1.23.2017

Дорнод нутгаар аялсан минь

Бид хэд Хэнтий аймгийн хойд сумдаар аялсаар Норовлин сумаас Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг уруу орсон юм. Тэгээд хойгуураа явсаар Эрээнцав хүрээд урагшлан Чойбалсангаар Буйр нуур Халх гол хүрэх төлөвлөгөөтэй. Бид гэдэг маань эгч дүүс тавуулаа гэр бүлтэйгээ долоон том хүн долоон хүүхэд гурван машинтай явсан юм. Гурван машин маань toyota hilux pickup, toyota kluger, wrangler jeep байлаа.

2016 оны энэ зун Дорнод аймаг их гантай шав шараараа хөндий тал биднийг угтан өнгөрч
байлаа. Баян-Уул сум бол Ульханаар ОХУ уруу гардаг Чойбалсан хоттой сайжруулсан замаар холбогдсон том суурин юмаа. Буриадууд их болохоор дүнзэн байшин элбэг харагдана.Эндээс Улз голоо дагаж явсаар Баяндун сум хүрч хонолоо, халуун ус, зочид буудалтай зочломтгой буриад зоны нутаг.

Маргааш өглөө нь Дашбалбар сумаар дайран Хайчийн цагаан нуур хүрч өдрийн цайгаа уугаад Эрээнцав хүрч зүүн Эрээнцавд тухаллаа. Уг нь эндээс Орос уруу гарах санаатай байсан ч хилийн гаднах оросын хот Борзя зайтай тэгээд ч сонирхол татах зүйлгүй гэж нутгийнхан хэлсэн тул тэр бодлоосоо татгалзаж амжаагүй байтал дэлгүүрийн ханан дээрх нэг зураг сонирхол татсан нь Чулуунхороот сумын 9 билүү 7 гайхамшиг. Түүн дээр монгол оронд хоёрхон байдаг гурван улсын хил нийлдэг хилийн баганы зураг байлаа. Тарваган дахын овоо Чулуунхороот сумаас 80 гаруй км зайтай аж. Сумынхан шууд яваад очвол хилийнхэн нэг хүн дагуулж өгөөд үзүүлчихдэг гэх!

Найрагч Д.Нямсүрэнгийн
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд бороо орох нь сайхан хэмээн шүлэглэсэн Эрээнцав. Зүүн баруун хэмээн хоёр хуваагдах бөгөөд хилийн боомт гэхэд ихэд ил хуль газар юм. Долоо хоногт нэг удаа Чойбалсан хот уруу галт тэрэг явдаг юм байна. Хармсалтай нэг зүйл гэвэл Улз гол маань тасарсан байх юм. Дашбалбар сумын араас л багассаар яваад ийшээгээ тасарчээ. Харамсалтай.

Эрт гарсан бид хилийн застав дээр үдээс өмнө очсон боловч аз дутаж заставын даргыг түр орлож буй нэг нөхөр биднийг хилийн багана үзүүлэх нь битгий хэл шуурхай групп дуудаж бараг хорих болтой юм болоод явчихлаа. Яаж ч учирлаад бидний хэлсэн, есөн гайхамшигийнхаа нэгээр сонгосон сумынхны зааж өгсөн үгийг тоосонгүй. Урам хугарсан бид Шаварт нуураар Баян хан уулынхаа араар шууд Монгол нутгынхаа хамгийн нам дор цэг Хөх нуур чиглэн явлаа. Хөх нуур ч харагдлаа, нэг машины маань  нумны улны өнгө хугарчлаа гэж... Гурван улсын хилийн багана үз л гээд байна даа.

Хөх нуурандаа хонолоо. Үнэхээр сайхан нутаг ажээ. Маргааш нь буусан газраа өнжиж машин тэргээ янзалж Эрээнцав уруу хоёр ч удаа давхиж хот хүрээ аймаг сум руу ярьж гүйсээр байгаад хил уруу явах зөвшөөрөлтэй болж авлаа. Хоёр хоног Хөх нууранд хоносон бид өглөө эртлэн Эрээнцаваар Тарваган дахын овоо хэмээх гурван улс, Монгол улс, ОХУ, БНХАУ-ын хилийн уулзвар ...дугаар тоот багана хүрч хэсэг саатав. Хамгийн хачирхалтай нь хятадын тал багана уруугаа сайжруулсан зам тавьчихсан, тайз маягийн тавцантай хүмүүс давхиж ирээд зураг хөргөө авахуулчихаад буцаад давхичих юм билээ. Манайхан хууль дүрмэндээ ч баригддаг биз, аялал жуулчлал гэсэн ямар ч ухагдхуун тэнд алга. Зүгээр л сумынхан л манай гайхамшиг гэх. Ингээд бид буцаад Эрээнцавын уугуул иргэн мэт Эрээнцавынхаа буудалд гэртээ байгаа мэт л хонолоо. Энэ хавиараа дөрөв тав хоног эргэлджээ.

Маргааш өглөө эртлэн гарсан бид Яхь нуураар Чойбалсан орохоор Гурванзагал сумыг чиглэн хөдлөв. Хөх нууран дээр өглөөний цай ууж хэсэг зургаа авахуулж аваад Гурванзагалд өдрийн ундаа уулаа. Гурванзагал сумын төвд Манлай баатар Дандинсүрэнд зориулсан дурсгалын хөшөөтэй, төвийн хажууд ширгэж багасаж байгаа ч Сүмийн нуур хэмээх сайхан нууртай юм.

Гурванзагалаас Яхь нуурыг GPS-дээ хийгээд хөдөлсөн юм. Энд нэг алдаа гарсан нь GPS маань Яхь нуурын зүүн эрэгт аваачсан нь ширгээд намаг шавар , дов сондуул ихтэй эрэг уруу дөхөхийн аргагүй газар байлаа. Их нуур маань алсад харагдаад байдаг. Уг нь хойноос нь юм уу баруун эргээр нь очсон бол. Ийм л юм боллоо.

Чойбалсанд үдээс хойш аажуухан ирлээ. Анхны сэтгэгдэл бол бусад аймгийн төвүүдийг бодвол том суурьшлын бүс юм аа. Хоноглох буудлаа сонгоод маргааш эндээ амарчихаад нөгөөдөр нь эрт алдарт Мэнэнгийн тал Буйр нуур орохоор шийдэцгээлээ. Болбол цаашаа Нөмрөгийн дархан газар орохоор тохиров.Чойбалсан хот үзэж харах хөшөө дурсгал их, бас Хэрлэн голынхоо хөвөөгөөр “Найрамдал” нэртэй сайхан цэцэрлэгт хүрээлэнтэй ер нь тун дажгүй шүү. Чойбалсан гуайн морь унасан шинэ хөшөө дөнгөж боссон үетэй ч таарлаа.

Товлосон өдрөө эртлэн замд гарав. Хилийн гадна гарсан гэх түйрийн утаа биднийг бараг Мэнэнгийн тал хүртэл дагав. Алсын бараа харагдахгүй, осолдохгүй урдах зам маань л харагдаж байлаа. Мэнэнгийн тал маань гандуу, хатсан шар тал угтав. Уг нь ч тэгшхэн цэлийсэн сайхан нутаг юмаа. Мэнэнгийн талд бас нэг асуудал байгаа нь нефтийн цооногууд. Хөрсний бохирдол, гадаргуун эвдрэл гээд л байгальд сөргөөр нөлөөлж байгаа нь илт байна. “Петрочайна дачин тамсаг”-аас цааш зам бол там болжээ.

Эрт гарсан бид Буйр нууранд эрт ирлээ. Буудаллах газар хайж хэсэг давхиж байгаад нэг жуулчны бааз сонгон бууж хоёр өдөр сайхан амрахаар тухлав. Буйр нуур үнэхээр сайхан газар юм. Ус нь гүнзгий биш гүехэн, гараад сайхан элстэй. Нуурын ёроол нь бас элсэрхэг тул ороход тухтай хөл гар нухаад байхгүй. Хүүхдүүд ч ёстой нэг шавайгаа ханатал гэдэг шиг усанд орсон доо. Бас завиар аялаж болно. Нар шингэх, нар мандахад талын энэ нуур ямар үзэсгэлэнтэй вэ? Гайхалтай биширмээр тансаг газар.

Хоёр өдөр сайхан амарчихаад Буйрт ирсэнийх Халхын гол түүний дагуух дурсгалууд, боломж гарвал Нөмрөгийн дархан газар үзэж сонирхохоор монгол орныхоо дорно зүг уруу улам цаашиллаа. Халхын гол бол бидний монголчуудын эх нутагтаа хийсэн сүүлчийн дайны гэрч бөгөөд япончуудыг ялан дийлсэн баатарлаг түүхийн өлгий нутаг. Ялалт багаас Халхгол сумын төв хүртэлх хоёр өртөө газарт олон хөшөө дурсгал бий. Халхгол сум бол үзэж харах зүйл арвин, түүх соёлын дурсгал элбэг нутаг юм.

Хөх өндрийн овоогоор дайраад Халх голын хөндий рүү ороход хамгийн түрүүнд То вангийн бүтээсэн хэвтээ Жанрайсаг бурхны Их бурхант цогцолбор таарна. Тэгээд М.Екэйн хөшөө, Ханан хөшөө, С.Сэрээтэрийн дурсгал, онгоцноос унасан бөмбөгний эдгэрээгүй дайны ул мөр гээд л явж өгнө.

1939 оны 6 дугаар сард Баянцагааны нуруунд баатарлаг гавъяа байгуулсан зөвлөлтийн танкын бригад командлагчийн дурсгалыг хүндэтгэсэн Яковлевын хөшөө, Монгол дайчдад зориулсан 80 баатрын хөшөө, Зөвлөлтийн дайчдад зориулсан 90 баатрын хөшөө, Хамар даваан дээрх Халх голын ялалтын 45 жилийн ойд зориулан 1984 онд босгосон Ялалтын хөшөө гээд л хөшөө дурсгал бол тасрахгүй үргэлжлэнэ дээ. Найрагчийн маань хэлснээр Хөшөө тийш очих ардын зам баларсангүй, Халхын голын хөшөө дурсгалууд нь хээр хөдөө, эзгүй талд гэхэд сайхан тохижуулж мод зүлэг их тарьсан байх аж.

Монгол орны хамгийн зүүн захын сум Халхгол сум. Хамар давааны бэлд Халхын голын хөвөөнд сайхан байрлалтай сум юм аа. Гэхдээ хүмүүс нь зусландаа гарцгаасан уу ил хуль байлаа. Харин сайхан хуушууртай байсан шүү.

Нөмрөгийн дархан газар уруу явахад асуудал ихтэй юм билээ. Зөвшөөрөл бичиг цаас бүрдүүлэх гээд л... Тиймээс бид Ялалт багын өмнө холгүй байх 13-р зуунд холбогдох Шонх таван толгойн хүн чулуу сонирхчихоод Буйр нууранд хүрч хонохоор буцав. Шонх таван толгойд ирлээ.


Түрэгийн үеийн хүн чулууг бодвол хүнийг суугаа байдлаар бодитоор дээл хувцастай нь дүрсэлсэн байх бөгөөд энд хоорондоо 200 орчим метр зайтай хоёр хүн чулуу байх нь, нэг нь толгой нь тасарч эвлүүлэн тавьсан , нөгөө нь цагаан гантиг чулуугаар урлан хийсэн нь бүтнээр барахгүй шинэ шахуу харагдсан нь эртний хоёр хүн чулууны нэгийг төв музей уруу зөөсний дараа нутгийнхан сэтгэл гарган дуурайлган урлаж яг хуучин байранд нь хожим залсан аж.

Ингээд бид өглөө эрт гараад шөнө оройтож буудалдаа ирсэн ч үзсэн харсан зүйлдээ сэтгэл хангалуун байлаа. Сарны гэрэл, чийдэнгийн туяанд бужигналдан үзэсгэлэнт Буйрын хөвөөнд үдшийн  хоолоо идчихээд маргааш нь цэлгэр тэнүүн дорнодын их талаар давхисаар Чойбалсан хотод ирж хоноглочихоод өглөө эрт нутгийн зүг хүлгийн жолоо залж билээ. Шинэ засмал зам Хэрлэн голын өмнүүр тавигдсан тул Хэрлэн барс хотын туурийг Туг уулнаас дурандсныг эс тооцвол зам дагаж хөгжил гэж өдөртөө л нийслэл хотоо бараадав. Сайхан аялал байлаа.


No comments:

Post a Comment