2.11.2017

Хиргисүүр

Хиргисүүр нь хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үе буюу МЭӨ 3000 жилээс МЭӨ 400-300 жилийн үед хамрагдах өвөрмөц дурсгал юм. Манай орны нутаг дэвсгэрт хиргисүүр маш өргөн хэмжээгээр тархсан байдаг бөгөөд харин бусад булшуудыг бодвол харьцангуй бага малтан судлагдсан ажээ. Энэ нь хэд хэдэн учир шалтгаантай юм. Нэгдүгээрт, хиргисүүрийг цогцлон бүтээхдээ маш их хүч хөдөлмөр зарж, асар олон чулууг овоолон, том дугуй чулуун дараас үүсгэн байгуулсан байдаг учир малтан судлахад их хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардагддаг. Хоѐрдугаарт хиргисүүрийн ихэнх нь тахилга тайлгын зориулалттай учир шинжилгээний хэрэглэгдэхүүн болохуйц эд өлгийн зүйлс маш ховор гардаг. Эдгээр учир шалтгааны улмаас хиргисүүрийг тэр бүр нарийвчлан судлалгүй явсаар ирсэн байна.

Хиргисүүрийг үйлдэгчид нь хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн нүүдэлчид байсан гэдэг нь түүний
дөрвөлжин булш, буган хөшөөтэй нэг дор нэгэн цогцолбор болон оршин байдгаас илэрхий.
Манай орны нутаг дэвсгэр дээр байгаа хиргисүүрүүд нь гаднах хэлбэр төрх зохион байгуулалтын хувьд янз бүр байдаг. Гэхдээ энэ бүгдэд зохион байгуулалтын нэгдмэл арга ажиглагддаг. Энэ нь юуны түрүүнд бүх хиргисүүрүүд том хэмжээний дугуй овгор чулуун дараастай байдагт оршино. Уг дараасаа тойруулан чулуу эгнүүлэн зоож дугуй, дөрвөлжин хүрээ татсан байдаг бөгөөд энэ хүрээний дотор болон гадна талаар чулуу овоолон шигтгэсэн олон тооны дөрвөлжин, дугуй жижиг байгууламжуудыг байгуулсан байдаг. Зарим хиргисүүрүүдийн хүрээ нь давхар байх ч тохиолдол байдаг.

Мөн зарим хиргисүүрүүдийн голын овгор дараасаас эхлэн хүрээ хүртэл дөрвөн зүгт нь чулуу шигтгэн
суулган зам буюу цацраг гаргасан тохиолдол ч байна. Хиргисүүрүүд хэмжээний хувьд харилцан адилгүй байдаг бөгөөд зарим газарт 100 гаруй м голдоч бүхий хиргисүүрүүд ч тааралддаг.

Одоогийн байдлаар манай орны нутаг дэвсгэрт цөөн тооны хиргисүүрийг малтан судлаад байна. Тухайлбал 1988 онд МЗТСХЭ-ийн хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн дурсгал судлах анги Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ойролцоо 5 хиргисүүрийг малтан судалжээ. Эдгээрийн хоѐр нь гадуураа дөрвөлжин хүрээтэй, уг хүрээний дөрвөн буланд чулуун жижиг дараастай, үлдсэн гурав нь гадуураа хүрээгүй байсан байна. Гурван булшнаас оршуулгын шинж тэмдэг илэрсэн бөгөөд нөгөө хоѐр нь тахилга тайлгын байгууламж байсан байна.

Монгол-Францын хамтарсан экспедиц 1997 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Эгийн голын савд 3 хиргисүүр, Монгол-Америкийн хамтарсан археологийн экспедиц 1999 онд Увс аймгийн Бөхмөрөн сумын Байрамын шилд нэгэн том хиргисүүрийг малтан шинжилсэн нь мөн нь л тахилга тайлгын байгууламж байжээ. Байрамын шилийн хиргисүүр 3 м өндөр, 22 м голдоч бүхий чулуун дараастай, дарааснаас дөрвөн зүгт дөрвөн өргөн зам татаж 60 м голдоч бүхий гаднах дугуй цагираган хүрээтэй холбосон байна. Хүрээ ба замын өргөн нь 3 м болно.

2001 онд Монгол-Бельгийн хамтарсан археологийн экспедици булган аймгийн Дашинчилэн сумын нутаг
Харбухын голны баруун эрэгт нэгэн хиргисүүрийг малтан шинжилсэн байна. Энэ хиргисүүр нь гадна талаараа 25х27 м хэмжээтэй дөрвөлжин хүрээтэй. 9 м голдоч бүхий овоолсон чулуун дараастай байсан бөгөөд гадна хүрээний зүүн талд хоѐр эгнээ 8 чулуун дагуул байгууламжтай. Зүүн талд мөн 5 дагуул байгууламжтай байжээ. Зүүн талын дагуул байгууламжуудыг малтан үзэхэд 30-50 см-ийн гүнд нэг нэг адууны толгойг хиргисүүр лүү харуулан тавьсан байна. Хиргсиүүрийг малтах явцад дараас чулууны дороос газар ухалгүй өнгөн хөрсөн дээр тавьж дээрээс нь чулуугаар дарсан хүний оршуулга илэрчээ. Хүнээ толгойг нь баруун тийш хандуулан тэнэгэр байдалтай дээш харуулан хэвтүүлж оршуулсан байна. Хүнээ дагалдуулан тавьсан ямар нэгэн эд өлгийн зүйлс олдоогүй боловч дараас чулууг цэвэрлэх явцад чулууны завсар хоорондоос гайхалтай сайн хадгалагдсан хүрэл ооль олдсон ажээ.

Судлаачид хиргисүүрийг МЭӨ II мянган жилийн төгсгөл МЭӨ I мянган жилийн эхэн үед холбогдуулан авч үздэг бөгөөд бүтэц зохион байгуулалтыг нь авч үзвэл, нас барагсадаа гол төлөв баруун болон баруун хойд зүг рүү чиглүүлэн тавьдаг байсан нь тодорхой байна. Мөн ихэнх тохиолдолд булшны нүх ухалгүй газрын хөрсөн дээр хүнээ тавин чулуугаар дарж оршуулдаг байсан нь тогтоогдсон.


Монголын археологи” номноос

No comments:

Post a Comment