Цагаадай харагчин
туулай жил буюу 1183 онд төржээ. Тэр эцэг хааныхаа их үйл хэрэгт осолдолгүй
зүтгэж явсан ба эрс шиидэмгий эрэлхэг жанжин бөгөөд харин хаяа хэрцгий догшин
зан гаргадаг нэгэн байв.
1211 онд Алтан
улсыг дайлахад ах Зүчи, дүү Өгөөдэй нарын хамт цэрэг захирч байлдсан ба 1219
онд Хорезмын дайнд Отрар, Ургенч зэрэг хотуудыг авах хатуу үүргийг биелүүлжээ.
Цагаадай бол
эцгийн үгнээс гардаггүй түүнд цаглашгүй шударга сэтгэлээр хандан хэлсэн бүхнийг
ягштал дагана. Бамиан цайзын дэргэд эндсэн хүүгийнх нь тухай Чингис хаан түүнд “Чиний хөвгүүн Мохутхан нэгэнт эндэв. Чи зовж
болохгүй” гэхэд Цагадай эцгийн зарлигийг даган биеэ чанга барин нулимс
дуслуулалгүй өргөөнөөс гарч ирээд сая гашуудлаа чинээгээрээ гаргасан гэдэг.
Цагаадай Зүчитэй
таарамжгүй ч харин Өгөөдэйтэй найрсаг
харьцаж түүнд бүх хүчээ өргөж байлаа. Өгөөдэй хааны 1230 онд Алтан улсыг дарах
дайнд Цагаадай бүх цэргээ аван дагалдсан бөгөөд Цзюнчжоугийн Гурван хайрханы байлдаанд
гавъяа байгуулсан билээ.
1235 онд
монголчууд баруун тийш дахин дайлахад Цагадай ахмад хөвгүүдийг явуулах саналыг
хаанд өргөн одоо түүхэнд уг дайныг “Ахмад хөвгүүдийн дайн” гэх болжээ.
Өгөөдэй хаан болсноос
хойш Цагаадай түүнийг хааны ёсоор хүндэлж байв. Нэг удаа Өгөөдэй Цагаадай хоёр хээр
явж байгаад хоёул уралдая гэж тохироод уралдан Цагаадай түрүүлжээ. Шөнө амарч
байхдаа гэнэт сэрээд “ хаан эзэнтэй уралдан түүнийг түрүүлсэн нь их ёсыг алдсан
байна” хэмээн бодож өглөө үүрээр сайд түшмэлээ дагуулан хаан дээр очин “Өчигдөр
ёсыг алдав. Занчих буюу цаазлахыг эзэн мэдтүгэй” гэтэл Өгөөдэй их л уяран
зөөлөн үгээр зэмлэн өнгөрөөсөн гэнэ. Цагаадай хааны өршөөлд талархан гарч ирээд
ордны үүдэнд сөгдөн есөн ес наян нэгэн агтыг өргөж “ Хаан Цагаадайн үхэх ялыг хэлтрүүлэв”
хэмээн зарласан байдаг. Өгөөдэй хаан ч Цагаадайг ах ёсоор хүндэлж төрийн чухал
хэрэг бүрээ түүнтэй зөвлөж байлаа.
Цагаадай бол
Чингис хааны тогтоосон засгийг хичээнгүйлэн дагадаг бөгөөд хууль зөрчигсдийг
хатуугаар шийтгэдэг байв. Түүний үед Бухар зэрэг олон хот эргэн сэргэж хүн ам
нь өдрөөс өдөрт олширч цэцэглэн хөгжих замдаа оржээ..
Цагаадай 1242 онд
нас барж түүний орыг Дөргэнэ хатны зарлигаар Мохутханы хоёрдугаар хөвгүүн Хар
Үлэгү залгажээ.
No comments:
Post a Comment