3.28.2020

Уйгурын хожуу хаант улсын Пангуань Дэли (789-790) болон Фэнчэн (790-795) хаад


789 онд Тун Бага хааныг нас барахад түүний хүү Пангуань Дэли цолтойгоор сууринд өргөмжлөгдөв. Түүнийг бас Долосы хаан гэж нэрлэсэн байдаг. 789 оны 12 сард Тангийн Дэцзун хаан Го Фэн-г Уйгурт илгээж шинэ хаанд Лонму Миши Цзюйду Бицзя Чжунчжэнь хаан цол өргөмжилсөн бичиг явуулжээ.790 оны 3 сард Уйгурууд Тан улсад хариу элч илгээсэн байна. Элч нарт Тан улс 300000 хэсэг торгыг адуугаар арилжихаар өгчээ. 

Энэ үед Төвдүүд Шато аймгийн тусламжтайгаар Тан улсын баруун хойд хязгаарын Бэйтин хотод халдав. Жанжин сайд Ян Сигу цэргээ авч Чичжоу хот руу зугтсан тул Бэйтин эзлэгджээ. Уйгурын хэдэн түмэн хүчирхэг цэрэг Бэйтинийг авахаар тулалдсан боловч төвдүүдэд гуравны хоёр нь хядагдлаа. Карлукууд Шэньтучуань-ийг эзлэв. Уйгур аймгууд дайжиж урагш зугтжээ.

790 онд их хатан Е гүнж Пангуань Дэли хаанд хор өгч хөнөөв. Хатан Пүгү Хуайэнь-ий ач охин байлаа. Пүгү Хуайэнь-ий хүү Уйгурын еху (ябгу) байсан учраас түүний охиныг тийнхүү Е хатан гэж нэрийджээ. Пангуань Дэли хааны дүү ширээнд суув. Ихэс сайд нар ордныхонтой нийлэн шинэ хааныг бас хороов. 790 оны сүүлээр Даби Тан улсад очиж насан бага Ачжо хаан ширээнд сууж байгааг мэдэгджээ.

Фэнчэн хаан 791 оны 2 сард Тан улсад элч илгээжээ. Дэцзун хаан Юй Шэнь-ийг илгээж хаан өргөмжилсөн бичиг хүргүүлэв. Мөн оны 6 сард Фэнчэн хаан Люйчжы Тарканыг илгээж 758 онд Хар балгасанд очсон Нинго гүнж нас барсныг дуулгав. Гүнж сүүлд Уйгурын хааны ордноос гарч тусдаа аж төрж байжээ. 2 хүү төрүүлснийг нь Тун Бага хаан хороожээ. Дэцзун хаан Нинго гүнжийн нас барсны учир гашуудал зарлав.
9 сард Фэнчэн хаан Тангийн ордонд элч илгээж Бэйтинд олзолсон төвд, карлук хүмүүс бас амьтан бэлэглэв. 10 сард мөн Линчжоу-гаас олзолсон төвдүүдийг Тангийн ордонд хүргүүлжээ. 792 оны 1 сард Уйгур захирагч сайд Шачжи олзолсон төвд ноён Шанцзешинг Чананьд Дэцзун хаанд бэлэг болгов өгөв. 792 оны 4,5-р сад Фэнчэн хаан Тангийн ордон луу элч илгээхэд аль нэгэнд нь Яклакар Лин байлцжээ. Лин угтаа Люй хэмээх хятад хүн байсан бөгөөд Уйгурын хааны ордонд хүмүүжжээ. Тиймээс Яклакар удмын нэрийг зүүх болсон байна. Дэцзун хаан түүнийг дээд албан тушаалд томилж төрдөө хэрэглэжээ.

793 оны 10 сард Фэнчэн хаан Тангийн ордонд элч мордуулав. 795 оны эхээр Уйгурын элч Тан улсад ирж Фэнчэн хаан таалал төгссөнийг мэдэгджээ. Дэцзун хаан гашуудал зарлав. Фэнчэн хаан үргүй бөлгөө.
“Монголын эртний түүх”
 

3.26.2020

Хожуу Уйгарын хаант улсын Тун Бага хаан


780 оны 7 сард Дэцзун хаан Юань Сю-г Хар Балгас руу илгээж Тун Бага-ийг Уйгурын хаан болсныг хүлээн зөвшөөрч Чэнгүн хаан цол өргөжээ. Урьд нь согдуудын заавар зөвлөгөөг дагадаг байсан Уйгурын төр одоо шинэ хааны үед тэднийг дайсагнан үзэх болжээ.

Уйгур согдууд хятадад хөлтэй их худалдаа хийж хөлжин, Чананьд хятад хувцас өмсөн хятад эхнэр авч гоёмсог орд харш бариулан тухлаг аж төрөх болж. Үүнийг таслан зогсоохын тулд 779 онд Тангийн төр уйгур, согд хүмүүсийг хятад хувцас өмсөхийг хориглон, Тудун зэрэг харийнхныг Чанаь-аас эд хөрөнгөө аван Хар балгас руу даруй явахыг шаарджээ.

Тудун ноён уйгур согд худаалчдын хамт аяны олон уут тэмээнд тээж нутаг буцах замдаа Чжэнь-у-д 3 сар саатжээ. Цэргийн ноён Чжан Гуаншэн, Тудун уутандаа хүүхэн авч явааг нууцаар мэдээд, өртөөний даамлыг явуулан шөнө уутнуудыг шөвгөөр хатгаж байж сая үнэмшсэн байна. Эдгээр хүүхнүүд уйгур, согд худалдаачдын эхнэр бас татварууд байсан бөгөөд тэд нөхрүүдээсээ салах хүсэлгүй байсны дээр хятадын төрөөс тэднийг хил давахыг хориглосон байсан тул Хар балгас хүрэх замд үүнээс өөр арга байсангүй. Тун Бага хаан ширээнд суумагцаа олон согд худалдаачдыг хороосон гэж сонссон согд худалдаачид буцаж зүрхлэлгүй ийн Чжэнь-у-д удаан саатжээ.
Чжан Гуаншэн Тудун нарыг Чжэнь-у хотыг эзлэхээр завдсан хэмээн хилс хэрэг тулган хороож хэдэн мянган тэмээ адууг нь хураан авав. 780 онд Тангийн хаан нэгэн тайганыг Уйгурын элч Юй Тарканы хамт илгээн Тудун-ы үхсэн шалтгааныг өөрсдийнхөөрөө тайлбарлаж харилцаагаа тасалжээ. 782 онд Юань Сю 3 хүний хамт хааныхаа зарлигаар Тудун-ы чандрыг Хар балгасанд авчрав. Тудун нь Тун Бага хааны авгын талын хүн байсан тул Тун Бага элчийг маш хүйтэн хөндий хүлээн авч, хараахан алсангүй. Юань Сю нар Тун Бага хааны ордонд 50 хоносон боловч хааныг ер харсангүй. Тун Бага хаан Дэцзун хаанаас Тудунгийн амины төлөөс нэхжээ.

782 онд Тун Бага хаан Канчишинь нарын 14 элчийг Юань Сю-гийн хамт Тан улс руу илгээсэн ба тэд 8 сард ордонд хүрээд  Дэцзун хаанд Тун Бага хааны шаардлагыг уламжилсанд Тудун-ы амины төлбөр төлөхийг дурамжхан зөвшөөрчээ.
Жилийн дараа 783 онд Тун Бага хаан Тан улсад элч илгээж ураг барилдах тухай асуув. Сайд Ли Ми, Дэцзун хааны ятгаж Уйгурууд дараах болзлыг биелүүлбэл ураг барилдье гэж хэлүүлсэн байна. Үүнд түрэгийн хаан шиг хараат гэдгээ зөвшөөрөх, Уйгураас Тан улсад 200-аас доошгүй элч илгээх, Тан улсад авчрах адууг 1000-аас үл хэтрүүлэх, хятад хүнийг Тангийн хилээс гадагш аваачихгүй байх зэрэг болзлууд байлаа.

787 онд Тун Бага Бэгчур Таркан, Долань, Хэцюэ Таркан нарыг Тан улсад илгээж дахин ураг барилдах тухай асуулгажээ. Хэцюэ Таркан Тун Бага хаанд үзүүлэхээр Сянь Ань гүнжийн зургийг олж авчээ. 10 сард Уйгурын элч нутаг буцав. 788 оны 2 сард Юйчжи Таркан Тан улсад одож ураг барилдах болсонд талархал илэрхийлсэн нь Уйгурууд Тан улсын болзлыг хүлээн зөршөөрсөн бололтой.

Тун Бага хаан 788 онд седе аймгийн захирагч жанжны удирдсан 1000 илүү хүнтэй элчийг Тан улсад илгээв. Тэдний дотор хааны эгч Кутлук Билгэ гүнж, ноёдын 50 хатан байжээ. Эд нар 2000-3000 адуу тууж аваачсан байна. Уг элч нар Чанань-д хүрэхээс өмнө Чжэнь-у-д шивэй нарт дээрэмдүүлж, элчийн тэргүүн болон өөр олон хүн алуулжээ. Үлдсэн 700 хүн 788 оны 11 сарын 16-нд Чанань-д хүрч очсонд тэднээс зөвхөн удирдагчдыг нь хотод орохыг зөвшөөрч бусдыг нь Хун-лу-д буулгав. Эзэн хаан элч нарыг 21-нд хүлээн авч, 23-нд Тун Бага хааны эгчийг хүндэтгэн ёслол үйлдэж уйгуруудад бэлэг өгөв. Элч нарын авч очсон Тун Бага хааны захидалд Тангийн эзэн хааныг гүнээ хүндэтгэж байгаагаа илэрхийлээд Түвэдтэй тулалдах, мөн Уйгурын нэрийг хятадаар Хуйхэ гэдгийг Хуйху болгон өөрчлөх зөвшөөрөл хүссэн байжээ. Уйгурууд тулаанд шонхор мэт довтолдог тул “ху” буюу “шонхор” хэмээх утга үсгийг “Хуй”-гийн ард бичин “Хуйху”хэмээдэг болгохыг дурьджээ. Дэцзун хаан хүсэлтийг ёсоор болгов.

788 оны 11 сарын 28-нд Сянь Ань гүнжийг Тун Бага хааны хатан хатан болгох зарлиг буув. Гэвч 789 онд Уйгурууд Тангийн ордонд элч илгээж Тун Бага хаан таалал төгссөнийг мэдэгдсэн байна. 789 оны 12 сарын 23-нд Дэцзун хаан уг мэдээг сонсоод гашуудал үйлдэв.   
“Монголын эртний түүх”

3.21.2020

Хожуу Уйгурын хаант улсын Бөгү хаан (759-779)


Баянчур хааны хүү Идицзянь буюу Бөгү (Моуюй) аавынхаа суурийг Тэнгэр цолтойгоор залгав. Тэнгэр хааны төр барьсан жилүүдэд Уйгур улс хүчирхэгжлийнхээ туульд хүрсэн байна. Тэнгэр хаан Пүгү Хуайэнь-ий охиныг хатнаа болгожээ. Тэр охиныг талийгаач хаан эцэг Баянчур гуйж байсан тул Тангийн хаан ёсоор болгожээ. Бөгү хаан уламжлал ёсоор Хятад лугаа элчин харилцааг үргэлжлүүлж байв.

Шы Сыминий хүү Шы Чао-и-гийн бослого дарагдаагүй хэвээр байсан тул Дайцзун хаан ширээнд суумагцаа 762 оны 9 сард тайган Лю Цинтань-ийг Бөгү хаанд илгээж цэрэг илгээхийг гуйжээ. Тангийн шинэ хааны анхны элчийг Бөгү хааны ордонд ирэхээс өмнө Шы Чао-и “Тан улс үлэмж хохирол үзэн хаангүй болоод үймээн самуун дэгдсэн тул Бөгү хаан хятадад очиж улсын эрдэнэсийг нь булааж авах хэрэгтэй” хэмээсэн мэдээ ирүүлсэн байлаа.

Бөгү хаан цэргээ өмнө зүгт аваачин байрлуулж Тан улсын өр зүрх болсон Чанань хот руу гэнэтийн довтолгоо хийхэд бэлтгэж байв. Дайцзун хааны элч Лю Цинтань 762 оны 10 сард Бөгү хаанд бараалхахад хаан элчийг илэрхий доршоож “Тан улс мөхсөн гэсэн. Юун элч хаанаас ирээ вэ?” гэж тавлан асууж байжээ. Цинтань эргэлзэлгүй тэр доор нь хаандаа элч илгээж “Бөгү хаан хятадыг дайлахаар төлөвлөж байна” гэсэн түгшүүрт мэдээ хүргүүллээ.

Тэр үед Уйгурууд хэдийн хил нэвтэрч Тангийн 3 хотод ороод байлаа. Хятадын доройг илт мэдэх болсон Уйгурууд энэ удаа илүү зоримог алхам хийн Бөгү хаан өөрөө Тан улсын гүн рүү биеэр цэрэглэн мордсон байна. Бөгү хааны ордонд байсан элч Лю Цинтань Уйгурын 100000 цэрэг Тангийн хил рүү мордсон хэмээх нууц мэдээлэл Тангийн төрийг айдаст автуулан 762 оны 9 сард түшмэл Яо Цзы-г илгээж Уйгуруудыг танадахыг даалгажээ. Дайцзун хаан хэрэг явдал маш ноцтой болсныг мэдээд Бөгү хааныг ятгуулахаар хадам эцэг Пүгү Хуайэнь-ийг илгээв. Энэ нь Тангийн талд нааштайгаар эргэж Бөгү хаан тусгай элчийг мордуулан Тан улсад тусалж бослогыг дарахаа амлажээ.

Дайцзун хаан хожим хаан ширээ залгамжилсан Юн ванг Тангийн цэргийн щрөнхий захирагчаар томилов. Яо Цзы-г цэргийн захирагч болгон дэвшүүлжээ. Уйгурын цэрэг Лоян хотыг босогчдоос чөлөөлөхөөр дорно зүгт Шаньчжоу хот руу Тангийн цэргийн хамт хөдлөн хотын хойд талд нуувчинд байрласан байна. Түүний дараа Уйгурын зүүн шад, Пүгү Хуайэнь-ий хамт давшив. Зүүн шад Шы Чао-гийн туршуулыг барьж Дайцзун хаанд хүргүүлж, 11 сарын 20-нд Уйгур Тангийн цэргүүд Лоян хотыг босогчдоос чөлөөлсөн байна. Маш их хүн үрэгдсэн гэдэг. Нэгэн сурвалжид босогчид 60000 хүнээ алуулж, 20000 хүнээ олзлуулсан гэжээ.

Бөгү хаан Шар мөрний эрэгт бууж 3 сар суув. Энэ хугацаанд тэр хавийн ард иргэд уйгуруудын дээрэм тонуулд машид нэрвэгдэн зовсон байна. Бөгү хааны цэрэг Пүгү Чан-гийн хамт Шы Чао-и лугаа үргэлжлүүлэн тулалдаж 2000 ли газар цус урсгав. Эцэст нь бослогын жанжин Хуайсянь Шы Чао-и-гийн толгойг авснаар Хэбэй муж түвшин амгалан болж, 7 жил үргэлжилсэн Хятадын дайн самууныг Бөгү хааны Уйгурууд эцэс болгожээ.

765 оны зун Пүгү Хуайэнь Тан улсын эсрэг бослого гаргав. Тэрээр Хятадыг дайлуулахаар Уйгур, Түвэдийг ятгаж байсан боловч удалгүй нас баржээ. 765 оны намар Бөгү хааны дүү тутук цолтой Хэ Хулу, Пүгү Хуайэний бослогыг дэмжихээр Тан улсад цэрэгтэйгээ ирээд сууж байв. Тангийн сайд Гао Цзы түүнийг Түвэдтэй байлдуулахаар ятгаж чаджээ.

Тэр үед Тангийн хаан Түвэдтэй байлдахаар их цэрэг хөдөлгөсөн байсан ба 765 оны өвөл Уйгурын цэрэг Шофаны цэргийн тойргийн захирагч Бай Юаньгуан-ий цэрэгтэй Линтай-д нэгдэв. Цас бужигнан тэнгэр харанхуйлсан тул Түвэдийн цэрэг хүрээгээ хаагаад сэрэмжгүй байх үед нь Уйгур Тангийн цэрэг дайран орж, 50000 хүнийг цавчин хаяж, 10000 хүнийг олзолжээ. Мөн адуу, тэмээ, үхэр, хонь олныг хураан авав. Түвэдийн олзонд байсан 5000 хятад өрхийг чөлөөлсөн байна. Пүгү Хуайэний ач Пүгү Минчэнь дагаар оржээ.

768 оны 8 сард Уйгурын элч Тан улсад ирж Бөгү хааны хатан таалал төгссөнийг мэдэгдсэнд Тангийн хаан тэр даруй Сяо Шинь тэргүүтэй элч нарыг гашуудал илэрхийлүүлэхээр илгээв. 769 онд Дайцзун хаан Пүгү Хуайэний өөр нэг нас бага охин Чунвэй гүнжийг Бөгү хааны хатан болгох зарлиг буулгажээ. Пүгү бэрийг хүргэх элч Ли Хань-д 20000 хэсэг торго өгч 769 оны 7 сард сайд нар аян замд үджээ. Тэр үед ужиг дайн самууны дараа Тан улсын албан татвар замын зардалд хүрэлцэхгүй байлаа. Дээд түшмэд аянд тэмээ унаж явахаас аргагүй болжээ. Ли Хань нар Хар балгасанд очиход Уйгурууд мөн л адуу худалдан авах үнээ нэмэх шаардлага тавьжээ. Ли Хань сүрдээд шантарсан байна. Харин түүний туслагч Дун Цзинь тэднээс юу ч авахгүй хэмээн бат зогссоноор дипломат ялалт байгуулан уйгуруудаас хүндлэл хүлээж чаджээ.
770-774 онуудад Бөгү хаан Тан улсад жил дараалан элч илгээж байв. Дайцзун хаан элч нарын шахалтаар Уйгурын элч нарын нэг удаа аваачсан 10000 адуунаас 6000-ыг л худалдан авч байх зарлиг буулгахаас аргагүйд хүрчээ.

778 онд Уйгарууд Дуншин-ыг довтолж Тайюаньд цөмрөн орсонд Хэдунь-гийн цэргийн захирагч Янцюй-н дэргэд тулалдаад 10000 цэргээ алуулж бүрэн ялагджээ. Дайчжоу-гийн цэргийн захирагч Чжан Гуаншэн Ян Ху Гу хөндийд уйгуруудыг ялж хойш буцаав. Тэр онд Тан улсын Дайцзун хаан таалал төгсөж, Дэцзун хаан ширээнд суужээ.
779 онд Дэцзун хаан Лян Вэньсю-г Уйгурт илгээж Дайцзун хаан таалал төгссөнийг дуулган хоёр улсын харилцааг сайжруулахыг дуртгажээ. Бөгү хаан Тангийн шинэ хааны зарлиг хүлээн авахдаа элчид ёслохоос татгалзсанбайна. Тэр үед согдууд Бөгү хааныг Тан улсыг гашуудалтай байхад нь довтлохыг ятгаснаар хаан бүх цэргээ хил дээр төвлөрүүлэхээр шийдэв. Сайд Дуньмохэ дагань (Тун Бага Таркан ) холын аян Уйгур улсыг доройтуулах тул аянд гарахаас татгалзах нь зүйтэй хэмээсэн боловч Бөгү хаан түүний үгийг хүлээн авсангүй. Тун Бага хилэгнэн хааныг довтолж хороосон гэх боловч зарим сурвалжид түүнийг хятадаас хахууль авсан тул ийнхүү үйлдсэн гэдэг. Ямар боловч тэр Бөгү хааныг хороогоод зогссонгүй хааны шадар зөвлөгч 2000 орчим согд хүнийг хөнөөж, өөрийгөө Хэгу Дулу Бицзя (Билгэ) хаан өргөмжлөв.
“Монголын эртний түүх”

3.15.2020

Уйгурын хожуу хаант улсын Баянчур хаан


Уйгур улсыг үндэслэгч Кутлук Билгэ Күл (Гули Пэйло) хаан 747 онд нас барсны дараа хүү Баянчур нь хаан сууринд суув.

Баянчур шууд хаан болсонгүй, түүнтэй хаан ширээ булаалдагч гарч иржээ. Тэсийн бичээст “Уйгур улсад хаан хоёр болов. Гэхдээ нэгэн нь хуурамч хаан байжээ” гэсэн товч мэдээ гарна. Тэр хуурамч хаан бол Байырку аймгийн тэргүүн Уйгурын ябгу Тай Билгэ тутук байлаа. Сурвалжид “ Тай Билгэ тутук өшилсний учир, ганц хоёр язгууртан өшилсний учир.. гэж тэмдэглэж үлдээсэн нь Тай Билгэ тутук Баянчуртай хаан ширээний төлөө тэмцэлдэж байсныг гэрчилж байна. Ингээд Тай Билгэ тутук есөн татар, огузын зарим аймгийг багтаасан шинэ эвсэл байгуулж Баянчуртай дайтаж эхэлжээ.

Баянчурын талд арван уйгур, эдиз, буку, тонра гэсэн долоо найман аймаг, Тай Билгэ тутукын талд Байырку, есөн татар зогсож байв. Тэд бэлтгэлээ базааж байгаад 748 оны дунд үеэс байлдаж эхэлжээ. Эхний тулалдаан 748 оны 6 сард Сэлэнгийн сав Шып толгойд болжээ. Тай Билгэ тутукын байырку аймаг дангаараа Уйгуртай байлджээ. Дараа нь 9 сард Чыгылтыр нууранд Уйгуртай хоёр ч удаа тулалджээ.

Дараагийн тулаанд байыку нартай есөн татар хүч хавсарч Туулын Бөхөгийн голд болон Хараагийн голд  749 оны 3-4 сард гурвантаа зэвсэг зөрүүлсэн байдаг. Харин дангаараа есөн татарчууд 749 оны 9 сард Багануурын Сайр хээрийн эхэнд Хэрлэнгийн Гурван Бүрх голд Уйгуртай тулалджээ. Үүнээс хойш 751 оны 5 сард есөн татарчууд мөн дангаараа Уйгуртай тулалдсан мэдээ байдаг. Учир нь Байырку аймгийн тэргүүн Тай Билгэ тутук Уйгарт ялагдаад 749 оны 11 сард Тангийн баруун нийслэл Чанань хотод очиж Тан улсыг дагажээ.

Баянчур хаан эцгийнхээ ор сууринд 750 онд л бүрэн суужээ. Тай Билгэ тутукын эвслээс байырку нарыг буулган авсаны дараа Баянчур хаан улсдаа шинэчлэл хийж өөрийн хөвгүүдээ ябгу болгон барун, зүүн гарыг захируулав.

752 онд баруун хойш Хэм Хэмчигийн зүг аялж чик аймгийг дагуулав. Тэр ондоо Тэсийн эхэнд ордоо байгуулж, хэрэм бариад гэрэлт хөшөө босгожээ. 753 онд улсын төвөөс баруун хойд зүгт одоогоор байршил нь тодорхойгүй хоёр голын бэлчирт зусаж хана хэрэм, орд өргөөгөө бариулж мөн гэрэлт хөшөө босгосон байна.

754 оны зун Өтүгэнд буюу Хангай нурууны төвд ордоо буулгаж мөн хана хэрэм босгож, гэрэлт хөшөө босгож, өөртөө “Тэнгэрээс болгоосон улсыг хураасан Билгэ хаан цол” хатандаа “Улсын Билгэт хатан” цол өргөжээ.

755 онд Баянчур хаан илдний үзүүрийг өмнө зүг чиглүүлж, гурван карлукыг дарах аянд мордож, Булчу хэмээх голд карлукыг бутцохилоо. Тэндээс Хэм Хэмчиг нутгийг тохинуулахаар яаран буцаж Тэсийн хэрмэндээ зусчээ. Түүний хойно Орхон Жирмантайн бэлчирт улсын өргөөгөө байгуулав. Энэ бол Уйгур улсын дотоод хөдөлгөөн намжиж улсын голоо төвлөн сууж, хятадын Тан улстай идэвхтэй харилцах боломж бүрдснийг  харуулж байна.  Үнэхээр ч Баянчур хааны гэрэлт хөшөөний бичээст хонин жилээс (755) эхэлж “табгач хаан” буюу Тан улсын хаан хэмээн дурьдагдаж эхэлдэг.

Тэрээр хаан эцгийнхээ Тан улстай харилцаж байсан бодлогыг амжилттай үргэлжлүүлж 750-755 оны хооронд Тан улс руу жил бүр элч илгээсэн байна. 756 онд Суцзун хаан ширээнд суухад Баянчур хааны элч очиж Ань Лушаны бослогыг дарахад оролцуулахыг хүссэн мэдээ байдаг. 756 оны 10 сард Суцзун хаан Ли Чэнцай, Ши Динфань тэргүүтэй элчийг Уйгур улс руу зарж Тан улсын хэд хэдэн мужид тархаад байгаа Ань Лушаний бослогыг дарахад туслахыг хүссэн байна.

Ань Лушань бол согд эцэгтэй, түрэг эхтэй нүүдэлчин угсааны хүн байв. Тан улсын хил дээр цэргийн алба хааж байсан тэрбээр 736 онд хороо цэргээ авч Хятан нартай байлдаад ялагдан үхэх ял авсан боловч эзэн хааны өршөөлийг хүртсэн гэдэг. 741 онд ордныхныг хахуульдаж Инчжоугийн цэргийн тойргийн захирагч болсон ба яваандаа Тан улсын хилийн цэргийн 3 тойргийг мэдэх болсон Ань Лушань 755 онд 32 өндөр албан тушаалд хятад бус хүнийг тавьжээ.  Улмаар Ань Лушань хааны ордноос 22 хятад бус цэргийн даргатай 6000 цэргийг, хангах 3000 адууны хамт өгөхийг хүссэн байна. Эзэн хаан сая л буруу зүйл хийснээ ухаарч адуу илгээхийг хориглосон зарлигийг өөрийн мутраар бичсэн боловч нэгэнт оройтож Ань Лушань Тан улсыг донсолгосон алдарт бослогоо эхлүүлсэн байлаа. 756 оны сүүлээр Ань Лушань хязгаарын болон хилийн чанадын 150000 хүнтэй их цэргийг удирдан нийслэл хот руу хөдөлжээ. 757 онд тэрбээр өөрийгөө хаанд өргөмжилсөн байна. Түүний зөвлөх түрэг гаралт Ашина Чэнцин байв.

Хэрэв Ань Лушань хүчирхэгжиж Тан улсыг самрахдаа хүрвэл хятадад зугтаж очсон түрэг язгууртнууд толгой өндийхөөр барахгүй шинэ тулгар Уйгур улсыг сөнөөхийг эрмэлзэх нь гарцаагүй байлаа. Тиймээс Баянчур хаан Тан улсад туслахаар шийджээ.
Баянчур хаан өөрийн биеэр цэрэг авч очин Шофаны захирагч Го Цзы-и лугаа нэгдэж Шар мөрний дэргэд тунра нарыг бутцохив. Тэндээс 756 оны 12 сард Го Цзы-и-гийн хамт Хунь Янь Гу нэрт хөндийд буужээ.

757 оны 2 сард Баянчур хаан их жанжин Долань тэргүүтэй 15 хүнийг Ань Лушаний бослогыг дарахад туслуулахаар илгээв. Мөн оны сүүлээр Уйгурын хаан ширээ залгамжлах ханхүү Еху, жанжин Дидэ нар 4000 цэрэгтэйгээр бас л бослогыг даралцахаар Тан улсад очжээ.

Тулаан эхлэхийн өмнө 757 оны 10 сард Фуфэнд Го Цзы-и Уйгурын Эху нарыг 3 өдөр ихэд дайлан найрлажээ. Тулааны өдөр болоход хоёр улсын жанжин нар Фэнгуй голын дэргэд цэргээ засав. Босогчид гэнэдүүлэн дайрахын тулд морьт цэргээ Тангийн цэргийн зүүн талд бүгүүлэв.  Пүгү Хуайэнь Уйгурын морьт цэргийн хамт босогчдын бүгсэн цэргийг илрүүлж цавчин хядаж, босогчдын ар талд нэвтрэн Бэйтингийн захирагч Ли Сые-г ар өврөөс нь цохилоо. Еху ханхүү нүүдэлчдийн дайтах урлагийг эцэг шигээ чадварлаг эзэмшсэн хашир жанжин гэдгээ харуулан эхлээд Чюйво-д ирснийхээ адилаар Бишитубо Пэйло ноёныг илгээж өмнөд уулсын хажуугаар зүүн зүг явуулан уулын хөндийд бүгсэн цэргүүдийг устгуулжээ. Гао Цзы босогчидтой тулалдаж эхэлсэн боловч удалгүй сандран ухарлаа. Үүнийг анзаарсан Уйгурууд тэр дороо баруун уулсыг давж, туг хиуруудаа дэлгэж босогчдын ар талыг эрчтэйгээр цохив. Босогчид эргэн хараад ихэд балмагдлаа. Босогчдыг хэдэн ли газар элдэн хөөв. Ийнхүү Тан улс Уйгурын цэргийн тусламжтайгаар бослогын цэргийг бутцохиж, Ань Лушаний хүү Ань Цинсюй-н удирдсан цэргийг Чанань, Лоян хотуудаас хөөн гаргажээ. Уйгурууд ялан дийлснийхээ хариуд Лоян хотыг 3 өдрийн турш тоножээ.

Баянчур хаан Сэлэнгийн хөвөөнөө өнөөгийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт орших Бай-Балык буюу  “Баян балгас” хотыг согд табгачуудад зориулан барьж өгөв гэсэн мэдээ байдаг. Энэ нь Ань Лушаний босгыг дарсных нь хариу шагнал бололтой. Бай балыкын тухай мэдээ 757 оны үйл явдлаас хойш гарч эхэлдэг.

Баянчур хаан амласнаа биелүлж Тангийн дотоод бослогыг дарж өгсөн тул энх ургийн гэрээг хийж болно гэж үзээд 758 оны 6 сард Дохай Апа тэргүүтэй 80 хүнтэй элчийг Тан улс илгээн, 2 жилийн өмнө бүтэлгүйтсэн саналаа дахин уламжилжээ. Тангийн хаан гүнжээ Уйгурт өгье гэсэн боловч түшмэдүүдтэйгээ зөрөлдөн, зарлигаа буулгалгүй Уйгурын элчийг 40 хоног хүлээлгэв. Гэвч хаант төр босогчдоос 2 нийслэлээ эргүүлэн авсан ч бослого бүрэн дарагдаагүй, Уйгурын болзлыг хүлээн авахгүй бол эргээд бүр ч доор байдалд орж мэднэ гэж үзээд Суцзун хаан Дохай Апа-г цолоор шагнаж, насан бага Нинго гүнжийг Баянчур хаанд хатан болгох зарлиг буулгажээ.

Ли Юй тэргүүтэй элч гүнжийг хамгаалан явж Уйгурын хааны ордонд хүргэхээр 758 оны 9 сард Чанань-аас хөдлөв. Суцзун хаан гүнжээ Сяньян хүртэл дагаж гүнжийн сэтгэлийг хэдэнтээ аргаджээ. Гүнж “одоо манай улс гэр маш түгшүүртэй боллоо. Үхэхэд эргэлзэх зүйл алга” гэж нулимс унаган өгүүлжээ. Элчийн ирэхэд Баянчур хаан түрэг малгай, улаан дээл өмсөөд гэрт сууж байжээ. Ли Юй вангийн гардуулсан бэлэг сэлтийг бүгдийг нь Баячур хаан доод хүмүүстээ тарааж өгөөд буцахад нь Суцзун хаанд 500 адуу, булганы арьс, нарийн цагаан ноосон нэхмэл зэрэг бэлгийг хүргүүлжээ. Санасандаа хүрсэн Баянчур хаан 757 сүүлээр Гучжо Дэлэ (Күлчур Тегин), сайд Дидэ нарын удирдсан 3000 цэргийг Хятад руу бүрэн дарагдаагүй бослогыг дарахад туслуулахаар илгээлээ. 10 сард Баянчур хаан Кай жанжныг 3 хатагтайн хамт илгээж, гүнжтэй ураглуулсанд талархлаа илэрхийлэв. Мөн Хиргис лүгээ дайтаж ялсан тухай мэдээ хүргүүлжээ.

759 оны 4 сард Күлчур тегин Тангийн цэргийн 9 захирагч лугаа нэгдэж босогчидтой тулалдсан ч нэгдсэн удирдлага, зохион байгуулалт муугаас болж ялагдан Чанань руу зугтжээ. Босогчдын хашир жанжин Шы Сымин 2 жилийн өмнө үхсэн Ань Лушаний мулгуу хүү Ань Цинсюй-г хороож 5 сард өөрийгөө хаан хэмээн зарлав. Уйгур цэргүүд амжилтгүй байлдсан ч Тангийн хаан хожмоо бодон бүгдэд нь зэрэг дэв, бэлэг сэлт шагнажээ.

Баянчур хаан 759 оны зун нас нөгчив. Хаан юугаа хальсан мэдээг Тангийн ордонд 7 сарын 10-нд Уйгурын элч хүргэсэн байна. Суцзун хаан гашуудал зарлав. Уйгурын хааны ордныхон Нинго гүнжийг нөгчөөж хаандаа дагалдуулан оршуулахыг завдав. Гүнж “ Дундад  улсад хүргэн өнгөрвөөс эхнэр 3 жилийн турш өглөө үдэш авсных нь дэргэд байдаг ёстой. Түүгээр ёс гүйцдэг... Тиймээс би хааныг дагалдан одох шаардлагагүй” гэснээр амь хэлтэрчээ. Хэдий амь гарсан боловч Уйгурын заншлаар нүүрээ эсгэн уйлж, улаан харыг хамтад нь урсган гашуудах ёслол хийв. Гүнж талийгаач хаанаас хүүхэдгүй үлджээ. 8 сарын 27 нд Нинго гүнж улсдаа буцав.
“Монголын эртний түүх”     

3.07.2020

Хүний гараар бүтсэн хиймэл хүрхрээ

Улиастай хотоос зүүн тийш 40 орчим км-т өвөрмөц шийдэлтэй бага оворын УЦС бий. Цахилгаан станцын хиймэл нууранд хуримтлагдсан ус нь хальж Богдын голын нэгэн өндөр хясаан дээрээс унаснаар хүрхрээ болон бууж байгалийн нэгэн үзэсгэлэнг бүрдүүлжээ.
Богдын голын УЦС 2 мегават хүчин чадлаар зундаа Улиастай хотыг эрчим хүчээр хангах бөгөөд анх 1994 онд монгол инженерүүд санаачлан барьж, 2005 онд Германы тусламжаар сайжруулан шинэчилжээ.
Завхан аймаг Алдархаан сум

3.06.2020

Заг Бадрагийн хүрэн бэлчир

Монголын түүхтэй хэд хэдэн сэжмээр холбогдох түүхэн газар.
"Монголын нууц товчоо"-ны 159. Тэндээс Чингис хаан, Ван хан хоёр буцаж ирэхэд найманы Хүгсэү сабраг баатар Байдраг голын бэлчирт цэрэг засаж байлдахаар тосч байсан ажээ. Чингис хаан, Ван хан хоёр мөн байлдахаар цэргээ засаж иртэл нэгэнт үдэш болсон тул маргааш байлдъя гэж засацгааж хонов. Гэтэл шөнийн цагаар Ван хан буусан газартаа гал түлж орхиод Хар сүүл голыг өгсөн хөдөлжээ.
Мөн 1686 онд Заг Байдрагийн Хүрэн бэлчирт Халхын ноёдын чуулган хуралдсан. Чуулганы зорилго нь Халхын баруун, зүүн гарын ноёдын хооронд үүсээд байгаа зөрчлийг намжааж эвлэрүүлэхэд чиглэгджээ.
Тус чуулганд Далай ламын элч Галдан хийдийн ширээт гавж, Энх-Амгалан хааны элч эрхэлсэн сайд Арнай, Түшээт хан Чахундорж, Өндөр гэгээн, Сэцэн хан Норов, Засагт хан Шар, Сайн ноёны Шамба засаг, Түшээт ханы дүү Сэдшир бэйл, Засагт ханы төрлийн тайж Саран ахай нарын зэрэг нэр нөлөө бүхий ноёд оролцжээ. Мөн чуулганд Галдан бошгот төлөөний ажиглагчаар оролцуулсан байна.
Баянхонгор аймаг Заг сум

3.04.2020

Тарвага

Тарвага нь Хэрэмнийхэн овгийн мэрэгч юм. Тарваганы төрөлд нийт 14 зүйлийн тарвага багтана. Эдгээрээс Монгол Улсад Алтайн тарвага буюу хар тарвага, хээрийн тарвага буюу шар тарвага гэсэн хоёр зүйлийн тарвага байдаг. Цаг агаарын хүнд хомс байдлыг ичиж өнгөрөөнө. Ичээндээ голдуу бүлээрээ байдаг.
Баянхонгор аймаг Заг сум

Өвөгт тогоруу

Монгол оронд бүртгэгдсэн тогоруунууд дундаас өвөгт тогоруу биеэр хамгийн жижиг нь бөгөөд тэд Монголоос нисч Гималайн уулсыг даван Энэтхэгт өвөлждөг байна.
Богдын голын эрэг
Завхан аймаг Алдархаан сум

Улиастай хот

1733 онд Зүүнгарын Галданцэрэнгийн цэргээс сэргийлэн “Хязгаар дахиныг тогтоогч зүүн этгээдийн туслагч жанжин”-ы газрыг байгуулсныг Улиастай хотын үүсэл гэж үздэг. Энэ нэрийг товчлог "Улиастайн жанжин"-ны газар хэмээн нэрлэгдэх болжээ.
Улиастай хотыг байгуулахтай зэрэгцэн хятадын худалдаа мөнгө хүүлэгчид Улиастайн маймаачинг бий болгосон. 1860-аад оны сүүлээс хаант Орос улсын худалдааны пүүсүүд байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Завхан аймаг Улиастай хот

3.02.2020

Монгол нутагт Уйгурын хожуу хаант улс байгуулагдсан нь


Монгол нутагт буцаж ирсэн Түрэгүүдээс зугтаж 690 онд Уйгарын хаадын удмынхан түүнийг дэмжигч хэсэг бүлэг овгууд болох Токуз огузын циби, секир, хунь зэрэг аймгийн хамт Тан улсын баруун хязгаар Хэси-гийн хонгил, Лун-ю мужийн зүгт нүүсэн билээ. Тан улсад Уйгуруудыг дагуулж ирсэн Түрүү Уйгарын хаан Дуцзечжи хаан 695 оны дундуур нас баржээ. Түүнийг залгамжилсан Фудифу-г 719 оны 9 сард үхсэн гэж сурвалжид тэмдэглэсэн байна. Фудифу Чишуй цэргийн тойргийн ахлагч байснаас гадна Хэси-гийн цэргийн захирагчийн дэс тушаалтай байжээ. Фудифугийн дараа Хэсигийн Уйгарыг Чэнцзун залгамжилж, 719 оноос 727 он хүртэл Тангийн хаанд алба хашжээ.

Сюаньцзун хааны Кайюань оны (713-741) дундуур Уйгурууд аажмаар хүчирхэгжиж Лянчжоугийн дуду Ван Цзюньчэ-г алж баруун хязгаараас Чанань ордог худалдааны гол замыг таслав. Сюаньцзун хаан тэгэхэд Го Чжи нарыг дайлаар морд гэж зарлигджээ. Уйгурууд харин ухарч Удэцзянь ууланд бэхэлж суусан байна. Тухайн үйл явдал 727 оны 9 сард болжээ.

Тангийн Ван Цзюаньчэ гэдэг түшмэл тэднийг ийн босоход хүргэжээ. Уйгур, циби, сыцзе, хунь аймаг Хэсигийн хонгилд ирсний дараа тус нутгаар Ван Цзюаньчэ аялж явжээ. Нүүдэлчид бага тушаалын түүнийг үл тоосон гэдэг. Үүнд тэрээр хорсч атгаг санаа агуулах болжээ. Хожим тушаал дэвшиж Хэсигийн амбан захирагч болоод тус нутагт сууж байсан нүүдэлчдийг буруу сэтгэх болов хэмээн гүжирдэж эхлэв. Түүний шахалт дарамт хэрээс хэтэрсэнд 4 аймгийн нүүдэлчид зөвлөлдөөд хааны ордонд гомдол гаргажээ. Шалгалт гарав. Ирээд нөхцөл байдалтай танилцахад нүүдэлчид өөрийн зөвийг баталж чадсангүй. Энэ хэрэг харин ч нэрмээс болж тэдний толгойлогч нарыг баривчилжээ. Ханхайн их тутук Уйгурын Чэнцзуныг Жанчжоу-д, Хунь аймгийн Дадэ-г Цзинчжоу-д, Хэлань-ний тутук Циби Чэнминь-ийг Тэнчжоу-д, Лушаний тутук Сыцзе Куйго-г Цюнчжоу-д тус тус цөлжээ. Уйгарын Чэнцзун цөллөгт очоод үхжээ. Оронд нь чих зөөлөн Фудинань гэгчийг томилжээ. Чэнцзун алагдснаар түүхэнд анх тэмдэглэгдсэн Уйгарын эзэн Шигянь иркиний шууд удам тасарсан бололтой. 

Гэхдээ Чэнцзуний эцгийн талын томоохон язгууртан энэ үеэс эхлэн Уйгурыг захирч эхэлсэн байна. Чэнцзунийг хөнөөсөнд эгдүүцсэн  ураг төрлийн Хошу овог аймгаа цуглуулж эхлэв. Нэгэн удаа Ван Цзюаньчэ Сучжоу дахь түвэд нар луу явж таарав. Тэгэхэд нь Хошу отож бүгж байгаад Ван Цзюньчэ-г барьж хороолоо. Дараа нь Уйгурууд Ганьчжоу хавийн газрыг эзэлж нэлээд хугацаанд эрхшээлдээ байлгаж Тан улсын баруун зүгийн орнуудын харилцааг тасалжээ. Гэвч тус бүс нутагт удаан суувал Тангийн цэрэгт цохигдох нь гарцаагүй тул Хошу, Түрэгийн Билгэ хаантай зөвшилцөж уугуул нутгаа тэмцэн Өтүгэндээ буцжээ.

Хэси нутагт гуч гаран жил нутагласан уйгуруудаа толгойлон нутагтаа ирсэн Тангийн Ханьхайн цэргийн хэргийг мэдэгч Хошу нэг их удалгүй үхжээ. Түүний орыг Гули Пэйло залгамжлав. Уйгурын ноёлох ураг түүний харъяатууд 727 онд Түрэгийн хожуу хаант улсад буцаж ирснээс хойш 739 он хүртэл ямар үйл явдал Уйгурт болж өнгөрсөн талаарх баримт мэдээ үл олдоно. Харин 739 оноос хойшхи үйл явдлыг Монгол улсын нутаг дэвсгэрээс илэрсэн Могойн шинэ ус, Тариатын бичээснээс харах боломжтой.
“Могойн шинэ усны бичээс”-т “Түрэг улсын хаан яг 50 жил хаан суусан... Түрэг улсад миний хорин зургаан настайд ... тэнд бойла... орд дахин буулаа. Есөн огуз иргэн минь цуглаж нэгдээд сонгов Күл Билгэ хаан” гэж бичжээ.

Эдгээр мөрүүд 739 онд Түрэгийн хожуу хаант улс, түүний гол харъяат аймгууд тогуз огузын түүхэнд чухал үйл явдал болсныг мэдээлж байна. Эн тэргүүнээ Түрэгийн Тэнгри хаан баруун гарын шад болох авга ахыгаа хуурч авчраад алсан билээ. Чухам хэзээ болсныг дээр дурдсан “Могойн шинэ усны бичээс” тодруулж байгаа юм. Учир нь түүхэн баримтаар токуз огузууд Түрэг улсын засаг захиргааны хуваарь ёсоор баруун гарын шадад (тардуш) багтдаг. Тэгэхээр Тэнгри хаан Түрэг улсын гол хүч болсон токуз огуз аймгуудыг захирдаг Тардушыг алсан нь эсрэгээрээ токуз огуз нарт завшаан болжээ. Завшааныг ч алдалгүй Уйгурууд өөрийн удирдагчаа сонгосон нь түрэг бичээст тэмдэглэгджээ. Гэхдээ Он уйгурын тэргүүлэгч Гули Пэйло түрэгийн Тэнгри хаанд хүчээ өгсөн хэвээр байв. Үүнийг “Тариатын бичээс”-ийн 20-р мөр гэрчилж байна. “...нэрлэв би. Могой жил хорин найман насандаа би түрэг улсын дотор будлив. Тэгээд мөхөх дөхлөө би”

741 оны 8 сард Түрэгийн зүүн гарын шад (төлис) Панькю тегин Тэнгри хааныг довтолж алсан билээ. Чухам Панькюэ тегин Түрэгийн гол орд Билгэ хааны онгон тахилын байгууламж байрлах газрыг дайлахад хааны ордонд алба хашиж байсан Моюнчур гэнэтийн довтолгоонд өртөж амиа алдах шахсанаа ийнхүү санагалзан өгүүлсэн хэрэг. Мэдээж түүнийг  аав Түрэгийн тардуш шад, тогуз огузын хаан, арван уйгурын Гули Пэйлогоос түрэгийн Тэнгри хаанд хүчээ өргөж байгаагын илрэл болгон явуулжээ. Нэгд хараат түшмэгээ батлах, хоёрт хүчээ өгч байгаагийн илрэл болгон захирагдах сурвалжтнууд эзэндээ үр хүүхэд, ах дүүгээ илгээдэг ийм ёс өрнө, дорнын эртний түүхэнд элбэг.

Панькюэ тегиний довтолгооны дараа түрэгт хоромхон зуур хэдэн хаан солигдож, ялангуяа Гуду ябгу хаан сууснаар үйл явдалд харь аймгууд оролцох болсон байна. Хэдэн жил дотор зуураа том үйл хэрэгт бэлдэж байсан Гули Пэйло энэ үеийг ашиглахаар шийдэв. 742 оны намар Уйгурууд хүчээ нэгтгэж Гуду ябгу хааныг довтолж сөнөөв. Тухайн үйл явдлаар Уйгурын шинэ үе эхэлсэн билээ.    

Түрэгийн Гуду ябгу хааныг алаад дараа нь Басмилийн Ши-г Иши Хэла Пицзя хаандөргөж Гули Пэйло, Пицзя Шеху нар өөрсдийгөө зүүн баруун ябгу болгожээ. Түрэгүүд Панькюэ тегиний хүү Усумиши-г (Озмыш тегин) хаан өргөмжилж, түүний хүү Гэлачи-г баруун гарын шад болгов. Тангийн хаан элч илгээж хятадад дагахыг ятгав, Усимиши түүний үгийг сонссонгүй, гэвч түүний түшмэд санал нэг биш байжээ. Түрэгүүдийг зөвлөлдөж байх зуур басмил болон бусад 3 аймаг нэгдсэн хүчээр Озмыш тегинийг довтлов. Озмыш тегин зугтааж түүний тардуш Гэлачи нар 5000 өрхөө дагуулан Тан улс руу зугтааж оджээ.

Тариатын бичээс “.. Озмыш тегин дахин хаан болов. Хонин жил (743 он) би дахиж цэрэглэсэн “ гэж мэдээ байгаа нь Озмыш тегин нэг тулалдаанд ялагдсан ч хүчтэй хэвээр байжээ. Тэр үед Монгол нутагт хоёр хаан зэрэгцэн орших болжээ.
Могойн шинэ усны бичээст “Озмыш тегин түрэгт хаан суусан хэвээр гэж сонсоод Баянчур би хонин жил цэрэглэв. 6 сарын 6 –нд хоёрдохь удаагаа түүнтэй тулалдав” гэсэн агуулгатай мэдээнээс үзвэл уйгурууд дангаараа эсвэл басмилтай хамтарч 743 оны 7-р сарын 2-нд түрэгтэй дахин байлджээ. Энэ туладаанд хэн ч ялаагүй бололтой. Учир нь Озмыш тегинийг дөнгөж 744 онд устгасан тухай хятад сурвалж болон Орхоны дурсгалууд мэдээлдэг.

Түрэгүүд дахиад сэргэхийн тулд шинэ хаанаа сонгов. Энэ удаа Озмыш тегиний дүү Баймэй Хулуньфу-г 744 оны 10 сард хаан болгожээ. Озмыш тегинийг устгасны дараа Уйгурын холбоотнуудын дунд зөрчил гарав. Уйгурууд түрэгийн ашина удмаас гаралтай Басмилийг хааныг хялайх болов, харин Карлукыг дотночлох болжээ.
Гули Пэйло Карлукын Билгэ ябгутай үгсэж 744 оны 9 сарын 27-ноос 745 оны 2 сарын 5-ны хооронд Басмилийн Ашина Седе хааныг гэнэт довтлоход тэр эхлээд зугтааж уугуул нутаг Бешбалыкт хүрчээ. Нутаг ойроороо карлукууд дахин довтолсонд Седе хаан аймгаа хаяж Тан улс руу зугтсан байна.

Карлукууд Седе хаантай хөөцөлдөж байх хооронд Гули Пэйло 744 оны намар эсвэл өвөл өөрийгөө хаанд өргөмжлөв, Гудолу Пицзя Цюэ (Кутлук Билгэ Күл) хаан хэмээх нэр хүртжээ. Дараа жилийн хаврын тэргүүн сар хавьцаа (745.2.6-28) Кутлук Билгэ Күл хаан түрэгийн сүүлчийн хаан Баймэй Хулуньфу-г алж толгойг нь Тан улсад илгээжээ.
Говийн ард шинэ Уйгур улсын хаанд ялагдсан түрэгүүдийг Тан улс довтлохоор шийдэв. Тангийн хаан Шофаны захирагчид цэрэглэн очиж тэдний самууныг ашиглахыг тушаажээ. Шофаны захирагч Ван Чжунсэ 745 оны 2 сард Сахөнэйшань уул хүрч Апа тархан тэргүүтэй түрэгийн зүүн гарын 11 овгийг довтолж бут ниргэжээ. 745 оны 4 сард Түрэгийн Билгэ хааны хатан Кутлук Пофу (Тоньюкукын охин) харъяат ард иргэдээ авч Тан улсад ирсэн байна. 734 оноос төрийн хэрэгт оролцож явсан энэ хатныг Тан улс дотно үзэж бинго фужэнь (хараат улсын хатан) цол өргөж жил бүр 200000 оо энгэсэг шагнаж байхаар болжээ. Түрэгийн сүүлчийн овог игдирчүүд 745 оны 6 сард зэвсэг бариад Моюнчурт довтлож ялагдав. Түрэгийн төр ийнхүү мөхжээ.

Гол дайснаа дарж авсан Кутлук Билгэ Күл хаан дараагийн алхмаа хийлээ. Тариатын бичээст “хожим нохой жил (746.1.26-747.2.13) Үч Карлук явган санах болж зугтан Он ок-д одож хургав” гэсэн мэдээ байдаг. Гули Пэйло хаан хэргээ гүйцэлдүүлсний дараа холбоотонтойгоо дахиад муудалцаж, далимдуулан тэднийг довтолж нутгаас хөөснийг эл мэдээ харуулж байна.

Эхлээд түрэг, дараа басмил, сүүлд Карлукыг үлдэн хөөхдөө Гули Пэйло хаан Монголд нутаглаж байсан бусад аймгуудын хүчийг авч байж сая үүнийг гүйцэлдүүлсэн байж таарна. Эс тэгвээс дээд тал нь 6 ихэнх үедээ 5-хан мянган цэрэг байлдааны үед жагсааж чадах дундаж аймаг ийм том үйлийг гүйцэлдүүлж чадахгүй нь мэдээж. Тэгээд ч Уйгурт хүчээ өгч байсан аймгуудын тухай баримт орхон бичгийн дурсгалд үлдсэн байдаг. 

“Тариатын бичээс”-ийн “... гахай жил Есөн татар... дараа нь есөн Буйруг, таван сэнгүт, харъяат иргэн бараалхав, эцэг хаанд өчив: эцэг, өвөг нэртэй буй хэмээв. Өтүгэн нутаг танд буй, энд ябгу нэрлэгдэв” гэсэн мэдээ, “Могойн шинэ усны бичээс”-ний “...гахай жил Есөн татар иргэн... иргэн... Тай Билгэ тутукыг ябгу нэрлэв” гэсэн хоёр мэдээ бие биенийхээ дутууг нөхдөг. Тиймээс “ гахай жил Есөн татар, Байырку зэрэг олон аймгийн тэргүүн дараа нь Уйгур улсын түшмэд-есөн буйруг, таван сэнгүт хийгээд Уйгуур улсын харъяат иргэд ирж бараалхан эцэг Кутлук Билгэ Күл хаанд “уйгурууд эцэг өвгөдийн үеэс нэртэй бөлгөө, одоо Этүгэнийг  та нар эзэлжээ” хэмээн өчиж дагаж явахаа илэрхийлэв. Уйгурын хаанаас олон аймгийн тэргүүн дотроос үнэн хүчээ өгсөн Байырку аймгийн Тай Билгэ тутукыг тэнд ябгу нэрлэж улсын хэрэгт туслуулсан хэмээн нэгтгэн сэргээж болох юм. Үүнээс үзвэл 742-746 онд Уйгуртай эвсэж Түрэгийг мөхөөж, басмил карлукыг Монголоос хөөлцсөн аймагт Есөн татар, Байырку нар эхний ээлжинд багтаж байна. Үүнээс гадна Буку, Тонра, Хунь, Сёкир, Эдиз зэрэг аймаг эн тэргүүнд Уйгурт хүчээ өгч байсан юм.
Уйгур улсыг үндэслэгч Гули Пэйло буюу Кутлук Билгэ Күл хаан 747 оны хоёдугаар хагаст үхжээ. Хүү Баянчур (Моюнчур) нь Уйгурын хаанд суув.
"Монголын эртний түүх"

Галуутын хавцал

Баянхонгор аймгийн Галуут сумын нутгийн Олгой нуураас баруун хойд зүгт урсан гарах Олгойн гол 2 км шахам үзэсгэлэнт Галуутын хавцлраар урсан өнгөрдөг. Энэ хавцал Галуут сумын төвөөс баруун тийш 20 хүрэхгүй километрт буй.
Галуутын хавцал нь 100-150 метр гүн эгц цавчим хадан ханатай бөгөөд өргөн нь дунджаар 10 м, хамгийн их нарийссан хэсэгтээ 1м болдог.
Галуутын хавцлын тухай олон домог бий. Тухайлбал: Эрт дээр үед Цогтой гүний хошууны нутагт Олгой нуураас Хаалган ам хүртэл их устай маш том нуур байжээ. Тэр нуурыг Тоть нуур гэж нэрлэдэг аж. Гэтэл ганцхан шөнө хэнгэрэг цан дугаргаж, бүрээ бишгүүр хангинаж, хонь мал майлалдан, хүн амьтан шуугилдаад нэг их нүүдэл яваад өнгөрөх шиг болсон гэдэг. Маргааш өглөө нь харахад Тоть нуур савнаасаа халиад Бумбаны нурууг сэт татаж хойд Цагаан турууны голд нийлсэн байжээ. Ингэж Галуутын хавцал үүсжээ. Тоть нуураас үлдэж хоцорсон хонхор, хотгор газарт тогтсон ус цагийн эрхэнд ширгэж алга болсон бөгөөд зарим устай үлдсэн хэсэг нь Олгой нуур, Олон нуур, Холбоо нууруудыг үүсгэсэн гэдэг.