1.31.2020

Монгол оронд Түрэг төр сэргэн мандсан нь


Зүүн түрэгийн сүүлчийн хаан Сэли Тангийн цэрэгт баригдаж 530 оны 5 сарын 19-нд Чанань хотод хүргэгдснээр Зүүн Түрэг мөхөж, Сэли хаан төгсгөл болжээ. Түүний иргэд хэсэг нь Сеяньто руу явж, хэсэг нь Дорнод Туркестан руу нүүн одсон ч Тан улсад дагаар ирэгсэд бум илүү хүн байлаа гэж сурвалжид тэмдэглэсэн байна. Эдгээр түрэгүүдийг Тан улс олон тойрогт хувааж ашина Сымо-д захируулав.

360 оноос 50 жилийн турш түрэгүүд Тан улсын мэдэлд байхдаа 679-681 онуудад 2  ч удаагийн бүтэлгүй бослогын дараа тэд дахин зэвсэг барьж тэмцжээ. Энэ удаа бослогыг ашина ургийн язгууртан Юньчжун мужийн шэли овгийн тэргүүн, Сэли хааны төрөл Гудолу Кутлук  Эльтерес толгойлов.

Өмнөх бослогыг амжилттай дарсан Тан улсын хилийн тойргийн захирагч Иньшань уулаар тэнүүлчилж яваа цөөхөн оргодол цэргүүдийг эхлээд нэг их тоогоогүй гэдэг. Энэ завшааныг Кутлук амжилттай ашиглажээ. Анх 27 турхаг цэрэгтэй шэли тойргоос оргож боссон тэр удалгүй 700 цэрэгтэй болов. 683 оны зун гэхэд түүнийг дагагчдын тоо 5000 хүрчээ. Хамгийн гол нь энэ хугацаанд ашидэ овгийн язгууртан Тоньюкук ( Юаньчжэнь) түүнтэй нэгджээ.

Дагаар ирсэн түрэг иргэд, цугларсан цэргийн тоо өсч бас түрэгийн томоохон ургийн язгууртан ирж нэгдсэн тул Кутлук, Тоньюкук нар засаг захиргааны зохион байгуулалт авч хэрэгжүүлжээ. Тоньюкук энэ ажлыг сэдэж хэрэгжүүлсэн байна. Күлтегиний бичээсээр Кутлук хаан улс орноо эцэг өвгөдийн төр ёсоор эмхэлж, төлис, тардуш тохинуулж ябгу, шад томилжээ.

Кутлукийн цөөн цэрэг эхэндээ Тан улс руу цөөн хүний хүчээр бага хэмжээний дайралт хийж байсан нь хоол хүнс, агт морьд, зэр зэвсгийг аль болох хохирол багатай олзлоход оршиж байлаа.

Бусад хүчирхэг овгийн толгойлогчид түүнийг дэмжиж, цэргийн тоо өссөний дараа түрэгүүд Тан улс руу харьцангуй их хүчээр халдах болов. 683 оны 4 сарын сүүлээс 6 сар дуустал хоёр сар үргэлжилсэн Тан улстай хийсэн байлдааны дараа түрэгүүд Иньшань уулын өвөр бэлээрх Тан улсын хэд хэдэн тойргийг довтолж, захирагч түшмэдийг нь алж устгаснаар өөрсдийн мэдэлд Иншань уулаас Хатан гол, цагаан хэрэм хүртэлх зурвас нутгийг тусгаарлаж авчээ.

Найман жилийн дотор (682-689 он) Кутлук нарын түрэг босогчид Тан улстай 24 удаа их бага хэмжээгээр зэвсэг зөрүүлжээ. Энэ бүх зэвсэгт мөргөлдөөнд Кутлук бүгдэд нь оролцоогүй бололтой. Учир нь Күлтегиний бичээст Кутлук Тан улсаас гадна Тогуз огуз, Китан, Татаби зэрэг хөршүүдтэйгээ байлдсан, 47 удаа цэрэглэж, 20-д нь ялсан гэжээ. Тоньюкукийн бичээсийн 49-р мөрд харин Кутлукийг  17 удаа Тан улстай хатгалдсан гэж бичжээ.

Тан улс баруун хилээсээ Чан Чжи жанжинг дуудаж хойд хил рүүгээ илгээв. Чан Чжи анх 686 онд түрэгүүдтэй тулалджээ. Тэр жил Тан улсын хилд халдсан түрэгүүдийг хатан хааны зарлигаар мөшгиж явсан Чан Чжи, Лянцзин гэдэг газар гэнэт түрэгийн 3000 цэрэг байр хийсэнтэй таарчээ. Чан Чжи 200 морьтны хамт шууд түрэгийн байлдааны жагсаалын төв рүү довтлон орж тулалдах зуураа нар шингэхийн хамтаар буудалласан хүрээндээ түүдэг гал асааж туслах цэрэг ирсэн мэт дүр эсгэжээ. Үүнд хууртсан түрэгүүд ухрав.

Дараа жилийн 3 сард Кутлук, Түньюкук нар Чанпинийг довтолжээ. Тэднийг Чан Чжи үлдэн хөөжээ. Мөн 7 сард түрэгүүд Шочжоу тойрог руу довтлов. Чан Чжи тэднийг Хуанхуадуй ууланд довтолж ихэд ялж, 40 ли (17.8 км) газар хөөжээ. Ялагдсан Түрэгүүд говийн ард ухран гарав. Чан Чжи-гийн нэгэн туслах Цюань Баоби гэгч 13000 шилдэг цэрэг авч түрэгийг мөшгөжээ. Тэрээр урьдаар туршуулуудыг газар орон болгонд тараан явуулж, дайсныхаа байрлалыг илрүүлсэн байна. 

Улмаар цэргээ авч Кутлук, Тоньюкук нарын хүрээнд мэдэгдэлгүй дөхөж чадав. Түрэгүүд тангийн цэргийг олохгүй гэдэгт итгэж, харуул манаа тавилгүй амгалан сууж байсан гэдэг. Гэвч түрэгүүд Тангийн цэрэг ойртож буйг мэдмэгцээ байлдаанд бэлтгэж амжсан төдийгүй омог бардам Цюань Баоби-гийн цэргийг хиартал цохижээ. Тэр цөөн морьтны хамт зугтав. Зугтсан Тангийн захирагч шийтгэл хүлээж, хилэгнэсэн хатан хаан Кутлукт “Буцзулу” хоч өгчээ.

Үүнээс хойш Тан улс түрэгүүдтэй зэвсэг зөрүүлж байсан ч амжилт олох нь эрс багасчээ. Үүнд Пэй Синцзянь, Се Женьгуй, Чэн Утин, Чан Чжи нарын түрэгтэй байлдаж сурсан хашир туршлагатай жанжид удаа дараалан нас барсан, мөн Тан улсад хаан ширээний төлөөх тэмцэл эрчимтэй өрнөсөнтэй холбоотой гэж үздэг.

Иньшаний ар бие, их говь хүртэлх зурвас нутагт үргэлжлүүлэн нутаглах аваас тэд хэзээ нэг цагт Тан болон Уйгур нар довтлуулан устах болно гэдгийг Кутлук, Тоньюкук нар сайн ойлгож байлаа. Тиймээс тэд аймаг олноо дагуулан тэртээ Түмэн хаан нүүн очиж нутаглаж байсан  Өтүгэнд шилжин суурьших нь зүйтэй гэж шийджээ.  

Кутлук хаан итгэлт сайд Тоньюкукыг явуулж Уйгур нартай шийдвэрлэх тулалдаан хийж яллаа. Тулалдааны дараа түрэгүүд Монгол нутагт буцаж нүүн иржээ. Кутлук Монголд ирээд хоёр гурван жил хаанчилж, төрөө түвшитгэн тохинуулж байгаад 692 онд нас баржээ.
"Монголын эртний түүх" 

1.24.2020

Монгол нутагт үүссэн Уйгурын түрүү хаант улс


Монгол нутагт Сеяньтогийн хаант улсын дараа Уйгурын түрүү хаант улс байгуулагджээ. НТӨ 177 онд Хүннүгийн баруун сэцэн вангийн өмнө зүгт хийсэн аян дайны үеэр эзлэгдэж Хүннү гүрэнд захирагдаж явсан эртний хуцзе аймгийн удмын уйгурууд НТ-ын 3-р зууны 60-80 оны үед Умард хүннүгийн хүч суларсныг ашиглаж өндөр тэрэгтэн бусад аймгуудын хамт Монголын төв хэсэгт ирж суурьшсан байна.

Тэднийг 400 оны орчим Нирун улсын Жарун хаан довтолж улсдаа нэгтгэв. Ийнхүү Нируны харъяат явсан 100000 хүнтэй 12 аймаг 492 онд өрнө зүгт уугуул нутаг руугаа нүүв. Алтай уулыг түмэн цэрэг жагсаадаг 4 аймаг, Тэнгэр уул Байшань уулыг 2 түмэн цэрэг жагсаадаг 8 аймаг нь түшиж суужээ.

Алтай ууланд ашина түрэгүүд улс гэрээ байгуулж Төв Ази, Монгол орныг байлдан дагуулахад хүн ам олонтой жинхэнэ түрэг хэлтэн эртний сурвалжит өндөр тэрэгтэн аймгууд цэрэг зэвсгийн хүчээ өгсөн гэдэг. Тийм хэдий ч бараг Түрэг улс байгуулагдсан цагаас эхэлж өндөр тэрэгтэн аймгууд түрэгүүдийн эсрэг босч тэмцсээр иржээ.

Нэгдсэн Түрэг улсын сүүлчийн хаан Тарду 603 онд Тогон улс руу зугтааж, Суй улсыг түшсэн Зүүн Түрэгийн Киминь хааны эрх мэдэл хойд зүгт зөвхөн говиор хязгаарлагдаж байсан цагийг уйгурууд толгойлсон өндөр тэрэгтэн аймгууд ашиглаж чаджээ.
Түүхэндээ анх удаа 605 онд буку, тонра, байырку нартай нэгдэж өөрсдийгөө иркин өргөмжлөөд, хуйгэ гэж нэрлэн Шигянь иркинийг эзнээ болгожээ. Түүхэнд анх тэмдэглэгдсэн Уйгурын эзэн Шигянь- ий нэрийг эрдэмтэд монгол хэлний “ханхүү” гэсэн утгатай “чигин” гэсэн үг гэж үздэг. Шигянь-ий амьдрал үйл ажиллагааны тухай тодорхой өгүүлсэн мэдээ хомс. Түүний эхнэрийг Улохунь гэнэ, нэгэн шивэй аймгийн нэртэй ижил гэдэг. Хатуу чанга энэ эмэгтэй Шигянийг үхсний дараа хэсэг хугацаанд аймаг улсаа захирч байжээ. Удалгүй Шигяний ураг төрөл түүний хүү Пуса-г аймгийн эзэнд өргөмжилжээ. Пуса төрөлхийн сэргэлэн, эх нь ойн аймгийн хүн учир ан гөрөөнд их дуртай, дайн байлдаанд тэргүүн эгнээнд явдаг нэгэн байв.

Пуса аймгаа толгойлмогц Монголд нүүж ирсэн сеяньто нартай нэгдэж Түрэгийн хойд хязгаарыг довтлох болжээ.Монгол орныг захирч байсан түрэгийн Юйгу шад, Тули хан, То шад Ашина Шээр нарын төлөөний түшмэдийг 625-626 оны үед хөөн явуулж бослого дэгдээсэн Пуса болон сеяньтогийн Инань нар 627 оны намар говийн өмнө их цас  унасныг далимдуулж 628 оны 1 сад Монгол орныг бүрэн хяналтандаа авав. Улмаар Сэли хааны илгээсэн хоёр замын цэргийг Пуса, Инань нар хуваагдан тосч байлдан бутцохижээ. Үүний дараа Сеяньтогийн хаан Инань чадмаг арга хэрэглэж уйгур, тэднийг дагагч өндөр тэрэгтэн нарын хүчийг зөв ашиглаж чаджээ. Пуса түрэг улс мөхсөний дараа 630-645 оны хооронд үхжээ.

Пусагийн орыг хулу сылифа цолтой Тумиду залгав. Тумиду Уйгурыг толгойлоод урьдын холбоотон Сеяньто улстай зөрчилдөв. Сеяньтог довтолж устгахаар шийдмэгцээ Тумиду бүр Шигяний үеэс уйгуруудтай хүчээ нэгтгэсээр ирсэн пугу, тунло аймгуудтай нэгдэж 14-17 мянган цэрэг цуглуулж Сеяньтогийн хааныг 646 оны 7 сард довтолж ялав. Тэр жилийн намар өвөл Сеяньто улс мөхсөн ч Уйгурууд залгаж Нирун улсаас хойшхи 93 жилийн доторх хугацаанд Монгол нутагт тогтож буй гуравдахь төр улсыг үүсгэн байгуулжээ.

Сеяньтогийн эзэрхийлж байсан газар нутгийг уйгарууд эрхшээлдээ оруулж, Тумиду өөртөө хаан цол өргөж, улсын бүтэц зохион байгуулалт, түшмэдийн зэрэг дэвийг Түрэг улсын жишгээр тогтоож, дотоод хэргийн 3, гадаад хэргийн 6 сайд талбиж, хятадын дуду, жанжин, сыма цол лугаа дүйцэх цол хэргэм хэрэглэжээ.

Сеяньтог мөхөөхөд тусалсан өндөр тэрэгтэн нараас элч ирэх нь ихэссэн тул Тан улс говиос өмнө тийш өөрсдийн хязгаар хүртэл 68 өртөө байгуулж хоол хүнс бэлтгэх болжээ.

Зүүн Түрэгийн хаант улс мөхсний дараа Тангийнхан Монголд нутаглаж байсан нүүдэлчидтэй учраа олж амжаагүй байтал сиймхийгээр нь Сеяньточууд шинэ улс байгуулсан нь Тан улсын хувьд 20 гаран жилийн шүдний өвчин байлаа. Тан улс энэ алдаагаа давтахгүйн тул Сеяньто улсыг мөхөөсний дараа 10 гаран өндөр тэрэгтэн аймгийн ихэс дээдсийг 646-647 оны хооронд олон удаа нутагтаа урьж авчран улмаар өндөр тэрэгтэн нарын нутгийг муж, тойрог болгох оролдлого хийж байсан нь тал нутгийг жижиг хэсгүүдэд хуваах гэсэн Тангийн эрх баригчдын далд зорилго байв.
Гэвч үүнийг үл харгалзан Тумиду улсдаа хаан хэмээн хэлэгдсээр байлаа. Түүнийг бусад аймгууд дэмжиж байсан ч ах дүүс нь Тумидуг алж хороосон нь Тан улсад зол болжээ.

Тумидугийн ахын хүү Угэ түүний эхнэртэй учиртай болж улмаар Гюйлу мохэ дагань түшмэлтэй үгсэн хуйвалдав. Тэд түрэгийн Чэби хааны хүргэд бөгөөд Тумидуг хороож Чэби-г дагахаар шийджээ. Нэгэн шөнө Угэ хэдэн морьтны хамт Тумидуг гэнэт барьж хороов. 648 оны 5 сард шинээр байгуулагдсан Яньжаний амбан захирагч Юань Личэнь, Тумидуг хороосныг мэдээд Угэ-г хуурч авчран алаад, толгойг нь огтолж олонд үзүүлэхээр шонд өлгөжээ. Тангийн хаан Тумиду алагдсныг мэдээд аймаг олон нь хувьсахаас эмээж, Тумидуд цол хэргэм нэхэн шагнаж, хүү Пожуньд Тумидугийн эрх мэдэл шилжсэнийг баталж элч илгээжээ. Тумидуг хорооход оролцсон Гюйлу мохэ даганийг Тан улсад ирэх үед баривчилсан байна.

Сурвалжийн мэдээгээр баримжаалахад Пожунь улс аймгаа 15 жил захирчээ. Пожунь хааны нэг онцлог бол Тан улсаас явуулсан хэд хэдэн томоохон дайнд биечлэн болон эсвэл цэргээ илгээж байжээ. Тэдний хамтын ажиллагааны эхний бай нь 630 оноос хойш тусгаар байдалтай явж ирсэн түрэгийн Чэби хаан байсан юм. Тэгээд ч Чэби хааны хүргэн болох уйгурын 2 язгууртан Тумидуг хороосон тул Пожунь өс санаж Тан улстай хүч хавсарч түүнийг баривчлахад тусалжээ.Тан улс эхлээд 650 оны 1 сард жанжин Гао Каныг Чэби хааны эсрэг илгээжээ. Тэрээр зам зуур уйгур, пугу аймгийн цэргээр хүчээ зузаатгаад 7 сард Аси ууланд Чэби хаантай байлджээ. Цөөн морьт цэрэгтэй зугтсан Чэби-г уйгур тангийн цэрэг мөшгөсөөр Алтан ууланд гүйцэн баривчилж, 650 оны 10 сард Чананьд хүргэжээ.

Пожунь Тангийн цэрэгтэй хамтарч Когүрю-г довтолсны дараа мөн Ашина Хэлуг довтолсон байна. Дотоодын тэмцэлд ялагдаж хүч мөхөсдсөн Ашина Хэлу 649 оны 3 сард Тан улстай харилцаа тогтоосон ч удалгүй 651 оны 2 сард чжишэди, чумукунь, поби гэсэн харъяат аймгуудаа авч Тангаас салж, баруун Түрэгийн Долу хааны нутаг Борталын Минбулагт суурьшив. Түүнтэй эргэн тойрных нь аймгууд нэгдэж эхэлснээс гадна Ашина Хэлу Тангийн харъяанд орсон хот суурингуудыг довтлох болжээ. Тан улсаас 653, 654, 656 онуудад Ашина Хэлуг довтолсон боловч түүнийг дийлсэнгүй. 657 онд Илийн замын цэргийг Су Динфан толгойлох болж, Жэнь Ясян, уйгурын Пожунь нарыг туслахаар томилжээ.Тангийн 10000 цэргийн хамт Пожунь Гинья ууланд Ашина Хэлуг хамтарч бутцохьжээ. Үүний тул Тан улс түүнд цол хэргэм нэмж шагнасан байдаг.
660 оноос Тан, Уйгурын харилцаа муудаж, хоорондоо хэд хэдэн удаа байлджээ. Эхний мөргөлдөөн 660 оны 6 сард болж, Тангийн их жанжин Чжэн Жэньтай өндөр тэрэгтнүүдтэй тулалдан ялж 100-гаад газар (44 км) хөөсөн байна.

661 оны 11 сард Уйгурууд Тан улсын хааны элчийг алж орхижээ. Тан улс тэднийг довтлохоор шийдэж 3 замын их цэрэг бэлтгэсэн ч өндөр тэрэгтэн нартай тулалдсан нь тодорхойгүй. Уйгур болон Тан улсын хоорондын мөргөлдөөн ид өрнөж байсан 662 оны эхээр Пожунь хаан үхжээ. Түүнийг хүү Били нь залгамжлав. Улсын тэргүүн болоод Били хаан удалгүй уйгур, тунло, пугу аймгийг толгойлон Тан улс руу довтолсон байна. Тангийн Чжэн Жэньтэй цэрэглэж Били-г ялав. Тэлэгийн нэг хэсэг Тяншань уулыг зорьлоо.

662 оны 4 сард Чжэн Жэньтай, Се Жэньгуй нар Тяншань ууланд сыцзе, долагэ нарын тэлэ аймгуудыг хиартал цохьжээ. Тяншаний тулааны дараа Чжэн Жэньтай 14000 хүнтэй цэргээ авч, их элсийг гэтэлж, Сянье гол хүрсэн ч нэг ч тэлэ хүнтэй таарсангүй. Удалгүй цас унаж хүйтрэв. Хоол хүнс нь дуусч өлсөж ядарсан цэргүүд зэр зэвсгээ хаяж, агт морьдоо барьж идэх болов. Цэфү юаньгуй-д дөнгөж 800 хүн эргэж ирсэн гэдэг. Тэгсэн ч Чжэн Жэньтай 663 оны хаврын тэргүүн сард дахиад л өндөр тэрэгтэн нартай тулалдаж, үлдэгдэлийг нь номхотгосон гэж сурвалжид үлдсэн байна.

Үүнээс хойш хоёр тал дахиж их цэргээр тулалдсан сураг чимээ түүх сударт үл олдоно. Ер нь 7-р зууны 20-30-аад оноос Тан улс хүчирхэгжин дорно өрнийн олон улстай зэрэг дайтаж, Зүүн, Баруун Түрэг, Когүрю, Гаочан зэрэг цөөнгүй улс орныг мөхөөж, торгоны замын дорнод хэсгийг бүрэн хяналтандаа авч Дундад Ази хүртэлх нутгийг эзэрхийлж явсан хүчирхэг үе нь тохиогоод байсан билээ. Ийм их хүчний эсрэг Уйгар улс тэсч, зогсож чадсан юм.

Били хааныг 680-681 оны үед түүний хүү Дуцзечжи залгамжилжээ. Били хаан 20 орчим жил Уйгурыг захирчээ. Дуцзечжигийн  үйл ажиллагааны талаар хятад сурвалжид тоймтой дурдсан зүйл бага байдаг. Тан улс 660-663 онд Уйгуруудтай дайтаад дийлээгүй учир харилцаа холбоогоо тасалж түүх судартаа тэмдэглэхээ больсонтой холбоотой байх гэж эрдэмтэд үзсэн нь зөв бололтой.

Дуцзечжи хэдэн онд нас барсан мэдээнүүд хоорондоо зөрдөг ч Цэфү юаньгуй-д 695 онд нас барахад нь хүү Фуфиду залгамжилсан гэж ойлгогдохоор тэмдэглэжээ. Энэ тэмдэглэлээр Дуцзечжи хаанчлалынхаа сүүлийн жилүүдэд дахин мандсан Түрэгийн хаант улстай зэвсэг зөрүүлж яваад ялагдан харъяат аймгаа дагуулан говийн өмнө Ганьсу мужийн Хэси-д ирж суусан байна.

Сеяньтогийн хаан улсыг мөхөөж байгуулсан Уйгуруудын эхний төрийн уналт түрэгүүдтэй шууд холбоотой. Амжилтгүй өнгөрсөн 2 ч бослогын дараа түрэгүүд Кутлукийн удирдлага дор Иньшань уул Хатан голын умард этгээдийн зурвас нутагт төрөө сэргээж 8 орчим жил болжээ. Говьд тулсан зурвас нутагт удаан тогтнох аргагүйг ойлгосон Кутлук 690 оноос цэрэг илгээж говийн умардад орших Монгол оронд довтлон ирж, өндөр тэрэгтнүүдийг шахаж үе үеийн нүүдэлчдийн голомт газар нутгийг эрхшээлдээ оруулж эхэлсэн нь Уйгурын түрүү хаант улс мөхөхөд хүргэжээ.

Гэхдээ түрэг дурсгалын мэдээгээр дайны галыг Уйгарууд өдөөсөн бололтой. Тоньюкукын бичээст энэ тухай: “...Огуз (Уйгур)-аас босуул ирэв, босуулын үг ийм бөлгөө. Тогуз Огуз иргэн дээрээ хаантай, Табгач руу Кони сангуныг илгээв, Китан руу Тонра сэм-ийг илгээв. Ийм үг илгээв “цөөн түрэг зоргоор байх болов... чиний Табгачийг сөнөөнө гэх юм, өмнөх Китаныг сөнөөнө гэх юм, миний Огузыг сөнөөнө гэх юм” хэмээн холбоо тогтоохыг оролдож улмаар Тан улс өмнөөс довтолъё, Китан зүүнээс довтолъё, би (Уйгурын хаан) хойд талаас нь довтолъё, чадвал түрэгүүдийг бүр үгүй хийе” гэж төлөвлөсөн тухай өгүүлсэн байдаг.

Уйгур тэргүүт огузуудын төлөвлөгөөг мэдсэн Кутлук, Тоньюкук нар түрүүлж огуз нарыг цохихоор шийдвэрлэж Тоньюкукт 2000 цэрэг өгч Туул голоос хөдөлсөн Уйгурын 6000 цэрэгтэй шийдвэрлэх тулаан хийж ялжээ. Энэ тулалдааны дараа түрэгүүд 690 онд Монголд буцаж иржээ.

“Монголын эртний түүх”

1.20.2020

Монгол нутагт зүүн Түрэгийн дараа үүссэн Сеяньтогийн хаант улс (628-647 он)


Сеяньто нарыг “Хүннүгийн тусдаа салбар, өөрөөр хэлбэл тэлэгийн аймаг” гэж Цжычжи тунцзянь”-ий 195-р бүлгийн 6140-д дурддаг. “Танхуйяо” буюу “Тан угсааны тойм”-ын 96-р бүлгийн 1726-д “тэдний өөрсдийн үгээр бол тэд се овогтон. Эрт цагт тэд яньто руу довтлон тэдний хүн амыг булаахын тулд аймаг олныг нь устгажээ. Эндээс тэдний Сеяньто нэр үүдэлтэй” гэж тэмдэглэжээ. 

Мөн  сударт бас “сеяньто бол тэлэгийн тусгай аймаг мөн. Се аймагтай холилдон суудаг тул сеяньто гэнэ” хэмээн тэмдэглэсэн байдаг. Мөн “Урьд Янь улсын Муюн Цзюний цагт хүннүгийн шаньюй Хэцытоу 35 мянган хүнтэй өөрийн аймгийг дагуулан сеяньто нарт ирсэн. Эд тэд нарын удам” гэсэн тайлбар хийсэн байдаг. Өөр нэг сударт “сеяньто бол тэлэгийн тусгай аймаг мөн. Түрүү Янь улсын (349-360 он) Муюн. Цзюний үед хүннүгийн Хэлатоу шаньюй 35000 албаттайгаа дагаар орж ирэв. Яньто бол тэдний удам болой. Се аймагтай холилдон сууснаас сеяньто гэгджээ. Хааны ургийг илиду хэмээнэ. Үеэс үед хүчирхэг аймаг байсан” гэж бас тэмдэглэжээ.

Сеяньто бол дайны цагт 7000 цэрэг жагсаадаг өндөр тэрэгтний хүчирхэг аймаг юм. 603 оны үед сыцзе, фулицзюй, хунь, хуса, аба, пугу гэсэн арваад өндөр тэрэгтэн аймаг нэгдэж Даду хааныг довтолсонд аймаг улс нь бутарч Даду хаан өөрөө Тугухунь (Тогоон) улс руу зугтаж сураг алдарчээ. Харин баруун Түрэгийн хаан ширээнд Мухань хааны хүү хүү Далобяний ач Чуло (Чурын) суув. Чурын голдуу эртний Усуний нутагт сууж байсан бөгөөд хоёр бага хан тавьж нэгийг нь Ши улсад суулгав. Тэр Талас голоос Амударъяа мөрөн хүртэлх баруун Түрэгийн нутгийг захирч байжээ. Нөгөө бага хан Истеми, Даду нарын нутаглаж байсан Кучагийн арын Актаг ууланд өргөөлж Баруун түрэгийн дорнод хэсэг болон өндөр тэрэгтэн аймгууд Карашар, Турфан, Хами хавийн газрыг захирч байжээ. Чурын хааны гол түшиг тулгуур нь баруун Түрэгийн Дулу аймгийн холбоо байжээ.

Баруун түрэгийн Чурын хаан 605 онд өндөр тэрэгтэн аймгуудыг довтолж мөн тэдний хэдэн зуун ахлагчдыг цуглуулж бүгдыг цаазалжээ. Үүнээс болж Алтай болон Тэнгэр уулын өндөр тэрэгтэн аймгууд Чурын хааныг эсэргүүцэн босч өөрсдийн төрийг байгуулахыг оролдсон юм.

Боссон өндөр тэрэгтнүүд Циби аймгийн иркин Гэлэн-ийг Иучжэнь Мохэ хаанд өргөмжлөв. Гэлэн хаан Таньхань (Тамган) ууланд өргөөлж суув. Одоогийн Турфан хотын умард этгээдэд байдаг мөнх цаст уул гэж үздэг. Мөн Алтайн Сеяньто аймгийн Ишибо иркинийг Еде хаанд өргөмжилж бага хаан гэж нэрлэжээ.

610 онд баруун Түрэгийн Даду хааны ач хүү Шэгуй хаан, Чуло хаантай байлдаж түүнийг Суй улс руу хөөж явуулжээ. Шэгуйн гол түшиж байсан аймгууд нь баруун түрэгийн Нушиби нарын холбоо билээ. Түүний үед баруун Түрэг хүчирхэгжиж зүүн этгээдийн Алтайн уулнаас баруун этгээдэд Тэнгис хүртэлх нутгийг эзлэн захирчээ. Шэгуй хаан уламжлал ёсоор Куча хотын умард этгээдийн Саньмишань ууланд өргөөлөх болов. Тэр үед Таньхань уул, Яньмо ууланд сууцгааж байсан өндөр тэрэгтний Гэлань, Ишибо хаад өөрсдийн хаан цолоо орхиж Шэгуйг дагацгаажээ.
Шэгуй хааны дараа 617 онд түүний дүү Тун ябгу баруун Түрэгийн хаан боллоо. Тун ябгу өндөр тэрэгтнүүдийг хялайж явах болов. 

Тэрээр 619 онд өндөр тэрэгтэн аймгуудыг довтлоход Алтайн баруун этгээдэд суух Ишибогийн аймаг Тун ябгугийн эзэрхийлэлийг хүлээж захирагдсан ч удалгүй баруун Түрэгт өрнөсөн хаан ширээний төлөөх тэмцлийн үеэр 620 онд Зүүнгарын өндөр тэрэгтнүүдийг толгойлж байсан Циби, Сеяньто аймгууд сууж байсан нутгаасаа нүүж одоогийн Монгол улсын нутгийг зорьжээ. Ишибогийн ач Инань-ий толгойлсон 7000 өрх сеяньточууд эхлээд Тан улсын нийслэл Чанань хотоос чанх баруун хойд зүгт 6000 ли (2754 км) орших Юйдуцзюнь (Өтүгэн) уул орчим суурьшжээ.

Тэр үед Монголд нутаглаж байсан өндөр тэрэгтэн аймгуудыг зүүн Түрэгийн Сэли хааны хүү Юйгу шад, Сэли хааны ах Шиби хааны хүү Тули хан болон Чуло хааны хүү Ашина Шээр нар захирч байв. Энэ 3 ханхүүгээс Ашина шээрийн тухай бол Чуло хааны хүү 11 настай байхдаа зэрлэгүүдийн дунд өөрийн ухаан эр зоригоор хэдийнээ алдаршсан байв. Сэли хаан түүнийг өндөр тэрэгтэн нарыг захируулахаар То шад гэж өргөмжилж томилсон. Ашина шээр говийн умардад байрлаж тэлэгийн уйгар, букут, тонра нарын өндөр тэрэгтэн аймгуудыг Юйгу шадын хамт захирах болжээ.

626 онд сеяньто, уйгур зэрэг аймгууд босч Юйгу шадыг бутниргэсэн ба Ашина Шээр бас тэднийг довтолсон ч ялагдсан тул өөрийн овгоо авч Бешбалык хотын баруун этгээдэд очиж суужээ. Ашина Шээр “сеяньто нар нүгэл үйлдэн хамгийн анх манай улсыг сөнөөсөн” гэж ярьж явсан нь сеяньто нар Түрэгийн эсрэг бослогод голлох үүрэгтэй оролцсныг батлахаас гадна эл мэдээ ашина түрэгүүд Монгол оронд суухаа больж, говийн өмнө нутаглах болсныг гэрчилнэ.

Тан улсад анхаарлаа хэт хандуулж байсан зүүн Түрэгийн Сэли хаан улсынх нь дотоод улс төрийн амьдрал гэнэт ингэж огцом өөрчлөгдсөнд сая нэг сэхээ авч сөрөг арга хэмжээ авч байдлыг тогтворжуулахыг оролдож эхлэв. Өөрийн хүү Юйгу шадад 10000 цэрэг өгч баруун жигүүрээс, үеэл дүү Тули ханд хэдэн мянган хөнгөн морин цэрэг өгч зүүн жигүүрээс босогчдыг цэрэглэв.

Юйгу шадын цэргийг Уйгурын зонхилогч Пуса 5000 цэргээр эсэргүүцэн тулалдаж бутцохив. Юйгу шадад үеэл Ашина Шээр тусалсан ч тус болж чадсангүй. Тули ханы тэргүүлсэн Түрэгийн зүүн замын цэрэг 628 оны зун Сеяньто нарт ялагдаж, Тули хан арай ядан цөөн цэрэгтэй зугтжээ. Ийнхүү Түрэгчүүдийн оролдлого нуран унасанд тэдний дотор өрнөж байсан хямралыг улам дэвэргэж, Сэли хааныг эсэргүүцэх явдал эрс ихсэв.

“Тан угсааны тойм”-ын 94-р бүлэгт  “628 оны 12 сард Түрэгүүд бослого гаргав. Сэли хаан Сеяньто руу зугтав. Сеяньтогийн иркин Инань-ийг хаанд өргөв. Инань сөрж зүрхэлсэнгүй. Инань хаан орд өргөөгөө Дамо дахь Юйдуцзюнь уулын хормойд байгуулав. Хуйгу, байгу, аде, тунло, пугу, си олон аймаг  дагав” гэсэн мэдээ байдаг.
Засгийн эрх Инань хаанд ирснийг батлан тэрээр зүүн Түрэгийн Сэли хаанд эзэмшил нутаг зааж олгов. Энэ нь Сэли хаанд таалагдсангүй, тэрбээр хүчирхэгжиж байсан сеяньто нараас эмээж, говийн өмнө буцаж ирж нутаглажээ. Мөн Тан улс Цяо Шиван нэрт түшмэлийг илгээж, Инань-д жуух бичиг, хэнгэрэг, туг хүргүүлж, Чжэньчжу Пига цол өгсөн нь төв Азид нүүдэлчдийн шинэ улс байгуулагдсныг хүлээн зөвшөөрсөн хэрэг болов.

Тан улсын цэрэг 629 оны 12 сарын 13-нд дайнд мордож 4 сар үргэлжилсэн байлдааны эцэст Сэли хаан баривчлагдснаар ашина түрэг нарын байгуулсан Түрэгийн хаант улсын 75 жилийн тусгаар улсын түүх төгсөв. Сэли хаан олзлогдсны дараа Сеяньтогийн Инань хаан орд өргөөгөө дорно зүгт Туул голын хойд эрэгт Дувэйцзянь ууланд шилжүүлжээ. Сеяньто улсын хил хязгаар нь дорнодод Шивэй, өрнөдөд Алтан уул, өмнөдөд их говь, умардад Ханьхай аж. Эртний хүннүгийн нутгийг эзэлсэн байна.
Сеяньтогийн анхны хаан Инань бол 605-617 оны үед Алтайн өвөрт Эрчис голоор нутаглаж байсан Сеяньто аймгийг захирч байсан Ишибо-гийн ач билээ. Тэр хаан болоод улсаа өмнөд умард гэж 2 хуваан хүүхдүүдээ Даду ше (Тардуш шад) Тули ши (Төлис шад) болгож захируулав. Улсаа ийнхүү 2 хуваасан нь 492 онд Зүүнгарт очиж, аймаг улсаа хоёр хувааж Алтай, Тэнгэр ууланд салж суусан эртний өндөр тэрэгтэн аймгийн уламжлалыг дагасан хэрэг.

Тан Сеяньто улсуудын харилцаа эхлээд найрсаг аястай байсан боловч 639 оноос дайсагналцаж эхлэв. Шиби хааны хүү Тули ханы дүү Гэшешуай, хүү Хэлоху хоёр 639 оны 5 сарын 20 –нд Тан улсын хааныг хороохыг оролджээ. Үүнийг далимдуулан Тангийн түшмэдүүд түрэгүүдийг Хатан голын умардад гаргахыг шаардах болов. Тан улс Сэли хааны холын хамаатан Сымо-г Иминишу хаан өргөмжилж, Сеяньто улсын хаанд түрэгүүдийг Хатан голын умардад гаргах болсноо хэлүүлжээ.

Инань хаан энэ явдлыг таатай хүлээж авсангүй. Цэрэг гаргаж их говийн гол замуудыг хааж байрлуулав. Мөн Тангийн хаанд  элч илгээж, таны шийдвэрийг дагаж болох ч түрэгүүд таны эсрэг босвол бид тэднийг устгахыг зөвшөөрнө үү гэж хэлүүлжээ.
Тан улс 641 оны 2 сард Сымо хаанд 4 түмэн цэрэг, 9 түмэн агт, 1 буман түрэг иргэн өгч Хатан голын ард Динсян хотод суулгав. Энэ үеэр Тангийн хаан Лоян хот хүрч улмаар умард зүгт Тайханьшань ууланд мөргөл үйлдэхээр замд гарахад ихэнх цэрэг хааныг дагаж, умард хилийн цэргийн тоо эрс буурав. Инань хаан үүнийг ашиглан хүү Тарду шадад их цэрэг өгч Байдао хүрч Шаньянлин ууланд шивээл гэж явууллаа.

Тарду шадын цэргийн тоог 40000-80000 хооронд эргэлдэж байсан гэдэг ч үүнээс ч бага байсан байж мэднэ.  Сурвалжаар бол нэг цэрэг 4 морьтой байсан гэдэг. Сеяньтогийн ханхүүгийн захирсан 5 аймгийн цэрэг 641 оны 12 сард Иньшань уулыг давж Сымо хааны 10 овгийг гэнэт довтлохыг оролдсон ч тэр зугтан Тан улсаас тусламж гуйжээ.

Тан улс 4 замын их цэрэг цуглуулж, Тарду шадыг довтолсон ч гол тулалдааныг Ли Цзи-гийн цэргүүд үүрсэн байна. Тэдэнтэй Сымо хааны түрэгүүд нэгджээ. Хүч нэмсэн Ли Цзигийн цэрэг Ночжэнь голд гүйцэв. Сар гаран дайсантайгаа нүүр тулалгүй мөрөө буруулж явсан Тарду шад гүйцэгдснээ мэдмэгц 10 ли (4,6 км) өргөнтэй хавчиг газар байр хийжээ. Тиймээс цэргээ явгалж, 5 дахь цэрэг бүр нөгөө дөрвөн цэргийнхээ хөтөч хийв. Газрын хавчиг байдлаас гадна өмнө нь Сеяньточууд баруун түрэгийн Шаболо хаан, зүүн түрэгийн Ашина Шээр нартай байлдахдаа хэрэглэж амжилт олсон явгалж тулалдах аргаа хэрэглэхээр шийдсэн аж.

Тулалдаан эхлээд Сеяньточууд Түрэгийн цэргийн жагсаалыг эвдэж, зугтсан түрэгүүдийг мөшгөж урагшлах үед Ли Цзигийн цэрэг тосч тулалдав. Сеяньтогийн цэргүүд Тангийн цэргийн шинэхэн хоёрдугаар эгнээ рүү суман мөндөр буулгаж, Тангийн цэргийн морьдыг ихэд хороох болсон тул Ли Цзи агт морьдоо арагш татаж, цэргээ явган цэргийн жагсаалаар жагсааж, урт жадаар зэвсэглэв. Зуутаар багласан Тангийн цэрэг урагш давшиж, Сеяньтогийн цэргийн жагсаалын завсар зайг чиглэж хатгалдав. Сеяньтогийн цэргийн байр эвдэгдэж ухрах үед Тангийн морин цэрэг тэдний хөтөч нарыг довтолж агт морьдыг булаасан байна.

Зугтааж амжсан Тарду шад бол Сеяньтогийн цэргийг Тангийн хэдэн мянган морин цэрэг хөөсөн боловч гүйцсэнгүй харин тэднийг мөшгөх үеэр гэнэт их цас унаж, Тангийн цэргийн арваас найм нь осгожээ.

Дахиж зэвсэг зөрүүлэх гэж талууд яарсангүй. Тан улстай хийсэн дайнд ялагдсан Сеяньтогийн хаан бусад өндөр тэрэгтэн аймгуудыг өөрийн захиргаанд баттай барихын тулд Тан улстай худ ураг болохыг зорилоо. Тан улс эхэндээ дайтаж байснаас өөртөө ойртуулсан нь дээр гэж үзэж худ ураг болох саналыг дэмжсэн ч удалгүй Инань хааны санааг таамагласан Тангийн хаан уг саналаас эвтэйхэн татгалзахын тулд сеяньто нарыг хуримын сүй болгож ихээхэн хэмжээний мал авчирч өгөхийг хүссэн байна.
Инань хаан 643 онд өөрийн ач хүүгээрээ Тан улс руу адуу 50000, үхэр тэмээ 10000, хонь ямаа 100000 өгч явуулжээ. Үүний дараа ч Тан улсын хаан худ ураг болсонгүй бүр, Инань хаан бэлэг цуглуулахын тулд харъяат аймгуудаас авах алба гувчуураа нэмнэ гэсэн Тангийн хааны түшмэлийн санаа байндаа тусч, Инань хааны харъяаны олон өндөр тэрэгтэн аймгууд хаандаа дургүйцэх боллоо.

645 онд Сеяньто улсын хаан Инань өвчнөөр үхэж түүний байгуулсан улсын дотоодод засгийн төлөөх тэмцэл өрнөлөө. Сеяньтогийн умард жигүүрийг Инаний татвар эмээс төрсөн ахмад хүү Еман Тулиши хан захирч байв. Харин өмнөд жигүүрийг Инаний 4-р хүү Бачжо захирч байлаа. Эдний дунд 638 онд Тан улс цол хэргэм өгөх нэрээр хэдийн хагарлын үрийг цацаж чадсан аж. Мөн Бачжо-г Тарду шад байхад нь Тан улстай байлдах санаачлагыг Еман гаргасан билээ. Инань хааны оршуулгын үеэр бүгд цуглах үед Бачжо гэнэт аймагтаа буцан цэргээ бэлтгэж байгаад Еманыг довтолж хороов.
Энэ үед Тан улс их цэргээр Когүрю улсыг довтолж байлаа. Энэ дайн сүүлдээ сунжирч Тангийн цэргүүд өлсөж ядран, Когүрюгийн цэргийн эсэргүүцэл нэмэгджээ. Тан улсын цэргийн гол хүч Ляодуны хойгт ийн дайтаж байгаа сиймхийг 645 оны 10 сард хаан болсон Бачжо ашиглахыг оролдож эхний довтолгоогоо 12 сарын сүүлээр хийлээ. Сячжоуд халдсан боловч Чжиши сыли тосч байлдаад Бачжо хааныг 600 ли (276 км) газар мөшгөжээ.
Бачжо цөөн цэрэгтэй зугтааж нутагтаа ирэв. Тан улсад удаа дараа ялагдсан Бачжо хаан дотооддоо бас харгис бодлого явуулж байсан нь бүр нэрмээс болов. Инань хаанд зүтгэж байсан түшмэдийг хядаж өөрийн хүмүүсээ томилж байсан явдал олон түшмэдийг түгшээж дургүйцлийг төрүүлж байлаа. Гэхдээ Сеяньто улсыг Тан улс эсвэл дотоодын хямрал бус хүчирхэгжиж байсан Уйгурын толгойлсон тогуз огузын шинэ холбоо сөнөөсөн юм. 

Энэ тухай “646 оны 7 сард Уйгурын толгойлогч Тумиду пугу, тунло аймгийн цэргийн хамт Бачжо-г довтолж ялав” хэмээн сурвалжид тэмдэглэжээ.
Сеяньтогийн хоёрдохь хаан Бачжо Уйгурын довтолгооны дараа цөөн хэдэн морьтны хамт Ашина Шицзянь иркин руу зугтжээ. Тэр бол Сеяньтогийн нэг овгийн тэргүүн юм. Ийнхүү Бачжо зугтаж чадсан ч түүнийг Уйгурууд мөшгөж хөнөөгөөд ургийг нь хүйс тэмтэрсэн байна.

Сеяньтогийн үлдсэн 50-60 мянган хүн Инань хааны дүүгийн хүү Думочжи-г хаан болгож Итэуши цол өргөмжилсөн байна. Бачжо хаан алагдсны дараа үлдсэн сеяньто нар Өтүгэн ууланд нутаглах гэж буйгаа Тан улсад мэдэгдэж Туул голоос баруунш нүүжээ. Тэгээд ч сеяньто нарыг Өтүгэн ууланд нутаглах чимээнээр Тэлэгийн 9 аймгийн тэргүүд сандарч, хэдийгээр сеяньто нарын хүч чадал буурсан ч дахин тэднийг дагаж эхэлжээ.
Монгол оронд өрнөж буй үйл явдал Тан улсын ордны бодлоготой үл зохицох тул Ли Шиминь хаан Сеяньтогийн Думочжи хааныг тайвшруулж, улсыг нь тохинуулах нэрийн дор цэрэг илгээхээр шийдвэрлэв. 646 оны 8 сард Тангийн хаан Ли Цзи жанжинг илгээж сеяньто нар тэрслэх сэжүүр гаргах төдийд устга гэж даалгажээ. Тангийн цэрэг Өтүгэнд гэнэт ирсэнд Думочжи сандарч шууд тулж байлдахыг санаархсан хэдий ч бэлтгэлгүй тул дагаар орсон дүр эсгэжээ.

Ли Цзи асуудлыг нэг мөр шийдэхийг хүсч Думочжи дагаар орсон ч сеяньто нарыг довтолж 5000 хүн алж, 30000 хүн олзолжээ. Думочжи зугтаж тэр үед Уйгурт ирээд байсан Тангийн элч Сяо Сые-д бууж өгснөөр Тан улсад очиж амьдарсан бөгөөд хэргэм зэрэг хүртэж эзэмшил газартай болсон гэдэг.

Сеяньто улс ингэж мөхсөн юм. Нэг хэсэг сеяньто нар Өтүгэн ууланд үлдсэн бол нөгөө хэсэг нь баруун зүг нүүжээ. Гуравдахь хэсэг буюу Ли Цзигийн олзолсон 30000 сеяньто говийн өмнө Тангийн хил хязгаарт нүүлгэж 648 онд Гаолань, Цилянь тойрог байгуулж суурьшуулсан байна.

Монголд үлдсэн сеяньто нарыг 647 онд Тангийн хааны ургийн Даоцзун довтолсон. Түрэгийн Ашина Шээр дагалдаж явжээ.
Ли Цзигийн довтолгооны дараа 15-25 мянган сеяньто нар баруун тийш Алтай чиглэн нүүсэн. Тэд Алтай хүрсэн ч Тан улс мөрдөж 648 онд Чжиши сыли, мөн дараа Ашина Шээр нар хоёр ч удаа довтолсон байдаг.
“Монголын эртний түүх”



1.17.2020

Сэли хаан болон зүүн Түрэг улсын мөхөл


Чуло хааныг 620 онд үхсэний дараа түүний хүү Аошэ шадыг дорой гэж үзсэн Ичэн хатан Чуло хааны дүү Дуби шадыг хаан болгож Сэли гэж нэрлэв. Сэли хаан дүү Яньто шадад Сеяньто аймгийг, Були шадад Си аймгийг, Тун тегинд согд нарыг, Ху тегинд Хусе аймгийг захируулж, Шиби хааны хүү Шибоби-г Тули хан болгон зүүнгарт суулгажээ. Энэ мэдээнээс үзвэл Сэли хааны үед зүүн Түрэгт хаанаас гадна хан, шад, тегин цолтой тусдаа аймаг захирсан язгууртнууд байжээ. Мөн өндөр тэрэгтнүүд Сэли хаанд захирагдаж байсан байна.

Сэли хаан зүүн Түрэгийн хаант улсыг захирахдаа эхний тав зургаан жил тасралтгүй шинэ мандсан Тан улсыг довтолсон юм. Энэ үед түрэгийн ихэнх нь говийн өмнө нутаглаад олон жилийг үзжээ. Бэлэн эд бараа хэрэглэх сэтгэлгээ давамгайлсан ч байж болно. Хятад сурвалжид бичсэнээр Сэли хаан 622 онд 150 мянга, 626 онд 100 мянган цэргээр ч довтолж байв.

Тан улсын байдал ч дээрдэж эхлэв. 624 он гэхэд Шофаныг захирч байсан Лян Шиду-гаас бусад салан тусгаарлагч ноёд түшмэдийг хахуульдаж, цэрэглэж өөрийн болгож авлаа.

626 оны 8 сард Сэли хаан, Тули ханы хамт 1 буман цэргээр Тан улсын нийслэл Чанань хот руу 2 замаар замаар шууд довтолжээ. Түрэг цэрэг 9 сарын 6-нд Цзинчжоу хотыг дараа нь Чананий чанх баруун этгээдэд 90 км зайтай оршдог Угунь хотыг тэгээд 9 сарын 11-нд  Чананий зүүн хойно 35 км зайтай орших Гаолин хотыг эзэлжээ. Түрэгийн цэрэг 9 сарын 15-нд Вэйхэ голын умард эрэгт хүрээлэн бууж Чжиши Сыли-г элчээр Тан улсын хаанд илгээв. Түрэгийн энэ удаагийн довтолгоон Тан улсын дотоодод өөрчлөлт дагуулав.

Тан улсыг үүсгэн байгуулагч Ли Юань хаан 626 оны 9 сарын 3-нд ширээнээсээ бууж түүний хүү Ли Шиминь 4-ний өдөр хаан ширээнд суужээ. Тэр шийдэмгий арга хэмжээ авч түрэгүүдтэй найрамдлын  гэрээ байгуулж, их цэргийг буцаалгаж чадав.
Дараагийн удаа Сэли хааны довтолгоо ширүүсч эхлэхээр Тан улс уламжлалт бодлогоо боловсруулж эхэллээ. Эхний удаад,  хаан болсон баруун түрэг улсын Тун ябгу-г талдаа урвуулан татахыг оролдож эхлэв. Бас өндөр тэрэгтэн аймгууд руу ч элч илгээсэн байх. Учир нь 625 онд сеяньто, уйгар аймгууд холбоолж бослого дэгдээхэд Ашина Шээр зугтааж Бешбалиг хотод суусан бол 626 онд сеяньто зэрэг өндөр тэрэгтнүүд Юйгу шадыг довтолж бутцохисон байна.

Говийн арын өндөр тэрэгтэн аймгууд 625/616 оноос эхлэн үймээн самуун дэгдээж, Ашина Шээр болон Сэли хааны хүү Юйгу шад нарыг удаа дараа бут цохижээ. Мөн Тан улс тэднийг довтолж ирсэн Тули хан, То шад Ашина Шээр, Юйгу шад гарыг 627-628 онуудын хооронд бутцохив. Үндсэндээ 628 оны эцэс гэхэд Монгол нутгаар оршин сууж байсан өндөр тэрэгтэн аймгууд Түрэгийн мэдлээс гарч, өөрсдөө хаант улс байгуулжээ...

Сэли хааны нөхцөл байдал хүндэрч, ялангуяа согдуудын төрийн хэрэгт хутгалдах болсонд дургүйцэх болсон түрэгүүд Тан улс руу нүүх болов. Энэ бүхнийг тооцоолсон Тан улсын хаан Ли Шиминь 629 оны 9 сард Түрэг улс руу довтлох зарлиг гаргаж 6 замаар Түрэг рүү давшив. Гэнэтийн довтолгоонд мэгдсэн түрэгүүд эхнээсээ бууж өглөө. Тули хан, Юйшэ шад, Иньнай тегин нар өөрсдийн албатаа дагуулан Тан улсад дагаар орлоо.

Далан хар ууланд 629 оны 12 сард Тангийн жанжин Ли Цзи, Сэли хаантай тулалдаж ялжээ. Дараа нь түүнийг Мони ууланд байхад 630 оны 1 сард Динсяний цэргийн захирагч Ли Цзи дахин довтолжээ. Сэли хаан зугтааж говийн Тяньшань уул хүртэл ухрав. Хэдэн мянган цэрэг түүнд байсан гэдэг.

Сэли хаан өөрийн түшмэл Чжиши сыли-г илгээн байлдахыг зогсоохыг санал болголоо. Ли Цзи, Ли Цзин, Чжан Гуньцзинь нарын Тан улсын жанжид Түрэг хаан дийлдсэн ч говийн ард гарч өндөр тэрэгтэн нартай нийлбэл хол болж нэхэхэд бэрх болно. Өдгөө 1 түмэн морьт цэрэг шилж 20 өдрийн хуурай хүнс бэлтгэн дайрвал байлдахгүйгээр барьж болно гэж хэлэлцэж тогтоогоод хаандаа айлтгажээ.

Тангийн хаан цэргээ бэлтгэж цаг хожихын үүднээс хятад түшмэл Тан Цзянь, согд түшмэл Ань Сужэнь нарыг Сэли хаанд илгээн анхаарлыг нь татахын тулд хуурамч хэлэлцээр эхлүүлжээ.

Цаг хожсон Тангийн цэрэг Түрэгийг устгах байрлалд ирсний дараа Ли Цзин нар шөнөөр цэргийн хүрээнээс мордож замдаа нэг мянга орчим гэр майхантай түрэгүүдийг олзолж улмаар 630 оны 3 сард Тишань ууланд нутаглаж байсан Сэли хааны өргөөнд 3 км орчим ойртох үед тэрээр сэрж, түм гаруй хүнээ дагуулан зугтаж амжжээ. Говийн ард руу өндөр тэрэгтэн нарын зүгт ухрах замыг хаасан Ли Цзи-тэй  Сэли хаан тулгаран 5 мянга орчим хүнээ олзлуулаад Линчжоу-ийн баруун хойно нутаглаж байсан Ашина Суниши-г түшихээр баруун зүгт одов.

Эцэст нь түүний улсыг устгав. Сэли хаан “өдөрт мянган газар давхидаг аргамаг хүлгээрээ” өөрийн ач Шаболо-ийн өргөө рүү зугтжээ. 630 оны 4 сард Шаболо-ийн хүрээнд Тан улсын жанжин  Чжан Баосянь өөрийн цэргийн хамт гэнэт очиж Сэли хааныг олзолсон байна.  Зарим сурвалжаар аглаг уулнаас түүний авга Шабологийн тусламжтайгаар Сэли хааныг барьсан гэдэг... Ийнхүү зүүн Түрэгийн хаант улсыг мөхөөхөд Тан улсад хагас жил гаран шаардагдсан байна .

“Монголын эртний түүх”    

1.07.2020

Чуло хааны үеийн зүүн Түрэг улс


Шиби хааны дараа ор суусан түүний дүү Чуло-г сурвалжид Сылифа гэхээс гадна Или шад, Чило хаан гэж тэмдэглэсэн байдаг. Түүнийг хаан суусны дараа 619 оны 9 сард түрэг цэрэгтэй хүч хавсарсан Лян Шиду хэдэн мянган цэргээр Яньчжоу-г довтолсон ч Дуань Дэцао-д цохигджээ.

Тэр жил Шиби хаантай холбоо тогтоогоод байсан Ван Шичун руу Чуло хаан элч илгээсэнд Лучжоу-г захирч байсан Ли Союй довтолж, элчийг алж 10 мянга шахам хонь үхэр булаажээ. Чуло хаан Ван Шичунд мал илгээж туслах гэсэн оролдлого нь бүтэлгүйтэв.

Суй улсын хаан Ци ван Ян Цзяны хүү Ян Чжэндао, Суй улсын хаан Ян Гуаны хатан Сяо-гийн хамт бослого дэгдээгч Доу Цзяньдэ-д дийлдэж Чуло хааныг барааджээ. 620 оны 3 сард Чуло хаан Түрэгт зугтаж ирээд байсан Суй улсын харъяат түм гаруй цэрэг ардыг Ян Чжэндао-д өгч түүнийг Суй улсын ванд өргөмжилж, Динсян-д суулгав.
Тан улсын ханхүү Цинь ван цэрэг авч Динянь хаан Лю Учжоу-г довтлов. Чуло хаан дүү Були шадад 2000 цэрэг өгч Бинчжоу руу илгээсэн ч тулалдаанд Лю Учжоу үрэгдэж Тан улсад Бинчжоу-г алджээ. Тиймээс 620 оны 7 сард Чуло хаан биечлэн Бинчжоу-г довтлов. Хотыг сахиж байсан Ли Чжунвэн, хотыг хамгаалж чадсангүй. Чуло хаан 3 хоног хотыг дээрэмдэж, охид эмэгтэйчүүдийг олзлоод буцав.

620 оны намар болоход Тан улсын байр суурь бэхжиж Суй улсын үеэс Түрэгтэй нийлэн урваж явсан Чжан Цзюй, Лю Минь нарын жанжингууд Тан улсад нэгдэх болсон тул Лян Шиду, Чуло хааныг ятгаж табгач сянбийн тоба Гуй хааны адил хятад орныг эзлэе гэвэл би замчилъя гэж өгүүлэв. 

Чуло хаан дүү Дуби шадыг Юаньчжоу, Нуби шадыг Лян Шиду-гийн хамт Яньчжоу руу мордуулж, Тули ханыг си, кидан, мохэ-гийн хамт Ючжоу оруулж, Доу Цзяндэ-гийн цэрэгтэй нийлж, Тайханьшань уулын дөрөвдэх даваа Фукоугоор давж Цзинь, Цзянь-ий газарт уулзахаар болзов. Бинчжоу-г өөрөө довтолж Суй ван Ян Чжэндао-д өгөхөөр төлөвлөжээ.

Сурвалжийн мэдээгээр 620 оны билгийн 11 сард 3 өдөр орсон цасны дараа Чуло хаан гэнэт өвдөхөд Киминь, Шиби хаадын хатан байсан Суй улсын Ичэн гүнж эм өгсөн ч түүний бие гэнэт ногоорч улмаар үхжээ. Өөр сурвалжийн мэдээгээр Чуло хааныг хятад түшмэл хордуулсан гэдэг. 

Ер нь 603 оноос хойш Түрэгийн хаан ширээнд суусан Киминь, Шиби, Чуло хаад ялангуяа Шиби, Чуло хаад Суй улс болон Тан улсыг их хүчээр довтлохын өмнө гэнэт үхэж буй нь ихэд сэжиглэлтэй.
“Монголын эртний түүх”