11.22.2021

"Монголын нууц товчоо" Тэмүжиний уг гарал ба бага насны үе. /66-68/

66. Есүхэй худ охиныг үзвээс нүүрэндээ гэрэлтэй, нүдэндээ галтай охин тул санаанд нийлэв. Түүний нэр Бөртэ, Тэмүжингээс нэг насаар эгч, аравтай ажгуу. 

Дэй Сэцэний гэрт хоноод маргааш охиныг гуйвал Дэй Сэцэн өгүүлрүүн: "Олон удаа гуйлгаж өгвөл эрхэмлэгдэх, цөөхөн удаа гуйлгаж өгвөл доромжлогдох гэдэг боловч охин хүний заяа төрсөн үүдэндээ өтлөхгүй тул охиноо өгье. Чи хөвүүнээ хүргэн болгож манай гэрт үлдээ. " гэвэл Есүхэй баатар өгүүлрүүн: "Би хөвүүнээ орхиё. Хөвүүн минь нохойноос цочимтгой билээ. Эрхэм худ чи миний хөвүүнийг нохойноос бүү цочуул." гээд хөтөлж явсан мориор бэлэг өгч, Тэмүжинийг орхиод Есүхэй баатар буцав. 

67. Есүхэй баатар Цэгцгэрийн шар талаар явж байтал татар иргэн хуримлаж байхтай тохиолдоод ам цангах тул хуриманд буув. Татар нар Есүхэй баатрыг таньж "Эрхэм Есүхэй ирэв" гэж хуримандаа суулгаад, урьдын булаагдсан өшөөгөө санаж, нууцаар хэлэлцэн, хоолонд нь хор холин өгчээ. Есүхэй тэндээс явах зам зуураа бие нь муудаж, гурав хоног арай гэж яваад гэртээ хүрч,

68. Есүхэй өгүүлрүүн: "Миний дортор муу байна. Дэргэд минь хэн байна? " гэж асуувал "Хонхотаны Чирха өвгөний хөвүүн Мэнлиг (Мунлиг) ойр байна" гэвэл түүнийг дуудаж өгүүлрүүн: " Хүү минь, Мэнлиг минь сонс. Хөвүүн минь балчир билээ. Тэмүжин хөвүүнийг урагт орхиод ирэх замдаа татар иргэнд хорлогдов. Дотор минь муу байна. Өнчин хоцорсон дүү нараа, бэлэвсэн бэргэнээ асрахыг чи мэд. Тэмүжин хөвүүнийг даруй явж авчир! Хайрт Мэнлиг минь " гээд наснаас нөгцөв. 



 

11.21.2021

"Монголын нууц товчоо" Тэмүжиний уг гарал ба бага насны үе. /61-65/

61. Есүхэй баатар Тэмүжинийг есөн настай байхад Өүлэн эхийн төрхөм, олхонуд иргэнд хүрч, хүүгийн нагац нараас охин гуйя хэмээн Тэмүжинийг авч одов. Явах замд Цэгцгэр Чихургу гэдэг газрын хооронд Хонгирадын Дэй Сэцэнтэй уулзав.

62. Дэй Сэцэн өгүүлрүүн: "Есүхэй худ аль хүрэхээр явна" хэмээхэд Есүхэй баатар өгүүлрүүн:" Миний хөвүүний нагац олхонуд иргэнээс охин гуйхаар явж байна" гэвэл Дай сэцэн өгүүлрүүн: " Энэ хөвүүн чинь нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй хөвүүн байна. 

63. Есүхэй худ, би энэ шөнө нэгэн зүүд зүүдлэв. Цагаан шонхор шувуу, наран саран хоёрыг атган ирээд миний гар дээр буув гэж зүүдлэв. Наран саран хоёрыг бид нүдээр үздэг билээ. Гэтэл нар сарыг шонхор шувуу атгаж миний гар дээр буух нь гайхалтай. Ямар сонин тохиол учрах болов гэж би бусаддаа хэлсэн бүлгээ. Есүхэй худ чи хөвүүнээ дагуулж ирсэн нь энэ зүүдний тайлбар болов. Танай хиад аймгийн сүлд ирж, зүүдээр заасан ажгуу.

64. Манай Хонгирад аймаг хэдийнээс бусдын нутаг ба хүнийг булаан тэмцдэггүй. 
     Харь улсыг үл довтлон
     Хацар сайт охидоо
     Хасаг тэргэнд суулгаж
     Хар буур хөллөж
     Хатируулж одож
     Хаан болсон та нарын
     Хатан сууринд дэвшүүлж
     Хамт суулгана.
     Өөр иргэнийг үл тэмцэн
     Өнгө сайт охидоо
     Өлжигтэй тэргэнд суулгаж
     Өл буур хөллөж
     Өндөр суурь эзлэгчдийн
     Өрөөл хань болгоно. Манай Хонгирад аймаг хэдийнээс хацар гуа хатадтай, өнгө сайн охидтой тул зээгийн зүсээр, охидын өнгөөр явна. 
65. Нуган хүүхэд нутгаа эзэмшинэ. Охин хүүхэд өнгө шилэгдэнэ. Есүхэй худ миний гэрт оч. Надад өчүүхэн охин бий. Та үз" гэж Дэй Сэцэн хэлээд Есүхэйг гэртээ дагуулж авчрав. 



 

11.19.2021

"Монголын нууц товчоо" Тэмүжиний уг гарал ба бага насны үе /56 -60/

 

56. Түүнийг гурвуулаа хойноосоо нь нэхэж, долоон даваа давтал үлдэн хөөж, буцаж ирж, Өүлэн үжинийг Есүхэй баатар жолоодон хөтөлж, ах Нэгүн тайж тэргүүлж, дүү Даридай отчигин хажууд нь дагаж явахад Өүлэн үжин өгүүлрүүн: 

     "Миний эр Чилэдү

     Сэрүүн салхинд

     Сэвлэг үсээ хийсгэж

     Хээр хөдөө

     Гэдсээ өлсгөж яахин зовох болов. Одоо би хоёр сэвлэг үсээ хойш урагш унжуулж яахин одно" хэмээн Онон мөрнийг долгилтол, ой шугуйг ганхтал их дуугаар уйлахад Даридай отчигин өгүүлрүүн: " 

     Тэврэх хайрт эр чинь 

     Тэртээ давааг давав.

     Уйлан санах эр чинь

      Улс олныг гэтлэв.

      Хайлж уйлавч

      Харж чамайг үзэхгүй

      Хайж эрэвч

      Хаалга зам нь олдохгүй. Дуугүй бол." гэж ятгав. Өүлэн үжинийг Есүхэй баатар тэгээд гэртээ авчирч гэргий болгов. Өүлэн үжинийг Есүхэй баатар гэргий болгосон ёс ийм бүлгээ.

57. Амбагай хаан баригдаад Хадаан, Хотула хоёрыг нэр заасан тул хамаг Монгол, тайчууд нар Онон мөрний Хорханагийн хөндийд цуглаж, Хотулаг хаан болгов. Монголын жаргалан нь бүжиг, хурим бүлгээ. Хотулаг хаан өргөмжилөөд, Хорханагийг саглагар модны доор хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлтөртөл дэвхцэн бүжиглэж хуримлав. 
58. Хотула хаан болоод Хадаан тайжтай хоёулаа татар иргэнээс өшөө авахаар мордов. Татарын Хотон бараг, Жали буха хоёртой арван гурван удаа байлдавч, Амбагай хааны өшөөг сайтар авч эс чадав.  
59. Тэр цагт Есүхэй баатар татарын Тэмүжин Үгэ, Хори буха зэргийн татар хүнийг барьж ирэхэд жирэмсэн байсан Өүлэн үжин Ононы Дэлүүн болдог гэдэг газар Чингис хааныг төрүүлжээ. Чингис хаан төрөхдөө баруун гартаа шагайн чинээ нөж атган төрсөн ажээ. Татарын Тэмүжин Үгэг барьж ирэх цагт тохиолдож төрөв гэж Тэмүжин нэрийг өгөв.
60. Есүхэй баатрын Өүлэн үжинээс Тэмүжин, Хасар, Хачиун, Тэмүгэ дөрвөн хөвүүн төрөв. Бас Тэмүлэн нэртэй нэг охин төрөв. Есүхэй баатрын нөгөө гэргий Сочигэл эхээс Бэгтэр, Бэлгүтэй хоёр төржээ. Тэмүжин есөн настай байхад Зочи Хасар долоон настай, Хачиун Алчи таван настай, Тэмүгэ отчигин гурван настай, Тэмүлэн өлгийтэй байсан бүлгээ. 



11.17.2021

"Монголын нууц товчоо" Тэмүжиний уг гараг бага насны үе /52-55/

 

52. Хамаг Монголыг Хабул хаан захирч байв. Хабул хаан долоон хөгүүнтэй атал Сэнгүн Билгэгийн хөвүүн Амбагайг хаан болгохоор хэлсэн ажээ.

53. Буйр, Хөлөн нуурыг холбон урсах Оршуун мөрөнд айрагууд, буйругууд овгийн татар аймаг нутаглана. Татар иргэнээ Амбагай хаан охиноо өгч, өөрийн биеэр охиныг хүргэж очоод баригдав. Татарчууд Амбагай хааныг барьж, хятадын Алтан хаанд хүргүүлэв. Бэсүд овгийн Балхач гэдэг хүнийг элч болгож Амбагай хааны хэлсэн нь " Хабул хааны долоон хөвүүний дундах Хотулад, миний арван хөвүүний дундах Хадаан тайжид чи очиж хэл. Хамгийн хаан, улсын эзэн байтал охиноо өөрөө үдэж хүргэхийг надаар цээрлэл болгогтун! Би татар аймагт баригдав. Таван хурууны хумсыг тамтартал, арван хуруунуудаа барагдтал миний өсийг авахыг оролдогтун! гэж илгээжээ.

  

54. Тэр цагт Есүхэй баатар шувуу агнан явах зуур олхонуд аймгаас эм аваад буцаж буй мэргэдийд их Чилэдү гэдэг хүнтэй уулзаж, түүний эмийг өнгийж үзвэл, гуа үзэсгэлэнтэй хатан байна. Есүхэй баатар гэртээ давхиж ирээд ах Нэгүн тайж, дүү Даридай отчигин хоёрыг дагуулан мордож, их Чилэдүг гүйцэж очвол,




55. Тэр айж, хурдан ухаа морины гуяыг ташуурдаж, уулын бэлээр дутаав. Түүнийг гурвуул цувалдан хөөвөл тэр улам дутаасаар нэгэн хошууг тойрон тэргэндээ хүрч ирсэнд эм Өүлэн үжин өгүүлрүүн: " Энэ гурван эрийн учрыг мэдэв үү, чи. Тэдний царай сэжиглэмээр байна. Чиний аминд хор хүргэж болно. Амьд мэнд үлдвэл эхнэрийг олоход бэрхгүй. 
     Мухлаг тутамд охид бий.
     Тэрэг тутамд хатад бий. Хэрвээ намайг санавал дахин авсан гэргийгээ миний нэрээр нэрлэгтүн. Одоо амиа арчил. Миний үнэрийг үнэртэж яв."  хэмээн өмссөн цамцаа тайлж өгөв. Их Чилэдү тэр цамцыг морин дээрээс тонгойж авмагц нөгөө гурав мөн хошууг тойрон нэхэж айсуу. Чилэдү хурдан ухаа морины гуяыг ташуурдаж, Онон мөрөн өөд дутаав. 


11.01.2021

"Монголын нууц товчоо" Тэмүжиний уг гарал ба бага насны үе. /40-51/

40. Тэр жирэмсэн эм Бодончарт ирж хүү төрүүлэв. Түүнийг харь овгийн хүү гэж Жажирадай хэмээн нэрийдэв. Жадараны өвөг тэр болов. Тэр Жажирадайн хөвүүн Тугудай нэрт бүлгээ. Тугудайн хөвүүн Бүри Булчиру. Бүри Булчиругийн хөвүүн Хар Хадаан бүлгээ. Хар Хадааны хөвүүн Жамуха бүлгээ. Тэд Жадаран овогтон болов.

41. Тэр эм Бодончарт ирээд нэгэн хөвүүн төрүүлэв. Түүнийг барьж авсан эмийн хөвүүн хэмээн Баарьдай хэмээн нэрийдэв. Баарины өвөг тэр болов. Баарьдайн хөвүүн Зүтгэл бөх. Зүтгэл бөх олон эм авсан тул хөвүүд нь манан мэт олон төрөв. Манан Баарин овогтон тэд болов.

42. Бэлгүнүтэй бэлгүнүд овогтон болов. Бүгүнүтнэй бүгүнүд овогтон болов. Буха Хатаги хатагин овогтон болов. Бухату Салжи салжиуд овогтон болов. Бодончар боржигин овогтон болов.

43. Бодончарын авааль эмээс төрсөн хүү нь Барим Ширату Хабич нэрт бүлгээ. Тэр Хабич баатрын эхийн инжинд ирсэн эмийг Бодончар татвар эм болгож, нэгэн хүү төрсөнд Жаурдай нэр өгөв. Бодончар амьд ахуй цагт Жаурдайг зүхэл тайлганд оролцох эрхтэй болгов. 

44. Бодончарыг үгүй болсны хойно тэр Жаурдайг гэрт нь ямагт аданхан урианхайдай хүн байсан тул түүний хүү гэж тайлганаас хөөж гаргав. Тэр Жэүрэд овогтон болов. Жэүрэдийн өвөг тэр болов. 
45. Хабич баатрын хөвүүн Мэнэн Тудун бүлгээ. Мэнэн Тудуны хөвүүн Хачи хүлэг, Хачин, Хачиу, Хачила, Харалдай, Хачиун, Начин баатар долоо бүлгээ. 
46. Хачи хүлэгийн хөвүүн Хайду Номулун эхээс төрсөн бүлгээ. Хачины хөвүүн Ноёгдой нэртэй бүлгээ. Ноён шиг авиртай тул ноёхон овогтон болов. Хачиугийн хөвүүн Баруладай нэртэй бүлгээ. Их биетэй ба идээ барих нь ховдог тул Барулас овогтон болов. Хачулагийн хөвүүн бас идээ барих нь ховдог тул их барула, өчүүхэн барула гэдэг нэр хочтой болж, улмаар эрдэмт барула, тодойн барула тэргүүтэн барулас овогтон болов. Харалдайн хөвүүд нь будаа мэт эх түрүүгүй хутгалдах учир будаад овогтон болов. Хачиуны хөвүүн Адархидай нэрт бүлгээ. Ах дүүгийн дунд адармаатай (яхир хэрүүлч) тул адархин овогтон болов. Начин баатрын хөвүүн Уруудай, Мангудай хоёр бүлгээ. Урууд, мангууд овогтон болов. Начин баатрын авааль эмээс төрсөн хөвүүн нь Шижуудай, Доголдой хоёр бүлгээ.

47. Хайдугийн хөвгүүд Байшонхор догшин, Чирхай лянхуа, Чаужин өртэгэй гурав бүлгээ. Байшонхор догшины хөвүүн Тумбинай сэцэн бүлгээ. Чирхай лянхуагийн хөвүүн Сэнгүм билгэ, амбагайтан тайчууд овогтон болов. Чирхай лянхуа бэргэнээ эм болгон авч, нэгэн хөвүүн төрүүлэв. Нэр нь Бэсүдэй гэнэ. Бэсүд овогтон болов. Чаужин өртэгэй зургаан хөвүүнтэй. Нэр Оронар, Хонхотан, Арулад, Сөнид, Хабтурхас, Хэнигис гэдэг бөгөөд ийм овогтон болов.
48 Тумбинай сэцэнийн хөвүүн Хабул хаан, Сэмсэчүлэ хоёр бүлгээ. Сэмсэчүлийн хөвүүн Бүлтэчү баатар бүлгээ. Хабул хаан долоон хөвүүнтэй. Тэдний нэр нь Охинбархаг, Бартан баатар, Хутугту монхор, Хутула хаан, Хулан, Хадаан, Тодойн отчигин гэнэ.
49. Охинбархагийн хөвүүн Хутугту Жүрхи бүлгээ. Хутугту Жүрхийн хөвүүд Сачи бэхи, Тайчу хоёр бүлгээ. Тэд жүрхи овогтон болов.

50. Бартан баатрын хөвүүд Мэнгитү хиан, Нэгүн (уучлаарай!!!монголоор э үсэг гээж, буруу бичжээ.) тайж, Есүхэй баатар, Даридай отчигин дөрөв бүлгээ. Хутугту монхорын хөвүүн Бүри бөх. Онон мөрний шугуйд хуримлахад  Чингисийн дүү Бэлгүтэйн мөрийг тэр тас цавчсан бүлгээ.

51. Хутула хааны хөвүүн Зүчи, Хирмау, Алтан гурав бүлгээ. Хулан баатрын хөвүүн Их Чэрэн. Их Чэрэнгийн боол Бадай, Хишиглиг хоёр Чингисийн үед дархадын ноёд болов. Хадаан, Тодойн хоёр үргүй бүлгээ.