Хүн төрөлхтөн
чулуун зэвсгийн үеэс хүрэл зэвсгийн үед шилжихдээ завсар нь зэс чулууны үе буюу
энеолитийн үе гэж зурвасхан үеийг туулан өнгөрсөн. Монгол нутагт оршин суугчид
бусдын л адил МЭӨ 3000 жилийн эхэнд энеолитын үеийг дамжсан байна. Манай
орны
Өмнөговь, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Баянхонгор, Төв зэрэг аймгийн нутгаас
эртний зэс малтаж байсан уурхай, ухмалууд олджээ. Мөн
Ховд аймгийн Манхан сумын нутгаас энеолитийн
үед холбогдох аргаль угалзны толгойг маш урнаар сийлсэн том жижиг хоёр чулуун эдлэл олдсон байдаг.
МӨЭ 2000 жилийн
өмнөөс хүмүүс зэсийг хар тугалга, цагаан тугалгатай хольж
хайлуулан хүрэл гэдэг шинэ төмөрлөг гаргаж авсан нь зэснээс хатуу бэх,
бага темпаратурт хайлдаг, удаан эдэлгээтэй зэрэг давуу талуудыг дагуулж байжээ.
Хүрэл зэвсгийн үеийн олдворууд бол монгол нутагт элбэг таарах дөрвөлжин булш,
хиргисүүр болон буган чулуун хөшөөнүүд юм.
Дөрвөлжин булшны
зохион байгуулалт нь хайрцаглан
хийсэн нимгэн хавтгай чулуун авсанд хүнээ оршуулж, том зузаан хавтгай
чуулуунуудаар дарж таглан шороогоор булаад дээр нь хавтгай чулууг босгон
эгнүүлэн дөрвөлжлөн зоосон байдаг. Хүнийхээ толгойг ихэвчлэн нар мандах зүг
харуулан цэх байдалтайгаар дээш харуулан 50-150 см-ийн гүнд оршуулж, зарим
цахиур чулуун зэвсгийн зүйл, хүрэл хутга, сумны зэв, хүрэл товч, товруу, морь
малын дүрстэй хүрэл чимэг, хагас товгор хүрэл чимгүүд, модоор сийлсэн шувууны
толгой, үсний алтан сүлбээр, шавар ваар, зэс, хүрэл хайлуулдаг чулуун шанага
зэрэг олон төрлийн эд өлгийн зүйлс, малын толгой, чөмөг, дал болон бусад зүйлийг
дагалдуулан тавьдаг байна. Дөрвөлжин
булшийг малтан шинжлэх ажлыг манай улсын нутагт Төв аймгийн Хэрлэн Туул голын
сав газар, Өвөрхангай аймгийн Орхоны хөндий, Богд сумын Тэвш уул, Дундговь
аймгийн өмнөт хэсэг, Хэнтий аймгийн Хэрлэн, Онон, Хурх голын сав, Булган
аймгийн Эгийн голын сав, Дорнот Монголын тэгш тал болох Сүхбаатар аймгийн
Мөнххаан, Эрдэнэцагаан сумдын нутаг, Дорнот аймгийн Баяндун, Цагаан овоо, Сэргэлэн,
Гурван загал, Баян-Уул, Дашбалбар сумдын нутагт явуулж, одоогийн байдлаар
ойролцоогоор 500 гаруй дөрвөлжин булшийг малтан судалжээ.
Хүрэл
зэвсгийн үеийн ховор олдвор бол Булган аймгийн Хутаг-Өндөр сумын
нутаг Эгийн голын дөрвөлжин булшийг
малтахад гарсан хоёр хүрэл дуулга
юм. Нэгдэх
дуулга нь 22 см өндөртэй, 22 см урт, 16 см өргөнтэй сэнж бүхий ажээ. Хоёр
шанаавчны доод ирмэг нь бүч сүвлэж болохуйц нүхтэй, дуулганы ирмэг захыг товойлгон эмжэн хүрээлсэн. 1
кг орчим жинтэй юм. Хоёрдохь
дуулга нь яльгүй том хэмжээтэй хийцийн хувьд онц ялгагдах зүйлгүй байна.
Хиргисүүр
нь хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн өвөрмөц дурсгал юм. Манай орны нутаг
дэвсгэрт хиргисүүр маш өргөн хэмжээгээр тархсан байдаг. Хиргисүүрүүд
хэмжээний хувьд харилцан адилгүй байдаг бөгөөд зарим газарт 100 гаруй м голч
бүхий хиргисүүрүүд ч таараллдаг. Манай оронд хиргисүүр олон
ч малтан судалсан нь цөөхөн байдаг.
Буган
хөшөө бол Монгол болон Төв Азийн нутаг дэвсгэр дээр хүрэл ба төмөр зэвсгийн
түрүү үед оршин сууж байсан овог аймгуудын түүх соёлын гайхамшигтай
дурсгалын нэг билээ. Гонзгой урт
чулууг засч, гурав зааглан, оройн хэсэгт нар
сар, доогуур нь олон эгнээ хонхор, эх биеийг ороолгон төв хэсэгт сүрэг бугыг
загварчилсан байдалтайгаар ихэд сүрлэг сийлж, бас доогуур нь бүс татан зэр зэвсгийг
зүүсэн байдалтай дүрсэлсэн хөшөө чулууг буган хөшөө хэмээн нэрлэдэг. Хөшөөнөө
дайчин эрийн зэвсэг болох чинжал хутга, билүү, байлдааны алх, нум, хоромсого,
жад, бамбай, толь дүрслэхээс гадна хөшөөний бүсийг олон төрлийн хээгээр чимсэн
байдаг ба мөн бугын дүрсний оронд буюу завсар зайд адуу ирвэс, янгир, зээр
зэрэг амьтад хааяа дүрсэлсэн байдаг. Буган
хөшөөг эрдэмтэд 100 орчим жилийн тэртээгээс судлаж энэ завсар 700 орчим буган
чулуун хөшөөг олж илрүүлжээ. Эдгээрээс хамгийн их буюу 550 орчим нь Монгол
улсын нутгаас олдсон.
Улаан зосоор будаж зурсан хадны сүг зургийг эрдэмтэд
хүрэл зэвсгийн үеийн дурсгал гэж тогтоосон байдаг. Манай орны
Баянхонгор аймгийн Баянлиг сумын Их Баян уулын Бичигтийн ам, Шинэжинст сумын
Цагаан хаалга, Гэцэлийн ус, Сонгинот, Бууцагаан сумын Гурван Мандал, Баян-Өлгий
аймгийн Цагаан салаа, Бага Ойгор, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг
Өвгөнт, Үүдэнт, Хөтөл өтгө, Орхон сумын Орхон гол, Баруун могойн гол, Архангай
аймгийн Цэцэрлэг сумын Хонгоржин, Ховд аймгийн Үенч сумын Ямаан ус, Хэнтий
аймгийн Батширээт сумын Үзүүр цохио, Рашаан хад, Өмнөговь аймгийн Ноѐн сумын
Аравжих, Булган сумын Хавцгайт, Өвөрхангай аймгийн Богд сумын Тэвш уул, Гучин
ус сумын Их дөрөлж, Паалуу, Увс аймгийн Сагил сумын Гурван турга, Хандгайтын
гол, Можоо, Бужаа, Төмөр цорго, Эхэн хүзүүвч, Өмнөговь сумын Шар булгын онц
зэрэг олон газрын хаднаа хүрэл зэвсгийн үеийн хүмүүс өөрсдийн бүтээлээ мөнхлөн
үлдээсэн нь бидний үед хадгалагдан иржээ.
No comments:
Post a Comment