9.17.2018

Монгол нутагт анхны төр улсууд бүрэлдсэн нь


“Түүхэн тэмдэглэл”-ээс өмнөх хятад сурвалжуудад нүүдэлчидтэй харилцсан асуудлыг голлон өгүүлдэг бөгөөд харин тэдний нийгмийн дотоод асуудлын талаар бичдэг уламжлал байсангүй.
Байлдаант улсын үе (НТӨ475-221)-ээс хятадын ванлигууд умард зүгийн нүүдэлчдийг “Ху” хэмээн ерөнхийлөн нэрлэх болсноос гадна тэднийг дотор нь ялган Дунху, Линьху, Лоуфань, Хүннү гэх зэргээр нэрлэх болжээ. Хүннү Дунху  хэмээх нэр анх хятад сурвалжид хэдий үеэс тэмдэглэгдэх болсон талаар судлаачдын санал нэгдмэл биш байдаг.

“Ижоу судар”-ын 7-р бүлэг “Ванхүйгийн чуулбар”-т Жоу улсын тахилгын ёслолд 4 зүгийн харь улс орнууд оролцсоны дотор дунху, уулын жун, хүннү зэрэг умардын олон угсаатны элч төлөөлөгчид байж, ховор сонин зүйлүүдийг өргөн барьжээ. Тухайлбал, “дунху нар шар хүрэн баавгай өргөв. ... Хүннү банхар нохой өргөв. Тэр нь том биетэй бөгөөд  4 мөч нь үсгүй” хэмээн дурьджээ. Түүнчлэн “Ижоу судар”-ын “Шан улсын И-Иний төрийн бэлэг”-ийн бүлэгт “чанх хойно байгаа ... хүннү, лоуфань, юэжи, ... цилун, дунху нараас тэмээ, цагаан хаш, зэрлэг адуу, хулан, луус, сайн нумаар өргөл өргөхийг шаардана” гэж тэмдэглэсэн нь дунху, хүннүгийн талаарх хятад сурвалжийн хамгийн эртний мэдээ юм. Түүүнчлэн –Ижоу судар”-ын тайлбарт “дунху хэмээгч нь зүүн хойдын харь буюу”, “Хүннү, Дунху нь Бэйдигийн өөр нэрийдэл ажээ.” гэж тэмдэглэсэн байна. “Ижоу судар”-ыг Байлдаант улсын үед бичигдсэн гэж үздэг.

Харин “Шанхайзин” бичгийн 11-р бүлэг “Уул усны ойллого”-д “Дунху том нуурын зүүнээ оршино. И-чүүд дунхугийн зүүн талд оршино” гэжээ. Дээрх сурвалжийг мөн Байлдаант улсын үед бичигдсэн болон дахин нөхвөрлөгдсөн хэмээн үздэг. Харин “Түүхэн тэмдэглэл”-ийн “Хүннүгийн шастир” дахь “Зинь-ээс хойш Линьху, Лоуфань, жун Янь-гаас хойш дунху, шаньжун нар нутаглана” гэсэн мэдээнд Жоугийн Сян вангийн үе(НТӨ652-619)-ийн хэрэг явдалтай холбогдон дунхугийн талаар өгүүлдэг. Энэ мэдээг үндэслэн зарим судлаач дунхугийн талаар хятад сурвалжын анхны мэдээ НТӨ 7-р зуунд холбогдоно гэж үздэг бол зарим нь үгүйсгэн хожим Сыма Цянь нэмж оруулсан оруулга гэж үздэг.

Хүннү хэмээх нэр сурвалжид тэмдэглэгдсэн нь “Шо Юаны”-ны 1-р бүлэг “Хаадын замнал”-д “Яньгийн Жао ван Го Вэйгээс асуухын дашрамд ийн өгүүлрүүн: ...Миний газар нутаг хавчигдмал, хүн ард цөөн. Ци-чүүд найман хотыг булаан авч, хүннүчүүд лоуфаний хилийн орчмоор морьтой давхилдаж байна” хэмээсэн Янь-гийн ван болон мэргэн ухаант Го Вэй нарын ярианы хэсгийг тэмдэглэсэн байдаг. Ци улсаа Яньгийн найман бэхлэлт хотыг эзлэн авсан үйл явдал НТӨ 314-312 оны үед болсон. Энэ бол хүннүгийн талаар хятад сурвалжид тэмдэглэсэн анхны мэдээнүүдийн нэг.

“Түүхэн тэмдэглэл”-ийн  43-р бүлэг “Жаогийн язгууртны цадиг”-т “Эдүгээ Жуншань манай улсын дунд буй. Умардад Янь, зүүн талд Ху, баруун талд Линьху, Лоуфань, Цинь, Ханьтай хиллэдэг. Хүчирхэг цэрэг байхгүйн улмаас улс минь мөхнө, яах вэ? Энэ дэлхийд илүү нэр алдартай болно гэвэл заавал энгийн байдалд тушигдана. Би Ху- гийн хувцас өмсье гэж бодож байна” хэмээх сурвалжийн мэдээнд  “зүүн талд ху” гэж дунхуг зааж байна гэж судлаачид үздэг. 

НТӨ 4-р зууны 2-р хагаст хятадын Янь, Жао зэрэг ванлигууд нүүдэлчдийн морьт цэргийн довтолгоонд өртөн хүчин мөхөстөж байсан тул Жао Улин ван нүүдэлчдээс үлгэр авч тэдний хувцсыг өмсөж, морь унаж, харваж намнахыг ард иргэдээ сургах зарлиг гаргажээ. НТӨ 307 оны 1-р сард Жао Улин вангийн ордонд нүүдэлчдийн хувцас өмсөж, морь унаж, харваж намнахыг сурах асуудлаар томоохон зөвлөгөөн болсон аж. Бүдүүлгүүдийн хувцас өмсөхийг олон түшмэдүүд эсэргүүцэж байсан ч Жао Улин тэдэнтэй уулзаж ятгаж зөвшөөрүүлсэн байна. Тиймээс НТӨ 4-р зууны сүүлчийг хятадын бичиг сударт “харьчуудын өмсөж, харваж намнахыг сурсан үе” хэмээн нэрлэдэг билээ. Жао ванлиг нүүдэлчдийн хувцас, морь унах, морин дээрээс намнахыг сурж, морьт цэрэг зохион байгуулснаар ихэд хүчирхэгжсэн байна. Улмаар газар нутгаа тэлж Жуншань улсыг эзэлж, Линьху, Лоуфань нүүдэлчдийг довтлон ялж, нөлөөндөө оруулжээ.

“Түүхэн тэмдэглэл”-ийн “Хүннүгийн шастар” дахь хүннүгийн төр, нийгмийн байгуулалтай холбоотой гол мэдээ нь Модунь шаньюйн үеэс эхэлдэг. Түмэн шаньюйн үеийн хүннү, дунху, юэжийн талаарх товч мэдээ л буй.
Хятад сурвалжид янз бүрийн нэрээр тэмдэглэгдсэн Төв Азийн эртний нүүдэлчдийн дундаас  хүннү, дунху, юэжи, усунь, динлин нар анхлан төр улсаа байгуулжээ.Хүннүгийн зүүн талд дунху, хойд талд динлин оршиж байв. Харин  хүннүгийн баруун өмнө болон баруун талд  юэжи, усунь байсан бөгөөд тэднийг индо-европ хэлтэн хэмээн үздэг. Ийнхүү индо-европ хэлтнүүд алтай хэлтнүүдийг улам бүр зүүн тийш шахах болсон ч Хүннүгийн хүчирхэг гүрэн байгуулагдснаар тэдний түрэлтийг зогсоож, баруун тийш эргүүлэн шахсан гэж үзэж болно.

Монгол нутагт байгуулагдсан анхны төрийг Модунь хүннүгийн шаньюй болсон НТӨ 209 оноос эхэлж тооцдог түүх бичлэгийн тогтсон уламжлал байдаг. Гэвч НТӨ 209 оноос өмнө Хүннү, Дунху, Юэжи зэрэг улсууд оршиж байсан бөгөөд Модунь шаньюй болсноор Хүннү улс нь хөрш зэргэлдээ улс ханлигуудыг эрхшээлдээ оруулж, гүрэн болон өргөжсөн гэсэн саналыг судлаачид дэвшүүлэх болжээ.

Дунху, хүннү юэжийн төр ёсны хөгжил нэлээд  өндөр түвшин, төр улсын хөгжлийн шатанд НТӨ 5-4 дүгээр зууны үе гэхэд хүрсэн гэж үзэж болохоор байна. “Түүхэн тэмдэглэл”-ийн 110-р бүлэг “Хүннүгийн шастир”-т “Энэ үед Дунху хүчирхэгжин, Юэжи цэцэглэн мандаж байсан бөгөөд хүннүгийн  шаньюй Түмэн байв”, “Зинь улсын судар”-ын 108-р бүлэгт “Дунху нар Хүннүтэй нэг зэрэг мандан гарсан бөгөөд нум сумт цэрэг 200000 гаруй бий. Зан заншил түшмэдийн цол нь хүннүтэй адил” гэжээ.

Дээрх хоёр мэдээнээс үзвэл хүннүгийн зүүн, баруун талын хөрш юэжи, дунху нар бас хүчирхэгжин мандаж байсан ажээ. Хятад сурвалжид тэмдэглэгдсэн анхны шаньюй Түмэн боловч түүнээс нилээд өмнө хүннүчүүд шаньюй өргөмжлөх болсон төдийгүй шаньюйн угсаа залгамжлах ёс нилээд нарийн тогтсон байжээ.  “Хүннүгийн шастир”-т бичсэнээр: “Түмэн шаньюйн хан хөвгүүнийг Модунь гэдэг. Хожим хайртай хатан нь бага хөвгүүн төрүүлэв. 

Шаньюй Модунийг үгүйсгэж бага хөвгүүнээрээ өөрийгөө залгамжлуулах гэв. Тэгээд Модунийг юэжи нарт барьцаанд явуулаад, Модунийг Юэжид байхад нь Түмэн юэжийг гэнэт довтолжээ. Юэжи Модунийг алах гэв. Гэвч Модунь тэдний аргамаг хүлгийг хулгайлан унаад зугтан ирэв. Түмэн баатарлаг зоригийг үнэлэн түүнийг түмэн цэргийн захирагч болгосон.” ажээ.

Сурвалжийн дээрх мэдээнээс үзвэл, Түмэн шаньюй угсаа залгамжлах ёсыг зөрчихөөсөө эмээн арга хэрэглэж байснаас үзэхэд шаньюйн угсаа залгамжлах ёс тогтсон байсан нь тодорхой байна. Хүннүгийн шаньюйн угсаа залгамжлах ёсонд Модунь шаньюгаас өмнө буюу Түмэн шаньюйн үе гэхэд ахмад хөвүүн нь угсаа залгамжлах ёс нэгэнт тогтсон байжээ. Иймд хэдийгээр хятад сурвалжид дурьдагдаж буй хүннүгийн анхны шаньюй нь Түмэн боловч түүнээс өмнө хүннүчүүд шаньюйг өргөмжлөх болсон хэмээн үзэж болно. Ямар ч байсан НТӨ 209 оноос өмнө Хүннүгийн төрийн тэргүүн шаньюйн институт хэлбэржин төлөвшсөн байжээ.

“Монголын эртний түүх” 1-р боть “Хүннү” номноос

No comments:

Post a Comment