2.03.2017

Түрэгийн үеийн хүн чулуун дурсгал

Түрэгийн тайлгын онгоны нэг бүрэлдэхүүн хэсэг болох хүн чулуун хөшөө нь тухайн үеийн хүмүүсийн төрх байдал, хувцас өмсгөл, эд хэрэглэл, гоѐл чимэг, зэр зэвсгийн төрөл зүйл, тэдгээрийн онцлог зэргийг сэргээн тодруулж судлахад онцгой ач холбогдолтой эх сурвалж баримт төдийгүй тэр үеийн дүрслэх урлагийн хөгжил, гоо сайхны үзлийн хэмжээ төвшинг илтгэн харуулдаг байна.

Монгол нутагт эдүгээ нийт 500 гаруй хүн чулуу илрүүлэн олж бүртгээд байгаагийн 400 гаруй нь түрэгийн үед холбогдох ба цаашид ч шинээр нэмэн олдох боломжтой юм. Хүн чулуу хэмээх нь боржин, гантиг, хүрмэн чулуу, элсэн чулуу занар зэрэг чулуугаар хүний дүрс оруулан хийж тахил тайлгын онгоны бүрэлдэхүүнд оруулан босгодог хөшөө юм.

Түрэгийн хүн чулууг чухам хэнд зориулан босгож байсан талаар судлаачдын дунд эсрэг тэсрэг
үзэл бодол оршсоор иржээ. Нэг хэсэг судлаачид эдгээр хөшөө нь нас барсан баатар эрийн хамгийн хүчит дайсан этгээдийг дүрслэн үзүүлсэн дурсгал гэж үздэг бол нөгөө зарим нь нас барсан баатрыг өөрийг нь дүрслэн түүнд зориулж босгосон хөшөө гэж үздэг байна. Түрэгийн тахилын онгонууд нь хүн дүрстэй чулуун хөшөө, түүний өмнөөс зүүн урагш чиглүүлэн цувуулан зоосон балбал буюу зэл чулуу хэмээх хоѐр үндсэн хэсгээс бүрэлддэгээс үүдэн эдгээрийг хооронд нь хольж хутгах явдал гарч ийн зөрүүтэй үзэл бодол үүсэхэд нөлөөлжээ. Гэвч одоо дийлэнх судлаач, хүн чулуун хөшөө нь нас барсан баатар дайчныг дүрслэх ба цувуулж тавьсан зэл чулуу (балбал) нь түүний алж устгасан дайсан этгэдийг буюу оршуулга тайлгын ѐслолд оролцсон хүмүүсийг төлөөлүүлдэг гэсэн саналыг баримтлах болжээ.

Ихэнх тохиолдолд тахил тайлгын нэгэн онгоны бүрэлдэхүүнд буюу чулуун хашлагын дэргэд нэг л хүн чулуу тавьсан байдаг. Эдгээр нь босоо зогссон буюу завилан суусан дүрстэй, гартаа сав суулга барьж, зүүн гараар бүснээс зүүсэн сэлэм буюу хутганы бариулаас атгасан байх ба ихэнх хүн чулуунд хөл дүрслээгүй байна.

Алдар цуутай хаад ноѐдын онгоны нүсэр цогцолборын бүрэлдэхүүнд олон хүн чулуу тавьсан байдаг. Тухайлбал, Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Өнгөтийн хөшөө хэмээх тахилын том онгоны бүрэлдэхүүнд 28, Куль Тегин ноѐны онгонд 10, Шивээт Улааны онгонд 9, Их хөшөөтөд 6, Тоньюкукийн болон Билгэ хааны онгон, Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг дахь Онгийн голын дурсгал зэрэгт 5 хүн чулуу мэдэгдэж байна. Анх эдгээр дурсгалыг цогцлон байгуулах үед чухам хэдэн хүн чулуу тавьсан нь тодорхойгүй, гагцхүү одоо байрандаа үлдэж хоцроод байгаа нь ийм тоотой ажээ.

Ийнхүү олон хүн чулуу нэг дор байгаа тохиолдолд тэдгээрийн хийц дүрслэл өөр өөр байдаг нь уг хүмүүсийн угсаа гарал, зэрэг дэвийн ялгаанаас шалтгаалсан байна. Тухайлбал, онгоны эзэн язгууртан ноѐны хөрөг дүрсийг завилан суусан байдлаар, онгоны байгууламжийн хоймор хэсэгт байрлуулах ба зарим онцлог тохиолдолд хатных нь хөргийг мөн зэрэгцүүлэн тавьсан байх нь бий. Үүнд, Билгэ хаан болоод Куль Тегиний онгоны аль алинд тэдгээрийг хатных нь хамт урлан хийж дүрсэлсэн байх ажээ. Түүнчлэн эдгээр ихэс дээдэст үйлчлэх шадар дагалт, зарц зэрэг хүмүүсийн дүрсийг уг байгууламжийн үүдэн талд босоо зогссон буюу сөхрөн суусан байдлаар урлан хийж тавьдаг байжээ.

Эртний Нангиадын түүх сударт түрэгүүдийг зөв энгэртэй дээл өмсдөг мэтээр тэмдэглэсэн байх боловч хүн чулууны хэрэглэгдэхүүнээс үзэхэд буруу, зөв энгэртэй аль аль нь тохиолддог. Тэгэхдээ түрэг хувцасны хэв маяг жигд, хоѐр тийш эргүүлсэн өргөн захтай дээл байх ба тал дүгрэг буюу дөрвөлжин товруутай, олон унжлага бүхий агсарга бүс бүсэлсэн байна. Бүснээс шулуун урт илд, махир чинжаал хутга, дүгрэг хэлбэртэй хавтага сав зэргийг унжуулдаг байжээ. Хүн чулуунд дүрсэлсэн эд өлгийн эдгээр зүйлс нь мөн үеийн булшны малтлагаас биет байдлаараа олдож байсан нь цөөнгүй бөгөөд тэдгээр дурсгалын он цаг хийгээд хэрэгцээ зориулалтыг тодорхойлох найдвартай баримт нотолгоо болдог байна.

Хүн чулууд нь түүхийн урт удаан хугацааг туулж өнөө бидний үед уламжлан ирэхдээ толгой нь хугарч алга болох, энд тэндээсээ хагарч хэлтрэх, байгалийн хүчин зүйлээс элэгдэж мөлийх зэрэг янз бүрээр гэмтэж муудсан байдаг. Гэмтэл эвдрэлийн шалтгааныг судлаачид тайлбарлахдаа, Түрэгийн дараа Төв Азийн түүхэнд тодрон гарсан уйгарууд эвдэж гэмтээх зэрэг олон шалтгаан байсан гэж үздэг. Толгой нь бүтэн үлдсэн хүн чулуудыг ажиглахад ихэвчлэн монголжуу өргөн шанаатай, жартгар нүдтэй, нэлээд тохиолдолд махирлаж эргүүлсэн живэр сахалтай байх ажээ. Толгойн үсээ урт ургуулж олон салаа гэзэг, эсвэл ганц бүдүүн гэзэг унжуулах зэрэг байдлаар засч янзалдэг байсан нь түүх сударт тэмдэглэн бичсэнтэй үндсэндээ тохирох ажээ. Түүнчлэн зарим үед огт гэзэг байхгүй, үсээ хуссан мэт тохиолдол ч байдаг. Гэзэг үсээ ийнхүү янз бүрээр засч янзлах, мөн буруу болон зөв энгэртэй дээл зэрэгцэн байх зэрэг нь Түрэгийн хаант улсын бүрэлдэхүүнд өөр өөр заншилтай олон овог аймаг багтаж байсныг харуулж байх бололтой. Энэ бүхнээс үзэхэд түрэгийн хүн чулуу нь тухайн үеийн угсаатны зан заншил, дээл хувцас, эдлэл хэрэглэлийн онцлог, Түрэгийн бүрэлдэхүүнд байсан олон овог аймгийн угсаатны бүрэлдэхүүнийг тодруулан гаргахад нэн ач холбогдолтой дурсгал болох ажээ.


Монголын археолги” номноос

No comments:

Post a Comment