12.20.2018

Өвөг монгол Сяньби нарын түфа аймгийн өмнөд Лян улс


Түфа сяньбичүүд өмнөд Лян улсыг (397-414 он) Хэси-д байгуулан хүчирхэгжиж явав. Түфа Угү-гийн 8 дахь үеийн дээд өвөг Пигү ард олноо дагуулан говийн араас Хатан голын баруун бие Хэси-д ирж сууснаар мөн Хэси-гийн Сяньби ч гэдэг. “Зинь улсын судар”-ын “Түфа Угү-гийн намтар”-т: “Түфа Угү бол Хэсигийн сяньби хүн юм. Дээдэс нь хожуу Вэй-тэй нэг гаралтай. Наймдугаар үеийн өвөг Пигү нь аймаг олноо дагуулж, бэхлэлт хэрэмний араас Хэси-д нүүдэллэн ирсэн ажгуу. Түүний нутаг нь зүүн зүгт Майтянь ба Цянтунь хүрнэ. Баруун тийш Шило, өмнө зүгт Зяохэ хүрч, умард зүгт их говьд тулна. Пигү-г үхэхэд хүү Шоутянь нь ор суужээ. Анхан Шоутянь гэдсэнд байхад нь эх Хуе овогт нь нойрондоо хөнжилдөө төрүүлжээ. Сяньбигаар хөнжлийг түфа хэмээх тул ийнхүү овогложээ” гэжээ. Ийнхүү сурвалжаар түфа сяньби нар табгач сяньбитай угсаа гарвал нэг, түүнээс салбарлан гарсан нь харагдана. 

Мөн “Вэй улсын судар”-ын “Юанхэгийн намтар”-т өгүүлснээр Юанхэгийн уул нэр нь Түфа Поциан. Хэси-гийн ван Түфа Нутанийн хөвгүүн аж. Юанхэ Хөхнуураас Умард Вэй улсад дагаар орсонд, Табгач Дао хаан Юанхэ-д өгүүлсэн нь: “Түшмэл та надтай язгуур нэг бөлгөө. Учир шалтгааны улмаас овог салбарласан билээ. Эдүгээ та Юань овгийг авч болно” хэмээжээ.

Пигү НТ 2-р зууны дунд үе орчим Хэси-д суусан бөгөөд түүнийг хүү Шоутянь нь залгамжилжээ. Шоутянийг түүний ач Шизүнэн залгамжилж, түүнийг түүний дүү Увань залгажээ. Уванийг түүний ач Түйзинь залгамжилж, түүнийг нас барахад хүү Сыфузянь залгамжилсан байна. Сыфузяны үеэс л түфачууд хүчирхэгжиж эхэлсэн байна.

Түфа Сыфузянь нас барж, хүү Угү залгамжлав. Угү нь “эрэлхэг баатар, алсын бодлоготой” ухаалаг удирдагч байжээ. Тухайн үед хожуу Лян улсын Люй Гуан өөрийгөө Саньхэ ван хэмээн өргөмжилж, ид хүчирхэг байсан бөгөөд түфа сяньбичүүдийг өөртөө татахын тулд Угү-д элч илгээн цэргийн их манлай жанжин, Хэси-гийн сяньбийн их захирагч өргөмжилснийг Угү хүлээн авчээ.

Угү 395 онд баруун талынхаа Ифү, Жэзюй хоёр аймгийг довтлон өөртөө нэгтгэн авч, Ляньчюньд нийслэллэх болов. Үүний дараа  Гуан У орчим сууж байсан Июнь сяньби аймгийг нэгтгэснээр улам хүчирхэгжлээ.

397 онд Угү өөрийгөө их захирагч, их жанжин, их шаньюй, сипин ван хэмээн өргөмжилж, Өмнөд Лян улсыг байгуулж, оны цолоо Тай Чу гэв. Дараа нь Зиньчэн тойрог руу довтлон эзэлж, Люй Гуаны цэргийг Зетинд ялсан байна. Энэхүү ялалтын үр дүнд Лэдү, Хуанхэ болон Зяохэ орчмын газрыг эзлэн авснаар хэдэн арван мянган цян болон ху өрх айл Угү-г дагаж, түүний хүчийг их өсгөжээ. Угү өөрийн дүү Лилүгү-г сипин гүн өргөмжилж Аньи-д, Нутань-д Гуан У гүн цол олгож Сипинд суулгажээ.

Тухайн үед Хожуу Лян улс дотооддоо хагаралдан, Дуань Е тусгаарлан өөрийгөө Умард Лян улсын вангаар өргөмжиллөө. Хэси-гийн газар нутагт Хожуу Лян улсын Люй Гуан нь Гүзан хотод нийслэллэж байснаас гадна, Умард Лян улсын Дуань Е нь Жан Е хотод төвлөрөн хоорондоо тэмцэлдэж байв. Түүнчлэн Люй Гуаны тайчин түшмэл Гонунь болон фүшэ түшмэл Ван Сян нар хуйвалдан бослого гаргах гэж байгаад Ван Сян алагдаж, Гонунь ганцаар Люй Гуаныг эсэргүүцэн тэмцжээ. Мөн Ян гуй жанжин өөрийгөө сипин ванд өргөмжлөн Люй Гуаныг эсэргүүцэх болов.

Ийнхүү Хожуу Лян улс хэдэн хэсэг болон тэмцэлдэх болсныг Угү ашиглан, Гонунь болон Ян Гуй нарын босогчдыг дэмжин, Люй Гуаны хүчийг сулруулж байв. Угү эхлээд дүү Лилүгү-д 5000 цэрэг захируулан дараа нь мөн Нутань-ний 10000 цэргийг илгээн Ян Гуй-д туслав. Ян Гуй удалгүй Угү-д дагаар орсноор нилээн хэмжээний газар нутгийг өөрийн болгож чадлаа.

Угү Хэси-гийн газар нутгийг өөрийн болгохыг эрмэлзэж байсан ч Хожуу Лян улсын Люй Гуан, Умард Лян улсын Дуан-Е болон Баруун Цинь улсын цифү Ганьгүй нар бүгд хүчирхэг байсан тул нэгэн удаа Угү түшмэдүүдээсээ “Луншань-аас баруун тийшх нутаг том биш, чухамдаа хэдэн тойргийн л нутаг билээ. Самууран бутарч, тэмцэлдсээр арав гаруй эзэмшилд хуваагджээ. Люй овогт, Дуань овогт , Цифү овогт нь хамгийн хүчирхэг билээ. Эдүгээ дээрх газрыг эзэлье хэмээмээс гурван хүчний алийг нь урьдаар довтлох вэ?” гэж асуухад, 

Ян Тун түшмэл өгүүлсэн нь “ Цифү Ганьгүй бидэнтэй гарал нэгтэй болох тул эрт оройгүй дагуулж болно. Дуань бичгийн эр, манайд халдах чадал үгүй, бидэнтэй анд бололцсон учир дайлах журам үгүй буюу. Люй Гуан өтөлж, залгамжлах хүү нь сул дорой Люй Зуань, Люй Хун хэдийгээр эрдэм чадалтай боловч хоорондоо зөрчил тэмцэлтэй тул Хаомэнь, Ляньчюнь-ийг завшаан ашиглан довтолбоос тэд лавтайяа амиа бодон зугтан одох болохоор хоёр жил хүрэхгүй цэрэг ард нь ядран туйлдахаар Гүзан-ийг эзэлж болно. Гүзаныг эзлэн авсан байхад хоёр хулгай Ганьгүй, Дуань нар өөрсдөө даган орох болно” гэхэд Угү дэмжин сайшааж, төлөвлөгөөгөө гаргасан ч биелүүлж чадалгүй нас баржээ.

398 онд Угү-г нас барахад түүнийг дүү Лилүгү залгамжлан нийслэлээ Лэдү-гээс Сипин хот руу шилжүүлж, оны цолоо Зяньхэ хэмээн нэрлэв. Лилүгү Умард Лян улсын Дуань Е-тэй найрамдалтай харилцаа тогтоож, Хожуу Лян улсын эсрэг хамтран тэмцэх бодлого явуулж байв.
Энэ үед Цян угсааны Яо овогтын Хожуу  Цинь улс хүчирхэгжин хөрш зэргэлдээ улсууддаа аюул учруулах болжээ. Баруун Цинь улсын цифү Ганьгүй Умард Цинь улсын довтолгоонд ялагдан дагаар оров. Лунси-гийн Ли Гао нь Ганьсу-гийн Дунхуань-д Баруун Лян улсыг байгуулж, Хожуу Цинь улсыг довтлон цохисноор Хожуу Цинь улсын түрэлтийг нэг хэсэг хязгаарлав. Тухайн үед Хожуу Лян улсын ван Люй Гуан нас барж, хөвгүүд нь ор булаацалдан тэмцэлдэж, эцэст нь Люй Юань залгамжлав. Люй Юань-ний 2 ч удаагийн довтолгоог няцааснаар  Өмнөд Лян улс сүр хүч нь нэмэгдэв.

402 онд Лилүгү нас барж, түүний дүү Нутань залгамжлан, өөрийгөө Лян ван хэмээн өргөмжилж, оны цолоо Хунчан хэмээн нэрлэж, буцаж Лэдү-д нийслэллэх болжээ.
Хожуу Цинь улс дахин хүчирхэг болсонд 404 оны 2 сард Нутань ван цолноосоо татгалзан, Хожуу Цинь улсад дагаж оров. Ийнхүү Нутань Хожуу Цинь улсад зүтгэх болж  4000 адуу, 30000 хонь өргөн бариж үнэнчээ илэрхийлжээ.

Хожуу Цинь улсаас Нутань-д Хэси-гийн цэргийн жанжин цол өргөмжлөн, Гүзанд суулган хэрэг шийтгүүлэх болов. Ийнхүү Нутань Хэси-гийн чухал газар Гүзанд суун, олон тойргийн цэргийг мэдэх болж, үлэмж эрх мэдэлтэй болж ээргэн хүчирхэгжив. Нутань энэ байдлаа ашиглан 409 онд төр улсаа дахин сэргээн тунхаглаж чадлаа.

Удалгүй гарал угсаа нэгт сяньбийн цифү аймгийн Баруун Цинь улс түфа Сяньбийн Өмнөд Лян улсууд зөрчилдөн тэмцэлдэх болов. Үүний дээр Умард Лян улстай хэд хэд байлдан ч ялагдснаар Өмнөд Лян улсын хүчин суларч, дотоодын хямрал тэмцэл газар авчээ. 410 онд Нутань нийслэлээ Гүзанаас Лэдү рүү шилжүүлэн, Чэнгүн түшмэлийг Гүзанд үлдээн, түүнийг  хариуцуулжээ. 411 онд Умард Лян улс Гүзанийг эзлээд Лэдү рүү довтолсон боловч, эзэлж чадаагүй ч байнга довтлох болсонд арга буюу хүүгээ Умард Лян руу барьцаанд илгээв.

Ийм үед улам хүчирхэгжин байсан цифү сяньби нарын Баруун Цинь улс аажмаар Ганьсугийн баруун хэсгийг эзэмших болж, Өмнөд Лян улсыг байнга довтолж, ихээхэн газар нутгийг нь эзлэн авчээ. 412 он гэхэд Өмнөд Лян улсын ихэнх тойргууд Умард Лян, Баруун Цинь, Түгүхүнь улсуудад эзлэгдсэн байлаа.

414 оны 5 сард Нутанийг Ифү аймгийг довтлохоор цэргээ удирдан явсан хойгуур Баруун Цинь улс 20000 цэргээр Лэдү нийслэлийг эзлэн авч улмаар Нутань бууж өгснөөр Өмнөд Лян улс мөхжээ. Өмнөд Лян улс 397-414 оны хооронд богинохон хугацаанд оршин тогтносон боловч  түфа сяньбичүүд  умард хятадын түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд Нутаний үр ач нар умард хятадыг нэгтгэсэн табгач сяньбийн Умард Вэй улсын төрд зүтгэн, өндөр албан тушаал хашиж байсан байна.



No comments:

Post a Comment