5.26.2014

Их хааны ахмад хөвгүүн Зүчи

Саган цэцний “Эрдэнийн товч”-д Тэмүүжин арван долоон насандаа буюу 1178 оны шар нохой жил Бөртэ үжинтэй урагласан хэмээн тодорхой тэмдэглэсэн ба “Монголын нууц товчоо”-нд  Дай Сэцэн халуунд  ядрах тул Бөртэ үжинг хүргэж чадалгүй гэдрэг буцсан тухай бичсэн байдаг. Тэгэхээр зун намрын цагт Тэмүжин Бөртэ хоёр нийлж.
Үүний дараагийн үйл явдал нь Мэргэдүүд довтолж Бөртэ үжинг булааж яваад жил ч бололгүй Тэмүжин, Ван хан, Жамуха гурав 1179 онд Буур хээр гэдэг газар  мэргэд аймгийг дарж Бөртэ үжинг буцаан авчээ.
Мэргэдүүд довтлох үед хэдүйн хөл хүнд байсан Бөртэ 1179 онд нярайлжээ. Тэмүжин анхны хүүгээ төөрч будилж явсаар төрсөн хэмээн Зочин буюу Зүчи хэмээн нэрлэжээ. Зүчи багаасаа эцгээ даган  хатуужилтайгаар суралцан эрэлхэг жанжин болсон ба хаан эцгийн үйлсэд маш их гавъяа зүтгэлийг бүтээжээ. Хэдийгээр яаруу сагамхай зантай ч хүн дэмий алдаггүй, олонхи ноёд жанжинд хүндлэгдсэн нэгэн байв.
Тэр татар аймагтай байлдахад хагасыг нь олзолж, олзолсон хүмүүсээ амьд тавин явуулж байв. 1207 онд Монгол улсын баруун гарын цэргийг захирч ойн иргэдийг оруулсан. 1211 онд Алтан улсыг дайрахад Цагаадай, Өгөөдэй нартай баруун замын цэргийг захирч өмнөш довтолж 27 чжоуг байлдан авчээ. 1217 онд киргизүүд Хар Киданыг дарахад цэргээр туслаагүй тул Зүчи очиж дараад Хаант монгол улсын баруун хилээр сууж байв.
Тэр үед Сүвээдэй мэргэдийн үлдэгдлийг дарчихаад Тогтоа бэхийн гуравдугаар хөвгүүнийг барьж аваад Зүчид хүргүүлжээ. Түүгээр сум харвуулахад эхний сум байг нүхэлж дараагийн сум нүхээр нь гарч байхыг хараад бишрэн хайрлаж амийг нь өршөөхийг эцгээсээ гуйсанд зөвшөөрөл олдоогүй гэдэг билээ.
1219 онд эцгээ дагаж Сартуул иргэнийг дайлах дайнд явжээ.
Чингис хаан Зүчийг багаас нь хайрлаж байсан. Хаан ор залгах хурилдай дээр ч Зүчийг дурдсан. Гэвч Цагаадай зөвшөөрөхгүй хэдэрлэхэд “Зүчийг ингэж хэлж яаж болно. Хөвгүүдийн минь ахмад Зүчи биш бил үү? Хожим чингэж бүү хэлтүгэй!” хэмээн хэлж байв. Цагаадай Зүчийг хүндэлж үздэггүй бөгөөд энэ нь ч хожим Ургенчийг эзлэх байлдаан дээр тодорхой илэрч байв.
Чингис хаан бас эндүүгээр Зүчид муу санасан удаа ч бий. Ургенчийг эзэлсэн байлдаанаас хойш Зүчи хаан эцэгтэйгээ дахиж уулзсангүй. Учир нь Зүчи Арал тэнгис, Каспийн тэнгис хоёрын дундахь өөрт хувилж өгсөн газраа сахин сууж Зэв, Сүвээдэй хоёрын дайныг алсаас дэмжиж байв. Чингис хаан Сыр-Даръяа мөрний орчим Зүчийг дуудуулсан боловч өвчтэй гээд ирсэнгүй. Сүүлд бас хэдэнтээ дуудуулаад ирсэнгүй гэдэг. 1225 онд Чингис хаан Монголдоо ирсэн хойно Зүчийн харъяатаас ирсэн гэх нэгнээс Зүчийн тухай асуухад “Манай эзэн Зүчи тун сайн, нааш гарахаас өмнө түүний ан хийж байхыг үзлээ” гэж. Энэ үг хаан эзний гал дээр тос нэмж уур хилэнг дэгдээсэн бөгөөд цэрэг зэвсгээр залхаахаар шийджээ. Гэтэл удсангүй Зүчи хүний ертөнцөөс ангижирсан гунигт мэдээ эцгийнх нь чихэнд хүрчээ. Нөгөө ан хийж байхыг харсан хүнийг эрээд олоогүй гэдэг.

Ийнхүү 200 гаруй хот сууринг эзэлж, 50 гаруй томоохон тулаанд оролцож явсан гарамгай жанжин Зүчи хан 1225 онд нас барж түүнийг хоёрдугаар хүү  Бат нь залгамжилжээ.
зураг Зүчи хааны бунхан Казакстан улс

No comments:

Post a Comment