10.15.2018

Хуяньди шаньюй


Хүлүгү шаньюй Хань улстай энх ургийн гэрээг сэргээж, олон жилийн дайныг зогсоохыг оролдож байсан ч гэрээ байгуулж чадалгүй НТӨ 85 онд нас баржээ. Хүлүгү шаньюйн эх өөр дүү болох зүүн дүвэй ван ард олонд нэр хүндтэй, төрийн хэрэгт мэргэн түшмэл байв. Хүлүгү шаньюйн хатан хүүгээ шаньюй болоход саад болно хэмээн үзэж зүүн дүвэй ванг нууцаар үгүй хийжээ. Үүнд зүүн дүвэй вангийн дүү нь далдуур дургүйцэх болов. Хүлүгү шаньюй нас барахынхаа өмнө түшмэдүүдээ дуудаж “хөвүүн минь нас бага, төр барих чадалгүй. Хаан ширээнд маань баруун гули ван сууг” хэмээн гэрээсэлжээ. 

Гэвч хатан түшмэдүүдтэй хуйвалдан, Хүлүгү шаньюйг үхсэнийг нууж байгаад, шаньюйн хүү зүүн гули ван Хуяньдиг ширээ залгуулсан нь  Хүннү улсад зөрчил тэмцлийн эхийг тавив.

Зүүн сэцэн ван, баруун гули ван нар нийлж, Усуньтай хамтран бослого гаргахыг завдсан ч шаньюйн тал сэжиг авч, сэргийлэх арга хэмжээ авснаар тэдний оролдлого амжилт олсонгүй. Шинэ шаньюй Хуяньди нас бага, улс орныг удирдах ухаан суугаагүйн улмаас Вэй Лу түшмэлийн “худаг малтаж, хот баръя... Шавар байшин барьж тариа будаагаа хадгалъя...Хань улсын цэрэг ирсэн ч биднийг яаж ч чадахгүй...” гэх мэт үгэнд автан зардал сүйтгэл их гаргасан ажил өрнүүлсэн ч амжилт ололгүй ард олны дургүйцлийг л улам ихэсгэжээ.

Хуяньди шаньюйн үед Хүннү нар Хань улс руу  хэд хэдэн халдлага  довтолгоо хийсэн нь НТӨ 83 онд Дай тойрогт халдаж, дүвэй жанжныг нь алжээ. Мөн онд Хүннүгийн 20000 цэрэг 4 замаар Хань улсын хилд халдсан ч амжилт ололгүй 9000 хүнээ алдаж, Оуту ван олзлогджээ. НТӨ 80 онд Хүннүгийн Лиу вангийн удирдсан 4000 цэрэг Зюцюань, Жан У тойрогт халдсан ч хариу довтолгоонд өртөж , Лиу ван алагдсан байна. НТӨ 79 онд Хүннүгийн 3000 Уюань руу довтолж, хэдэн мянган хүн алж олзолжээ.

Хүннү гүрэн Ханьгийн хилд довтлохын зэрэгцээ баруун, зүүн этгээдэд өөрийн ноёрхлоо бэхжүүлэхэд анхаарч байв. Уханьчууд шаньюйн дээдсийн онгоныг тоносонд Хүннүчүүд хилэгнэн НТӨ 78 онд Уханийг довтлон цохижээ. Хань улс 20000 цэрэг Ухань луу илгээхэд Хүннү нар цэргээ татаж буцсан байна. Ханьгийн цэрэг  Уханийг дээрэмдэн 6000 гаруй хүн алж, олзолсны дотор Уханий 3 ван байв.

Хүннүчүүд Усуньд халдаж, Хань улсын Зи Ю гүнжийг найр тавин өгөхийг шаардсанд Усуньчууд Хань улсаас тусламж гуйв. НТӨ 72 онд Хань улс Усуньтай хамтарч 5 замын 200000 их цэргээр Хүннүг довтолжээ. Дайсны их цэрэг ирж яваа мэдээг авсан Хуяньди шаньюй хүн ард, мал сүргээ дайны хөлөөс зайлуулчихаад,  Ханьгийн цэрэгтэй шууд тулгарахаас зайлсхийх тактик барьснаар Ханьгийн цэрэг төдий л амжилт олсонгүй, хүнгүй шахам газраар баахан явж, хоол хүнсээ дуусгаад буцжээ.

Харин Усунь болон Ханьгийн нэг замын цэрэг нь баруун гули ванг довтолж, Хүннүгийн олон язгууртан тэргүүтэй 39000 хүн олзолж, 70 гаруй мянган мал дээрэмдэн үлэмж хохирол учруулжээ. Үүний хариуд өвөл нь Хүннүгийн 10000 цэрэг Усунийг довтолж, хөгшид хүүхдүүдийг нь олзолж аваад буцав. Гэвч замд нь их цасан шуурга тохиолдож Хүннүгийн цэргээс эсэн мэнд гарсан нь цөөн ажээ.

Энэ үед Хүннүгийн газар нутагт хэдэн жил дараалан ган зуд болсон ба цаг уурын таагүй нөхцөл бас Хүннү нарын хүч суларсныг ашиглан хойд талаас динлин, зүүн талаас ухуань, баруун талаас усунь нар довтолж хүннүгийн хэдэн мянган хүнийг алж, хэдэн түмэн адуу олзолжээ. Олзолсон үхэр, хонь ч үлэмж их байсан аж. Ийнхүү Хүннүгийн мал сүрэг ихэд хорогдож, хүн ард нь зовж зүдрэн, улс орны дотоод байдал тогтворгүй болсон үед буюу НТӨ 68 онд Хуяньди шаньюй нас баржээ.

“Эртний Монголын түүх” “Хүннү” номноос

No comments:

Post a Comment