9.21.2018

Гиюй буюу Лаошан шаньюй

НТӨ 174 онд Модунь шаньюй нас баржээ. Модунь НТӨ 209 оноос НТӨ 174 он хүртэл 35 жил шаньюй суухдаа улс орны гадаад, дотоод байдлыг ихээхэн бэхжүүлж, Хүннү нь Евроазийн хээр тал нутгийн хамгийн хүчирхэг гүрэн болсон байв.

Модуны хүү Гиюй НТӨ 174 онд Лаошан хэмээх өргөмжилсөн нэртэйгээр шаньюй залгамжилжээ. Түүний үе хүннүгийн хамгийн хүчирхэгжилийн үе байсан бөгөөд  Хань улсын Вэньди хаан энх ургийн гэрээгээ дагахаа илэрхийлж түүнд өөрийн гүнжээ илгээсэн байна.
НТӨ 166 онд Лаошан шаньюй өөрийн биеэр 140000 цэрэг удирдан, Хань улсын Чаона, Сяогуань боомтоор нэвтэрч, Бэйди тойргууд дахь цэргийг бут цохин, Пэнянийг эзлээд, Юнганьцюаньд хүрчээ. Вэньди хаан хэдэн замын цэрэг илгээн, урагшлах замыг хааж, нийслэл Чанань хотоо бэхлэв. 

“Түүхэн тэмдэглэл”-ийн “Хүннүгийн шастир-т: “Шаньюй цайзад сар гаруй болоод буцав. Ханьгийн цэрэг дагаж хил гараад мөн буцав, алж шархдуулж болохгүй байжээ. Хүннү улам дээрэнгүй болов. Жил бүр хил хязгаарт халдаж, хүн ардыг алж, эд мал ихээр дээрэмдэх болов. Юньжун, Ляодун машид гамшигт өртөж, Дай тойргоос түм илүү хүн хэлмэгдэв. Хань улс зовлонд унаад, элч явуулж, Хүннүд бичиг хүргүүлэв. Шаньюй данху түшмэлийг хариу илгээж, эв ургийг сэргээсүгэй хэмээв” гэж энэ тухай дурджээ.

Вэньди хаанаас Хүннүгийн шаньюйд илгээсэн хариу захидалд: “Өвөг хааны гэрээсэнд: Цагаан хэрмээс хойшхи нум сумтны нутаг шаньюйн харъяанд буй. Цагаан хэрмээс дотогш малгай бүстний нутаг миний захиргаанд буй” хэмээгээд энх ургийн гэрээг шинэчлэн баталгаажуулахыг хүсч: “Өнөө сонсвол танхай муу ард ашиг олох сэтгэлдээ баригдан тангараг болзоог таслан огоорч, хотол ардын аминд хор хүргэх болов. Хоёр эзний санаанаас тэрсэлжээ. Тэглээ ч өнгөрсөн хэрэг болжээ...Хаан, шаньюй бид хоёулаа хамаг амьтны эзэн буй. Өнгөрсөн хэргийг үргэлжид тунгааж, орчих зүйг бодож суунам... Өнгөрсөн мууг огоорюу, өнө удааныг барьюу, хоёр улсын ардыг нэг гэрийн гэж бодюу”гээд шишээр хийсэн архины хөрөнгө, алд бүс, торго дурдан, хөвөн эд бараа зэрэг их хэмжээний эд агуурсыг илгээж байгаагаа захидалдаа дурьджээ.

Ийнхүү НТӨ 162 онд энх ургийн гэрээ шинэчлэгдэн батлагджээ. Хань улсын зарлиг үйлдэх түшмэл Юй-си : “Хүннүгийн шаньюйгаас Хань улсад бичиг ирүүлэв. Энх ураг нэгэнт батлав. Оргон зугтагсад толгой далдлах газаргүй болов. Хүннү хилээс давахгүй, Хань хилээс гарахгүй болов. Зарлиг болзооноос тэрслэгчдийг цавчина” хэмээн энх ургийн гэрээг түмэн олонд тунхаглан зарласан байна.

Лаошан шаньюй өмнөд хөрш Хань улстай харилцах харилцаанаас гадна баруун бүс нутагт ноёрхлоо бэхжүүлэх, Дундад Азийн орнуудад өөрийн нөлөөгөө тогтооход ихээхэн анхаарал тавьж, газар нутгаа өргөтгөжээ. Модунь шаньюйн үед Юэжи нарын эсрэг хоёр томоохон довтолгоо хийж, дорнод Туркестаны 26 хотыг эзэлж, ноёрхолоо тогтоогоод байв. Лаошан шаньюйн үед баруун бүс нутагт ноёрхлоо бэхжүүлэхдээ Усуний хүчийг ашиглаж байв. 

“Түүхэн тэмдэглэл”-ийн “Даюаний тэмдэглэл”-д Усуний ванг алагдахад түүний хүү Күньмог шаньюй авч тэжээсэн тухай өгүүлээд: “Күньмо эрийн цээнд хүрэхэд цэргийн дарга болгосон. Тэр хэдэн тулалдаанд ялалт байгуулж нэр хүндтэй болов. Шаньюй түүнд аавынх нь захирч байсан ард иргэдийг захируулан, баруун хязгаарыг хамгаалах үүрэг өгчээ. Күньмо хүмүүсээ цуглуулан, тэднийг удирдан, эргэн тойрны жижиг улсуудыг довтолсон. Тэрээр аль хэдийн 20000-30000 нум сумт цэрэгтэй болж, тэднийг цэргийн хэрэгт сурган боловсруулжээ” хэмээжээ.

Лаошан мөн Юэжийн эсрэг томоохон довтолгоо хийж, шийдвэрлэх цохилт өгчээ. Юэжийн эсрэг хийсэн хүннүгийн гурав дахь удаагийн энэхүү довтолгоонд Юэжийн ван алагдаж, тэдэнд үлэмж хохирол учиржээ. Ялагдсан Юэжи нар дахин баруун тийш зугтаж Амударъяа мөрний хөвөөнд очиж суужээ. Лаошан шаньюйн хийсэн довтолгооны тухай “Түүхэн тэмдэглэл”-ийн “Хүннүгийн шастир”-т ямар нэгэн мэдээ байхгүй боловч 123-р бүлэг “Даюаний тэмдэглэл”-д Жан Цянь баруун бүс нутаг руу Уди хааны элчээр яваад эргэн ирж хаанд өргөсөн илтгэлд тодорхой мэдээлжээ.

“Их Юэжи нь Даюанаас баруун тийш 2000-3000 ли газарт Амударъяа голын умард хэсэгт оршдог. Тэд өмнө талаараа Дасятай, баруун талаараа Анситай, умард зүгт Канжүтэй хиллэнэ. Тэд бол нүүдэлчин угсаатан, малаа хариулан нэг газраас нөгөө газар руу нүүдэг. Тэдний зан заншил хүннүтэй адилхан. Тэд 100000-200000 нум сумт дайчидтай. Хуучин тэд ихээхэн хүчирхэг байсан бөгөөд хүннүг тоодоггүй байв. Модуний үед Хүннү хүчирхэгжин, тэрээр Юэжиг довтлон ялсан. Лаошан хүннүгийн шаньюй байх үед тэд Юэжийн ванг алж, түүний гавлын ясаар аяга хийлгэжээ. Угаасаа Юэжи нар Цилянь, Тэнгэр уул ба Дунхуаны хооронд сууж байсан. Гэвч Хүннүд ялагдсны дараа тэд алс хол нүүж, Даюанийг өнгөрч, баруун зүгт Дася ру довтлон эзлэв. Дараа нь Амударъяа голын умард хөвөөнд нийслэл байгуулж, тэнд ван нь суух болсон”

Сыма Цянь тухайн цаг үед амьдарч “Түүхэн тэмдэглэл”-ээ бичиж байсан тул Жань Цяньтай уулзан яриаг нь тэмдэглэж, хаанд өргөсөн илтгэлийг үзэх боломж түүнд байсан нь тодорхой. Уг сурвалж Хүннү болон Юэжийн харилцаа, Юэжийн нүүдлийн талаар өгүүлсэн хятад сурвалжийн гол мэдээ билээ.

Ийнхүү Юэжи нар Модунь шаньюйн үед нутгаасаа цохигдон Или голын хөвөөнд суурьшсан бол Лаошан шаньюйн үед Или голоос зугтаан Амударъяа мөрний хөвөөгөөр төвлөн суух болжээ. Энэ довтолгоо болсон жил тодорхойгүй боловч НТӨ 166 онд Хань улстай дайны байдалд байж байгаад НТӨ 162 онд найрамдлын гэрээг сунгасан. Тиймээс Юэжи рүү хийсэн довтолгоо нь НТӨ 166 оноос өмнө юм уу эсвэл НТӨ 162 оны дараа болсон гэж үзэж болно.
Лаошан шаньюй НТӨ 161 онд нас баржээ.

“Монголын эртний түүх” тэргүүн боть “Хүннү” номноос

No comments:

Post a Comment