Түгүхүнь нар
Сяньбийн нэгэн салаа бөгөөд өвөг дээдэс нь Ляодунд сууж, сүүлд нь умар зүг нүүн
Ляоси голын баруун дахь Түхэ голын Циншаньд нутаглан сууснаас түүх сударт
Ляосигийн Сяньби хэмээн тэмдэглэгдсэн байдаг.
Сударт бичсэнээр
Түгүхүнь бол Түхэ голын Ляосийн сяньбийн Шэгүйн хөвгүүн. Шэгүй хоёр хүүтэй.
Татвар эмээс төрсөн ахмад хүү нь Түгүхүнь. Авааль эмийн бага хүү нь Жологуй.
Шэгүйг нас барахад хүү Жологуй залгаж, муюн хэмээх тусгай овгийг үүсгэсэн гэж бичсэн
байна.
Ах дүү хоёр
муудалцан Түгүхүнь ард иргэдээ дагуулан Ляодун хавиас 3-р зууны сүүлээр нүүж,
Мони ууланд очиж суурьшаад 4-р зууны
эхээр цаашлан барууншилж, Хатан голын зүүн цутгал Таохэ голыг гаталж, Хөх
нуурын орчмын газрыг эзэмшиж, Байлань-д цянчуудтай холилдон суув.
Түгүхүнь нас
барахад отгон хүү Туянь залгамжилсан бөгөөд тэрээр 12 хүүтэй байсан. Түүнийг
цян угсааны Зян Цун сэлмээр нэвт шархдуулахад нас барахынхаа өмнө бага хүү
Еянь-ийг залгамжилагчаараа нэрлэсэн байна. Еянь нас бага боловч шийдэмгий
хэрсүү, эхдээ ачлалтай нэгэн байжээ. Тэрээр өвөг эцгийнхээ нэрийг овог болгон авснаар
түгүхүнь овог бий болжээ.
Еянь-ийг нас
барахад түүний хүү Сүйси залгамжилж түүнийг хүү Шилянь залгамжилсан байна.
Шилянийг дүү Шипи залгаж түүнийг нас барахад хүү Шулогань бага байсан тул дүү
Ухэти залгамжилжээ. Ухэти нас барахад Шипи-ийн хүү Шулогань залгамжилж өөрийгөө
Чэци жанжин хэмээх болов. Энэ үйл явдал 405 онд болжээ.
Шулогань нас
барахад дүү Ачай залгамжлан өөрийгөө Бяоци жанжин, Шажоугийн Циши түшмэл гэх
болов. Ачай газар нутгаа өргөтгөн ди, цян нарыг довтлон өөртөө нэгтгэв. Тэрээр
Сун улс руу элч илгээн харилцахад Зяохэ гүн цол олгосныг нь хүлээн аваагүй тул
426 онд цол нэмэн шагнасан байна. Ачай нас барахынхаа өмнө хүү Мугүйг угсаа
залгамжилагчаар сонгосон бөгөөд тэрээр ахмад хүү Вэйдай тэргүүтэй 20 хүү болон
дүү нараа дуудаж “Та нар нэжгээд сум аваад хугачаад газар хаяцгаа” гэхэд бүгд
хугалав. Дараа нь 19 сум аваад хугал” гэв. Хугалж эс чадсанд Ачай: “Та нар
миний санааг ойлгож байгаа биз, ганц сумыг хугалахад амархан, олон сумыг
хугалахад хэцүү. Бүгдээр нэгэн сэтгэлээр нэг зүгт хандаваас төр улс маань бат
бэх байх болно” гэжээ.
Ачайг гэрээс
ёсоор Мугүй залгамжилж, цян, жун нар холилдсон
тав зургаан зуун өрхийг өөртөө нэгтгэн авснаар ард иргэд нь олширч, улам
хүчирхэгжив. Мугүй хүннү угсааны сүүлчийн шаньюй Хэлянь Динийг довтлон
бутцохиж, түүнийг баривчлан Вэй улсад илгээжээ. Вэй улсаас түүнд баруун Цинь
ван цол өгсөн байна. Мугүй Вэй улс өөрийг нь хараат түшмэг байдалтай хандсанд
дургүйцэж, Вэй улстай харилцахаа больж, харин Сун улстай эвтэй байх бодлого
явуулж эхэлжээ.
436 онд Мугуй нас
барж, түүнийг дүү Мулиянь залгамжлав. Тэрээр Мугүйн хүү Юаньсю-г Фүзүнь жанжин
өргөмжилж, Сун улстай найрсаг харилцах болсноор Сун улсаас түүнийг Хэнань ван
өргөмжилжээ. Ийнхүү Түгүхүнь улс Сун улстай найрсаг харилцах болсонд Вэй улс
дургүйцэн Лянжоу руу довтлоход Мулиянь баруун тийш цөлийн зүг зугтаав.
Улмаар
Мулиянь Умард Вэй улстай найрсаг харилцаа тогтоосноор байдал хэвийн боллоо.
Гэвч энэ үед түгүхүнь язгууртнуудын дунд зөрчил хурцдан, түүнийг Вэй улс чадмаг
ашиглан зарим нэгийг нь өөртөө татан авч, элдэв цол хэргэмээр шагнаж байв. Умард Вэй улс дахин Түгүхүнь улс руу
довтлоход Мулиянь болон Ши-инь жанжны цэрэг ялагдаж 5000 цэргээ алджээ.
Мулияний ахын хүү Фунянь тэргүүтэй язгууртнууд 13000 өрх дагуулан Вэй улсыг
дагав.
Мулиянь Байлань
руу зугтаж улмаар Вэй улсын цэргийн мөрдөлтөөс зайлан Хотон руу зугтаасан.
Тэрээр Хотоны ван болон хэдэн мянган хүнийг нь алж, улмаар Кашмир оржээ.
Мулиянь Сун улсын хаан Лю Илунд үнэ цэнэтэй зүйлс өргөн барьж, холбоо
тогтоогоод 7 жилийн дараа нутагтаа буцан ирсэн аж.
Мулиянийг нас
барахад Шулогань-ий хүү Ши-инь залгамжиллаа. Фулочюаньд хот байгуулан суусан
бөгөөд Сун улсаас Хэнань ван, Умард Вэй улс их жанжин, баруун Пин ван гээд цол
хэргэмүүдийг уралдан өгч байв. Гэвч Ши-инь Умард Вэй улсын дотоод хэрэгт нь
оролцох гэсэн бодлогыг үгүйсгэн, Сун улстай найрсаг харилцаатай байсан байна.
Гаозун (452-465 он) хааны үед Умард Вэй улс хоёр замын их цэргээр
Түгүхүнийг довтлоход, Ши-инь шууд тулгаран байлдалгүй Наншань ууланд хоргоджээ.
Вэй улсын цэрэг гол гатлан түүний араас нэхсэн боловч цэргийн дотор өвчин
гарсан тул хэлэлцээд гэдрэг цэргээ татжээ. Вэй улс 200000 тэмээ адуу олзлон
буцсан гэдэг.
Умард Вэй улсын
Сяньзу (465-471 он) хааны үед Түгүхүнь улс руу дахин
довтлоход Ши-инь цэргээ удирдан Маньтоу ууланд тосон байлдсан ч ялагджээ. Хоёр улсын хооронд гэрээ байгуулж, Ши-инь
барьцаанд хүү Зин-ийг илгээв.
481 онд Ши-инь
нас барахад хүү Дуихоу залгамжилжээ. Эхэн үедээ Вэй улстай найрсаг харилцаатай
байсан ч удалгүй Умард Вэй улсын Данчаныг довтолж, хүн ардыг нь олзлон буцсан
байна. Гэвч тэр сууринд удаан суусангүй нас барахад хүү Фүляньчоу залгамжилсан
байна. Умард Вэй улсаас Фуляньчоуг ордондоо ирэхийг урихад өвчтэй хэмээн
очсонгүй. Харин тэрээр хотуудынхаа хана хэрмийг засч, хамгаалалтыг сайжруулав.
Вэй улсаас довтлохоор заналхийлэх болсонд ууган хүү Хэлүнтоуг барьцаанд
илгээснээр хурцадмал байдал намжжээ.
Фүляньчоугийн
үед Түгүхүнь улс Вэй улстай энэ тэнцүү хүчирхэгжин хөгжиж байв.
Фүляньчоу нас
барахад түүний хөвгүүн Куалюй залгамжлав. “Вэй улсын судар”-т “Куалюй өөрийгөө
кехань (хаан) өргөмжилж, Хөхнуураас баруун тийш Фүци
хотод суув. Хот суурин байвч суухгүй,
эсгий гэрт байнга амьдарч, өвс ус дагаж
малжина. Өөрийн эхнэрээ кэзунь (хатун) хэмээн нэрлэх
болсон” гэжээ. Сурвалжийн энэ мэдээ түгүхүньчүүд өөрийн тэргүүнээ хаан, хааны эхнэрийг
хатан гэдэг хүндэт нэрээр нэрлэдэг байсныг нотолно.
Шинээр
байгуулагдсан хятадын Сүй (589-619
он) улс Түгүхүнь улсыг өөртөө
нэгтгэхээр хэдэн түмэн цэргээр довтлоход Куалюй хаан өөрийн биеэр цэргээ
удирдан тулалдсан ч ялагдан зугтжээ. Сүй улсын цэрэг буцсаны дараа Куалюй хаан
Сүй улсын хил хязгаарыг довтолсоор байв.
591 онд Куалюй
хаан нас барахад түүний хүү Фү залгамжилсан. Тэрээр ууган хүү Усү-г Сүй улс руу барьцаанд илгээн ураг барилдахыг
хүсчээ. 596 онд Сүй улс Гуанхуа гүнжийг илгээн ураг бариджээ. Дараа жил нь Фү
нас барж, түүний дүү Фүюнь залгамжлав. Сүй улс түрэг угсааны тэлэ нарыг
турхиран Түгүхүний эсрэг довтлуулан цохиулж, Фүюнь хаан ихээхэн хохирол амсжээ.
Улмаар Сүй улсын Янди (606-618
он)хаан өөрийн биеэр 6 замаар
цэрэг удирдан Түгүхүнийг довтлоход Фүюнь хаан 10000 морьт цэргээ дагуулан
бартаа саад ихтэй Нилин ууланд шурган орсон байна.
Сүй улс барьцаанд байсан
хаан хөвгүүн Шунь-ийг Түгүхүний ван болгож, үлдсэн ард иргэдийг нь захирууллаа.
Гэвч Сүй улсын бодлого бүтэлгүй болж, Фүюнь хуучин нутагтаа буцан ирж, эрх
мэдлээ тогтоон, Сүй улсын хил хязгаарт аюул учруулах болов. Удалгүй хятадын Сүй
улс мөхөж, Тан улс (618-906
он) мандаж Фүюнь угсаа
залгамжлах хүү Шунийг барьцаанд илгээж, найрсаг харилцаа тогтоосон байна.
Тан улсын Тайзун (626-649 он) хааныг их сууринд суухад Лоян гүнийг элчээр илгээн найрсаг харилцаатай байх
хүсэлтээ илэрхийлжээ. Гэвч удалгүй Түгүхүнь улсын цэрэг Тан улсын Шаньжоу мужид
халдсан байна. Тан улсаас Фүюнийг төрд бараалхахыг шаардахад тэрээр өвчтэй
хэмээн очсонгүй. Харин Фүюнь өөрийн хүү Зүнвантай ураг баридахыг Тан улсаас
хүсчээ. Хариуд нь хаан хөвгүүн Зүнваныг Тан улсын ордонд ирэхийг шаардахад
Зунван мөн өвчтэй хэмээн очоогүй тул Тан улсаас ураг баридахыг хүчингүй болгов.
Фүюнь хаан цэрэг илгээн Тан улсын Лань болон Күо хоёр мужид халдан, дээрэм
тонуул хийжээ.
Тэр үед
Шаньжоугийн циши түшмэл Ли Шуан дээш айлтгал өргөж Хөх нуурт байгаа Түгүхүний
адууг хөнгөн морьт цэргээр довтлон булаахыг санал болгоход Тан улс их цэрэг илгээсэнд Тангийн цэргийн сиймхийг ашиглан Түгүхньчүүд
адуугаа аван зугтжээ. Тангийн цэрэг үхэр хонь 20000 гаруйг олзлон буцсан байна.
635 онд Тан улсын
6 замын цэрэг Түрэг, Циби нартай хамтран Түгүхүнийг довтлов. Түгүхүний цэрэг
ихэд ялагдаж, Фүюнь хаан баруунш зугтан Түлүнь цөлийг гатлан Хотон чиглэн
явахад Тангийн цэрэг гүйцэн очиж цохижээ. Фүюнь 1000 гаруй морьтонтой цөлийг
гатлан зугтсан ч амьд үлдсэн нь 100 гаруй аж. Фүюний ахмад хүү Шүнь албат
иргэдээ дагуулан Тан улсыг дагав.
Тан улс Шунийг
залгамжилагчаар өргөмжилсөн боловч дэргэд нь цэрэг суулган харгалзуулжээ. Шунь
нь Тан улсад удаан барьцаанд байсан болохоор ард олон түүнийг дагахгүй байв.
Тэрээр өөрийн сайддаа алагдсан бөгөөд түүнийг хүү Нохэбо залгамжилсан. Нохэбо
640 онд Тан улсын хүргэн болж, 641 онд өөрийн эсрэг боссон бослогыг Тан улстай хамтран дарж байв. Энэ үед
Түгүхүнь улсын хөрш Түвэдүүд хүчирхэгжиж эхлэн Түгүхүньд аюул заналхийлэл
учруулж эхэлжээ.
Тан улсын Гаозун хааны үед Түвэдүүд Түгүхүнь рүү довтлоход
Нохэбо ялагдан, Хуайхун гүнжээ дагуулан Тан улс руу зугтсан. Тан улс тэдэнд
туслахаар цэрэглэсэн ч Түвэдэд ялагджээ. Ийнхүү Түвэдүүд Түгүхүнийг өөртөө
нэгтгэн авав. Нохэбо зөвхөн хэдэн мянган
өрхөө дагуулан Тан улсыг дагахад түүний хүмүүсийг Линжоу мужид Аньлэ мужийг
шинээр байгуулан суулгажээ.
“Хуучин Тан улсын
судар”-ын Түгүхүний шастирт;
“ Зинь улсын Юн-зя (307-313
он)-гийн төгсгөлөөр
түгүхүньчүүд анх баруунш Тао голыг гаталж, цян нарын нутагт улсаа байгуулав.
663 онд Түвэдэд мөхөөгдөх хүртэл 350 жил болов” хэмээснээс үзэхэд Түгүхүнь улс
663 онд мөхжээ гэж үзэж болох нь. Гэхдээ Түгүхүньчүүд Аньлэ муждаа харьцангуй
бие даан оршсоор байсан ба Нохэбо 688 онд үхэхэд хүү Жун, түүнийг хүү Сюаньжао
нь залгамжилж, 700 онд Сюаньжаод аавынх нь хаан цолыг олгожээ. Сюаньжаог нас
барахад түүний хүү Сихао залгамжилсан. Түүнийг нас барахад хүү Жао залгав. Энэ
үед түвэдүүд Аньлэ мужийг эзлэн авсан
тул түгүхүньчүүд дахин зүүн тийш нүүж Хэдун мужийн нутгаар тархан суужээ.
Тэднийг Туйхунь хэмээн нэрлэх болсон ба түргэн гэсэн утгатай үг ажээ. Жао 798
онд аавынхаа хаган цолыг уламжлан авсан ч удалгүй нас барснаар түгүхүний угсаа
залгамжлал төгсгөл болжээ.
No comments:
Post a Comment