10.12.2018

Хүлүгү шаньюй


Жүдихоу шаньюй НТӨ 96 онд нас барахад түүний ахмад хөвгүүн зүүн сэцэн ван Хүлүгү шаньюй болов. Хүлүгү шаньюй болоод юуны өмнө хүннүгийн язгууртнуудын хоорондын зөрчил тэмцлийг зохицуулж  дарахад нилээд анхаарч, өөрийн байр суурийг бэхжүүлжээ.
НТӨ 91 онд Хүннүгийн цэрэг Шангү, Уюань руу довтолж олон хүн алж сүйтгэв. 

НТӨ 90 онд Хань улсын Уди хаан 3 замаар их хэмжээний цэрэг илгээж Хүннүг довтолсон нь түүний хийсэн сүүлчийн том довтолгоон байлаа. Хань улсын их цэргийн чимээг сонсоод шаньюй болон зүүн сэцэн ван хүнд ачаа хөсгөө явуулаад, шууд тулгарахаас зайлсхийн ухарчээ.
Хань улсын Ли гуанли жанжны 70000 морьт цэргийг удирдан Фүянжи ууланд хүрэхэд хүннүгийн баруун дүвэй вангийн цэрэг тосон байлдав. Хүннүгийн цэрэг цохигдон ухарахад Ли Гуанли Фаньфүжэнь хот хүртэл нэхэн хөөв. 

Энэ үед Ли Гуанли жанжны эхнэр хүүхэд нь удганы хэргээр баригдан шоронд орсон мэдээ иржээ. Гэвч тэр гавъяа байгуулан нэр төрөө аврахаар шийдэн, хүннүгийн нутгийн гүн рүү улам бүр довтолж, Жижү гол хүрэв. Ли Гуанли 20000 цэрэг Хужу түшмэлд өгч Жижү голыг гатлуулан, зүүн сэцэн вангийн жанжинтай тулалдан ялжээ. Тэндээсээ цэргээ дагуулан Сүеү чиглэн Яньжань уул руу буцав.

Хүлүгү шаньюй Ханьгийн цэрэг сульдан ядарсныг нь мэдээд өөрийн биеэр 50000 цэрэг аван Ли Гуанлиг довтлов. Шаньюйн цэрэг шөнөөр морин цэрэг гарахааргүй өргөн шуудуу ухаад, нөгөө талаас нь довтлоход  ханьгийн цэрэг ихэд ялагдаж, Ли Гуанли арга буюу бууж өгчээ.
“Хань улсын судар”-т “Ли Гуанлиг шаньюй ихэд хүндэтгэж байсан боловч удалгүй хүндлэгдэхээ больж, шаньюйн ээж өвдөхөд бөөгийн хэлснээр Ли Гуанли жанжнаар тахил өргөжээ. Ли Гуанли “намайг албаас та нар мөхнө” хэмээсэн бөгөөд үнэхээр удалгүй цас ихээр орж, мал олноор үхэж, хүн ард өвчинд зовон, тариа ургахгүй болсонд шаньюй айгаад Ли Гуанлид тахилга босгосон ажээ. Ли Гуанли үгүй болсноор Хань улс жанжнаа алдаж, хэдэн түмэн цэргээ үрэгдүүлэв. Дахиж цэрэг илгээсэнгүй. Гурван он болоод Уди хаан үхэв”гэжээ

Шан Цюйчэний удирдсан Ханьгийн 30000 цэрэг Зүньзү уул хүртэл довтлоход хүннүгийн цэрэг тулгаран байлдсангүй. Шан Цюйчэн цэргээ аван буцахад Хүлүгү шаньюй Ли Линд 30000 цэрэг өгч хань улсын цэргийг нэхүүлжээ. Хүннүчүүд Зүньзи ууланд гүйцэн очиж 9 хоног байлдаад хэн нь ч ялалт байгуулж чадсангүй, Хүннүгийн цэрэг буцсан аж.

Ханьгийн 3 дахь замын 40000 цэргийг Ман Тун удирдан Тэнгэр уул хүрэв. Хүннүгийн 20000 цэрэг байлдахаар очсон ч дайсны давуу хүчтэй тулгарахаас зайлсхийж, цэргээ татсан тул Хань улсын цэрэг буцжээ.

НТӨ 89 онд Хүлүгү шаньюй Хань улсад элч илгээн: “жилд надад 10000 дань будааны архи, 5000 ху шар будаа, 10000 пи торго өг. Хуучин гэрээгээр болдог юм бол хулгайлж, дээрэмдэхээ больсу” хэмээн энх ургийн гэрээг сэргээр санал тавьжээ.

НТӨ 87 онд Хань улсын Уди хаан нас барснаар Хүннү Хань улсын хооронд  40 жил үргэлжилсэн их дайн зогсжээ. Уди хааныг нас барсны дараа Хүлүгү шаньюй Хүннү, Хань хоёр улс олон жил дайн хийж, зовж зүдэрсэн нь үлэмж тул гэрээ байгуулж амар жимэр амьдрахыг хүсэн элч илгээв. Хүннү Хань улсууд гэрээ байгуулах талаар хэлэлцээр хийж байгаад гэрээ байгуулж амжилгүй Хүлүгү шаньюй НТӨ 85 нас баржээ.
“Монгол эртний түүх” “Хүннү” номноос

No comments:

Post a Comment