Монгол нутагт Сеяньтогийн хаант улсын дараа Уйгурын түрүү
хаант улс байгуулагджээ. НТӨ 177 онд Хүннүгийн баруун сэцэн вангийн өмнө зүгт
хийсэн аян дайны үеэр эзлэгдэж Хүннү гүрэнд захирагдаж явсан эртний хуцзе
аймгийн удмын уйгурууд НТ-ын 3-р зууны 60-80 оны үед Умард хүннүгийн хүч
суларсныг ашиглаж өндөр тэрэгтэн бусад аймгуудын хамт Монголын төв хэсэгт ирж
суурьшсан байна.
Тэднийг 400 оны орчим Нирун улсын Жарун хаан довтолж
улсдаа нэгтгэв. Ийнхүү Нируны харъяат явсан 100000 хүнтэй 12 аймаг 492 онд өрнө
зүгт уугуул нутаг руугаа нүүв. Алтай уулыг түмэн цэрэг жагсаадаг 4 аймаг,
Тэнгэр уул Байшань уулыг 2 түмэн цэрэг жагсаадаг 8 аймаг нь түшиж суужээ.
Алтай ууланд ашина түрэгүүд улс гэрээ байгуулж Төв Ази,
Монгол орныг байлдан дагуулахад хүн ам олонтой жинхэнэ түрэг хэлтэн эртний
сурвалжит өндөр тэрэгтэн аймгууд цэрэг зэвсгийн хүчээ өгсөн гэдэг. Тийм хэдий ч
бараг Түрэг улс байгуулагдсан цагаас эхэлж өндөр тэрэгтэн аймгууд түрэгүүдийн
эсрэг босч тэмцсээр иржээ.
Нэгдсэн Түрэг улсын сүүлчийн хаан Тарду 603 онд Тогон улс
руу зугтааж, Суй улсыг түшсэн Зүүн Түрэгийн Киминь хааны эрх мэдэл хойд зүгт
зөвхөн говиор хязгаарлагдаж байсан цагийг уйгурууд толгойлсон өндөр тэрэгтэн
аймгууд ашиглаж чаджээ.
Түүхэндээ анх удаа 605 онд буку, тонра, байырку нартай
нэгдэж өөрсдийгөө иркин өргөмжлөөд, хуйгэ гэж нэрлэн Шигянь иркинийг эзнээ
болгожээ. Түүхэнд анх тэмдэглэгдсэн Уйгурын эзэн Шигянь- ий нэрийг эрдэмтэд
монгол хэлний “ханхүү” гэсэн утгатай “чигин” гэсэн үг гэж үздэг. Шигянь-ий
амьдрал үйл ажиллагааны тухай тодорхой өгүүлсэн мэдээ хомс. Түүний эхнэрийг
Улохунь гэнэ, нэгэн шивэй аймгийн нэртэй ижил гэдэг. Хатуу чанга энэ эмэгтэй
Шигянийг үхсний дараа хэсэг хугацаанд аймаг улсаа захирч байжээ. Удалгүй
Шигяний ураг төрөл түүний хүү Пуса-г аймгийн эзэнд өргөмжилжээ. Пуса төрөлхийн
сэргэлэн, эх нь ойн аймгийн хүн учир ан гөрөөнд их дуртай, дайн байлдаанд
тэргүүн эгнээнд явдаг нэгэн байв.
Пуса аймгаа толгойлмогц Монголд нүүж ирсэн сеяньто нартай
нэгдэж Түрэгийн хойд хязгаарыг довтлох болжээ.Монгол орныг захирч байсан
түрэгийн Юйгу шад, Тули хан, То шад Ашина Шээр нарын төлөөний түшмэдийг 625-626
оны үед хөөн явуулж бослого дэгдээсэн Пуса болон сеяньтогийн Инань нар 627 оны
намар говийн өмнө их цас унасныг
далимдуулж 628 оны 1 сад Монгол орныг бүрэн хяналтандаа авав. Улмаар Сэли хааны
илгээсэн хоёр замын цэргийг Пуса, Инань нар хуваагдан тосч байлдан бутцохижээ.
Үүний дараа Сеяньтогийн хаан Инань чадмаг арга хэрэглэж уйгур, тэднийг дагагч
өндөр тэрэгтэн нарын хүчийг зөв ашиглаж чаджээ. Пуса түрэг улс мөхсөний дараа
630-645 оны хооронд үхжээ.
Пусагийн орыг хулу сылифа цолтой Тумиду залгав. Тумиду
Уйгурыг толгойлоод урьдын холбоотон Сеяньто улстай зөрчилдөв. Сеяньтог довтолж
устгахаар шийдмэгцээ Тумиду бүр Шигяний үеэс уйгуруудтай хүчээ нэгтгэсээр ирсэн
пугу, тунло аймгуудтай нэгдэж 14-17 мянган цэрэг цуглуулж Сеяньтогийн хааныг
646 оны 7 сард довтолж ялав. Тэр жилийн намар өвөл Сеяньто улс мөхсөн ч
Уйгурууд залгаж Нирун улсаас хойшхи 93 жилийн доторх хугацаанд Монгол нутагт
тогтож буй гуравдахь төр улсыг үүсгэн байгуулжээ.
Сеяньтогийн эзэрхийлж байсан газар нутгийг уйгарууд
эрхшээлдээ оруулж, Тумиду өөртөө хаан цол өргөж, улсын бүтэц зохион байгуулалт,
түшмэдийн зэрэг дэвийг Түрэг улсын жишгээр тогтоож, дотоод хэргийн 3, гадаад
хэргийн 6 сайд талбиж, хятадын дуду, жанжин, сыма цол лугаа дүйцэх цол хэргэм
хэрэглэжээ.
Сеяньтог мөхөөхөд тусалсан өндөр тэрэгтэн нараас элч ирэх
нь ихэссэн тул Тан улс говиос өмнө тийш өөрсдийн хязгаар хүртэл 68 өртөө
байгуулж хоол хүнс бэлтгэх болжээ.
Зүүн Түрэгийн хаант улс мөхсний дараа Тангийнхан Монголд
нутаглаж байсан нүүдэлчидтэй учраа олж амжаагүй байтал сиймхийгээр нь
Сеяньточууд шинэ улс байгуулсан нь Тан улсын хувьд 20 гаран жилийн шүдний өвчин
байлаа. Тан улс энэ алдаагаа давтахгүйн тул Сеяньто улсыг мөхөөсний дараа 10
гаран өндөр тэрэгтэн аймгийн ихэс дээдсийг 646-647 оны хооронд олон удаа
нутагтаа урьж авчран улмаар өндөр тэрэгтэн нарын нутгийг муж, тойрог болгох
оролдлого хийж байсан нь тал нутгийг жижиг хэсгүүдэд хуваах гэсэн Тангийн эрх
баригчдын далд зорилго байв.
Гэвч үүнийг үл харгалзан Тумиду улсдаа хаан хэмээн
хэлэгдсээр байлаа. Түүнийг бусад аймгууд дэмжиж байсан ч ах дүүс нь Тумидуг алж
хороосон нь Тан улсад зол болжээ.
Тумидугийн ахын хүү Угэ түүний эхнэртэй учиртай болж
улмаар Гюйлу мохэ дагань түшмэлтэй үгсэн хуйвалдав. Тэд түрэгийн Чэби хааны
хүргэд бөгөөд Тумидуг хороож Чэби-г дагахаар шийджээ. Нэгэн шөнө Угэ хэдэн
морьтны хамт Тумидуг гэнэт барьж хороов. 648 оны 5 сард шинээр байгуулагдсан
Яньжаний амбан захирагч Юань Личэнь, Тумидуг хороосныг мэдээд Угэ-г хуурч
авчран алаад, толгойг нь огтолж олонд үзүүлэхээр шонд өлгөжээ. Тангийн хаан Тумиду
алагдсныг мэдээд аймаг олон нь хувьсахаас эмээж, Тумидуд цол хэргэм нэхэн
шагнаж, хүү Пожуньд Тумидугийн эрх мэдэл шилжсэнийг баталж элч илгээжээ. Тумидуг
хорооход оролцсон Гюйлу мохэ даганийг Тан улсад ирэх үед баривчилсан байна.
Сурвалжийн мэдээгээр баримжаалахад Пожунь улс аймгаа 15
жил захирчээ. Пожунь хааны нэг онцлог бол Тан улсаас явуулсан хэд хэдэн томоохон
дайнд биечлэн болон эсвэл цэргээ илгээж байжээ. Тэдний хамтын ажиллагааны эхний
бай нь 630 оноос хойш тусгаар байдалтай явж ирсэн түрэгийн Чэби хаан байсан юм.
Тэгээд ч Чэби хааны хүргэн болох уйгурын 2 язгууртан Тумидуг хороосон тул
Пожунь өс санаж Тан улстай хүч хавсарч түүнийг баривчлахад тусалжээ.Тан улс
эхлээд 650 оны 1 сард жанжин Гао Каныг Чэби хааны эсрэг илгээжээ. Тэрээр зам
зуур уйгур, пугу аймгийн цэргээр хүчээ зузаатгаад 7 сард Аси ууланд Чэби
хаантай байлджээ. Цөөн морьт цэрэгтэй зугтсан Чэби-г уйгур тангийн цэрэг
мөшгөсөөр Алтан ууланд гүйцэн баривчилж, 650 оны 10 сард Чананьд хүргэжээ.
Пожунь Тангийн цэрэгтэй хамтарч Когүрю-г довтолсны дараа мөн
Ашина Хэлуг довтолсон байна. Дотоодын тэмцэлд ялагдаж хүч мөхөсдсөн Ашина Хэлу
649 оны 3 сард Тан улстай харилцаа тогтоосон ч удалгүй 651 оны 2 сард чжишэди,
чумукунь, поби гэсэн харъяат аймгуудаа авч Тангаас салж, баруун Түрэгийн Долу
хааны нутаг Борталын Минбулагт суурьшив. Түүнтэй эргэн тойрных нь аймгууд
нэгдэж эхэлснээс гадна Ашина Хэлу Тангийн харъяанд орсон хот суурингуудыг
довтлох болжээ. Тан улсаас 653, 654, 656 онуудад Ашина Хэлуг довтолсон боловч
түүнийг дийлсэнгүй. 657 онд Илийн замын цэргийг Су Динфан толгойлох болж, Жэнь
Ясян, уйгурын Пожунь нарыг туслахаар томилжээ.Тангийн 10000 цэргийн хамт Пожунь
Гинья ууланд Ашина Хэлуг хамтарч бутцохьжээ. Үүний тул Тан улс түүнд цол хэргэм
нэмж шагнасан байдаг.
660 оноос Тан, Уйгурын харилцаа муудаж, хоорондоо хэд
хэдэн удаа байлджээ. Эхний мөргөлдөөн 660 оны 6 сард болж, Тангийн их жанжин
Чжэн Жэньтай өндөр тэрэгтнүүдтэй тулалдан ялж 100-гаад газар (44 км) хөөсөн байна.
661 оны 11 сард Уйгурууд Тан улсын хааны элчийг алж
орхижээ. Тан улс тэднийг довтлохоор шийдэж 3 замын их цэрэг бэлтгэсэн ч өндөр
тэрэгтэн нартай тулалдсан нь тодорхойгүй. Уйгур болон Тан улсын хоорондын
мөргөлдөөн ид өрнөж байсан 662 оны эхээр Пожунь хаан үхжээ. Түүнийг хүү Били нь
залгамжлав. Улсын тэргүүн болоод Били хаан удалгүй уйгур, тунло, пугу аймгийг
толгойлон Тан улс руу довтолсон байна. Тангийн Чжэн Жэньтэй цэрэглэж Били-г
ялав. Тэлэгийн нэг хэсэг Тяншань уулыг зорьлоо.
662 оны 4 сард Чжэн Жэньтай, Се Жэньгуй нар Тяншань
ууланд сыцзе, долагэ нарын тэлэ аймгуудыг хиартал цохьжээ. Тяншаний тулааны
дараа Чжэн Жэньтай 14000 хүнтэй цэргээ авч, их элсийг гэтэлж, Сянье гол хүрсэн
ч нэг ч тэлэ хүнтэй таарсангүй. Удалгүй цас унаж хүйтрэв. Хоол хүнс нь дуусч
өлсөж ядарсан цэргүүд зэр зэвсгээ хаяж, агт морьдоо барьж идэх болов. Цэфү юаньгуй-д
дөнгөж 800 хүн эргэж ирсэн гэдэг. Тэгсэн ч Чжэн Жэньтай 663 оны хаврын тэргүүн
сард дахиад л өндөр тэрэгтэн нартай тулалдаж, үлдэгдэлийг нь номхотгосон гэж
сурвалжид үлдсэн байна.
Үүнээс хойш хоёр тал дахиж их цэргээр тулалдсан сураг
чимээ түүх сударт үл олдоно. Ер нь 7-р зууны 20-30-аад оноос Тан улс
хүчирхэгжин дорно өрнийн олон улстай зэрэг дайтаж, Зүүн, Баруун Түрэг, Когүрю,
Гаочан зэрэг цөөнгүй улс орныг мөхөөж, торгоны замын дорнод хэсгийг бүрэн
хяналтандаа авч Дундад Ази хүртэлх нутгийг эзэрхийлж явсан хүчирхэг үе нь
тохиогоод байсан билээ. Ийм их хүчний эсрэг Уйгар улс тэсч, зогсож чадсан юм.
Били хааныг 680-681 оны үед түүний хүү Дуцзечжи
залгамжилжээ. Били хаан 20 орчим жил Уйгурыг захирчээ. Дуцзечжигийн үйл ажиллагааны талаар хятад сурвалжид
тоймтой дурдсан зүйл бага байдаг. Тан улс 660-663 онд Уйгуруудтай дайтаад
дийлээгүй учир харилцаа холбоогоо тасалж түүх судартаа тэмдэглэхээ больсонтой
холбоотой байх гэж эрдэмтэд үзсэн нь зөв бололтой.
Дуцзечжи хэдэн онд нас барсан мэдээнүүд хоорондоо зөрдөг
ч Цэфү юаньгуй-д 695 онд нас барахад нь хүү Фуфиду залгамжилсан гэж
ойлгогдохоор тэмдэглэжээ. Энэ тэмдэглэлээр Дуцзечжи хаанчлалынхаа сүүлийн
жилүүдэд дахин мандсан Түрэгийн хаант улстай зэвсэг зөрүүлж яваад ялагдан
харъяат аймгаа дагуулан говийн өмнө Ганьсу мужийн Хэси-д ирж суусан байна.
Сеяньтогийн хаан улсыг мөхөөж байгуулсан Уйгуруудын эхний
төрийн уналт түрэгүүдтэй шууд холбоотой. Амжилтгүй өнгөрсөн 2 ч бослогын дараа
түрэгүүд Кутлукийн удирдлага дор Иньшань уул Хатан голын умард этгээдийн зурвас
нутагт төрөө сэргээж 8 орчим жил болжээ. Говьд тулсан зурвас нутагт удаан
тогтнох аргагүйг ойлгосон Кутлук 690 оноос цэрэг илгээж говийн умардад орших
Монгол оронд довтлон ирж, өндөр тэрэгтнүүдийг шахаж үе үеийн нүүдэлчдийн голомт
газар нутгийг эрхшээлдээ оруулж эхэлсэн нь Уйгурын түрүү хаант улс мөхөхөд
хүргэжээ.
Гэхдээ түрэг дурсгалын мэдээгээр дайны галыг Уйгарууд
өдөөсөн бололтой. Тоньюкукын бичээст энэ тухай: “...Огуз (Уйгур)-аас босуул ирэв,
босуулын үг ийм бөлгөө. Тогуз Огуз иргэн дээрээ хаантай, Табгач руу Кони
сангуныг илгээв, Китан руу Тонра сэм-ийг илгээв. Ийм үг илгээв “цөөн түрэг
зоргоор байх болов... чиний Табгачийг сөнөөнө гэх юм, өмнөх Китаныг сөнөөнө гэх
юм, миний Огузыг сөнөөнө гэх юм” хэмээн холбоо тогтоохыг оролдож улмаар Тан улс
өмнөөс довтолъё, Китан зүүнээс довтолъё, би (Уйгурын хаан) хойд
талаас нь довтолъё, чадвал түрэгүүдийг бүр үгүй хийе” гэж төлөвлөсөн тухай
өгүүлсэн байдаг.
Уйгур тэргүүт огузуудын төлөвлөгөөг мэдсэн Кутлук,
Тоньюкук нар түрүүлж огуз нарыг цохихоор шийдвэрлэж Тоньюкукт 2000 цэрэг өгч
Туул голоос хөдөлсөн Уйгурын 6000 цэрэгтэй шийдвэрлэх тулаан хийж ялжээ. Энэ
тулалдааны дараа түрэгүүд 690 онд Монголд буцаж иржээ.
“Монголын эртний түүх”
No comments:
Post a Comment