелүүлж чадалгүй нас баржээ.

398 онд Угү-г нас барахад түүнийг дүү Лилүгү залгамжлан нийслэлээ Лэдү-гээс Сипин хот руу шилжүүлж, оны цолоо Зяньхэ хэмээн нэрлэв. Лилүгү Умард Лян улсын Дуань Е-тэй найрамдалтай харилцаа тогтоож, Хожуу Лян улсын эсрэг хамтран тэмцэх бодлого явуулж байв.
Энэ үед Цян угсааны Яо овогтын Хожуу  Цинь улс хүчирхэгжин хөрш зэргэлдээ улсууддаа аюул учруулах болжээ. Баруун Цинь улсын цифү Ганьгүй Умард Цинь улсын довтолгоонд ялагдан дагаар оров. Лунси-гийн Ли Гао нь Ганьсу-гийн Дунхуань-д Баруун Лян улсыг байгуулж, Хожуу Цинь улсыг довтлон цохисноор Хожуу Цинь улсын түрэлтийг нэг хэсэг хязгаарлав. Тухайн үед Хожуу Лян улсын ван Люй Гуан нас барж, хөвгүүд нь ор булаацалдан тэмцэлдэж, эцэст нь Люй Юань залгамжлав. Люй Юань-ний 2 ч удаагийн довтолгоог няцааснаар  Өмнөд Лян улс сүр хүч нь нэмэгдэв.

402 онд Лилүгү нас барж, түүний дүү Нутань залгамжлан, өөрийгөө Лян ван хэмээн өргөмжилж, оны цолоо Хунчан хэмээн нэрлэж, буцаж Лэдү-д нийслэллэх болжээ.
Хожуу Цинь улс дахин хүчирхэг болсонд 404 оны 2 сард Нутань ван цолноосоо татгалзан, Хожуу Цинь улсад дагаж оров. Ийнхүү Нутань Хожуу Цинь улсад зүтгэх болж  4000 адуу, 30000 хонь өргөн бариж үнэнчээ илэрхийлжээ.

Хожуу Цинь улсаас Нутань-д Хэси-гийн цэргийн жанжин цол өргөмжлөн, Гүзанд суулган хэрэг шийтгүүлэх болов. Ийнхүү Нутань Хэси-гийн чухал газар Гүзанд суун, олон тойргийн цэргийг мэдэх болж, үлэмж эрх мэдэлтэй болж ээргэн хүчирхэгжив. Нутань энэ байдлаа ашиглан 409 онд төр улсаа дахин сэргээн тунхаглаж чадлаа.

Удалгүй гарал угсаа нэгт сяньбийн цифү аймгийн Баруун Цинь улс түфа Сяньбийн Өмнөд Лян улсууд зөрчилдөн тэмцэлдэх болов. Үүний дээр Умард Лян улстай хэд хэд байлдан ч ялагдснаар Өмнөд Лян улсын хүчин суларч, дотоодын хямрал тэмцэл газар авчээ. 410 онд Нутань нийслэлээ Гүзанаас Лэдү рүү шилжүүлэн, Чэнгүн түшмэлийг Гүзанд үлдээн, түүнийг  хариуцуулжээ. 411 онд Умард Лян улс Гүзанийг эзлээд Лэдү рүү довтолсон боловч, эзэлж чадаагүй ч байнга довтлох болсонд арга буюу хүүгээ Умард Лян руу барьцаанд илгээв.

Ийм үед улам хүчирхэгжин байсан цифү сяньби нарын Баруун Цинь улс аажмаар Ганьсугийн баруун хэсгийг эзэмших болж, Өмнөд Лян улсыг байнга довтолж, ихээхэн газар нутгийг нь эзлэн авчээ. 412 он гэхэд Өмнөд Лян улсын ихэнх тойргууд Умард Лян, Баруун Цинь, Түгүхүнь улсуудад эзлэгдсэн байлаа.

414 оны 5 сард Нутанийг Ифү аймгийг довтлохоор цэргээ удирдан явсан хойгуур Баруун Цинь улс 20000 цэргээр Лэдү нийслэлийг эзлэн авч улмаар Нутань бууж өгснөөр Өмнөд Лян улс мөхжээ. Өмнөд Лян улс 397-414 оны хооронд богинохон хугацаанд оршин тогтносон боловч  түфа сяньбичүүд  умард хятадын түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд Нутаний үр ач нар умард хятадыг нэгтгэсэн табгач сяньбийн Умард Вэй улсын төрд зүтгэн, өндөр албан тушаал хашиж байсан байна.



12.16.2018

Өвөг монгол Сяньби нарын цифү овгийн Баруун Цинь улс


Цифү сяньби нар Баруун Цинь (385-431 он) улс байгуулж байлаа. “Зинь улсын судар”-ын 125-р бүлэг “Цифү Гожэний намтар”-т: “Цифү Гожэнь хэмээгч нь Лунсигийн сяньби хүн юм. Урьд жуфусы, чүлянь болон чилү хэмээх 3 аймаг байжээ. Говийн араас өмнөш нүүж их Иньшань (Мони уул) ууланд ирсэн” хэмээжээ.

Цифү зэрэг сяньбийн 4 аймаг говийн араас Иньшань ууланд ирэх замд нэгэн аварга могой тааралдсан бөгөөд дүр нь яст мэлхий мэт, хэмжээ нь үхээр булш мэт байсан учир морь алж тахилга өргөөд “хэрэв сайн савдаг бол зам нээж өг, муу савдаг бол зам хаагдаж битүүр” гэтэл даруй арилж, нэгэн нялх хүүхэд болон хувирчээ. Цифү аймгийн хүүхэдгүй нэгэн өвгөн авч тэжээе гээд Хэгань хэмээн нэрлэсэн байна. “Зинь улсын судар”-т Хэгань арваад настай байхдаа морь унаж, харваж намнахдаа гарамгай, 500 жингийн нум татах болсонд 4 аймаг нийтээр түүний баатар дайчныг бишрэн, ноёлогч эзнээр сонгон, Цифү хаган Тодо Мохэ хэмээн нэрлэв. Тодо гэдэг нь савдаг, хүний аль нь ч биш гэсэн үг аж” гэжээ.

Энэ нь хаан гэдэг нэр сурвалжид дурьдагдаж буй хамгийн эртний мэдээ бөгөөд Сяньбичүүд төрийн тэргүүнээ ийнхүү нэрлэж байж. Табгач сяньби нар тэргүүнээ хаан гэдэг байсны ул мөр сурвалжид үлдсэн ч “Вэй улсын судар”-т хуанди хэмээн хятадын төрийн уламжлалт нэрээр сольж бичсэн байна. Түгүхүнь сяньби нар мөн тэргүүнээ хаан хэмээдэг байсан ч сурвалжид тэмдэглэгдсэн нь нилээд хожуу үе болно.

Цифү сяньбичүүд хэзээ Иньшань ууланд ирсэн тухайд “”Цифү Гожэний намтар”-т: “...Юлинь хэмээгч нь Гожэний тавдугаар үеийн дээд өвөг бөгөөд Тай-шигийн (265-274 он) эхэн үед 5000 өрхөө дагуулан Ся-гийн хилд нүүн ирж хүчирхэгжжээ. Сяньби Лузе-гийн 7 түмэн өрх Гаопинчюаньд суух аж. Юлиньтэй харилцан дайтахад Лузе ялагдан өмнө зүг Люэян тийш зугтан одоход, Юлинь түүний овог аймгийг өөртөө нэгтгэн авч Гаопинчюаньд суурьшжээ.  Юлинь нас нөгчихөд түүний хөвгүүн Зецюань залгамжилж, Цянтуньд шилжин суув. 

Зецюанийг хүү Лина залгамжилж, Сяньбийн Тулайг Ушушаньд дайлж, Юйчийг Дафэйчюаньд цохиж, 3 түм илүү өрх хураан захирчээ. Лина-г түүний дүү Цини залгамжилсан бөгөөд түүнийг Линагийн хөвгүүн Шүянь залгамжлан Сяньбийн Мохоу-г Юаньчюаньд дайлан ихэд ялж, 2 түмэн өрхийг өөртөө нэгтгэн Юаньчюаньд суужээ” хэмээн нилээн дэлгэрэнгүй өгүүлжээ.

Шүянийг нас барахад хүү Нудахань залгамжилсан бөгөөд түүнийг хүү Сыфань залгажээ. 376 онд Сыфань нас барж, хүү Гожэнь залгамжилжээ. Гожэний үед цифү аймгууд үлэмж хүчирхэгжсэн байна.

383 онд Цифү Гожэнь түрүү Цинь улсын армийн бүрэлдхүүнд Фү Зянь жанжны удирдлага дор цэргээ захиран оролцжээ. Фэй голын байлдаанд Зинь улсын цэрэгт гутамшигтайгаар ялагдсны дараа Түрүү Цинь улс задарч, олон жанжнууд тусгаарласнаа зарласны адилаар Гожэнь тусгаар улс байгуулжээ.

385 онд Гожэнь өөрийгөө их захирагч, их жанжин, их шаньюйгаар өргөмжилж, оны цолоо Зянь И хэмээн нэрлэж, төрийн түшмэдүүдийн зэрэг дэвийг шинэчлэн тогтоож, харъяат газар нутгаа Учэн, Уян, Аньгу, Уши, Ханъян, Тяньшуй, Люэян, Цянчюань, Ганьсун, Куанпэн, Байма, Юаньчюань гэсэн 12 тойрогт хуваан Ёнши хотыг нийслэлээ болгожээ. Ийнхүү Цифү Гожэн төр засаг захиргааны шинэтгэл хийж, төр улсын хөгжлийг шинэ шатанд гаргаж, Баруун Цинь улсыг үндэслэн байгуулсан байна. Цифү аймгийн манлайлал дор сяньби, хүннү, цян угсааны аймгууд нэгдсэн байна. Цяньчюань тойргоос баруун ба баруун өмнө нь Сяньбийн Түгүхүнь нар төр улсаа байгуулсан байлаа.

Ийнхүү Цифү Гожэнь хүчин чадал өсөн хүчирхэгжих болсон тул Сяньбийн Пилань 5000 өрхөө дагуулан ирж нэгдэв. 386 онд Ми-и-гээр удирдуулсан Наньаны цянчууд цифү нарыг довтолсон ч ялагдан Ми И үхэж, түүний дүү Мохоути 30000 өрхөө дагуулан бууж өгчээ.

Гожэнь 30000 цэргээ дагуулан Лючюаньд нутаглаж байсан сяньбийн Мигүй, Юйгоу, Тилунь нарын 3 аймгийг довтолжээ. Ялагдсан 3 аймгийн толгойлогчид албат иргэдээ дагуулан бууж өгөв. Пинсян хавьд нутагладаг сяньбийн Юэши Чили-г эзлэн өөртөө нэгтгэв.
388 онд Цифү Гожэнь нас барахад түүний хүү бага балчир тул Гожэний дүү Ганьгүй залгаж оны цолоо Тай Чү  хэмээн нэрлэн нийслэлээ Зиньчэнд шилжүүлжээ.

400 онд Хожуу Цинь улсын хаан Яо Син 50000 цэргээр Баруун Цинь улсыг довтлоход цифү Ганьгүй өмнөд Лян улс руу зугтаан очиж, Түфа Лилүгү-д дагаар оржээ. 400 оны 8 сард цифү Ганьгүй Өмнөд Лян улсаас зугтан гарч, Чананьд очин Хожуу Цинь улсад бууж өгөв. Хожуу Цинь улс түүнийг баяртайгаар хүлээн авч, Юаньчюаньд буцаан суулган, аймг олныг нь захируулжээ.

402 онд Хожуу Цинь улс, табгач сяньбийн Умард Вэй улстай хийсэн Цайбу дахь их тулалдаанд Яо Син ихээр ялагдан 2 түм гаруй цэргээ олзлуулан хүчин чадал нь суларсан үед  409 онд Цифү Ганьгүй, түүний хүү Чипань нар цэрэглэн босож, 7 сард Ганьгүй өөрийгөө Цинь ван өргөмжилж, оны цолоо Гэнши хэмээн нэрлэж, Баруун Цинь улсыг сэргээн байгуулжээ.
Цифү Ганьгүй төр улсаа сэргээн мандуулсны дараа Хожуу Цинь улс руу хэд хэд довтолж, нэлээд хэмжээний газар нутгийг эзлэн авсан бөгөөд 409-412 оны хооронд Хожуу Цинь, Өмнөд Лян, Түгүхүнь улсуудтай хийсэн дайнаар газар нутгаа өргөтгөн, зүүнш Пинсян, Люэян, баруунш Зиньчэн, Байду, өмнө зүгт Дэнчэн, Чишүй умар зүгт Дузяньшань-аас хойшх нутгийг эзэмшжээ.

412 онд Чипань эцгээ залгамжлан их сууринд сууж, оны цолоо Юнкан хэмээв. Түүхэнд тэмдэглэснээр нь Чипань нь эрэлхэг баатар, эрс шулуун зантай, хэрэг шийтгэхдээ цэгц мэргэн, арга ухаан бусдаас хэтийдсэн нэгэн байв.  Тэрээр хаан болмогцоо юуны өмнө дайсагнагч хүчнүүдийг даран устгах бодлого явуулж, өөрийн байр суурийг бэхжүүлсний дараа Хожуу Цинь улсын эсрэг тэмцлээ эхлүүлжээ.  Тэрээр нийслэлээ Баохань руу шилжүүлж, Өмнөд Лян улсад олон жил ган зуд болсныг далимдуулан 414 оны 5-р сард нийслэл Лэду хотыг эзлэн түфү сяньби нарын байгуулсан өмнөд Лян улсыг мөхөөн өөртөө нэгтгэжээ.

Гэвч 416 оноос өмнөд хөрш Зүүн Зинь улстай зөрчилдөх болов. Зүүн Зиньгийн цэргийн жанжин Лю-юй Вэй голын хөндийг эзлэн авчээ. Чипань бүрэн сүйрэхээс зайлсхийж, зүүн Зинь улсын түшмэг улс гэдгээ хүлээн зөвшөөрөв.
426 онд Умард Лян улстай байлдаж байхад нь Ся улсын хаан ХэляньЧан, Баруун Цинь улсын нийслэл Баохань-ийг гэнэдүүлэн довтлоход Чипань арга буюу Динляньд нийслэлээ шилжүүлжээ. Ся улсын цэрэг улам бүр түрэн Нанань, Юаньчюань тойргийг эзлэн авч, Баохань, Хуанхэ болон Сипинийг бүслэн 2 түм илүү өрх булаан авчээ. Ийм үед Уши, Даояны өмнө ууланд суурьшдаг уулын цян нар Баруун Цинь улсын ноёрхлыг эсэргүүцэн бослого гаргав. Улс орны байдал эгзэгтэй хүнд үед 428 онд Цифү Чипань нас барж, түүний хүү Мумо залгамжилж, оны цолоо Юнхон хэмээв. 429 онд Хэси, Хуанхэ зэрэг газрыг Умард Лян улс эзлэн авч, Баруун Цинь улсын зарим жанжид бууж өглөө.

431 онд Ся улсын хаан Хэлянь Дин Баруун Цинь улсыг дахин довтолж, Мумо хаан алагдан Баруун Цинь улс мөхжээ.



12.12.2018

Өвөг монгол Сяньби нарын түгүхүнь овгийн Түгүхүнь (Тогоон) улс


Түгүхүнь нар Сяньбийн нэгэн салаа бөгөөд өвөг дээдэс нь Ляодунд сууж, сүүлд нь умар зүг нүүн Ляоси голын баруун дахь Түхэ голын Циншаньд нутаглан сууснаас түүх сударт Ляосигийн Сяньби хэмээн тэмдэглэгдсэн байдаг.

Сударт бичсэнээр Түгүхүнь бол Түхэ голын Ляосийн сяньбийн Шэгүйн хөвгүүн. Шэгүй хоёр хүүтэй. Татвар эмээс төрсөн ахмад хүү нь Түгүхүнь. Авааль эмийн бага хүү нь Жологуй. Шэгүйг нас барахад хүү Жологуй залгаж, муюн хэмээх тусгай овгийг үүсгэсэн гэж бичсэн байна.

Ах дүү хоёр муудалцан Түгүхүнь ард иргэдээ дагуулан Ляодун хавиас 3-р зууны сүүлээр нүүж, Мони ууланд очиж суурьшаад  4-р зууны эхээр цаашлан барууншилж, Хатан голын зүүн цутгал Таохэ голыг гаталж, Хөх нуурын орчмын газрыг эзэмшиж, Байлань-д цянчуудтай холилдон суув.

Түгүхүнь нас барахад отгон хүү Туянь залгамжилсан бөгөөд тэрээр 12 хүүтэй байсан. Түүнийг цян угсааны Зян Цун сэлмээр нэвт шархдуулахад нас барахынхаа өмнө бага хүү Еянь-ийг залгамжилагчаараа нэрлэсэн байна. Еянь нас бага боловч шийдэмгий хэрсүү, эхдээ ачлалтай нэгэн байжээ. Тэрээр өвөг эцгийнхээ нэрийг овог болгон авснаар түгүхүнь овог бий болжээ.
Еянь-ийг нас барахад түүний хүү Сүйси залгамжилж түүнийг хүү Шилянь залгамжилсан байна. Шилянийг дүү Шипи залгаж түүнийг нас барахад хүү Шулогань бага байсан тул дүү Ухэти залгамжилжээ. Ухэти нас барахад Шипи-ийн хүү Шулогань залгамжилж өөрийгөө Чэци жанжин хэмээх болов. Энэ үйл явдал 405 онд болжээ.

Шулогань нас барахад дүү Ачай залгамжлан өөрийгөө Бяоци жанжин, Шажоугийн Циши түшмэл гэх болов. Ачай газар нутгаа өргөтгөн ди, цян нарыг довтлон өөртөө нэгтгэв. Тэрээр Сун улс руу элч илгээн харилцахад Зяохэ гүн цол олгосныг нь хүлээн аваагүй тул 426 онд цол нэмэн шагнасан байна. Ачай нас барахынхаа өмнө хүү Мугүйг угсаа залгамжилагчаар сонгосон бөгөөд тэрээр ахмад хүү Вэйдай тэргүүтэй 20 хүү болон дүү нараа дуудаж “Та нар нэжгээд сум аваад хугачаад газар хаяцгаа” гэхэд бүгд хугалав. Дараа нь 19 сум аваад хугал” гэв. Хугалж эс чадсанд Ачай: “Та нар миний санааг ойлгож байгаа биз, ганц сумыг хугалахад амархан, олон сумыг хугалахад хэцүү. Бүгдээр нэгэн сэтгэлээр нэг зүгт хандаваас төр улс маань бат бэх байх болно” гэжээ.

Ачайг гэрээс ёсоор Мугүй залгамжилж, цян, жун нар холилдсон  тав зургаан зуун өрхийг өөртөө нэгтгэн авснаар ард иргэд нь олширч, улам хүчирхэгжив. Мугүй хүннү угсааны сүүлчийн шаньюй Хэлянь Динийг довтлон бутцохиж, түүнийг баривчлан Вэй улсад илгээжээ. Вэй улсаас түүнд баруун Цинь ван цол өгсөн байна. Мугүй Вэй улс өөрийг нь хараат түшмэг байдалтай хандсанд дургүйцэж, Вэй улстай харилцахаа больж, харин Сун улстай эвтэй байх бодлого явуулж эхэлжээ.

436 онд Мугуй нас барж, түүнийг дүү Мулиянь залгамжлав. Тэрээр Мугүйн хүү Юаньсю-г Фүзүнь жанжин өргөмжилж, Сун улстай найрсаг харилцах болсноор Сун улсаас түүнийг Хэнань ван өргөмжилжээ. Ийнхүү Түгүхүнь улс Сун улстай найрсаг харилцах болсонд Вэй улс дургүйцэн Лянжоу руу довтлоход Мулиянь баруун тийш цөлийн зүг зугтаав. 

Улмаар Мулиянь Умард Вэй улстай найрсаг харилцаа тогтоосноор байдал хэвийн боллоо. Гэвч энэ үед түгүхүнь язгууртнуудын дунд зөрчил хурцдан, түүнийг Вэй улс чадмаг ашиглан зарим нэгийг нь өөртөө татан авч, элдэв цол хэргэмээр шагнаж байв.  Умард Вэй улс дахин Түгүхүнь улс руу довтлоход Мулиянь болон Ши-инь жанжны цэрэг ялагдаж 5000 цэргээ алджээ. 

Мулияний ахын хүү Фунянь тэргүүтэй язгууртнууд 13000 өрх дагуулан Вэй улсыг дагав.
Мулиянь Байлань руу зугтаж улмаар Вэй улсын цэргийн мөрдөлтөөс зайлан Хотон руу зугтаасан. Тэрээр Хотоны ван болон хэдэн мянган хүнийг нь алж, улмаар Кашмир оржээ. Мулиянь Сун улсын хаан Лю Илунд үнэ цэнэтэй зүйлс өргөн барьж, холбоо тогтоогоод 7 жилийн дараа нутагтаа буцан ирсэн аж.

Мулиянийг нас барахад Шулогань-ий хүү Ши-инь залгамжиллаа. Фулочюаньд хот байгуулан суусан бөгөөд Сун улсаас Хэнань ван, Умард Вэй улс их жанжин, баруун Пин ван гээд цол хэргэмүүдийг уралдан өгч байв. Гэвч Ши-инь Умард Вэй улсын дотоод хэрэгт нь оролцох гэсэн бодлогыг үгүйсгэн, Сун улстай найрсаг харилцаатай байсан байна.

Гаозун (452-465 он) хааны үед Умард Вэй улс хоёр замын их цэргээр Түгүхүнийг довтлоход, Ши-инь шууд тулгаран байлдалгүй Наншань ууланд хоргоджээ. Вэй улсын цэрэг гол гатлан түүний араас нэхсэн боловч цэргийн дотор өвчин гарсан тул хэлэлцээд гэдрэг цэргээ татжээ. Вэй улс 200000 тэмээ адуу олзлон буцсан гэдэг.

Умард Вэй улсын Сяньзу (465-471 он) хааны үед Түгүхүнь улс руу дахин довтлоход Ши-инь цэргээ удирдан Маньтоу ууланд тосон байлдсан ч ялагджээ.  Хоёр улсын хооронд гэрээ байгуулж, Ши-инь барьцаанд хүү Зин-ийг илгээв.

481 онд Ши-инь нас барахад хүү Дуихоу залгамжилжээ. Эхэн үедээ Вэй улстай найрсаг харилцаатай байсан ч удалгүй Умард Вэй улсын Данчаныг довтолж, хүн ардыг нь олзлон буцсан байна. Гэвч тэр сууринд удаан суусангүй нас барахад хүү Фүляньчоу залгамжилсан байна. Умард Вэй улсаас Фуляньчоуг ордондоо ирэхийг урихад өвчтэй хэмээн очсонгүй. Харин тэрээр хотуудынхаа хана хэрмийг засч, хамгаалалтыг сайжруулав. Вэй улсаас довтлохоор заналхийлэх болсонд ууган хүү Хэлүнтоуг барьцаанд илгээснээр хурцадмал байдал намжжээ.  

Фүляньчоугийн үед Түгүхүнь улс Вэй улстай энэ тэнцүү хүчирхэгжин хөгжиж байв.
Фүляньчоу нас барахад түүний хөвгүүн Куалюй залгамжлав. “Вэй улсын судар”-т “Куалюй өөрийгөө кехань (хаан) өргөмжилж, Хөхнуураас баруун тийш Фүци хотод  суув. Хот суурин байвч суухгүй, эсгий  гэрт байнга амьдарч, өвс ус дагаж малжина. Өөрийн эхнэрээ кэзунь (хатун) хэмээн нэрлэх болсон” гэжээ. Сурвалжийн энэ мэдээ түгүхүньчүүд өөрийн тэргүүнээ хаан, хааны эхнэрийг хатан гэдэг хүндэт нэрээр нэрлэдэг байсныг нотолно.

Шинээр байгуулагдсан хятадын Сүй (589-619 он) улс Түгүхүнь улсыг өөртөө нэгтгэхээр хэдэн түмэн цэргээр довтлоход Куалюй хаан өөрийн биеэр цэргээ удирдан тулалдсан ч ялагдан зугтжээ. Сүй улсын цэрэг буцсаны дараа Куалюй хаан Сүй улсын хил хязгаарыг довтолсоор байв.

591 онд Куалюй хаан нас барахад түүний хүү Фү залгамжилсан. Тэрээр ууган хүү Усү-г  Сүй улс руу барьцаанд илгээн ураг барилдахыг хүсчээ. 596 онд Сүй улс Гуанхуа гүнжийг илгээн ураг бариджээ. Дараа жил нь Фү нас барж, түүний дүү Фүюнь залгамжлав. Сүй улс түрэг угсааны тэлэ нарыг турхиран Түгүхүний эсрэг довтлуулан цохиулж, Фүюнь хаан ихээхэн хохирол амсжээ. Улмаар Сүй улсын Янди (606-618 он)хаан өөрийн биеэр 6 замаар цэрэг удирдан Түгүхүнийг довтлоход Фүюнь хаан 10000 морьт цэргээ дагуулан бартаа саад ихтэй Нилин ууланд шурган орсон байна. 

Сүй улс барьцаанд байсан хаан хөвгүүн Шунь-ийг Түгүхүний ван болгож, үлдсэн ард иргэдийг нь захирууллаа. Гэвч Сүй улсын бодлого бүтэлгүй болж, Фүюнь хуучин нутагтаа буцан ирж, эрх мэдлээ тогтоон, Сүй улсын хил хязгаарт аюул учруулах болов. Удалгүй хятадын Сүй улс мөхөж, Тан улс (618-906 он) мандаж Фүюнь угсаа залгамжлах хүү Шунийг барьцаанд илгээж, найрсаг харилцаа тогтоосон байна.

Тан улсын Тайзун (626-649 он) хааныг их сууринд суухад Лоян гүнийг элчээр илгээн найрсаг харилцаатай байх хүсэлтээ илэрхийлжээ. Гэвч удалгүй Түгүхүнь улсын цэрэг Тан улсын Шаньжоу мужид халдсан байна. Тан улсаас Фүюнийг төрд бараалхахыг шаардахад тэрээр өвчтэй хэмээн очсонгүй. Харин Фүюнь өөрийн хүү Зүнвантай ураг баридахыг Тан улсаас хүсчээ. Хариуд нь хаан хөвгүүн Зүнваныг Тан улсын ордонд ирэхийг шаардахад Зунван мөн өвчтэй хэмээн очоогүй тул Тан улсаас ураг баридахыг хүчингүй болгов. Фүюнь хаан цэрэг илгээн Тан улсын Лань болон Күо хоёр мужид халдан, дээрэм тонуул хийжээ.

Тэр үед Шаньжоугийн циши түшмэл Ли Шуан дээш айлтгал өргөж Хөх нуурт байгаа Түгүхүний адууг хөнгөн морьт цэргээр довтлон булаахыг санал болгоход  Тан улс их цэрэг илгээсэнд  Тангийн цэргийн сиймхийг ашиглан Түгүхньчүүд адуугаа аван зугтжээ. Тангийн цэрэг үхэр хонь 20000 гаруйг олзлон буцсан байна.

635 онд Тан улсын 6 замын цэрэг Түрэг, Циби нартай хамтран Түгүхүнийг довтлов. Түгүхүний цэрэг ихэд ялагдаж, Фүюнь хаан баруунш зугтан Түлүнь цөлийг гатлан Хотон чиглэн явахад Тангийн цэрэг гүйцэн очиж цохижээ. Фүюнь 1000 гаруй морьтонтой цөлийг гатлан зугтсан ч амьд үлдсэн нь 100 гаруй аж. Фүюний ахмад хүү Шүнь албат иргэдээ дагуулан Тан улсыг дагав.

Тан улс Шунийг залгамжилагчаар өргөмжилсөн боловч дэргэд нь цэрэг суулган харгалзуулжээ. Шунь нь Тан улсад удаан барьцаанд байсан болохоор ард олон түүнийг дагахгүй байв. Тэрээр өөрийн сайддаа алагдсан бөгөөд түүнийг хүү Нохэбо залгамжилсан. Нохэбо 640 онд Тан улсын хүргэн болж, 641 онд өөрийн эсрэг боссон бослогыг  Тан улстай хамтран дарж байв. Энэ үед Түгүхүнь улсын хөрш Түвэдүүд хүчирхэгжиж эхлэн Түгүхүньд аюул заналхийлэл учруулж эхэлжээ.

Тан улсын Гаозун  хааны үед Түвэдүүд Түгүхүнь рүү довтлоход Нохэбо ялагдан, Хуайхун гүнжээ дагуулан Тан улс руу зугтсан. Тан улс тэдэнд туслахаар цэрэглэсэн ч Түвэдэд ялагджээ. Ийнхүү Түвэдүүд Түгүхүнийг өөртөө нэгтгэн авав.  Нохэбо зөвхөн хэдэн мянган өрхөө дагуулан Тан улсыг дагахад түүний хүмүүсийг Линжоу мужид Аньлэ мужийг шинээр байгуулан суулгажээ.

“Хуучин Тан улсын судар”-ын Түгүхүний шастирт; “ Зинь улсын Юн-зя (307-313 он)-гийн төгсгөлөөр түгүхүньчүүд анх баруунш Тао голыг гаталж, цян нарын нутагт улсаа байгуулав. 663 онд Түвэдэд мөхөөгдөх хүртэл 350 жил болов” хэмээснээс үзэхэд Түгүхүнь улс 663 онд мөхжээ гэж үзэж болох нь. Гэхдээ Түгүхүньчүүд Аньлэ муждаа харьцангуй бие даан оршсоор байсан ба Нохэбо 688 онд үхэхэд хүү Жун, түүнийг хүү Сюаньжао нь залгамжилж, 700 онд Сюаньжаод аавынх нь хаан цолыг олгожээ. Сюаньжаог нас барахад түүний хүү Сихао залгамжилсан. Түүнийг нас барахад хүү Жао залгав. Энэ үед  түвэдүүд Аньлэ мужийг эзлэн авсан тул түгүхүньчүүд дахин зүүн тийш нүүж Хэдун мужийн нутгаар тархан суужээ. Тэднийг Туйхунь хэмээн нэрлэх болсон ба түргэн гэсэн утгатай үг ажээ. Жао 798 онд аавынхаа хаган цолыг уламжлан авсан ч удалгүй нас барснаар түгүхүний угсаа залгамжлал төгсгөл болжээ.

12.10.2018

Сяньбийн Муюн аймгийн ах дүү хоёрын түүхэн домог


Муюн Шэгүй хаан хоёр хүүтэй байжээ. Ахмад хөвгүүн Түгүхүнь нь татвар эмээс төрсөн ба Шэгүйн авааль хатнаас Муюн Гүй төржээ. Тиймээс Муюн Гүй эцгийгээ залгамжлан хаан болсон байна. Эцэг нь амьд ахуй цагтаа 1700 муюн сяньби өрх айлыг, газар нутгийнх нь хамт эзэмшил болгон Түгүхүньд олгожээ.

Нэгэн удаа ах дүү хоёрын адуу уралцан ноцолдож, бие биенээ сүрхий гэмтээжээ. Муюн Гүй ихэд уурсаж, ахыгаа чи эртхэн холдож өөр газар очоогүйгээс болж, адуунууд нэг нэгнийгээ бэртээхэд хүрлээ хэмээн зэмлэн хөөжээ. Ах нь ихэд гомдож, өөрийн харъяат аймгаа дагуулан алс баруун зүг зайлан нүүлээ. 

Дүү нь ахыгаа хөөн явуулсандаа харамсан буцаан авчруулахаар араас нь хүн явуулан буцаж ирэхийг урихад, Түгүхүнь:
“Би болбоос дорд гаралтай хөвгүүн болно, ёсоор ахлахгүй. Эдүгээ адуугаар бэлгэ тэмдэг үзүүлсэн нь дээд тэнгэрийн эш болно. Олон эзэд та нар адуугаа зүүнш туугаад үзээрэй, адуу хэрэв зүүнш буцваас би дагаад буцъя” гэжээ.
Тэгээд дагаж явсан хүнээр адууг буцаан туулгахад хэдэн зуун алхам яваад, янцгааж гэнэт баруунш буцаж давхив. Арваад удаа зүүнш туусан ч Түгүхүний адуу баруунш эргэн буцсаар байсан тул Түгүхүнь:
“Ах дүү бид хоёрын үр ач нар бадран мандах хэрэгтэй. Чиний үр удам хөвгүүнээсээ дөч, тач хүртэл уламжлагдана. Хэдэн зуун жил болох байлгүй” хэмээн дүүдээ хэлүүлээд цааш өрнийг зорин оджээ.

Муюн Гүй ахыгаа баруунш нүүн одсонд өөрийгөө буруушаан, ахыгаа дурсан санаж “Агань жи гэ” буюу “Ахын дуу”-г зохион амьдралынхаа сүүлчийн жилүүдэд ихэд гуниглан байнга дуулж суух болжээ.

Ах баруунш одов оо гэнэм
Аюулхай зүрх минь эмтэрнэм
Ах минь буцаад ирэх гэлээ
Адуу нь буцаад эргэсэнгүй ээ
Намайгаа гээд, адуугаа гээд их зовсон гэлүү
Миний ах юу гээд баруунш одов оо
Хатуу хүйтэнд хайрт ах минь зовж явна уу
Тула нутгаа орхиод Байлан руу одов
Нар жаргахаар намайг гээд ирдэг
Ах минь харагдахгүй байна
Чааваас чааваас
Нарт ертөнц дээр намайгаа гэсэн
Ах минь хэд билээ

12.03.2018

Өвөг монгол Сяньби нарын муюн овгийн Янь улсууд


Сяньбийн угсааны муюнчууд Түрүү Янь, Хожуу Янь, Баруун Янь, Умард Янь, Өмнөд Янь улсуудыг байгуулж явав.

Муюн бол Сяньбийн нэг аймаг бөгөөд тэдний тэргүүн Муюн нь Таньшихуайн байгуулсан улсын төвийн хэсгийн ахмадын тушаалыг хариуцаж байжээ. Цао Цаогийн Вэй улсын (220-265 он) үед муюн аймгийн тэргүүн Мохэба  аймгаа дагуулан зүүн өмнө зүг нүүдэллэн Ляосид очиж суужээ. Мохэба 238 онд Сюаньди хаанд цэргийн хүчээр тусалж, Шуайн ван цолоор шагнуулжээ. Мохэба-г Муюн Муянь залгамжилсан байна. Тэрээр зүүн сэцэн ван цолтой байсан бөгөөд 346 онд мөн л Вэй улсад цэргийн хүчээр тусалсан тул энэхүү цолоор шагнагдсан аж. Муянийг Шэгүй залгамжилсан бөгөөд тэрээр Сяньбийн шаньюй хэмээн өргөмжлөгдөж байв. Шэгүй аймгаа дагуулан Ляоси-г орхиж Ляодунгийн хойно очиж суужээ. 

Сударт “Шэгүйн өөр нэрийг Илохань гэдэг. Хоёр хүүтэй. Татвар эмээс төрсөн ахмад хүүг Түгүхэнь хэмээх бөгөөд бага хүүг нь Жологуй гэнэ. Шэгүйг нас барсны дараа Жологуй залгамжилж, муюн хэмээх тусгай овог үүсгэжээ” гэж тэмдэглэсэн байдаг.
284 онд Шэгүй нас барахад түүний дүү Муюн Най залгамжлахыг оролдон Жологуй-г алахыг оролдсон ч тэрээр зугтааж амжсан байна. Энэ үед тэр 15 орчим настай байжээ. 285 онд Муюн Най өөрийн хүмүүст алагдаж, Муюн Гүй (Жологуй) эцгийн орыг залгамжлав. Тэр Муюны төрийг 49 жил удирдаж бие даасан хүчирхэг улс болгож чадсан бөгөөд Муюн улсыг 285 онд байгуулагдсан гэж үзэж болох бөгөөд  хожим улсаа Янь хэмээн нэрлэсэн.

Муюн Гүй хаан ширээнд суумагц У-ди хааныг баруун хойд хөрш Юйвэнь аймгийг хамтран довтлохыг хүсэхэд нөгөөх нь татгалзсан байна. Тиймээс Муюн Гүй хятадын Ляоси мужийг довтолж, мөн Чанли мужид олонтоо халджээ. Муюн Гүй хойд хөрш Фүюй-г довтлон цохиход ван нь амиа хорлож, түүний дүү болон хүү нь зугтаажээ. Хот сууринг нь сүйтгэн 10000 гаруй хүн олзлон авчирчээ.

289 он зун Ляодунг халдан довтолж, 289 онд хятадын хааны ордонд  найрамдах элч илгээснээр хоёр улсын харилцаа хэвийн болжээ. Энэ ондоо муюнчууд Ляодунгаас Ляосигийн Түхэ голын Циншань ууландаа буцан иржээ.
294 онд Мюун Гүй нийслэлээ Зичэн рүү шилжүүлж, шинэ нийслэл хот байгуулж, газар тариалан, торгоны хүр хорхойны аж ахуй хөгжүүлсэн байна. Түүнчлэн хууль болон удирдлагын тогтолцоогоо шинэчлэн сайжруулжээ.

302 онд Юйвэний шаньюй Могүй 100000 цэрэг бүхий армиа Янь  улс руу илгээн довтолсон байна. Зичэн хотын дэргэд болсон шийдвэрлэх тулалдаанд Юйвэний цэрэг ялагдан, Муюн Гүй тэдний цэргийг 100 ли газар хөөн цохиж, 10000 гаруй цэрэг олзолжээ.

307 онд Муюн Гүй өөрийгөө Сяньбийн их шаньюй хэмээн өргөмжлөв. Хятадын Зинь улсын Хуай-ди хаан Муюн Гүйд их жанжин, их захирагч, их шаньюй зэрэг цолыг давхардуулан шагнасан ч тэр хүлээн авахаас татгалзсан байна. Хятадын дараагийн хаад ч Муюн Гүйд цол хэргэм шагнаж байсан ч тэрээр хүлээн авахаас татгалзаж, Зинь улсын түшмэг бус тусгаар улсын хаан гэдгээ харуулж байв. Энэ үед умард хятадад олон жижиг улсууд бий болж хоорондоо байлдаж, тэр дайны хөлөөс зугтсан хятад дүрвэгсдийг Муюн Гүй хүлээн авч суурьшуулсаар байлаа.

333 онд Муюн Гүй нас барж хүү Муюн Хуан залгамжиллаа. Муюн Хуань эртнээс дайсагналцаж байсан сяньби угсааны дуань, юйвэнь аймгуудыг нэгтгэн авч, 337 онд өөрийгөө Янь улсын ван хэмээн өргөмжлөөд ( түүхэнд түрүү Янь улс гэдэг) Лунчэн (одоогийн Ляониний Чаоян хотод туурь нь буй) хотод нийслэлжээ. 

Муюн Хуаны хөвгүүн Муюн Зюн хойд Жао улсын Зю хотыг (одоогийн Бээжин хот) эзэлж, тэнд нийслэлээ шилжүүлсэн төдийгүй Жао улсын нийслэл Е хотыг эзэлж, Е хотыг дахин шинэ нийслэлээ болгосон  төдийгүй ард иргэдийг нь өөртөө нэгтгэн авчээ.
370 онд Е хот нь Цин улсын ван Фүзяньд  эзлэгдсэнээр түрүү Янь улс мөхжээ.

Муюнчуудын Хожуу Янь улс. Түрүү Янь улс нь Цин улсад эзлэгдсэн ч Муюн Хуаны 5-р хүү Муюн Чүй удалгүй тусгаар улсаа сэргээн байгуулсан билээ. Түрүү Янь улс мөхөхөд Муюн Чүй нь Цин улсын ван Фүзянийг дагажээ. Муюн Чүйгийн жанжны гайхамшигтай авъяасыг Цин улс үнэлэн жоу-и түшмэл улмаар цуан жоу-хоу хэмээн өргөмжилжээ. Түүний оролцсон байлдаан бүр амжилт гавъяагаар дүүрэн байсан гэдэг.

Фүзяний удирдлага дор Шуай голын тулалдаанд Муюн Чүй оролцож, Цин улсын цэрэг ихээхэн хохирол амсахад Муюн Чүйгийн цэрэг хохирол үзэлгүй тулалдаанаас гарч чадсан байна. Фүзянь 1000 гаруйхан морьт цэрэгтэй Муюн Чүйг хайж ирэхэд түүний хүү Муюн Бао: “Төр улс унаж, хууль ёс алдагдав... Эдүгээ Фүзянийг тэнгэр тэвчив. Дээд тэнгэрээс өгсөн сайхан завшаан бүгд бидэнд тохиожээ. Мянган жилд олдохгүй ховор завшаан эдүгээ яг цаг нь болсон байна. Цин нь бидний 3 нийслэлийг сүйтгэж, хааны эрхийг үгүй хийсэн. Үүнээс илүү өшөө хорсол болон ичгүүр гутамшиг хаана байх билээ” хэмээхэд: Муюн Чүй “чиний хэлсэн үг зөв. Тэгэвч тэр намайг үнэн сэтгэлээр хайгаад ирсэн байхад яаж алж болох билээ. Тэнгэр түүнийг мөхөөх гэсэн бол завшаан тохиол зөндөө байгаа биз” гээд Фүзянийг алах саналыг дэмжээгүй байна.

Муюны хуучин нийслэл Е хотыг Фүзяний хүү Фү Пи захирч байв. Муюн Чүй Е хотод очиход Фү Пи түүнээс “Ди Бин манай вангийн цэрэг жаахан ялагдсныг далимдуулан дураараа аашлах боллоо. Миний доорхи чадваргүй цэрэг түүнтэй байлдаж дийлэхгүй... Та баатар зоригоороо хүнээс хэтийдсэн нэгэн тул тэднийг мөхөөж чадна. Цэргээ таньд захируулан тэдэнтэй байлдвал болно байх гэж найдаж байна” гэжээ. Фү Пи 2000 цэрэг, ди угсааны 1000 цэргийг Фү Пэй Лунаар захируулан Муюн Чүйг дагалдуулжээ.

Муюн Чүйгээс Е хотод байдаг дээдсийн сүмийг тахихыг хүсэхэд зөвшөөрөл олгосонгүй. Үүнд тэр асар их уурлаж, түшмэлийг алж, тэнхимийг шатаагаад явав. Е хотоос гарахдаа Муюн Чүй бослого гаргахаар аль хэдийн төлөвлөсөн байжээ. Тэрээр Хэнэй хүрээд Фү Пэй Лун болон ди угсааны цэргүүдийг алж, хол ойроос цэрэг цуглуулж, 30000 цэрэгтэй болов. Мөн муюн угсааны итгэлтэй хүмүүс болох Муюн Нун, Муюн Жоу, Муюн Кай, Муюн Шао нарт хэл хүргүүлж дэмж гэж хэлүүлжээ.

Муюн Чүй цэргээ аван Синян хүрээд 384 онд өөрийгөө их жанжин, Янь ван хэмээн өргөмжилж хаан ширээнд суужээ. Оны цолоо Яньюань гэв. Ийнхүү муюнчууд Янь улсаа сэргээн байгуулсныг Хожуу Янь улс гэнэ. Хаан суумагц дүү Муюн Дэ-г цэргийн жанжин Фань Янь ван болгож, ахын хүү Муюн Кай-г барууныг түвшитгэх их жанжин, Тайюань ван болгов. Мөн Муюн Чүй өөрийн хүү Муюн Бао-г залгамжлагчаараа зарлаж, гавъяа байгуулсан 100 гаруй түшмэлийг цол хэргэмээр шагнажээ.

Муюнчуудын хувьд нийслэл Е хотоо эргүүлэн авах нь их ач холбогдолтой байсан бөгөөд цэргийн хүчин чадал нь өсч 200000 болоод байсан тул Шар мөрнийг гаталж, Е хот руу шууд довтолж бүсэлсэн байна. Е хотын захирагч Фү Пи элч илгээн Муюн Чүйд хэлүүлсэн нь: “уул мэт гавъяа зүтгэлээ огоорч, хэрээс хэтэрсэн хэргийг үйлдээд яах вэ. Алдаа гаргасан бол засваас сайн. Урьдын мэргэд бүгдээр үүнийг магтдаг. Сайн тунгаана уу” гэсэнд Муюн Чүй хариуд нь: “Янь улсын дээдсийн сүмийг засч, Цин улстай найрсаг хөрш больё гэж бодлоо. Чи яагаад аз тохиолыг ойлгож, Е хотыг бидэнд буцааж өгөхгүй байгаа юм бэ... хэргийн учир чиний хэлснээр болох биш” хэмээгээд мөн Фүзяньд “Е хот болбоос түшмэл миний улс гүрний урьдах нийслэл болно. Түүнийг надад бэлэглэж өгвөл сайн.  Түүний дараа баруун талыг таны захиргаанд хүлээлгэн, зүүн харъяатыг үүрд сахин хамгаалъя... цэрэг тулалдах юм бол эзэн таны хөвгүүн тэнэмэл суманд өртөх болов уу гэж зовниж байна” гэж хэлүүлжээ.

Гэвч Цин улсын ван Фүзянь Муюн Чүйгийн саналыг хүлээн авсангүй. Муюн Чүй Е хотыг бүслэн байлдаж, Фү Пи хотыг хамгаалан эсэргүүцсээр байв. Муюн Чүй Е хотын гаднах хэрмийг эзлэхэд Фү Пи хотын дундах хэрмийг хамгаалан суусан тул голоос ус татан усанд автуулах арга сэдэв. Гэвч ди угсааны Ди Бин урвахаар шийдэн Фү Пи-тэй нууцаар харилцаж, сувгийг сэтэлж усыг гадагш урсгажээ.

Муюн Чүй шинэ нийслэлээ Жуншаньд байгуулж, хаан суудалд заларч, оны цолоо Зяньсин хэмээн өөрчилж, улсын доторхи ялтнуудад өршөөл үзүүлж, их ёслол хийжээ. Цин болон Янь улсын цэргүүд  Е хотын төлөө тэмцэлдсээр байсан бөгөөд эцсийн дүнд Фү Пи Е хотыг орхихоос аргагүй болж, Цин улс руугаа зугтснаар Е хотыг Янь улс эзлэн авчээ.

Муюн Чүй барууныг түвшитгэх жанжин Муюн Кай, умардыг түвшитгэх жанжин Муюн Лин, өмнөдийг түвшитгэх жанжин Муюн Шао, барсыг номхотгогч жанжин Муюн Мяо нарыг томилон Цин улсын жанждын удирдсан цэргийн байрлал руу довтлуулж, олон хот тосгодыг эзлэн авчээ. Улмаар Ди Жоу-г дайлан бутцохиж, түүний захиргаанд байсан 7 тойргийн 38000 өрхийг өөртөө хураажээ. Улам хүчирхэгжиж байсан Муюн Чүй муюн угсааны Чуны байгуулсан Баруун Янь улсын нийслэл Чанзи хотыг эзлэх шаардлага гарлаа.

Муюнчуудын Баруун Янь улс. Анх Муюн Чүйгийн Янь улсыг сэргээн байгуулах тэмцлийг дэмжсэн Муюн Хун, Муюн Чун нар удаан түүнтэй хамтарсангүй. Түрүү Цин улсын нийслэл Чанань хотыг эзлэн амжилт олсноо ашиглан, Муюн Чун нар одоогийн өмнөд Шэньси мужаар төвлөрсөн тусгаар улс байгуулан Баруун Янь улс (384-394 он) хэмээн нэрлэжээ. Гэвч 384 ондоо цэргийн жанжин Дуан Сүй нь Муюн Чунг алж, хаан ширээг булаан авчээ. Үүнийг Муюны удмынхан эсэргүүцэн, Дуан Сүйг алсан байна. Гэвч хаан ширээний төлөөх тэмцэл үргэлжилсээр Муюн И, Муюн Яо, Муюн Жун нар 386 онд алагдсанаар, энэ тэмцэлд Муюн Ён ялж нийслэлээ Чанань-аас шилжүүлж, Чанзи-д нийслэлжээ.

Хожуу Янь улсын Муюн Чүй 70000 цэргээ аван Баруун Янь улсыг дайлахаар ирэхэд Муюн Ён 50000 цэргээ удирдан тосон очжээ. Муюн Чүй хаан Муюн Нун, Муюн Кай нарыг хоёр жигүү болгож, Муюн Гуогийн цэргийг хавцалд бүгүүлээд, өөрөө гол хүчээ удирдан байлдсан байна. Муюн Чүйгийн цэрэг ухарч эхлэхэд Муюн Ён мөшгөн хөөгөөд отолтонд оров. Ухрах замыг нь Муюн Гуо хааж, хоёр жигүүрээс нь Муюн Нун, Муюн Кай нарын цэрэг довтолсноор Муюн Ён ихээхэн хохирол амсаж, өөрөө цөөн цэргийн хамт зугтжээ. Муюн Ёны захиргаанд байсан 76800 өрхийг Муюн Чүй нэгтгэн авав. Ийнхүү Хожуу Янь улсын Муюн Чүй хаан хэд хэдэн амжилттай дайн хийж, 394 онд Баруун Янь улсыг мөхөөж, өөртөө нэгтгэн авч, Шар мөрний зүүн болон умард хөвөөгөөр газар нутгаа үлэмж өргөтгөжээ.

Энэ үед Хожуу Янь улстай өрсөлдөх нэгэн хүчирхэг улс гарч ирсэн нь сяньби угсааны табгач нарын байгуулсан Умард Вэй улс байв. Муюн Чүй хүү Муюн Бао болон Муюн Нун, Муюн Лин нарт 80000 цэрэг өгч Умард Вэй улсыг дайлав. “Зинь улсын судар”-ын “Муюн Чүйгийн намтар”-т бичсэнээр “Вэй улсын цэрэг Муюн Бао-г цэрэглэн ирж явааг сонсоод, голын баруунд шилжин байрлаж бэхлэн суув. Муюн Бао Цаньхэ-д голын эрэгт  хүрсэн ч гол гатлалгүй цэргээ буудаллуулжээ. Гэтэл  манантай байсныг ашиглан Вэй улсын цэрэг гол гаталж, шөнөөр Янь улсын цэргийн хуаранг бүслэн, гэнэдүүлэн довтолж хядсан байна. Янь улсын цэргүүд ямар ч эсэргүүцэл үзүүлж чадсангүй. Муюн Бао нар хэдэн мянган цэргээ дагуулан давхар давхар бүслэлтийг сэтлэн зугтаасан. Цэргийн 10-ны нэг хоёр нь л бүслэлтээс амьд гарсан бөгөөд Муюн Шао алагджээ” гэжээ. Үүний хариуд Муюн Чүй өөрөө цэрэг удирдан Умард Вэй улсыг довтолж, Пинчэн хотыг эзлэн 30000 Вэй хүмүүсийг олзлон нутагтаа авчирчээ.

Муюн Чүй цэргээ аван буцах замдаа Цаньхэ хүрээд урьд жилийн дайн болсон газар хүний ясаар овоорон байхыг хараад тахилга үйлджээ. Сурвалжид “Муюн Чүй ичиж дотроо уйлаад цусаар бөөлжиж, тэгээд өвчлөв” гэжээ. Муюн Чүйгийн бие улам бүр муудахад тэрээр “Хүчтэй дайсан тохиол завшаан хүлээж байдаг. Та нар энэ бүгдийг нууцлах хэрэгтэй. Гашуудлын зар гаргасны хэрэггүй. Нийслэл хотод хүрсний дараа гашуудал хийвээс болно” гэсэн байдаг. Ийнхүү Хожуу Янь улсын хаан Муюн Чүй 396 онд 71 насандаа нас баржээ.

Муюн Чүй нас барахад түүнийг хүү Муюн Бао хаан ор залгаж (396-398 он) оны цолоо Ёнкан хэмээв. Тэрээр нийслэлээ Янь улсын хуучин нийслэл Лунчэн руу шилжүүлж, Умард Вэй улстай тэмцсэн байна. Умард Вэй улс Бинжоу руу довтлоход Муюн Нун цэрэг авч байлдаад ялагдан зугтаав. Муюн Бао хотын хэрмийг засаж, амуу хүнсээ базаан дайсантай урт удаан хугацаагаар дайн хийхэд бэлтгэж эхлэв. Вэй улсын цэрэг Жуншань хотыг эзэлж чадалгүй урагшилж, Болины Лукоу хотыг эзэлжээ. 

Ийнхүү шийдвэрлэх тулаанд бэлдэж байх үед Вэй улсын дотор үймээн гарсан мэдээ авангуут Муюн Бао хотоос гаран байлдах шийдвэр гаргажээ. Энэ нь том алдаа болов. Тэр 120000 явган цэрэг, 37000 явган цэргээ удирдан Вэй улсын цэргийг тосон очив. Вэй улсын цэргийг хараад Муюн Бао болон түүний жанжид сүрдэн айж шууд тулгаран байлдсангүй. Шадар нөхөд нь Жуншань руу буцахыг зөвлөснөөр Муюн Баогийн цэргийг ухрахыг харсан Вэй улсын цэргүүд довтлон бут цохижээ. 

Муюн Бао, Муюн Нун нар их цэргээ орхин 2 түмэн цэрэг дагуулан зугтаажээ.  Энэ ялагдлын дараа Янь улсын хаан ширээний төлөөх тэмцэл өрнөсөн ч амжилтгүй болж, Муюн Хао нь Вэй улсын зүг зугтаж, Муюн Лин динлиний зүг явжээ. Муюн Бао цэргийн авъяас билэггүй нэгэн байсан бөгөөд түүний нэр хүнд унаж, саяхан хүчирхэгжин байсан Янь улс сулран доройтов. Муюн Бао нь өөрөөсөө илүү авъяаслаг муюн ургийн ах дүү нартаа атаархан тэднийг хардаж, алахыг завдах зэргээр зүй бус авирлах болсны улмаас түүнд үнэнч муюн ургийн язгууртнуудыг өөрөөсөө хөндийрүүлсэн байна. Муюн Хуй, Муюн Дэ зэрэг авъяаслаг жанжидыг тэрээр дэмжсэнгүй. Муюн ургийнхны хоорондын тэмцлийн явцад 398 онд Муюн Бао алагджээ.  

Муюн Бао-г түүний хүү Муюн Шэн (398-401 он) залгамжилж зарим шинэтгэл хийсэн ч түүнийгээ сайн хэрэгжүүлж чадсангүй. Тэрээр 401 онд алагдаж, хаан ширээг Муюн Сы залгамжилсан ч 407 онд Муюн Бао-гийн өргөмөл хүү Гао Юньд алагджээ.

Гао Юнь Хожуу Янь улсын нэрийг халж, Умард Янь (407-436 он) хэмээн нэрийдэв. Гао Юнь хаан ширээг булаан авсан ч өөрөө цэргийн жанжин Фэн Ба-д 409 онд алагджээ. Фэн Ба 430 он хүртэл хаанчилжээ. Түүнийг дүү Фэн Хун залгамжилсан бөгөөд умард Вэй улсын удаа дараагийн довтолгоонд өртсөөр 436 онд Умард Вэй улсад эзлэгдсэнээр муюн нарын байгуулсан Хожуу Янь улсын үргэлжлэл Умард Янь улс мөхөв.

Муюн нарын Өмнөд Янь улс.  395-397 онуудад Умард Вэй улс Хожуу Янь улсын үлэмж газар нутгийг эзлэн авсан ба энэ үед Муюн Чүйгийн бага дүү Муюн Дэ нь Е хотыг амжилттай хамгаалан Умард Вэй улсын довтолгоог няцаажээ. Гэвч 397 онд нийслэл Жуншань хот эзлэгдэв. Вэй улс Е хотыг дахин довтлоход Муюн Дэ хотыг орхин зугтан явсаар, зүүн Зинь улсад харъяалагдаж байсан Чинжоу, Яньжоугийн газрыг эзлэн суув. Тэнд Муюн Дэ өөрийгөө Янь улсын хаанаар өргөмжилсөн бөгөөд түүнийг түүхэнд Өмнөд Янь улс (398-410 он) хэмээн нэрлэдэг. Муюн Дэ-г түүний хүү Муюн Чао 405 онд залгамжилсан. Зүүн Зинь улсын хүчин чадал сэргэж 410 онд Өмнөд Янь улсын нийслэл Гуангү-г эзэлж Муюн Чао олзлон авснаар Өмнөд Янь улс мөхжээ.

Сяньби угсааны муюнчууд зүүн хойд хятадыг хяналтандаа байлгаж, олон Янь улсуудыг байгуулж, умард хятадын улс төрийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэж байв. Муюнчуудын байгуулсан Янь улсууд табгач Сяньби нарт ялагдснаар тэдний байгуулсан Умард Вэй улсын захиргаанд оржээ.