2016 оны зун зүүн
зүгийн нутгаар гэж цаг агаар зарладаг
шиг монгол орны маань дорно зүг гандуу
тачирхан байлаа. Бид Улаанбаатараас
Хар зүрх уулын дэргэдэх Хөх нуурыг зорин
гараагаа эхэлсэн юм. Төв замаасаа салаад
30 гаруй км шорон замаар явдаг тул
давхисаар Хөх нууранд эрт ирлээ. Дөнгөж
наадмын дараа болохоор хүн машин ёстой
хөлхөж байна. Урьд нь бараг таван жилийн
өмнө ирж байсан газар шүү дээ. Их
өөрчлөгджээ. Хүмүүс их ирдэг болж, урьд
нь ганц амралт байсан бол одоо олон болж
, хаалт хашилт их болж, түүнээ дагаад
машин явж чадах болгоноор зам гаргажээ.
Хэнтий аймгийн
Цэнхэрмандал сумын нутаг Хар зүрхний
Хөх нуур бол манай түүхийн дурсгалт
газруудын нэг билээ. 1189 онд Тэмүжин
Хамаг Монголын хаанд Чингис цолтой
өргөмжлөгсөн газар бөгөөд “Монголын
нууц товчоо”-нд хэдэнтээ дурьдагдана.
Их хаан бага балчир насандаа Тайчуудад
баригдан хоригдож байхдаа Сорхон
шарынхны тусламжтай оргоод гэрийнхнээ
олж Өвөр Хүрэлхи доторх Хар зүрхний Хөх
нуурт ирэн тарвага зурам агнаж идэн
хэсэг амьдарсан байгаа юм. Бас эцгийн
сүйлж өгсөн Бөртэг аван нутаг буцахад
нь хадам аав ээж нь хүргэж өгөхөөр хамт
явсан ч Дай сэцэн замаасаа буцан Бөртийн
эх Цотан Хөх нуур хүртэл хамт явсан
хэмээн “Нууц товчоо”-ноо өгүүлдэг.
Хөх нуур түүхэн
дурсгалт газраас гадна байгалийн
үзэсгэлэнт газар. Өврөөрөө модгүй
араараа модтой Хар зүрх уулын хормой
дор их бага хоёр нуур бий. Хүний хөлд
дарагдаагүй сайхан цагт хандгай орж
ирж ус уучихаад явдаг байсан газар гэх.
Бид нэг муурын
байшин олж төвхнөөд хотоос ихэд
замбараагүй ачсан ачаагаа янзалчихаад
эргэн тойрноор хэсэг зугаалаа, зураглалаа.
Эхний өдөр сайхан өнгөрлөө.
Маргааш өглөө
шиврээ борооноор Хангал нуураар Балдан
бэрээвэн хийд орохоор хөдлөв. Цэнхэрийн
голоо гараад зүүн тийш хорь гаран км
явахад Өмнөдэлгэр сумын нутаг Таван
толгой хэмээх газар Түрэгийн үеийн
тахилын онгон таарах ба нутгийнхан энэ
газрыг Чингисийн тулга гэж нэрлэдэг.
Тус тахилын онгоны хашлага хавтгай
чулуу нь хээ нь уран гоёмсог агаад ихэд
тод хадгалагджээ. Цаашаа Өвөр элгэний
голоо гараад бас хорь орчим яваад Хангал
нууранд хүрнэ. Чингис хааны адуун сүргийн
нутаг, эмнэг хангалын өлгий нутаг. Урт
нь 2 км өргөн хэсгээрээ км ч хүрэх
үзэсгэлэнтэй нуур аж.
Хангал нуураас
Бэрээвэн хийд бас л хорь орчим км. Өмнө
талд луу мэт Арвангурван Сансар уул,
өрнө талд барс мэт Баянхараат уул, умар
нь жигүүртний хаан гарьд мэт Мөнх-Өлзийт,
дорно талд нь арслан мэт Баянхангай.
Ийм дөрвөн хүчтэний дунд халхын Утай
Гүмбэн гэх үзэсгэлэнт байгалийн дундаа
Балдан Бэрээвэн хийд оршино. Горооны
замаар тойроод ирэхэд үзэж харах зүйл
арвин, хийх зан үйл ч элбэг, нэлээн цаг
хугацаа орох ажээ. Бид зан үйлээ
гүйцээчихээд эргэж Жаргалант голынхоо
дэргэд хонолоо.
Өглөө эрт нутгийн
эгчийн зөвлөснөөр Бэрээвэн овоонд
эрчүүд нь мөргөж, Номт ууланл очиж хадаар
урласан байгалийн бүтээл монгол орны
газрын зургийг үзэж сонирхлоо. Эндээсээ
Жаргалант голынхоо хойд биеийг барьж
явсаар Дунд жаргалантын буган чулуун
цогцолборт хүрэв. Энд таван буган чулуу
хэд хэдэн дөрвөлжин булш байна. Дунд
жаргалантын голын энэ хөндийг Тэмүжин
Жамуха хоёр хамт нутаглаж яваад салж
Тэмүжины хөсөг шөнөжин явж буусан Айл
харгана хэмээх газар гэж үздэг.
Бид эндээсээ
Жаргалантынхаа голыг даган хөвөрсөөр
Ар нуур хэмээх жижиг нуурыг өнгөрөн гол
орхин алдарт “Нууц товчоо”-ны Хорхунаг
Жубурын хөндий буюу Хурхын голын хөндийн
хойд биеэр давхисаар Биндэр нуурын ард
орших Биндэр овоон дээр ирлээ. Овооныхоо
зүүн доод биед байх Рашаан хадны дэргэд
нэгэн үхэртэй нөмөр булаалдан дийлж
аваад тухлан цайлж суух зуураа монгол
овог аймгуудын тамганы иж бүрэн цуглуулга,
түүний эргэн тойрны сүг зураг, бичиг
үсэгийн дурсгалыг үзэж хэсэг саатлаа.
“Монголын нууц
товчоо”- нд Бидэр хошуу хэмээн гардаг
энэ Биндэр овооноос зүүн хойшоо 10 орчим
км-т Дайчин хэмээх уулын оройг ороон
босгосон 3 км урт өндөр нь зарим газраа
3 метр ч хүрэх өргөн нь 2.5 метр зузаан
нэг хэрэм байх нь Өглөгчийн хэрэм. Үүнийг
эрдэмтэд Хятан улсын үед хамааруулан
үздэг. Хэрэмийн голд байх өндөр хадан
цохиог нутгийнхан Чингисийн морины уяа
нэрлэх аж. Өглөгчийн хэрэмнээс Батширээт
сумын төв 40 орчим км. Бархын гол, Эгийн
голдоо шинэ модон гүүр барьжээ. Манай
орны хамгийн их ой модтой сумын нэг
Батширээт сум нь Эгийн голын хөвөөнд
буриад түмний нутаг. Энэ өдөр олон сайхан
түүхийн дурсгалтай танилцсан бид сумын
төвийн буудал сайхан амарцгаалаа.
Маргааш өглөө
нь сумын төвийн “Зайсан толгой”-д гарч
ёроолд нь байх хүүхдийн тоглоомын
талбайд хүүхдүүдээ жаал баясгаж аваад
бид Биндэр сумаар дайран Баян-Адрага
сум уруу хөдлөв. Биндэр сумын наадамтай
таарч наадмын хуушуур идчихээд Онон
голын үзэмжийг бишрэн даган давхисаар
Баян-Адрага сум орлоо. Монголын сүүлчийн
хаан Богд гэгээний хатдын нутаг. Хатаддаа
зориулж Баян-Адрагачууд Хатдын өргөө
байгуулж, музей болгон аялагчдад зориулан
хаалгаа нээжээ. Баян-Адрага сум бол
монголчуудын өвөг хүн нарын өлгий нутаг.
Сумын төвийн дэргэдэх Дуурилаг нарсан
ой хөрсөн дороо хүн нарын дурсгалыг
хадгалсаар өдий хүрчээ. Дуурилаг нарсанд
малтсан хүннүгийн язгууртны булш монгол
нутгаас олдсон хүннүгийн язгууртнуудын
арав хүрэхгүй булшны нэг бөгөөд хүн
нарын зүүн жигүүрийг захирч байсан
язгууртны булш гэж үздэг.
Дуурилаг нарс
хэмээх их нарсан ой бол үнэхээр сайхан.
Манайхан ойн гүн уруу орж майхан саваа
барьж хээрээр гэр хийж хонолоо.
Өглөө аажуухан
цайлчихаад Онон голын гармаар гарч
Дадал сум уруу хөдөллөө. Голоо гараад
л гандуу шар нутаг угтсан юм. Бороо хур
бага болохоор зам цагаан, гол ус нь элдэв
шавар намаггүй байсан болохоор тоостойгоо
уралдаад л Дадал сум хүрч Гурван нуурын
дэргэд нэгэн жуулчны баазад буув. Буриад
зон, мод хоёр нийлсэн газар болохоор
эндхийн жуулчны баазууд ихэвчлэн сайхан
дүнзэн байшингууд байх.
Эрт буусан бид
эргэн тойрноор алхалж, орой зарим нь
галын наадам, галаа тойрон бүжих буриад
түмний ёохор бүжиг сонирхож хонов. Өглөө
нь соц нийгмийн хэцүү үед босгосон
Чингис хааны гэрэлт хөшөөнд мөргөж
ёслов. Тэмүжин хүүгийн төрсөн Дэлүүн
болдогт сөгдөж мөргөв. Их хааны ундаалж
явсан Хажуу булгаас сүслэн амсав. Энэ
их хүний хойчис болон энэ монгол улсад
төрсөндөө бахархан сэтгэл сэргэн хөгжөн
баясав. Сайхаан.
Өдөр дунд гэхэд
бид Балжийн голоо гармаар гараад Агац
баг хүрч цаашлан Дэгэн жигэн хэмээх
Дэгэн хавцал ууланд Онон гол хашигдаж
тойрсон байгалийн үзэсгэлэнт газар
хүрч ёстой л байгалийн сайхныг биширч
суулаа. Үнэхээр үзэсгэлэнтэй энэ сайхан
оронд төрсөндөө дахин бахархан баясав.
Маргааш нь Дадал
сумаас Онон голоо гүүрээр гарч Норовлин
сумаар дайран дорно зүг, монгол нутгийнхаа
зүүн хязгаар Халхын голыг зорьсон юм.
No comments:
Post a Comment